Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 15

Гайхамшиг үйлдсэн Есүсээс юу мэдэж авах вэ?

Гайхамшиг үйлдсэн Есүсээс юу мэдэж авах вэ?

«Есүс нутаг орноор явж сайн үйл хийж, ... эдгээж байсан» (ҮЙЛС 10:38).

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

ТОЙМ a

1. Есүс ямар тохиолдолд анхныхаа гайхамшгийг үйлдсэн бэ?Тайлбарлана уу.

 МЭ 29 ОНЫ сүүлээр үйлчлэлээ эхэлж байсан Есүсийн тэр үеийг төсөөл дөө. Есүсийг эх Мариатай нь хамт тэдний амьдарч байсан Назарын хойд талд байдаг Кана тосгонд болсон хуримд урьсан. Хэдэн шавь нь ч энэ хуримд ирсэн. Мариа найранд урьсан хүмүүсийн найз бөгөөд зочдод үйлчлэх ажилд нь тусалж байсан бололтой. Гэтэл найр хуримын үед дарс дуусаж залуу хос болон гэр бүлийнхэн нь эвгүй байдалд орох шахсан. b Тэдний тооцоолсноос илүү олон зочин ирсэн бололтой. Мариа яаран хүүдээ хандаж «Эдний дарс дуусаж байна» гэжээ (Ёох. 2:1–3). Есүс яасан бэ? Гайхамшиг үйлдэж усыг сайн дарс болгон хувиргадаг (Ёох. 2:9, 10).

2, 3. а) Есүс гайхамшиг үйлдэх хүчийг ашиглаж юу хийсэн бэ? б) Есүсийн үйлдсэн гайхамшгийн тухай эргэцүүлэн бодохын ач тус юу вэ?

2 Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа өөр олон гайхамшиг үйлдсэн. c Тэрбээр гайхамшиг үйлдэх хүчээ ашиглан олон арван мянган хүнд тусалсан. Жишээ болгон хоёр явдлыг дурдвал нэг удаа 5000 эрчүүдийг, дараа нь 4000 эрчүүдийг гайхамшиг үйлдэж хооллосон. Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулаад нийт 27 000 гаруй хүн байсан бололтой. (Мат. 14:15–21; 15:32–38). Есүс мөн энэ үеэр өвчтэй олон хүнийг эдгээсэн (Мат. 14:14; 15:30, 31). Энэ бүхнийг харсан хүмүүст хэчнээн гайхалтай санагдсаныг төсөөл дөө!

3 Есүс гайхамшиг үйлдсэн явдлаас өнөөдөр бид олон зүйлийг мэдэж авна. Итгэл батжуулахад тустай зарим зүйлийг энэ өгүүллээр ярилцана. Есүс гайхамшиг үйлдэхдээ даруу, өрөвч байсныг хэрхэн дуурайхыг бас үзнэ.

ЕХОВА ЕСҮС ХОЁРЫН ТУХАЙ МЭДЭЖ АВАХ НЬ

4. Есүсийн үйлдсэн гайхамшгаас хэний тухай мэдэж авах вэ?

4 Бид Есүсийн үйлдсэн гайхамшгаас зөвхөн түүний тухай биш Эцгийнх нь тухай ч ихийг мэдэж авна. Учир нь гайхамшиг үйлдэх хүчийг Ехова өгсөн. Үйлс 10:38-д «Бурхан ... Есүсийг агуу хүчээрээ тосолж, хүч чадал хайрласан, ... Есүс нутаг орноор явж сайн үйл хийж, Диаволд эзэмдүүлсэн хүмүүсийг Бурхны тусламжаар эдгээж байсан» гэж бий. Есүс гайхамшиг үйлдэхдээ, бүр аливаа зүйлийг хэлж хийхдээ Эцгийнхээ бодол санаа, сэтгэл мэдрэмжийг төгс илэрхийлснийг бас санаарай (Ёох. 14:9). Гайхамшгаас нь мэдэж авах 3 зүйлийг бодож үзье.

5. Есүс яагаад гайхамшиг үйлдсэн бэ? (Матай 20:30–34).

