Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 16

«Ах чинь амилна!»

«Ах чинь амилна!»

«Есүс [Мартад] “Ах чинь амилна” хэмээв» (ЁОХ. 11:23).

ДУУ 12 Бурхны амласан мөнхийн амь

ТОЙМ a

1. Нэг хүү амилалтад итгэснээ хэрхэн илэрхийлсэн бэ?

 МАТЬЮ гэдэг хүү хүнд өвчин туссаны улмаас хэд хэдэн хагалгаа хийлгэх шаардлагатай болов. Тэрбээр долоотойдоо гэрийнхэнтэйгээ JW телевизийн нэг нэвтрүүлгийг үзжээ. Амилсан хайртай нэгнээ угтаж буй хүмүүсийн баяртай мөчийг харуулсан видео уг нэвтрүүлгийн төгсгөлд гардаг. b Дараа нь Матью аав ээж дээрээ очоод гарыг нь атгаад «Аав аа, ээж ээ, би үхлээ ч намайг амилуулна. Та хоёр минь намайг хүлээж байгаарай. Тэгээд л бүх юм сайхан болно» гэжээ. Амилна гэдэгт бат итгэлтэй байсан хүүгээ хараад аав ээж хоёр нь хэчнээн их баярласныг та төсөөл дөө!

2, 3. Амилуулна гэсэн амлалтын тухай боддог байх нь яагаад тустай вэ?

2 Хүмүүсийг ирээдүйд амилуулах тухай үе үе эргэцүүлэн боддог байх нь бидэнд тустай (Ёох. 5:28, 29). Яагаад гэвэл бид амь насанд аюултай өвчин тусвал яах вэ? Хайртай хүн маань гэнэт үхвэл яах вэ? (Ном. 9:11; Яак. 4:13, 14). Бид ийм сорилтыг амилуулах найдварын ачаар даван гарч чадна (1 Тес. 4:13). Тэнгэрийн Эцэг биднийг маш сайн мэддэг бөгөөд чин сэтгэлээсээ хайрладгийг Сударт батлан хэлсэн байдаг (Лук 12:7). Ехова биднийг урьдынх нь зан чанар, ой ухаантайгаар амилуулна гэдгийг бодохлоор маш сайн мэддэг байгаа биз? Мөнх амьдрах боломж олгосон нь агуу хайрынх нь баталгаа юм. Тиймээс биднийг үхсэн ч амилуулна!

3 Энэ өгүүллээр бид эхлээд амилуулна гэдэг амлалтад яагаад итгэдгийг ярилцана. Дараа нь энэ өгүүллийн Библийн гол зүйлд «Ах чинь амилна» гэж бичсэнийг нарийвчлан үзнэ (Ёох. 11:23). Эцэст нь амилах найдварт улам бат итгэдэг болохын тулд яах хэрэгтэйг ярилцана.

АМИЛУУЛНА ГЭСЭН АМЛАЛТАД БИД ЯАГААД ИТГЭДЭГ ВЭ?

4. Амлалт биелнэ гэдэгт эргэлзэхгүй байхад юунд итгэлтэй байх хэрэгтэй вэ? Жишээгээр тайлбарлана уу.

4 Амлалтад итгэхийн тулд амлалт өгсөн нэгэн түүнийгээ биелүүлэх чин хүсэлтэй, бас хүч чадалтай гэдэгт итгэх хэрэгтэй. Жишээ нь хүчтэй шуурганд танай байшин эвдэрсэн гээд төсөөлөөрэй. Тэгтэл найз чинь: «Байшингаа засахад чинь тусална» гэж амлажээ. Тэрбээр чин сэтгэлээсээ хэлсэн учир танд туслах хүсэлтэй гэдэгт нь та итгэж байгаа. Мөн туршлагатай барилгачин, бас шаардагдах бүх багаж хэрэгсэлтэйг мэддэг учраас чадвартайд нь та эргэлздэггүй. Тиймээс ч амлалтаа биелүүлнэ гэдэгт та итгэх нь гарцаагүй. Тэгвэл амилуулна гэсэн Бурхны амлалтын тухайд юу хэлэх вэ? Үүнийгээ биелүүлэх чин хүсэлтэй, хүч чадалтай юу?

5, 6. Ехова нас барагсдыг амилуулах хүсэлтэй гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ?

