Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Еховад үйлчлээд авсан гэнэтийн сонин бэлгүүд болон сургамж

Еховад үйлчлээд авсан гэнэтийн сонин бэлгүүд болон сургамж

ХҮҮХЭД байхдаа тэнгэрт онгоц харах болгондоо суугаад өөр улс руу нисэх юм сан гэж боддог байсан. Гэхдээ энэ нь биелшгүй мөрөөдөл мэт санагддаг байв.

Дэлхийн II дайны үеэр эцэг эх маань Эстониос Герман руу нүүсэн. Тэнд би төрсөн юм. Тэгээд удалгүй манайх Канад руу нүүхээр болов. Канадын Оттавагийн ойролцоо анхны гэр маань тахианы саравчтай залгаа жижиг амбаар байсан. Их л ядуу даржин байсан ч өглөө бүр өндөг иддэг байж билээ.

Нэг өдөр Еховагийн Гэрчүүд манайд ирээд ээжид Илчлэлт 21:3, 4-ийг уншиж өгсөн. Тэгэхэд ээжийн сэтгэл хөдлөөд уйлж билээ. Үнэний үр ургаж аав ээж хоёр маань хурдан ахиц гаргасаар баптисм хүртсэн.

Аав ээж маань англи хэл сайн мэддэггүй байсан ч Еховад хичээл зүтгэлтэй үйлчилсэн. Манай аав Онтариогийн Садберид байдаг никель хайлуулах үйлдвэрт шөнөжингөө ажиллана. Гэхдээ бараг хагас сайн болгонд дүү Силвиа бид хоёрыг аваад дэлгэрүүлнэ. Бас долоо хоног бүр «Харуулын цамхаг» сэтгүүлийг гэр бүлээрээ судалдаг байв. Еховаг хайрлах хайрыг зүрхэнд асаахад нөлөөлсөн хүмүүс бол аав ээж хоёр минь билээ. Тиймээс би 1956 онд 10-тайдаа Еховад өөрийгөө зориулахаар шийдсэн. Еховаг их хайрладаг эцэг эхийгээ санах болгондоо Бурхандаа үнэнчээр үйлчлэх хүч тэнхээтэй болдог байв.

Ахлах сургуулиа төгссөний дараахнаас Еховад үйлчлэх талаар тэгтлээ их анхаарахаа больсон. Хэрвээ би эхлэгч болбол дэлхийгээр аялж, нисэх мөрөөдлөө биелүүлэхэд хүрэлцэхүйц мөнгө цуглуулж чадахгүй гэж бодсон. Би нутгийнхаа радио станцад пянз тоглуулагчийн ажилд орсон. Ажилдаа их дуртай байлаа. Гэхдээ оройн цагаар ажилладаг болохоор цуглаанаа байнга тасалж, Бурхныг хайрладаггүй хүмүүстэй нөхөрлөдөг байв. Яваандаа Библиэр сургагдсан мөс чанарынхаа ачаар өөрчлөгдөх ёстойгоо ойлгосон.

Би Онтариогийн Ошава руу нүүсэн. Тэнд очоод Рэй Норман, түүний дүү Лесли болон бусад эхлэгчтэй танилцаж билээ. Тэд бүгдээрээ надад санаа тавьж байв. Жаргалтай байгааг нь хараад би зорилгынхоо тухай дахин эргэцүүлэн бодсон. Тэд намайг урамшуулан зоригжуулж эхлэгч болох хүсэл төрүүлэхэд 1966 оны 9-р сараас би эхлэгчээр үйлчлэв. Үнэхээр аз жаргалаар бялхаж, эхлэгчийн амьдрал надад таатай сайхан санагдаж байлаа. Гэхдээ амьдралыг минь тэр чигээр нь өөрчлөх гэнэтийн тохиолдол болсон юм.

