Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 17

Зовлон гэнэт учрахад Ехова тусална

Зовлон гэнэт учрахад Ехова тусална

«Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг. Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг» (ДУУ. 34:19).

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

ТОЙМ a

1. Бид юунд итгэлтэй байдаг вэ?

 ЕХОВА ард түмнээ хайрладгийг, аль болохоор сайн сайхан амьдруулахыг хүсдэгийг бид мэддэг (Ром 8:35–39). Мөн Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлбэл тустай гэдэгт итгэдэг (Ис. 48:17, 18). Гэхдээ гэнэт бэрхшээл тулгарвал яах вэ?

2. Бидэнд ямар бэрхшээл учирч магадгүй вэ? Үүнээс болоод юу гэж бодож болох вэ?

2 Ямар нэгэн бэрхшээлгүй Еховагийн үйлчлэгч гэж байдаггүй. Жишээлбэл гэр бүлийнхний маань нэг нь сэтгэлээр унагах зүйл хийдэг. Өвчин тусахлаараа Бурханд урьдынх шигээ үйлчилж чадахаа больдог. Мөн байгалийн гамшигт өртөж үр дагаврыг нь амсах үе ч бий. Эсвэл итгэл үнэмшлээсээ болоод хавчигддаг. Ийм бэрхшээл учрахаар «Яагаад надад ийм юм тохиолдоод байна вэ? Би ямар нэг буруу зүйл хийсэн юм болов уу? Ийм юм тохиолдоод байгаа нь Ехова ивээхээ больсны шинж юм уу?» гэж өөрийн эрхгүй боддог. Танд бас ийм бодол төрж байсан уу? Хэрэв тийм бол сэтгэлээр бүү унаарай. Еховагийн үнэнч олон үйлчлэгчид ийм бодол төрж байсан (Дуу. 22:1, 2; Хаб. 1:2, 3).

3. Дуулал 34:19-д бичсэнээс бид юу ойлгож авах вэ?

3 Дуулал 34:19-ийг уншина. Энд бичсэн хоёр чухал зүйлийг анхаараарай. 1) Зөв шударга хүнд зовлон учирдаг. 2) Ехова биднийг зовлонгоос авардаг. Яаж? Нэг арга нь энэ ертөнцийн амьдралыг бодитоор нь ойлгоход туслах явдал юм. Ехова өөрт нь үйлчилдэг хүн баяр хөөртэй байхыг бидэнд батлан хэлсэн нь үнэн. Гэхдээ өнөөдөр санаа зовох ямар ч юмгүй амьдарна гэсэн баталгаа өгөөгүй шүү дээ (Ис. 66:14). Харин ч ирээдүйдээ анхаарлаа төвлөрүүлж амьдрахыг уриалсан. Учир нь тэр цагт Еховагийн хүссэнээр бид үүрд мөнх жаргалтай амьдарна (2 Кор. 4:16–18). Харин одоохондоо өөрт нь үйлчилсээр байхад өдөр бүр тусалдаг (Гаш. 3:22–24).

4. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

4 Библид гардаг болон өнөөгийн үнэнч үйлчлэгчдээс юу сурч болохыг ярилцъя. Бидэнд гэнэт бэрхшээл тулгарч болзошгүй. Гэхдээ Еховад найддаг бол тэрбээр биднийг үргэлж дэмжинэ (Дуу. 55:22). Еховагийн үнэнч үйлчлэгчдийн жишээг судлахдаа өөрөөсөө «Надад ийм бэрхшээл тохиолдсон бол би яах байсан бол? Эдгээр жишээ Еховад итгэх итгэлийг минь хэрхэн батжуулдаг вэ? Эндээс би өөртөө хэрэгтэй юу мэдэж авсан бэ?» гэж асуугаарай.