5 Ехова нас барагсдыг амилуулах чин хүсэлтэй юу? Мэдээж! Тэрбээр нас барагсдыг ирээдүйд амилуулна гэсэн амлалтаа агуу хүчээр нь удирдуулсан олон бичигчээр Библидээ бичүүлсэн (Ис. 26:19; Хос. 13:14; Илч. 20:11–13). Түүнчлэн Ехова амласан л бол заавал биелүүлдэг (Иош. 23:14). Тэрбээр үнэндээ нас барагсдыг амилуулах чин хүсэлтэй. Яагаад ингэж хэлж болох вэ?

6 Иов юу гэж хэлснийг бодоорой. Өөрийг нь үхвэл Ехова дахиад амьдруулахыг хүсэн тэмүүлдэгт итгэдэг байв (Иов 14:14, 15). Мөн нас барсан бүх үйлчлэгчдээ ч амилуулахыг тэмүүлдэг. Тэднийг амилуулаад зогсохгүй цоо эрүүл, аз жаргалтай амьдраасай гэж үнэн голоосоо хүсдэг. Харин Еховагийн тухай үнэнийг мэдэх боломжгүйгээр нас барсан олон тэрбум хүмүүсийг яах вэ? Хайр халамжтай Бурхан маань тэднийг ч бас амилуулах чин хүсэлтэй (Үйлс 24:15). Өөрийнх нь найз болох, дэлхий дээрээ мөнх амьдрах боломжийг тэдэнд олгоно (Ёох. 3:16). Тэгэхээр Ехова нас барагсдыг амилуулахыг хүсэн тэмүүлдэг нь тодорхой.

7, 8. Ехова нас барагсдыг амилуулах чадалтай гэдэгт бид яагаад итгэж болох вэ?

7 Ехова нас барагсдыг амилуулах хүч чадалтай юу? Тэгэлгүй яах вэ! Ехова бол «Төгс хүчит» Бурхан (Илч. 1:8). Тиймээс ямар ч дайсныг, тэр байтугай бүр үхлийг ч устгах хүчтэй (1 Кор. 15:26). Үүнийг мэдэхлээр бид тайвширч, тэнхээждэг. Эмма Арнолд гэдэг Гэрч эмэгтэйн жишээг ярилцъя. Дэлхийн II дайны үед тэдний гэр бүлийнхэнд итгэлийг нь шалгасан хүнд сорилт учирсан. Дотнын олон хүнээ нацистын бөөнөөр хорих лагерьт алдсан охиноо тайвшруулах гэж Эмма: «Хэрэв үхэл хүн төрөлхтнийг тас атгаад хэзээ ч тавихгүй юм бол Бурхнаас илүү хүчтэй гэсэн үг биз дээ?» хэмээжээ. Еховагаас илүү хүчтэй хэн ч, юу ч байхгүй нь ойлгомжтой! Амийг бий болгосон Бурхан нас барагсдыг амилуулах чадвартай нь гарцаагүй.

8 Бурхан нас барагсдыг амилуулах чадалтайн бас нэг баталгаа бол хэмжиж тооцоолохын аргагүй ойн тогтоолттой. Тэрбээр од болгоныг нэрээр нь дууддаг (Ис. 40:26). Мөн нас барсан бүх хүн түүний ой тойнд байдаг (Иов 14:13; Лук 20:37, 38). Амилуулах хүн бүрийн нарийн ширийн бүхнийг, тухайлбал гадаад төрх байдал, зан чанар, туулж өнгөрүүлсэн амьдрал, ой санамж зэргийг нэг бүрчлэн санадаг.

9. Ехова нас барагсдыг амилуулна гэсэн амлалтад та яагаад итгэдэг вэ?

9 Тэгэхээр Ехова нас барагсдыг амилуулах чин хүсэлтэй, хүч чадалтай учраас тэднийг амилуулна гэсэн амлалтад бид итгэдэг. Итгэх өөр нэг шалтгаан бий. Ехова нас барагсдыг аль хэдийнээ амилуулж байсан. Тэрбээр Библи бичигдэж байх үед Есүс болон өөр хэдэн үнэнч хүмүүст нас барагсдыг амилуулах чадвар хайрлаж байв. Одоо, Есүс нас барсан хүнийг амилуулсан тухай «Ёохан» номын 11-р бүлгээс ярилцъя.

