СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 23
«Яагийн дөлийг» бадраасаар бай
«[Хайрын] гялбаа нь галын гялбаа агаад [«Яагийн», ШЕ] дөл билээ» (СОЛ. 8:6).
ДУУ 36 Бурхан хамтад нь нийлүүлсэн
ТОЙМ a
1. Жинхэнэ хайрыг Библид хэрхэн дүрсэлсэн бэ?
ХАЙРЫН «гялбаа нь галын гялбаа агаад [«Яагийн», ШЕ] дөл билээ. Их ус хайрыг унтрааж үл чадна. Гол ч түүнийг хальж үл чадна» (Сол. 8:6, 7). b Жинхэнэ хайрыг яасан сайхнаар дүрслээ вэ! Энэ үг гэрлэсэн хосуудад урам зориг хайрладаг. Та хоёр чин үнэнчээр нэг нэгнээ үргэлж хайрлаж чадна.
2. Хайраа хөргөхгүйн тулд эхнэр нөхөр яах ёстой вэ?
2 Гэрлэсэн хүмүүс насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална. Жишээ нь мод нэмээд л байвал гал дүрэлзэн ассаар байна. Тэгэхгүй бол унтарна. Үүнтэй адилаар эхнэр нөхөр хоёр бие биеэ үргэлж хайрлахын тулд харьцаагаа сайжруулсаар байх хэрэгтэй. Гэхдээ заримдаа, мөнгө төгрөгөөр гачигддаг, эрүүл мэнд мууддаг, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд бэрхшээл тохиолддог. Ялангуяа ийм үед нэг нэгнээ гэсэн хайр хөрж болох юм. Хэрэв та гэрлэсэн бол «Яагийн дөлийг» унтраахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Энэ өгүүллээр харьцаагаа улам сайжруулж, ханьтайгаа аз жаргалтай амьдрахад тус болох 3 аргыг ярилцана. c
ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА САЙЖРУУЛААД Л БАЙГААРАЙ
3. Еховатай дотно харьцаатай эхнэр нөхөр хоёр бие биеэ улам их хайрлана гэхийн учир юу вэ? (Номлогчийн үгс 4:12). (Бас зургийг үзээрэй).
3 «Яагийн дөлийг» унтраахгүйн тулд эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь Еховатай тогтоосон харьцаагаа сайжруулахыг хичээх ёстой. Ингэх нь яагаад чухал вэ? Гэрлэсэн хүмүүс тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон анд нөхрийн харьцаагаа эрхэмлэдэг бол өгсөн зөвлөгөөг нь дуртайяа дагана. Ингэснээр тэд ханиа гэсэн хайраа хөргөх зүйл хийхгүй, асуудал гарсан ч шийдэж чадна (Номлогчийн үгс 4:12-ыг уншина). Түүнчлэн тэд сайхан сэтгэл, тэвчээр, ууч сэтгэл зэрэг сайхан зан чанартай Еховаг дуурайхыг хичээдэг (Эф. 4:32—5:1). Ийм зан чанартай эхнэр нөхрүүд бие биеэ улам их хайрлана. Гэрлээд 25-аас илүү жил болж байгаа Лена гэдэг Гэрч эмэгтэй: «Еховатай дотно хүнийг хайрлаж, хүндлэхэд амар байдаг» гэжээ.
4. Ехова яагаад Иосеф Мариа хоёрыг сонгож Мессиагийн эцэг эх болгосон бэ?
4 Библийн нэг жишээг үзье. Ехова Мессиагийн эцэг эхийг сонгохдоо Давидын үр удмын олон хүний дундаас Иосеф Мариа хоёрыг сонгосон. Яагаад тэгсэн бэ? Тэдний хэн хэн нь Еховатай дотно харьцаатай байсан бөгөөд тэд гэрлэснийхээ дараа ч өөрийг нь амьдралынхаа эн тэргүүнд тавина гэдгийг Ехова мэдэж байв. Эхнэр нөхрүүд ээ, та нар Иосеф Мариа хоёроос юу сурах вэ?
5. Нөхрүүд Иосефоос юу сурах вэ?
