Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 22

«Ариун Их Замаар» яваад л байя

«Ариун Их Замаар» яваад л байя

«Тэнд нэгэн их зам харгуй буй болж Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ» (ИС. 35:8).

ДУУ 26 Бурхантай хамт алхагтун!

ТОЙМ a

1, 2. Вавилонд амьдарч байсан иудейчүүд ямар чухал шийдвэр гаргах хэрэгтэй болсон бэ? (Езра 1:2–4).

 ХААН тушаал гаргаж, Вавилонд 70 жил олзлогдсон иудейчүүд эх нутаг Израйл руугаа буцах болов (Езра 1:2–4-ийг уншина). Үүнийг зөвхөн Ехова хийж чадна. Яагаад ингэж хэлж болох вэ? Вавилончууд ер нь олзолсон хүмүүсээ чөлөөлдөггүй байв (Ис. 14:4, 17). Гэвч Вавилон эзлэгдэж, шинэ захирагч нь иудейчүүдэд нутаг буцахыг зөвшөөрөв. Иймээс бүх иудей хүн, ялангуяа өрхийн тэргүүнүүд явах уу, байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй болов. Ийм шийдвэр гаргах амар биш байлаа. Яагаад?

2 Настай хүмүүст холын зам туулахад хэцүү байсан нь ойлгомжтой. Мөн иудейчүүдийн ихэнх нь Вавилонд төрсөн учраас тэндээ дассан байв. Тэдний хувьд Израйл бол зөвхөн өвөг дээдсийнх нь нутаг байлаа. Иудейчүүдийн зарим нь Вавилонд сайхан амьдарч байсан учраас тохилог гэр орон, эрхэлж буй бизнесээ орхиод үл таних газар суурьшина гэдэг санаанд нь багтаагүй байх.

3. Израйл руу буцах үнэнч иудейчүүд ямар ивээл хүртэх байсан бэ?

3 Юугаа ч хамаагүй золиослоод Израйлд буцаж очвол маш их ивээл хүртэхийг үнэнч иудейчүүд ойлгож байсан. Шүтлэгтэй холбоотой ивээлийг юутай ч зүйрлэх аргагүй. Вавилонд 50 гаруй сүм хийд байсан ч Еховагийн сүм байгаагүй. Мосегийн хуулийн дагуу тахил өргөхөд зориулсан тахилын ширээ ч, тахилчид ч байгаагүй. Түүнчлэн Еховаг болон хэм хэмжээг нь үл тоомсорлодог хүмүүс Еховагийн ард түмнээс хамаагүй олон байлаа. Тиймээс Бурхнаас эмээдэг мянга мянган иудейчүүд цэвэр шүтлэгийг сэргээхийн тулд нутаг буцах чин хүсэлтэй байв.

4. Ехова Израйл руу явах иудейчүүдэд яаж тусална гэж амласан бэ?

4 Израйлчууд Вавилоноос Израйл хүрэхийн тулд 4 сар шахам явж бартаат замыг туулах байв. Гэхдээ Ехова замд нь тулгарах ямар ч саад бэрхшээлийг арилгахаа амласан. Исаиа: «Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун. Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун. ... барзгар газар нь тэгш, гүдгэр газар тэгш хөндий бологтун» хэмээн бичжээ (Ис. 40:3, 4). Элсэн цөл дэх засмал зам, тэгш тал хөндийг төсөөл дөө. Ийм замаар явахад хэчнээн амар байх бол оо! Үнэндээ шулуун замаар явах нь уул толгод хөндийгөөр өгсөж уруудаж, тойрч явахаас хамаагүй дээр. Бас илүү хурдан ч явах байх.

5. Вавилоноос Израйл хүрэх замыг юу гэж нэрлэсэн бэ?

5 Өнөөдөр байдаг олон зам нэртэй эсвэл дугаартай. Исаиагийн бичсэн бэлгэдлийн зам ч нэртэй. Исаиа: «Тэнд нэгэн их зам харгуй бий болж Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь явахгүй» гэж бичжээ (Ис. 35:8). Тухайн үеийн израйлчуудын хувьд энэ амлалт ямар утгатай байсан бэ? Өнөө үед хэрхэн биелж байгаа вэ?

«АРИУН ИХ ЗАМ»—ЭРТ БА ӨНӨӨ ҮЕД

6. Энэ замыг яагаад ариун гэсэн бэ?

