Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 30

Улам их хайрлаарай

Улам их хайрлаарай

«Хайрандаа хөтлөгдөн ... бүх талаараа төлөвшихийг хичээцгээе» (ЭФ. 4:15).

ДУУ 138 Таны нэр бол Ехова

ТОЙМ a

1. Та анх Библи судлаад юу мэдэж авсан бэ?

 ТА АНХ Библи судалж байсан үеэ санаж байна уу? Жинхэнэ Бурхан нэртэй гэдгийг сонсоод та гайхсан байх. Хүмүүсийг тамд тарчилган зовоодоггүйг мэдээд тайвширсан биз ээ. Нас барсан дотнын хүн тань амилахыг, диваажин дэлхийд хамт амьдрах боломжтойг ойлгоод баярласан нь лавтай.

2. Та Библийн үнэнийг мэдэж аваад ямар ахиц гаргасан бэ? (Эфэс 5:1, 2).

2 Бурхны Үгийг судлах тусам Еховаг гэсэн хайр тань улам лавширсан. Тэр хайрандаа хөтлөгдөн та мэдсэнээ хэрэгжүүлэх хүсэлтэй болсон. Библийн зарчимд үндэслэн шийдвэр гаргаж эхэлсэн. Еховад таалагдахыг зорьж зөв юмыг боддог, хийдэг болсон. Халамжтай эцэг эхээ дуурайдаг хүүхэд адил та тэнгэрийн Эцгээ дуурайдаг (Эфэс 5:1, 2-ыг уншина).

3. Өөрөөсөө ямар асуултуудыг асуух хэрэгтэй вэ?

3 Бид дор бүрнээ өөрөөсөө «Еховаг гэсэн одоогийн хайр минь Христийн дагалдагч болсноос хойш улам илүү болсон уу? Баптисм хүртсэнээсээ хойш Еховаг илүү их дуурайж ах дүүсээ чин сэтгэлээсээ хайрладаг болсон уу?» гэж асуух хэрэгтэй. Хэрэв та «анх хайрлаж байсан шигээ хайрлахаа» больсноо анзаарсан бол сэтгэлээр бүү унаарай. Христийн I зууны дагалдагчдад ч бас ийм юм тохиолдсон. Гэхдээ Есүс тэднийг орхиогүй шигээ биднийг ч орхихгүй (Илч. 2:4, 7). Бид үнэнийг анх мэдээд хайрлаж байсан шигээ хайрлаж чадна гэдгийг Ехова мэддэг.

4. Энэ өгүүллээр юуны талаар үзэх вэ?

4 Энэ өгүүллээр, яавал Еховаг болон бусдыг улам илүү хайрладаг болохыг ярилцана. Хайраа хөгжүүлбэл бид болон бусад хүн ямар ивээл хүртэхийг бас үзнэ.

ЕХОВАГ УЛАМ БҮР ХАЙРЛААРАЙ

5, 6. Паулд ямар ямар бэрхшээл учирсан бэ? Яагаад Еховад тасралтгүй үйлчилж чадсан бэ?

5 Элч Паул Еховад үйлчлээд сэтгэл хангалуун байсан ч янз янзын бэрхшээлтэй нүүр тулж байв. Аюул ихтэй ч тэрбээр үе үе холын аянд явдаг байжээ. Замдаа «гол усны аюул, дээрэмчдийн аюултай» учирч, дайснууддаа зодуулах ч үе байсан (2 Кор. 11:23–27). Өөрсдөд нь туслах гэсэн хичээл зүтгэлийг нь итгэл нэгтнүүд нь заримдаа үнэлээгүй (2 Кор. 10:10; Флп. 4:15).

6 Паул яагаад Еховад тасралтгүй үйлчилж чадсан бэ? Тэрбээр Судраас болон туршлагаасаа Еховаг ямар Бурхан гэдгийг сайн мэдэж авсан. Мөн Ехова Бурхан өөрийг нь хайрладгийг мэдэрсэн (Ром 8:38, 39; Эф. 2:4, 5). Өөрөө ч Еховаг их хайрладаг болсон. Хайрладгаа «ариун хүмүүст» үргэлж үйлчилснээрээ баталсан (Евр. 6:10).

7. Еховаг улам их хайрладаг болох нэг арга юу вэ?

