СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 28
Бурхнаас эмээх нь үргэлж ач тустай
«Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг» (СУР. 14:2).
ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!
ТОЙМ a
1, 2. Христийн өнөөгийн дагалдагчдад Лотынхтой адил ямар бэрхшээл учирдаг вэ?
ЭНЭ ертөнцийн ёс суртахууны хэм хэмжээний талаарх бидний бодол Лотынхтой адилхан. Лот «хорон муу хүмүүсийн эрээ цээргүй хэргээс болж асар их шаналж байсан». Учир нь тэнгэрийн Эцэг нь ийм явдлыг үзэн яддагийг мэддэг байв (2 Петр 2:7, 8). Тэрбээр Бурхнаас эмээдэг, түүнийг хайрладаг байсан учраас эргэн тойрныхоо хүмүүсийн ёс суртахуунгүй байдлыг үзэн яддаг байв. Бидний эргэн тойронд ч Еховагийн хэм хэмжээг үл тоодог хүмүүс олон бий. Гэсэн хэдий ч бид Бурхнаа хайрлаж, түүнээс эмээдэг бол ёс суртахууны хувьд цэвэр байж чадна (Сур. 14:2).
2 Ехова «Сургаалт үгс» номдоо зөвлөгөө бичүүлж бидэнд ёс суртахууны хувьд цэвэр байх хүсэл төрүүлдэг. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэлтгүй бид бүгдээрээ эдгээр зөвлөгөөг эргэцүүлэн боддог бол ач тус хүртэнэ.
БУРХНААС ЭМЭЭХ НЬ ХАМГААЛАЛТ БОЛДОГ
3. Сургаалт үгс 17:3-т бичсэнээр зүрхээ хамгаалах нэг шалтгаан юу вэ? (Бас зургийг үзээрэй).
3 Зүрхээ хамгаалах нь амин чухал. Учир нь Ехова хүний зүрхийг шалгадаг. Энэ нь Бурхан гадаад байдлыг бус сэтгэл зүрх нь ямар вэ гэдгийг онцлон хардаг гэсэн үг (Сургаалт үгс 17:3-ыг уншина). Мөнх аминд хүргэх зөвлөгөөг нь үргэлж эргэцүүлэн боддог бол Бурхны хайрыг татна (Ёох. 4:14). Мөн Сатан болон түүний ертөнцийнхний ёс суртахуунгүй байдал, худал үгэнд автахгүй (1 Ёох. 5:18, 19). Еховатай дотно болохын хэрээр түүнийг илүү их хайрлаж, хүндэтгэнэ. Бид тэнгэрийн Эцгээ гомдоохыг хүсдэггүй учраас нүгэл үйлдье гэж огт бодохгүй. Хэрвээ буруу юм хийх хүсэл төрвөл өөртөө «Намайг тэгж их хайрладаг Нэгнийг хэзээ ч гомдоомооргүй байна» гэж хэлнэ (1 Ёох. 4:9, 10).
4. Бурхнаас эмээх сэтгэл нь Гэрч эмэгтэйг сорилтоос хэрхэн хамгаалсан бэ?
4 Хорватад амьдардаг Марта гэдэг Гэрч эмэгтэй сорилтод ороод ёс суртахуунгүй юм хийх хүсэл төрөх үедээ ямар байснаа ингэж бичжээ. b «Саруул ухаанаар сэтгэх болон түр зуурын таашаал авах хүслээ дарах нь надад хэцүү байсан. Гэхдээ Еховагаас эмээх сэтгэл минь намайг хамгаалсан». Яаж? Буруу шийдвэр гаргавал ямар үр дагаварт хүргэхийг эргэцүүлэн бодсон гэж Марта хэлсэн. Бид ч ингэх нь зүйтэй. Еховаг гомдоож, түүнийг үүрд шүтэх боломжоо алдахаас илүү олиггүй зүйл гэж юу байх вэ дээ (Эх. 6:5, 6).
