СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 27
Еховагаас яагаад эмээх хэрэгтэй вэ?
«Еховагаас эмээдэг хүмүүс түүнтэй дотно харьцаатай байдаг» (ДУУ. 25:14, ШЕ).
ДУУ 49 Еховад хоргодъё
ТОЙМ a
1, 2. Дуулал 25:14-т бичсэнээр Еховатай дотнын найз байхын тулд яах ёстой вэ?
ТАНЫ бодлоор, хэн нэгний дотнын найз байхын тулд ямар зан чанартай байх хэрэгтэй вэ? Хайрлаж, дэмждэг байх хэрэгтэй гэж та хариулах байх. Мөн дотнын найзууд нэг нэгнээсээ айх ёсгүй гэж бодож байж болох юм. Гэхдээ энэ өгүүллийн Библийн гол зүйлд Еховатай дотнын найз болохыг хүсвэл түүнээс эмээх ёстой гэжээ (Дуулал 25:14-ийг уншина).
2 Бид Еховад хэр удаан үйлчилсэн гэдгээс үл шалтгаалан түүнээс эмээх учиртай. Бурхнаас эмээх гэдгийг юу гэж ойлгох вэ? Яавал Еховагаас эмээдэг болох вэ? Мөн Бурхнаас эмээх талаар түшмэл Обадиа, тэргүүн тахилч Иехоиада болон Иехоаш хаанаас юу сурах вэ?
БУРХНААС ЭМЭЭХ ГЭДГИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?
3. Бид яагаад айдаг вэ? Айх нь аминд өлзийтэй гэхийн учир юу вэ?
3 Ямар нэг аюул учрахаар бид айдаг. Ингэх нь ч тустай. Яагаад гэвэл зөв шийдвэр гаргадаг. Унах вий гэж айгаад хадан цохионы ирмэгт ойртож очдоггүй. Гэмтэх вий гэж айсандаа аюултай газраас холддог. Хайртай хүнээ гомдоох вий гэж эмээн муу үг хэлэх юм уу муу юм хийхээс зайлсхийдэг.
4. Сатан биднийг яагаасай гэж хүсдэг вэ?
4 Сатан хүмүүсийг Еховагаас айн чичрээсэй гэж хүсдэг. Тэрбээр Еховаг өс санадаг, уур уцаартай, түүнд таалагдах боломжгүй гэсэн Елифазын санааг хүмүүст хүргэдэг (Иов 4:18, 19). Биднийг Еховагаас айгаад түүнд үйлчлэхээ болиосой гэж хүсдэг. Гэхдээ ингэвэл Сатаны урхинд орно. Еховагаас айн чичрэх биш, харин гомдоохоос эмээн гүнээ хүндэтгэх учиртай.
5. Бурхнаас эмээх гэдгийг юу гэж ойлгох вэ?
5 Бурхнаас эмээдэг хүн түүнийг хайрладаг. Түүнтэй тогтоосон харьцаандаа сэв суулгах юуг ч хийдэггүй. Есүс ч Бурхнаас ийнхүү «эмээдэг» байв (Евр. 5:7). Тэрбээр Еховагаас айн чичирч байгаагүй (Ис. 11:2, 3). Харин ч чин сэтгэлээсээ хайрлан хүндэтгэж, түүнд ямагт дуулгавартай байсан (Ёох. 14:21, 31). Бид ч Есүсийн адилаар Еховаг хайрын сэтгэлтэй, ухаантай, шударга, хүчирхэг Нэгэн гэдгийг мэддэг учраас гүнээ хүндэтгэдэг, биширдэг. Мөн Ехова биднийг маш их хайрладгийг, удирдамж зааврыг нь хэрхэн дагаж байгааг ажигладгийг бид мэддэг. Хэрвээ бид дуулгаваргүй байвал Ехова гомддог бөгөөд дуулгавартай байвал баярлана (Дуу. 78:41; Сур. 27:11).
БУРХНААС ЭМЭЭЖ СУРАХ НЬ
6. Еховагаас эмээж сурах нэг арга юу вэ? (Дуулал 34:11).
