Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 18

Цуглаан дээр бие биеэ урамшуулан зоригжуулаарай

Цуглаан дээр бие биеэ урамшуулан зоригжуулаарай

«Нэг нэгэндээ санаа тавьж, ... бие биеэ урамшуулан зоригжуулж байя» (ЕВР. 10:24, 25).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

ТОЙМ a

1. Бид яагаад цуглаан дээр хариулдаг вэ?

 БИД яагаад цуглаанд суудаг вэ? Хамгийн гол нь Еховаг магтан алдаршуулах зорилготой (Дуу. 26:12; 111:1). Мөн өнөөгийн хэцүү цагт нэг нэгнээ урамшуулан зоригжуулдаг (1 Тес. 5:11). Гараа өргөн цуглаан дээр хариулахлаараа энэ хоёр зорилгоо биелүүлдэг.

2. Цуглааны аль хэсэгт хариулах боломжтой вэ?

2 Цуглаан дээр хариулах боломж долоо хоног бүр гардаг. Жишээлбэл амралтын өдрүүдэд «Харуулын цамхаг» судлах цуглааны хэлэлцүүлэгт, ажлын өдрийн цуглааны «Эрдэнэс хайх нь», «Библи судлал» болон бусад хэлэлцүүлэгт тус тус оролцдог.

3. Бидэнд ямар бэрхшээл тохиолддог вэ? Үүнийг давахад Еврей 10:24, 25-д бичсэн зүйл ямар тустай вэ?

3 Бид бүгд Ехова Бурхнаа магтан алдаршуулж, итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулахыг хүсдэг. Гэхдээ цуглаан дээр хариулах гэхлээр сандардаг, эсвэл идэвхтэй оролцъё гэж боддог ч хүссэнээрээ олон удаа хариулах боломж гардаггүй байж болох юм. Эдгээр бэрхшээлийг хэрхэн давах вэ? Паулын еврейчүүдэд бичсэн захидлаас нэг чухал зүйлийг мэдэж авна. Хамтдаа цуглахын чухлыг онцлохдоо «бие биеэ урамшуулан зоригжуулж байхыг» уриалсан (Еврей 10:24, 25-ыг уншина). Итгэл үнэмшлээ илэрхийлж энгийн юм ярьсан ч бусдыг урамшуулан зоригжуулна гэдгийг ойлговол тийм ч их сандрахаа болино. Нөгөөтээгүүр, хэрэв олон удаа хариулах боломж танд олдоогүй бол бусдад олдсон гээд баярлах учиртай (1 Петр 3:8).

4. Энэ өгүүллээр ямар гурван зүйлийг ярилцах вэ?

4 Энэ өгүүллээр, цөөн хүн гараа өргөдөг жижиг хуралд болон олон хүн гараа өргөдөг том хуралд нэг нэгнээ хэрхэн урамшуулан зоригжуулахыг үзнэ. Мөн хэрхэн утга агуулга сайтай хариулж бие биеэ урамшуулахыг ярилцана.

ЖИЖИГ ХУРАЛД

5. Цөөн хүнтэй цуглааны хүмүүс бие биеэ урамшуулахын тулд яах хэрэгтэй вэ?

5 Жижиг хурал юм уу бүлгийн цуглаан дээр хариулах гэж гараа өргөдөг хүн цөөн байдаг. Хөтлөгчид заримдаа хэн нэгэн хүнийг гараа өргөтөл нь хүлээх хэрэг гардаг. Тиймээс цуглаан сунжирч, уйтгартай урамгүй юм шиг санагдаж болох юм. Тэгвэл яах вэ? Гараа олон удаа өргөөрэй. Ингэвэл илүү олон удаа оролцох хүсэл бусдад ч төрнө.

6, 7. Яавал сандрахгүй хариулдаг болох вэ?

6 Харин хариулна гэхээр л сандардаг бол яах вэ? Олон хүн ингэдэг шүү дээ. Тиймээс ах дүүсээ урамшуулан зоригжуулахын тулд аль болохоор сандрахгүй байх аргыг мэдэж авбал ямар вэ? Чухам яаж?

