Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 14

«Үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь нар гэж мэднэ»

«Үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь нар гэж мэднэ»

«Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» (ЁОХ. 13:35).

ДУУ 3 «Бурхан бол хайр»

ТОЙМ a

Еховагийн ард түмэн бие биеэ хайрладаг нь Гэрч биш хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ? (1-р догол мөрийг үзээрэй)

1. Хурлынхны яадаг нь цуглаанд анх удаа ирсэн хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг вэ? (Бас зургийг үзээрэй).

 ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН цуглааны танхимд анх удаа ирсэн эхнэр нөхөр хоёрыг төсөөлөөрэй. Өөрсдийг нь халуун дотноор хүлээж авахыг болон хурлынхан нэг нэгнээ хайрладгийг харсан тэр хоёрын сэтгэл ихэд хөдөлжээ. Цуглааны дараа харих замдаа эхнэр нь нөхөртөө «Еховагийн Гэрчүүд их өөр хүмүүс юм аа. Тэдэнтэй хамт байх их сайхан санагдлаа» гэж ярьжээ.

2. Зарим хүн яагаад бүдэрдэг вэ?

2 Христийн дагалдагчдын бие биеэ гэсэн хайр үнэхээр гайхалтай. Мэдээж Еховагийн Гэрчүүд төгс бус (1 Ёох. 1:8). Тэдэнтэй дотносох тусам алдаа дутагдлыг нь ч мэдэж авна (Ром 3:23). Харамсалтай нь зарим хүн нөгөөгийнхөө алдаа дутагдлаас болоод Еховад үйлчлэхээ больдог.

3. Христийн жинхэнэ дагалдагчдыг юугаар нь таних вэ? (Ёохан 13:34, 35).

3 Энэ өгүүллийн үндэс болсон Библийн зүйлийг дахин анхаараарай (Ёохан 13:34, 35-ыг уншина). Христийн жинхэнэ дагалдагчдыг юугаар нь таних вэ? Төгс эсэхээр нь бус хайраар нь. Есүс: «Үүгээр тань ... та нарыг миний шавь гэж та нар л мэднэ» гэж хэлээгүйг анхаараарай. Харин «Үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» гэсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн хурлынхан бус, мөн хуралд харьяалагддаггүй хүмүүс ч жинхэнэ дагалдагчдыг нэг нэгнээ гэсэн хайраар нь танина гэдгийг Есүс ойлгуулсан.

4. Зарим хүн Христийн жинхэнэ дагалдагчдын талаар юу гэж асуудаг вэ?

4 Еховагийн Гэрч биш зарим хүн: «Есүсийн жинхэнэ дагалдагчдыг хайраар нь таньдаг гэж яагаад хэлдэг вэ? Есүс шавь нараа хэрхэн хайрладаг байсан бэ? Өнөөдөр Есүсийг хэрхэн дуурайх вэ?» гэж асууж болох юм. Гэрч бид нар ч эдгээр асуултын хариуг бодох нь зүйтэй. Ийнхүү боддог бол нэг нэгнээ бүр ч илүү хайрлахад, ялангуяа алдаа гаргасан үед нь ч хайрласаар байхад тустай (Эф. 5:2).

ЕСҮСИЙН ЖИНХЭНЭ ДАГАЛДАГЧДЫГ ХАЙРААР НЬ ТАНЬДАГ ГЭХИЙН УЧИР ЮУ ВЭ?

5. Ёохан 15:12, 13-т байдаг Есүсийн үгийг тайлбарлана уу.

5 Есүс дагалдагчдыг нь таньж мэдэх хайр онцгой гэдгийг тодорхой хэлсэн (Ёохан 15:12, 13-ыг уншина). Тэрбээр: «Би та нарыг яаж хайрласан шиг бие биеэ хайрла гэж тушааж байна» гэснийг анхаараарай. Үүнийг нь юу гэж ойлгох вэ? Цааш нь юу гэж тайлбарласнаас нь мэдэж болно. Бусдыгаа өөрөөсөө илүү хайрлах буюу шаардлагатай бол нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс буцахгүй байх ёстой ажээ.

6. Хайр гэдэг чанар чухал болохыг Бурхны Үгэнд хэрхэн онцолдог вэ?

6 Бурхны Үгэнд хайрыг маш чухал гэж онцолдог. Олон хүн дараах эшлэлүүдэд дуртай байдаг. «Бурхан бол хайр» (1 Ёох. 4:8). «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» (Мат. 22:39). «Хайр тоо томшгүй нүглийг далдалдаг» (1 Петр 4:8). «Хайр хэзээ ч дуусдаггүй» (1 Кор. 13:8). Хайрыг хөгжүүлж, илэрхийлэх нь хэчнээн чухал болохыг эдгээр болон бусад эшлэл харуулдаг.

