Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 26

Еховагийн өдөр ирэхэд бэлэн бай

Еховагийн өдөр ирэхэд бэлэн бай

«Еховагийн өдөр ирэх нь хулгайч шөнө ирдэгтэй адил» (1 ТЕС. 5:2).

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

ТОЙМ a

1. Бид Еховагийн өдрийг эсэн мэнд давж гарахын тулд яах ёстой вэ?

 БИБЛИД «Еховагийн өдөр» гэдгээр Ехова дайснуудаа устгаж, ард түмнээ аврах цаг үеийг хэлдэг. Эрт цагт Ехова зарим үндэстнийг шийтгэж байсан (Ис. 13:1, 6; Езе. 13:5; Зеф. 1:8). Өнөө үед улс төрийн удирдагчид Агуу Вавилон руу дайрахад «Еховагийн өдөр» эхлэх бөгөөд эцэст нь Хармагедон гэдэг дайн болно. Тэр «өдрийг» эсэн мэнд давахын тулд одооноос бэлтгэх хэрэгтэй. Есүсийн зааснаар бид «агуу их гамшгийг» эсэн мэнд давахын тулд бэлдээд зогсохгүй «бэлэн байх» учиртай (Мат. 24:21; Лук 12:40).

2. «1 Тесалоник» ном бидэнд ач тустай гэхийн учир юу вэ?

2 Паул агуу хүчээр удирдуулан тесалоникчуудад бичсэн эхний захидалдаа Христийн дагалдагчдыг Еховагийн шүүх агуу өдрийг эсэн мэнд давах бэлтгэлтэй байхад тустай хэд хэдэн жишээ татсан. Паул яг тухайн үед Еховагийн өдөр ирэхгүй гэдгийг мэдэж байсан (2 Тес. 2:1–3). Гэсэн ч тэрбээр тэр өдөр маргааш болох гэж байгаа мэт бэлэн байхыг ах дүүстээ уриалсан бөгөөд бид ч үүнийг нь дагах учиртай. Одоо бид 1) Еховагийн өдөр хэрхэн ирэхийг, 2) тэр өдрийг хэн давж чадахгүйг, 3) тэр өдрийг эсэн мэнд давахын тулд яах хэрэгтэйг Паулын бичсэн захидлаас ярилцана.

ЕХОВАГИЙН ӨДӨР ХЭРХЭН ИРЭХ ВЭ?

Паул «1 Тесалоник» номд ач тустай жишээнүүд татсан (3-р догол мөрийг үзээрэй)

3. Еховагийн өдөр ирэхийг хулгайч шөнө ирдэгтэй зүйрлэж болохын учир юу вэ? (Бас зургийг үзээрэй).

3 «Хулгайч шөнө ирдэгтэй адил» (1 Тес. 5:2). Еховагийн өдөр хэрхэн ирэхийг дүрсэлсэн 3 зүйрлэлийн эхнийх нь энэ үг юм. Хулгайчид ихэвчлэн шөнөөр, хүмүүсийн бодоогүй цагт ирж түргэн шаламгай ажилладаг. Еховагийн өдөр ч хүмүүсийн бодоогүй цагт гэнэт ирнэ. Үйл явдлууд хоромхон зуур болж өнгөрөх учраас Христийн жинхэнэ дагалдагчид ч гайхширч магадгүй. Гэхдээ хорон муу хүмүүсээс ялгаатай нь бид тэр өдрийг эсэн мэнд давна.

4. Еховагийн өдөр ирэхийг жирэмсэн эмэгтэй төрөх болохоороо өвддөгтэй зүйрлэж болохын учир юу вэ?

4 «Жирэмсэн эмэгтэй төрөх болохоороо өвддөгтэй адил» (1 Тес. 5:3). Жирэмсэн хүн яг хэзээ амаржихаа мэдэхгүй ч төрнө гэдэгтээ эргэлздэггүй. Харин цаг нь болохоор гэнэт өвдөж эхэлдэг бөгөөд төрөх явцыг зогсоох боломжгүй. Үүнтэй адилаар бид Еховагийн өдөр яг хэдний өдөр, хэдэн цагт ирэхийг мэдэхгүй. Гэхдээ Еховагийн өдөр заавал ирж муу хүмүүсийг гэнэт устгахыг, тэд зугтаж чадахгүйг мэддэг.

