СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 34
Библийн зөгнөлийг судлаарай
«Хэрсүү ухаантнууд ойлгоно» (ДАН. 12:10).
ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном
ТОЙМ a
1. Библийн зөгнөлийг судлах нь танд ямар санагддаг вэ?
БЭН гэдэг Гэрч залуу: «Би Библийн зөгнөлийг судлах дуртай» гэж хэлсэн. Та бас санал нийлэх үү? Эсвэл зөгнөл судлах тийм ч дуртай биш үү? Бүр уйтгартай санагддаг байж ч болох юм. Харин Ехова зөгнөлүүдийг Үгэндээ бичүүлсний учрыг мэдэж авбал таны бодол өөрчлөгдөх байх.
2. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?
2 Энэ өгүүллээр Библийн зөгнөлүүдийг яагаад судлах хэрэгтэйг, бас хэрхэн судлахыг авч үзнэ. Дараа нь «Даниел» номд байгаа хоёр зөгнөлийг ярилцаж, тэдгээрийг ойлгох нь бидэнд ямар ач тустайг үзнэ.
БИБЛИЙН ЗӨГНӨЛИЙГ ЯАГААД СУДЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
3. Библийн зөгнөлийг ойлгохын тулд яах хэрэгтэй вэ?
3 Библийн зөгнөлийг ойлгоё гэвэл тусламж авах хэрэгтэй. Дараах жишээг бодъё. Та таньж мэдэхгүй газраар найзтайгаа аялж байна. Гэхдээ найз тань тэр газрыг болон аль замаар явж хаа хүрэхээ сайн мэддэг. Тиймээс та хамт явахыг зөвшөөрсөнд нь баярлах байх! Үүн шиг Ехова ямар цаг үед амьдарч байгааг маань, бас цаашид бидэнд юу тохиолдохыг мэддэг. Тиймээс Библийн зөгнөлийг ойлгохын тулд даруу байж Еховагаас тусламж авах хэрэгтэй (Дан. 2:28; 2 Петр 1:19, 20).
4. Ехова Үгэндээ зөгнөл бичүүлсэн нь ямар учиртай вэ? (Иеремиа 29:11). (Бас зургийг үзээрэй).
4 Еховаг үр хүүхдэдээ сайн сайхныг хүсдэг эцэг эхтэй адилтгаж болно (Иеремиа 29:11-ийг уншина). Гэхдээ хүмүүн эцэг эхээс ялгаатай нь Ехова ирээдүй ямар болохыг яг таг хэлж чаддаг. Тэрбээр ирээдүйд болох чухал үйл явдлуудыг бидэнд мэдүүлэхийн тулд Үгэндээ зөгнөл бичүүлсэн (Ис. 46:10). Тиймээс Библийн зөгнөл бол хайр халамжтай тэнгэрийн Эцгийн маань бэлэг юм. Харин зөгнөлүүд биелнэ гэдэгт итгэхийн тулд яах хэрэгтэй вэ?
5. Хүүхэд залуус Максын туршлагаас юу сурах вэ?
5 Хүүхэд залуус маань сургууль дээрээ Библийг ойшоож хүндэлдэггүй хүмүүсийн дунд байдаг. Гэрч залуус тэр хүмүүсийн үг яриаг сонсож, биеэ авч явах байдлыг хараад итгэдэг юмандаа эргэлзэж магадгүй. Гэрч хүү Максын тухай ярилцъя. Тэрбээр: «Би өсвөр настайдаа эцэг эх минь надад үнэнийг зааж байна уу, Библи бол Бурхны бичүүлсэн ном мөн үү гэж эргэлзэж эхэлсэн» гэжээ. Эцэг эх нь яасан бэ? Макс: «Санаа зовж байгаа нь илт байсан ч тэд намайг тайван сонссон» гэж ярьсан. Аав ээж нь Максын асуултуудад Библиэс хариулсан. Макс өөрөө ч зүгээр суугаагүй. Тэрбээр: «Би Библийн зөгнөлүүдийг судалсан. Бас мэдэж авсан юмаа бусадтай хуваалцсан» гэжээ. Ямар үр дүнд хүрсэн бэ? Макс: «Ингэснээрээ би Библи бол Бурхны Үг гэдэгт бат итгэдэг болсон!» гэж ярьжээ.