5. Та Леод тохиолдсон явдлаас юу мэдэж авсан бэ?
5 Хэрэв бид Еховагаас эмээдэг бол муу юм хийдэг хүнтэй нөхөрлөхөөс зайлсхийнэ. Конгод амьдардаг Лео үүнийг маш сайн ойлгосон. Тэрбээр баптисм хүртсэнээсээ хойш 4 жилийн дараа муу хүмүүстэй найзалсан. Найзуудынхаа муу үйл хэрэгт оролцдоггүй байсан болохоор өөрийгөө буруу юм хийж байна гэж боддоггүй байв. Гэтэл удалгүй тэдний муу нөлөөнд автаж архи хэтрүүлэн уудаг болж, садар явдалд орооцолдов. Дараа нь Гэрч эцэг эхээсээ юу сурснаа болон Еховад үйлчлээд баяр хөөртэй байснаа эргэцүүлэн бодсон. Тэгээд яасан бэ? Тэрбээр бүхнийг ухаарч, ахлагчдаас тусламж авч, Ехова руу буцаж ирсэн. Өнөөдөр тэрбээр ахлагч болон тусгай эхлэгчээр үйлчлэн аз жаргалтай байна.
6. Одоо бид ямар хоёр эмэгтэйн тухай ярилцах вэ?
6 Хоёр эмэгтэйн тухай гардаг «Сургаалт үгс» номын 9-р бүлгийг авч үзье. Нэгээр нь мунхгийг, нөгөөгөөр нь мэргэн ухааныг бэлгэддэг (Ром 5:14; Галат 4:24-тэй харьцуулаарай). Ярилцах явцдаа Сатаны ертөнц ёс суртахуунгүй бэлгийн харьцаа, порнод донтсон байдгийг санаарай (Эф. 4:19). Тиймээс Бурхнаас үргэлж эмээж, бузар муугаас хол явах нь амин чухал юм (Сур. 16:6). Одоо ярилцах энэ бүлэг эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бид бүгдэд ач тустай. Туршлагагүй буюу «ухаан мөхөс эрийг» хоёр эмэгтэй хоёулаа дуудаж, нэг ёсондоо «манайд ирж хамт хооллоё» гэж хэлдэг (Сур. 9:1, 5, 6, 13, 16, 17). Гэхдээ хоёр эмэгтэйгийнд очсоны дараах үр дагавар нь маш их ялгаатай.
МУНХАГ ХҮНИЙ ЗАМААС ХОЛ ЯВААРАЙ
7. Сургаалт үгс 9:13–18-д гардаг эмэгтэйн урилгыг авбал юу болох вэ? (Бас зургийг үзээрэй).
7 «Мунхаг эмэгтэйн» урилгын тухай бодъё (Сургаалт үгс 9:13–18-ыг уншина). Тэр эмэгтэй ухаан мөхөс эрийг «нааш эргэгтүн», хамт хооллоё хэмээн ичгүүргүйгээр дууддаг. Энэ урилгыг авбал юу болох вэ? «Тэр эмийн зочид гийчид нь Үхэгсдийн орны гүнд байдаг». Энэ нь «Сургаалт үгс» номын эхний хэсэгт гардаг өөр нэг зүйрлэлийг санагдуулдаг. Тэнд «уруу татагч садар эмийн» тухай анхааруулсан бөгөөд «түүний орон гэр мөхөлд шигдэнэ» гэжээ (Сур. 2:11–19). Түүнчлэн Сургаалт үгс 5:3–10-т «хөл [нь] үхэл уруу явдаг» өөр нэг «садар эмийн» тухай өгүүлсэн.
8. Юуг шийдэх хэрэг гарч мэдэх вэ?