5 Нэгдүгээрт, Есүс болон түүний Эцэг Ехова биднийг маш их хайрладаг. Есүс дэлхий дээр байхдаа хүмүүсийн зовлонг нимгэлэхийн тулд ер бусын хүчийг ашигласнаараа тэднийг хэчнээн их хайрладгаа харуулсан. Нэгэн удаа хараагүй хоёр эрэгтэй түүнээс тусламж гуйдаг (Матай 20:30–34-ийг уншина). Есүс тэднийг «өрөвдөж», эдгээснийг анхаараарай. Энд «өрөвдөх» гэж орчуулсан грек үгээр сэтгэлийн угаас ундран гардаг маш их өрөвч сэтгэлийг хэлдэг. Есүс хайрын илрэл болсон ийм их өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн өлссөнийг нь хооллож, уяман өвчтэйг нь эдгээсэн (Мат. 15:32; Марк 1:41). «Өрөвч» сэтгэлтэй Ехова Бурхан, Хүү Есүс нь биднийг үнэн голоосоо хайрладаг бөгөөд зовж байгааг маань хараад шаналдаг гэдэгт итгээрэй (Лук 1:78; 1 Петр 5:7). Тэд хүн төрөлхтнийг зовоодог бүх бэрхшээлийг үгүй хийхийг маш их хүсэн тэмүүлдэг!

6. Бурхан Есүст юу хийж чадах хүч хайрласан бэ?

6 Хоёрдугаарт, Бурхан хүн төрөлхтний бүх асуудлыг шийдэх хүчийг Есүст өгсөн. Гайхамшиг үйлддэг байсан Есүс бидний хэзээ ч үгүй хийж чадахгүй бэрхшээлийг байхгүй болгох чадалтайгаа баталсан. Жишээ нь хүн төрөлхтний өвлөж авсан нүгэл, нүглийн үр дагавар өвчин, үхлээс ангижруулах хүч чадалтай (Мат. 9:1–6; Ром 5:12, 18, 19). Мөн хүмүүсийн «элдэв төрлийн» өвчнийг эдгээж, бүр нас барагсдыг ч амилуулах чадалтайгаа харуулсан (Мат. 4:23; Ёох. 11:43, 44). Түүнчлэн хүчтэй салхийг намдааж, хорон муу чөтгөрүүдээс ангижруулах чадалтай (Марк 4:37–39; Лук 8:2). Ехова Хүүдээ ийм их хүч хайрласныг бодохоор үнэхээр сэтгэл тайвширч байгаа биз?

7, 8. а) Есүсийн үйлдсэн гайхамшиг юунд итгэх итгэлийг төрүүлдэг вэ? б) Та шинэ ертөнцөд үзэх ямар гайхамшгийг тэсэн ядан хүлээж байна вэ?

7 Гуравдугаарт, Бурхны Хаант төр ирээдүйд ивээнэ гэсэн амлалт гарцаагүй биелнэ гэдэгт бид итгэдэг. Есүс бол тэнгэрийн Хаант төрийн Хаан. Түүний үйлдсэн гайхамшгууд нь ирээдүйд дэлхий даяар юу хийхийг нь харуулдаг. Удахгүй Христийн захиргаан доор бид хэрхэн амьдрахыг бодож үзээрэй. Тэрбээр хүмүүсийг зовоодог бүх өвчин, эрхтний гажгийг арилгаж төгс эрүүл биетэй болгоно (Ис. 33:24; 35:5, 6; Илч. 21:3, 4). Бид хэзээ ч өлсөхгүй, байгалийн гамшигт өртөхгүй (Ис. 25:6; Марк 4:41). «Дурсамжийн булшнаас» гарч ирэх хайртай хүмүүсээ баяр хөөртэйгөөр угтаж авна (Ёох. 5:28, 29). Та шинэ ертөнцөд үзэх ямар гайхамшгийг хамгийн их хүсэн хүлээж байна вэ?

8 Есүс гайхамшиг үйлдэхдээ даруу, өрөвч сэтгэлтэй байснаараа бидэнд үлгэр дуурайл үлдээсэн. Хоёр жишээг үзье. Эхлээд Кана тосгонд болсон хуримын тухай ярилцъя.

ДАРУУ ЗАНГ НЬ ДУУРАЙХ

9. Есүс хурим дээр яасан бэ? (Ёохан 2:6–10).

