Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 19

Шинэ ертөнцийн тухай Еховагийн амлалтад яавал улам бүр итгэх вэ?

Шинэ ертөнцийн тухай Еховагийн амлалтад яавал улам бүр итгэх вэ?

«[Ехова] айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү?» (ТООЛ. 23:19).

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

ТОЙМ a

1, 2. Шинэ ертөнц болохыг хүлээнгээ яах хэрэгтэй вэ?

 ӨНӨӨГИЙН энэ ертөнц ул мөргүй болж оронд нь шинийг бий болгоно гэсэн Еховагийн амлалт бидэнд маш их эрхэм билээ (2 Петр 3:13). Хэдийгээр шинэ ертөнц хэзээ бодитой болохыг бид мэдэхгүй ч тун удахгүй гэдэг нь энэ ертөнцөд болж буй үйл явдлуудаар батлагддаг (Мат. 24:32–34, 36; Үйлс 1:7).

2 Гэхдээ бид үнэний замаар яваад хэр удаж байгаагаасаа үл хамааран энэ амлалтад улам бат итгэдэг болох хэрэгтэй. Яагаад? Учир нь бат итгэлтэй хүний ч итгэл сулрах аюул бий. Элч Паул итгэл сул байхыг «амархан урхиддаг нүгэл» гэсэн (Евр. 12:1). Итгэлээ сулруулахгүйн тулд шинэ ертөнц ойрхон байгаагийн баталгааг тогтмол эргэцүүлэн бодох хэрэгтэй (Евр. 11:1).

3. Энэ өгүүллээр бид юуны тухай ярилцах вэ?

3 Энэ өгүүллээр Еховагийн амласан шинэ ертөнц буй болно гэдэгт итгэх итгэлээ батжуулах 3 аргыг ярилцана. 1) Золиосны тухай эргэцүүлэх, 2) Еховагийн хүч чадлын тухай тунгаан бодох, 3) Еховатай дотно болгодог зүйлсийг хийх. Дараа нь, Хабаккукт хэлсэн Еховагийн үг итгэлийг маань хэрхэн батжуулдгийг ярилцана. Гэхдээ юуны түрүүнд шинэ ертөнц буй болно гэсэн амлалт биелнэ гэдэгт бат итгэлтэй байх шаардлагатай зарим нөхцөлийг авч үзье.

БАТ ИТГЭЛТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЗАРИМ НӨХЦӨЛ

4. Бид ямар ямар асуудлаар бат итгэлтэйгээ батлах шийдвэр гаргах хэрэгтэй байдаг вэ?

4 Бид өдөр бүр бат итгэлтэйгээ батлах янз бүрийн шийдвэр гаргадаг. Жишээлбэл найз нөхөд, амралт зугаа цэнгэл, боловсрол, гэрлэлт, үр хүүхдүүд, ажил алба зэрэг асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Гаргасан шийдвэрээс энэ ертөнц түр зуурынх бөгөөд удахгүй шинэ ертөнц бий болно гэдэгт итгэдэг минь харагддаг уу? Эсвэл үхээд л бүх юм дуусна гэж боддог хүмүүсийн нөлөөнд автсан минь харагддаг уу?» (Мат. 6:19, 20; Лук 12:16–21). Шинэ ертөнц ойрхон гэдэгт итгэх итгэлээ улам бүр батжуулдаг бол бид зөв шийдвэр гаргана.

5, 6. Зовлонгийн цагт бат итгэлтэй байх нь чухал гэхийн учир юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.

5 Сорилт тулгарахаар бас бат итгэлтэйгээ харуулах шаардлага гардаг. Хавчлага, ужиг өвчин зэргээс болж бид заримдаа сэтгэлээр унадаг. Сорилт тулгарахад эхэндээ их шийдэмгий байдаг. Гэхдээ удаан үргэлжилбэл тэвчээртэй, мөн Еховад баяр хөөртэй үйлчилсээр байхад бат итгэл хэрэгтэй (Ром 12:12; 1 Петр 1:6, 7).

6 Ид соригдож байх үед Еховагийн амласан шинэ ертөнц бий болохгүй юм шиг санагдах нь бий. Ингэхээр итгэл сул байгаа хэрэг үү? Тийм байх албагүй. Нэг жишээг ярилцъя. Хахир хүйтэн өвөл хүмүүс зуны тухай бодох ч сэхээгүй явдаг. Гэхдээ аажим аажмаар дулаарсаар зун заавал болдог шүү дээ. Үүнтэй адилаар сэтгэлээр их унасан үед шинэ ертөнц бий болохгүй юм шиг санагдаж магадгүй. Харин итгэл бат бол Бурхны амлалт заавал биелэхийг бид мэддэг (Дуу. 94:3, 14, 15; Евр. 6:17–19). Цаашдаа ч Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавихын тулд ийм итгэлтэй байх нь чухал.

