Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 32

Еховаг дуурайж уян хатан байгаарай

Еховаг дуурайж уян хатан байгаарай

«Та нарын ухаалгийг бүх хүн мэдээсэй» (ФЛП. 4:5).

ДУУ 120 Дуулгавартай байж, ивээл хүртье

ТОЙМ a

Та ямар «мод» байхыг хүсдэг вэ? (1-р догол мөрийг үзээрэй)

1. Христийн дагалдагч хүн ямар мод шиг байх хэрэгтэй вэ? (Бас зургийг үзээрэй).

 «САЛХИ уян налархай модыг хугалж чаддаггүй». Уян зөөлөн мод хүчтэй салхи шуургыг ч тэсвэрлэдгийг энэ зүйр цэцэн үг онцолж байна. Христийн дагалдагч хүн хэцүү асуудал тулгарсан ч Еховад баяр хөөртэй үйлчлэхийн тулд уян хатан байх хэрэгтэй. Яавал уян хатан байх вэ? Нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан зохицож, бусдын үзэл бодол, гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

2. Нөхцөл байдалдаа дасан зохицохын тулд ямар зан чанарыг хөгжүүлэх хэрэгтэй вэ? Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

2 Еховагийн үйлчлэгч бид уян хатан байхыг зорьдог. Мөн даруу, өрөвч сэтгэлтэй байхыг хичээдэг. Энэ өгүүллээр нөхцөл байдал нь өөрчлөгдсөн ч эдгээр зан чанарыг илэрхийлээд сайн үр дүнд хүрсэн Христийн зарим дагалдагчийн тухай ярилцана. Бас энэ зан чанарууд бидэнд ямар ач тустайг авч үзнэ. Харин эхлээд уян хатан байх талаар төгс жишээ үлдээсэн Ехова Есүс хоёроос юу сурч болохыг ярилцъя.

ЕХОВА ЕСҮС ХОЁР УЯН ХАТАН

3. Ехова уян хатан байдаг нь юунаас харагддаг вэ?

3 Ехова гуйвж дайвшгүй, тууштай байдаг учраас Библид түүнийг «Хад» гэсэн (Д.хууль 32:4). Гэхдээ бас уян хатан. Энэ ертөнцийн байдал өөрчлөгддөг ч Бурхан санаа зорилгоо биелүүлэхдээ уян хатан байдаг. Ехова хүмүүсийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээж нөхцөл байдалдаа дасан зохицох чадвар өгсөн. Бас ямар ч бэрхшээл тохиолдсон зөв шийдвэр гаргахад тустай зарчмуудыг Библидээ бичүүлсэн. Ехова «Хад» байхаас гадна уян хатан байдаг нь үлгэр дуурайл болон өгсөн зарчмуудаас нь харагддаг.

4. Ехова уян хатан байдгийг жишээгээр хэлнэ үү (Левит 5:7, 11).

4 Ехова аливаа юмыг төгс хийдэг, бас уян хатан ханддаг. Тэрбээр хүмүүст хэт хатуурхдаггүй. Жишээ болгон израйлчуудад хэрхэн уян хатан хандсаныг үзье. Тэрбээр баян ядуу бүх хүнээс яг адилхан тахил өргөхийг дандаа шаардаагүй. Боломж бололцоондоо тохирсон тахил өргөхийг зөвшөөрсөн (Левит 5:7, 11-ийг уншина).

5. Еховагийн даруу болон өрөвч сэтгэлийг харуулах жишээ хэлнэ үү.

5 Ехова даруу, өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн уян хатан байдаг. Жишээ нь Содом хотын хорон муу хүмүүсийг устгах үед даруу гэдэг нь харагдсан. Ехова зөв шударга хүн Лотод уулархаг нутаг руу зугтахыг тэнгэрийн элчүүдээр хэлүүлжээ. Лот тийшээ явахаас айж, Еховагийн устгах гэж байсан Зоар гэдэг жижиг хот руу зугтахыг зөвшөөрөөч гэж гуйсан. Анх өгсөн зааврыг дага гэж Ехова шаардаж болох л байсан. Гэхдээ Лотын гуйлтыг сонсож Зоар хотыг устгах гэсэн бодлоо өөрчилжээ (Эх. 19:18–22). Хэдэн зууны дараа Ехова Ниневе хотынхонд өрөвч сэтгэлээ илэрхийлсэн. Тэрбээр зөнч Ионаг илгээж, тун удахгүй хотыг хорон муу хүмүүстэй нь устгахаа тунхаглуулсан. Гэхдээ ниневечүүдийг гэмшихэд Ехова өрөвдөөд тэднийг устгаагүй (Иона 3:1, 10; 4:10, 11).

