Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 20

Залбирлынхаа чанарыг сайжруулах нь

Залбирлынхаа чанарыг сайжруулах нь

«Түүний өмнө зүрхээ нээ» (ДУУ. 62:8).

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

ТОЙМ a

Бид Еховад тогтмол залбирч, амьдралын бүхий л хүрээнд удирдамж гуйдаг (1-р догол мөрийг үзээрэй)

1. Ехова яахыг үйлчлэгчдэдээ уриалдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

 ТАЙВШРАЛ, удирдамж хэрэгтэй үед хэнд хандах вэ? Бид энэ асуултын хариултыг мэддэг учраас Еховад ханддаг. Ехова ч ингэхийг уриалдаг. Бүр «тасралтгүй залбираасай» гэж хүсдэг (1 Тес. 5:17). Иймд санаа зоволгүй түүнд сэтгэлээ уудлан, амьдралынхаа бүхий л хүрээнд шаардлагатай удирдамж гуйдаг (Сур. 3:5, 6). Өгөөмөр Бурхан маань залбирлын тоог хязгаарлаагүй.

2. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

2 Залбирал гэдэг бэлэг бидэнд маш эрхэм. Гэхдээ бид зав чөлөө багатай учраас заримдаа залбирах цагийг тэр бүр гаргаж чаддаггүй. Мөн залбирлынхаа чанарыг сайжруулах хэрэгтэйгээ анзаарч магад. Харин Судрыг уншаад удирдамж авч тайвширдаг нь үнэхээр баярлууштай. Энэ өгүүллээр бид Есүсийн жишээг судлаад залбирах цагийг хэрхэн гаргахаа мэдэж авна. Мөн ямар 5 зүйлийг анхаарвал залбирлынхаа чанарыг сайжруулахыг ярилцана.

ЕСҮС ЗАЛБИРАХ ЦАГ ГАРГАДАГ БАЙСАН

3. Есүс юуг ойлгодог байсан бэ?

3 Ехова залбирахыг маань маш чухал гэж үздэгийг Есүс ойлгодог байв. Тэрбээр дэлхий дээр ирэхээсээ бүр өмнө үнэнч эрчүүд, эмэгтэйчүүдийн залбиралд Эцэг нь хэрхэн хариулахыг хардаг байсан. Жишээлбэл Ханна, Давид, Елиа болон өөр олон үнэнч үйлчлэгчдээ залбирахад Еховаг хэрхэн хариулахыг хажууд нь байхдаа Есүс харж байсан (1 Сам. 1:10, 11, 20; Х.дээд 19:4–6; Дуу. 32:5). Тийм ч учраас шавь нартаа тогтмол, бат итгэлтэй залбирч байхыг заасан (Мат. 7:7–11).

4. Бид Есүсээс залбирах талаар юу мэдэж авах вэ?

4 Есүс өөрөө ч Еховад залбирч шавь нартаа үлгэр дуурайл болсон. Дэлхий дээр үйлчилж байхдаа тэрбээр тогтмол залбирдаг байв. Ихэнхдээ завгүй, олон хүмүүсийн дунд байдаг байсан учир залбирах цагийг зориуд гаргах шаардлагатай байсан (Марк 6:31, 45, 46). Тиймээс ганцаараа байхын тулд өглөө эрт босдог байв (Марк 1:35). Нэг удаа чухал шийдвэр гаргахынхаа өмнө шөнөжин залбирсныг Библид бичсэн байдаг (Лук 6:12, 13). Түүнчлэн хамгийн хэцүү даалгавар биелүүлэхийнхээ өмнөх шөнө дахин дахин залбирсан (Мат. 26:39, 42, 44).

5. Есүсийг хэрхэн дуурайх вэ?

5 Бид хэчнээн завгүй байсан ч залбирах цаг гаргах хэрэгтэйг Есүсийн жишээнээс ойлгосон. Есүсийг дуурайн өглөө эрт юм уу орой унтахынхаа өмнө залбирахын тулд зориуд цаг гаргах хэрэгтэй байж болох юм. Ингэдэг бол онцгой бэлэг өгсөн Еховад талархаж байгаа хэрэг. Линн гэдэг Гэрч эмэгтэй залбирах завшааны тухай анх мэдээд сэтгэл нь маш их хөдөлснөө ийнхүү дурсаж байна. «Еховатай ярих боломж хэзээ л бол хэзээ байдгийг мэдээд түүнийг дотнын андаа гэж үзэн, утга төгөлдөр залбирч сурах хүсэл бадарсан». Бидэнд ч ийн санагддаг. Тиймээс ямар 5 зүйлийг анхаарч залбирах хэрэгтэйг одоо ярилцъя.