БИБЛИД ГАРДАГ ХҮМҮҮС

Зальтай нагац ах Лабаныдаа 20 жилийн турш хүнд хүчир ажил хийж байхад нь Иаковыг Ехова ивээсээр байсан (5-р догол мөрийг үзээрэй)

5. Лабанаас болж Иаковт ямар бэрхшээл тохиолдсон бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

5 Библид гардаг Еховагийн үйлчлэгчдэд гэнэт бэрхшээл тохиолддог байв. Иаковын тухай бодож үзээрэй. Эцэг нь түүнд Бурханд итгэдэг Лабан гэдэг хамаатныдаа очоод охидоос нь сонгож эхнэртэй болоорой, тэгвэл Ехова өгөөмрөөр ивээнэ гэж хэлжээ (Эх. 28:1–4). Иаков ч хэлснийх нь дагуу үйлдсэн. Тэрбээр Канаан нутгаасаа гарч Лабаны нутгийг зорив. Охидынх нь нэрийг Леа, Рахел гэдэг ажээ. Иаков бага охин Рахелд нь дурлаж, түүнтэй гэрлэхийн тулд 7 жил Лабаныд ажиллахаар тохиролцов (Эх. 29:18). Гэвч бүх юм Иаковын хүссэнээр болсонгүй. Лабан түүнийг хуурч том охин Леатайгаа гэрлүүлсэн. Гэхдээ 7 хоногийн дараа Рахелтай гэрлэхийг ч зөвшөөрөв. Харин үүний тулд дахин 7 жил Лабанд зарцлагдах ёстой болов (Эх. 29:25–27). Лабан мөн Иаковтай ярилцан тохиролцсоноо зөрчин, шударга бус хандаж нийтдээ 20 жилийн хөдөлмөрийг нь шулсан! (Эх. 31:41, 42).

6. Иаковт өөр ямар ямар бэрхшээл тохиолдсон бэ?

6 Иаков өөр олон бэрхшээлийг тэвчээртэйгээр даван туулсан. Тэрбээр өнөр өтгөн гэр бүлтэй болсон ч хөвгүүд нь хоорондоо тэр бүр таарч тохирдоггүй байв. Тэр байтугай өөрсдийн төрсөн дүү Иосефоо боол болгон худалддаг. Симеон Леви хоёр нь Еховагийн болон гэр бүлийнхээ нэр төрийг гутаах юм хийсэн. Бас түүний хайртай эхнэр Рахел 2 дахь хүүгээ төрүүлэхдээ нас бардаг. Түүнчлэн өлсгөлөнгийн улмаас Иаков өтөл насандаа Египетийн нутаг руу нүүхээс өөр аргагүй болдог (Эх. 34:30; 35:16–19; 37:28; 45:9–11, 28).

7. Ехова Иаковыг сайшаадгаа хэрхэн харуулсан бэ?

7 Ийнхүү янз бүрийн бэрхшээл учирсан ч Иаков Еховад найдаж амлалтад нь итгэсээр байсан. Ехова ч түүнийг сайшааж байгаагаа мэдрүүлдэг байв. Жишээ нь, хэдийгээр Лабан заль мэх хэрэглэсэн ч Ехова Иаковыг ивээж, эд хөрөнгийг нь арвижуулсан. Нас барсан гэж бодож явсан хүү Иосефтойгоо Иаков олон жилийн дараа уулзаад Еховад хэчнээн их талархсан бол оо! Тэрбээр Еховатай дотно байсныхаа ачаар ийм бэрхшээлийг давж чадсан (Эх. 30:43; 32:9, 10; 46:28–30). Бид ч Еховатай дотно байвал гэнэт учирсан бэрхшээлийг давж чадна.

8. Давид хаан яахыг маш их хүсэж байсан бэ?