7 Урьд өмнө гарсан «Харуулын цамхаг» сэтгүүлүүд дэх зөвлөгөөнүүдийг дахин унших нь тустай. b Жишээлбэл сайн бэлдэх нь их чухал (Сур. 21:5). Уншиж байгаа өгүүллийн утга санааг сайн ойлгох тусам хариулахад амар байна. Түүнчлэн товч хариулаарай (Сур. 15:23; 17:27). Цөөн үгээр хариулбал бага сандрах нь ойлгомжтой. Олон санаа агуулсан урт хариултаас ганц хоёр өгүүлбэрээс бүрдсэн товч хариултыг ах дүүс тань илүү сайн ойлгох биз ээ. Өөрийнхөө үгээр товчхон хариулбал судалж буй зүйлээ сайн бэлдэж, ойлгосноо харуулна.

8. Ехова бидний хичээл зүтгэлийг хараад яадаг вэ?

8 Хэрвээ дээрх зөвлөгөөнүүдийг дагасан ч дэндүү их сандарсандаа ганц хоёроос илүү хариулж чаддаггүй бол яах вэ? Чадах бүхнээ хийх гэсэн хичээл зүтгэлийг тань Ехова өндөр үнэлнэ гэдэгт итгээрэй (Лук 21:1–4). Ехова бидний хэрээс хэтэрсэн юм шаарддаггүй шүү дээ (Флп. 4:5). Юу хийж чадахаа бодож үзээд, түүнийгээ биелүүлэх зорилго тавьж, тайван байхад туслахыг гуйгаарай. Эхэндээ ганцхан богино хариулт хэлэх зорилго тавьж болох юм.

ТОМ ХУРАЛД

9. Олон дэлгэрүүлэгчтэй хуралд ямар асуудал гарч болзошгүй вэ?

9 Хэрэв танай хурал олон дэлгэрүүлэгчтэй бол өөр асуудал гарч болох юм. Маш олон хүн хариулдаг учраас заримдаа гар өргөж байгааг тань анзаардаггүй байх. Даниэлийн жишээг ярилцъя. c Тэрбээр цуглаан дээр хариулах их дуртай. Үүнийг шүтлэгийнхээ нэг хэсэг, бусдыгаа урамшуулах болон Библийн үнэнийг зүрх сэтгэлдээ шингээх арга гэж үздэг. Гэтэл олон дэлгэрүүлэгчтэй хуралд нүүж очсон чинь хариулах боломж багасаж, заримдаа бүр нэг ч удаа хариулж чаддаггүй болжээ. Тэрбээр: «Би сэтгэлээр их унасан, завшаанаа алдсан юм шиг санагдсан. Нэг ч хариулахгүй байх тохиолдол дахин дахин давтагдахад бүр зориуд надаас асуухгүй байгаа юм болов уу ч гэж бодогдсон» гэжээ.

10. Яавал цуглаан дээр хариулах боломж олдох вэ?

10 Танд Даниэлийнх шиг сэтгэгдэл төрж байсан уу? Хэрэв тийм бол цуглаан дээр хариулахгүй, зөвхөн сонсоод сууя гэж бодсон байх. Гэхдээ бүү бууж өгөөрэй. Яах нь дээр вэ? Цуглаанд очих бүрдээ хэд хэдэн хариулт бэлдэх нь тустай. Тэгвэл эхний удаа биш юм аа гэхэд дараа нь хариулах боломж гарч л таарна. «Харуулын цамхаг» судлалын цуглаанд бэлдэхдээ догол мөр болгон гол сэдэвтэй ямар холбоотойг бодоорой. Ингэвэл хэлэлцүүлэгт илүү идэвхтэй оролцож чадна. Түүнчлэн тайлбарлахад амаргүй Библийн сургаалыг бичсэн догол мөрийг анхаарч хариулт бэлдээрэй (1 Кор. 2:10). Яагаад? Учир нь ийм догол мөрийн асуултад цөөхөн хүн хариулдаг. Хэрэв дээрх зөвлөгөөнүүдийг дагасан ч удаа дараалан цуглаан дээр хариулах боломж гараагүй бол яах вэ? Та «Харуулын цамхаг» судлалын хөтлөгчид аль асуултад хариулахаа урьдчилан мэдэгдэж болох юм.

11. Филиппой 2:4-т бичсэн зарчим бидэнд юуг уриалдаг вэ?