6 «Ариун Их Зам» гэж ямар сайхан нэр вэ! Энэ замыг яагаад ариун гэсэн бэ? Сэргээн босгогдсон Израйл улсад «бузар нь», өөрөөр хэлбэл шүтээн шүтдэг эсвэл ёс суртахуунгүй явдалтай, ноцтой нүгэл үйлддэг иудей хүн амьдрах учиргүй байлаа. Нутагтаа ирсэн иудейчүүд Бурхны «ариун ард түмэн» болох байв (Д.хууль 7:6). Гэхдээ тэд Еховад таалагдахын тулд өөрчлөгдөх хэрэгтэй байсан.

7. Зарим иудейчүүд ямар өөрчлөлт хийх шаардлагатай байсан бэ? Жишээ хэлнэ үү.

7 Дээр ярилцсанаар тухайн үеийн иудейчүүдийн ихэнх нь Вавилонд төрсөн учир вавилончуудын баримталдаг хэм хэмжээ, үзэл бодлын нөлөөнд автагсад олон байв. Израйлд амьдарч байгаа зарим иудей хүн харь эмэгтэйтэй гэрлэснийг Вавилоноос чөлөөлөгдсөнөөс хойш хэдэн арван жилийн дараа Езра олж мэджээ (Ег. 34:15, 16; Езр. 9:1, 2). Хожим нь захирагч Нехемиа, зарим хүүхэд Израйлд төрсөн ч еврей хэлээ мэдэхгүй байгааг хараад мэл гайхав (Д.хууль 6:6, 7; Нех. 13:23, 24). Бурхны Үгний ихэнх хэсгийг бичсэн еврей хэлээ хүүхдүүд ойлгохгүй бол Еховаг хэрхэн хайрлаж, түүнийг шүтэх билээ? (Езр. 10:3, 44). Тиймээс иудейчүүдэд өөрчлөх юм их байсан. Гэхдээ цэвэр шүтлэг сэргэж эхэлсэн Израйлд ирээд өөрчлөгдөх нь илүү амар байсан болов уу (Нех. 8:8, 9).

Еховагаас эмээдэг хүмүүс 1919 оноос өмнө олон зуун жилийн турш Агуу Вавилоноос гарах замыг бэлдсэн (8-р догол мөрийг үзээрэй)

8. Эрт дээр үед болсон явдал бидэнд хамаатай гэхийн учир юу вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

8 «Сонирхолтой л юм байна. Гэхдээ эрт үед болсон энэ явдал бидэнд ямар хамаатай юм бэ?» гэж заримд маань санагдаж магадгүй. Бид бүгдээрээ «Ариун Их Замаар» явж байгаа. Тослогдсон ч бай, «өөр хоньдын» нэг ч бай «Ариун Их Замаасаа» гарах ёсгүй. Энэ замаар явдаг хүн өнөөдөр Еховад үнэнч үйлчилсээр байна, ирээдүйд Хаант төрийн ивээлийг хүртэнэ (Ёох. 10:16). b Сая сая эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд 1919 оноос хойш бүх хуурамч шашин буюу Агуу Вавилоноос гарч бэлгэдлийн энэ замаар явж эхэлсэн. Та ч тэдний нэг нь байх. Хэдийгээр хүмүүс 100 орчим жилийн өмнөөс явж эхэлсэн ч энэхүү замыг хэдэн зууны тэртээгээс бэлдсэн юм.

ЗАМ БЭЛДСЭН НЬ

9. Исаиа 57:14-т бичсэнээр «Ариун Их Замыг» бэлдсэний үр дүн юу вэ?

9 Ехова Вавилоноос гарах иудейчүүдийн замд тулгарах бүх саадыг арилгасан (Исаиа 57:14-ийг уншина). Орчин үеийн «Ариун Их Замын» тухай юу хэлж болох вэ? 1919 он хүртэлх олон зууны турш Ехова өөрөөс нь эмээдэг хүмүүсээр Агуу Вавилоноос гарах замыг бэлдүүлсэн (Исаиа 40:3-тай харьцуулаарай). Тэдний ачаар хожим нь чин сэтгэлтэй хүмүүс хуурамч шашнаас гарч Еховагийн ард түмэнтэй нэгдэж, түүнийг шүтэх болсон. Тэд их ажил хийж амжуулсны заримаас нь одоо ярилцъя.