5 Иосеф Еховагийн удирдамжийг дуртайяа дагадаг байснаараа илүү сайн нөхөр болсон. Бурхан түүнд дор хаяж 3 удаа гэр бүлтэй нь хамаатай удирдлага заавар өгсөн. Иосеф тэр бүрд маш том өөрчлөлт гаргах байсан ч шууд дагасан (Мат. 1:20, 24; 2:13–15, 19–21). Ийнхүү тэрбээр Мариаг хамгаалж, түүнд санаа тавьж чадсан. Иосеф юу хийхийг Мариа хараад илүү их хайрлаж, хүндэлдэг болсон нь ойлгомжтой. Нөхрүүд ээ, та нар гэр бүлдээ санаа тавихын тулд Иосефыг дуурайж Библид үндэслэсэн заавар хайгаарай. d Том өөрчлөлт гаргах байсан ч зааврыг дагавал эхнэрээ хайрладгаа батална, гэр бүлийн нандин холбоогоо батжуулна. Гэрлээд 20 жил болж буй, Вануатуд амьдардаг Гэрч эмэгтэй: «Еховагийн удирдлага зааврыг хайж, дагаж байгаа нөхрийгөө харахлаар хүндлэх сэтгэл илүү их төрдөг. Зөв шийдвэр гаргасан гэдэгт нь итгээд тайван байдаг» гэжээ.
6. Эхнэрүүд Мариагаас юу сурах вэ?
6 Мариа өөрөө ч Еховатай дотно харьцаатай байв. Иосефын юу хийж байснаас үл хамааран бат итгэлтэй байсан. Тэрбээр Судрыг маш сайн мэддэг байв (Лук 1:46). Мөн эргэцүүлэн бодох цаг гаргадаг байсан (Лук 2:19, 51). Иймээс сайн эхнэр болсон нь эргэлзээгүй. Өнөөдөр Мариа шиг байхыг хичээдэг эхнэр олон бий. Жишээлбэл Эмико гэдэг Гэрч эмэгтэй: «Би ганц бие байхдаа Еховатай дотносох бүхнийг хийх өөрийн гэсэн хуваарьтай байсан. Гэхдээ гэрлэснээсээ хойш нөхөр минь гэр бүлээ төлөөлөн дандаа залбирч, шүтлэгийн үйл хэргийг хариуцдаг болсон учраас зөвхөн нөхөртөө найддаг болсноо анзаарсан. Би Еховатай дотно байхын тулд өөрөө хичээх ёстойгоо ойлгосон. Тиймээс залбирах, Библи унших, Бурхны үзэл бодлын талаар эргэцүүлэн бодох зэрэг Еховатай хамт байх цагийг гаргадаг болсон» гэж ярьжээ (Гал. 6:5). Эхнэрүүд ээ, хэрэв та нар Еховатай тогтоосон харьцаагаа сайжруулсаар байвал нөхөр тань та нарыг улам их магтан сайшааж, хайрлах болно (Сур. 31:30).
7. Хамтдаа Еховаг шүтэх талаар Иосеф Мариа хоёроос юу мэдэж авах вэ?
7 Мөн Иосеф Мариа хоёр Еховатай дотно байхын тулд хамтдаа хичээдэг байсан. Тэд Еховаг гэр бүлээрээ шүтэхийн чухлыг ойлгодог байжээ (Лук 2:22–24, 41; 4:16). Ялангуяа ам бүл нэмэгдэх тусам хэцүү байсан ч гэр бүлээрээ Еховаг шүтсээр байсан. Гэрлэсэн хосуудад ямар сайхан жишээ үлдээгээ вэ? Хэрэв танайх олон хүүхэдтэй бол цуглаанд явах, гэр бүлийн хичээл хийх цаг гаргах амаргүй байж болох юм. Ялангуяа хоёулхнаа Библи судлах, цугтаа залбирах цаг гаргахад бүр ч хэцүү байдаг байх. Гэхдээ ийнхүү Еховаг хамтдаа шүтдэг бол Еховатай ч, хоорондоо ч улам дотносно гэдгийг бүү мартаарай. Тэгэхээр Еховаг шүтэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавиарай.
8. Түнжин хагарсан бол гэр бүлийн хичээлээс ач тус хүртэхийн тулд яах вэ?
8 Хэрэв эхнэр нөхөр хоёр түнжин хагарсан бол яах вэ? Ийм үед гэр бүлийн хичээл хийх хүсэл төрөхгүй байж магадгүй. Хэрэв тийм бол эхнэр нөхөр хоёрын аль алинд нь таалагдах зүйлийг товчхон ярилцаж болохгүй нь юу билээ. Ингэснээр эхнэр нөхрийн харьцаа сайжирч, Еховаг хамтдаа шүтэх хүсэл төрнө.
