СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 31
«Гуйвж дайвахгүй, тууштай байцгаа»
«Хайрт ах дүү нар минь, ... гуйвж дайвахгүй, тууштай байцгаа» (1 КОР. 15:58).
ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!
ТОЙМ a
1, 2. Христийн дагалдагч хүн юугаараа өндөр байшинтай адил вэ? (1 Коринт 15:58).
ЯПОНЫ Токио хотод 1970-аад оны сүүлээр тэнгэрт тулам өндөр, 60 давхар байшин баригдаж байв. Үүнийг харж байсан хүмүүс газар хөдлөлт болоход байшин тэсэж үлдэх болов уу гэж бодсон. Тэсвэрлэж чадахуйц баригдсаных нь нууц юу вэ? Инженерүүд барилгыг бат бөх бөгөөд газар хөдлөлтөөс үүссэн долгионыг өөртөө шингээхүйц уян хатан чанартайгаар барьжээ. Христийн дагалдагчид энэ өндөр байшинтай адилхан. Юугаараа адил вэ?
2 Христийн дагалдагч хүн тууштай бөгөөд уян хатан байх хэрэгтэй. Ийм хүн Еховагийн хууль болон хэм хэмжээг гуйвж дайвахгүй, чанд баримталдаг (1 Коринт 15:58-ыг уншина). Мөн «дуулгавартай», үнэнч байдаг. Нөгөөтээгүүр, тийм хүн нөхцөл байдлыг харгалзан үзээд уян хатан байдаг буюу «зөрж гөждөггүй» (Яак. 3:17). Христийн дагалдагч хүн ийнхүү дүн нуруутай байдаг бол хэт хатуу юм уу хайхрамжгүй байхаас болгоомжилно. Энэ өгүүллээр яавал тууштай байхыг ярилцана. Мөн тууштай байх гэсэн шийдвэрийг маань няцаахын тулд Сатан ямар 5 арга хэрэглэдгийг, бас яаж түүнийг эсэргүүцэхийг үзнэ.
ХЭРХЭН ГУЙВЖ ДАЙВАХГҮЙ БАЙХ ВЭ?
3. Хамгийн дээд Хууль тогтоогчийн гаргасан ямар хууль Үйлс 15:28, 29-д байдаг вэ?
3 Хамгийн дээд Хууль тогтоогч Ехова ард түмэндээ дандаа тодорхой, ойлгомжтой хууль гаргадаг (Ис. 33:22). Жишээлбэл І зуунд Удирдах Зөвлөл тууштай байхад тустай 3 зүйлийг Христийн дагалдагчдад зааж өгсөн. 1) Шүтээн шүтэхийг цээрлэж, зөвхөн Еховаг шүтэх. 2) Цусыг ариун гэсэн Бурхны хуулийг сахих. 3) Библид бичсэн ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримтлах (Үйлс 15:28, 29-ийг уншина). Өнөөдөр Христийн дагалдагчид эдгээр 3 зүйлийг хэрхэн сахиж, тууштай байх вэ?
4. Бид зөвхөн Еховад үнэнч гэдгээ хэрхэн харуулдаг вэ? (Илчлэл 4:11).
4 Бид шүтээн шүтэхийг цээрлэж, зөвхөн Еховаг шүтдэг. Тэрбээр израйлчуудад зөвхөн өөрт нь үнэнч байхыг тушаасан (Д.хууль 5:6–10). Диаволыг сориход Есүс зөвхөн Еховаг шүтэх ёстой гэж тодорхой хэлсэн (Мат. 4:8–10). Тиймээс бид ямар ч шүтээн шүтдэггүй. Мөн хүнийг ч шүтдэггүй. Жишээлбэл шашны болон улс төрийн удирдагч, алдартай тамирчин, жүжигчин, дуучныг шүтэн биширдэггүй. Бид Еховагийн талд бат зогсож «бүх юмыг бүтээсэн» түүнийг л шүтдэг (Илчлэл 4:11-ийг уншина).
5. Амь болон цусыг ариун гэсэн Еховагийн хуулийг бид яагаад сахидаг вэ?