5. Агуу их гамшиг болохыг гэгээ орохтой адилтгаж болохын учир юу вэ?

5 Гэгээ орохтой адил. Шөнө болохоор ирэх хулгайчийг Паул 3 дахь зүйрлэлдээ дахин дурдсан. Гэхдээ энэ удаа Паул Еховагийн өдөр ирэхийг гэгээ орохтой зүйрлэсэн (1 Тес. 5:4). Шөнө хулгай хийж байгаа хүн цаг хэр хурдан өнгөрснийг анзаардаггүй. Тэгээд гэгээ ороход сонор сэрэмжээ алдаж, илчлэгддэг. Үүнтэй адилаар агуу их гамшиг болоход Бурханд таалагддаггүй юм хийдэг, харанхуйд буй хүмүүс илчлэгдэнэ. Харин бид Бурханд таалагдахгүй юм хийхээс зайлсхийж, «аливаа сайн үйл, шударга сайн явдал, үнэнийг» мөшгөн хайж бэлэн байж чадна (Эф. 5:8–12). Еховагийн өдрийг эсэн мэнд давахгүй хүмүүсийг Паул 2 янзын хүнтэй адилтгажээ.

ЕХОВАГИЙН ӨДРИЙГ ХЭН ДАВЖ ЧАДАХГҮЙ ВЭ?

6. Ихэнх хүн унтаа байгаа гэдгийг юу гэж ойлгох вэ? (1 Тесалоник 5:6, 7).

6 «Унтдаг хүн» (1 Тес. 5:6, 7-г уншина). Паул Еховагийн өдрийг давж чадахгүй хүнийг унтаж буй хүнтэй зүйрлэсэн. Тэд эргэн тойрондоо юу болж байгааг, бас цаг хэр хурдан өнгөрч байгааг ч мэдэрдэггүй. Тиймээс ямар нэг чухал явдлыг анзаардаггүй, хариу үйлдэл ч үзүүлдэггүй. Өнөөгийн ихэнх хүн унтаж буй хүнтэй адил юм (Ром 11:8). «Эцсийн өдрүүд» аль хэдийн эхэлсэн гэдгийг болон агуу их гамшиг ойртож буйг харуулах үйл явдлуудыг тэд тоодоггүй. Унтаа хүмүүсийн зарим нь дэлхийг хамарсан том үйл явдлуудыг хараад нойрноосоо сэрж, Хаант төрийн мэдээг сонирхож эхлэх нь бий. Гэхдээ олон хүн дахиад унтдаг. Зарим хүн шүүх өдөр ирнэ гэдэгт итгэдэг ч мөдгүй гэж боддог (2 Петр 3:3, 4). Гэхдээ сэргэг бай гэсэн зөвлөгөөг дагах нь өдөр өнгөрөх тусам улам чухал болж байгааг бид ойлгодог.

7. Бурхны устгах хүмүүсийг яагаад согтуурагчидтай зүйрлэсэн бэ?

7 «Согтдог хүн». Элч Паул Бурхны устгах хүмүүсийг согтуурагчидтай зүйрлэсэн. Согтуу хүн эргэн тойронд юу болж байгааг ойлгохдоо удаан, ихэвчлэн буруу шийдвэр гаргадаг. Үүнтэй адилаар хорон муу хүмүүс Бурхны сануулгыг үл тоомсорлодог. Тэд сүйрэлд хүргэх амьдралын замыг сонгодог. Харин Христийн дагалдагчид ухаалаг буюу саруул ухаантай байх учиртай (1 Тес. 5:6). Нэгэн судлаачийн хэлснээр саруул ухаантай хүн «ямар нэгэн юм болоход сандрахгүй тайван байж чаддаг бөгөөд оюун ухаан нь сэргэг соргог байж, зөв шийдвэр гаргадаг». Бид яагаад саруул ухаантай байх ёстой вэ? Яагаад гэвэл ийм хүн улс төрийн юм уу олон нийтийн асуудалтай хутгалддаггүй. Цаашид Еховагийн өдөр ойртох тусам биднийг аль нэг талд нь оруулах гэсэн дарамт улам бүр ихэснэ. Гэсэн ч бид яах вэ гэж санаа зовохгүй. Саруул ухаантай байж, ухаалаг шийдвэр гаргахад маань Бурхны агуу хүч тусална (Лук 12:11, 12).

