СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 25
Ахлагчид аа, Гидеоноос суралцаарай
«Хэрэв би Гидеоны ... талаар яривал цаг хүрэлцэхгүй» (ЕВР. 11:32).
ДУУ 18 Бурхны хайр энэрэл
ТОЙМ a
1. 1 Петр 5:2-т бичсэнээр ахлагчид ямар завшаан эдэлдэг вэ?
АХЛАГЧИД Христийн дагалдагчийн хувьд Еховагийн үнэ цэнтэй хоньдод санаа тавих үүрэгтэй. Эдгээр үнэнч эрчүүд ах дүүстээ үйлчлэхийг завшаан гэж үзэн «тэднийг хариулах хоньчид» байхын тулд нөр их хөдөлмөрлөдөг (Иер. 23:4; 1 Петр 5:2-ыг уншина). Хуралд ийм эрчүүд байгаа нь үнэхээр талархмаар!
2. Ахлагчдад ямар бэрхшээл тохиолддог вэ?
2 Ахлагчид үүргээ биелүүлэх явцдаа янз бүрийн бэрхшээлтэй нүүр тулгардаг. Жишээ нь, хурлынхандаа санаа тавих нь нөр их хөдөлмөр шаарддаг ажил юм. АНУ-д үйлчилдэг Тони гэдэг ахлагч хэр их ажил хийхээ шийдэхдээ даруу байх шаардлагатай байв. Тэрбээр: «КОВИД-19 цар тахал гарснаас хойш би цуглаан болон дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах гэж маш их ажилладаг болсон. Хэчнээн их ажил амжуулсан ч хийх ажил ундраад л байв. Яваандаа Библи унших, бие дааж судлах, залбирах гэх зэрэгт хангалттай цаг зарцуулж чадахаа больсон» гэжээ. Косовод ахлагчаар үйлчилдэг Илирт бас өөр бэрхшээл тохиолдсон. Дайн дажинтай үед байгууллагаас гаргасан зааврыг дагах нь хэцүү санагдсан. Тэрбээр: «Аюултай бүсэд амьдарч буй ах дүүстээ туслах даалгавар авахад эр зоригтой эсэх минь соригдсон. Ийм заавар биелүүлэх нь боломжгүй мэт санагдаж, их айсан» гэж ярьжээ. Түүнчлэн, Азид миссионероор үйлчилдэг Тимд, өдөр бүр хийдэг юмаа хийхэд амаргүй байдаг болсон. Тэрбээр: «Заримдаа итгэл нэгтнүүддээ туслах ажил хийгээд их ядардгаа анзаарсан» гэжээ. Дээрх бэрхшээл тохиолдоход ахлагчдад хэний жишээ тус болох вэ?
3. Бид бүгд шүүгч Гидеоноос юу сурах вэ?
3 Шүүгч Гидеоноос ахлагчдад сурах юм их бий (Евр. 6:12; 11:32). Тэрбээр Бурхны ард түмний хоньчин, хамгаалагч байжээ (Шүү. 2:16; Ш.дээд 17:6). Ахлагчид Гидеоны адилаар хүнд хэцүү цагт Бурхны ард түмэнд санаа тавих зорилгоор томилогддог (Үйлс 20:28; 2 Тим. 3:1). Бид Гидеоны даруу, дуулгавартай байснаас нь суралцах учиртай. Түүнийг даалгавраа биелүүлэх үед тэвчээртэй байх эсэх нь соригдсон. Ахлагчаар үйлчилдэг ч бай, үгүй ч бай бид, нөр их хөдөлмөрлөдөг ахлагчдад улам бүр талархаж, тэднийг дэмждэг байх учиртай (Евр. 13:17).
ДАРУУ ЭСЭХ ТАНЬ СОРИГДВОЛ
4. Гидеон хэрхэн даруу байсан бэ?