ЕХОВА ТАНЫГ УРЬЖ ЯМАР НЭГЭН ЮМ ХИЙ ГЭВЭЛ ОРОЛДООД ҮЗЭЭРЭЙ

Би ахлах сургуульд байхдаа Канадын Торонто дахь Бетелд үйлчлэх анкет бичиж явуулсан. Тэгээд эхлэгчээр үйлчилж байхад минь Бетелд 4 жил ажиллах урилга ирэв. Гэхдээ Леслид сэтгэл минь татагдаж байсан болохоор энэ урилгыг авчихвал дахиад түүнтэй уулзахгүй байх гэж бодлоо. Шаргуу, удаан залбирсны эцэст би Леслитэй салах ёс хийгээд Бетелд очсон.

Би Бетелд ормогцоо эхлээд угаалгын ажил, дараа нь нарийн бичгийн ажлыг хийсэн. Лесли тэр үед Кэбэкийн Гатинод тусгай эхлэгч болсон байв. Би түүний тухай, бас би ер нь зөв шийдвэр гаргасан болов уу гэж үе үе боддог байлаа. Гэтэл хамгийн их баярлууштай, гэнэтийн тохиолдол болсон. Леслигийн ах Рэй Бетелд уригдаад, бүр надтай нэг өрөөнд амьдрах болов! Ингээд Леслитэй дахин холбогдох боломж гарлаа. Бетелд 4 жил үйлчлэх томилолт минь дуусах өдөр буюу 1971 оны 2-р сарын 27-нд бид хоёр гэрлэсэн.

1975 онд дүүргийн ажлаа эхлэв

Лесли бид хоёр Кэбэкийн франц хэлний хуралд үйлчлэхээр томилогдсон. Хэдэн жилийн дараа 28-тай байхдаа дүүрэг хариуцагчаар үйлчлэх урилга аваад би их гайхаж билээ. Цэл залуу, туршлагагүй гэж өөрийнхөө тухай бодож байсан ч Иеремиа 1:7, 8-д байсан үг намайг их зоригжуулсан. Гэхдээ Лесли минь хэдэн удаа автын осолд ороод нойр муутай болсон. Тийм болохоор бид хоёр дүүргийн ажил хийж чадах болов уу гэж бодсон. Гэсэн хэдий ч Лесли: «Хэрвээ Ехова биднийг урьж ямар нэгэн юм хий гэсэн бол оролдоод үзэх нь дээр биш үү?» гэв. Тэгээд бид урилгаа аваад дүүргийн ажилдаа 17 жил баяр хөөртэй зүтгэсэн дээ.

Дүүргийн ажил зав чөлөөгүй учраас Леслид зориулж хангалттай цаг гаргаж чаддаггүй байв. Энэ талаар сурах хэрэгтэй байлаа. Даваа гаргийн нэг өглөө хонх дуугарав. Хаалгаа онгойлготол хэн ч байхгүй, сагсан дотор ширээний бүтээлэг, жимс, бяслаг, талх, дарс, хундага байлаа. «Эхнэртэйгээ хамт салхинд гараарай» гэсэн нэр усгүй бичиг байв. Гадаа ч их сайхан, нартай байсан. Гэхдээ илтгэлээ бэлдэх ёстой учраас явж чадахгүйгээ Леслид хэлэхэд тэр минь ойлгосон ч жаахан гунигтай харагдав. Ширээний ард суухад сэтгэл минь тавгүйтэж, Эфэс 5:25, 28-р зүйл санаанд орсон. Эхнэртээ санаа тавиарай гэж Ехова надад хэлэх шиг санагдсан. Залбирсны дараа Леслидээ «Хамт явцгаая» гэж хэлэхэд их баярласан. Бид голын эрэг дээр суугаад авчирсан юмаа идэж уугаад сайхан амарсан маань хамгийн жаргалтай цаг байв. Тэгээд илтгэлээ ч бэлдэж амжсан.