7. Сатан хүмүүсийг яагаад хайраар нэгтгэж чаддаггүй вэ?

7 Олон хүн: «Жинхэнэ шашныг яаж таних вэ? Бүх шашин үнэнийг заадаг гэдэг ч үнэндээ Бурхны тухай янз янзаар зааж сургадаг биз дээ!» гэж хэлдэг. Сатан олон янзын хуурамч шашныг бий болгож хүмүүсийг мэхлэн төөрүүлж чадсан. Гэхдээ тэрбээр нэг нэгнээ хайрладаг олон улсын байгууллагыг хэзээ ч байгуулж чадахгүй. Харин Ехова л чадна. Учир нь жинхэнэ хайрын эх булаг нь Ехова билээ. Тиймээс Еховагийн агуу хүч болон ивээлийн ачаар л хүмүүс бие биеэ хайрлаж сурдаг (1 Ёох. 4:7). Тэгэхээр Есүсийн жинхэнэ дагалдагчдыг бусдыгаа гэсэн хайраар нь танина гэж хэлсэн нь гайхмаар зүйл биш байгаа биз?

8, 9. Еховагийн Гэрчүүд нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг нь олон хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

8 Есүсийн зөгнөснөөр олон хүн дагалдагчдыг нь хайраар нь таньдаг. Жишээлбэл Иан гэдэг Гэрч эрэгтэй гэрийнх нь ойролцоох цэнгэлдэх хүрээлэнд болсон чуулганд анх очсоноо дурсжээ. Тэрбээр хэдэн сарын өмнө энд спортын тэмцээн үзсэн. Иан: «Спортын тэмцээн болон энэ чуулган нь тэнгэр газар шиг ялгаатай байв. Гэрчүүд эелдэг харьцаж, зохистой хувцаслаж, хүүхдүүд нь биеэ зөв авч явж байлаа. Бас тэд сэтгэл хангалуун, их л амар амгалан хүмүүс байсан. Би ийм л байхыг хүсдэг байв. Тэр өдрийн илтгэлүүдээс би нэгийг нь ч санадаггүй юм. Гэхдээ Гэрчүүдийн биеэ хэрхэн авч явж байсныг одоо ч мартагддаггүй» гэжээ. b Бид нэг нэгнээ үнэн голоосоо хайрладаг учраас л ийнхүү биеэ авч явдаг. Ах дүүсээ хайрладаг тул хүндэлж, сайхан сэтгэлээр ханддаг.

9 Жон гэдэг Гэрч эрэгтэйг цуглаанд анх ирэхэд бас ийм сэтгэгдэл төрсөн байна. Тэрбээр: «Тэдний найрсаг зан нь ... надад маш их таалагдсан. Бүр ариун хүмүүс шиг л санагдаж билээ. Чин сэтгэлээсээ хайрлаж байгааг нь хараад жинхэнэ шашныг олсон гэж бодсон» гэжээ. c Иймэрхүү тохиолдол цөөнгүй байдаг нь Еховагийн үйлчлэгчид Христийн жинхэнэ дагалдагчид гэдгийг баталдаг.

10. Ялангуяа ямар тохиолдолд нэг нэгэндээ хайраа илэрхийлэх боломж бүрддэг вэ? (Бас зүүлтийг үзээрэй).

10 Өгүүллийн эхэнд дурдсанаар төгс хүн нэг ч байхгүй. Заримдаа итгэл нэгтнүүд маань буруу юм хийх юм уу хэлэхээр бид гомддог (Яак. 3:2). d Ялангуяа ийм тохиолдолд нэг нэгэндээ хайраа илэрхийлэх боломж бүрддэг. Энэ талаар Есүсийн жишээнээс юу мэдэж авах вэ? (Ёох. 13:15).

ЕСҮС ЭЛЧ НАРАА ХАЙРЛАДГАА ХЭРХЭН ХАРУУЛСАН БЭ?

Есүс өөдгүй зан гаргасан элч нараа хайрладаг байсан (11–13-р догол мөрийг үзээрэй)

11. Яаков Ёохан хоёр ямар зантай нь харагдсан бэ? (Бас зургийг үзээрэй).

11 Есүс дагалдагчдаасаа төгс байхыг шаарддаггүй байв. Харин Еховагийн сайшаалыг хүртэхийн тулд муу зангаа засахад нь хайрын сэтгэлээр тусалсан. Нэг удаа элч Яаков Ёохан хоёр Есүсээс Хаант төрд дээгүүр байр суурьтай болгож өгөхийг ээжээрээ гуйлгадаг (Мат. 20:20, 21). Ийнхүү Яаков Ёохан хоёр бардам бөгөөд нэр алдарт дуртайгаа харуулсан (Сур. 16:18).