6. Хэрвээ танд эргэлзээ төрвөл яах хэрэгтэй вэ? Яагаад?
6 Хэрвээ та Библид бичсэн зүйл үнэн гэдэгт Макс шиг эргэлзэж эхэлбэл өөрийгөө буруутгах хэрэггүй. Гэхдээ зүгээр сууж болохгүй. Эргэлзээ нь зэвтэй адил. Хэрэв тоохгүй бол үнэтэй юмыг бага багаар сүйтгэнэ. Итгэлийг тань сулруулах эргэлзээг арилгахын тулд өөрөөсөө «Ирээдүйн тухай Библийн мэдээнд би итгэдэг үү?» гэж асуугаарай. Хэрвээ эргэлзэж байвал аль хэдийн биелсэн Библийн зөгнөлүүдийг судлах хэрэгтэй. Хэрхэн судлахыг одоо ярилцъя.
БИБЛИЙН ЗӨГНӨЛИЙГ ХЭРХЭН СУДЛАХ ВЭ?
7. Зөгнөлийг судлах талаар Даниел бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ? (Даниел 12:10). (Бас зургийг үзээрэй).
7 Зөгнөлийг хэрхэн судлах талаар Даниел бид бүгдэд сайн үлгэр дуурайл үлдээсэн. Тэрбээр үнэнийг ойлгоё гэсэн зөв зорилго тавьж судалсан. Бас хэм хэмжээнийх нь дагуу амьдардаг хүмүүст Ехова тусалж зөгнөлийг ойлгуулна гэдгийг хүлээн зөвшөөрч даруу байсан (Дан. 2:27, 28; Даниел 12:10-ыг уншина). Тэрбээр Ехова тусална гэдэгт найдаж даруу гэдгээ баталсан (Дан. 2:18). Бас нямбай судалдаг байсан. Өөрт нь байсан Судрыг бүгдийг нь уншиж судалжээ (Иер. 25:11, 12; Дан. 9:2). Та Даниелыг хэрхэн дуурайх вэ?
8. Зарим хүн Библийн зөгнөлүүд биелнэ гэдэгт итгэхийг хүсдэггүй нь ямар учиртай вэ? Харин бид яах ёстой вэ?
8 Зорилгоо нягтлаарай. Та үнэнийг ойлгохыг хүсээд зөгнөлийг судалдаг уу? Хэрвээ тийм бол Ехова танд тусална (Ёох. 4:23, 24; 14:16, 17). Харин зарим хүн өөр зорилгоор буюу Бурхан Библийг бичүүлээгүй гэсэн нотолгоог олохын тулд судалдаг. Ингэснээрээ тэд өөрсдийнхөө тогтоосон зөв буруугийн хэм хэмжээний дагуу амьдардгаа зөвтгөхийг оролддог. Тиймээс зөв зорилго тавьж судлах нь чухал. Түүнээс гадна зөгнөлийг ойлгоё гэвэл дараах зан чанартай байх хэрэгтэй.
9. Библийн зөгнөлийг ойлгоё гэвэл ямар зан чанартай байх хэрэгтэй вэ? Тайлбарлана уу.
9 Даруу байгаарай. Ехова даруу зантай хүнд туслахаа амласан (Яак. 4:6). Тиймээс бид Библийн зөгнөлийг ойлгохын тулд Еховагаас тусламж гуйн залбирах хэрэгтэй. Бас бидэнд бэлгэдлийн хоол ундыг цагт нь өгдөг итгэмжит ухаалаг боолын тусламж хэрэгтэйг хүлээн зөвшөөрөх учиртай (Лук 12:42). Эмх журмын Бурхан Ехова өөрийн Үгэн дэх үнэнийг ойлгуулахын тулд нэг л байгууллагыг удирддаг нь ойлгомжтой (1 Кор. 14:33; Эф. 4:4–6).
