Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 29

Та агуу их гамшгийг давахад бэлэн үү?

Та агуу их гамшгийг давахад бэлэн үү?

«Бэлэн бай» (МАТ. 24:44).

ДУУ 49 Еховад хоргодъё

ТОЙМ a

1. Гамшгийг давах бэлтгэлээ хангах нь яагаад чухал вэ?

 БЭЛТГЭЛТЭЙ хүн амиа аварна. Гамшиг боллоо гэхэд бэлтгэлээ базаасан хүмүүс амиа аврах магадлал өндөр байхаас гадна бусдад тусалж чадна. Европын хүмүүнлэгийн нэг байгууллага энэ тухай «Бэлтгэл сайтай байвал амиа аварна» гэж хэлсэн.

2. Агуу их гамшгийг давахын тулд яагаад бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ? (Матай 24:44).

2 «Агуу их гамшиг» гэнэт болно (Мат. 24:21). Гэхдээ бусад гамшгаас ялгаатай нь агуу их гамшиг болоход гайхаж цочирдохгүй хүмүүс бий. 2000 орчим жилийн өмнө Есүс дагалдагчдадаа бэлэн байхыг анхааруулсан (Матай 24:44-ийг уншина). Хэрэв бид бэлтгэлтэй бол тэр хэцүү үеийг давна. Бас бусдад тусалж чадна (Лук 21:36).

3. Агуу их гамшгийг даван туулах бэлтгэлээ хангахад тэвчээр, өрөвч сэтгэл, хайр чухал гэхийн учир юу вэ?

3 Агуу их гамшгийг давахын тулд бэлэн байхад тустай 3 зан чанарын тухай ярилцъя. Хэрэв сэтгэл сэрд хийлгэм шүүх мэдээ тунхагла гэвэл, бас хүмүүс эсэргүүцвэл бид яах ёстой вэ? (Илч. 16:21). Ехова биднийг хамгаална гэдэгт итгэн түүнд дуулгавартай байх хэрэгтэй. Ингэхэд тэвчээр чухал. Хэрэв итгэл нэгтнүүд маань зарим эд хөрөнгөө эсвэл бүх юмаа алдвал бид яах ёстой вэ? (Хаб. 3:17, 18). Тэдэнд тусалж хэрэгцээтэй зүйлийг нь өгөх хэрэгтэй. Ингэхэд өрөвч сэтгэл чухал. Хэрэв эвсэн нэгдсэн үндэстнүүдийн довтолгооноос болж ах дүүстэйгээ хэсэг хугацаанд нэг дор олуулаа амьдрах болбол бид яах ёстой вэ? (Езе. 38:10–12). Тэр хэцүү үеийг даван туулахад тэднийг гэсэн чин сэтгэлийн хайр чухал.

4. Тэвчээр, өрөвч сэтгэл, хайрыг хөгжүүлсээр байхын чухлыг Библид хэрхэн онцолсон бэ?

4 Бурхны Үг тэвчээр, өрөвч сэтгэл, хайрыг хөгжүүлэхийг уриалдаг. Лук 21:19-д «Эцэс хүртэл тэвчвэл амиа аварна» гэж байдаг. Мөн «Өрөвч сэтгэлийг ... өмс» гэж Колосай 3:12-т бичжээ. Түүнчлэн 1 Тесалоник 4:9, 10-т «Та нар бие биеэ хэрхэн хайрлахыг Бурхнаар заалгасан. ... Илүү их хайрлахыг уриалж байна» гэж бий. Тэвчээр, өрөвч сэтгэл, хайрыг илэрхийлдэг байсан шавь нарт эдгээр зүйлийг бичсэнээс харахад тэд уг зан чанаруудыг улам их хөгжүүлэх хэрэгтэй байв. Бид ч тэгэх учиртай. Христийн эртний дагалдагчид эдгээр зан чанарыг хэрхэн илэрхийлж байсныг ярилцах нь бидэнд тустай. Дараа нь тэднийг хэрхэн дуурайхыг, тэгснээр агуу их гамшигт бэлэн байгаагаа хэрхэн харуулахыг авч үзнэ.

УЛАМ ТЭВЧЭЭРТЭЙ БОЛООРОЙ

5. Христийн эртний дагалдагчид сорилтыг хэрхэн тэвчсэн бэ?