9 Ёохан 2:6–10-ыг уншина. Хуримын үеэр дарс дуусахад тэдэнд туслах шаардлага Есүст байсан уу? Үгүй. Учир нь Мессиа гайхамшгаар дарс бий болгоно гэсэн зөгнөл байхгүй. Гэхдээ таны хурим дээр архи дарс дуусвал ямар санагдахыг төсөөл дөө. Ичгэвтэр байдалд орсон гэр бүлийнхнийг, ялангуяа сүй тавьсан залуусыг Есүс өрөвдсөндөө гайхамшиг үйлдсэн. Тэрбээр 390 литр усыг маш сайн чанарын дарс болгон хувиргасан. Энэ нь хэрэгцээнээс хавьгүй илүү байв. Үлдсэн дарсыг нь дараа хэрэглэх юм уу зарвал мөнгө нь тэдэнд хэрэгтэй гэж бодсон байх. Залуу хос ч маш их баярласан нь ойлгомжтой.

Амжилтаараа сайрхдаггүй Есүсийг дуурайцгаая (10, 11-р догол мөрийг үзээрэй) e

10. «Ёохан» номын 2-р бүлэгт ямар нарийн ширийн зүйлийг бичсэн байдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

10 «Ёохан» номын 2-р бүлэгт бичсэн явдлын зарим нарийн ширийн зүйлийг ярилцъя. Есүс том чулуун савнуудыг өөрөө усаар дүүргээгүйг анзаарсан уу? Бусдын анхаарлыг өөртөө хандуулахгүйн тулд тэнд үйлчилж байсан хүмүүсээр дүүргүүлсэн (6, 7-р зүйл). Тэгээд усыг дарс болгон хувиргасныхаа дараа ч найрын ахлагчид амсуулах гэж дарсыг өөрөө аваачиж өгөөгүй, харин үйлчлэгчдээр хүргүүлсэн (8-р зүйл). Есүс зочдын өмнө аягатай дарс бариад «Дөнгөж сая бий болгосон дарсыг минь амсаж үзээрэй!» гэж сайрхаагүй нь ойлгомжтой.

11. Есүсийн үйлдсэн гайхамшгаас юу мэдэж авах вэ?

11 Гайхамшиг үйлдсэн Есүсээс юу мэдэж авах вэ? Даруу байхын чухлыг ойлгоно. Есүс гайхамшиг үйлдсэн гэж онгироогүй. Ер нь юу ч хийсэн хэзээ ч өөрөөрөө сайрхаж байгаагүй. Харин ямагт алдар, хүндэтгэлийг Эцэгтээ өргөж даруу байсан (Ёох. 5:19, 30; 8:28). Хэрэв бид өөрийнхөө талаар ихийг боддоггүй Есүсийг дуурайн даруу байвал юу ч хийсэн өөрөөрөө сайрхахгүй. Еховад ямар аргаар үйлчилж байгаагаас үл хамааран өөрөөрөө бус харин ийм завшааныг бидэнд хайрласан Еховагаараа бахархаж байцгаая (Иер. 9:23, 24). Түүнд л алдар, хүндэтгэлийг өргөцгөөе. Үнэндээ бид Еховагийн тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй шүү дээ! (1 Кор. 1:26–31).

12. Даруу зантай Есүсийг өөр яаж дуурайх вэ? Жишээгээр тайлбарлана уу.

12 Даруу зантай Есүсийг өөр яаж дуурайхыг бодъё. Дараах жишээг төсөөлөөрэй. Ахлагч, туслах үйлчлэгч залууд анхныхаа илтгэлийг бэлдэхэд нь тусалж олон цаг зарцуулжээ. Тиймээс Гэрч залуу хурлынхандаа урам зориг хайрласан маш сайхан илтгэл тавив. Цуглааны дараа нэг хүн ахлагчид хандан «Энэ залуу маш сайхан илтгэл тавилаа шүү, тийм ээ?» гэв. Ахлагч: «Тийм ээ. Харин би олон цаг зарцуулж тусалсан» гэх үү, эсвэл «Тийм шүү, би үнэхээр бахархаж байна» гэж хэлэн даруу байх уу? Хэрэв бид даруу бол бусдад сайныг үйлдсэнээ ярьж магтуулахыг бодохгүй. Юу хийж байгааг маань Ехова хардаг, үнэлдэг гэдгийг мэддэг учраас сэтгэл хангалуун байдаг (Матай 6:2–4-тэй харьцуулаарай; Евр. 13:16). Даруу зантай Есүсийг дуурайдаг бол Ехова сайшаах нь тодорхой (1 Петр 5:6).