11 Филиппой 2:4-ийг уншина. Элч Паул агуу хүчээр удирдуулан Христийн дагалдагчдад бусдынхаа эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавьж байхыг уриалсан. Энэ зарчмыг цуглааны үеэр хэрхэн хэрэгжүүлэх вэ? Бусад хүн ч бидэнтэй адил цуглаанд идэвхтэй оролцох хүсэлтэйг бүү мартаарай.

Бид бусдынхаа ч яриаг сонсохыг хүсдэгтэй адил цуглаан дээр ч бусад хүнд хариулах боломж олгоорой (12-р догол мөрийг үзээрэй)

12. Цуглаан дээр бусдыгаа урамшуулан зоригжуулах нэг сайн арга юу вэ? (Бас зургийг үзээрэй).

12 Дараах жишээг бодож үзээрэй. Та найзуудтайгаа уулзахлаар өөрөө л яриад байх уу? Мэдээж үгүй шүү дээ. Тэд нарынхаа ярихыг ч сонсох дуртай байх. Үүнтэй адилаар бид цуглаан дээр аль болох олон хүн хариулаасай гэж хүсдэг. Үнэндээ ах дүүсээ урамшуулан зоригжуулах нэг сайн арга бол итгэлээ илэрхийлэх боломжийг тэдэнд олгох явдал юм (1 Кор. 10:24). Яаж ингэх вэ?

13. Аль болох олон хүнийг хэлэлцүүлэгт оролцуулахын тулд яах нь зүйтэй вэ?

13 Хэрэв бид товчхон хариулдаг бол олон хүн хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлнэ. Энэ талаар ахлагчид болон бусад туршлагатай дэлгэрүүлэгч үлгэр жишээ үзүүлбэл сайн. Мөн товчхон хариулахдаа ч олон утга санаа агуулсан юм ярихаас зайлсхийгээрэй. Хэрэв та догол мөрд бичсэнийг бүгдийг нь ярьчихвал бусдад нь хариулах юм бараг үлдэхгүй шүү дээ. Жишээлбэл энэ догол мөрд хоёр санаа гарсан: товчхон хариулах, олон утга санаа агуулсан юм ярихаас зайлсхийх. Хэрэв та энэ догол мөрийн асуултад хариулах эхний хүнээр сонгогдвол дээрх хоёр зүйлийн нэгийг нь л хэлж болохгүй нь юу билээ?

Цуглаан дээр ямар үед гараа өргөхгүй байхаар шийдэж болох вэ? (14-р догол мөрийг үзээрэй) f

14. Хэр олон удаа гараа өргөхөө хэрхэн шийдэх вэ? (Бас зургийг үзээрэй).

14 Та хэр олон удаа гараа өргөхөө сайн бодоорой. Хэрэв хэтэрхий олон удаа өргөөд байвал хөтлөгчид ямар санагдах бол? Бусад нь хариулж амжаагүй байхад хөтлөгч гараа дахин дахин өргөөд байгаа хүнийг л сонгохоос өөр аргагүйд хүрч мэднэ. Үүнээс болоод бусад хүн хариулах хүсэлгүй болж магадгүй (Ном. 3:7).

15. а) Хариулах боломж олдоогүй бол яах вэ? б) Хөтлөгч бүх хүнд хэрхэн санаа тавих вэ? ( «Хэрэв та хөтөлж байгаа бол» гэсэн хавсралтыг үзээрэй).

15 Асуулт хариултын журмаар хэлэлцэх үед олон хүн гараа өргөж байвал хүссэнээрээ олон хариулах боломж олдохгүй байж болох юм. Заримдаа хөтлөгч нэг удаа ч таны нэрийг дуудахгүй байж магад. Тэгвэл сэтгэлээр бүү унаарай, бүү гомдоорой (Ном. 7:9).

16. Хариулсан хүмүүсийг хэрхэн урамшуулах вэ?

16 Хэрэв та хүссэнээрээ олон удаа хариулж чадаагүй бол бусдын хариултыг чих тавин сонсож, цуглааны дараа тэднийг сайшаан урамшуулж болохгүй нь юу билээ? Ингэвэл ах дүүс тань урамшин таны хариултыг сонссон юм шиг л санагдах байх (Сур. 10:21). Магтах нь нэг нэгнээ урамшуулан зоригжуулах бас нэг сайн арга юм.

