Уншигчдын асуулт
«Найз минь» гэж дуудуулсан эр Руттэй гэрлэвэл «өөрийнхөө өвийг сүйрүүлнэ» гэж хэлсний учир юу вэ? (Рут 4:1, 6).
Библи бичигдэж байх үед, гэрлэсэн эр хүүхэдгүй байсаар нас барвал дараах асуулт гардаг. Эзэмшил газрыг нь яах бол? Гэр бүлийнх нь овог үүрд алга болох уу? Мосегийн хуульд эдгээр асуултын хариулт бий.
Хэрэв эр хүн нас барсан эсвэл ядуураад эзэмшил газраа зарсан бол яах вэ? Ах юм уу эрэгтэй дүү эсвэл ойрын хамаатан нь эзэмшил газрыг нь золин авах боломжтой байсан. Ингэснээр гэр бүлийнхэн зарсан газраа буцаан авч эзэмшдэг байв (Лев. 25:23–28; Тоол. 27:8–11).
Нас барсан хүний гэр бүлийн овог яавал алга болохгүй вэ? Бэлэвсэн эмэгтэй Рутын адилаар нөхрийнхөө ах юм уу дүү эсвэл ойрын хамаатантай гэрлэвэл нас барсан хүний нэрийг авч яваад эд хөрөнгийг нь эзэмших өв залгамжлагчийг төрүүлэх боломжтой. Энэ зохицуулалт Еховагийн хайрын илрэл бөгөөд бэлэвсэн эмэгтэйд ч тустай (Д.хууль 25:5–7; Мат. 22:23–28).
Одоо Наомигийн тухай бодъё. Тэрбээр Елимелех гэдэг хүнтэй гэрлэсэн. Хожим нь Елимелех, дараа нь хоёр хүү нь нас барахад Наоми тэжээгчгүй хоцорсон (Рут 1:1–5). Иудейд буцаж ирсний дараа Наоми Елимелехийн газрыг зольж авахыг Боазаас гуй гэж бэр Рутдээ хэлдэг. Тэрбээр Елимелехийн ойрын хамаатан байв (Рут 2:1, 19, 20; 3:1–4). Гэхдээ «найз минь» хэмээн Боазын дуудсан хүн өөрөөс нь илүү ойрын хамаатан учир газрыг зольж авах эрхийг юуны түрүүнд эдлэх нэгэн гэдгийг тэрбээр мэдэж байсан (Рут 3:9, 12, 13).
«Найз минь» гэж дуудуулдаг эр эхэндээ туслахад бэлэн байсан (Рут 4:1–4). Туслахын тулд тодорхой хэмжээний зардал мөнгө гаргах шаардлагатай болно. Харин Наоми Елимелехийн газрыг өвлөх хүүг төрүүлэх боломжгүйг тэрбээр ойлгож байлаа. Эцэст нь Елимелехийн газар ч өөрийнх нь болох учраас ашигтай хөрөнгө оруулалт мэт санагдсан байх.
Гэхдээ Руттэй гэрлэх ёстойгоо ойлгоод бодлоо өөрчилжээ. Тэрбээр: «Би өөртөө өвийг нь золин авч чадахгүй. Эс бөгөөс би өөрийнхөө өвийг сүйрүүлнэ» гэдэг (Рут 4:5, 6). Яагаад бодлоо өөрчилсөн юм бол?
Хэрэв «найз минь» гэж дуудуулсан эр юм уу өөр хэн нэг нь Руттай гэрлээд хүү төрвөл тэр хүү Елимелехийн газрыг өвлөнө. Харин яагаад «өөрийнхөө өвийг сүйрүүлнэ» гэж үзсэн юм бол? Библид энэ тухай бичээгүй ч хэд хэдэн шалтгаан байж болох юм.
Нэгдүгээрт, Елимелехийн газар эцэст нь өөрийнх нь бус, Рутын хүүгийнх болох учир мөнгөө хий дэмий үрсэн болно.
Хоёрдугаарт, тэрбээр Наоми Рут хоёрыг хоёуланг нь тэжээж, санаа тавих үүрэгтэй болно.
Гуравдугаарт, Рут олон хүүхэд төрүүлбэл «найз минь» гэж дуудуулсан хүн өв хөрөнгөө эхнэрээсээ болон Рутаас төрсөн бүх хүүхдүүдэд хуваах хэрэг гарна.
Дөрөвдүгээрт, «найз минь» гэж дуудуулсан эр өөрийн гэсэн хүүхэдгүй байсан бол Рутын хүү Елимелехийн ч, түүний ч газрыг эзэмшинэ. Ийнхүү өөрийнх нь бус, Елимелехийн нэрээр овоглосон хүүхдэд газраа өгөх байв. Тэрбээр Наомид туслахын тулд ийм эрсдэлд орохыг хүсээгүй. Тиймээс өөрийнх нь дараа газрыг золин авах эрхтэй Боаз энэ үүргийг биелүүлэх нь дээр гэж үзсэн. Боаз «нас барсан хүний нэрийг өвд нь үлдээхийг» хүссэн учраас энэ үүргийг биелүүлэхээр шийдсэн (Рут 4:10).
«Найз минь» гэж дуудуулсан эр өөрийн нэр болон өв хөрөнгөө үлдээхийг илүү анхаарсан бололтой. Тэрбээр амин хувиа бодож, нэрээ үлдээхийг хичээсэн ч өнөөдөр хэн ч нэрийг нь мэдэхгүй. Бас Боазын хүртсэн онцгой завшааныг ч эдлээгүй. Боазын нэр Есүс Христ буюу Мессиагийн угийн бичигт байгаа. Тусламж авах хэрэгтэй хүнд, хэрэгтэй үед нь туслалгүй амин хувиа бодсон нь харамсалтай (Мат. 1:5; Лук 3:23, 32).