ӨРӨВЧ СЭТГЭЛИЙГ НЬ ДУУРАЙХ

13. Есүс Найн хотод дөхөж ирээд юу харсан бэ? Тэгээд яасан бэ? (Лук 7:11–15).

13 Лук 7:11–15-ыг уншина. Есүс үйлчлэлээ эхлээд 2 орчим жил өнгөрсний дараа болсон үйл явдлыг төсөөлөөрэй. Тэрбээр Галилын Найн гэдэг хотод очжээ. Энэ нь зөнч Елиша нэг эмэгтэйн хүүг 900 орчим жилийн өмнө амилуулсан Шунем гэдэг хотоос холгүй оршдог (Х.дэд 4:32–37). Есүсийг хотын хаалганд дөхөж ирэхэд оршуулгын цуваа хотоос гарч байв. Хүмүүс их л гунигтай харагдана. Бэлэвсэн эмэгтэйн цорын ганц хүү нас баржээ. Эхтэй нь хамт хотын олон хүн гашуудан явна. Есүс цувааг зогсоогоод санаанд оромгүй гайхамшиг үйлддэг. Хүүг нь амилуулдаг! Энэ нь сайн мэдээний 4 номд бичигдсэн нас барагсдыг Есүс амилуулсан 3 явдлын эхнийх нь юм.

Есүсийг дуурайж гашуудаж буй хүмүүсийг өрөвдөн хайрлаарай (14–16-р догол мөрийг үзээрэй)

14. «Лук» номын 7-р бүлэгт ямар нарийн ширийн зүйлийг бичсэн байдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

14 «Лук» номын 7-р бүлгээс зарим нарийн ширийн зүйлийг ярилцъя. Есүс гашуудаж буй эхийг эхлээд «харсан», дараа нь «өрөвдсөн» гэж бичсэнийг анзаарсан уу? (13-р зүйл). Тэгэхээр нас барсан хүүгийнхээ урд яваа уйлж буй эхийг Есүс хараад маш их өрөвдсөн байх. Гэхдээ зөвхөн өрөвдөөд л болчихоогүй. Харин энэрч өрөвдөж байгаагаа үйл хэргээрээ илчилсэн. Тайвшруулам зөөлөн дуугаар «Бүү уйл» гэж хэлсэн. Тэгээд туслах гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн хүүг нь амилуулаад «эхэд нь өгдөг» (14, 15-р зүйл).

15. Гайхамшиг үйлдсэн Есүсээс бид юу мэдэж авах вэ?

15 Дээрх гайхамшгийг үйлдсэн Есүсээс бид юу мэдэж авах вэ? Гашуудаж буй хүмүүсийг өрөвдөж, туслах хэрэгтэйг ойлгоно. Бид Есүсийг дуурайж нас барагсдыг амилуулж чадахгүй нь мэдээж. Гэхдээ түүн шиг ажигч байх хэрэгтэй. Тэгвэл гашуудаж буй хүмүүсийг олж хараад өрөвдөх нь гарцаагүй. Тэднийг өрөвдөж байгаагаа үг хэл, үйл хэргээрээ харуулан тусалж, тайвшруулаарай (Сур. 17:17; 2 Кор. 1:3, 4; 1 Петр 3:8). d Ганц хоёрхон үг, дохио зангаагаар ч ихийг илэрхийлнэ шүү!

16. Зохиомж зурагт үзүүлснээр бага насны охиноо саяхан алдсан ээжид тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?

16 Хэдэн жилийн өмнө болсон явдлыг ярилцъя. Нэг эмэгтэй цуглааны үеэр дуу дуулж байхдаа хажуугийн эгнээний нэг ээж уйлж байхыг анзаарав. Дуу нь амилах найдварын тухай байсан бөгөөд тэр ээж бяцхан охиноо алдаад удаагүй ажээ. Үүнийг мэдэж байсан нөгөө эмэгтэй түүн дээр очоод, тэврэнгээ тэр дууг дуустал хамт дуулсан. Тэр ээж дараа нь «Ах дүүсээ хайрлах сэтгэл маань оргилж байв» хэмээн дурсжээ. Тэрбээр цуглаанд очсондоо үнэхээр баярлаж, «Цуглааны танхимд очихлоороо л хэрэгтэй тусламжийг мэдэрдэг» гэж хэлсэн. Гашуудаж буй «эмтэрсэн зүрхтэй» хүмүүсийг өрөвдөн хайрлаж байгаагаа мэдрүүлэх ямар ч энгийн зүйлийг Ехова анзаардаг, үнэлдэг гэдэгт итгэлтэй байж болно (Дуу. 34:18).