6. Есүс Еховаг дуурайж уян хатан байдгаа хэрхэн харуулсан бэ?

6 Есүс ч Еховаг дуурайж уян хатан байдаг. Тэрбээр «төөрсөн хонь мэт израйлчуудад» дэлгэрүүлэх даалгавар авсан. Харин даалгавраа биелүүлэхдээ уян хатан байсан. Нэг удаа харь үндэстний эмэгтэй: «Чөтгөр охиныг минь эзэмдэж тарчилган зовоодог юм» гэж Есүст хэлээд эдгээж өгөхийг гуйв. Есүс өрөвдөж, охиныг нь эдгээжээ (Мат. 15:21–28). Өөр нэг жишээг бодъё. Өмнө нь Есүс: «Надад итгэдгээ ... үгүйсгэдэг хэнийг ч би ... миний шавь биш гэнэ» гэж байсан (Мат. 10:33). Гэхдээ Петр өөрийг нь танихгүй гэж 3 удаа мэлзэхэд Есүс түүнийг шавиа биш гэж үзсэн үү? Үгүй. Петрийг гэмшиж байгааг бас үнэнч хүн гэдгийг нь сайн мэдэж байсан. Амилсныхаа дараа Есүс Петрт үзэгдэхдээ түүнийг уучилснаа, мөн хайрладгаа батлан хэлсэн нь лавтай (Лук 24:33, 34).

7. Филиппой 4:5-д бичсэнээр бид ямар хүн гэж танигдахыг хүсдэг вэ?

7 Ехова Бурхан болон Есүс Христ уян хатан байдгийг ярилцлаа. Харин бид яах вэ? Ехова биднийг ч ухаалаг буюу уян хатан байгаасай гэж хүсдэг (Филиппой 4:5-ыг уншина). Библийн энэ зүйлийг өөр орчуулгад «Уян хатан гэдгээрээ бусдад танигд» гэж бичжээ. Бид өөрсдөөсөө «Хүмүүс намайг уян хатан, буулт хийдэг, хүлцэнгүй хүн гэж боддог болов уу? Эсвэл зөрүүд, хатуу ширүүн хүн гэж үздэг үү? Удирдлага зааврыг надтай адил ойлгож биелүүлэх ёстой гэж бодон сэтгэлдээ нийцүүлэх гэж оролддог уу? Эсвэл бусдыг сонсож, боломжтой бол тэдний хүслийг биелүүлдэг үү?» гэж асууж болох юм. Бид хэдийчинээ уян хатан байна төдийчинээ Ехова Есүс хоёрыг дуурайдгаа харуулна. Одоо, нөхцөл байдал өөрчлөгдөхөд болон бусдын үзэл бодол, гаргасан шийдвэр биднийхээс өөр байх тохиолдолд хэрхэн уян хатан байхыг ярилцъя.

НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХӨД УЯН ХАТАН БАЙГААРАЙ

8. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд уян хатан байхын тулд яах хэрэгтэй вэ? (Бас зүүлтийг үзээрэй).

8 Нөхцөл байдал өөрчлөгдөхөд бид ухаалаг буюу уян хатан байх ёстой. Өөрчлөлтөөс болоод янз бүрийн асуудал тулгардаг. Жишээ нь бид өвчин тусаж магадгүй. Эсвэл мөнгө төгрөгөөр гачигдах юм уу төр засгийн байдлаас болж бидний амьдрал улам хэцүү болж мэднэ (Ном. 9:11; 1 Кор. 7:31). Байгууллагаас авсан даалгавар өөрчлөгдөх нь ч сорилт болж магадгүй. Дараах 4 зүйлийг хийвэл шинэ нөхцөлдөө дасан зохицож чадна. 1) Нөхцөл байдалтайгаа эвлэрэх, 2) цаашид юу хийж чадахаа анхаарах, 3) өөдрөг байх, 4) бусдад санаа тавих. b Эдгээр 4 зүйлийг хийгээд ач тус хүртсэн зарим итгэл нэгтнүүдийнхээ жишээг ярилцъя.

