Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 24

Та Еховад илүү сайн үйлчлэх зорилгоо биелүүлж чадна

Та Еховад илүү сайн үйлчлэх зорилгоо биелүүлж чадна

«Шантрахгүйгээр сайныг үйлдэж байцгаая. Бууж өгөхгүй байвал цаг нь болохоор хурааж авна» (ГАЛ. 6:9).

ДУУ 40 Эхлээд Хаанчлалыг хайгтун

ТОЙМ a

1. Бидэнд ямар ямар бэрхшээл тулгардаг вэ?

 БУРХАНД илүү сайн үйлчлэх зорилго тавьсан ч биелүүлэхэд амаргүй байсан уу? b Хэрэв тийм бол зөвхөн танд тэгж санагддаг юм биш ээ. Жишээлбэл Филип залбирлынхаа чанарыг сайжруулж, илүү олон удаа залбирахыг бодсон ч цаг гаргаж чаддаггүй байв. Эрика дэлгэрүүлэх ажлын цуглаанд цагтаа очих зорилго тавьсан ч бараг цуглаан болгонд хоцордог хэвээрээ л байсан. Томаш Библийг бүхэлд нь унших гэж хэд хэдэн удаа оролдов. Тэрбээр: «Би ер нь Библи унших тийм ч дуртай биш байсан. Гурван удаа уншихыг оролдсон ч дандаа Левит номд хүрээд л зогсчихдог байв» гэжээ.

2. Еховад илүү сайн үйлчлэх зорилго тавиад хараахан биелүүлж чадаагүй бол яагаад сэтгэлээр унах хэрэггүй вэ?

2 Та тавьсан зорилгоо хараахан биелүүлж чадаагүй бол сэтгэлээр бүү унаарай. Энгийн юм шиг санагдах зорилго байлаа ч цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагддаг. Харин та одоо ч тэр зорилгоо биелүүлнэ гэж бодсоор байгаа бол Еховатай тогтоосон харьцаагаа эрхэмлэж, түүнд хамгийн сайныгаа өгөхийг хүсдэг гэсэн үг. Хичээл зүтгэл гаргаж байгаа таныг Ехова харж байгаа. Хэр чадлаас тань хэтэрсэн юм шаарддаггүй (Дуу. 103:14; Мика 6:8). Тиймээс одоогийн нөхцөл байдалдаа тохирсон, биелүүлж чадах зорилго тавих хэрэгтэй. Яавал ийм зорилгоо биелүүлэх вэ? Зарим нэг зөвлөгөөг ярилцъя.

ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ ЧУХАЛ

Хүслээ бадрааж өгөхийг гуйгаарай (3, 4-р догол мөрийг үзээрэй)

3. Хүсэл тэмүүлэлтэй байх нь яагаад чухал вэ?

3 Зорилгоо биелүүлье гэвэл хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал. Тийм хүн зорилгоо биелүүлэх гэж шамдах нь ойлгомжтой. Хүсэл тэмүүллийг салхитай зүйрлэж болно. Далайчин салхины тусламжтайгаар зорьсон газраа хүрдэг. Салхи хүчтэй бол бүр ч хурдан хүрнэ. Үүнтэй адилаар хүсэл бадрах тусам зорилгоо биелүүлж чадна. Эль Сальвадорт үйлчилдэг Давид гэдэг Гэрч эрэгтэй: «Хүсэл эрмэлзэлтэй хүн их мэрийж хичээдэг. Зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч саадыг давдаг» гэжээ. Тэгэхээр хүсэл тэмүүллээ бадраахын тулд яах вэ?

4. Бид юу гэж залбирч болох вэ? (Филиппой 2:13). (Бас зургийг үзээрэй).