5 Христийн эртний дагалдагчдад тэвчээртэй байх нь чухал байв (Евр. 10:36). Хүн болгонд тулгардаг бэрхшээлээс гадна өөр сорилтууд ч тэдэнд учирдаг байсан. Олон дагалдагч Иудейн шашны удирдагчид болон Ромын эрх баригчдаас гадна гэр бүлийнхнийхээ дарамт шахалтад өртөж байв (Мат. 10:21). Заримдаа хурлыг хагалан бутаргах гэсэн тэрслэгчдийн гажууд сургаалын нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалах хэрэг гарна (Үйлс 20:29, 30). Гэхдээ тэд үнэнчээр тэвчсэн (Илч. 2:3). Яаж? Судраас Иов шиг тэвчээртэй хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодсон (Яак. 5:10, 11). Мөн хүч өгөхийг гуйн залбирсан (Үйлс 4:29–31). Бас тэвчвэл ямар сайн үр дүнд хүрэхийг анхаарсан (Үйлс 5:41).

6. Эсэргүүцлийг тэвчсэн Меритагаас юу сурах вэ?

6 Бурхны Үг болон байгууллагын ном хэвлэлээс тэвчээртэй байсан хүмүүсийн жишээг тогтмол судалж, эргэцүүлэн бодвол бид ч тэвчээртэй байж сурна. Албанид амьдардаг Мерита гэдэг Гэрч эмэгтэй ийнхүү судалж, эргэцүүлэн бодсоноороо гэр бүлийнхнийхээ ширүүн хавчлагыг тэвчиж чадсан. Тэрбээр: «Би Библиэс Иовын тухай судлаад сэтгэл маш их хөдөлсөн. Иов зовлон эдлэхдээ хэн учруулж байгааг мэдээгүй ч “Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй” гэж хэлсэн (Иов 27:5). Иовынхтой харьцуулахад миний зовлон юу ч биш гэж бодсон. Иовоос ялгаатай нь энэ сорилтын цаана хэн байгааг би мэдэж байгаа» гэжээ.

7. Одоо хүнд сорилт тулгараагүй байлаа ч яахыг сурах хэрэгтэй вэ?

7 Сэтгэл зовоосон асуудлаа Еховад дахин дахин хэлж, шаргуу залбирдаг бол улам тэвчээртэй болно (Флп. 4:6; 1 Тес. 5:17). Танд яг одоо хүнд сорилт тулгараагүй байж магадгүй. Гэхдээ та уур хүрэх, сэтгэл хямрах, яах ёстойгоо мэдэхгүй үедээ Еховагийн удирдлага зааврыг байнга хайдаг уу? Иймэрхүү жижиг асуудлаа одоо Еховад хэлж тогтмол залбирдаг бол ирээдүйд илүү хэцүү сорилт тулгарсан үед ч Еховад залбирч тусламжийг нь авна. Мөн танд Ехова хэзээ, яаж туслахаа мэддэг гэдэгт итгэлтэй байна (Дуу. 27:1, 3).

ТЭВЧЭЭР

Нэг сорилтыг тэвчвэл дараагийнхыг ч тэвчиж чадна (8-р догол мөрийг үзээрэй)

8. Одоо тэвчвэл ирээдүйд тулгарах сорилтыг тэвчиж чадна гэдгийг Мирагийн жишээ хэрхэн баталдаг вэ? (Яаков 1:2–4). (Бас зургийг үзээрэй).

8 Одоо тулгарч буй сорилтыг тэвчдэг бол агуу их гамшгийн үеэр илүү их тэвчээртэй байж чадна (Ром 5:3). Ингэж хэлэхийн учир юу вэ? Олон итгэл нэгтэн маань нэг сорилтыг тэвчихлээр дараагийн сорилтыг тэвчих хүчтэй болдгийг ойлгосон. Тэд сорилтыг тэвчсэнээрээ Ехова туслахад хэзээд бэлэн байдагт, бас туслах хүсэлтэй гэдэгт улам бүр итгэдэг болжээ. Ийм бат итгэлтэй болсон болохоор хожим тулгарсан сорилтыг тэвчиж чадсан (Яаков 1:2–4-ийг уншина). Албанид эхлэгчээр үйлчилдэг Мира өмнө нь тулгарч байсан сорилтыг тэвчсэнээ санахлаараа цаашдаа ч тэвчих хүчтэй болдгийг ойлгосон. Тэрбээр өөр шиг нь их зовлон үзсэн хүн нэг ч байхгүй гэж заримдаа боддог байв. Гэхдээ Ехова 20 жилийн турш хэчнээн их тусалж байсныг санаад өөртөө «Үнэнч бай. Тэр бүх хугацаанд Еховагийн тусламжтайгаар тэмцээд ялж байснаа бүү март» гэж хэлжээ. Та ч гэсэн Ехова тэвчихэд тань хэрхэн тусалж байсныг санаж байгаа байх. Сорилтыг тэвчих болгонд Ехова таныг харж байгаа, бас таныг шагнана гэдэгт итгээрэй (Мат. 5:10–12). Тэгвэл агуу их гамшиг болоход та хэрхэн тэвчихээ мэдэх бөгөөд үргэлж тэвчээртэй байхаар бат шийднэ.