ЕСҮС ДОТНЫН НАЙЗАА АЛДСАН НЬ

10. Есүсийг Иордан голын цаана дэлгэрүүлж байхад Бетанд юу болсон бэ? Тэгээд яасан бэ? (Ёохан 11:1–3).

10 Ёохан 11:1–3-ыг уншина. МЭ 32 оны сүүлээр Бетан тосгонд болсон үйл явдлыг төсөөлөөрэй. Энэ тосгонд Есүсийн дотнын найз Лазар Марта Мариа гэдэг ах дүү гурав амьдарч байв (Лук 10:38–42). Гэтэл Лазар хүнд өвчин туссан тул хоёр дүүгийнх нь санаа ихэд зовжээ. Тэгээд Есүст мэдээ хүргэдэг. Тэр үед Есүс Бетанаас 2 өдрийн зайтай газар буюу Иордан голын цаана байв (Ёох. 10:40). Харамсалтай нь түүнд мэдээ хүрэх үед Лазар нас барсан байлаа. Есүс үүнийг мэдсэн ч Бетан руу хоёр хоногийн дараа л явсан. Түүнийг ирэхэд Лазар нас бараад 4 хонож байв. Есүс найзууддаа ч туслах, Бурхныг ч алдаршуулах хүсэлтэй байлаа (Ёох. 11:4, 6, 11, 17).

11. Дээрх явдлаас нөхөрлөлийн талаар юу мэдэж авах вэ?

11 Энэ явдлаас бид нөхөрлөлийн талаар юу мэдэж авах вэ? Марта Мариа хоёр Есүст мэдээ хүргүүлэхдээ Бетанд ирээч гэж гуйгаагүйг бодоорой. Тэд найз нь өвчтэй байгааг л хэлсэн (Ёох. 11:3). Лазарыг нас барахад Есүс байсан газраасаа ч амилуулж чадах байв. Гэсэн хэдий ч Мариа Марта хоёртой хамт байхын тулд Бетанд очдог. Тусламж хүсээгүй байхад тань яваад очдог найзтай юу, та? Тийм бол «хэцүү цагт» түүнд найдах нь ойлгомжтой (Сур. 17:17). Бүгдээрээ Есүс шиг найз байхыг хичээцгээе! Одоо дээрх явдлын тухай үргэлжлүүлэн ярилцъя.

12. Есүс Мартад юу гэж хэлсэн бэ? Энэ нь яагаад хоосон амлалт биш вэ? (Ёохан 11:23–26).

12 Ёохан 11:23–26-г уншина. Марта Есүсийг ирж явааг сонсоод өөдөөс нь гүйн очиж «Эзэн, та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан» гэжээ (Ёох. 11:21). Тийм ээ, үнэхээр ч Лазарыг эдгээж чадах байсан. Гэхдээ бүр илүү гайхалтай зүйл хийхийг бодож байв. Тэрбээр: «Ах чинь амилна» гэж хэлдэг. Тэгээд яагаад итгэж болохыг батлан «Би амилуулдаг, амьдруулдаг нэгэн» гэжээ. Тийм ээ, үхсэнийг амилуулах хүчийг Бурхан түүнд өгсөн. Тэрбээр энэ явдлаас өмнө нэг охиныг нас бараад удаагүй байхад нь амилуулсан. Мөн нэг залууг нас барсан тэр өдөрт нь амилуулсан бололтой (Лук 7:11–15; 8:49–55). Гэхдээ нас барснаас хойш 4 хоноод үнэр орж, муудаж эхэлсэн хүнийг амилуулж чадах болов уу?

«ЛАЗАР, ГАРААД ИР!»

Есүс гашуудаж буй найзуудаа маш их өрөвдсөн (13, 14-р догол мөрийг үзээрэй)

13. Ёохан 11:32–35-д бичсэнээр Мариа болон бусад хүмүүсийг уйлж буйг хараад Есүс яасан бэ? (Бас зургийг үзээрэй).

13 Ёохан 11:32–35-ыг уншина. Дараа нь юу болсныг төсөөлөөрэй. Лазарын дүү Мариа бас Есүс рүү очдог. Эгчийнхээ хэлснийг давтан тэрбээр: «Эзэн, та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан юм» гэжээ. Тэнд байсан бүх хүн маш их уй гашууд автсан байлаа. Тэдний уйлж буйг хараад Есүсийн сэтгэл ихэд шаналав. Тэгээд найзуудаа өрөвдсөндөө өөрийн эрхгүй уйлдаг. Хайртай хүнээ үхэлд алдана гэдэг нь ямар хэцүү байдгийг тэрбээр ойлгож байсан. Тэдний гашуудан уйлсан шалтгааныг арилгахыг хүсэж байсан нь ойлгомжтой.