6 Бид Еховагаас эмээх төрөлхийн хандлагагүй (Дуулал 34:11-ийг уншина). Тиймээс ийм хандлагатай болохыг хичээх хэрэгтэй. Нэг арга нь бүтээлийг ажиглах явдал юм. Бурхны мэргэн ухаан, хүч болон биднийг гэсэн агуу хайрыг «бүтээлээс» нь мэдрэх тусам түүнийг улам их хайрлаж, хүндэлнэ (Ром 1:20). Адриен гэдэг Гэрч эмэгтэй: «Ехова хэчнээн их мэргэн ухаантайг би бүтээлийг нь ажиглаад гайхдаг. Надад юу хамгийн сайн гэдгийг мэддэгийг нь ойлгодог» гэж ярьжээ. Ийнхүү тогтмол эргэцүүлэн боддог учраас тэрбээр: «Амь амьдралын минь Эх булаг болсон Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгах юу ч хиймээргүй байна» гэжээ. Та энэ долоо хоногт аль нэг бүтээлийг судлах цаг гаргавал ямар вэ? Ингэвэл та Еховаг улам их хүндэлж хайрлана (Дуу. 111:2, 3).
7. Еховагаас эмээж сурахад залбирал тустай гэхийн учир юу вэ?
7 Тогтмол залбирах нь Бурхнаас эмээж сурах бас нэг арга юм. Залбирах тусам Ехова улам бодитой болдог. Сорилтыг тэвчих хүч гуйн залбирах болгондоо Ехова ямар их агуу хүчтэйг санадаг. Бидний төлөө Хүүгийнхээ амийг бэлэг болгон өгсөнд нь талархахлаараа Ехова бидэнд хэчнээн их хайртайг мэдэрдэг. Асуудлыг шийдэх тусламж гуйхлаараа хэчнээн их мэргэн ухаантайг нь биширдэг. Ийнхүү залбирахаар Еховаг улам их хүндэлдэг. Бас Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа сэвтүүлэх юу ч хийхгүй байх шийдвэр маань улам батаждаг.
8. Еховагаас үргэлж эмээхийн тулд яах учиртай вэ?
8 Библид гардаг сайн муу жишээнээс сургамж авах нь Еховагаас үргэлж эмээхэд тустай. Тиймээс одоо Еховагийн үнэнч үйлчлэгч бөгөөд Ахаб хааны түшмэл Обадиа болон тэргүүн тахилч Иехоиадагийн тухай ярилцъя. Дараа нь үнэнч үйлчилж байгаад больсон Иудагийн хаан Иехоашийн гашуун сургамжийн тухай бас үзнэ.
БУРХНААС ЭМЭЭДЭГ ОБАДИА ШИГ ЭР ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ
9. Обадиа Еховагаас эмээдэг байсныхаа ачаар ямар зан чанартай байсан бэ? (Хаадын дээд 18:3, 12).
9 Библид Обадиаг b «ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн» гэж бичсэн байдаг (Хаадын дээд 18:3, 12-ыг уншина). Обадиа Бурхнаас эмээдэг байсан учраас үнэнч, итгэл хүлээсэн хүн байв. Тиймээс хаан түүнийг гэрийнхээ даамлаар томилжээ (Нехемиа 7:2-той харьцуулаарай). Бурхнаас эмээдэг тэрбээр бас онцгой эр зоригтой байсан. Тэр үед «өмнөх бүх хаадаасаа ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлддэг» Ахаб хаан захирч байсан учраас эр зоригтой байх нь чухал байв (Х.дээд 16:30). Түүнчлэн Ахабын эхнэр, Баал шүтдэг Иезебел Еховаг маш их үзэн яддагаас болж хойд хаант улс дахь цэвэр шүтлэгийг арчин хаяхыг оролдож байлаа. Мөн Еховагийн олон зөнчийн амийг хороосон (Х.дээд 18:4). Обадиа Еховаг шүтэхэд үнэхээр хэцүү цаг үед амьдарч байжээ.