4 Хүслээ бадрааж өгөхийг гуйгаарай. Ехова танд агуу хүчээрээ тусалж зорилгоо биелүүлэх хүсэлтэй болгоно (Филиппой 2:13-ыг уншина). Заримдаа бид ямар нэг юмыг хийх ёстойгоо ойлгоод зорилго тавьдаг. Энэ нь ч сайн хэрэг. Гэхдээ хүсэл төрөхгүй байж болох юм. Угандад амьдардаг Норина гэдэг Гэрч эмэгтэйд яг ийм юм тохиолджээ. Тэрбээр Библийн хичээлтэй болох зорилго тавьсан ч биелүүлэх хүсэл тийм ч их төрдөггүй байв. Учир нь өөрийгөө сайн багш биш гэж голдог байлаа. Яаж хүсэлтэй болсон бэ? Тэрбээр: «Библийн хичээлтэй болох хүсэлтэй болгож өгөхийг би өдөр бүр гуйдаг байсан. Тэгээд залбирсныхаа дараа заах чадвараа сайжруулахыг хичээсэн. Хэдэн сарын дараа хүсэл минь бадарч байгааг мэдэрсэн. Тэгээд тэр жилдээ хоёр хичээлтэй болсон» гэжээ.

5. Хүсэл эрмэлзлээ бадраахын тулд юуны тухай эргэцүүлэх вэ?

5 Ехова таны төлөө юу хийснийг эргэцүүлээрэй (Дуу. 143:5).Ехова өөрийг нь хэрхэн нигүүлссэнийг элч Паул эргэцүүлэн бодсон учраас түүний төлөө илүү ихийг хийх хүсэл нь бадарсан (1 Кор. 15:9, 10; 1 Тим. 1:12–14). Үүнтэй адилаар Ехова таны төлөө юу хийснийг эргэцүүлэх тусам зорилгоо биелүүлэх хүсэл тань бадарна (Дуу. 116:12). Хондураст амьдардаг Гэрч эмэгтэйд байнгын эхлэгч болох зорилгоо биелүүлэхэд нь юу тус болсныг бодъё. Тэрбээр: «Ехова намайг хэчнээн их хайрладгийг би тунгаан бодсон. Намайг ард түмнийхээ нэг нь болгосон шүү дээ. Бас санаа тавьж, хамгаалдаг. Ийнхүү эргэцүүлсэн учир Еховаг гэсэн хайр лавширч, эхлэгчээр үйлчлэх хүсэл улам бадарсан» гэжээ.

6. Юуны тухай боддог бол зорилгоо биелүүлэх хүсэл бадрах вэ?

6 Зорилгоо биелүүлбэл ямар ивээл хүртэхээ бодоорой. Дээр дурдсан Эрика яаж цаг баримталдаг болсноо ийнхүү ярьжээ. «Дэлгэрүүлэх ажлын цуглаанд цагтаа очдоггүй байсан учраас олон чухал юмнаас хоцордгоо ойлгосон. Харин эрт очвол ах дүүстэйгээ мэндлэх, ярилцах боломжтой. Мөн дэлгэрүүлэх арга барилаа сайжруулж, баяр хөөртэй үйлчлэхэд тустай зөвлөгөөнүүдийг мэдэж авдаг». Эрика цаг баримтлахын ач тусыг анхаарснаар зорилгоо биелүүлж чадсан. Танд ямар ач тус хүртэх боломж байгаа вэ? Хэрэв та Библи унших, залбирахтай холбоотой зорилгоо биелүүлбэл Еховатай хэр их дотносохоо бодоорой (Дуу. 145:18, 19). Христийн дагалдагч хүнд байх ёстой зан чанарыг хөгжүүлэх зорилгоо биелүүлбэл бусадтайгаа хэрхэн илүү сайн харьцаатай болохоо бодоорой (Кол. 3:14). Та зорилгоо биелүүлэх шалтгаануудыг жагсааж бичээд байнга харж байгаарай. Дээр дурдсан Томаш: «Зорилго биелүүлэх шалтгаан их байх тусам илүү их хичээдэг» гэжээ.

7. Хулио болон түүний эхнэр яаж зорилгоо биелүүлсэн бэ?

7 Хүсэл бадраах хүмүүстэй найзлаарай (Сур. 13:20). Үйлчлэлээ өргөжүүлэх зорилготой Хулио болон эхнэрт нь юу тус болсныг анхааръя. Тэрбээр: «Урам зориг хайрладаг хүмүүстэй найзалж, зорилгынхоо талаар ярилцдаг байв. Биднийхтэй адил зорилго тавиад биелүүлсэн хүн тэдний дунд олон байсан. Тиймээс яг тохирсон зөвлөгөө өгдөг байлаа. Бас хэр ахицтай байгааг асууж урам хайрладаг байсан» гэжээ.