8 Давид хаан Еховагийн төлөө хийе гэсэн хүслээ бүгдийг нь биелүүлж чадаагүй. Жишээ нь тэрбээр Бурхандаа зориулж сүм барихыг маш ихээр хүсэж байв. Энэ тухайгаа зөнч Натанд хэлсэн. Натан хариуд нь «Бурхан чамтай хамт байгаа тул өөрийн сэтгэлд байгаа бүхнээ хийгтүн» гэжээ (Ш.дээд 17:1, 2). Ийм үг сонсоод Давид хэчнээн их урам орсныг төсөөлөхөд ядах юмгүй. Тэгээд сүрлэг том барилга барихын тулд тэр даруй төлөвлөгөө гаргаж эхэлсэн байх.

9. Давид таагүй мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

9 Гэтэл тун удалгүй Еховагийн зөнч таагүй мэдээтэй буцаж ирэв. Ехова өөртөө зориулан барих сүмийг Давид бус хөвгүүдийнх нь нэг барих болно гэж Натанд «тэр шөнө» хэлдэг (Ш.дээд 17:3, 4, 11, 12). Энэхүү мэдээг Давид хэрхэн хүлээж авсан бол? Тэрбээр төлөвлөгөөгөө өөрчилдөг. Хүү Соломоныхоо барих сүмийн ажилд зориулж хөрөнгө мөнгө, эд материалыг цуглуулахад хамаг анхаарлаа хандуулдаг (Ш.дээд 29:1–5).

10. Ехова Давидыг хэрхэн ивээсэн бэ?

10 Ехова Давидад таагүй мэдээ сонсгонгуутаа түүнтэй гэрээ байгуулж, удмаас нь гарах нэгэн мөнхөд захирна гэж амласан (2 Сам. 7:16). Шинэ ертөнцийн мянган жилийн засаглалын үед өөрийнх нь удмаас гарсан Есүс хаан ширээнд суун захирч байгааг мэдээд хэчнээн их баярлах бол оо! Эндээс юу ойлгож болох вэ? Бид Еховагийн төлөө хийе гэсэн хүсэл болгоноо биелүүлж чадаагүй ч бидний санаанд ороогүй гайхалтай сайхныг Ехова өгнө.

11. Бурхны Хаант төр бодож байсан цагт нь захирч эхлээгүй ч Христийн I зууны дагалдагчид ямар сайн үйл хийсэн бэ? (Үйлс 6:7).

11 Христийн I зууны дагалдагч нарт ч бэрхшээл гэнэт тохиолдож байв. Жишээ нь тэд Бурхны Хаант төр захирахыг тэсэн ядан хүлээдэг ч яг хэзээ гэдгийг мэдээгүй (Үйлс 1:6, 7). Тэглээ ч гэсэн яасан бэ? Тэд дэлгэрүүлэх ажлаа хийгээд завгүй байсан. Сайн мэдээг тунхаглаж, Ехова хичээл зүтгэлийг нь хэрхэн ивээж байгааг мэдэрдэг байв (Үйлс 6:7-г уншина).

12. Өлсгөлөн болоход Христийн I зууны дагалдагчид яасан бэ?

12 Нэг удаа «бүх газрыг хамарсан» өлсгөлөн болжээ (Үйлс 11:28). Энэ зовлон Христийн I зууны дагалдагчдыг ч тойрч гараагүй ээ. Тэр үед ямар хэцүү байсныг нь та төсөөлж байна уу? Өрхийн тэргүүн эрчүүд гэр бүлээ яаж тэжээхээ бодон санаа зовж байсан нь мэдээж. Үйлчлэлээ үргэлжлүүлэх бодолтой байсан залуу эрчүүдийн хувьд юу хэлэх вэ? Бодлоо өөрчилж, түр хойшлуулъя гэж бодсон болов уу? Үгүй, тэд бүгдээрээ шинэ нөхцөл байдалдаа дасан зохицсон. Чадлынхаа хэрээр дэлгэрүүлэхийн зэрэгцээ иудей дэх итгэл нэгтнүүдтэйгээ байгаа юмаа хуваалцаад баяр хөөртэй байсан (Үйлс 11:29, 30).