9. Миссионер хос гэнэтийн сорилтыг хэрхэн даван туулсан бэ?

9 Нөхцөл байдалтайгаа эвлэрэх. Эмануэлэ Франчэска хоёр өөр улсад миссионероор үйлчлэхээр томилогджээ. Тэд хэлээ сураад удаагүй, шинэ хуралдаа дасаж байтал КОВИД-19 цар тахал дэгдэж, тусгаарлагдах шаардлагатай болов. Дараа нь Франчэскагийн ээж гэнэт нас барав. Тэрбээр гэрийнхэн дээрээ очмоор байсан ч цар тахлаас болж явж чадсангүй. Ийм хүнд нөхцөлийг хэрхэн давсан бэ? Нэгдүгээрт, Эмануэлэ Франчэска хоёр сэтгэлээр унахгүйн тулд өдөр бүр мэргэн ухаан гуйж залбирдаг байсан. Ехова тэдний залбиралд цаг тухайд нь байгууллагаараа дамжуулан хариулдаг байв. Жишээлбэл тэдний үзсэн видеон дээр нэг Гэрч эрэгтэй: «Нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг аль болох хурдан хүлээн зөвшөөрөхийн хэрээр эргээд баяр хөөртэй болж, шинэ орчин нөхцөлдөө тохируулаад боломжоо ашиглана» гэж ярьсан нь тэдэнд их урам зориг хайрлажээ. c Хоёрдугаарт, тэд утсаар улам чадварлаг дэлгэрүүлэхийг хичээсэн. Тэгээд Библийн хичээлтэй ч болжээ. Гуравдугаарт, хурлын хүмүүсийн тусламж дэмжлэгийг талархалтайгаар хүлээн авсан. Сайхан сэтгэлтэй нэг эгч тэдэнд Библийн зүйлтэй зурвасыг жилийн турш өдөр бүр бичжээ. Бид нар ч шинэ нөхцөлтэйгөө эвлэрэх юм бол чадах юмаа хийж, сэтгэл хангалуун байна.

10. Нэг Гэрч эмэгтэй амьдралд нь гарсан томоохон өөрчлөлтөд хэрхэн дасан зохицсон бэ?

10 Цаашид юу хийж чадахаа анхаарч, өөдрөг байгаарай. Японд амьдардаг румын Гэрч эмэгтэй Кристина англи хэлний хуралд явдаг байсан. Хурал нь байхгүй болоход сэтгэлээр унажээ. Тэрбээр өнгөрснөө бодож явахын оронд япон хэлний хуралд үйлчилж, чадах бүхнээ хийхээр шийдсэн. Цуг ажилладаг байсан эмэгтэйгээс япон хэлээ улам сайжруулахад нь туслахыг гуйсан. Тэр ч зөвшөөрч, Библи болон «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлыг ашиглаж Кристинад хэл заахаар болов. Тэгээд Кристинагийн ярих чадвар сайжирч, эмэгтэй ч үнэнийг сонирхож эхлэв. Хэрэв бид цаашид юу хийхээ анхаарч, өөдрөг байвал гэнэт өөрчлөлт гарсан ч санаанд багтамгүй ивээл хүртдэг.

11. Тогтмол орлогогүй болсон нэг гэр бүл юуны ачаар бэрхшээлийг давсан бэ?

11 Бусдад санаа тавиарай. Манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон нэгэн улс эдийн засгийн хямралд оржээ. Үүнээс болоод тэнд амьдардаг нэг гэр бүл тогтмол орлогогүй болсон. Нөхцөл байдалдаа хэрхэн дасан зохицсон бэ? Эхлээд тэд амьдралаа энгийн болгосон. Тэгээд бэрхшээлээ анхаарахын оронд чадах чинээгээрээ дэлгэрүүлэн бусдад санаа тавихаар шийдсэн (Үйлс 20:35). Нөхөр нь: «Дэлгэрүүлээд завгүй явсан учраас муу юм бодох сөхөөгүй, Бурхны хүслийг биелүүлэхийг илүү анхаарч чадсан» гэжээ. Нөхцөл байдал өөрчлөгдсөн ч бусдад санаа тавьж, ялангуяа дэлгэрүүлэх ажилд оролцох нь нэн чухал гэдгийг санах нь зүйтэй.

12. Дэлгэрүүлэхдээ уян хатан байхад элч Паулын жишээ тустай гэхийн учир юу вэ?