5 Бид амь болон цусыг ариун гэсэн Еховагийн хуулийг сахидаг. Яагаад? Амь бол Еховагийн өгсөн үнэтэй бэлэг бөгөөд цус амийг бэлгэддэг гэж тэрбээр хэлсэн (Лев. 17:14). Ехова хүн төрөлхтөнд амьтны мах идэхийг анх зөвшөөрөхдөө цустай нь идэж болохгүй гэж тушаасан (Эх. 9:4). Мөн израйлчуудад өгсөн Мосегийн хуульд энэ заалтыг оруулсан (Лев. 17:10). Түүнчлэн I зуунд Христийн бүх дагалдагчдад «цусыг ... цээрлэгтүн» гэсэн зааврыг Удирдах Зөвлөлөөр өгүүлсэн (Үйлс 15:28, 29). Бид эмчилгээний талаар шийдвэр гаргахдаа энэ тушаалыг тууштай баримталдаг. b
6. Ёс суртахууны талаарх Еховагийн тогтоосон өндөр хэм хэмжээг баримтлахын тулд яах хэрэгтэй вэ?
6 Ёс суртахууны талаарх Еховагийн тогтоосон өндөр хэм хэмжээг бид чанд баримталдаг (Евр. 13:4). Элч Паул бидэнд зөвлөгөө өгөхдөө биеийнхээ эрхтнүүдийг «үхүүл» хэмээн тод томруун дүрслэн хэлжээ. Өөрөөр хэлбэл махан биеийнхээ муу хүслүүдээс ангижрахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэсэн үг. Бид садар самуун явдалд хүргэж болзошгүй ямар ч юмыг үзэж харах юм уу хийхээс зайлсхийдэг (Кол. 3:5; Иов 31:1). Хэрвээ хорхой хүргэм зүйл тулгарвал Бурхантай тогтоосон харьцаанд сэв суулгах бодлыг таягдан хаяж, буруу үйл хэргээс зугтдаг.
7. Бид яахаар бат шийддэг вэ? Яагаад?
7 Ехова биднээс өөрт нь «чин сэтгэлээсээ дуулгавартай» байгаасай гэж хүсдэг (Ром 6:17). Түүний удирдамж үргэлж бидний сайн сайхны төлөө байдаг бөгөөд хэзээ ч өөрчлөгддөггүй (Ис. 48:17, 18; 1 Кор. 6:9, 10). Бид Еховад таалагдахын тулд чадах бүхнээ хийдэг. Бас «Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ мөнхөд, эцэс хүртэл зориулсан» гэж хэлсэн дуулалчтай адил сэтгэлтэй (Дуу. 119:112). Харин Сатан шийдвэр төгс байхыг маань болиулахыг оролддог. Ямар аргаар?
ТУУШТАЙ БИШ БОЛГОХ ГЭСЭН САТАНЫ АРГУУД
8. Сатан тууштай байх гэсэн хүчин зүтгэлийг маань сулруулахын тулд хэрхэн хавчдаг вэ?
8 Хавчлага. Сатан тууштай байх гэсэн хүчин зүтгэлийг маань сулруулахын тулд хүч хэрэглэх юм уу сэтгэл зүйн дайралт хийдэг. Энэ нь биднийг «залгих» буюу Еховатай тогтоосон харьцааг маань бусниулах зорилготой (1 Петр 5:8). I зуунд Христийн дагалдагчдыг тууштай байя гэж бат шийдсэнээс нь болж заналхийлж, зодож, амийг нь хөнөөсөн (Үйлс 5:27, 28, 40; 7:54–60). Сатан өнөөдөр ч хавчсаар байна. Энэ нь Орос болон бусад орны ах дүүсийг маань харгис хэрцгийгээр эсэргүүцэж байгаагаас харагддаг. Мөн өөр янз бүрийн аргаар хавчиж байна.
9. Далд дарамт шахалтаас болгоомжлох хэрэгтэйг харуулах жишээ хэлнэ үү.
9 Далд дарамт шахалт. Сатан шууд довтлохоос гадна «заль мэх» хэрэглэдэг (Эф. 6:11). Хүнд хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн Боб гэдэг Гэрч эрэгтэйн тухай ярилцъя. Тэрбээр ямар ч тохиолдолд цус сэлбүүлэхгүйгээ эмч нарт хэлсэн. Мэс заслын эмч түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хагалгааны өмнөх орой гэрийнхнийг нь явсан хойгуур Бобтой мэдээгүйжүүлэгч эмч уулзжээ. Тэрбээр цус сэлбэхгүй ч шаардлага гарч магадгүй, тиймээс бэлэн байлгая гэж Бобт хэлсэн. Гэрийнхнийгээ байхгүй үед бодлоо өөрчлөх байх гэж бодсон бололтой. Гэхдээ Боб тууштай байж, ямар ч нөхцөлд цус сэлбүүлэхгүй гэдгээ хэлжээ.