4 Гидеон даруу зантай хүн байсан. b Ехова тэнгэрийн элчээ илгээж израйлчуудыг хүчирхэг мидианчуудын савраас авруулахаар сонгосныг даруу зантай Гидеонд хэлүүлэхэд, «Манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ» гэжээ (Шүү. 6:15). Гидеон өөрийгөө энэ даалгаврыг биелүүлж чадахгүй гэж бодсон ч Ехова чадна гэдгийг нь сайн мэдэж байв. Еховагийн ачаар даалгавраа ч амжилттай биелүүлсэн.
5. Ахлагч хүний даруу эсэх нь хэрхэн соригдож магадгүй вэ?
5 Ахлагчид ямар ч юмыг хийхдээ даруу байхыг хичээдэг (Мика 6:8; Үйлс 20:18, 19). Тэд ур чадвар, гаргасан амжилтаараа сайрхдаггүй. Нөгөөтээгүүр сул тал болон алдаа дутагдлаасаа болж өөрийгөө хэтэрхий их буруушаадаггүй. Гэсэн хэдий ч даруу байхад хэцүү үе байдаг. Жишээ нь олон даалгавар аваад бүгдийг нь биелүүлж дуусгах амаргүй байж болох юм. Эсвэл даалгаврыг биелүүлснийх нь дараа хүмүүс түүнийг магтах юм уу шүүмжилж магадгүй. Ийм тохиолдолд ахлагчид Гидеоноос юу сурах вэ?
6. Даруу зантай Гидеоноос ахлагчид юу сурах вэ? (Бас зургийг үзээрэй).
6 Тусламж аваарай. Даруу хүн хэр хэмжээгээ мэддэг. Гидеон бусдын тусламж дуртайяа авч даруу байсан (Шүү. 6:27, 35; 7:24). Ухаалаг ахлагчид ч бас ингэдэг. Дээр дурдсан Тони: «Би багаасаа ажилсаг байхыг заалгасан болохоор хэр чадлаасаа хэтэрсэн их ажил авчихдаг байв. Тэгээд даруу зангийн талаар гэр бүлийн хичээлээрээ судалж, эхнэрийнхээ бодлыг асуусан. Мөн jw.org сайтаас “Есүсийг дуурайн бусдад зааж сурган, итгэл хүлээлгэж, эрх мэдэл өг” гэсэн видеог үзсэн» гэж ярьжээ. Тони хариуцсан ажлаа хийхдээ бусдаас тусламж авдаг болсон. Ямар үр дүнтэй байсан бэ? Тони: «Хурлын ажил жигдэрч, Еховатай дотносоход тустай юм хийх цаг илүү их гардаг болсон» гэжээ.
7. Ахлагчид шүүмжлэгдвэл Гидеоныг хэрхэн дуурайх вэ? (Яаков 3:13).
7 Шүүмжилбэл эвтэйхэн харьцаарай. Шүүмжлэгдэх нь ахлагчдад бас нэг сорилт болдог. Ийм үед ч Гидеоны жишээ тустай. Ефраимчууд түүнийг шүүмжлэхэд төгс бус гэдгээ сайн ойлгодог байсан учраас эвтэйхэн харьцсан (Шүү. 8:1–3). Гидеон уурлаагүй. Харин тэднийг гомдоллоход тайван сонсож, ая эвийг нь олж хурцадмал байдлыг намжаасан. Ухаалаг ахлагчид шүүмжлэлийг анхааралтай сонсож, эв эеийг сахиж Гидеоныг дуурайдаг (Яаков 3:13-ыг уншина). Ийнхүү хурлынхаа амар тайванд хувь нэмрээ оруулдаг.
8. Томилогдсон эрчүүд магтаалын үг сонсвол яах нь зүйтэй вэ? Жишээ хэлнэ үү.