10. Эстэрээс юу сурах вэ?
10 Нямбай судлаарай. Эхлээд сонирхолтой санагдсан нэг зөгнөлийг сонгоод судлаарай. Эстэр гэдэг Гэрч эмэгтэй ийнхүү судалжээ. Түүнд Мессиа ирэх тухай зөгнөлийг судалмаар санагдсан. Эстэр: «Би 15-тайдаа Мессиагийн талаарх зөгнөлүүд Есүсийг дэлхийд ирэхээс өмнө бичигдсэнийг нотлох баримтуудыг судалж эхэлсэн» гэжээ. Тэрбээр Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүдийн талаар судлаад итгэлээ батжуулжээ. Эстэр: «Тэдгээрийн зарим нь Христийг ирэхээс өмнө бичигдсэн учраас тэнд буй зөгнөлүүдийг Бурхан л бичүүлсэн байж таарна» гэсэн. Тэрбээр заримыг нь олон удаа уншиж байж ойлгосон ч, хичээл зүтгэл гаргасандаа баяртай байна. Эстэр Библийн хэдэн зөгнөлийг нямбай судлаад «Би Библид бичигдсэн зүйл үнэн гэдэгт бат итгэдэг болсон!» гэж ярьжээ.
11. Библид бичсэн юм үнэн гэдгийн баталгааг судлах нь ямар ач тустай вэ?
11 Бурхны Үгэнд бичигдсэн аль хэдийн биелсэн зөгнөлүүдийг мэдэж авбал Еховад улам бүр итгэнэ, мөн удирдлага заавар нь хамгийн зөв гэдэгт эргэлзэхгүй. Түүнээс гадна одоо ямар ч сорилт тулгарсан ирээдүйгээ өөдрөгөөр харахад тустай. Даниелын бичсэн, одоо биелж байгаа хоёр зөгнөлийг товчхон ярилцъя. Тэдгээрийг ойлгох нь зөв шийдвэр гаргахад тустай.
ТӨМӨР БОЛОН ШАВРААС БҮТСЭН ТАВХАЙН ТУХАЙ ЗӨГНӨЛ ТАНД ЯМАР ХАМААТАЙ ВЭ?
12. «Төмөр ба шаврын хольцноос бүтсэн тавхай» юуг төлөөлдөг вэ? (Даниел 2:41–43).
12 Даниел 2:41–43-ыг уншина. Небухаднезар хаан «төмөр ба шаврын хольцноос бүтсэн» тавхайтай нэгэн баримлыг зүүдэндээ харсан. Зөгнөлийн утгатай энэ зүүдийг «Даниел» болон «Илчлэл» номд байдаг бусад зөгнөлүүдтэй харьцуулж үзвэл тавхай нь одоогийн эзэнт гүрэн болох Англи- Америк гэдгийг мэдэж авна. Даниел энэ эзэнт гүрний талаар «Тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно» гэжээ. Нөгөө хэсэг нь яагаад хэврэг байх вэ? Яагаад гэвэл энэ эзэнт гүрний хүмүүс «хоорондоо наалдахгүй юм». b
13. Энэ зөгнөлийн утгыг ойлговол ямар чухал үнэнийг мэдэж авах вэ?
13 Хааны зүүдэнд үзэгдсэн баримал, ялангуяа тавхайн тухай Даниелын тайллаас хэд хэдэн чухал юмыг мэдэж авна. Нэгдүгээрт, Англи-Америкийн эзэнт гүрэн хүчирхэг гэдгээ харуулсан. Жишээлбэл дэлхийн I, II дайнд ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэхдээ энэ эзэнт гүрний хүч суларч байгаа бөгөөд цаашид ч ард иргэдийн тэмцэл мөргөлдөөнөөс болж доройтно. Хоёрдугаарт, энэ нь Бурхны Хаант төр хүний засаглалыг бүгдийг нь устгахаас өмнө байх сүүлчийн хүчирхэг гүрэн байна. Зарим улс орон Англи-Америкийн эзэнт гүрнийг эсэргүүцэх боловч түүнийг орлохгүй. Учир нь Бурхны Хаант төрийг төлөөлдөг «чулуу» Англи-Америкийн эзэнт гүрний төлөөлөл болдог тавхайг бутлах юм (Дан. 2:34, 35, 44, 45).