Бид Британийн Колумбаас Ньюфаундлэнд хүртэлх газар нутаг дахь дүүргийн ажлаа баяр хөөртэй хийж, маш завгүй байлаа. Аялах гэсэн миний мөрөөдөл биелсэн юм. Би Гилеадад сурахыг бодож байсан ч гадаадад миссионероор үйлчлэх хүсэлгүй байв. Яагаад гэвэл онцгой хүмүүс миссионерууд болдог гээд өөрийгөө голж, би лав хийж чадахгүй гэж бодсон. Түүнээс гадна Африкт томилогдвол өвчин тусна, дайнд өртөнө гэж зүрх алдаж байв. Тэгээд ч Канадад үйлчилж байгаадаа сэтгэл хангалуун байлаа.

ЭСТОНИ, БАЛТИЙН ТЭНГИСИЙН ОРНУУДАД ҮЙЛЧЛЭХ ГЭНЭТИЙН УРИЛГА

Балтийн тэнгисийн улсуудад үйлчилж байхдаа

1992 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг орнуудын байдал өөрчлөгдөхөд манай байгууллага үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. Тэгэхэд Эстонид миссионероор үйлчлэх саналыг бидэнд тавьсан. Бид их гайхаж, энэ тухай залбирсан. Дахиад л «Хэрвээ Ехова биднийг урьж ямар нэгэн юм хий гэвэл оролдоод үзсэн нь дээр биш үү?» гэж бодоод тэр саналыг хүлээн зөвшөөрсөн. Би: «Африк биш юм чинь яах вэ дээ» гэж бодсон.

Шууд эстони хэл сурч эхэллээ. Хэдэн сарын дараа биднийг урьж дүүргийн ажил хийлгэхээр болов. Бид Балтийн тэнгисийн 3 улс болон Оросын Калининград дахь нийт 46 хурал болон бүлгийг эргэх ёстой байсан. Тэгэхээр латви, литва, орос хэлийг бас тодорхой хэмжээгээр сурах хэрэгтэй байлаа. Тун амаргүй шүү. Гэхдээ найзууд маань бидний хүчин чармайлтыг өндөр үнэлж, бидэнд их тусалсан. 1999 онд Эстонид салбарын оффис байгуулагдаж, намайг салбарын хороонд Тоомас Эдур, Лембит Рэйли, Томми Кауко нартай хамт үйлчлүүлэхээр томилсон.

Зүүн: ЗХУ задарсны дараахан Литвад болсон чуулган дээр илтгэл тавьж байна

Баруун: 1999 онд Эстонид Салбарын хороо байгуулагдсан нь

Өмнө нь Сибирьт цөлөгдсөн олон Гэрчтэй бид танилцсан. Тэд шоронгийн хүнд хэцүү нөхцөлд гэр бүлээсээ хол байсан ч занаж зүхээгүй. Харин ч баяр хөөртэй байж, идэвхтэй дэлгэрүүлсэн. Тэднийг хараад хүнд хэцүү нөхцөлд ч баяр хөөртэй, тэвчээртэй үйлчилж чадна гэдгээ бид ойлгосон.

Олон жил завгүй үйлчлээд сайн амарч чадахгүй байсан учраас Лесли ядаргаанд орсон. Фибромиалгия гэдэг өвчнөөс болоод ингэж их ядарсныг эхэндээ мэдээгүй. Канад руу явах талаар маш нухацтай бодсон. АНУ-ын Нью-Йорк хотын Паттерсон дахь салбарын хорооны гишүүдэд зориулсан сургуульд уригдахад очиж чадахгүй байх гэж бодсон ч шаргуу залбирсны эцэст тэнд очихоор болсон. Ехова энэ шийдвэрийг маань ивээсэн. Энэ сургуульд сурч байхдаа Лесли яг хэрэгтэй эмчилгээ хийлгэж чадав. Үүний ачаар бид үргэлжлүүлэн үйлчилсэн юм.