Еховагаас эмээдэг хүмүүс олон зуун жилийн турш Агуу Вавилоноос гарах замыг бэлдсэн (10, 11-р догол мөрийг үзээрэй)

10, 11. Библийн үнэн түгэн дэлгэрэхэд хэвлэх, орчуулах ажил түлхэц болсон гэхийн учир юу вэ? (Бас зургийг үзээрэй).

10 Хэвлэх ажил. Ойролцоогоор 1450 он хүртэл Библийг гараар хуулж олшруулдаг байв. Энэ нь маш их цаг хугацаа шаарддаг ажил байсан учраас Библи ховор, маш үнэтэй байсан. Гэхдээ хэвлэлийн машиныг зохион бүтээснээр Библийг хэвлэж, тараах ажил хялбар болжээ.

11 Орчуулах ажил. Олон зууны турш Библи гол төлөв латин хэлээр байсан учир зөвхөн боловсролтой хүмүүс л унших боломжтой байв. Гэхдээ хэвлэлийн машин хаа сайгүй хэрэглэдэг болоход Бурхнаас эмээдэг хүмүүс жирийн ард иргэдийн ярьдаг хэлээр Библийг эрчимтэй орчуулж эхэлсэн. Ингэснээр уншигчид санваартнуудын заадаг зүйлийг Библид бичсэнтэй нь харьцуулах боломжтой болсон.

Еховагаас эмээдэг хүмүүс Агуу Вавилоноос гарах замыг бэлдсэн (12–14-р догол мөрийг үзээрэй) c

12, 13. 19-р зуунд, Библи судалдаг чин сэтгэлтэй хэдэн хүн сүмийнхний худал сургаалыг хэрхэн илчилсэн талаар жишээ хэлнэ үү.

12 Библи судлах гарын авлагууд. Библийг нямбай судалдаг хүмүүс Бурхны Үгийг уншаад их юм ойлгосон. Тэгээд санваартнуудын дургүйг хүргэсэн ч олж мэдсэнээ нуун дарагдуулаагүй. Жишээ нь 19-р зуунд чин сэтгэлтэй хэдэн эрэгтэй сүмийнхний худал сургаалыг илчилсэн танилцуулгуудыг гаргаж эхэлсэн.

13 1835 оны үед Хенри Грү гэдэг чин сэтгэлтэй, Бурхнаас эмээдэг хүн үхэгсэд ямар байдгийг тайлбарласан танилцуулга гаргасан. Түүндээ үхэшгүй мөнх амьдарна гэдэг нь Бурхнаас авдаг бэлэг, харин хүн үхэшгүй мөнх амьтай төрдөг гэж заадаг ихэнх сүмийн сургаал буруу гэдгийг Ариун Сударт үндэслэн баталсан. 1837 онд Жорж Сторс гэдэг санваартан галт тэргэнд явж байхдаа энэ танилцуулгыг олдог. Үүнийг уншаад маш чухал үнэнийг олсноо ойлгож, бусдад мэдүүлэхээр шийдсэн. Тэгээд 1842 онд «Хорон муу хүмүүс үхэшгүй мөнх амьтай юу?» гэсэн сонирхолтой сэдвээр цуврал илтгэл тавьсан. Жорж Сторсын бичсэн зүйлүүд Чарлз Тейз Рассел гэдэг залууд сайнаар нөлөөлжээ.

14. Бэлгэдлийн замыг бэлдсэн нь Рассел болон нөхдөд нь тустай байсан гэхийн учир юу вэ? (Бас зургийг үзээрэй).

14 Бэлгэдлийн замыг ийнхүү бэлдсэн нь Рассел болон нөхдөд нь тустай байсан. Тэд толь бичиг, Библийн үгний товьёог, янз бүрийн Библийн орчуулгыг ашиглан судалсан. Мөн Хенри Грү, Жорж Сторс болон бусад хүмүүсийн гаргасан судалгааны материалыг ашигласан. Тэгээд тэд өөрсдөө ч Библийн янз бүрийн сэдвийг тайлбарласан олон ном, танилцуулга гарган бэлгэдлийн зам бэлдэх ажилд хувь нэмэр оруулсан.

15. 1919 онд ямар чухал үйл явдал болсон бэ?