7. Бид ямар хандлагад автахаас зайлсхийх ёстой вэ?

7 Бас дэлгэрүүлэхэд бат итгэлтэй байх шаардлагатай. Олон хүн Бурхны амласан шинэ ертөнц бий болно гэсэн «сайн мэдээнд» маань итгэдэггүй (Мат. 24:14; Езе. 33:32). Харин бид ийм хандлагад нь автах ёсгүй. Тиймээс итгэлээ улам батжуулах хэрэгтэй. Одоо 3 аргыг авч үзье.

ЗОЛИОСНЫ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЭРЭЙ

8, 9. Золиосны тухай эргэцүүлбэл бат итгэлтэй болно гэхийн учир юу вэ?

8 Итгэлээ батжуулах нэг арга нь золиосны тухай эргэцүүлэх явдал юм. Золиос нь Бурхны амлалт биелэхийн баталгаа. Яагаад золиос хэрэгтэй болсныг болон Бурхан юуг золиосолсныг сайтар бодвол шинэ ертөнцөд үүрд мөнх амьдруулна гэсэн Бурхны амлалт биелнэ гэдэгт улам бат итгэнэ. Яагаад ингэж хэлж болох вэ?

9 Ехова хэнийг золиосолсныг бодоорой. Есүс бол Бурхны хайртай ууган Хүү бөгөөд хамгийн дотнын найз нь юм. Ехова түүнийг тэнгэрээс дэлхий рүү илгээхэд тэрбээр төгс хүн болж төрсөн. Дэлхий дээр байхдаа Есүс олон янзын зовлон үзсэн. Эцэст нь туйлын муугаар зовж үхсэн. Ехова хэчнээн өндөр үнэ төлөө вэ! Хайр халамжтай Бурхан маань биднийг илүү сайхан боловч богинохон хугацаагаар амьдруулахын тулд хүүгээ тарчилж үхэхийг зөвшөөрнө гэж үү? (Ёох. 3:16; 1 Петр 1:18, 19). Ийм өндөр үнэ төлсөн Ехова биднийг шинэ ертөнцөд заавал үүрд мөнх амьдруулна.

ЕХОВАГИЙН ХҮЧ ЧАДЛЫН ТУХАЙ ТУНГААН БОДООРОЙ

10. Эфэс 3:20-ийг үзвэл Ехова юу хийх чадалтай вэ?

10 Итгэлээ батжуулах хоёрдугаар арга бол Еховагийн хүч чадлын тухай тунгаан бодох явдал юм. Тэрбээр амласан бүхнээ биелүүлэх чадалтай. Шинэ ертөнцөд үүрд мөнх амьдарна гэдэг нь хүмүүст боломжгүй санагдах нь үнэн. Гэхдээ Ехова хүмүүсийн хэзээ ч биелүүлж чадахгүй зүйлийг голдуу амладаг. Учир нь тэрбээр Төгс хүчит Бурхан билээ (Иов 42:2; Марк 10:27). Тиймээс хүний санаанд багтамгүй зүйлийг амладагт бид гайхдаггүй (Эфэс 3:20-ийг уншина).

11. Еховагийн ер бусын амлалтуудаас жишээ татна уу. ( «Аль хэдийн биелсэн ер бусын амлалтууд» гэсэн хавсралтыг үзээрэй).

11 Ехова өмнө нь ард түмэндээ боломжгүй гэмээр санагдах зүйлийг амлаж байсан хэдэн жишээг ярилцъя. Абрахам Сара хоёрыг хүүтэй болно гэж өндөр настай байхад нь хэлсэн (Эх. 17:15–17). Бас үр удамд нь Канаан нутгийг өгнө гэж Абрахамд амласан. Египетэд олон жил боолчлогдож байсан тэр үед Абрахамын үр удам израйлчуудад энэ амлалт хэзээ ч биелшгүй мэт санагдсан байх. Гэхдээ Еховагийн хэлснээр болсон. Мөн хожим нь өндөр настай Елизабетыг хүүтэй болгоно гэсэн. Түүнчлэн онгон бүсгүй Мариад Бурхны хүүг төрүүлнэ гэж батлан хэлжээ. Ийнхүү олон мянган жилийн өмнө Еден цэцэрлэгт байхад хэлсэн Еховагийн нэг амлалт биелсэн (Эх. 3:15).