12. Зөвхөн Яаков Ёохан хоёр муу зан гаргасан уу? Тайлбарлана уу.

12 Гэхдээ тэр үед зөвхөн Яаков Ёохан хоёр л муу зан гаргасан юм биш ээ. Бусад нь яасныг анхаараарай. «Нөгөө арав нь үүнийг сонсоод ах дүү хоёрт зэвүүцэв» (Мат. 20:24). Үүнээс болоод тэд хэрхэн муудалцсаныг төсөөлөөрэй. Бусад элч нар ийнхүү хэлсэн байж магадгүй. «Та хоёр хэн болоод Хаант төрд дээгүүр алба хаших гээд байгаа юм бэ? Есүстэй хамт зүтгэсэн нь зөвхөн та хоёр биш шүү! Бид ч адилхан дээгүүр алба хаших эрхтэй». Юу ч болсон элч нар тухайн үед нэг нэгнээ хайрлаж чадаагүй.

13. Есүс алдаа дутагдал гаргасан элч нартаа хэрхэн хандсан бэ? (Матай 20:25–28).

13 Харин Есүс яасан бэ? Тэрбээр уурлаж уцаарлаагүй. Мөн илүү даруу зантай, нэг нэгнээ үргэлж хайрладаг тийм элч нартай болъё гэж хэлээгүй. Харин чин сэтгэлтэй тэдэнтэйгээ ярилцахдаа тэвчээртэй байсан (Матай 20:25–28-ыг уншина). Тэд хэн нь хамгийн агуу вэ гэдэг талаар дахин дахин маргалдсан ч Есүс тэднийгээ хайрласаар байв (Марк 9:34; Лук 22:24).

14. Есүсийн элч нар ямар орчинд өсөж хүмүүжсэн бэ?

14 Есүс элч нарынхаа ямар орчинд өсөж хүмүүжсэнийг санаж байсан нь лавтай (Ёох. 2:24, 25). Тухайн үеийн шашны удирдагчид нэр алдар, дээгүүр байр суурьтай болохыг чухалчилдаг байсан (Мат. 23:6). Иудейн шашны удирдагчид бас өөрсдийгөө бусдаас илүү гэж үздэг байв (Лук 18:9–12). e Энэ бүхэн нь өөрсдийгөө болон бусдыг үзэх элч нарынх нь үзэлд нөлөөлснийг Есүс ойлгож байлаа (Сур. 19:11). Тиймээс ч шавь нарыгаа хэзээ ч алдаа гаргахгүй гэж бодоогүй бөгөөд дандаа тэвчдэг байсан. Есүс тэднийхээ сайхан сэтгэлийг мэддэг байв. Тиймээс ч бусдаас агуу болох гэсэн хүслээ таягдан хаяж, харин даруу болж, нэг нэгнээ хайрласаар байхыг тэвчээртэйгээр заасан.

БИД ЕСҮСИЙГ ХЭРХЭН ДУУРАЙХ ВЭ?

15. Яаков Ёохан хоёрын явдлаас бид юу мэдэж авах вэ?

15 Яаков Ёохан хоёрын явдлаас бид ихийг мэдэж авна. Тэд Хаант төрд дээгүүр байр суурь эзлэхийг гуйлгасан нь буруу. Гэхдээ эв эеийг сахиагүй бусад элч нар ч буруутай. Харин Есүс 12 элч нартайгаа бүгдтэй нь сайхан, хайрын сэтгэлээр хандсан. Бид юу сурах вэ? Хүмүүс юу ч хийсэн алдаа дутагдал гаргаж байгаа тэдэнд бид хэрхэн хандах нь чухал. Зөв харилцахад юу тус болох вэ? Бид итгэл нэгтэндээ гомдвол өөрсдөөсөө «Итгэл нэгтнийхээ хийсэн хэргээс болоод би гомдох хэрэг байна уу? Засах ёстой муу зан минь илэрч байна уу? Намайг гомдоосон итгэл нэгтэн ямар нэг юмнаас болж зовж яваа юм болов уу? Гомдох шалтгаан байсан ч алдааг нь тоохгүй өнгөрөөж хайрлаж байгаагаа харуулж чадах болов уу?» гэж асуугаарай. Итгэл нэгтнүүдээ хайрлах тусам Есүсийн жинхэнэ дагалдагч гэдгээ батална.

16. Есүсийн жишээнээс юу мэдэж авах вэ?

