СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 33
Даниелаас сурцгаая
«Ихэд хүндлэгддэг Даниел аа» (ДАН. 10:11).
ДУУ 137 Зоригтой байхад туслаач
ТОЙМ a
1. Даниел яагаад вавилончуудын анхаарлыг татсан бэ?
ЗӨНЧ Даниелыг вавилончууд олзлох үед тэрбээр залуу байжээ. Гэхдээ Даниел олзлогчдын анхаарлыг татсан. Тэд Даниелын «гаднах төрхийг» хараад «согоггүй, үзэсгэлэн төгсийг», мөн нэр нөлөө бүхий гэр бүлээс гаралтайг нь анзаарчээ (1 Сам. 16:7). Тиймээс вавилончууд түүнийг хааны ордонд үйлчлүүлэх зорилгоор сургасан (Дан. 1:3, 4, 6).
2. Ехова Даниелыг ямар хүн гэж үзсэн бэ? (Езекиел 14:14).
2 Ехова Даниелын гаднах төрх, язгуур гарлыг нь бус чухам ямар хүн гэдгийг нь үнэлж, хайрладаг байсан. Дөнгөж 20 орчим настай Даниелыг Ехова олон жил өөрт нь үнэнчээр үйлчилсэн Ноа Иов хоёр шиг зөв хүн гэж үзжээ (Эх. 5:32; 6:9, 10; Иов 42:16, 17; Езекиел 14:14-ийг уншина). Ехова Даниелыг бүхий л амьдралынх нь туршид хайрласаар байсан (Дан. 10:11, 19).
3. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?
3 Энэ өгүүллээр, Еховад ихэд үнэлэгдсэн Даниелын хоёр зан чанарыг ярилцъя. Эхлээд хоёр зан чанарыг тус бүрд нь авч үзээд ямар үед илэрхийлж байсныг мэдэж авъя. Дараа нь эдгээр зан чанарыг хөгжүүлэхэд түүнд юу тус болсныг үзье. Эцэст нь түүнийг хэрхэн дуурайхыг ярилцана. Энэ өгүүллийг хүүхэд залууст зориулж бичсэн ч Даниелын жишээ бид бүгдэд ач тустай.
ЭР ЗОРИГТОЙ ДАНИЕЛЫГ ДУУРАЙЯ
4. Даниел хэрхэн эр зориг гаргасан бэ? Жишээ хэлнэ үү.
4 Зоригтой хүн ч айх нь бий. Гэхдээ айлаа гээд зөв юм хийхээ больдоггүй. Даниел маш зоригтой залуу байсан. Зоригтойгоо харуулсан 2 тохиолдлыг ярилцъя. Эхнийх нь вавилончууд Иерусалимыг устгаснаас хойш хоёр жилийн дараа болсон бололтой. Вавилоны хаан Небухаднезар зүүдэндээ аварга том баримлыг үзээд сэтгэл нь ихэд түгшжээ. Тэрбээр мэргэдэд хэрвээ зүүд болон тайллыг хэлж чадахгүй бол бүгдийг нь хөнөөнө гэж заналхийлсэн. Тэдний дунд Даниел ч байсан (Дан. 2:3–5). Даниел ямар нэг юмыг хурдан хийхгүй бол хүмүүс амиа алдах байлаа. Тэрбээр «дотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв» (Дан. 2:16). Зоригтой, итгэлтэй нь ийнхүү харагджээ. Даниел урьд нь зүүд тайлж байсан талаар Библид байдаггүй. Тэрбээр Шадрах, Мешах, Абед-него гэдэг вавилон нэртэй болсон нөхдөөсөө «энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл авахаар гуйхыг» хүсжээ (Дан. 2:18). Ехова тэдний залбиралд хариулсан. Бурхны тусламжтайгаар Даниел Небухаднезарын зүүдийг тайлж, өөрийнхөө болон нөхдийнхөө амийг аварчээ.
5. Даниелын зоригтой эсэх нь өөр яаж соригдсон бэ?