ӨРӨВЧ СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ

9. Сирийн Антиох дахь хурлынхан өрөвч сэтгэлээ хэрхэн илэрхийлсэн бэ?

9 Иудей дэх Христийн дагалдагчид өлсгөлөнд нэрвэгдсэнийг Сирийн Антиох дахь хурлынхан сонсоод яасныг ярилцъя. Тэд Иудей дэх ах дүү нараа өрөвдсөн нь дамжиггүй. Гэхдээ өрөвдөөд зогсохгүй тэдэндээ тусалсан. Энэ тухай Библид «Иудей дэх ах дүүдээ чадах чинээгээрээ туслахаар болж цуглуулсан юмаа ... явуулсан» гэж бичжээ (Үйлс 11:27–30). Хэдийгээр хол амьдарч байсан ч Антиох дахь Христийн дагалдагчид өлсгөлөнд нэрвэгдсэн ах дүүстээ туслахаар бат шийдсэн (1 Ёох. 3:17, 18).

ӨРӨВЧ СЭТГЭЛ

Байгалийн гамшиг болоход өрөвч сэтгэлээ илэрхийлэх учиртай (10-р догол мөрийг үзээрэй)

10. Гамшигт нэрвэгдсэн ах дүүсээ гэсэн өрөвч сэтгэлээ илэрхийлэх ямар арга байдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

10 Бид ч гамшигт нэрвэгдсэн ах дүүсийнхээ талаар сонсвол өрөвч сэтгэлээ илэрхийлэх боломжтой. Тусламжийн ажилд хэрхэн оролцож болохыг ахлагчдаас асууж, дэлхий дахины үйл хэрэгт зориулан хандив өргөх юм уу тэдний төлөө залбирч болох юм (Сур. 17:17). b 2020 онд, КОВИД-19 цар тахлын үеэр Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороо 950 гаруйг байгуулсан. Тусламжийн ажилд оролцсон хүмүүст бид үнэхээр талархдаг. Тэд ах дүүсээ өрөвдөх сэтгэлдээ хөтлөгдөн тусламжийн бараа тарааж, Еховатай дотно байхад нь тусалж, зарим тохиолдолд бүр гэр орон болон шүтлэгийн газрыг нь засаж янзлах юм уу, шинээр барьсан (2 Коринт 8:1–4-тэй харьцуулаарай).

11. Өрөвч сэтгэлээ илэрхийлбэл Тэнгэрийн Эцгээ алдаршуулна гэхийн учир юу вэ?

11 Гамшгийн үеэр өөрсдийгөө золиослон бусдад тусалж өрөвч сэтгэлээ илэрхийлэхийг маань хүмүүс анзаардаг. Жишээ нь 2019 онд Дориан хар салхи дэгдэхэд Бахам дахь цуглааны нэг танхим нурсан. Итгэл нэгтнүүд маань танхимыг дахин барьж байхдаа зарим ажлыг Гэрч биш хүнээр хийлгэхээр болж үнэ өртгийг нь асуужээ. Тэгэхэд тэрбээр: «Тоног төхөөрөмж, барилгын материал, хөлс хүчээ хандивламаар байна. ... Танай байгууллагын ажилд хувь нэмэр оруулъя. Найзууддаа тусалж байгаа та нарыг хараад сэтгэл минь их хөдөлсөн» гэжээ. Энэ ертөнцийнхний ихэнх нь Еховаг мэддэггүй. Гэхдээ Еховагийн Гэрчүүдийг ажигладаг хүн олон. Өрөвч сэтгэлээ үйл хэргээрээ харуулж, «агуу их өршөөнгүй» Нэгэнтэй танилцахад хүмүүст тусална гэдэг ямар их завшаан бэ! (Эф. 2:4).

12. Одоо өрөвч сэтгэлээ илэрхийлдэг бол агуу их гамшгийг давахад бэлэн гэхийн учир юу вэ? (Илчлэл 13:16, 17).