12. Иошуа 23:14; Исаиа 55:10, 11-д бичсэн үг Еховагийн хүч чадлын талаар юуг бидэнд баталдаг вэ?

12 Ехова ямар ямар амлалт өгч биелүүлснийг сайтар эргэцүүлэн бодвол шинэ ертөнцийн талаарх амлалтаа ч биелүүлэх хүч чадалтай гэдэгт улам бүр итгэнэ (Иошуа 23:14; Исаиа 55:10, 11-ийг уншина). Ингэснээр шинэ ертөнц бий болно гэсэн амлалт зүүд ч биш, мөрөөдөл ч биш гэдгийг ойлгоход хүмүүст илүү сайн тусалж чадна. Шинэ тэнгэр, шинэ газрын тухай Ехова: «Энэ үг бол баталгаатай бөгөөд үнэн» гэж хэлсэн (Илч. 21:1, 5).

ЕХОВАТАЙ ДОТНО БОЛГОХ ЗҮЙЛСИЙГ ХИЙГЭЭРЭЙ

ЦУГЛААНД СУУХ

Эдгээр нь итгэлийг хэрхэн батжуулдаг вэ? (13-р догол мөрийг үзээрэй)

13. Цуглаан итгэлийг маань хэрхэн батжуулдаг вэ? Тайлбарлана уу.

13 Итгэлээ батжуулах гуравдугаар арга нь Еховатай дотно болгох зүйлсийг хийж завгүй байх явдал юм. Жишээлбэл цуглаанд суувал ямар ач тус хүртдэгийг бодоорой. Олон арван жил янз янзын аргаар бүрэн цагаар үйлчилсэн Анна: «Цуглаанд суух нь итгэл батжуулдаг. Илтгэгч заах чадвар багатай юм уу миний мэддэг юмыг л ярьсан байлаа ч Библийн үнэнийг илүү сайн ойлгоход тустай юмыг мэдэж аваад итгэл батаждаг» гэж ярьжээ. b Бас цуглаанд ирсэн ах дүүсийнхээ хариултыг сонсож итгэл маань батаждаг (Ром 1:11, 12; 10:17).

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛД ОРОЛЦОХ

Эдгээр нь итгэлийг хэрхэн батжуулдаг вэ? (14-р догол мөрийг үзээрэй)

14. Дэлгэрүүлэх ажил итгэлийг хэрхэн батжуулдаг вэ?

14 Мөн дэлгэрүүлэх ажилд оролцохоор итгэл батаждаг (Евр. 10:23). 70 гаруй жил Еховад үйлчилж байгаа Барбара: «Дэлгэрүүлэх ажил итгэлийг минь үргэлж батжуулдаг гэж би боддог. Еховагийн гайхалтай амлалтуудын талаар хүмүүст ярих тусам итгэл минь улам бат нот, бодитой болдог» гэжээ.

БИЕ ДААЖ СУДЛАХ

Эдгээр нь итгэлийг хэрхэн батжуулдаг вэ? (15-р догол мөрийг үзээрэй)

15. Бие дааж судлах нь итгэлийг хэрхэн батжуулдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

15 Түүнчлэн бие дааж судалбал итгэл батаждаг. Тогтсон хуваарийн дагуу бие дааж судлах нь тустай байдгийг Сюзан ойлгожээ. Тэрбээр: «Би ням гарагт дараагийн долоо хоногийн “Харуулын цамхаг“ судлалд, даваа мягмар гаргуудад ажлын өдрийн цуглаанд тус тус бэлддэг. Бусад өдөрт нь бие дааж судлахаа анхаардаг» гэж ярьжээ. Ийнхүү хуваарийн дагуу тогтмол судалдаг учраас Сюзаны итгэл улам батажсаар байгаа. Байгууллагын төвд олон арван жил ажиллаж байгаа Арийн, Библийн зөгнөлийг судлах нь итгэл батжуулдгийг ойлгожээ. Тэрбээр: «Еховагийн зөгнөлүүдийн бүх нарийн ширийн зүйл биелдэг нь үнэхээр гайхалтай» гэжээ. c

«ЭНЭ НЬ ХОЦРОЛГҮЙ ЗААВАЛ ИРНЭ»

16. Еховагийн Хабаккукт хэлсэн үг өнөөдөр бидэнд бас хамаатай гэхийн учир юу вэ? (Еврей 10:36, 37).