14. Төмөр болон шаврын хольцноос бүтсэн тавхайн тухай зөгнөлийн утгыг ойлговол ямар зөв шийдвэр гаргах вэ?
14 Та төмөр болон шаврын хольцноос бүтсэн тавхайн тухай Даниелын зөгнөл үнэн гэдэгт итгэдэг үү? Итгэдэг бол энэ нь таны хэрхэн амьдарч байгаагаас харагдана. Та удахгүй устгагдах энэ ертөнцөд амьдрах зуураа эд хөрөнгө хураах гэж зүтгэхгүй (Лук 12:16–21; 1 Ёох. 2:15–17). Энэ зөгнөлийн утгыг ойлговол дэлгэрүүлэх болон заах ажлыг чухалд үзнэ (Мат. 6:33; 28:18–20). Энэ зөгнөлийг судлаад та дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Бурхны Хаант төр удахгүй хүний бүх засаглалыг устгана гэдэгт итгэдгээ гаргасан шийдвэрээрээ харуулдаг уу?»
УМАРД БОЛОН ӨМНӨ ЗҮГИЙН ХААНЫ ТУХАЙ ЗӨГНӨЛ ТАНД ЯМАР ХАМААТАЙ ВЭ?
15. Өнөөгийн «Умард зүгийн хаан» болон «Өмнө зүгийн хаан» хэн бэ? (Даниел 11:40).
15 Даниел 11:40-ийг уншина. «Даниел» номын 11-р бүлэгт өөр хоорондоо тэмцэлдэж буй хоёр хаан буюу улс төрийн хүчний талаар өгүүлдэг. Энэ зөгнөлийг Библийн өөр зөгнөлүүдтэй харьцуулбал «Умард зүгийн хаан» нь Орос болон түүний холбоотнууд, «Өмнө зүгийн хаан» нь Англи-Америкийн эзэнт гүрэн гэдгийг ухаарч ойлгоно. c
16. «Умард зүгийн хааны» захиргаан дор амьдардаг хүмүүст ямар бэрхшээл тулгардаг вэ?
16 «Умард зүгийн хааны» захиргаан дор амьдардаг Бурхны ард түмэн энэ хааны хавчлагыг тэвчиж байна. Зарим Гэрч итгэл үнэмшлээсээ болж зодуур амсаж, шоронд хоригдож байгаа. «Умард зүгийн хааны» хавчлагаас ах дүүс маань айж хулчийхын оронд итгэл нь улам батаждаг. Яагаад? Учир нь Бурхны ард түмнийг хавчиж байгаа нь Даниелын зөгнөл биелж байгаагийн баталгаа гэдгийг ах дүүс маань ойлгодог (Дан. 11:41). d Үүнийг мэдэх нь бат итгэлтэй, үнэнч байхад тустай.
17. «Өмнө зүгийн хааны» захиргаан дор амьдардаг Бурхны ард түмэнд ямар бэрхшээл тулгардаг вэ?
17 Урьд өмнө нь, «Өмнө зүгийн хаан» ч Бурхны ард түмнийг хавчиж байсан. Жишээлбэл 20-р зууны эхний хагаст зарим ах дүүс маань төвийг сахиснаасаа болж шоронд хоригдсон бөгөөд зарим Гэрч хүүхэд ийм шалтгаанаар сургуулиасаа хөөгдөж байжээ. Харин сүүлийн жилүүдэд энэ хааны захиргаан дор амьдарч буй Еховагийн үйлчлэгчид Бурхны Хаант төрд үнэнч эсэх нь өөр байдлаар соригддог. Жишээ нь сонгуулийн үеэр аль нэг нам юм уу нэр дэвшигчийг дэмжих хүсэл Христийн дагалдагч хүнд төрж мэдэх юм. Саналаа өгөхгүй ч зүрх сэтгэл, бодол санаагаараа аль нэг талд нь орж магадгүй. Тиймээс зөвхөн үйл хэргээрээ бус бодол санаагаараа ч төвийг сахих нь чухал байх нь ээ (Ёох. 15:18, 19; 18:36).