8 «Мунхаг эмэгтэйн» урихыг сонссон хүн тэднийд очих эсэхээ шийдэх хэрэгтэй болдог. Бидэнд ч ийм шийдвэр гаргах хэрэг гарч мэднэ. Хэн нэг нь уруу татаж ёс суртахуунгүй явдалд орооцолдуулах гэвэл, эсвэл интернэт ашиглаж байхад порно сурталчилгаа гэнэт гарч ирвэл яах вэ?
9, 10. Садар самуун явахаас зайлсхийх ёстой зарим шалтгаан юу вэ?
9 Садар явдлаас яагаад зайлсхийх ёстойг «Сургаалт үгс» номд бичсэн байдаг. «Мунхаг эмэгтэй»: «Хулгайлсан ус чихэрлэг» гэжээ. «Хулгайлсан ус» гэж юу вэ? Библид эхнэр нөхөр хоёрын бэлгийн харилцааг сэтгэл сэргээм устай зүйрлэсэн (Сур. 5:15–18). Албан ёсоор гэрлэсэн хүмүүс бэлгийн амьдралаас таашаал авдаг. Энэ нь «хулгайлсан устай» зүйрлэм садар самуунаас ялгаатай. Хулгайч нууцаар ажилладаг шиг завхай хүн бас нууцаар садарладаг. Садар самуун явдалтай хүн горыг нь амсахгүй гэж боддог учраас «хулгайлсан усыг» амттай гэж боддог. Ямар их эндүүрэл вэ! Ехова бүгдийг харж байгаа. Еховагийн тааллыг алдахаас илүү гашуун зүйл үгүй бөгөөд өчүүхэн төдий ч «чихэрлэг» биш юм (1 Кор. 6:9, 10). Садар явдлаас зайлсхийх ёстой бас өөр шалтгаан бий.
10 Садар самуун явбал ичгүүр шившиг болох, үнэ цэнээ алдах, хүсээгүй атал жирэмслэх, гэр бүл салах аюултай. Тиймээс мунхаг эмийн гэрт очихгүй байх нь ухаалаг хэрэг. Бас Бурхантай тогтоосон харилцаа тасрахаас гадна үхэх аюултай халдварт өвчин тусаж мэднэ (Сур. 7:23, 26). 9-р бүлгийн 18-р зүйлд «Тэр эмийн зочид гийчид нь Үхэгсдийн орны гүнд байдаг» гэж дүгнэжээ. Тэгвэл яагаад олон хүн мунхаг эмийн гэрт очиж эмгэнэлт үр дагаврыг амсдаг вэ? (Сур. 9:13–18).
11. Порно үзэхийг маш их хор хөнөөлтэй гэхийн учир юу вэ?
11 Олон хүнийг садар самуун явдалтай болгодог нэг урхи нь порно үзэх юм . Үүнийг ямар ч хор хөнөөлгүй гэж боддог хүмүүс бий. Үнэндээ бол порно үздэг хүн зовлон амсаж, өөрийгөө болон бусдыг хүндлэхээ больж, донтдог. Ёс журамгүй дүр зураг сэтгэлд нь хадагдаж, авч хаяхад хэцүү болчихдог. Үүнээс гадна порно үзэх нь буруу хүслийг дарах нь бүү хэл тачаал төрүүлдэг (Кол. 3:5; Яак. 1:14, 15). Тиймээс яваандаа олон хүн садар явдалтай болдог.
12. Бэлгийн дур хүслийг өдөөдөг дүр зураг гарвал өөрсдийгөө яаж хамгаалах вэ?