8 Магтаалыг Еховад өргөөрэй. Мидианы савраас аварлаа гэж хүмүүс Гидеоныг магтахад анхаарлыг нь Ехова руу хандуулсан (Шүү. 8:22, 23). Томилогдсон эрчүүд Гидеоныг хэрхэн дуурайх вэ? Хийж амжуулсан бүхнийхээ төлөө Еховаг магтаарай (1 Кор. 4:6, 7). Хэрвээ ахлагчийг заах чадвартай гэж магтвал заавар сургамжийн эх булаг болдог Бурхны Үгэнд анхаарлыг нь хандуулах юм уу Еховагийн байгууллагын сургалтыг онцлон дурдаж болох юм. Ахлагчид өөр лүүгээ хэтэрхий их анхаарал хандуулж байгаа эсэхээ үе үе шалгах нь зүйтэй. Тимоти гэдэг ахлагчийн тухай бодож үзье. Ахлагч болоод удаагүй байхдаа илтгэл тавих дуртай байв. Тэрбээр: «Би хэтэрхий нарийн ширийн оршил үг, жишээнүүд бодож олдог байсан. Тиймээс хүмүүс намайг их магтдаг байв. Гэхдээ хүмүүсийн анхаарлыг Библи юм уу Еховад бус өөр лүүгээ татдаг байсан нь харамсалтай» гэжээ. Яваандаа Тимоти заах аргаа өөрчлөх хэрэгтэйгээ ойлгосон (Сур. 27:21). Тэгээд энэ нь ямар үр дүнд хүргэсэн бэ? Тэрбээр: «Бэрхшээлийг давах, сорилтыг тэвчих, Еховатай улам дотносоход миний илтгэл тустай байсан гэж хүмүүс ярьдаг болсон. Олон жилийн өмнө хүмүүсийн магтахыг сонсоод баярладаг байсан. Харин одоо хүмүүсийн сэтгэгдлийг сонсоод бүр ч их баярладаг» гэжээ.
ДУУЛГАВАРТАЙ, ЗОРИГТОЙ ЭСЭХ ТАНЬ СОРИГДВОЛ
9. Гидеоны дуулгавартай, зоригтой эсэх нь хэрхэн соригдсон бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).
9 Шүүгчээр томилогдсоны дараа Гидеоны дуулгавартай, зоригтой эсэх нь соригдсон. Түүнд Баалд зориулсан эцгийнхээ тахилын ширээг нураах хэцүү даалгавар өгсөн (Шүү. 6:25, 26). Хожим нь дайтахаар цуглуулсан хүмүүсийн тоог багасгах зааврыг 2 удаа авсан (Шүү. 7:2–7). Эцэст нь шөнө дунд дайсны хуаран руу дайрах тушаал авдаг (Шүү. 7:9–11).
10. Ахлагч хүний дуулгавартай эсэх нь хэрхэн соригдож магадгүй вэ?
10 Ахлагчид «дуулгавартай» байх ёстой (Яак. 3:17). Дуулгавартай ахлагч Библид бичсэн болон Бурхны байгууллагын удирдамжийг дуртайяа дагаж сайн үлгэр жишээ үзүүлдэг. Гэсэн ч дуулгавартай эсэх нь соригдож болзошгүй. Жишээ нь өгсөн заавар болгонтой нь танилцаж, биелүүлж амжихгүй мэт санагдаж болох юм. Заримдаа тухайн зааврыг заавал биелүүлэх шаардлагатай гэж үү гэсэн бодол төрж магадгүй. Эсвэл баривчлагдахад хүргэж болзошгүй даалгавар ч авч мэднэ. Ахлагчид эдгээр тохиолдолд, дуулгавартай байсан Гидеоныг хэрхэн дуурайх вэ?
11. Ахлагчид дуулгавартай байхын тулд яах ёстой вэ?
11 Зааврыг анхааралтай сонсоод ажил болгоорой. Бурхан Гидеонд аавынхаа тахилын ширээг хэрхэн нураахыг, Еховад зориулсан тахилын ширээг хаана босгохыг, ямар амьтнаар тахил өргөхийг хэлж өгсөн. Гидеон зааврыг шүүмжлэх зэрэг элдэв асуудал гаргаагүй. Харин яг таг биелүүлсэн. Өнөөдөр Ехова ахлагчдад өөртэй нь дотно, аюулгүй байхад тустай захидал, зарлал, удирдамжийг байгууллагаараа өгүүлдэг. Эдгээрийг үнэнчээр биелүүлдэг ахлагчдын ачаар хурлын бүх хүн ач тус хүртдэг учраас бид тэднийгээ хайрладаг (Дуу. 119:112).