ӨӨР ТИВД ҮЙЛЧЛЭХ ГЭНЭТИЙН УРИЛГА

Эстонид буцаж ирээд үйлчилж байхад 2008 оны нэг орой байгууллагын төвийн хүн надтай холбогдож, Конгод үйлчлэх боломжтой эсэхийг асуув. Их гайхсан. Бас маргаашийн дотор хариу өгөөрэй гэдэг юм даа. Хэрэв Леслид хэлбэл шөнө унтаж чадахгүй гэдгийг мэдэж байсан болохоор тэр даруйдаа хэлээгүй. Харин би л шөнөжин унталгүй энэ талаар залбирч өнжсөн юм.

Маргааш нь Леслид хэлээд хоёулаа: «Ехова биднийг урьж Африкт үйлчил гэж байна. Үнэхээр чадах уу, үгүй юү гэдгээ үзэж байж л мэднэ шүү дээ» гэж ярилцсан. Ингээд бид Эстонид 16 жил үйлчилсний дараа Конгогийн Киншаса руу нүүв. Эндхийн салбарын оффис маш сайхан цэцэрлэгтэй, тайван орчинтой. Лесли Канадаас явснаас хойш «Суулгагдсан газраа цэцэглээрэй» гэж бичсэн цаасыг дандаа авч явдаг байв. Амьдрах өрөөндөө оронгуутаа үүнийгээ хамгийн түрүүнд гаргаж тавьсан. Ах дүүстэйгээ танилцаж, Библийн хичээлүүдтэй болж, миссионер байхын сайхныг мэдрээд шинэ газартаа баяр хөөртэй үйлчилсэн. Яваандаа Африкийн 13 орны салбарт эргэлт хийх завшаан эдэлсэн. Янз янзын, олон сайхан хүмүүстэй уулзах боломж бүрдсэн. Анхны айдас арилж, биднийг Африкт үйлчлүүлсэн Еховад талархсан.

Биднийг Конгод очиход хорхой шавжтай хоолоор дайлахад нь идэж чадахгүй байх гэж бодсон. Гэхдээ ах дүү нар маань амтархан идэж байхыг хараад идээд үзсэн чинь амттай байсан.

Бид тэндхийн зүүн хэсгийн ах дүү нартаа урам хайрлахаар, мөн хэрэгцээт зүйлсийг нь аваачихаар очсон. Яагаад гэвэл партизанууд тосгон руу дайрч эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хөнөөл учруулж байсан. Ихэнх ах дүү нар маань эд хөрөнгө гэхээр юмгүй байв. Гэсэн хэдий ч тэд амилна гэдэгт бат итгэж, Еховаг хайрлаж, байгууллагад нь үнэнч байгааг хараад бид их урамшин зоригжсон. Тэгээд бид Еховад яагаад үйлчилдгээ дахин бодож, итгэлээ батжуулах хэрэгтэйгээ ойлгосон юм. Зарим ах дүү маань ургац ч үгүй, орох орон ч үгүй болов. Энэ явдлаас эд зүйл хоромхон зуур алга болдог, харин Еховатай тогтоосон харьцаа хамгийн чухал гэдэг нь сэтгэлд хоногшин үлдэж билээ. Хэцүү нөхцөлд байсан ч ах дүү нар маань бараг гомдоллодоггүй байв. Ийм хандлага бидэнд нөлөөлж, эрүүл мэндтэй холбоотой болон өөр асуудал тулгарвал зоригтойгоор даван туулах хүсэлтэй болсон.

Зүүн: Дүрвэгсдийн хуаранд очоод илтгэл тавьж байгаа минь

Баруун: Тусламжийн бараа болон эм бэлдмэлийг Конгогийн Дунгу руу явуулж байна

АЗИ РУУ ТОМИЛОГДСОН НЬ

Дахиад нэг гэнэтийн юм болж Хонг Конгийн салбар луу биднийг явуулахаар боллоо. Бид хоёр Азид амьдарна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй! Гэхдээ даалгавар болгоноо биелүүлэхэд маань Ехова хайрын сэтгэлээр тусалдгийг мэдэрч байсан учраас энэ урилгыг авахаас татгалзаагүй. Биднийг юу хүлээж байгааг мэдэхгүй ч ийнхүү 2013 онд хайртай ах дүүстэйгээ хамт нулимс унаган салах ёс хийж, үзэсгэлэнтэй Африк орныг орхисон.