14. Мариаг уйлахыг хараад уйлсан Есүсээс Еховагийн тухай юу мэдэж авах вэ?

14 Уйлж буй Мариаг хараад Есүс уйлсныг бодож үзвэл Ехова бол өрөвч сэтгэлтэй Бурхан гэдгийг мэдэж авна. Яагаад? Бид өмнөх өгүүллээс Есүс Эцгийнхээ бодол санаа, сэтгэл мэдрэмжийг яг таг дуурайсныг мэдэж авсан (Ёох. 12:45). Тиймээс гашуудаж байсан найзуудаа чин сэтгэлээсээ өрөвдөөд уйлсан Есүсийн тухай уншихлаар зовлонд автаад нулимс урсган уйлж буй биднийг Ехова харахаараа шаналдаг юм байна гэдгийг мэдэж авна (Дуу. 56:8). Энэрэнгүй сэтгэлтэй ийм Бурхантай дотносох хүсэл төрж байгаа биз?

Есүс үхлээс хүчтэй гэдгээ харуулсан (15, 16-р догол мөрийг үзээрэй)

15. Ёохан 11:41–44-т бичсэнээр Лазарын булшны дэргэд юу болсныг ярина уу (Бас зургийг үзээрэй).

15 Ёохан 11:41–44-ийг уншина. Есүс Лазарын булш руу дөхөж очоод агуйн амыг тагласан чулууг зайлуул гэхэд Мариа үнэр орсон байх гэж зовоод болиулах гэв. Тэгэхэд нь Есүс: «Хэрэв чи итгэвэл Бурхны алдрыг үзнэ гэж би чамд хэлээгүй бил үү?» гэжээ (Ёох. 11:39, 40). Дараа нь болох үйл явдлаар Бурхныг алдаршуулахыг хүссэндээ тэрбээр тэнгэр өөд харц өргөн олны өмнө залбирдаг. Тэгээд «Лазар, гараад ир!» хэмээн хашхирдаг. Лазар ч булшнаас гарч ирэв. Ийнхүү Есүс хүмүүсийн хувьд боломжгүй гэж боддог зүйлийг үйлдсэн (Ёохан 11:17-гийн тайлбарыг «Судалгааны Библи»-ээс үзээрэй (англи)).

16. «Ёохан» номын 11-р бүлэгт бичсэн явдал хүмүүсийг амилуулна гэсэн амлалтад итгэх итгэлийг маань хэрхэн батжуулдаг вэ?

16 «Ёохан» номын 11-р бүлэгт бичигдсэн энэ явдал нас барагсад амилна гэдэгт итгэх итгэлийг маань батжуулдаг. Яагаад? Есүс Мартад «Ах чинь амилна» гэж хэлснийг санаарай (Ёох. 11:23). Есүс ч нас барагсдыг амилуулах хүсэлтэй, хүчтэйгээрээ Эцэгтэйгээ адилхан. Тэрбээр уйлсан нь үхэл, гашуудлыг арилгах чин хүсэлтэйгээ харуулдаг. Бас Лазарыг амилуулсан нь нас барагсдыг амилуулах хүчтэйг нь дахин баталсан. Мөн «Хэрэв чи итгэвэл Бурхны алдрыг үзнэ гэж би чамд хэлээгүй бил үү?» гэж Мартад хэлснийг бодоорой (Ёох. 11:40). Бурхан нас барагсдыг амилуулна гэсэн амлалтаа биелүүлнэ гэдэгт бид баараггүй итгэдэг. Гэхдээ энэ найдвараа улам батжуулахын тулд яах вэ?

НАЙДВАРАА ХЭРХЭН БАТЖУУЛАХ ВЭ?

17. Библид бичсэн түүхийг уншихдаа бид юу юуг санах хэрэгтэй вэ?