ХҮСЭЛ ТӨРӨХГҮЙ БОЛ

Зорилгоо биелүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргаарай (8-р догол мөрийг үзээрэй)

8. Хүсэл төрсөн үедээ л хичээдэг бол яах вэ? (Бас зургийг үзээрэй).

8 Юу ч хиймээргүй санагдах үе хүн болгонд байдаг. Тэгэхээр зорилгоо биелүүлж чадахгүй гэсэн үг үү? Үгүй ээ. Дараах жишээг бодоорой. Салхи бол дарвуулт завийг зорьсон газар нь хүргэх гол хүч мөн. Гэхдээ салхины хүч янз янз. Заримдаа бүр огт салхигүй үе ч байдаг. Тэгэхээр завь урагшлахгүй гэсэн үг үү? Тийм байх албагүй. Жишээ нь зарим завь мотортой, сэлүүртэй. Далайчин эдгээрийг ашиглаад урагшилна. Бидний хүсэл тэмүүллийг салхитай зүйрлэж болно. Заримдаа их хүсэл төрдөг, заримдаа огт төрдөггүй. Тиймээс хүсэл төрсөн үед л хичээгээд бусад үед зүгээр суудаг бол зорьсондоо хүрч чадахгүй нь мэдээж. Гэхдээ далайчин зорьсон газраа хүрэхийн тулд өөр арга хэрэглэдэг шиг бид хүсэл төрөхгүй байсан ч хичээл зүтгэл гаргаж чадна. Мэдээж ингэх нь амаргүй. Гэхдээ зорилгоо биелүүлэхлээр үнэхээр баярлана. Яах хэрэгтэйг ярилцахаас өмнө үүнтэй холбоотой нэг асуултыг ярилцъя.

9. Хүсэл төрөөгүй үедээ зорилгоо биелүүлэх гэж хичээх нь зөв үү? Тайлбарлана уу.

9 Өөрт нь баяр хөөртэй, сайн дураараа үйлчлээсэй гэж Ехова хүсдэг (Дуу. 100:2; 2 Кор. 9:7). Тэгэхээр хүсэл төрөөгүй үед ч зорилгоо биелүүлэхийн тулд биеэ дайчлах нь зөв үү? Элч Паулын жишээг ярилцъя. Тэрбээр: «Би ... өөрийгөө зовоож, боолчлон захирдаг» гэж хэлсэн (1 Кор. 9:25–27). Паул Еховагийн хүссэн юмыг хиймээргүй байсан ч өөрийгөө хүчилдэг байв. Өөрийнх нь төлөө хийсэн бүхэнд нь Ехова баярласан уу? Тийм ээ. Ехова хүчин чармайлт гаргасан түүнийг шагнасан (2 Тим. 4:7, 8).

10. Хүсэл төрөхгүй байсан ч зорилгоо биелүүлэх гэж хичээвэл ямар ач тустай вэ?

10 Үүнтэй адилаар хүсэл төрөхгүй байсан ч биеэ дайчилдаг хүнийг Ехова хараад баярладаг. Ямар нэг юмыг дандаа дуртайдаа хийдэггүй ч Еховаг хайрласандаа хийдгийг маань мэддэг учраас тэрбээр сайшаадаг. Ехова Паулыг ивээсэн шиг хүчин чармайлт гаргадаг биднийг ч ивээнэ (Дуу. 126:5). Еховагийн ивээлийг мэдрэхлээрээ хийх хүсэл ч төрж эхэлдэг. Польшид амьдардаг Луцина гэдэг Гэрч эмэгтэй: «Заримдаа, ялангуяа ядарсан үед дэлгэрүүлмээргүй санагддаг. Гэхдээ дэлгэрүүлэхлээр баяр баясгаланг мэдэрдэг. Үүнийг үнэхээр гайхалтай бэлэг гэлтэй» гэжээ. Хүсэл төрөхгүй бол яахыг одоо ярилцъя.

11. Биеэ барьж сурахад туслахыг гуйвал Ехова хэрхэн туслах вэ?