12. Байгууллагын заавар өөрчлөгдвөл ахлагчид Еврей 13:17-д бичсэн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
12 Дасан зохицоход бэлэн байгаарай. Ехова цуглуулсан хүмүүсээ бүгдийг нь шахуу гэр лүү нь буцаахыг Гидеонд тушаасныг санаарай (Шүү. 7:8). Тэгэхэд нь тэрбээр: «Яагаад? Болж бүтэх л юм байх даа» гэж бодсон байх. Гэхдээ Гидеон зааврыг биелүүлсэн. Еховагийн байгууллага заавраа өөрчлөхөд ахлагчид Гидеоны яасныг санаж дуулгавартай байдаг (Еврей 13:17-г уншина). Жишээ нь 2014 онд Удирдах Зөвлөл цуглааны болон чуулганы танхим барих ажлыг санхүүжүүлэх аргаа өөрчилсөн (2 Кор. 8:12–14). Урьд нь танхим барихад зориулж байгууллага зээл өгөөд хурлууд бага багаар буцааж төлдөг байв. Гэхдээ одоо орон нутгийн хурлын санхүүгийн байдлаас үл хамааран дэлхий дахины хурлуудын хандивыг ашиглан цуглааны болон чуулганы танхим барьдаг болсон. Хосе энэ өөрчлөлтийн тухай сонсоод үр дүнтэй гэдэгт нь эргэлзэн «Манайх цуглааны танхимтай болно гэж мөдгүй юм байна даа. Явцгүй л арга байна» гэж боджээ. Гэхдээ Хосе энэ зааврыг дэмжсэн. Яагаад? Тэрбээр: «Еховад найдах ёстойг Сургаалт үгс 3:5, 6-д бичсэн үг сануулсан. Үнэхээр ч гайхалтай үр дүнд хүрсэн шүү! Бид одоо илүү олон цуглааны танхим бариад зогсохгүй бүх хурлыг танхимтай болгохын тулд янз янзын аргаар хувь нэмрээ оруулж байна» гэжээ.
13. а) Гидеон юунд итгэлтэй байсан бэ? б) Ахлагчид Гидеоныг хэрхэн дуурайх вэ? (Бас зургийг үзээрэй).
13 Эр зориг гарган Еховагийн хүслийг биелүүлээрэй. Гидеон аюултай даалгавар аваад айдаст автсан ч Еховад дуулгавартай байсан (Шүү. 9:17). Еховаг баталгаа өгсний дараа ард түмнээ хамгаалахын тулд дэмжлэг үзүүлнэ гэдэгт Гидеон бат итгэсэн. Манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон газрын ахлагчид Гидеоныг дуурайдаг. Баривчлагдах, байцаагдах, ажлаасаа халагдах, хүчирхийлэлд өртөх аюул байдаг ч ахлагчид эр зориг гаргаж цуглаан, дэлгэрүүлэх ажлыг удирддаг. c Агуу их гамшгийн үед ямар ч аюул тулгарсан зааврыг биелүүлэхэд ахлагчид эр зоригтой байх нь чухал. Жишээ нь аварга том мөндөртэй зүйрлэм мэдээ тунхаглах тухай заавар болон Магогийн Гогийн дайралтыг эсэн мэнд давахад тустай удирдамж өгч болох юм (Езе. 38:18; Илч. 16:21).
ТЭВЧЭЭР ТАНЬ СОРИГДВОЛ
14. Гидеоны тэвчээр хэрхэн соригдсон бэ?
14 Шүүгч байсан Гидеонд үүргээ биелүүлэхэд маш их хүч тэвчээр шаардагдаж байв. Шөнийн тулалдааны үед мидианчууд зугтахад Гидеон Иезреелийн талаас тэднийг нэхэн хөөж битүү мод бургасаар хүрээлэгдсэн Иордан гол хүрчээ (Шүү. 7:22). Гэхдээ тэнд хүрээд дайснуудаа хөөхөө больсон уу? Үгүй ээ. Хэчнээн их ядарч туйлдсан ч Гидеон 300 цэрэгтэйгээ Иордан голыг гатлан үргэлжлүүлэн хөөсөн. Эцэст нь мидианчуудыг гүйцэж, ялсан (Шүү. 8:4–12).