5 Даниел аварга том баримлын тухай зүүдийг тайлснаас хойш хэсэг хугацааны дараа зоригтой эсэх нь дахин соригджээ. Небухаднезар бас нэг сэтгэл түгшим зүүд зүүдэлсэн. Тэрбээр асар том модыг зүүдэндээ харжээ. Даниел зүүдийг тайлахдаа, хэсэг зуур эрүүл ухаанаа алдаж хаан ширээнээсээ хөөгдөхийг нь зориглон хэлжээ (Дан. 4:25). Тэгэхэд хаан үүнийг өөрт нь тэрсэлсэн хэрэг гэж үзээд Даниелыг цаазалж мэдэх байв. Гэсэн ч Даниел зоригтой байж зүүдийг тайлсан.
6. Даниелыг зоригтой байхад юу тус болсон бэ?
6 Насан туршдаа зоригтой байхад Даниелд юу тус болсон бэ? Хүүхэд байхаасаа аав ээжийгээ хараад үлгэр дуурайл авсан нь лавтай. Аав ээж нь израйл эцэг эхчүүдэд зориулсан Еховагийн зааврыг биелүүлж хүүхдэдээ Бурхны хуулийг заасан нь дамжиггүй (Д.хууль 6:6–9). Даниел Арван тушаал зэрэг зөвхөн хуулийн үндсэн заалтыг төдийгүй израйлчууд юу идэж болох, болохгүй тухай нарийн ширийн заалтыг ч мэддэг байв (Лев. 11:4–8; Дан. 1:8, 11–13). b Түүнчлэн Бурхны ард түмний түүхийг судалж, Еховагийн хэм хэмжээний дагуу амьдраагүй хүмүүст юу тохиолдсоныг мэддэг болсон (Дан. 9:10, 11). Амьдралын туршлагаасаа Ехова болон түүний хүчирхэг тэнгэрийн элч нар өөрийг нь дэмждэгийг ухаарсан (Дан. 2:19–24; 10:12, 18, 19).
7. Даниелыг зоригтой байхад өөр юу тус болсон бэ? (Бас зургийг үзээрэй).
7 Даниел Иеремиагийн зөгнөлүүдээс авхуулаад Бурхны бусад зөнчийн бичсэнийг судалдаг байсан. Иймээс тэрбээр Вавилонд байх иудейчүүдийн цөллөгийн хугацаа удахгүй дуусахыг хожим нь мэдэж авсан (Дан. 9:2). Даниел зөгнөлүүд биелэхийг хараад Еховад бүр ч илүү итгэдэг болжээ. Бурханд бат итгэдэг хүний зориг бадардаг (Ром 8:31, 32, 37–39-тэй харьцуулаарай). Хамгийн гол нь Даниел тэнгэрийн Эцэгтээ байнга залбирч байв (Дан. 6:10). Нүгэлтэй гэдгээ, юу бодож явдгаа Еховад хэлэхийн зэрэгцээ тусламж гуйдаг байжээ (Дан. 9:4, 5, 19). Тэрбээр бидэн шиг хүн учраас төрөлхийн зоригтой байгаагүй. Харин ч судалдаг, залбирдаг, Еховад итгэдэг учраас зоригтой болсон.
8. Бид яавал зоригтой болох вэ?
8 Зоригтой болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Эцэг эх маань зоригтой байхыг уриалдаг ч эр зоригийг өвлүүлэх боломжгүй. Зоригтой болох нь шинэ арга эзэмшихтэй адил. Шинэ аргыг эзэмшихийн тулд багшийнхаа юуг яаж хийхийг сайтар ажиглаад яг таг дуурайх хэрэгтэй. Үүнтэй адилаар бид зоригтой хүмүүсийг сайтар ажиглаад дуурайвал тэдэн шиг болно. Даниелаас бид юу сурах хэрэгтэй вэ? Түүн шиг Бурхны Үгийг сайн мэддэг болох учиртай. Мөн Еховад санаа бодлоо ний нуугүй хэлэн байнга залбирч түүнтэй дотносох хэрэгтэй. Түүнээс гадна Ехова биднийг дэмждэгт итгэх ёстой. Ингэдэг бол итгэл маань соригдоход зоригтой байж чадна.
9. Зоригтой байхын ач тус юу вэ?