10. Обадиа маш их эр зоригтойгоо хэрхэн харуулсан бэ?
10 Обадиа эр зоригтойгоо хэрхэн харуулсан бэ? Бурхны зөнчдийг Иезебел хөнөөхөөр мөшгөж байхад Обадиа тэднээс зууг нь «тавь тавиар агуйд нуун, тэднийг талх усаар хангаж байсан» (Х.дээд 18:13, 14). Хэрвээ Обадиа юу хийснийг Иезебел мэдсэн бол эр зоригтой түүний амийг хороох байв. Тэрбээр хүн л юм чинь үхнэ гэдгээс айх нь мэдээж. Гэхдээ Бурхныг болон үйлчлэгчдийг нь аминаасаа ч илүүгээр хайрласан.
11. Еховагийн орчин үеийн үйлчлэгчид юугаараа Обадиатай адилхан бэ? (Бас зургийг үзээрэй).
11 Манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон газар Еховад үйлчилдэг хүн өнөөдөр ч олон бий. Тэд маань эрх баригчдыг зохих хэмжээгээр хүндэлдэг ч Обадиа шиг Еховад бүхнээ зориулж үнэнчээр үйлчилдэг (Мат. 22:21). Тэд хүнд бус Бурханд дуулгавартай байж түүнээс эмээдгээ баталдаг (Үйлс 5:29). Өөрөөр хэлбэл ухаалаг байж хэний ч анхаарлыг таталгүйгээр цуглаж, сайн мэдээг тасралтгүй дэлгэрүүлдэг (Мат. 10:16, 28). Бас ах дүүстээ бэлгэдлийн хоол ундыг нь хүргэж өгөхийг анхаарч санаа тавьдаг. Хэсэг хугацаанд манай үйл ажиллагаа хориотой байсан Африкийн нэг улсад амьдардаг Хенригийн жишээг бодъё. Хориотой байхад ах дүүсээ Библид үндэслэсэн ном хэвлэлээр хангах ажилд тэрбээр сайн дураараа оролцож байжээ. Хенри: «Би угийн ичимхий хүн л дээ. Гэхдээ Еховаг гүнээ хүндэтгэдэг учраас эр зоригтой байж чадсан гэдэгтээ итгэлтэй байдаг» гэжээ. Та өөрийгөө Хенри шиг зоригтой гэж боддог уу? Хэрэв та Еховагаас эмээдэг бол ийм зориг гаргаж чадна.
БУРХНААС ЭМЭЭДЭГ ТЭРГҮҮН ТАХИЛЧ ИЕХОИАДА ШИГ ҮНЭНЧ БАЙГААРАЙ
12. Тэргүүн тахилч Иехоиада болон түүний эхнэрийг Еховад үнэнч хүмүүс гэж яагаад хэлж болох вэ?
12 Тэргүүн тахилч Иехоиада Еховагаас эмээдэг байсан тул үнэнч байн цэвэр шүтлэгийг дэмжсэн. Энэ нь Иезебелийн охин Аталиа Иудагийн хаан ширээг булаан авахад илэрхий харагджээ. Хүмүүс Аталиагаас айдаг байсан. Учир нь тэрбээр харгис хэрцгий, эрх мэдэлд шунадаг, тэр бүү хэл хааны удам болох өөрийнхөө ач нарыг бараг бүгдийг нь хороосон! (Ш.дэд 22:10, 11). Тэдгээр хөвгүүдийн нэг нь болох Иехоашийг Иехоиадагийн эхнэр Иехошабеат аварсан. Тэрбээр нөхөртэйгөө хамт тэр хүүг нууж, асран хамгаалсан. Ийнхүү Иехоиада Иехошабеат хоёр Давид хааны удам тасрахаас сэргийлж чадсан. Иехоиада Еховад үнэнч байж, Аталиагаас айж эмээгээгүй (Сур. 29:25).
13. Иехоиада Иехоашийг 7 настай байхад Еховад үнэнч гэдгээ дахин хэрхэн баталсан бэ?