12 Агуу их гамшгийн үеэр өрөвч сэтгэлээ илэрхийлэх нь яагаад чухал вэ? Библид бичсэнээр улс төрийн үйл ажиллагааг дэмждэггүй хүмүүст одоо ч, агуу их гамшгийн үед ч бэрхшээл учирна (Илчлэл 13:16, 17-г уншина). Ах дүүст маань бүр наад захын хэрэгцээгээ хангахад нь ч тусламж хэрэгтэй болж магадгүй. Ирээдүйд Хаан Есүс Христ хүмүүсийг шүүхээр ирэхээрээ ах дүүсээ өрөвдөн тусалж буй бидэнд «Хаант төрийг өвлөн ав» гэж хэлнэ (Мат. 25:34–40).

АХ ДҮҮСЭЭ УЛАМ ИХ ХАЙРЛААРАЙ

13. Ром 15:7-д бичсэнээр Христийн эртний дагалдагчид нэг нэгнээ хэрхэн хайрласаар байсан бэ?

13 Хайр бол Христийн эртний дагалдагчдын онцлог шинж юм. Гэхдээ нэг нэгнээ хайрлах нь амархан байсан уу? Ром дахь хурал ямар ямар хүмүүсээс бүрдсэнийг бодоод үз дээ. Мосегийн хуулийг сахиж өссөн иудейчүүдээс гадна огт өөр ёс заншилтай гэр бүлд өссөн харь хүмүүс ч байсан. Зарим нь боол, зарим нь эрх чөлөөт хүн, бүр боолын эзэд ч байв. Ийм их ялгаатай хүмүүс нэг нэгнээ хэрхэн хайрласаар байсан бэ? Элч Паул тэдэнд «бие биеэ хүлээн авахыг» уриалсан (Ром 15:7-г уншина). Ямар утгаар ингэж хэлсэн юм бол? «Хүлээн авах» гэж орчуулсан үг нь хэн нэгнийг гэртээ урих юм уу түүнтэй найз болох гэх зэргээр найрсаг, зочломтгой хандах гэсэн утгатай. Жишээ нь, зугтаж явсан Онесим гэдэг боолоо «элэгсэг хүлээж аваарай» гэж Паул Филемонд захисан (Флм. 17). Прискила Акул хоёр, Христийн тухай сайн мэддэггүй Аполд найрсаг хандаж, анд найзууд болцгоосон (Үйлс 18:26). Хоорондоо эрс ялгаатай Христийн дагалдагчид талцан хуваагдахын оронд нэг нэгнээ найрсгаар хүлээж авсан.

ХАЙР

Бидэнд ах дүүсийн маань хайр хэрэгтэй (15-р догол мөрийг үзээрэй)

14. Анна болон нөхөр нь хайраа хэрхэн илэрхийлсэн бэ?

14 Бид ч итгэл нэгтнүүдээ найрсгаар хүлээн авч, анд найзууд болбол хайрладгаа харуулж буй хэрэг. Ингэвэл тэдэнд ч биднийг хайрлах хүсэл төрнө (2 Кор. 6:11–13). Анна болон нөхрийнх нь жишээг бодъё. Баруун Африкт миссионероор үйлчлэх шинэ даалгавар аваад тэнд очсоны дараахан КОВИД-19 цар тахал дэгдсэн. Хурлынхантайгаа биечлэн уулзах боломжгүй болсон учраас хүмүүстэй танилцах амаргүй байсан. Тэр хоёр хайраа хэрхэн илэрхийлсэн бэ? Хурлын ах дүүстэйгээ видеогоор холбогдож тэдэнтэй дотносох хүсэлтэйгээ хэлдэг байв. Тэгэхэд нь хурлынхан утсаар ярьж, мессеж явуулдаг болжээ. Тэр хоёр яагаад олон хүнд хайраа илэрхийлэхийг хичээсэн бэ? Анна: «Сайхан цагт ч, хэцүү цагт ч хүмүүс намайг болон гэрийнхнийг маань хайрлаж байсан нь миний сэтгэлд хоногшиж, оюун бодлоос гарахгүй болсон. Тиймээс би өөрөө ч хайр илэрхийлэх хүсэлтэй болсон» гэж ярьсан.

15. Ах дүүсээ бүгдийг нь хайрлах талаар Ванессагаас юу сурсан бэ? (Бас зургийг үзээрэй).