11 Биеэ барихад туслахыг гуйгаарай. Биеэ барих гэдэг нь сэтгэл хөдлөл, үйл хэргээ хянах чадвар юм. Ер нь муу юм хийхээс зайлсхийх гэсэн утгатай. Гэхдээ бас хүнд асуудал тулгарах эсвэл хийх хүсэл төрөхгүй үед сайныг үйлдэхийн тулд биеэ барих шаардлагатай байдаг. Энэ зан чанар агуу хүчний нөлөөгөөр бий болдог учраас Еховагаас агуу хүчийг нь гуйж залбирах хэрэгтэй (Лук 11:13; Гал. 5:22, 23). Дээр дурдсан Давид залбираад ямар ач тус хүртсэнээ ярьсан. Тэрбээр тогтмол бие дааж судалдаг болохыг хүсэж байв. Давид: «Би биеэ барихад туслахыг Еховагаас гуйдаг байсан. Тэгээд тусламжийг нь аваад Библийг үр дүнтэй, тогтмол судалдаг болсон» гэжээ.

12. Номлогчийн үгс 11:4-т бичсэн зарчмыг зорилго биелүүлэхтэй холбоотой гэхийн учир юу вэ?

12 Тохиромжтой нөхцөл бүрдэхийг л бүү хүлээгээрэй. Өнөөгийн энэ нийгэмд ямар нэгэн юмыг хийхэд яг тохирсон нөхцөл бүрдэнэ гэж огт байхгүй болов уу. Нөхцөл байдал төгс төгөлдөр болохыг хүлээх юм бол бид хэзээ ч зорилгоо биелүүлж чадахгүй (Номлогчийн үгс 11:4-ийг уншина). Дэйниел гэдэг Гэрч эрэгтэй: «Төгс төгөлдөр нөхцөл байдал гэж байхгүй. Ямар ч байсан ажлаа эхлэх нь чухал. Тэгвэл хамгийн сайн нөхцөлийг бүрдүүллээ гэсэн үг» гэжээ. Угандад амьдардаг Пол гэдэг Гэрч эрэгтэй ажлаа хойш нь тавихгүй байх бас нэг шалтгааныг ийн дурдсан. «Хүнд хэцүү нөхцөлд ч ажлаа хийж эхлэх л юм бол Ехова бидэнд тусална» (Мал. 3:10).

13. Шат дараалсан зорилт тавих нь ямар сайн талтай вэ?

13 Юмыг багаас нь эхлээрэй. Зорилго биелшгүй мэт санагдаад хичээх хүсэл төрөхгүй байж болох юм. Хэрвээ танд бас ингэж санагдаж байгаа бол зорилгоо биелүүлэхийн тулд шат дараалсан зорилт тавиарай. Хэрэв та сайн зан чанар хөгжүүлэх зорилготой бол эхлээд ялихгүй гэмээр юман дээр илэрхийлж болохгүй нь юу билээ? Хэрэв та Библийг бүхэлд нь унших зорилго тавьсан бол хэдхэн минут унших хуваарь гаргаж болно шүү дээ. Оршилд дурдсан Томаш Библийг жилийн дотор уншъя гэж төлөвлөсөн ч чадаагүй. Тэрбээр: «Би хэтэрхий шахуу хуваарь гаргаснаа ойлгосон. Тиймээс энэ удаа өдөр бүр хэдхэн догол мөр уншаад эргэцүүлэн бодох хуваарь гаргасан. Тэгсэн чинь унших дуртай болж эхэлсэн» гэжээ. Томаш Библи унших дуртай болохын хэрээр унших хэсгээ бага багаар нэмсэн. Эцэст нь Библийг уншиж дуусгажээ. c

СААД ТУЛГАРВАЛ СЭТГЭЛЭЭР БҮҮ УНААРАЙ

14. Бидэнд ямар саад бэрхшээл тохиолдож магадгүй вэ?

14 Бид хэчнээн хүсэл тэмүүлэлтэй, сахилга баттай байсан ч саад бэрхшээл биднийг тойрохгүй. Жишээ нь «санамсаргүй тохиолдлоос» болоод зорьсондоо хүрэхэд шаардагдах цаг заваа алдаж болох юм (Ном. 9:11, ШЕ). Сэтгэлээр унагаж, хүч тэнхээг бардаг бэрхшээл бас тохиолдож магадгүй (Сур. 24:10). Мөн төгс бусаасаа болоод алдаа гаргачихдаг (Ром 7:23). Түүнчлэн өөрийн эрхгүй ядрах үе байдаг (Мат. 26:43). Ийм саад бэрхшээлийг хэрхэн давах вэ?