10. Хүний үзэл бодол яагаад аюултай вэ? (1 Коринт 3:19, 20).
10 Хүний үзэл бодол. Аливаа юманд хүний үзэл бодлоор хандвал Еховаг болон түүний хэм хэмжээг анхаарахаа болино (1 Коринт 3:19, 20-ыг уншина). «Хүний мэргэн ухаан» махан биеийн хүслийг өөгшүүлдэг. Пергам, Туатэр хотын Христийн зарим дагалдагч шүтээн шүтдэг, садарлан завхайрдаг хүмүүсийн нөлөөнд автсан байв. Садар самуун явдлыг нүдээ аниад өнгөрөөдөг тэднийг Есүс хатуу зэмлэсэн (Илч. 2:14, 20). Өнөөдөр бид буруу үзэл бодолтой болгох гэсэн дарамттай тулгардаг. Гэр бүлийн гишүүд, эргэн тойрны хүмүүс Еховагийн хуулийг хэт хатуу гэж бодуулахыг, бас хуулийг нь зөрчүүлэхийг оролдож магадгүй. Жишээ нь тэд хүслээ дагах нь буруу биш, Библид байдаг ёс суртахууны хэм хэмжээ хоцрогдсон гэж ярьж болох юм.
11. Тууштай байхыг хичээхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
11 Заримдаа Еховагийн өгдөг удирдлага зааврыг хангалтгүй гэж бодож магадгүй. Тэгээд бүр «Ариун Сударт бичсэнийг л баримтлал[гүй]» нарийн ширийн дүрэм журам гаргамаар санагдаж болох юм (1 Кор. 4:6). Есүсийн үед байсан шашны удирдагчид ингэдэг байжээ. Тэд Мосегийн хуульд хүний зохиосон дүрэм журмыг нэмж энгийн ард иргэдэд хүнд ачаа үүрүүлсэн (Мат. 23:4). Ехова тодорхой удирдлага зааврыг Библидээ бичүүлж, байгууллагаараа өгүүлдэг. Түүний өгдөг заавар дээр илүү юм нэмэх шаардлагагүй (Сур. 3:5–7). Тиймээс бид хувь хүний асуудлыг шийдэх гэж дүрэм журам гаргалгүй Библид бичигдсэнийг л баримталдаг.
12. Сатан «худал сургаалыг» хэрхэн сурталчилдаг вэ?
12 Худал сургаал. Сатан хүмүүсийг төөрөгдүүлж, эвдрэлцүүлэхийн тулд «худал сургаал» болон «ертөнцийнхний баримталдаг үндсэн зарчмыг» ашигладаг (Кол. 2:8). I зууны үеийн «худал сургаал» гэдэгт хүний үзэлд үндэслэсэн гүн ухаан, Сударт үндэслээгүй Иудейн сургаал, Христэд итгэдэг хүн Мосегийн хуулийг дагах ёстой гэсэн үзэл ордог байжээ. Эдгээр нь жинхэнэ мэргэн ухааны Эх булаг Еховагаас хүмүүсийг холдуулдаг учраас худал сургаал юм. Өнөөдөр Сатан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээг ашиглан ор үндэсгүй цуу яриа, улс төрийн удирдагчдын худал мэдээллийг сурталчилдаг. Ийм мэдээлэл ялангуяа КОВИД-19 цар тахлын үед их тархсан. c Еховагийн Гэрчүүд байгууллагынхаа удирдлага зааврыг дагасан учраас худал мэдээллийг сонсоод айж түгшсэн хүмүүстэй адил байгаагүй (Мат. 24:45).
13. Анхаарал сарниулах зүйлсээс яагаад болгоомжлох хэрэгтэй вэ?