13 Иехоиада Иехоашийг 7 настай байхад Еховад үнэнч гэдгээ дахин баталсан. Тэрбээр нэг төлөвлөгөө зохиов. Хэрэв төлөвлөсөн зүйл нь бүтэлтэй болбол Иехоаш хаан болж Давидын хаан ширээг хууль ёсоор залгамжлах байв. Харин бүтэлгүйтвэл Иехоиада амиа алдах байлаа. Еховагийн ивээлээр төлөвлөгөө нь амжилттай биелсэн. Иехоиада зуутын дарга нар болон левичүүдийн дэмжлэгтэйгээр Иехоашийг хаан болгож, харин Аталиаг цаазлав (Ш.дэд 23:1–5, 11, 12, 15; 24:1). Дараа нь Иехоиада: «ЭЗЭН, хаан болон ард түмний хооронд тэд ЭЗЭНий ард түмэн болно» гэжээ. Ийнхүү гэрээ байгуулав (Х.дэд 11:17). Мөн «ЭЗЭНий өргөөний хаалганы сахиулуудыг томилж, ямар нэг талаар цэвэр бус хэнийг ч дотогш оруулаагүй» (Ш.дэд 23:19).
14. Еховаг хүндэтгэсэн Иехоиада хэрхэн хүндэтгэл хүлээсэн бэ?
14 Ехова урьд нь «Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ» гэж хэлжээ. Үнэхээр ч Иехоиадаг хүндэтгэж, ивээсэн (1 Сам. 2:30). Жишээлбэл биднийг сургахын тулд түүний сайн үйлсийг Библид бичүүлэн үлдээжээ (Ром 15:4). Бас нас барахад нь хүмүүс түүнд онцгой хүндэтгэл үзүүлэн «Давидын хотод хаадын дунд оршуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ» (Ш.дэд 24:15, 16).
15. Иехоиадагийн түүхээс бид юу мэдэж авах вэ? (Бас зургийг үзээрэй).
15 Бурхнаас эмээдэг болоход Иехоиадагийн жишээ тустай. Ахлагчид сонор сэрэмжтэй байн Бурхны сүргийг үнэнчээр хамгаалж Иехоиадаг дуурайдаг (Үйлс 20:28). Настай эрчүүд Иехоиадагаас юу мэдэж авах вэ? Хэрэв тэд Еховагаас эмээж, үнэнч байвал Ехова тэднийг ашиглан санаа зорилгоо биелүүлнэ. Ехова Иехоиадатай хэрхэн харьцаж байсныг залуучууд яаж дуурайх вэ? Тэд үнэнч ахмадуудыг, ялангуяа олон жил зүрх сэтгэлээ зориулан үйлчилж буй хүмүүсийг гүнээ хүндэтгэн Еховаг дуурайдаг (Сур. 16:31). Эцэст нь, бид бүгд Иехоиадаг дэмжиж байсан зуутын дарга нар болон левичүүдээс юу сурах вэ? «Удирдаж байгаа хүмүүсээ» үнэнчээр дэмжиж, тэдэнд дуулгавартай байх учиртай (Евр. 13:17).
ИЕХОАШ ХААНЫГ БҮҮ ДУУРАЙ
16. Иехоаш хаан өөдгүй хүн болсноо хэрхэн харуулсан бэ?
16 Иехоиада Иехоаш хаанд сайнаар нөлөөлсөн (Х.дэд 12:2). Тийм ч учраас залуу хаан Еховад таалагдахыг хүсдэг байв. Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иехоаш урвагч түшмэдийн үгэнд орсон. Энэ нь юунд хүргэсэн бэ? Тэр өөрөө болон ард иргэд нь «Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчилж» эхэлсэн (Ш.дэд 24:4, 17, 18). Ехова туйлын их харамсаж, гомдсон ч «тэднийг ... буцаан авчрахын тулд Тэрээр тэдэн уруу эш үзүүлэгчдийг илгээв». Гэвч «тэд сонссонгүй». Тэр бүү хэл тэд Еховагийн зөнч, тахилч төдийгүй Иехоашийн үеэл буюу Иехоиадагийн хүү Зехариагийн үгийг ч сонссонгүй. Иехоаш хаан өөрийнх нь төлөө өчнөөн сайн сайхныг үйлдсэн Иехоиадагийн гэр бүлийнхэнд талархах нь битгий хэл, бүр Зехариаг алсан (Ш.дэд 22:11; 24:19–22).