НЭГ НЭГНЭЭ ӨӨРӨӨР ЯАЖ УРАМШУУЛАН ЗОРИГЖУУЛАХ ВЭ?

17. а) Эцэг эхчүүд тохирсон хариулт бэлдэхэд нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? б) Видеонд үзүүлснээр хариулт бэлдэх ямар 4 алхам байдаг вэ? (Бас зүүлтийг үзээрэй).

17 Цуглаан дээр бие биеэ өөрөөр яаж урамшуулан зоригжуулах вэ? Эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд тохируулаад хариулт бэлдэхэд нь туслаарай (Мат. 21:16). Заримдаа бид гэр бүлд тохиолддог бэрхшээл юм уу ёс суртахууны сэдвээр хэлэлцүүлэг явуулдаг. Ийм үед ч хүүхэд нэг юм уу хоёр догол мөрийн асуултад хариулт бэлдэх боломжтой. Мөн гараа өргөх бүрд нь яагаад нэрийг нь дуудахгүй байж болохыг хүүхдэдээ ойлгуулаарай. Тэгвэл өөрт нь хариулах боломж олгоогүй үед сэтгэлээр унахгүй (1 Тим. 6:18). d

18. Бид хариулахдаа өөртөө анхаарал хандуулахгүй байхын тулд яах нь зохистой вэ? (Сургаалт үгс 27:2).

18 Бид бүгд Еховаг магтан алдаршуулах, итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулах хариулт бэлдэх учиртай (Сур. 25:11). Заримдаа өөрт тохиолдсон явдлаа ярьдаг ч өөр лүүгээ хэтэрхий их анхаарал хандуулахаас зайлсхийх ёстой (Сургаалт үгс 27:2-ыг уншина; 2 Кор. 10:18). Харин Ехова, түүний Үг, ард түмнийх нь тухай үргэлж ярихыг хичээх учиртай (Илч. 4:11). Хэрэв догол мөрийн асуулт хувь хүний бодол санаатай холбоотой бол мэдээж хариулж болно. Ийм асуултын жишээ дараагийн догол мөрд бий.

19. а) Хурлынхаа бүх хүний эрх ашгийг анхаарахын ач тус нь юу вэ? (Ром 1:11, 12). б) Өөрийн болон бусдын хариултын юу нь танд сайхан санагддаг вэ?

19 Хариулах талаар тодорхой дүрэм журам байхгүй ч бид бүгдээрээ бусдыгаа урамшуулан зоригжуулах зорилгоор цуглаанд оролцдог. Жишээлбэл боломж олдвол арай олон удаа хариулахыг хичээдэг. Эсвэл хүссэнээрээ хариулж чадаагүй ч сэтгэл хангалуун байж, бас бусад хүнд оролцох боломж олдсонд баярладаг. Хурлынхаа хүмүүсийн эрх ашгийг илүү анхаарвал бие биеэ урамшуулан зоригжуулж чадна (Ром 1:11, 12-ыг уншина).

ДУУ 20 Цуглааныг маань ивээгээч

a Бид цуглаан дээр хариулж бие биеэ урамшуулан зоригжуулдаг. Гэхдээ зарим нь хариулахдаа сандардаг. Зарим нь сандардаггүй, бүр олон удаа хариулахыг хүсдэг. Аль нь ч бай, бид бүгдээрээ урамшин зоригжихын тулд нэг нэгэндээ хэрхэн санаа тавих вэ? Мөн цуглаан дээр хэрхэн хариулбал ах дүүс маань нэг нэгнээ хайрлаж, сайн үйлсээр бялхах вэ? Тус өгүүллээр энэ тухай ярилцана.

b Энэ талаар 2019 оны 1-р сарын «Харуулын цамхаг» сэтгүүлийн 8–13-р хуудсанд нийтэлсэн өгүүллийг үзээрэй.

c Нэрийг өөрчлөв.

f ЗУРГИЙН ТАЙЛБАР: Олон дэлгэрүүлэгчтэй хуралд аль хэдийн хариулсан Гэрч эрэгтэй бусдад оролцох боломж олгож байна.