13. Өлсгөлөн газар авсан ч Христийн дагалдагчид ямар ивээл хүртсэн бэ?

13 Өлсгөлөн газар авсан ч Христийн I зууны дагалдагчид ямар ивээл хүртсэн бэ? Тусламжийн бараанаас хүртсэн хүмүүс Еховагийн дэмжлэгийг биеэрээ мэдэрсэн (Мат. 6:31–33). Мөн тусламж илгээсэн итгэл нэгтнүүдтэйгээ улам дотноссон. Нөгөөтээгүүр, хандив өргөх юм уу өөр аргаар тусалсан хүмүүс өгөхийн жаргалыг эдэлсэн (Үйлс 20:35). Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож буй тэднийг бүгдийг нь Ехова ивээсэн.

14. Барнаб болон элч Паулд юу тохиолдсон бэ? Энэ нь ямар үр дүнтэй байсан бэ? (Үйлс 14:21, 22).

14 Христийн I зууны дагалдагчид заримдаа огт бодож байгаагүй хавчлагад өртдөг байв. Лустрад дэлгэрүүлж байсан Паул Барнаб хоёрт юу тохиолдсоныг бодъё. Эхэндээ хүмүүс тэднийг их анхааралтай сонсож байв. Гэтэл дараа нь «олон түмнийг ятгасан» эсэргүүцэгчдээс болж зарим нь Паул руу чулуу шидэцгээсэн. Тэгээд үхсэн гэж бодоод хотоос гарган хаядаг (Үйлс 14:19). Гэхдээ Барнаб Паул хоёр өөр газарт очоод дэлгэрүүлсээр л байв. Энэ нь ямар үр дүнтэй байсан бэ? «Шавь болоход нь олон хүнд туслаад» үг хэлээрээ, үлгэр жишээгээрээ итгэл нэгтнүүдээ зоригжуулсан (Үйлс 14:21, 22-ыг уншина). Тийм ээ, сорилт гэнэт тулгарахад Паул Барнаб хоёр бууж өгөөгүй нь олон хүнд ач тустай байсан. Еховагийн даалгасан ажлыг шантралгүй, бууж өгөлгүй хийгээд л байвал бид ч бас ивээл хүртэнэ.

ӨНӨӨГИЙН ХҮМҮҮС

15. Та Макмилланаас юу сурах хэрэгтэй вэ?

15 Еховагийн ард түмэн 1914 онд ямар нэг онцгой юм болно гэж хүлээж байсан. Жишээлбэл А. Х. Макмилланы тухай бодъё. Тэрбээр бусадтайгаа л адил, тун удахгүй шагналаа авч тэнгэрт гарна гэж бодож байв. 1914 оны 9-р сард тавьсан нэгэн илтгэлдээ «Энэ илтгэл минь олон нийтэд тавьж буй сүүлчийнх нь байх болов уу» гэжээ. Гэхдээ сүүлчийнх нь байгаагүй. Хожим нь Макмиллан: «Зарим маань нэн даруй тэнгэрт гарна гээд хэтэрхий яарсан байх аа. Үнэндээ бид Эзэндээ үйлчлээд л завгүй байх ёстой» гэж бичжээ. Тэгээд ч өөрөө маш их завгүй байсан. Идэвхтэй үйлчилж, төвийг сахих байр сууриасаа болоод шоронд хоригдож байсан олон ах дүүсээ зоригжуулдаг байв. Амьдралынхаа сүүлийн он жилүүдэд ч цуглаандаа явж үнэнч байсан. Тэнгэрт гарах шагнал авах найдвар өвөрлөсөн тэр хүн цагаа үр дүнтэй ашиглаад ямар ач тус хүртсэн бэ? 1966 онд нас барахынхаа өмнөхөн «Би урьдын адил одоо ч бат итгэлтэй байна» гэж бичжээ. Бид бүгдэд, ялангуяа бодсоноосоо илүү удаан тэвчээртэйгээр хүлээж байгаа хүмүүст ямар гайхамшигтай жишээ үлдээгээ вэ! (Евр. 13:7).