15 Бурхны ард түмэн 1919 онд Агуу Вавилоноос чөлөөлөгдөв. Бас энэ онд «итгэмжит ухаалаг боол» томилогдож, чин сэтгэлтэй хүмүүст «Ариун Их Замаар» явах боломж олдсон (Мат. 24:45–47). Өмнөх «зам тавигчид» тодорхой хэмжээгээр ач тусаа хүртээсний ачаар, энэ зам дээр хөл тавьсан хүмүүс Ехова болон санаа зорилгынх нь талаар илүү ихийг мэдэж авчээ (Сур. 4:18). Мөн Еховагийн хэм хэмжээний дагуу амьдралын хэв маягаа өөрчилсөн. Гэхдээ Ехова тэднийг шууд л өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэж байв. Харин ч ард түмнээ аажмаар цэвэршүүлсэн ( «Ехова ард түмнээ аажмаар цэвэршүүлж байна» хавсралтыг үзээрэй). Бүх үйлс маань Еховад таалагдах ирээдүйд бид дундаршгүй аз жаргалаар бялхана! (Кол. 1:10).

«АРИУН ИХ ЗАМ» ДЭЭР ОДОО Ч ГАРАХ БОЛОМЖТОЙ

16. 1919 оноос хойш «Ариун Их Замыг» сэргээн засварлах ямар ажил хийж байгаа вэ? (Исаиа 48:17; 60:17).

16 Зам засах ажлыг байнга хийх шаардлагатай байдаг. «Ариун Их Замыг» засах ажлыг 1919 оноос үргэлжлүүлэн хийснээр илүү олон хүнд Агуу Вавилоноос гарах боломжийг олгосон. Итгэмжит ухаалаг боол томилогдсон даруйдаа энэ ажилд ханцуй шамлан оров. Тэгээд энэ зам дээр хөлөө тавих шинэ хүмүүст үнэнийг ойлгуулах зорилгоор Библид үндэслэсэн гарын авлагыг 1921 онд гаргасан. Энэ номыг «Бурхны ятга» гэдэг бөгөөд нийтдээ 36 хэлээр бараг 6 сая хувь хэвлэгджээ. Үүний ачаар олон хүн үнэнийг ойлгосон. Бас саяхан бид Библийн хичээл хийхэд зориулсан «Үүрд жаргалтай амьдраарай!» гэдэг маш сайхан номтой болсон. Ехова биднийг байгууллагаараа дамжуулан бэлгэдлийн хоол ундаар тогтмол хангаж байна. Ийнхүү «Ариун Их Замаар» яваад л байхад маань тусалдаг (Исаиа 48:17; 60:17-г уншина).

17, 18. «Ариун Их Замын» эцсийн зогсоол юу вэ?

17 Библийн хичээл заалгаж эхэлсэн хүнийг «Ариун Их Зам» дээр хөл тавьсан гэж хэлж болно. Харамсалтай нь зарим хүн жаахан явж байгаад замаас гардаг. Харин зарим нь эцсийн зогсоол хүртэл явахаар бат шийддэг. Эцсийн зогсоол гэдэг нь юу вэ?

18 Тослогдсон хүмүүс «Ариун Их Замаар» явсаар тэнгэр дэх «Бурхны диваажинд» очно (Илч. 2:7). Харин дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс 1000 жилийн засаглалын эцэст төгс болно. Хэрэв та өнөөдөр энэ замаар явж байгаа бол эргэж бүү хараарай. Эцсийн зогсоол хүртэл замаасаа бүү гараарай. «Аян замдаа сайн яваарай!»

ДУУ 16 Бурхны Хаанчлалд хоргодогтун!

a Вавилоноос Израйл хүрэх замыг Ехова «Ариун Их Зам» гэж бэлгэдлийн утгаар нэрлэжээ. Ехова орчин үеийн ард түмэндээ ч ийм зам бэлдэж өгсөн үү? Тийм ээ. 1919 оноос сая сая хүн Агуу Вавилоноос гарч, «Ариун Их Замаар» явж эхэлсэн. Бид бүгд эцсийн зогсоол хүртэл энэ замаасаа гарахгүй байх ёстой.

b «Исаиагийн зөгнөл бол хүн төрөлхтөнд өгсөн гэрэл юм» номын ІІ ботийн 56, 57-р хуудаснаас үзээрэй (англи).

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Рассел болон нөхөд нь урьд өмнө гаргасан Библи судлах гарын авлагуудыг ашиглажээ.