ЗАЛБИРАХДАА АНХААРАХ ТАВАН ЗҮЙЛ

6. Илчлэл 4:10, 11-д бичсэнийг үзвэл Еховаг магтан алдаршуулахдаа юуг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

6 Еховаг магтаарай. Элч Ёохан тэнгэрт болж буй сэтгэл догдлом үзэгдэл үзэж, Еховад мөргөж буй 24 ахлагчийг харсан. Ахлагчид «алдар, хүндэтгэл, хүч нь» түүнийх хэмээн Бурхныг магтан алдаршуулж байв (Илчлэл 4:10, 11-ийг уншина). Тэнгэрийн үнэнч элч нарт ч Еховаг магтан алдаршуулах олон шалтгаан бий. Тэд тэнгэрт Еховатай хамт байдаг учир түүнийг ямар Бурхан болохыг нь маш сайн мэддэг. Еховагийн зан чанарыг үйл хэргээс нь мэдэж аваад өөрийн эрхгүй магтан алдаршуулдаг (Иов 38:4–7).

7. Еховаг магтах ямар шалтгаан байдаг вэ?

7 Бид ч залбирахдаа Еховаг ямар учраас хайрладгаа, биширдгээ хэлж магтан алдаршуулах учиртай. Та Библи уншиж судлахдаа өөрт тань сайхан санагддаг зан чанар байгааг олж харахыг хичээгээрэй (Иов 37:23; Ром 11:33). Тэгээд энэ тухайгаа Еховад хэлээрэй. Мөн бидэнд болон дэлхий дахины ахан дүүст маань тусалдагт нь талархаж магтаарай. Тэрбээр бидэнд үргэлж санаа тавьж, хамгаалдаг (1 Сам. 1:27; 2:1, 2).

8. Еховад талархах ямар ямар шалтгаан байдаг вэ? (1 Тесалоник 5:18).

8 Еховад талархаарай. Еховад талархах шалтгаан маш олон бий (1 Тесалоник 5:18-ыг уншина). Сайн бэлэг бүрийг Ехова өгдөг тул байгаа сайн сайхан бүхнийхээ төлөө бид талархах учиртай (Яак. 1:17). Жишээлбэл гоо үзэсгэлэнтэй дэлхий, мөн түүн дээрх гайхалтай бүтээлүүдийн төлөө талархаж болно шүү дээ. Бас амь, гэр бүл, найз нөхдийг өгч, найдвар бэлэглэсэнд нь талархах учиртай. Түүнчлэн өөртэй нь найзлах завшаан хайрласанд талархаж болохгүй нь юу билээ?

9. Еховад үргэлж талархах хэрэгтэйн учир юу вэ?

9 Еховад талархах ямар шалтгаан надад байгаа вэ гэдгийг мэдэхийн тулд онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Учир нь өнөөдөр олон хүн талархах сэтгэлгүй, гол төлөв хүссэн юмаа олж авахыг бодохоос бус байгаа юмандаа сэтгэл ханаж талархахыг мэддэггүй. Хэрвээ бид ийм хандлагад автвал залбирал маань хүсэлт гуйлтын жагсаалт болж хувирна. Ийм болохоос сэрэмжлэхийн тулд бидний төлөө хийсэн бүхэнд нь үргэлж талархах хэрэгтэй (Лук 6:45).

Еховад талархдаг бол тэвчиж чадна (10-р догол мөрийг үзээрэй)

10. Нэг Гэрч эмэгтэй талархдаг байсныхаа ачаар сорилтыг хэрхэн тэвчсэн бэ? (Бас зургийг үзээрэй).

10 Талархдаг хүн бэрхшээлийг тэвчиж чаддаг. 2015 оны 1-р сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлд түүх нь гарсан Гён Сүгийн тухай ярилцъя. Түүнийг их хүндэрсэн уушгины хорт хавдартай гэж оношилжээ. Тэрбээр: «Хавдартай болсноо мэдээд бүх юмаа алдчихсан юм шиг санагдсан. Маш их айсан» гэжээ. Сэтгэлийн тэнхээтэй байхад нь юу тус болсон бэ? Орой болгон унтахынхаа өмнө тагтан дээрээ гараад тэр өдрийнхөө 5 ивээлийн тухай бодож чанга залбирдаг байжээ. Тийм учраас тайвширч, Еховаг хайрладгаа хэлмээр санагддаг байсан. Ехова бэрхшээл, сорилттой тулгарсан үнэнч үйлчлэгчдэдээ хэрхэн тусалдгийг болон хүн амьдрах явцдаа амсах зовлон нь хүртэх ивээлээс илүү бага байдгийг ойлгожээ. Бид одоо Гён Сүгийн адилаар соригдож болох юм. Гэвч Еховад талархах шалтгаан хангалттай их бий. Залбирахдаа талархлаа илэрхийлдэг бол сорилтыг тэвчиж, сэтгэл санаа тайван байна.