16. Хэрбэрт Женнинс болон эхнэрт нь ямар асуудал гэнэт тулгарсан бэ? (Яаков 4:14).

16 Еховагийн үйлчлэгчдэд эрүүл мэндийн асуудал гэнэт тулгарах нь бий. Жишээлбэл Хэрбэрт Женнинс эхнэртэйгээ хамт Ганад миссионероор үйлчлээд их сайхан байсан тухайгаа намтартаа өгүүлсэн байдаг. Гэхдээ хожим нь хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй болсон. Тэрбээр Яаков 4:14-өөс эш татаад «Маргааш юу болохыг бид урьдчилан хэлж мэдэхгүй шүү дээ» гэжээ (уншина). Цааш нь «Бид бодит байдалтайгаа эвлэрээд Канадад эмчилгээ хийлгэхийн тулд Гана болон дотнын олон найз нөхдөө орхин явсан» гэж бичжээ. Ийм хүнд хэцүү үед ч өөрт нь үнэнчээр үйлчилсээр байхад Женнинс болон түүний эхнэрт Ехова тусалсан.

17. Хэрбэртийн үлгэр жишээ итгэл нэгтнүүдэд нь хэрхэн нөлөөлсөн бэ?

17 Хэрбэрт намтартаа өвчин зовлонгийнхоо талаар ний нуугүй бичсэн нь бусдад сайнаар нөлөөлж, ач тусаа өгсөн. Нэг Гэрч эмэгтэй: «Энэ өгүүллийг уншаад миний сэтгэл маш их хөдөлсөн. ... Хэрбэрт өвчнөө эмчлүүлэхийн тулд миссионерын ажлаа орхисон нь нөхцөл байдалдаа дүн нуруутай хандахад минь тусалсан» гэжээ. Бас нэг Гэрч эрэгтэй: «Би хуралдаа 10 жил ахлагчаар үйлчилсэн ч дараа нь сэтгэцийн өвчний улмаас ахлагчаар үйлчлэх боломжгүй болсон. Тэгээд өөрийгөө бүтэлгүй амьтан гэж боддог болсон учир хүмүүсийн түүхийг уншихаараа сэтгэлээр унадаг байв. ... Гэхдээ Хэрбэрт тэвчээртэй, тууштай байсан нь намайг сэргээсэн» гэж бичжээ. Тэгэхээр зовлон бэрхшээл гэнэт учирсан ч бусдыг зоригжуулж, урмыг нь сэргээх боломжтойг санаж явах нь зүйтэй. Амьдрал бодож санаснаас өөрөөр эргэсэн ч бид итгэлтэй, тэвчээртэй байж үлгэр дуурайл болж чадна (1 Петр 5:9).

Хэрвээ бид Еховад бат найддаг бол зовлон гэнэт учирсан ч түүнтэй улам дотносно (18-р догол мөрийг үзээрэй)

18. Зохиомж зурагт үзүүлсэн Нигерийн бэлэвсэн эмэгтэйн жишээнээс юу мэдэж авах вэ?