15. Ахлагчдын тэвчээр ямар үед соригддог вэ?
15 Ахлагчид гэрийнхэн болон хурлынхныхаа төлөө санаа тавьж нөр их хөдөлмөрлөөд заримдаа бие сэтгэлийн хувьд маш их ядарч туйлддаг. Ийм үед ахлагчид Гидеоныг хэрхэн дуурайх вэ?
16, 17. Гидеон яагаад тэвчиж чадсан бэ? Ахлагчид юунд итгэлтэй байж болох вэ? (Исаиа 40:28–31). (Бас зургийг үзээрэй).
16 Ехова танд хүч өгнө гэдэгт итгээрэй. Ехова өөрт нь хүч өгнө гэдэгт Гидеон итгэдэг байсан. Ехова ч итгэлийг нь хөсөрдүүлээгүй (Шүү. 6:14, 34). Гидеон цэргүүдтэйгээ нэг удаа, тэмээ унаж явсан Мидианы хоёр хааны араас явган хөөсөн (Шүү. 8:12, 21). Тэглээ ч гэсэн израйлчууд Еховагийн тусламжтайгаар тэднийг барьж, ялалт байгуулсан. Ахлагчид Гидеоны адилаар, хэзээ ч «эцэж туйлддаггүй» Ехова Бурханд найдвал хэрэгтэй үед нь хүч тэнхээ өгнө (Исаиа 40:28–31-ийг уншина).
17 Эмнэлэгтэй хамтран ажиллах хорооны гишүүн Мэтьюгийн туршлагыг ярилцъя. Тэвчээртэй байхад нь түүнд юу тус болсон бэ? Мэтью: «Би Филиппой 4:13-т байдаг үгний үнэнийг биеэрээ амссан. Олон удаа ядарч туйлдсан үедээ бие болон сэтгэлийн хүч тэнхээтэй байлгаж өгөхийг Еховагаас шаргуу гуйн залбирдаг байсан. Яг тийм үед Ехова агуу хүчээрээ намайг тэнхрүүлж, тэвчээртэй байхад минь тусалдаг» гэжээ. Еховагийн хоньдод санаа тавихад янз бүрийн бэрхшээл тохиолдсон ч Гидеоныг дуурайн ахлагчид маань нөр их хөдөлмөрлөдөг. Мэдээж тэд хүссэн болгоноо хийх боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх учиртай. Гэхдээ Ехова гуйлтыг нь сонсож, тэвчих хүч тэнхээ өгнө гэдэгт ахлагчид итгэдэг (Дуу. 116:1; Флп. 2:13).
18. Энэ өгүүлэлд үзсэнээр ахлагчид Гидеоныг хэрхэн дуурайх вэ?
18 Гидеоноос сурах юм ахлагчдад их бий. Хэр их ажил хийхээ шийдэхдээ, мөн хүмүүс магтах юм уу шүүмжлэхэд даруу байх хэрэгтэй. Ялангуяа энэ тогтолцоо төгсгөл рүүгээ ойртох тусам дуулгавартай, эр зоригтой байх нь чухал. Бас ямар ч бэрхшээл тулгарсан Бурхан хүч тэнхээ өгнө гэдэгт бат итгэх ёстой. Бид нөр их хөдөлмөрлөдөг ахлагчдаа үнэтэй бэлэг гэж үзэн «хүндэлдэг» (Флп. 2:29).
ДУУ 21 Энэрэнгүй хүмүүс жаргалтай
a Ехова Гидеоныг израйл үндэстний түүхэнд тохиолдсон хүнд хэцүү цагт ард түмнээ хамгаалж, удирдуулахын тулд томилсон. Гидеон энэ үүргээ 40 жил үнэнчээр гүйцэтгэсэн. Гэхдээ түүнд хэд хэдэн бэрхшээл тохиолдсон. Өнөөдөр ахлагчдад сорилт тулгарвал түүнээс юу сурч болохыг ярилцана.