11. Есүсийг тэнгэрт гарсны дараа шавь нар нь яагаад эр зоригтой байх хэрэгтэй байсан бэ?

11 Дэлгэрүүлэхдээ эр зоригтой байхыг Еховагаас гуйгаарай. Есүс тэнгэрт гарахынхаа яг өмнөхөн шавь нартаа өөрийнх нь тухай «Иерусалим, Иудей болон Самари, тэгээд дэлхий даяар гэрчлэхийг» дахин хэлсэн (Үйлс 1:8; Лук 24:46–48). Удалгүй Иудейн шашны удирдагчид элч Петр Ёохан нарыг баривчилж Иудейн дээд шүүхэд авчраад дэлгэрүүлэхээ болихыг шаардаж, бүр заналхийлсэн (Үйлс 4:18, 21). Тэгэхэд нь Петр Ёохан хоёр яасан бэ?

12. Үйлс 4:29, 31-ийг үзвэл шавь нар яасан бэ?

12 Ийнхүү заналхийлэхэд Петр Ёохан хоёр: «Та нар бод л доо. Өөрт нь биш, та нарт дуулгавартай байхыг Бурхан зөв гэж үзэх үү? Бид үзсэн сонссоноо ярихгүй байж чадахгүй» гэж хэлсэн (Үйлс 4:19, 20). Петр Ёохан хоёрыг суллагдсаны дараа шавь нар Еховагийн хүслийг биелүүлэхийг анхаарч «Таны үгийг үргэлж эр зоригтой тунхаглахад боолууддаа туслаач» гэж залбирдаг. Ехова тэдний чин сэтгэлийн залбиралд хариулсан (Үйлс 4:29, 31-ийг уншина).

13. Жинхёгийн жишээнээс юу мэдэж авах вэ?

13 Эрх мэдэлтнүүд дэлгэрүүлэхээ боль гэсэн шаардлага тавивал бид Есүсийн шавь нарыг дуурайж дэлгэрүүлсээр байх хэрэгтэй. Төвийг сахих байр сууриасаа болоод шоронд хоригдож байсан Жинхёг гэдэг Гэрч эрэгтэйн тухай бодъё. Түүнд ганцаарчлан хоригдож буй хүмүүст санаа тавих ажил даалгажээ. Гэхдээ тэдэнтэй зөвхөн хэрэгцээт зүйлийнх нь тухай ярих ёстой байсан бөгөөд өөр юуны ч, тэр дундаа Библийн ч тухай ам нээх ёсгүй байв. Жинхёг сиймхий тааруулан боломж бүрийг ашиглаж үнэний тухай эр зоригтой ярихад туслахыг Еховагаас гуйжээ (Үйлс 5:29). Тэрбээр: «Ехова миний залбиралд хариулж эр зориг, мэргэн ухаан өгсөн. Тэгээд би олон хүнтэй тав таван минутаар камерын цонхоор Библийн хичээл хийж чадсан. Би маргааш нь хоригдлуудад өгөх захиануудаа шөнө нь бичсэн» гэжээ. Бид эр зориг, мэргэн ухаан гуйж, сайтар дэлгэрүүлэхэд Ехова тусална гэдэгт бат итгэдэг Жинхёг шиг байх нь зүйтэй.

14. Бэрхшээлээ тэвчихийн тулд яах вэ? (Дуулал 37:3, 5).

14 Зовлон бэрхшээлээ тэвчихийг Еховагаас гуйгаарай. Өвчин тусах, сэтгэл санаа хямрах, хайртай хүнээ алдах, гэр бүлд нь бэрхшээл тулгарах, хавчигдах зэрэг янз янзын зовлон амсдаг хүн бидний дунд олон бий. Мөн цар тахал, дайн дажин зэргээс болж улам бүр зовж шаналдаг. Тийм үед Еховад сэтгэлээ уудлаарай. Ямар санагдаж байгаагаа дотнын анддаа ярьдаг шигээ яриарай. Ехова гуйсныг тань «биелүүлж өгнө» гэдэгт итгээрэй (Дуулал 37:3, 5-ыг уншина).

15. «Зовлон зүдгүүр тохиоход тэвчээртэй байхад» залбирал ямар тустай вэ? Жишээ хэлнэ үү.