9 Зоригтой байхын ач тус их ээ. Германд амьдардаг Бэний жишээг авч үзье. Сургуулийнхан нь бүгдээрээ хувьслын онолд итгэдэг, бүтээлийн тухай Библийн мэдээллийг домог гэж үздэг. Нэгэн өдөр Бэн самбарын урд гараад Бүтээгчид яагаад итгэдгээ ангийнхандаа тайлбарлах болжээ. Тэрбээр итгэл үнэмшлээ зоригтойгоор тайлбарласан. Ямар үр дүнд хүрсэн бэ? Бэн: «Багш анхааралтай сонсоод, бэлдсэн материалыг минь олшруулаад ангийн бүх хүүхдэд өгсөн» гэж хэлсэн. Ангийнхан нь хэрхэн хүлээж авсан бэ? Бэн: «Олон хүүхэд сонирхсон, бас намайг магтсан» гэжээ. Зоригтой байвал хүмүүс хүндэлдгийг Бэний туршлага харуулж байна. Бас зөв хандлагатай хүмүүс Еховаг таньж мэдэх хүсэлтэй болдог. Тиймээс бид зоригтой болохын тулд хичээх хэрэгтэй байх нь ээ.
ҮНЭНЧ ДАНИЕЛЫГ ДУУРАЙЯ
10. Библид гардаг үнэнч гэдэг үг ямар утгатай вэ?
10 Библид «үнэнч», «үнэнч хайр» гэж орчуулсан еврей үгний утга нь үйлчлэгчдэдээ илэрхийлдэг Бурхны халуун хайр юм. Мөн энэ үгээр Бурхны үйлчлэгчид өөр хоорондоо илэрхийлдэг хайрыг ч хэлдэг (2 Сам. 9:6, 7). Үнэнч байх гэсэн сэтгэл жил өнгөрөх тусам улам хүчтэй болдог. Даниел хэрхэн улам бүр үнэнч болсныг ярилцъя.
11. Өндөр настай Даниелын үнэнч эсэх нь хэрхэн соригдсон бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).
11 Еховад үнэнч эсэхийн сорилтыг Даниел насан туршдаа үзсэн. Гэхдээ хамгийн хүнд бэрх сорилтын нэг нь 90 гарч явахад нь тохиолджээ. Тэр үед Вавилон хотыг Меде, Перс эзэлж, Дариус хаан захирч байлаа. Дариус хааны түшмэд Даниелыг үзэн яддаг, Бурхныг нь хүндэлдэггүй байсан. Тиймээс түүнийг алахаар төлөвлөсөн. Тэд Даниелыг хаанд үнэнч үү, Бурхандаа үнэнч үү гэдгийг сорихоор шийдэж тушаал гаргуулжээ. Даниел хаанд үнэнч гэж харагдаж, бусдаас ялгарахгүй байя гэвэл Еховад 30 хоног залбирахгүй байх ёстой болов. Харин Даниел Еховад үнэнч байсан. Үүнээс болж арслангийн нүхэнд хаягджээ. Гэхдээ Ехова өөрт нь үнэнч байсан Даниелыг арслангуудын хоол болох аюулаас аварсан (Дан. 6:12–15, 20–22). Бид яавал Еховад хувиршгүй үнэнч Даниел шиг болох вэ?
12. Даниел яагаад Еховад хувиршгүй үнэнч байсан бэ?
12 Еховад үнэнч байя гэвэл түүнийг чин сэтгэлээсээ хайрлах ёстой. Даниел тэнгэрийн Эцгээ үнэн голоосоо хайрласан учраас хувиршгүй үнэнч байжээ. Тэрбээр Еховагийн зан чанар болон түүнийгээ хэрхэн илэрхийлж байсныг эргэцүүлж боддог учраас улам бүр хайрладаг болсон нь эргэлзээгүй (Дан. 9:4). Мөн өөрийнх нь төлөө болон ард түмнийхээ төлөө Еховагийн хийсэн бүхэнд талархаж, тунгаан боддог байсан (Дан. 2:20–23; 9:15, 16).
13. а) Гэрч хүүхэд залуусын үнэнч эсэх нь хэрхэн соригддог вэ? Жишээ хэлнэ үү (Бас зургийг үзээрэй). б) Еховагийн Гэрчүүд ижил хүйстнүүдийг дэмждэг үү гэж асуувал та юу гэж хариулах вэ? Видео үзнэ үү.