16 Еховагийн зарим үйлчлэгч энэ ертөнцийн төгсгөлийг их удаан хүлээж байгаа. Заримд нь Ехова амлалтаа биелүүлэхгүй удаад байх шиг санагддаг. Ехова тэдний сэтгэлийг ойлгодог. Тэрбээр зөнч Хабаккукт «Энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ» гэж хэлсэн (Хаб. 2:3). Бурхны хэлсэн энэ үг зөвхөн Хабаккукт хамаатай юу? Эсвэл өнөөгийн бидэнд бас хамаатай юу? Элч Паул агуу хүчээр удирдуулан дээрх үгийг эш татан, шинэ ертөнцийг хүлээж буй Христийн дагалдагчдад хэлсэн байдаг (Еврей 10:36, 37-г уншина). Тийм ээ, биднийг аврах тухай Бурхны амлалт биелэхгүй удаад байгаа мэт санагдах боловч «хоцролгүй заавал ирнэ!»

17. Гэрч эмэгтэй Хабаккукт хэлсэн Еховагийн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

17 Еховагийн цөөнгүй үйлчлэгч «хүлээгтүн» гэсэн зөвлөгөөг нь олон арван жил дагаж байгаа. Жишээлбэл 1939 оноос Еховад үйлчилж буй Луиз: «Дунд сургууль төгсөхөөс минь өмнө Хармагедон болох байх гэж би тухайн үед бодож байв. Гэтэл болоогүй. Еховагийн амлалт биелэхийг тэвчээртэй хүлээсэн хүмүүсийн жишээг Библиэс уншаад би ч хүлээх хэрэгтэй гэдгээ яваандаа ойлгосон. Еховагаар шагнуулах хүртлээ удаан хүлээсэн Ноа Абрахам Иосеф зэрэг хүмүүсийн түүхийг уншсан. Амлалт заавал биелнэ гэж итгэдэг болсны ачаар би ч, бусад маань ч шинэ ертөнц ойрхон гэдэгт итгэдэг болсон» гэжээ. Еховад он удаан жил үйлчилж байгаа олон хүн үүнтэй санал нийлдэг!

18. Бурхны бүтээлийг ажиглавал шинэ ертөнц бий болно гэсэн амлалтад улам бүр итгэнэ гэхийн учир юу вэ?

18 Одоо шинэ ертөнц бий болоогүй байгаа нь үнэн. Гэхдээ эргэн тойрноо ажиглаарай. Жишээлбэл од гараг, ой мод, амьтад болон хүмүүс. Эдгээр нь урьд өмнө оршин байгаагүй ч одоо бодитой байдагт эргэлзэх хүн байхгүй. Ехова энэ бүгдийг бүтээсэн учраас л одоо ч оршин байгаа билээ (Эх. 1:1, 26, 27). Мөн дээр үзсэнээр Бурхан маань шинэ ертөнцийг байгуулах зорилготой. Үүнийгээ ч биелүүлнэ. Хүмүүс шинэ ертөнцөд төгс эрүүл болж, үүрд мөнхөд жаргана. Орчлонт ертөнц бодитой оршин байдаг шиг Бурхны товлосон цагт шинэ ертөнц бий болно (Ис. 65:17; Илч. 21:3, 4).

19. Та итгэлээ хэрхэн батжуулах вэ?

19 Харин тэр цаг болтол итгэлээ батжуулахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Золиосны төлөө үргэлж талархаарай. Еховагийн хүч чадлын талаар тунгаан бодоорой. Бурхантай дотно болгох зүйлсийг хийгээрэй. Ингэдэг бол та «итгэл, тэвчээрийн ачаар амласныг хүлээж авдаг хүмүүсийн» нэг болно (Евр. 6:11, 12; Ром 5:5).

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

a Өнөөгийн олон хүн шинэ ертөнцийн тухай Библийн амлалтад итгэдэггүй. Тэд үүнийг мөрөөдөл, үлгэр, биелшгүй зүйл гэж боддог. Гэхдээ Еховагийн амлалтууд бүгд биелнэ гэдэгт бид бат итгэдэг. Гэсэн ч энэ итгэлээ улам батжуулах хэрэгтэй. Яаж гэдгийг энэ өгүүлэлд тайлбарласан.

b Зарим нэрийг өөрчлөв.

c «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-ын «Зөгнөл» гэсэн дэд гарчиг дор Библийн зөгнөлийг тайлбарласан олон өгүүлэл бий.