Хөл хөдөлгөөн ихтэй, олон орны хүн цугларсан Хонг Конгод амьдрах нь бидний хувьд том өөрчлөлт байлаа. Кантон хэл сурах нь хэцүү байв. Ах дүү нар маань биднийг халуун дотноор хүлээж авсан, тэндхийн хоол ч их таалагдсан. Салбарын үйл ажиллагаа эрчимжиж, харин байрны үнэ маш тэнгэрт тултал өсөж байв. Тиймээс Удирдах Зөвлөл оновчтой шийдвэр гаргаж салбарын барилгуудын ихэнхийг зарж, салбарын ажлыг өөр газарт үргэлжлүүлэн хийх болов. Ийнхүү бид хоёр удалгүй 2015 онд Өмнөд Солонгост очсон. Харин дахиад нэг хэцүү хэл сурах хэрэг гарлаа. Хэдийгээр бид сайн ярьж сураагүй ч итгэл нэгтнүүд маань сайн байна, ахиц гаргаж байна гэж урамшуулдаг.

Зүүн: Хонг Конг дахь шинэ амьдрал

Баруун: Солонгос салбар

АВСАН СУРГАМЖУУД

Шинэ найз нөхөдтэй болох дандаа амар байдаггүй ч санаачилга гарган бусдад зочломтгой хандвал хурдан танилцаж болдгийг бид ойлгосон. Итгэл нэгтнүүдэд маань ялгаатай тал байдаг ч ижил төстэй талууд нь илүү их байдгийг, бас Ехова биднийг зүрхээ өргөнөөр нээж олон хүнийг хайрлах чадвартайгаар бүтээснийг туршлагаасаа ойлгосон (2 Кор. 6:11).

Ехова хүмүүсийг хэрхэн хүлээж авдгийг дуурайж, биднийг хэрхэн хайрлаж, удирддагийг олж харах хэрэгтэйг ойлгосон. Сэтгэлээр унах юм уу хүмүүс биднийг юу гэж бодож байгаа бол гэж санаа зовох үедээ найзуудынхаа өгсөн урмын үгтэй захидлуудыг дахин дахин уншдаг. Ехова бидний залбиралд хариулж, бидэнд хүч өгч хайртайгаа баталдгийг биеэрээ мэдэрсэн.

Олон жил ханилахдаа Лесли бид хоёр хэчнээн завгүй байсан ч бие биедээ зориулж цаг гаргахыг сурсан. Ялангуяа шинэ хэл сурч байхдаа алдаа гаргавал инээгээд өнгөрөх хэрэгтэйг ойлгосон. Бид хоёр орой болгон Еховад талархах сайхан зүйл олж харахыг хичээдэг.

Үнэнийг хэлэхэд би миссионероор үйлчлэх юм уу, эсвэл өөр улсад амьдарч чадахгүй гэж боддог байсан. Харин Еховагийн тусламжтайгаар бүх юмыг хийж чаддагийг мэдээд баяртай байна. Зөнч Иеремиагийн хэлсэн «Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлсэн» гэсэн үг санаанд орж байна (Иер. 20:7). Тийм ээ, Ехова бидэнд олон сайхан гэнэтийн бэлэг барьж, төсөөлж байгаагүйгээр ивээж, онгоцоор аялах мөрөөдлийг минь хүртэл биелүүлсэн. Бид 5 тивийн салбаруудад эргэлт хийж, хүүхэд насандаа мөрөөдөж байснаасаа ч олон газраар явж үзсэн. Аливаа даалгаврыг биелүүлэхэд Лесли минь намайг үргэлж дэмждэгт талархдаг.

Бид хэний төлөө, яагаад үйлчилдгээ үргэлж санаж явахыг хичээдэг. Одоо хүртэж байгаа ивээлүүдийг мөнх амьдрах ивээлтэй харьцуулшгүй. Тэр үед Ехова «мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангана» (Дуу. 145:16).