СУДАЛЖ ИТГЭЛЭЭ БАТЖУУЛААРАЙ

17. Энэ өгүүллээс юу мэдэж авсан бэ?

17 Сайн мэдээний дөрвөн номоос Есүсийн үйлдсэн гайхамшгийг судлах нь үнэхээр ач тустай. Эндээс Ехова Есүс хоёр биднийг хайрладгийг, Есүс хүн төрөлхтний бүх бэрхшээлийг арилгах хүчтэйг, удахгүй Хаант төр Бурхны амласан бүх ивээлийг бидэнд хүртээнэ гэдгийг мэдэж авна. Мөн сайхан олон зан чанартай Есүсийг хэрхэн дуурайхыг эргэцүүлэн бодох боломжтой. Есүсийн үйлдсэн бусад гайхамшгийг бие даан юм уу гэр бүлээрээ судалж болохгүй нь юу билээ? Мөн мэдэж авсан зүйлээ бусадтайгаа хуваалцаарай. Итгэл батжуулам ямар сайхан яриа өрнөхийг төсөөл дөө! (Ром 1:11, 12).

18. Дараагийн өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

18 Есүсийн нас барагсдыг амилуулсан гурван тохиолдлын сүүлчийнх нь дэлхий дэх үйлчлэлийнх нь төгсгөл хавьд болсон. Энэ нь бусдаасаа ялгаатай байв. Есүс хайртай найзыгаа нас бараад дөрөв хоносны дараа амилуулсан! Есүсийн үйлдсэн энэ гайхамшгаас бид юу мэдэж авах вэ? Нас барагсдыг ирээдүйд амилуулна гэсэн найдварыг маань хэрхэн батжуулах вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултыг ярилцана.

ДУУ 2 Ехова танд баярлалаа

a Тэрбээр хүчтэй шуургыг намдааж, өвчтэй хүмүүсийг эдгээж, үхэгсдийг амилуулсан. Есүсийн үйлдсэн гайхамшгийн тухай уншихлаар үнэхээр сэтгэл хөдөлдөг! Тэдгээр нь бидний сэтгэлийг хөгжөөхийн тулд бус харин сургахын тулд Библид бичигдсэн. Эдгээр түүхийг судалбал Ехова Есүс хоёрын талаар итгэл батжуулам чухал зүйлийг болон дуурайвал зохих сайхан зан чанарыг нь олж мэднэ.

b Нэгэн Библи судлаач: «Дорнын орнууд зочломтгой байхыг ариун үүрэг гэж үздэг байсан бөгөөд хоол хүнс дөнгөн данган хүрэлцээтэй байх нь хангалттай биш байв. Ялангуяа найр хурим хоол хүнсээр элбэг дэлбэг байхыг л зочломтгойн шинж гэж үздэг байжээ» гэж тайлбарласан.

c Сайн мэдээний 4 номд Есүсийн үйлдсэн гайхамшгаас 30 гаруйг нь л дурдсан байдаг. Мөн заримдаа олон гайхамшгийг нэгтгэж бичсэн тохиолдол бий. Жишээлбэл нэг удаа «хотынхон бүгдээрээ» түүн дээр ирэхэд «өвчтэй олон хүнийг эдгээжээ» (Марк 1:32–34).

d «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2010 оны 11-р сарын 1-ний дугаарт нийтэлсэн «Есүсийг дуурайн гашуудаж буй нэгнийг тайвшруулаарай» гэсэн өгүүллээс тайвшруулахын тулд юу хэлж, хийж болох талаар зөвлөгөөнүүдийг үзээрэй (англи).

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Сүй тавьсан залуус болон зочид сайн чанарын дарстай болсон учраас баяртай байна. Цаана нь Есүс зогсож байна.