ХАМТДАА БАЙХ ЦАГ ГАРГААРАЙ
9. Эхнэр нөхөр хоёр хамт байх цагийг яагаад заавал гаргах ёстой вэ?
9 Гэрлэсэн хосууд аа, та нар хоёулхнаа байх цаг гаргадаг бол бие биеэ хайрласаар байна. Ханьтайгаа хамт байх тусам бодол санаа, сэтгэл мэдрэмжийг нь илүү сайн мэднэ (Эх. 2:24). Лилия Руслан хоёр гэрлээд 15 жил өнгөрсөн. Гэрлэснийхээ дараахан юу ойлгосныг нь анхаараарай. Лилия: «Хамт байх цаг бидний бодсон шиг тийм их биш болохыг анзаарсан. Өдөр бүр ажил алба, гэр орны ажил, хүүхэд шуухад гээд өнгөрдөг байлаа. Хэрэв бид хамт байх цагийг өөрсдөө л гаргахгүй бол нэг нэгнээсээ хөндийрч холдоно гэдгийг ойлгосон» гэжээ.
10. Эхнэр нөхөр хоёр Эфэс 5:15, 16-д бичсэн зарчмыг хэрхэн ажил болгох вэ?
10 Эхнэр нөхөр хоёр хамт байх цаг гаргахын тулд яах вэ? Төлөвлөх хэрэгтэй (Эфэс 5:15, 16-г уншина). Нигерид амьдардаг Узонду гэдэг Гэрч эрэгтэй: «Ажил хэрэг төлөвлөхдөө эхнэртэйгээ хамт байх цагийг заавал оруулдаг. Энэ цагийг би маш чухалд үздэг» гэжээ (Флп. 1:10). Молдовагийн дүүрэг хариуцагчийн эхнэр Анастасия цагаа хэрхэн зөв зарцуулдгаа ийнхүү ярьжээ. «Нөхөр минь үүргээ биелүүлээд завгүй байх үед би өөрийн хийх юмаа амжуулахыг хичээдэг. Ингэхлээр хамт байх боломжтой болдог». Гэхдээ хэтэрхий их завгүйгээсээ болоод ханьтайгаа байх цаг гаргаж чадахгүй бол яах вэ?
11. Акул Прискила хоёр хамт юу юу хийдэг байсан бэ?
11 Христийн эртний олон дагалдагчийн хүндэтгэл хүлээсэн Акул Прискила хоёроос эхнэр нөхрүүд суралцах боломжтой (Ром 16:3, 4). Библид тэр хоёрын гэр бүлийн амьдралын тухай нарийн ширийн юм бичээгүй ч хамтдаа ажиллаж, дэлгэрүүлж, бусдад тусалдаг байсныг нь бичсэн байдаг (Үйлс 18:2, 3, 24–26). Үнэндээ Библид тэр хоёрын тухай бичихэд нэрийг нь үргэлж хамтад нь дурдсан байдаг.
12. Эхнэр нөхөр хоёр яавал хамт байх вэ? (Бас зургийг үзээрэй).
12 Гэрлэсэн хосууд Акул Прискила хоёрыг хэрхэн дуурайх вэ? Танд болон ханьд тань хийх ёстой ямар ямар ажил байна вэ? Бүгдийг нь тус тусдаа хийхийн оронд заримыг нь хамт хийж болохгүй нь юу билээ? Жишээлбэл Акул Прискила хоёр хамт дэлгэрүүлдэг байсан. Та хоёр ингэхийн тулд дандаа төлөвлөдөг үү? Акул Прискила хоёр бас хамт ажилладаг байсан. Та хоёр өөр өөр ажил хийдэг ч гэрийнхээ ажлыг хамт хийж болохгүй нь юу билээ? (Ном. 4:9). Нэг нэгэндээ туслахаар нэг баг гэдгээ мэдрэхийн зэрэгцээ ярилцах боломж гардаг. Роберт Линда хоёр гэрлээд 50 гаруй жил болж байна. Роберт: «Үнэндээ бид хоёрт хамт амрах цаг бараг байдаггүй ч намайг аяга угааж байхад эхнэр минь арчиж, хашаан дотроо юм хийж байхад хажууд минь өөр юм хийж байдаг. Ингэхлээр би их баяртай байдаг. Хамтдаа юм хийхээр нэг бие гэдгээ мэдэрч, бие биеэ улам их хайрладаг» гэж ярьжээ.