12 Порно материал электрон хэрэгсэл дээр гэнэт гарч ирвэл Христийн дагалдагч хүн яах нь зүйтэй вэ? Шууд нүд буруулах ёстой. Хэрвээ Еховатай тогтоосон харьцаагаа хамгийн чухалд үздэг бол энэ нь амархан. Порно гэж илт харагдахааргүй зарим зураг бэлгийн дур хүслийг өдөөдөг. Үүнээс яагаад зайлсхийх хэрэгтэй вэ? Учир нь ёс суртахуунгүй юм хийх хүсэл төрүүлэх ямар ч юмыг бид бодох ёсгүй (Мат. 5:28, 29). Тайландад ахлагчаар үйлчилдэг Дэйвид: «“Порно биш ч гэсэн энэ зургийг хараад байвал Еховад таалагдах уу?” гэж би өөрөөсөө асуудаг. Ингэж бодох нь зөв юм хийхэд тустай байдаг» гэжээ.
13. Яавал зөв шийдвэр гаргаж чадах вэ?
13 Еховаг гомдоох вий гэж эмээдэг болбол зөв шийдвэр гаргаж чадна. Еховагаас эмээх нь «мэргэн ухааны эхлэл» юм (Сур. 9:10). Энэ тухай «Сургаалт үгс» номын 9-р бүлгийн эхэнд тайлбарласан байдаг. Тэнд «мэргэн ухааныг» бас нэг эмэгтэйгээр зүйрлэжээ.
ЖИНХЭНЭ МЭРГЭН УХААНЫ УРИЛГА АВААРАЙ
14. Дээр ярилцсанаас ялгаатай хэний урилгыг Сургаалт үгс 9:1–6-д дурдсан байдаг вэ?
14 Сургаалт үгс 9:1–6-г уншина. Энд бидний Бүтээгч бөгөөд бүх мэргэн ухааны Эх булаг Еховагийн урилгын тухай гардаг (Сур. 2:6; Ром 16:27). Эдгээр зүйлд 7 багана бүхий том байшинг дүрсэлсэн нь Ехова өгөөмөр сэтгэлтэй Бурхан бөгөөд мэргэн ухаанаар нь удирдуулж амьдрах хүсэлтэй бүх хүнийг хүлээн авдгийг харуулдаг.
15. Бурхан хүүхдүүдээ яагаасай гэж хүсдэг вэ?
15 Өгөөмөр сэтгэлтэй Ехова биднийг бүх юмаар элбэг дэлбэг хангадаг. «Сургаалт үгс» номын 9-р бүлэгт гардаг эмэгтэйгээр жинхэнэ «мэргэн ухааныг» бэлгэддэг бөгөөд тэрбээр бас өгөөмөр сэтгэлтэй. Эмэгтэй зочдодоо зориулж мах болон дарс бэлтгэн сайхан ширээ зассан (Сур. 9:2). Түүнээс гадна 4, 5-р зүйлд бичсэнээр тэрбээр буюу мэргэн ухаан нь «ухаан мөхөс нэгэнд ... “Нааш ир, хоол хүнснээс минь зоогло”» гэдэг. Бид яагаад жинхэнэ мэргэн ухааны гэрт очиж, хоолыг нь идэх хэрэгтэй вэ? Ехова хүүхдүүдээ мэргэн ухаантай байж аюулаас өөрсдийгөө хамгаалаасай гэж хүсдэг. Амьдралдаа алдаа гаргаж, харамсаж, гашуун сургамж аваасай гэж хүсдэггүй. Тийм учраас «Тэр цэх шулуун явдалт хүнд саруул ухааныг нөөцөлдөг» (Сур. 2:7). Хэрэв бид Еховагаас эмээдэг бол түүнийг баярлуулж, мэргэн зөвлөгөөг нь дуртайяа дагана (Яак. 1:25).
16. Аленыг зөв шийдвэр гаргахад Бурхнаас эмээх нь тустай байсан гэхийн учир юу вэ? Ямар үр дүнтэй байсан бэ?