13 Анхаарал сарниулах зүйлс. Бид «илүү чухал юмыг» анхаардаг байх хэрэгтэй (Флп. 1:9, 10). Анхаарал сарниулдаг зүйлс бидний цаг завыг хулгайлж, хүч тэнхээг бардаг. Идэх уух, амрах зугаалах, ажил хийхийг амьдралын чухал зүйл болговол анхаарал сарниж магадгүй (Лук 21:34, 35). Түүнчлэн улс төрийн мэтгэлцээн, есөн шидийн мэдээ мэдээлэл биднийг тасралтгүй бөмбөгддөг. Бид иймэрхүү мэтгэлцээнд анхаарал хандуулах ёсгүй. Хэрэв тэдгээрийг уншиж сонсоод байвал зүрх сэтгэл, бодол санаандаа аль нэгийг нь дэмжих хандлагатай болж магадгүй. Зөв юм хийх гэсэн хүсэл зоригийг маань мохоохын тулд Сатан дээрх бүх аргыг хэрэглэдэг. Сатаныг хэрхэн эсэргүүцэж, тууштай байх талаар одоо ярилцъя.
ХЭРХЭН ТУУШТАЙ БАЙХ ВЭ?
14. Еховагийн талд бат зогсохын тулд юуны талаар бодох хэрэгтэй вэ?
14 Яагаад Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртсэнээ бодоорой. Та Еховагийн талд байхыг хүссэн шүү дээ. Үнэнийг олсон гэдэгтээ хэрхэн итгэдэг болсноо санаарай. Еховагийн тухай үнэн зөв мэдлэгтэй болж, тэнгэрийн Эцгээ хайрлаж хүндэлсэн. Бас итгэлтэй болж чин сэтгэлээсээ гэмшсэн. Бурхны үзэн яддаг юмыг хийхээ больж, таалагддаг юмыг нь хийдэг болсон. Ехова таныг уучилсныг ойлгоод тайвширсан биз ээ (Дуу. 32:1, 2). Цуглаанд явж, сурч мэдсэнээ хүмүүстэй хуваалцдаг болсон. Тэгээд Еховад өөрийгөө зориулж баптисм хүртээд Христийн дагалдагч болж амь руу хүргэх замаар явж байгаа. Та энэ замаасаа гарахгүй байхаар бат шийдсэн байх (Мат. 7:13, 14).
15. Библийг судалж, эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?
15 Бурхны Үгийг судалж, эргэцүүлэн бодоорой. Үндэс сайтай мод бат байдаг шиг итгэл маань Бурхны Үгэнд үндэслэсэн бол тууштай байна. Мод томрох тусам үндэс нь улам бүдүүрч, тал тал тийшээ салаалдаг. Библийг судалж, эргэцүүлэн бодох тусам итгэл батжиж, Бурхны заадаг зам хамгийн зөв гэдгийг улам бүр ойлгодог (Кол. 2:6, 7). Эрт үед Еховагийн удирдамж, зөвлөгөө, хамгаалалт үйлчлэгчдэд нь ямар тустай байсныг эргэцүүлэн бодоорой. Жишээлбэл Езекиел үзэгдэл үзэж байхдаа тэнгэрийн элч сүмийг сайтар хэмжиж буйг харжээ. Энэ үзэгдэл Езекиелийг тэнхрүүлсэн. Бид энэ үзэгдлээс Еховаг шүтэхдээ хэм хэмжээг нь хэрхэн баримтлахыг мэдэж авна (Езе. 40:1–4; 43:10–12). Хэрэв Бурхны Үгийг гүнзгийрүүлэн судалж, эргэцүүлэн бодохын тулд цаг хугацаа зарцуулдаг бол бид ч ач тус хүртэнэ.
16. Бобын зүрх бат байсан нь хамгаалалт болсон гэхийн учир юу вэ? (Дуулал 112:7).
16 Зүрхээ батжуулаарай. «Өө, Бурхан, зүрх минь бат байна» хэмээн Давид хаан дуулахдаа Еховаг эргэж буцахгүйгээр хайрлахаа илэрхийлсэн (Дуу. 57:7). Бид ч Еховад бүрэн дүүрэн найдаж явбал зүрхээ бат байлгаж чадна (Дуулал 112:7-г уншина). Дээр дурдсан Бобт энэ нь хэрхэн тус болсныг бодъё. Эмч юмыг яаж мэдэх вэ, цус сэлбэх шаардлага гарвал бэлэн байлгая гэж хэлэхэд нь тэрбээр хэрвээ тэгвэл эмнэлгээс одоохон гарна гэжээ. Хожим нь Боб: «Би огтхон ч эргэлзээгүй, бас санаа зовоо ч үгүй» гэж хэлсэн.