18 КОВИД-19 зэрэг өвчин гамшиг Еховагийн Гэрчүүдийг ч тойроогүй. Жишээлбэл Нигерийн нэгэн бэлэвсэн эмэгтэйгийнх хоол хүнсгүй болж байв. Нэг өглөө сүүлчийн аяга будаагаа агшаах гэж байтал охин нь дараа юу идэх вэ гэж асуудаг. Мөнгөгүй, идэх юмгүй болсон ч Зарефатын бэлэвсэн эмэгтэйг санан энэ хоолоо идээд Еховадаа бүрэн найдах хэрэгтэй гэж ээж нь охиндоо хэлжээ (Х.дээд 17:8–16). Тэгээд өдөр юу идэх тухай бодоо ч үгүй байтал итгэл нэгтнүүдийнхээ явуулсан тусламжийн барааг авав. Тэд дор хаяж хагас сар идэх хангалттай хоол хүнстэй болжээ. Охинтойгоо тийнхүү ярьсныг нь Ехова ийм их анхаарч сонсоно гэж эмэгтэй огт санаагүйгээ дурсжээ. Тийм ээ, Еховад бат итгэж найддаг бол бэрхшээл гэнэт тулгарсан ч бид түүнтэй улам дотносно (1 Петр 5:6, 7).

19. Алексей Ершовыг хэрхэн хавчсан бэ?

19 Сүүлийн жилүүдэд олон ах дүү маань гэнэт хавчигдахын зовлон амсаж байна. Орос улсад амьдардаг Алексей Ершовын тухай ярилцъя. Түүнийг баптисм хүртсэн 1994 онд тэндхийн Еховагийн Гэрчүүд тодорхой хэмжээгээр эрх чөлөөтэй байсан. Гэхдээ үүнээс хойших жилүүдэд Орос дахь байдал өөрчлөгдөв. 2020 онд Алексейн гэрт хүмүүс дайран орж, бичлэг хийж, олон эд зүйлийг нь хураан авсан. Хэдэн сарын дараа түүнийг гэмт хэрэгтэн гэж засгийн газар буруутгажээ. Сонирхдог дүр эсгэн түүнтэй 1 жил гаруй хичээл хийсэн хүний бичлэгт үндэслэн буруутгасан нь харамсалтай. Ямар муухай юм бэ!

20. Алексей Еховатай хэрхэн улам дотноссон бэ?

20 Алексей хавчлагад өртсөн нь үнэн. Гэхдээ ямар нэг сайн тал байсан уу? Тийм ээ, Еховатай улам дотноссон. Тэрбээр: «Эхнэр бид хоёр хамтдаа улам их залбирдаг болсон. Еховагийн тусламжгүйгээр хавчлагыг давж чадахгүйгээ бид ойлгодог» гээд цааш нь «Бие даан судалдгийн ачаар сэтгэл санаагаар унадаггүй. Би үнэнч үйлчлэгчдийн жишээг эргэцүүлэн боддог. Тайван байж, Еховад найдах нь хэчнээн чухал болохыг онцолсон түүх Библид олон байдаг» гэжээ.

21. Бид энэ өгүүллээс юу мэдэж авсан бэ?

21 Энэ өгүүллээс бид юу мэдэж авсан бэ? Энэ ертөнцөд амьдардаг бидэнд гэнэт бэрхшээл учрах нь ойлгомжтой. Гэхдээ Ехова өөрт нь найддаг үйлчлэгчдэдээ үргэлж тусалдаг. Тус өгүүллийн үндэс болсон Библийн зүйлд бичсэнээр «Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг» (Дуу. 34:19). Тэгэхээр цаашид ч зовлонд бус, Еховагийн хүч чадалд анхаарлаа хандуулсаар байя. Тэгдэг бол элч Паулын адилаар «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж итгэлтэй хэлнэ (Флп. 4:13).

ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал

a Хэдийгээр энэ ертөнцөд гэнэтийн бэрхшээл зовлон тохиолддог ч Ехова үнэнч үйлчлэгчдэдээ тусална гэдэгт бид итгэдэг. Ехова эрт үед үйлчлэгчдэдээ хэрхэн тусалдаг байсан бэ? Өнөөдөр хэрхэн тусалж байгаа вэ? Библид гардаг болон өнөөгийн хүмүүсийн жишээг ярилцах нь Еховад итгэх итгэлийг маань батжуулна. Ехова өөрт нь найдвал бидэнд ч тусална.