13 Хүүхэд залуусын эргэн тойронд Еховаг болон хэм хэмжээг нь хүндэлдэггүй хүмүүс Даниелын үед ч байсан, одоо ч олон байгаа. Тэд Бурхан шүтдэг хүнд дургүй байж болох юм. Зарим нь бүр хүүхэд залуусыг маань дээрэлхэж Еховад үнэнч биш болгох гэж оролдож магадгүй. Жишээ болгон Австралид амьдардаг Грэйм гэдэг залууд юу тохиолдсоныг үзье. Түүнийг дунд сургуульд байхад нь нэг сорилт тулгарчээ. Багш нь хүүхдүүдээс «Хэрвээ найз чинь ижил хүйстэн гэдгээ хэлбэл та нар яах вэ?» гэж асуугаад найзыгаа дэмжиж байгаа нь ангийн нэг талд, дэмжихгүй нь нөгөө талд зогсоорой гэсэн. Грэйм: «Ангийн маань нэг Гэрч хүүхэд бид хоёроос бусад нь бүгдээрээ нэг талд зогссон» гэж ярьсан. Тэгээд Еховад үнэнч эсэхийг нь сорьсон явдал болов. Тэрбээр: «Хичээлийн цаг дуустал хүүхдүүд, бүр багш хүртэл биднийг дооглож, доромжилсон. Би тайван байж, итгэл үнэмшлээ ойлгомжтой тайлбарласан ч тэд нэг ч үгийг минь сонсоогүй» гэжээ. Ийнхүү үнэнч эсэхийг нь сориход Греймд ямар санагдсан бол? Тэрбээр: «Би бусдын хэл амны бай болохыг хүсээгүй ч итгэл үнэмшлээ тайлбарлаж чадсандаа үнэхээр баяртай байсан» гэжээ. c
14. Еховад хувиршгүй үнэнч байхад тустай нэг арга юу вэ?
14 Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг бол Даниел шиг хувиршгүй үнэнч байж чадна. Еховагийн зан чанарыг судлах тусам түүнийг илүү их хайрлана. Жишээлбэл бүтээлүүдийг нь судалж болох юм (Ром 1:20). Еховаг илүү их хүндэлдэг, хайрладаг болъё гэвэл «Санамсаргүй бий болсон уу?» гэдэг цуврал өгүүлэл юм уу видеог үзээрэй. Бас «Тохиолдлоор бий болсон уу?» болон «Амьдралын үүсэл. Бодууштай таван асуулт» гэсэн товхимлыг судлаарай (англи). Эстэр гэдэг дани Гэрч бүсгүй эдгээр товхимлын талаар «Тайлбарууд нь үнэхээр гоё. Юунд итгэх ёстой гэж тулгадаггүй. Харин баримтыг дурдсан байдаг бөгөөд итгэх эсэхээ уншигчид өөрсдөө шийдэх боломжтой» гэж ярьжээ. Дээр дурдсан Бэн: «Энэ материал итгэл батжуулдаг. Бурхан амьд бүхнийг бүтээсний баталгааг бичсэн байдаг» гэжээ. Та эдгээрийг судалбал дараах Библийн зүйлтэй санал нийлэх байх. «Ехова Бурхан минь ээ, алдар, хүндэтгэл, хүч нь таных. Учир нь та бүх юмыг бүтээсэн» (Илч. 4:11). d
15. Еховатай дотносоход тус болох өөр нэг арга юу вэ?
15 Еховаг улам их хайрлахад тус болох бас нэг арга нь түүний Хүү Есүсийн амьдралыг судлах юм. Германд амьдардаг Самира гэдэг Гэрч охин ийнхүү судалсан. Тэрбээр: «Би Есүсийн талаар судалснаар Еховаг улам сайн мэддэг болсон» гэжээ. Тэрбээр бага байхдаа Еховаг сэтгэл мэдрэмжтэй гэдгийг ойлгодоггүй байжээ. Харин Есүс сэтгэл мэдрэмжтэйг ойлгодог байсан. Самира: «Хүүхдэд хайртай, нөхөрсөг зантай Есүс надад сайхан санагдсан» гэжээ. Тэрбээр Есүсийн тухай мэдэх тусам Еховатай дотно болсон. Яагаад? Тэрбээр: «Есүс Эцгээ яг таг дуурайсныг би аажим аажмаар ухаарсан. Тэр хоёр маш их адилхан. Ехова дэлхий рүү Есүсийг илгээсний нэг зорилго нь хүн төрөлхтөнд өөрийгөө илүү сайн мэдүүлэхийн тулд байсныг би ойлгосон» гэж ярьжээ (Ёох. 14:9). Та Еховатай илүү дотносохыг хүсвэл Есүсийн тухай судлах цаг гаргаж болохгүй нь юу билээ? Ингэдэг бол та Еховаг улам их хайрладаг үнэнч хүн болж чадна.