13. Эхнэр нөхөр хоёр дотно байхын тулд яах хэрэгтэй вэ?
13 Гэхдээ хамт байвал л дотносно гэж бүү бодоорой. Бразилд амьдардаг нэг эхнэр: «Биднийг сатааруулах зүйл их байдаг. Нэг гэрт байхыг л хамт цаг өнгөрүүлдэг гэж андуурдаг. Хамт байхаас гадна ханьдаа санаа тавих хэрэгтэй» гэж ярьсан. Бруно болон түүний эхнэр Таис бие биедээ хэрхэн санаа тавьдгийг анхааръя. Бруно: «Бид чөлөөт цагаараа хамт байхдаа гар утсаараа оролдолгүй, тэр цагийг бие биедээ зориулдаг» гэжээ.
14. Эхнэр нөхөр хоёр хамтдаа юм хийх хүсэлгүй болчихсон бол яах вэ?
14 Хэрвээ та хоёр хамтдаа юм хийх хүсэлгүй болчихсон бол яах вэ? Жишээ нь та хоёр өөр өөр юм сонирхдог эсвэл нэг нэгнээ харахаар бухимддаг болсон бол яах вэ? Дээр дурдсан түүдэг галын жишээг эргэн саная. Ер нь гал шууд дүрэлзэн асдаггүй биз дээ? Эхлээд галаа ноцоогоод бага багаар түлээ нэмдэг. Үүнтэй адилаар эхлээд өдөрт хэдхэн минут ч гэсэн хамт байвал ямар вэ? Маргаан үүсгэж болзошгүй юмыг бус харин хоёуландаа таалагдах юм хийхийг хичээгээрэй (Яак. 3:18). Ингэж жижиг зүйлийг хийж эхэлбэл дахиад нэг нэгнээ хайрладаг болно.
ХАНИА ХҮНДЭЛЖ БАЙГААРАЙ
15. Эхнэр нөхрүүд бие биеэ хайрласаар байхад хүндлэх нь яагаад чухал вэ?
15 Хүндлэх нь эхнэр нөхрүүдэд маш чухал. Үүнийг хүчилтөрөгчтэй зүйрлэж болно. Хүчилтөрөгчгүй бол гал дорхноо унтардаг. Үүнтэй адилаар бие биеэ хүндлэхгүй бол нэг нэгнээ гэсэн хайр хөрөхдөө амархан. Нөгөөтээгүүр бие биеэ хүндэлдэг бол хайрын дөл нь ноцож буй гал мэт болно. Гэхдээ та ханиа хүндэлж байна гэж бодох нь чухал биш, хүндэлж байгааг хань тань мэдрэх нь чухал гэдгийг санаарай. Пенни Арет хоёр гэрлээд 25 жил өнгөрчээ. Пенни: «Бид бие биеэ хүндэлдэг учраас манай гэрт хайр ноёлдог. Мөн нэг нэгнийхээ үзэл бодлыг анхаардаг учраас санал бодлоо чөлөөтэй хуваалцдаг» гэж ярьсан. Тэгэхээр өөрийг нь хүндэлдгээ ханьдаа мэдрүүлэхийн тулд та юу хийж болох вэ? Абрахам Сара хоёрын жишээг ярилцъя.
16. Нөхрүүд Абрахамын жишээнээс юу мэдэж авах вэ? (1 Петр 3:7). (Бас зургийг үзээрэй).
16 Абрахам Сараг хүндэлдэг, үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг нь ойлгохыг хичээдэг хүн байсан. Нэг удаа Сара маш их бухимдаж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ ярьж, тэр байтугай Абрахамыг буруутгадаг. Тэгэхэд нь Абрахам үгээр дайрч давшсан уу? Үгүй ээ. Тэрбээр Сарагийн дуулгавартайг, гаргасан шийдвэрийг нь дэмждэгийг мэддэг байв. Тиймээс эхнэрийнхээ яриаг сонсоод асуудлыг шийдэхийг хичээсэн (Эх. 16:5, 6). Энэ явдлаас бид юу мэдэж авах вэ? Нөхрүүд гэр бүлийнхээ өмнөөс шийдвэр гаргах эрхтэй (1 Кор. 11:3). Гэхдээ та нар шийдвэр гаргахаасаа өмнө эхнэрийнхээ санал бодлыг сонсоорой. Ялангуяа гаргах шийдвэр эхнэрт тань нөлөөлөх бол ингэх нь бүр чухал (1 Кор. 13:4, 5). Заримдаа эхнэр тань бухимдаад сэтгэлээ уудалж магадгүй. Тэр үед та анхааралтай сонсож, хүндэлж байгаагаа мэдрүүлэх үү? (1 Петр 3:7-г уншина). Анжела Дмитрий хоёр гэрлээд 30 орчим жил болж байна. Өөрийг нь хэрхэн хүндэлдгийг Анжела: «Сэтгэлээр унасан юм уу, ярих хүсэл төрвөл Дмитрий намайг үргэлж сонсоход бэлэн байдаг. Сэтгэл хөдлөлдөө автсан үед минь ч тэвчээртэй сонсдог» гэжээ.