15 Тасралтгүй залбирах нь «зовлон зүдгүүр тохиоход тэвчээртэй байхад» тус болдог (Ром 12:12). Үйлчлэгчдэд нь ямар зовлон учирч байгааг Ехова мэддэг бөгөөд «тэдний хашхирахыг сонсдог» (Дуу. 145:18, 19). Үүний үнэнийг эхлэгчээр үйлчилдэг 29 настай Кристи гэдэг эмэгтэй ойлгожээ. Түүний бие нь гэнэт муудсанаас болж сэтгэлийн гүн хямралд оров. Гэтэл бас ээж нь эдгэршгүй өвчтэй байсныг хожим нь мэджээ. Кристи: «Би өдөр бүр тэвчих хүч тэнхээ гуйж шаргуу залбирсан. Цуглаанд явж бие даан судлан Еховад үйлчлэх хуваариа баримтлахыг хичээсэн. Энэ хэцүү үеийг давахад залбирал их тустай байв. Ехова үргэлж дэргэд минь байгааг мэдэрсэн учраас асар их тайвширсан. Хэдийгээр бие минь тэр даруйдаа сайжраагүй ч Ехова залбиралд хариулж зүрх сэтгэлийг минь тайван болгосон» гэжээ. «Ехова соригдож байгаа үнэнч хүнийг яаж аврахаа ... мэддэгийг» хэзээ ч мартахгүй байя (2 Петр 2:9, 10).

Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд 1) Еховад залбиран тусламж гуйж, 2) залбирсныхаа дагуу үйлдэж, 3) Еховатай тогтоосон харьцаагаа сайжруулаарай (16, 17-р догол мөрийг үзээрэй)

16. Хорхой хүргэм зүйлийг тэвчихэд яагаад Еховагийн тусламж хэрэгтэй вэ?

16 Хорхой хүргэм зүйлийг тэвчихийг Еховагаас гуйгаарай. Төгс бус бид буруу юм хийх хүсэлтэйгээ үргэлж тэмцэх шаардлагатай байдаг. Сатан ч энэ тэмцэлд саад болохын тулд чадах бүхнээ хийдэг. Нэг арга нь ёс суртахуунгүй зугаа цэнгэл юм. Бид ийм зугаа цэнгэлээс болж муу муухай юм бодож эхэлдэг. Энэ нь биднийг бузарлаж, ноцтой нүгэл үйлдүүлэх аюултай (Марк 7:21–23; Яак. 1:14, 15).

17. Хорхой хүргэм зүйлийг тэвчихэд туслахыг гуйсан бол залбирлынхаа дагуу яах ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).

17 Буруу юм хийх гэсэн хүслээ дарахад Еховагийн тусламж хэрэгтэй. Есүс жишээ залбиралдаа «Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач. Хорон муу нэгнээс хамгаалаач» гэж гуйсан байдаг (Мат. 6:13). Ехова бидэнд туслахыг хүсдэг. Гэхдээ бид ч тусламжийг нь гуйх хэрэгтэй. Мөн залбирлынхаа дагуу үйлдэх ёстой. Сатаны ертөнцийнхний муу бодол, буруу үзлийг дэвэргэдэг зүйлийг үзэх юм уу уншиж сонсохгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй (Дуу. 97:10). Библийг уншиж, судалдаг бол оюун ухаанаа сайн сайхан зүйлээр дүүргэнэ. Мөн цуглаанд явж, дэлгэрүүлбэл бодол санаагаа хамгаална. Нөгөөтээгүүр Ехова хэрээс маань хэтэрсэн сорилт бидэнд тулгарахыг зөвшөөрөхгүйгээ амласан (1 Кор. 10:12, 13).

18. Энэ өгүүлэлд үзсэнээр бид яах ёстой вэ?

18 Бидний хүн нэг бүр эцсийн энэ хүнд өдрүүдэд Еховад үнэнч байхын тулд өмнөхөөсөө ч илүү их залбирах хэрэгтэй. Өдөр бүр чин сэтгэлээсээ залбирах цаг гаргаарай. Ехова бидэнд «Түүний өмнө зүрхээ нээхийг» уриалдаг (Дуу. 62:8). Бидний төлөө хийдэг бүхэнд нь Еховад талархаж, магтаарай. Дэлгэрүүлэхдээ эр зоригтой байхад туслахыг гуйгаарай. Ямар ч бэрхшээлийг тэвчиж, ямар ч хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслахыг гуйгаарай. Еховад тогтмол залбирахад тань хэн ч, юу ч саад бүү болог! Тэгвэл Ехова бидний залбиралд хэрхэн хариулдаг вэ? Энэ чухал асуултын хариултыг дараагийн өгүүллээр ярилцана.

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

a Бид залбирлаа дотнын найздаа бичсэн чин сэтгэлийн захиатай адил байгаасай гэж хүсдэг. Гэхдээ залбирах цагийг тэр бүр гаргаж чаддаггүй. Бас юуны тухай залбирахаа ч мэдэхгүй үе байдаг. Эдгээр чухал асуудлыг энэ өгүүллээр ярилцана.