16 Бурхнаас эмээх нь зөв шийдвэр гаргахад Аленд тустай байсныг бодож үзье. Хуралд ахлагчаар үйлчилж, бас сургуульд багшилдаг тэрбээр: «Порно кино нь бэлгийн боловсрол олгоход тустай гэж надтай хамт ажилладаг олон хүн үздэг» гэж ярьсан. Гэхдээ Ален үүнтэй санал нийлдэггүй. Тиймээс ч «Би Бурхнаас эмээдэг болохоор тийм кино огт үздэггүй. Яагаад үздэггүйгээ ч ажлынхандаа тайлбарласан» гэжээ. Ийнхүү «оюун ухааны замаар яв» гэсэн «мэргэн ухааны» зөвлөгөөг дагасан (Сур. 9:6). Шийдэмгий байгаа түүнийг хараад сэтгэл нь хөдөлсөн зарим багш одоо Библи судалж, цуглаанд явдаг болжээ.
17, 18. Жинхэнэ «мэргэн ухааны» урилга авсан хүн одоо ямар ивээл хүртдэг вэ? Ирээдүйд яах вэ? (Бас зургийг үзээрэй).
17 Ехова бэлгэдлийн хоёр эмэгтэйн жишээг ашиглан яавал жаргалтай амьдрахыг зааж өгсөн. Дуулиантай «мунхаг эмэгтэйн» урилгыг авч гэрт нь очсон хүмүүс нууцаар таашаал эдэлдэг. Тэд ирээдүйгээ бус өнөөдрийн түр зуурын жаргалыг л боддог. Тэгээд эцэстээ «Үхэгсдийн орны гүнд» байх болно (Сур. 9:13, 17, 18).
18 Харин жинхэнэ «мэргэн ухааны» урилга авсан хүмүүсийн ирээдүй шал өөр! Өнөөдөр ч тэд Бурхантай дотно байлгах бүхнээр хангагддаг учраас жаргалтай байдаг (Ис. 65:13). Ехова зөнч Исаиагаар «Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа» гэж хэлүүлсэн (Ис. 55:1, 2). Бид Еховагийн хайрладаг юмыг хайрлаж, үзэн яддаг юмыг нь үзэн ядахыг сурч байгаа (Дуу. 97:10). Бас бид жинхэнэ «мэргэн ухаанаас» ач тус хүртэхийг бусдад уриалдаг болохоор сэтгэл хангалуун явдаг. Энэ нь «хотын хамгийн өндөр газраас [хүмүүсийг] дуудаж ... “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!”» гэж хэлж байгаатай адил юм. Бид болон урилга авсан хүмүүс зөвхөн одоо биш үүрд мөнхөд ач тус хүртэнэ. Өөрөөр хэлбэл «оюун ухааны замаар» үүрд мөнх «амьд явна» (Сур. 9:3, 4, 6).
19. Бид Номлогчийн үгс 12:13, 14-т бичсэний дагуу яахаар бат шийдэх ёстой вэ? (Бас «Бурхнаас эмээхийн ач тус» гэсэн хавсралтыг үзээрэй).
19 Номлогчийн үгс 12:13, 14-ийг уншина. Бурхнаас үргэлж эмээдэг бол цаашид ч зүрхээ хамгаалж, эцсийн бузар муу энэ өдрүүдэд ёс суртахууны хувьд цэвэр байж, түүнтэй улам дотносно. Мөн жинхэнэ «мэргэн ухааныг» хайж, ач тусыг нь хүртэхийг аль болох олон хүнд уриална.
ДУУ 29 Үнэнч явъя
a Христийн дагалдагчид Бурхнаас эмээдэг байх учиртай. Тэгдэг бол зүрхээ хамгаалж, порно үзэх юм уу садар явдалд орооцолдохоос зайлсхийнэ. Энэ өгүүллээр мунхаг болон мэргэн 2 эмэгтэйн ялгааг тод харуулсан «Сургаалт үгс» номын 9-р бүлгийг авч үзнэ. Энэ бүлэгт бичсэн зөвлөгөөнүүд одоо ч, ирээдүйд ч тустай.
b Зарим нэрийг өөрчлөв.