ЕХОВАГИЙН ӨДРИЙГ ХҮЛЭЭНГЭЭ ХЭРХЭН БЭЛТГЭЛЭЭ БАЗААХ ВЭ?

Олон хүн Бурхны сануулгыг үл тоодог ч бид итгэл ба хайрыг хуяг мэт, найдварыг дуулга мэт өмсөж Еховагийн өдөр болоход бэлэн байдаг (8, 12-р догол мөрийг үзээрэй)

8. 1 Тесалоник 5:8-д дүрсэлснээр сэргэг, ухаалаг байхад яах нь чухал вэ? (Бас зургийг үзээрэй).

8 «Хуяг ... дуулгаа ...өмсье». Паул биднийг иж бүрэн хувцаслаж зэвсгээ агссан, сонор сэрэмжтэй цэргүүдтэй зүйрлэсэн (1 Тесалоник 5:8-ыг уншина). Дайны үеэр цэрэг хүн тулалдаанд ороход хэзээд бэлэн байдаг. Бид ч мөн адил, итгэл болон хайрыг хуяг мэт, найдвараа дуулга мэт өмсөж Еховагийн өдөр болоход хэзээд бэлэн байх учиртай. Ингэх нь бидний хувьд маш их чухал.

9. Итгэл хэрхэн хамгаалалт болдог вэ?

9 Цэрэг хүн хуяг өмссөнөөр зүрхээ хамгаалдаг шиг бид итгэл, хайрыг хөгжүүлснээр бэлгэдлийн зүрхээ хамгаална. Ингэх нь Бурханд үйлчилж, Есүсийг дагасаар байхад тустай. Итгэлтэй хүн Еховаг бүхий л зүрхээрээ хайвал шагнуулна гэдгээ мэддэг (Евр. 11:6). Тиймээс бэрхшээл тулгарсан ч удирдагч Есүстээ үнэнч байж чадна. Амьдралд тулгарах бэрхшээлийг давахын тулд итгэлээ батжуулах хэрэгтэй. Ингэхийн тулд хавчлага тулгарах юм уу мөнгө төгрөгөөр гачигдсан ч үнэнч байсан орчин үеийн хүмүүсийн жишээг судлаарай. Ийнхүү Хаант төрийг эн тэргүүнд тавьж амьдралаа энгийн болгосон хүмүүсийг дуурайвал эд хөрөнгөний урхинаас зайлсхийж чадна. b

10. Бурхныг болон хүмүүсийг хайрладаг хүн дэлгэрүүлсээр байдаг гэхийн учир юу вэ?

10 Сэргэг, ухаалаг байхад хайр бас чухал үүрэгтэй (Мат. 22:37–39). Бурхныг хайрладаг хүн ямар ч бэрхшээлийг үл тоон дэлгэрүүлсээр байдаг (2 Тим. 1:7, 8). Бид Бурханд үйлчилдэггүй хүнийг ч хайрладаг учраас утсаар ярих, захиа бичих зэрэг бүхий л аргаар байнга дэлгэрүүлдэг. Хэсгийн маань хүмүүс хэзээ нэгэн цагт өөрчлөгдөж зөвийг үйлддэг болно гэдэгт бид найддаг (Езе. 18:27, 28).

11. Итгэл нэгтнээ гэсэн хайр ямар ач тустай вэ? (1 Тесалоник 5:11).