15 Ихэнх хуралд янз янзын орчинд өссөн, өөр өөр зан чанартай хүмүүс байдаг. Хурлынхаа хүмүүсийн сайн зан чанарыг олж харахыг хичээвэл тэднийг гэсэн хайр улам лавширна. Шинэ Зеландад амьдардаг Ванесса гэдэг Гэрч эмэгтэйд хурлынхаа зарим хүнтэй дотносоход хэцүү санагддаг байв. Гэхдээ тэрбээр өөрт нь таалагддаггүй зан чанартай хүмүүсээс дөлөхийн оронд тэдэнтэй илүү олон цаг хамт байхаар шийдсэн. Ингэсэн нь Ехова тэднийг яагаад хайрладгийг олж харахад тусалсан. Ванесса: «Нөхөр минь дүүрэг хариуцагч болсноос хойш бид өөр өөр зан чанартай илүү олон хүнтэй уулзаж учирдаг болсон нь хүмүүстэй дотносоход тустай байсан. Одоо би янз янзын хүнийг хайрладаг. Ехова ч тэднийг хайрладаг нь тодорхой. Учир нь тэрбээр янз бүрийн хүнийг өөртөө татсан» гэж хэлсэн. Бид Ехова шиг харж сурвал хүмүүсийг хайрладгаа батална (2 Кор. 8:24).

Агуу их гамшгийн үеэр итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байвал Ехова амласнаа биелүүлж биднийг хамгаална (16-р догол мөрийг үзээрэй)

16. Агуу их гамшгийн үед бие биеэ хайрлах нь яагаад амин чухал вэ? (Бас зургийг үзээрэй).

16 Бие биеэ хайрлах нь ялангуяа агуу их гамшгийн үед амин чухал. Тэр үед Ехова биднийг хэрхэн хамгаалах вэ? Эртний Вавилон хот дайралтад өртөхөд Ехова ард түмэндээ ямар заавар өгснийг анхааръя. Тэрбээр: «Миний ард түмэн, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл түр зуур нуугдагтун» гэжээ (Ис. 26:20). Агуу их гамшиг болоход бид ч энэ зааврыг дагах хэрэгтэй байх. «Өрөө» гэдгээр өнөөгийн хурлуудыг хэлсэн бололтой. Агуу их гамшгийн үеэр итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байвал Ехова амласнаа биелүүлж биднийг хамгаална. Тиймээс ах дүү нарынхаа дутагдлыг тэвчээд зогсохгүй тэднийгээ хайрлахын тулд одооноос хичээх учиртай. Аврагдах эсэх маань үүнээс шалтгаалж мэднэ.

ОДООНООС БЭЛДЭЭРЭЙ

17. Одооноос бэлдвэл агуу их гамшгийн үед яаж чадах вэ?

17 «[«Еховагийн», ШЕ] агуу өдөр» хүн төрөлхтний хувьд хэцүү цаг байх болно (Зеф. 1:14, 15). Еховагийн ард түмэн ч зовлон амсана. Гэхдээ одооноос бэлдвэл өөрсдөө тайван байна, өрөөл бусдад тусална. Ямар ч зовлон тохиолдсон тэвчээртэй байж чадна. Итгэл нэгтнүүдэд маань зовлон учирвал тэднийг өрөвдөж, хэрэгцээг нь хангаж туслахын тулд чадах бүхнээ хийнэ. Мөн одооноос ах дүүсээ хайрлаж сурвал ирээдүйд ч тэдэнтэйгээ ойр дотно байна. Тэгвэл Ехова биднийг гамшиг зовлонгүй дэлхий дээр мөнх амьдруулна (Ис. 65:17).

ДУУ 24 Шагналаа харж явъя!

a Агуу их гамшиг удахгүй болно. Урьд өмнө болж байгаагүй, тэр хэцүү цагийг даван туулахын тулд тэвчээр, өрөвч сэтгэл, хайр гэсэн зан чанаруудыг хөгжүүлэх нь тустай. Христийн эртний дагалдагчид эдгээр зан чанарыг хэрхэн хөгжүүлснийг, бид тэднийг хэрхэн дуурайхыг, агуу их гамшгийг давахад бэлэн байхад эдгээр зан чанар хэрхэн тус болохыг энэ өгүүллээр ярилцана.

b Гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажилд оролцохыг хүссэн хүн эхлээд «Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтсийн үйлчлэгчийн анкет» (DC-50) юм уу «Сайн дурын үйлчлэгчийн анкет»-ыг (A-19) бөглөөд урилга ирэхийг хүлээх хэрэгтэй.