17. Бид Бобоос юу сурах вэ? (Бас зургийг үзээрэй).
17 Боб эмнэлэгт хэвтэхээсээ өмнө зүрхээ батжуулсан учраас Еховагийн талд тууштай зогсож чадсан. Нэгдүгээрт, тэрбээр Еховаг баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байжээ. Хоёрдугаарт, Библи болон байгууллагын ном хэвлэлд амь болон цусны талаар юу гэж байдгийг маш нямбай судалсан. Гуравдугаарт, Еховагийн удирдлагыг дагаснаар олон янзын ивээл хүртэнэ гэдэгт итгэлтэй байв. Бид бас ямар ч бэрхшээл тохиолдсон зүрхээ бат байлгаж чадна.
18. Еховад итгэж найдахад Баракийн жишээ тустай гэхийн учир юу вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).
18 Еховад найдаарай. Еховад найдан удирдамжийг нь дагасан Барак хэрхэн амжилт гаргасныг бодъё. Баракийн цэргүүд бамбай ч үгүй, жад ч үгүй байхад Ехова түүнд Сисерагаар удирдуулсан Канааны бүрэн зэвсэглэсэн армитай тулалдахыг тушаажээ (Шүү. 5:8). Сисерагийн 900 тэрэг бүхий хүчирхэг армитай тулалдахаар уулнаас буу гэж зөнч Дебора Баракт хэлэв. Израйлчуудын хувьд тэгш тал газарт морьт тэрэг хөлөглөсөн цэргүүдтэй дайтна гэдэг амаргүй байсан. Барак үүнийг мэдэж байсан ч зааврыг дуулгавартай дагаж цэргүүдтэйгээ Табор уулнаас буухад Ехова тэнгэрээс аадар бороо цутгуулав. Сисерагийн морьт тэрэгнүүд шаварт шигдэж, Барак ялалт байгуулжээ (Шүү. 4:1–7, 10, 13–16). Үүнтэй адилаар бид Еховад болон байгууллагаараа өгүүлдэг удирдамж зааварт нь итгэж найддаг бол тэрбээр ялахад тусална (Д.хууль 31:6).
ГУЙВЖ ДАЙВАХГҮЙ БАЙХААР ШИЙДЭЭРЭЙ
19. Та яагаад гуйвж дайвахгүй байхаар шийдсэн бэ?
19 Бид энэ ертөнцөд амьдрах хугацаандаа гуйвж дайвахгүйн тулд тэмцэх шаардлагатай (1 Тим. 6:11, 12; 2 Петр 3:17). Хавчлага, далд дарамт шахалт, хүний үзэл бодол, худал сургаал болон анхаарал сарниулах зүйлсээс болж ийш тийш шидэгдэхгүй байхаар бат шийдэцгээе (Эф. 4:14). Харин Еховад тууштай үйлчилж, түүний тушаалуудыг дуулгавартай биелүүлцгээе. Үүний зэрэгцээ бид уян хатан байх хэрэгтэй. Дараагийн өгүүллээр Ехова Есүс хоёр уян хатан байх талаар төгс жишээ үлдээснийг ярилцъя.
ДУУ 154 Эцсээ хүртэл тэвчицгээе
a Адам Евагийн үеэс хойш Сатан хүмүүсийг өөрсдөө зөв бурууг шийдэх ёстой гэсэн үзэл санааг тарааж ирсэн. Тэрбээр биднийг Еховагийн хуульд, байгууллагаараа өгдөг зааварт нь мөн ийнхүү хандаасай гэж хүсдэг. Энэ өгүүлэл хараат бус байх гэсэн Сатаны ертөнцийн хандлагаас өөрсдийгөө хамгаалахад болон Еховагийн талд зогсох шийдвэрээ батжуулахад тустай.
b Христийн дагалдагч хүн цусны талаарх Бурхны үзэл бодлыг хэрхэн дэмждэгийг «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 39-р хичээлээс үзээрэй.
c jw.org сайт дахь «Худал мэдээллээс болгоомжлоорой» гэсэн өгүүллийг үзээрэй.