16. Үнэнч байх нь ямар ач тустай вэ? (Дуулал 18:25; Мика 6:8).
16 Үнэнч хүмүүс бусадтай дотно байж насан туршдаа нөхөрлөдөг (Рут 1:14–17). Түүнээс гадна Еховад үнэнч хүмүүсийн санаа сэтгэл амар амгалан байна. Яагаад? Учир нь Ехова өөрт нь үнэнч хүнд үнэнч байхаа амладаг (Дуулал 18:25; Мика 6:8-ыг уншина). Төгс хүчит Бүтээгч биднийг ямар ч үед хайрлахаа амласан гээд бод доо. Биднийг хайрлахад нь сорилт, эсэргүүцэл, бүр үхэл ч Еховад саад болж чадахгүй (Дан. 12:13; Лук 20:37, 38; Ром 8:38, 39). Тэгэхээр Еховад Даниел шиг үнэнч байх нь хэчнээн чухал вэ!
ДАНИЕЛААС СУРСААР БАЙЯ
17, 18. Даниелаас бид өөр юу сурах вэ?
17 Энэ өгүүллээр Даниелын эр зоригтой, үнэнч байсныг авч үзлээ. Гэхдээ түүнээс сурах юм үүгээр дуусахгүй. Жишээлбэл Ехова Даниелд олон үзэгдэл үзүүлж, зүүд зүүдлүүлсэн бөгөөд тэдгээр нь ямар учир утгатайг ойлгох чадвар хайрласан. Тэдгээр зөгнөлийн ихэнх нь аль хэдийн биелсэн. Бусад нь ирээдүйд бүх хүнд юу тохиолдох талаарх зөгнөл юм.
18 Дараагийн өгүүллээр Даниелын бичсэн 2 зөгнөлийг ярилцана. Хөгшин залуу гэлтгүй бид бүгдээрээ тэр зөгнөлүүдийн утга учрыг ойлговол одоо зөв шийдвэр гаргаж чадна. Бас улам зоригтой, үнэнч хүн болж удахгүй тохиолдох сорилтуудыг давахад бэлэн байна.
ДУУ 54 Бат итгэлтэй явъя
a Өнөөдөр Еховад үйлчилдэг хүүхэд залуусын эр зориг, Еховад үнэнч эсэх нь соригддог. Ангийнхан нь Бүтээгчид итгэдэг гээд шоолж магадгүй. Эсвэл Бурхныг шүтдэг, хэм хэмжээнийх нь дагуу амьдардаг тэнэг хүмүүс гээд элэглэн дооглож магадгүй. Гэхдээ Еховад эр зоригтой, үнэнчээр үйлчилсэн зөнч Даниелыг дуурайх нь үнэхээр ухаалаг хэрэг гэдгийг энэ өгүүллээр үзнэ.
b Даниел дараах 3 шалтгааны улмаас Вавилоны хоолыг бузар гэж үзсэн бололтой. 1) Мосегийн хуульд идэхийг хориглосон амьтны мах байсан байж болох юм (Д.хууль 14:7, 8). 2) Цусыг нь юүлээгүй мах байсан бололтой (Лев. 17:10–12). 3) Тухайн хоолыг идвэл хуурамч бурхныг шүтэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж болох байв (Лев. 7:15 болон 1 Кор. 10:18, 21, 22-той харьцуулаарай).
c jw.org сайтаас «Үнэн зөвийн үйлс нь амар тайван байна» гэдэг видеог үзээрэй.
d Еховаг улам бүр хайрладаг болъё гэвэл «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 6-р хичээл, «Сэрцгээ» сэтгүүлийн 2021 оны №3-ыг бас уншаарай.