11 Бид ах дүүсээ ч хайрладаг. Тийм ч учраас «бие биеийнхээ урам зоригийг бадрааж» Бурхантай дотносоход нь тусалдаг (1 Тесалоник 5:11-ийг уншина). Цэргүүд мөр зэрэгцэн тулалддаг шиг бид бие биеэ зоригжуулдаг. Харамсалтай нь дайн тулааны ид үед хамтрагчаа санамсаргүй байж байгаад шархдуулах нь бий. Гэхдээ зориуд гэмтээнэ гэж байхгүй. Үүнтэй адилаар бид ах дүүсээ санаатайгаар гомдоодоггүй, мууг муугаар хариулдаггүй (1 Тес. 5:13, 15). Хурлынхаа удирдах үүрэг гүйцэтгэдэг ах дүүсээ хүндэтгэж хайраа илэрхийлдэг (1 Тес. 5:12). Паул энэ захиаг бичих үед Тесалоник дахь хурал байгуулагдаад жил ч болоогүй байв. Томилогдсон эрчүүд ч туршлагагүй, алдаа гаргадаг байсан байх. Гэхдээ тэд хүндэтгэл хүлээх зохистой. Агуу их гамшиг ойртох тусам ахлагч нарын зааврыг дагах нь одоогийнхоос илүү чухал болж мэднэ. Байгууллагын төв болон салбартай холбогдож чадахгүйд хүрч магадгүй. Тийм болохоор одооноос ахлагчдыг хайрлаж хүндлэхийг сурах нь чухал. Юу ч тохиолдсон ухаалаг байж тэдний төгс бус байдлыг бус, харин Ехова энэхүү үнэнч эрчүүдийг удирдуулахаар Христийг томилсон гэдгийг анхаарцгаая.

12. Найдвар бодол санааг маань хэрхэн хамгаалдаг вэ?

12 Дуулга дайчны толгойг хамгаалдаг шиг найдвар оюун бодлыг хамгаалдаг. Найдвар маань бат байвал энэ ертөнцийнхний санал болгодог ямар ч юм үнэ цэнгүй гэдгийг ойлгоно (Флп. 3:8). Найдвар өвөрлөсөн бид саруул ухаантай байдаг. Үүний үнэнийг Африкт үйлчилдэг Уоллес Лоринда хоёрт тохиолдсон явдал харуулдаг. Гурван долоо хоногийн дотор үхлийн гайгаар нэг нь эцгээсээ, нөгөө нь эхээсээ хагацжээ. КОВИД-19 цар тахлын улмаас гэрийнхэнтэйгээ уулзах боломжгүй байсан Уоллес: «Амилах нь гарцаагүй гэсэн итгэл найдвартай учраас тэднийгээ нас барахаасаа өмнө ямар байснаар нь бус шинэ ертөнцөд амилахлаараа ямар байхыг нь төсөөлдөг. Тэднийгээ санаж уйтгар гунигт автах үедээ найдварын тухай бодоод тайвширдаг» гэж бичжээ.

13. Бид Бурхны агуу хүчийг хэрхэн авах вэ?

13 «Бурхны агуу хүч нөлөөлөхөд саад бүү хий» (1 Тес. 5:19). Бурхны агуу хүч нөлөөлөхөд зөв юмыг хийх идэвх зүтгэлтэй, урам зоригтой, Еховагийн төлөө үйлчлэх эрч хүчтэй болдог (Ром 12:11). Агуу хүчийг авахын тулд яах вэ? Залбирч, Бурхны Үгийг судалж, агуу хүчээр нь удирдуулдаг байгууллагатай нь хамтран ажиллах учиртай. Ийнхүү бид «агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг» хөгжүүлж чадна (Гал. 5:22, 23).

«Би Еховагийн агуу хүчийг үргэлж авахыг хүсдэгээ үйл хэргээрээ харуулдаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай (14-р догол мөрийг үзээрэй)

14. Бурхны агуу хүчийг авсаар байхын тулд юунаас зайлсхийх ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).