18. «Умард зүгийн хаан» болон түүний өрсөлдөгчийн хоорондох тэмцлийг бид юу гэж үзэх вэ?
18 Библийн зөгнөлд итгэдэггүй хүмүүс «Өмнө зүгийн хаан» «Умард зүгийн хаантай» «мөргөлдөхийг» хараад хэтэрхий их санаа нь зовж магадгүй (Дан. 11:40). Тэр хоёр хаан дэлхий дээрх амьтай бүхнийг устгах цөмийн зэвсэгтэй. Гэхдээ Ехова ийм юм болохыг зөвшөөрөхгүй гэдгийг бид мэднэ (Ис. 45:18). Тиймээс бид санаа зовдоггүй, харин «Умард зүгийн хаан» болон «Өмнө зүгийн хааны» хоорондох тэмцлийг хараад улам бат итгэлтэй болдог. Энэ нь энэхүү тогтолцооны төгсгөл ойрхон гэдгийг баталж байна.
БИБЛИЙН ЗӨГНӨЛИЙГ АНХААРСААР БАЙГААРАЙ
19. Библийн зөгнөлийн тухайд бид юуг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?
19 Бид Библийн зарим зөгнөл хэрхэн биелэхийг мэдэхгүй. Зөнч Даниел ч бичсэн зүйлийнхээ утгыг бүгдийг нь ойлгодоггүй байсан (Дан. 12:8, 9). Гэхдээ хэрхэн биелэхийг ойлгохгүй байгаа маань зөгнөл биелэхгүйн баталгаа болохгүй. Ехова урьдын адилаар цаг нь болохоор мэдэх ёстой зүйлийг илчилнэ гэдэгт бид эргэлздэггүй (Ам. 3:7).
20. Библид зөгнөсөн ямар явдлууд удахгүй болох вэ? Бид юуг хийсээр байх хэрэгтэй вэ?
20 «Амар тайван, аюулгүй байна!» гэсэн тунхаглал гарна (1 Тес. 5:3). Дараа нь дэлхийн улс төрийн хүчнүүд хуурамч шашин руу довтолж, устгана (Илч. 17:16, 17). Тэгээд Бурхны ард түмэн рүү дайрна (Езе. 38:18, 19). Эдгээр үйл явдлаас болж Хармагедон гэх эцсийн дайн болно (Илч. 16:14, 16). Энэ бүх үйл явдал удахгүй болно гэдэгт бид эргэлздэггүй. Тэр болтол бид өөрсдөө Библийн зөгнөлийг анхаарахын зэрэгцээ өрөөл бусдад ч анхаарахад нь туслан хайр халамжтай тэнгэрийн Эцэгтээ талархдагаа харуулсаар байя.
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
a Энэ ертөнцийн байдал хэдийгээр дордож байгаа ч сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт бид итгэлтэй байдаг. Библийн зөгнөлийг судалбал ийм итгэлтэй болно. Энэ өгүүллээр Библийн зөгнөлийг яагаад судлах ёстойг ярилцана. Бас Даниелын бичсэн 2 зөгнөлийг товчхон авч үзье. Дараа нь утгыг нь ойлгож мэдэхийн ач тусыг ярилцъя.
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 6-р сарын 15-ны дугаарт байгаа «Ехова “удахгүй болох ёстой юмсыг” илчилдэг» гэсэн өгүүллийн 7–9-р догол мөрийг үзээрэй.
c «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 5-р сарын дугаарт гарсан «Өнөөдөр хэн “Умард зүгийн хаан” бэ?» гэсэн өгүүллийн 3, 4-р догол мөрийг үзээрэй.
d «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 5-р сарын дугаарт гарсан «Өнөөдөр хэн “Умард зүгийн хаан” бэ?» гэсэн өгүүллийн 7–9-р догол мөрийг үзээрэй.