7 Еховаг улам их хайрладаг болохын тулд Үгийг нь хичээнгүйлэн судлах хэрэгтэй. Библи уншихдаа тухайн зүйлээс Еховагийн тухай юу мэдэж болохыг анхаараарай. Өөрөөсөө «Ехова намайг хайрладгийг энэ зүйл хэрхэн баталж байна вэ? Би эндээс Еховаг хайрлах ямар шалтгааныг олж харсан бэ?» гэж асуугаарай.

8. Еховаг улам бүр хайрладаг болоход залбирал тустай гэхийн учир юу вэ?

8 Өөр нэг арга бол Еховад сэтгэлээ уудлан өдөр бүр залбирах юм (Дуу. 25:4, 5). Ингэвэл Ехова залбиралд маань хариулна (1 Ёох. 3:21, 22). Азид амьдардаг Кан гэдэг Гэрч эмэгтэй: «Эхэндээ би Еховаг зөвхөн мэдлэгт үндэслэн хайрлаж байсан. Гэхдээ залбиралд минь хариулдгийг мэдрээд бүр ч илүү хайрладаг болсон. Тиймээс би Еховад таалагдах юмыг хийх хүсэлтэй болсон» гэж хэлжээ. b

БУСДЫГ УЛАМ БҮР ХАЙРЛААРАЙ

9. Тимот бусдыг хайрлах талаар ахиц гаргаж байсан гэж хэлэхийн учир юу вэ?

9 Паул Христийн дагалдагч болсныхоо дараа Тимот гэдэг залуутай танилцжээ. Тимот Еховад хайртай, хүмүүст ч хайртай байв. Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрсний дараа Паул Филиппой дахь дагалдагчдад «Та нарт санаа тавьдаг Тимот шиг хүн надад алга» гэж хэлсэн (Флп. 2:20). Тэрбээр Тимотын зохион байгуулах, илтгэл тавих чадварыг нь бус, ах дүүсээ гэсэн хайрыг нь онцолжээ. Хурлуудын гишүүд ч Тимоттой уулзахыг тэсэн ядан хүлээсэн нь дамжиггүй (1 Кор. 4:17).

10. Анна болон түүний нөхөр итгэл нэгтнүүдээ гэсэн хайраа хэрхэн илэрхийлсэн бэ?

10 Бид ч итгэл нэгтнүүддээ туслах арга замыг хайдаг (Евр. 13:16). Өмнөх өгүүлэлд гарсан Аннагийн тухай ярилцъя. Ширүүн хар салхи гарсны дараа нөхөртэйгөө нэг Гэрчийнд очжээ. Тэдний дээвэр нь цөмөрснөөс болж солих цэвэрхэн хувцасгүй болчихсон байв. Анна: «Бид хувцаснуудыг нь авч яваад угааж, индүүдэж, эвхээд аваачиж өгсөн. Ингэх нь бидний хувьд ялихгүй зүйл байсан ч энэ явдлаас хойш сайн найзууд болцгоосон» гэж ярьжээ. Анна болон нөхөр нь итгэл нэгтнүүдээ гэсэн хайрандаа хөтлөгдөн бодит тусламж үзүүлсэн (1 Ёох. 3:17, 18).

11. а) Бид хайраа илэрхийлэхийг хичээдэг бол бусдад хэрхэн нөлөөлөх вэ? б) Сургаалт үгс 19:17-д бичсэнээр, бидний илэрхийлсэн хайрыг Ехова хэрхэн хариулах вэ?