17. Иехоашийн бүх юм хэрхэн муугаар эргэсэн бэ?
17 Иехоаш Еховагаас эмээхээ больсон тул бүх зүйл нь муугаар эргэжээ. Ехова: «Намайг жигшигчдийг Би үл хайхарна» гэж хэлсэн (1 Сам. 2:30). Хожим нь арамейчуудын цөөхөн цэрэг Иехоашийн «үлэмж их цэргийг» бут цохисон. Иехоаш ч хүнд шархадсан. Дараа нь зарц нар нь Зехариагийн амийг хороосон түүний эсрэг хуйвалдаж, алжээ. Энэ хорон муу хааныг «хаадын булшнуудад» оршуулах ч зохисгүй гэж үзжээ (Ш.дэд 24:23–25; «Судалгааны Библи»-ээс Мат. 23:35-д гарч буй «Барахиагийн хүү» гэсний тайлбарыг үзээрэй (англи)).
18. Иеремиа 17:7, 8-ыг үзвэл бид Иехоаш шиг болохгүйн тулд яах хэрэгтэй вэ?
18 Иехоашид тохиолдсон явдлаас бид юу мэдэж авах вэ? Тэрбээр гадаслаж тогтоосон, үндэс муутай мод мэт байв. Гадсыг нь сугалбал салхинд цохиулж унадагтай адил өөрийг нь түшиж тулж байсан Иехоиадаг нас барахад Иехоаш тэрслэгчдийн үгэнд орж Еховад үнэнч бус болсон. Тэгэхээр Бурханд дуулгавартай байхад зөвхөн бусдын үлгэр дуурайл хангалттай биш байх нь. Бурхантай дотно байхын тулд тогтмол бие даан судалж, эргэцүүлэн бодож, залбирснаар Бурхнаа улам бүр хайрлаж, хүндэлдэг болно. (Иеремиа 17:7, 8-ыг уншина; Кол. 2:6, 7).
19. Ехова биднээс юу шаарддаг вэ?
19 Ехова биднээс их юм шаарддаггүй. Юу шаарддагийг нь Номлогчийн үгс 12:13-т «Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна» гэж бичжээ. Бид Еховагаас эмээдэг бол Обадиа Иехоиада нарын адилаар ирээдүйд ямар ч сорилт тулгарсан Еховад үнэнч байж чадна. Еховатай тогтоосон харьцааг маань бусниулах юу ч тохиолдсон бууж өгөхгүй!
ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал
a Сударт гардаг «эмээх» гэдэг үг нь өргөн утгатай. Хам сэдвээсээ шалтгаалаад айн чичрэх, хүндэтгэх, бишрэх гэсэн утга илэрхийлдэг. Энэ өгүүллээр яавал Бурхнаас эмээж эр зоригтой, үнэнч үйлчлэхийг мэдэж авна.
b Энд гарч байгаа түшмэл Обадиа нь зөнч Обадиа биш юм. Зөнч Обадиа нь түүнээс хэдэн зууны дараа амьдарч байсан бөгөөд өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Библийн номыг бичжээ.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хориотой газар үйлчилдэг Гэрч эрэгтэй бэлгэдлийн хоол унд хүргэж буйг харуулсан зохиомж зураг.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч бүсгүй утсаар хэрхэн дэлгэрүүлэхийг настай Гэрчээс сурч байна. Настай Гэрч эрэгтэй нийтэд зоригтой дэлгэрүүлж үлгэр дуурайл болж байна. Туршлагатай Гэрч эрэгтэй цуглааны танхимын засвар үйлчилгээний талаар зааж сургаж байна.