Уншигчдын асуулт
Есүсийг төрсний дараа Иосеф Мариа хоёр яагаад Назарт байдаг гэр лүүгээ явалгүй Бетлехемд үлдсэн бэ?
Библид энэ талаар тодорхой бичээгүй ч шийдвэр гаргахад нь нөлөөлсөн байж болох зарим юмыг бичсэн байдаг.
Тэнгэрийн элч Мариад жирэмсэлж, хүүхэд төрүүлнэ гэдгийг нь хэлсэн. Энэ мэдээг сонсох үед Иосеф Мариа хоёр Иосефын төрсөн нутаг Галилын Назарт амьдарч байв (Лук 1:26–31; 2:4). Хожим нь тэд Египетээс Назарт эргэж ирсэн. Есүс тэнд өсөж торнин Назарынх гэгдэх болсон (Мат. 2:19–23). Тиймээс Есүс Иосеф Мариа гурвын тухай ярихад бидэнд Назар хот санаанд ордог.
Мариад Елизабет гэдэг Иудад амьдардаг хамаатан байсан бөгөөд тэрбээр тахилч Зехариагийн эхнэр юм. Хожим нь баптисм хүртээгч Ёоханыг төрүүлдэг (Лук 1:5, 9, 13, 36). Мариа Елизабетынд очиж, Иудад түүнтэй хамт 3 сар байсан. Дараа нь Назар луугаа буцсан (Лук 1:39, 40, 56). Тиймээс Мариа Иудагийн талаар бага сага мэддэг болсон.
Түүнээс хойш хэдэн сарын дараа Иосеф «бүртгүүлэхээр» болж Бетлехем руу явсан. Тэр нь Мессиа төрөхийг зөгнөсөн «Давидын хот» байлаа (Лук 2:3, 4; 1 Сам. 17:15; 20:6; Мика 5:2). Есүс тэнд төрсөн. Иосеф нялх хүүхэдтэй эхнэрээ аваад холын замд гарахыг хүсээгүй учраас Бетлехемээс яваагүй. Энэ хот Иерусалимаас 9 километрийн зайд оршдог учраас нялх хүүхдээ аваад сүмд очиж өргөл өргөхөд амар байсан байх (Лев. 12:2, 6–8; Лук 2:22–24).
Бурхны тэнгэрийн элч Мариад урьд өмнө хүү чинь «өвөг Давидынх нь хаан ширээнд» заларч «Хаан болно» гэж хэлж байсан. Иосеф Мариа хоёр Есүсийг Давидын хотод төрснийг чухалд үзсэн болов уу? (Лук 1:32, 33; 2:11, 17). Тэд тэндээ үлдэж Бурхан цаашид ямар заавар өгөхийг хүлээе гэж бодсон байж магадгүй.
Зурхайчдыг Бетлехемд ирэх хүртэл тэнд хэр удаан амьдарсан нь тодорхойгүй. Гэхдээ зурхайчдыг ирэхэд тэд гэртээ байсан. Бас Есүсийг нялх гээгүй «хүүхэд» гэж бичсэн (Мат. 2:11). Тэгэхээр Назар луу буцаж явалгүй Бетлехемд хэсэг хугацаанд суурин амьдарсан бололтой.
Херод Бетлехем дэх «хоёр ба түүнээс доош насны эрэгтэй хүүхдийг бүгдийг нь» хороохыг тушаасан (Мат. 2:16). Харин Иосеф Мариа хоёрт Бурхан сэрэмжлүүлсэн учраас тэд Есүсийг аваад Египет рүү зугтаж, Херодыг нас бартал тэндээ амьдарсан. Хожим нь Иосеф гэр бүлийнхэнтэйгээ Назар луу явжээ. Тэд яагаад Бетлехемд буцаж очоогүй вэ? Учир нь тэр үед Иудаг Херодын харгис хүү Архел захирч байсан бөгөөд тэнгэрийн элч Иосефт тийшээ явахгүй байхыг захисан. Тиймээс Назарт айх аюулгүй амьдарч, Есүсийг Бурханд үнэнч хүн болгон хүмүүжүүлсэн (Мат. 2:19–22; 13:55; Лук 2:39, 52).
Есүс тэнгэрт гарах замыг хүмүүсийн өмнө нээсэн. Гэвч түүнээс өмнө Иосеф нас барсан бололтой. Тиймээс Иосеф дэлхий дээрээ амилна. Тэр үед түүнээс «Есүсийг төрсний дараа яагаад Бетлехемд үлдсэн бэ?» гэсэн асуултын талаарх нарийн ширийн юмыг сонсох боломжтой.