14 Бурхнаас агуу хүч авсны дараа «Бурхны агуу хүч нөлөөлөхөд саад» болох юу ч хийх ёсгүй. Бурхан цэвэр ариун бодолтой, биеэ зөв авч явдаг хүнд л агуу хүчнээсээ өгдөг. Хэрэв бузар муу юм бодож, түүнийгээ ажил хэрэг болговол тэрбээр агуу хүчээ өгөхөө болино (1 Тес. 4:7, 8). Агуу хүчийг авсаар байя гэвэл бас «зөгнөлүүдийг хайхрахгүй байж болохгүй» (1 Тес. 5:20). Энд «зөгнөлүүд» гэдгээр Еховагийн агуу хүчээр удирдуулан хэлсэн мэдээг хэлдэг. Үүнд Еховагийн өдөр болон өнөөгийн цаг үеийн байдлын тухай мэдээ ордог. Хармагедон бидний амьдарч байгаа цаг үед болохгүй гэж бодох ёсгүй. Харин ч бид өдөр бүр биеэ зөв авч яван «Бурханд үнэнчээ үйлсээрээ баталж» тэр өдрийг тод санаж явах учиртай (2 Петр 3:11, 12).

«АЛИВАА ЮМНЫ ЗӨВ ЭСЭХИЙГ МАГАДАЛ»

15. Бид худал мэдээлэл болон чөтгөрүүдийн ухуулгад автахгүйн тулд яах вэ? (1 Тесалоник 5:21).

15 Ойрын ирээдүйд Бурхныг эсэргүүцэгчид ямар нэг байдлаар «Амар тайван, аюулгүй байна!» гэж тунхаглана (1 Тес. 5:3). Чөтгөрүүдээс эхтэй ухуулга дэлхий даяар тарж олон хүнийг төөрөгдүүлнэ (Илч. 16:13, 14). Харин бид яах вэ? Хэрэв «аливаа юмны зөв эсэхийг магадалдаг» бол хууртахгүй (1 Тесалоник 5:21-ийг уншина). «Магадлах» гэж орчуулсан грек үгийг алт, мөнгө зэрэг металлыг шалгахдаа хэрэглэдэг байжээ. Тиймээс бид уншсан сонссон зүйлээ үнэн зөв эсэхийг нь тодорхойлохын тулд шалгадаг байх хэрэгтэй. Ингэх нь тесалоникчуудад чухал байсан бөгөөд бидний хувьд агуу их гамшиг ойртох тусам бүр ч их чухал болно. Тиймээс хүмүүсийн ярьсан болгонд итгэлгүй, уншсан сонссон зүйлээ Библи болон Еховагийн байгууллага юу гэж хэлдэгтэй харьцуулан сайтар бодох хэрэгтэй. Ингэвэл бид чөтгөрүүдийн ямар ч ухуулгад автахгүй (Сур. 14:15; 1 Тим. 4:1).

16. Бид ямар баттай найдвартай вэ? Яах ёстой вэ?

16 Бурхны үйлчлэгчид агуу их гамшгийг эсэн мэнд давах ч, бидний хүн нэг бүр маргааш амьд байх эсэхээ үнэндээ мэдэхгүй (Яак. 4:14). Гэхдээ агуу их гамшгийг эсэн мэнд давах ч бай, наана нь үхэх ч бай үнэнч байвал мөнхийн амиар шагнуулна. Тослогдсон хүмүүс Христтэй хамт тэнгэрт, харин өөр хоньд диваажин болсон дэлхий дээрээ амьдарна. Ийм гайхалтай найдвараа анхааран Еховагийн өдөр болоход бэлэн байцгаая!

ДУУ 49 Еховад хоргодъё

a «1 Тесалоник» номын 5-р бүлэгт Еховагийн өдөр ирэхийг хэдэн жишээ болон зүйрлэлээр тайлбарлажээ. Энэ ямар учиртай «өдөр» вэ? Хэзээ ирэх вэ? Хэн энэ өдрийг эсэн мэнд давах вэ? Хэн давж чадахгүй вэ? Энэ өдрийг хүлээнгээ хэрхэн бэлтгэлээ базаах вэ? Элч Паулын хэлсэн үгийг судлаад эдгээр асуултын хариуг мэдэж авна.

b «Тэд сайн дураараа үйлчилдэг» гэсэн цуврал өгүүллийг үзээрэй.