11 Бусдад хайрын сэтгэлээр найрсаг хандвал бодол, үйлдлээрээ Еховаг дуурайхыг хичээдгийг маань тэд анзаарна. Тэгээд бидний бодсоноос ч илүүгээр талархаж явдаг байж магадгүй. Дээр дурдсан Кан өөрт нь тусалж байсан хүмүүсийг хэзээ ч мартдаггүй. Тэрбээр: «Намайг дэлгэрүүлэх ажилдаа дагуулж явдаг байсан бүх хүнд талархдаг. Тэд манайд ирж намайг авч явдаг, хамт цай уух юм уу өдрийн хоол иддэг, дараа нь гэрт минь хүргэж өгдөг байв. Одоо бодоход энэ бүхний цаана хичээл зүтгэл, хайрын сэтгэл байжээ» гэсэн юм. Мэдээж өөрийнх нь төлөө хийсэн бусдын хичээл зүтгэлийг үнэлдэггүй хүмүүс бий. Кан өөрт нь тусалсан хүмүүсийн тухай «Би тэдний ачийг хариулмаар байвч хаана амьдардгийг нь ч мэдэхгүй. Харин Ехова мэддэг, миний өмнөөс ачийг нь хариулаасай гэж би залбирдаг» гэж ярьжээ. Кан үнэн юм ярьсан. Бусдын төлөө хийсэн өчүүхэн юмыг ч Ехова анзаардаг бөгөөд үнэ цэнтэй золиос, буцааж төлөх өр гэж үздэг (Сургаалт үгс 19:17-г уншина).

Ахиц гаргаж байгаа хүн бусдад туслах арга замыг хайдаг (12-р догол мөрийг үзээрэй)

12. Гэрч эрчүүд хурлынхныгаа хайрладгаа хэрхэн харуулах вэ? (Бас зургийг үзээрэй).

12 Хэрвээ та эрэгтэй хүн бол бусдад хайраа илэрхийлж, туслахын тулд юу хийж болох вэ? Жордан гэдэг нэг залуу хуралдаа илүү тус нэмэр болохын тулд юу хийхийг ахлагчаас асуусан. Ахлагч ахиц гаргаж байгааг нь магтаад юу хийхийг нь зөвлөсөн. Жишээ нь танхимд эрт ирж бусадтай мэндлэх, цуглаанд идэвхтэй оролцох, бүлгийнхэнтэйгээ хамт тогтмол дэлгэрүүлэх, мөн бусдад туслах арга замуудыг хайхыг зөвлөсөн. Жордан эдгээр зөвлөгөөг дагаад шинэ арга барилтай болоод зогсохгүй ах дүүсээ улам бүр хайрладаг болсон. Гэрч эрэгтэй туслах үйлчлэгч болсныхоо дараа биш харин өмнө нь ч тусалсаар байх ёстойг Жордан ойлгожээ (1 Тим. 3:8–10, 13).

13. Кристианыг дахин ахлагч болоход хайр тустай байсан гэхийн учир юу бэ?

13 Хэрэв та өмнө нь туслах үйлчлэгчээр юм уу ахлагчаар үйлчилж байгаад больсон бол яах вэ? Хайрандаа хөтлөгдөн хийсэн бүхнийг тань Ехова мартдаггүй (1 Кор. 15:58). Мөн одоо ч хайраа илэрхийлж байгааг тань харж байгаа. Кристиан ахлагч биш болоод сэтгэлээр их унажээ. Гэсэн ч тэрбээр: «Би ахлагч ч бай, биш ч бай хайрандаа хөтлөгдөн Еховад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн» гэж хэлжээ. Яваандаа ахин ахлагчаар томилогдсон. Кристиан: «Би дахин ахлагч болсон ч өөртөө итгэлгүй байсан. Гэхдээ Ехова намайг өршөөж ахлагчаар үйлчлэхийг зөвшөөрч байгаа юм чинь би Еховаг болон ах дүүсээ гэсэн хайрандаа хөтлөгдөн үйлчилнэ ээ» гэжээ.

14. Гүржид амьдардаг Гэрч эмэгтэйгээс юу сурч болох вэ?

14 Еховагийн үйлчлэгчид бусад хүмүүсийг ч хайрладаг (Мат. 22:37–39). Жишээ нь Гүржид амьдардаг Елена гэдэг Гэрч эмэгтэй: «Би эхэндээ зөвхөн Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөөд дэлгэрүүлдэг байлаа. Гэхдээ тэнгэрийн Эцгээ хайрлах хайр минь лавшрах тусам хүмүүсийг ч улам илүү хайрладаг болсон. Би тэднийг ямар бэрхшээл туулж байгааг төсөөлж, зүрх сэтгэлийг нь хөндөх сэдэв олохыг хичээсэн. Ингэж хүмүүсийн талаар бодох тусам тэдэнд туслахыг илүү их хүсдэг болсон» гэжээ (Ром 10:13–15).