15. Саад бэрхшээл тохиолдвол яагаад шантрах хэрэггүй вэ? Тайлбарлана уу. (Дуулал 145:14).

15 Саад тулгарвал бүү шантраарай. Библид бичсэнээр бэрхшээл нэг биш удаа тохиолддог ч бид Еховагийн тусламжтайгаар өндийж босдог (Дуулал 145:14-ийг уншина). Дээр дурдсан Филип гэдэг Гэрч эрэгтэй амжилтын талаар «Миний амжилт хэдэн удаа унахаас хамаарахгүй. Харин хэдэн удаа босож дахин зам дээр гарахаас хамаардаг» гэжээ. Мөн дээр дурдсан Давид: «Би саадыг саад гэж үзэхгүйг хичээдэг. Харин ч Еховаг ямар их хайрладгаа харуулах боломж гэж үздэг» гэжээ. Тийм ээ, саад бэрхшээлийг үл тоон урагшилсаар байвал та Еховад таалагдах хүсэлтэйгээ батална. Ехова таныг зорилгоо биелүүлэхийн тулд хэчнээн их хичээж байгааг хараад маш их баярлах нь гарцаагүй!

16. Саад бэрхшээлээс бид юу ойлгож болох вэ?

16 Саад бол сурах боломж гэдгийг санаарай. Яагаад ийм саад тулгарсныг бодоод өөрөөсөө «Дараа ийм саад тулгарахаас зайлсхийхийн тулд би яах ёстой вэ?» гэж асуугаарай (Сур. 27:12). Зарим саад нь биелүүлэх боломжгүй зорилго тавьсныг ойлгуулдаг. Тиймээс тавьсан зорилгоо та биелүүлж чадах эсэхээ дахин нягталж бодоорой. d Зарим хүн биелшгүй зорилго тавьсан учраас биелүүлж чадахгүй нь ойлгомжтой. Тэглээ ч гэсэн Ехова тэр хүнийг бүтэлгүй хүн гэж үзэхгүй (2 Кор. 8:12).

17. Өмнө нь юу амжуулснаа санаж явах ёстойн учир юу вэ?

17 Юу амжуулснаа санаарай. Библид «Шударга Бурхан та бүхний үйл хэргийг ... мартахгүй» гэж байдаг (Евр. 6:10). Тиймээс та ч гэсэн мартах ёсгүй. Та юу юу амжуулснаа бодоод үз дээ. Бурхантай дотносож, түүний тухай бусдад ярьдаг болж, баптисм хүртсэн. Та өмнөх зорилгуудаа биелүүлж чадсан шигээ одоогийн зорилгоо ч биелүүлж чадна (Флп. 3:16).

Аян замдаа баяр хөөртэй сайн сайхан яваарай (18-р догол мөрийг үзээрэй)

18. Зорилгоо биелүүлэхийн тулд хичээж мэрийж байхдаа юуг санах ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).

18 Далайчид зорьсон газраа хүрдэг шиг та ч Еховагийн тусламжтайгаар зорилгоо биелүүлж чадна. Гэхдээ олон далайчин замд явж байхдаа ч баяртай байдгийг санаарай. Үүнтэй адилаар та ч зорилгоо биелүүлэхийн тулд хичээж мэрийж байхдаа Ехова хэрхэн тусалж, ивээж байгааг анхаарч баяр баясгалантай байгаарай (2 Кор. 4:7). Бүү бууж өгөөрэй. Тэгвэл ирээдүйд бүр ч илүү их ивээл хүртэнэ (Гал. 6:9).

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

a Еховагийн байгууллага бидэнд Бурхандаа илүү сайн үйлчлэх зорилго тавихыг уриалдаг. Хэрвээ сайн зорилго тавьсан ч биелүүлэхэд амаргүй бол яах вэ? Зорилго биелүүлэхэд тустай хэд хэдэн зөвлөгөөг энэ өгүүллээр ярилцана.

b ҮГНИЙ ТАЙЛБАР: Еховад илүү сайн үйлчлэх зорилгод түүнийг баярлуулахын тулд хийдэг бүхэн орно. Жишээлбэл Христийн дагалдагч хүнд байх зохистой зан чанарыг хөгжүүлэх юм уу Библи унших, бие дааж судлах, дэлгэрүүлэх зэрэг Еховад илүү сайн үйлчлэх зорилго тавьж болох юм.