12 Дэлгэрүүлэхдээ уян хатан байх хэрэгтэй. Учир нь бид итгэл үнэмшил, хандлага, яс үндэс, ахуй соёлоороо өөр өөр хүмүүстэй уулздаг. Элч Паул дасан зохицох чадвартай байсан бөгөөд түүнээс сурах юм бий. Есүс түүнийг харь үндэстнүүдэд дэлгэрүүлэх элчээр томилсон (Ром 11:13). Тиймээс Паул иудейчүүд, грекчүүд, сэхээтнүүд, эгэл даруу тариачид, эрх мэдэлтнүүд болон хаад ноёдод дэлгэрүүлсэн. Ийм янз янзын хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхийн тулд тэрбээр «хүн бүрд тохируулан харьцсан» (1 Кор. 9:19–23). Өөрөөр хэлбэл хүмүүсийн соёл, үндэс угсаа, итгэл үнэмшлийг харгалзан үзэж уян хатан ханддаг байв. Бид ч бас уян хатан байж хүн бүрд тохируулан ярилцахыг хичээдэг бол үр бүтээлтэй дэлгэрүүлж чадна.

БУСДЫН ҮЗЭЛ БОДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨРЭЙ

Хэрэв бид уян хатан байдаг бол бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрнө (13-р догол мөрийг үзээрэй)

13. Хэрэв бид бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг бол 1 Коринт 8:9-д бичсэн ямар аюулаас зайлсхийх вэ?

13 Уян хатан хүн бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Жишээлбэл зарим Гэрч эмэгтэй нүүрээ буддаг байхад зарим нь үгүй. Зарим Гэрч согтууруулах ундааг тохируулан хэрэглэдэг байхад зарим нь огт уухгүй гэж шийддэг. Христийн дагалдагчид бүгдээрээ эрүүл байхыг хүсдэг ч өөр өөр аргаар эрүүл мэнддээ санаа тавьдаг. Хэрэв бид өөрсдийнхөө шийдвэрийг зөв гээд бусдад тулгавал хүмүүсийг бүдрүүлж, хагаралдуулж болзошгүй. Ийм юм болохыг бид хүсэхгүй шүү дээ! (1 Коринт 8:9-ийг уншина; 10:23, 24). Библийн зарчмыг хэрэгжүүлбэл дүн нуруутай байж, хурлын амар тайванд хувь нэмэр оруулна. Одоо 2 жишээг ярилцъя.

Хэрэв бид уян хатан байдаг бол бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрнө (14-р догол мөрийг үзээрэй)

14. Хувцаслалт болон үс засалтын талаар шийдвэр гаргахдаа Библийн ямар зарчмыг санах ёстой вэ?

14 Хувцаслалт болон үс зүс. Ехова бидэнд ямар хувцас хунар өмсөхийг нэг бүрчлэн тоочихын оронд зарчим өгсөн. Бид уян хатан, даруу, «ухаалаг байн» Бурхны үйлчлэгчид тохирсон, зохимжтой хувцас өмсөх ёстой (1 Тим. 2:9, 10; 1 Петр 3:3). Тиймээс бусдын анхаарлыг хэтэрхий их татсан хувцас өмсдөггүй. Ахлагчид ч Библийн зарчмыг санавал хувцаслалт болон үс засалтын тухай дүрэм журам тогтоохгүй. Жишээлбэл нэг хурлын зарим Гэрч үсээ богино боловч хааш яаш засуулсан үеийнхээ залуучуудыг дуурайсан байв. Ахлагчид тэдэнд туслахыг хүсжээ. Тэд дүрэм зохиохгүйгээр яаж тусалсан бол? Дүүрэг хариуцагчийн зөвлөгөөг дагаж «Чамайг тайзан дээр гарахад сонсогчид яриаг чинь бус гадаад байдлыг чинь анхаараад байвал чиний хувцаслалт, үс засалт зохимжгүй байна гэсэн үг» гэж хэлээд асуудлыг шийдсэн. d

Хэрэв бид уян хатан байдаг бол бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрнө (15-р догол мөрийг үзээрэй)

15. Эрүүл мэнддээ санаа тавихдаа Библийн ямар хууль, зарчмыг удирдлага болгох вэ? (Ром 14:5).