17 Библид байдаг хүмүүсийг амилуулсан түүхийг уншаад эргэцүүлж бодоорой. Нас барсны дараа амилуулагдаад дэлхий дээрээ амьдарч байсан 8 хүний түүхийг Библид бичсэн байдаг. c Эдгээрийг нэг бүрчлэн нямбай судалж болохгүй нь юу билээ? Тэд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд дэлхий дээр амьдарч байсан бодит хүмүүс гэдгийг санаарай. Бурхан нас барагсдыг амилуулах хүсэлтэй, хүчтэйг түүх бүр хэрхэн баталдгийг бодоорой. Түүнчлэн хамгийн чухал нь болох Есүсийг амилуулсан түүхийг эргэцүүлээрэй. Түүнийг амилуулсныг олон зуун гэрч баталсан бөгөөд энэ нь итгэлийн маань гол үндэс болдог (1 Кор. 15:3–6, 20–22).

18. Амилуулах найдварын тухай дуунуудаас ач тусыг нь яавал хүртэх вэ? (Бас зүүлтийг үзээрэй).

18 Амилуулах найдварын тухай дуунуудыг сонсож, дуулж, тунгаан бодоорой (Эф. 5:19). d Эдгээр дуу итгэлийг маань улам бүр батжуулдаг. Гэр бүлийн хичээлээр дуу сонсож, дасгал хийж, үгнийх нь учрыг ярилцаарай. Үгийг нь цээжилж, зүрх сэтгэл, оюун ухаандаа шингээгээрэй. Ингэдэг бол аминд халтай сорилт тулгарах юм уу, дотнын хүнээ үхэхэд цээжилсэн дуунуудаа агуу хүчний тусламжтайгаар санаж, тайвширч, хүч тэнхээтэй болно.

19. Амилуулах талаар юу юу төсөөлж болох вэ? ( «Та юу гэж асуух вэ?» хавсралтыг үзээрэй).

19 Төсөөлөн бодоорой. Еховагийн хайрласан чадварын ачаар бид өөрсдийгөө шинэ ертөнцөд байгаагаар төсөөлж чаддаг. Нэг Гэрч эмэгтэй: «Би өөрийгөө диваажинд байгаагаар маш олон цагаар төсөөлөн боддог учраас яг тэнд сарнай цэцгийн анхилуун үнэрийг үнэртэх шиг болдог» гэж хэлжээ. Та өөрийгөө Библид гардаг үнэнч эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй уулзаж байгаагаар төсөөл дөө. Та хэнтэй уулзахыг хүсэж байгаа вэ? Юу гэж асуух вэ? Мөн нас барсан хайртай хүмүүстэйгээ уулзах тэр мөчийг төсөөлөөрэй. Уулга алдах, гүйн очоод тэврэх, баярын нулимс унагах зэргийг нэг бүрчлэн төсөөлөхийг бодоорой.

20. Бид яах шийдвэр төгс байх вэ?

20 Бидэнд найдвар өгсөн Еховад талархаад баршгүй. Тэрбээр хүсэлтэй, хүчтэй учраас нас барагсдыг амилуулна гэдэгт бид бат итгэдэг. Найдвараа цаашид ч улам батжуулах шийдвэр төгс байцгаая. Ингэдэг бол «Хайртай хүн чинь амилна!» гэж бидэнд хэлж буй Бурхантайгаа улам бүр дотносно.

ДУУ 24 «Шагналаа харж явъя!»

a Хэрэв та хайртай хүнээ үхэлд алдсан бол амилах найдварын талаар сонсоод тайвширсан нь лавтай. Гэхдээ та энэ амлалтад яагаад итгэдгээ хүмүүст хэрхэн тайлбарлах вэ? Мөн энэ амлалтад итгэх итгэлээ хэрхэн батжуулах вэ? Энэ өгүүлэл нас барагсдыг амилуулна гэдэгт бат итгэхэд туслах зорилготой.

b Энэ нь «Диваажин ойрхон байна!» гэсэн нэртэй дууны клип юм.

c Х.дээд 17:17–24; Х.дэд 4:32–37; 13:20, 21; Лук 7:11–15; 8:41–56; Ёох. 11:38–44; Үйлс 9:36–42; 20:7–12-ыг үзээрэй.

d «Еховадаа дуулъя» номоос «Шагналаа харж явъя!» гэсэн нэртэй 24-р дууг үзээрэй. Бас jw.org сайтаас «Диваажин ойрхон байна!», «Бидний хүсэн хүлээдэг шинэ ертөнц» гэсэн шинэ дууны видео бичлэг үзээрэй.