17. Эхнэрүүд Сарагийн жишээнээс юу мэдэж авах вэ? (1 Петр 3:5, 6).
17 Сара Абрахамын гаргасан шийдвэрийг дэмжиж, хүндэлдгээ харуулдаг байсан (Эх. 12:5). Нэг удаа Абрахам гэнэтийн зочдыг хүлээж авахаар болов. Тэгээд хийж байгаа юмаа орхиод маш их гурилаар талх барь гэж эхнэртээ хэлжээ (Эх. 18:6). Сара Абрахамын хэлснээр нь шууд хийв. Эхнэрүүд ээ, нөхрийнхөө шийдвэрийг дэмжиж Сараг дуурайгаарай. Ингэснээр гэр бүлийн холбоо тань улам бат бөх байна (1 Петр 3:5, 6-г уншина). Өмнөх догол мөрд дурдсан Дмитрий, эхнэр нь өөрийг нь хэрхэн хүндэлдгийг ийнхүү ярьсан. «Бид хоёрын санаа оноо нийлэхгүй байхад ч шийдвэрийг минь дэмждэг Анжеладаа би талархдаг. Шийдвэрийн минь үр дүн тийм ч сайн биш байсан ч намайг ерөөсөө шүүмжилдэггүй». Өөрийг тань хүндэлдэг хүнийг хайрлахад амар биш гэж үү?
18. Эхнэр нөхрүүд бие биеэ гэсэн хайраа бөхөөхгүйн тулд хичээдэг бол ямар ач тустай вэ?
18 Өнөөдөр Сатан Христийн дагалдагч эхнэр нөхрүүдийг бие биеэ хайрлахыг нь болиулахыг хүсдэг. Тэд нэг нэгнээ хайрлахаа боливол Еховагаас холдоно гэдгийг ч мэддэг. Гэхдээ жинхэнэ хайрын галыг бөхөөх боломжгүй! Тэгэхээр та хоёрын хайр «Соломоны дуун»-д дүрсэлсэн шиг байх болтугай. Эхнэр нөхрүүд ээ, та нар Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавихаар бат шийдээрэй. Нэг нэгэндээ цаг гаргаарай. Хэрэгцээ шаардлага, сэтгэл мэдрэмжийг нь ойлгож хүндлээрэй. Энэ бүхнийг хийдэг бол та хоёр жинхэнэ хайрын Эх булаг Еховаг алдаршуулж, дүрэлзэн асах гал мэт хайраар нэг нэгнээ хайрласаар байна.
ДУУ 3 «Бурхан бол хайр»
a Ехова хүн төрөлхтөнд гэрлэлт гэдэг сайхан бэлэг өгсөн. Тиймээс эхнэр нөхрүүдийн нэг нэгнээ гэсэн хайр онцгой. Гэхдээ заримдаа тэдний хайр хөрдөг. Хэрэв та гэрлэсэн бол ханиа үргэлж хайрлан хамтдаа аз жаргалтай байхад энэ өгүүлэл тустай.
b Өөрчлөгдөшгүй, дуусашгүй хайр буюу жинхэнэ хайрыг «Яагийн дөл» гэсэн байдаг. Учир нь ийм хайрын Эх булаг нь Ехова юм.
c Хань тань Гэрч биш байлаа ч эдгээр зөвлөгөөг дагавал харилцаагаа сайжруулж чадна (1 Кор. 7:12–14; 1 Петр 3:1, 2).
d Жишээ нь, jw.org болон JW Library® дээр байгаа «Гэр бүлд зориулсан зөвлөгөө» гэсэн цуврал өгүүллээс ач тустай зөвлөгөөг үзээрэй.