16 Бид Есүсийн жишээнээс итгэл нэгтнээ ойлгохыг хичээх хэрэгтэйг мэдэж авна (Сур. 20:5). Есүс хүмүүсийн сэтгэл зүрхийг харж чаддаг. Харин бид чадахгүй. Гэхдээ ах дүү нар маань төгс бус гэдгийг харгалзан үзэх учиртай (Эф. 4:1, 2; 1 Петр 3:8). Хэрэв тэдний өсөж хүмүүжсэн орчныг мэдэж авбал харьцахад амар байна. Дараах жишээг бодож үзээрэй.

17. Явуулын ахлагч итгэл нэгтнийхээ тухай сайн мэдэж аваад ямар ач тус хүртсэн бэ?

17 Зүүн Африкт үйлчилдэг явуулын ахлагч нэг Гэрч эрэгтэйг огцом зантай гэж боддог байжээ. Тэгсэн ч яасан бэ? «Тэр хүнээс дөлж зугтахын оронд сайн танилцъя гэж бодсон» гэж ярив. Түүнд өссөн орчин нь нөлөөлснийг ойлгожээ. Тэгээд дүүрэг хариуцагч: «Гэрч эрэгтэй тэр нөлөөнөөс салахын тулд ямар их тэмцсэнийг, ямар их өөрчлөгдсөнийг мэдээд би үнэхээр их биширсэн. Бид ч сайн найзууд болцгоосон» гэжээ. Тийм ээ, бид ах дүүсээ сайн ойлгохыг хичээдэг бол тэднийгээ чин сэтгэлээсээ хайрлаж чадна.

18. Итгэл нэгтэндээ гомдсон бол өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? (Сургаалт үгс 26:20).

18 Итгэл нэгтэндээ гомдсон бол уулзаж ярилцмаар санагдаж болох юм. Гэхдээ уулзахаасаа өмнө дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би болсон явдлын талаар бүгдийг мэдэж байгаа бил үү?» (Сур. 18:13). «Намайг санаандгүй гомдоосон юм биш биз?» (Ном. 7:20). «Би ч урьд нь ийм алдаа гаргаж байсан бил үү?» (Ном. 7:21, 22). «Асуудлыг шийдэх гэж очоод бүр ч дордуулчих юм биш биз?» (Сургаалт үгс 26:20-ийг уншина). Эдгээр асуултыг эргэцүүлэн бодохоор хайрандаа хөтлөгдөн болсон явдлыг мартах хүсэл төрж болох юм.

19. Та яахаар шийдсэн бэ?

19 Еховагийн Гэрчүүдийн өнөр гэр бүлийнхэн бүгдээрээ, мөн хүн нэг бүр төгс бус ах дүүсээ чин сэтгэлээсээ хайрлан Есүсийн жинхэнэ дагалдагч гэдгээ баталдаг. Ийнхүү амиа бодолгүй бие биеэ хайрладаг биднийг анзаарсан хүмүүс жинхэнэ шашныг таньж мэдээд хайрын Бурхан Еховаг шүтэх хүсэлтэй болдог. Цаашдаа ч Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж болох хайрыг илэрхийлсээр байцгаая!

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

a Нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладгийг маань харсан олон хүн үнэн рүү татагддаг. Гэхдээ бид төгс бус учраас цаг ямагт нэг нэгнээ хайрлах нь тийм ч амархан биш. Энэ өгүүллээр, чин сэтгэлээсээ хайрлах нь яагаад чухал болохыг ярилцана. Мөн алдаа дутагдал гаргасан хүнтэй хэрхэн харьцахыг Есүсийн жишээнээс мэдэж авна.

b 2012 оны 11-р сарын 1-ний «Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл «Библи хүнийг өөрчилдөг» булангийн «Ингэж нэг утга учиртай амьдрах болсон доо» гэдэг өгүүллийг үзээрэй.

c 2012 оны 10-р сарын 1-ний «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Библи хүнийг өөрчилдөг» булангийн 18, 19-р хуудсан дахь «Жаргалтай амьдарч явна гэж боддог байв» гэсэн өгүүллийг үзээрэй.

d Энэ өгүүллээр ахлагчдын авч үзэх ёстой 1 Коринт 6:9, 10-т жагсаасан ноцтой нүглийн тухай яриагүй.

e Иудей шашны нэгэн багш ийнхүү хэлсэн байдаг. «Дэлхий дээр Абрахам шиг шударга сайн хүн дор хаяж 30 бий. Хэрэв 30 бол хүү бид хоёр тэдний тоонд багтана. Хэрэв 10 бол хүү бид хоёр бас орно. Хэрэв 5 бол хүү бид хоёр ч орно. Хэрэв 2 бол тэд нь хүү бид хоёр юм. Хэрэв ганцхан хүн гэвэл тэр нь би юм».