БУСДЫГ ХАЙРЛАХ НЬ ОЛОН ТАЛЫН АЧ ТУСТАЙ

Хайрандаа хөтлөгдөн нэг сайн үйл хийвэл олон хүн ач тус хүртэх боломжтой (15, 16-р догол мөрийг үзээрэй)

15, 16. Зохиомж зурагт үзүүлснээр хайраа илэрхийлбэл ямар сайн үр дүнтэй вэ?

15 Бид ах дүүстээ хайраа илэрхийлбэл зөвхөн тэд ач тус хүртээд л болчихгүй. КОВИД-19 цар тахал гарсны дараа Паоло гэдэг Гэрч эрэгтэй эхнэртэйгээ хамт настай эгч нарт цахим хэрэгслээр хэрхэн дэлгэрүүлэхийг зааж өгсөн. Нэг эгч сурахдаа маруухан байсан ч сүүлдээ сайн ашигладаг болсон. Тэрбээр цахим хэрэгслээр хамаатнуудаа Дурсах цуглаанд урихад 60 хүн цахимаар оролцжээ. Паоло болон эхнэрийнх нь гаргасан хичээл зүтгэлийн ачаар Гэрч эмэгтэй, мөн хамаатнууд нь бүгд ач тус хүртсэн. Тэр эгч Паолод «Настай бидэнд зааж өгсөнд баярлалаа. Еховагийн хайр халамжийг, бас та нарын хичээл зүтгэлийг би хэзээ ч мартахгүй» гэж бичжээ.

16 Энэ болон үүнтэй төстэй явдлаас Паоло чухал сургамж авсан. Хайр нь мэдлэг, авьяас чадвараас илүү чухал болохыг ойлгожээ. Тэрбээр: «Би дүүрэг хариуцагч байв. Ах дүүс маань миний тавьсан илтгэлүүдийг мартсан байж болох ч өөрсдөд нь хэрхэн тусалж байсныг мартдаггүйг би ойлгосон» гэжээ.

17. Хайраа илэрхийлэх нь бас хэнд ач тустай вэ?

17 Бид бусдад хайраа илэрхийлбэл өөрсдөд маань ч ач тустай. Шинэ Зеландад амьдардаг Жонатан үүнийг биеэрээ амсжээ. Тэрбээр нэг бямба гарагт, халуун наранд ганцаараа дэлгэрүүлж буй эхлэгчийг харав. Тэгээд тэр эхлэгчтэй бямба гараг бүрийн үдээс хойш дэлгэрүүлэхээр болжээ. Ийн сайхан сэтгэл гаргаснаараа ямар их ивээл хүртэхээ тэрбээр мэдээгүй. Жонатан: «Би дэлгэрүүлэх ажилд тийм ч дуртай байгаагүй. Гэхдээ тэр эхлэгчийн заах арга барилыг, мөн дэлгэрүүлээд ямар сайн үр дүнд хүрч байгааг нь хараад дэлгэрүүлэх дуртай болсон. Бас итгэлээ батжуулах, баяр хөөртэй дэлгэрүүлэх, Еховатай улам дотносоход минь тус болох сайн найзтай болсон» гэж ярьжээ.

18. Ехова биднээс юу хүсдэг вэ?

18 Ехова бид бүгдээс өөрийг нь болон хүмүүсийг улам их хайрладаг болоосой гэж хүсдэг. Дээр ярилцсанаар Еховагийн Үгийг уншиж, эргэцүүлэн бодож, тогтмол залбирвал түүнд улам бүр хайртай болно. Ах дүүстээ бодитоор тусалдаг бол тэдэнд улам их хайртай болно. Хайр маань лавшрахын хэрээр Еховатай болон итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносож, үүрд мөнхөд нөхөрлөнө.

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

a Бид үнэний зам дээр гараад удсан ч бай, удаагүй ч бай бүгдээрээ ахиц гаргасаар байх ёстой. Ингэх нэг арга нь Еховаг болон бусдыг улам их хайрлах явдал юм. Энэ тухай одоо үзэх бөгөөд тус өгүүллийг судлах явцдаа та ямар ахиц гаргаж байснаа, цаашдаа яах хэрэгтэйгээ эргэцүүлэн бодоорой.

b Зарим нэрийг өөрчлөв.