15 Эрүүл мэнд. Эрүүл мэнддээ хэрхэн санаа тавих нь Христийн дагалдагч хүний шийдэх ёстой зүйлийн нэг юм (Гал. 6:5). Бид ямар эмчилгээ хийлгэхээ шийдэхдээ цуснаас цээрлэх болон ид шидтэй орооцолдохгүй байх талаарх Библийн тушаалыг дагах хэрэгтэй (Үйлс 15:20; Гал. 5:19, 20). Эдгээрээс бусад эмчилгээний аргыг өөрөө сонгох учиртай. Зарим хүн эмнэлгийн байгууллагад ханддаг бол зарим нь өөр аргаар эмчилгээ хийлгэдэг. Бид ямар эмчилгээг сайн гэж үздэгээс үл хамааран итгэл нэгтнүүдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэхдээ бид дараах 4 зүйлийг санах хэрэгтэй. 1) Зөвхөн Бурхны Хаант төр л бүх хүнийг төгс эрүүл болгоно (Ис. 33:24). 2) Христийн дагалдагч бүр хамгийн сайн эмчилгээг сонгосон гэдэгтээ «итгэлтэй» байх ёстой (Ром 14:5-ыг уншина). 3) Бид бусдыг шүүмжлэх юм уу бүдрүүлэх ёсгүй (Ром 14:13). 4) Христийн дагалдагчид нэг нэгнээ хайрлаж, хурлын эв нэгдлийг өөрийн үзэл бодлоос илүү чухалд үзэх ёстой (Ром 14:15, 19, 20). Эдгээрийг санаж явдаг бол ах дүүстэйгээ дотносож, хурлын эв нэгдэлд хувь нэмэр оруулна.

Хэрэв бид уян хатан байдаг бол бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрнө (16-р догол мөрийг үзээрэй)

16. Ахлагчид хамтран ажиллахдаа хэрхэн уян хатан байх вэ? (Бас зургийг үзээрэй).

16 Ахлагчид уян хатан байх талаар сайн жишээ үзүүлэх ёстой (1 Тим. 3:2, 3). Жишээлбэл бусдаасаа насаар ахмад нэг нь өөрийнх нь саналыг үргэлж сонсох ёстой гэж бодох учиргүй. Харин ч Ехова агуу хүчээрээ аль ч ахлагчид нөлөөлж зөв шийдвэр гаргахад тустай санал хэлүүлдэг гэдгийг ойлгодог. Хэрэв ахлагч уян хатан бол өөрийнхөө дэвшүүлсэн саналыг илүү зөв гэж үзсэн ч Библийн зарчимтай зөрчилдөөгүй, олонхын гаргасан шийдвэрийг дуртайяа дэмждэг.

УЯН ХАТАН БАЙХЫН АЧ ТУС

17. Бид уян хатан байвал ямар ач тус хүртэх вэ?

17 Христийн дагалдагчид уян хатан байснаараа маш их ач тус хүртдэг. Ах дүүстэйгээ улам сайн харьцаатай болж, хуралд амар тайван ноёлно. Еховагийн ард түмэн янз янзын соёлтой, өөр өөр зан ааштай хүмүүсээс бүрддэг нь үнэхээр сайхан. Бид хоорондоо ялгаатай ч нэгэн гэр бүл болж эв нэгдэлтэйгээр Бурхнаа шүтдэг нь гайхалтай биш гэж үү? Хамгийн гол нь уян хатан Ехова Бурхнаа дуурайдгаа мэдрэх шиг сайхан юм гэж байхгүй.

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

a Ехова Есүс хоёр ухаалаг буюу уян хатан байдаг. Биднийг ч ийм байгаасай гэж хүсдэг. Хэрэв бид уян хатан байвал эрүүл мэнд муудах, мөнгө төгрөгөөр гачигдах гэх зэргийн өөрчлөлт гарахад дасан зохицож чадна. Мөн хурлын амар тайван, эв нэгдэлд хувь нэмрээ оруулна.

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2019 оны 8-р сарын дугаарт нийтэлсэн «Өөрчлөлтийг даван туулах нь» гэсэн өгүүллийг үзээрэй.

c «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал» 2021 оны 3, 4-р сарын дугаарт гарсан «Ехова хавчлагыг дэлгэрүүлэх боломж болгодог» хэлэлцүүлэг дэх «Дмитрий Михайловаас авсан ярилцлага» гэсэн видеог үзээрэй.

d Хувцаслалт болон үс засалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 52-р хичээлийг үзээрэй.