Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 35

Үргэлж тэвчээртэй бай

Үргэлж тэвчээртэй бай

«Тэвчээрийг өмс» (КОЛ. 3:12).

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

ТОЙМ a

1. Та яагаад тэвчээртэй хүнийг эрхэмлэдэг вэ?

 БИД бүгдээрээ тэвчээртэй хүнийг эрхэмлэдэг. Жишээлбэл юмыг бухимдалгүйгээр хүлээж чаддаг хүнийг бид хүндэлдэг. Алдаа гаргахад маань тэвчээд өнгөрөөдөг хүмүүст талархдаг. Библийн сургаалыг ойлгож, хүлээн зөвшөөрч, ажил болгох гэж чадан ядан явахад маань тэвчээртэй хандсан Библийн багшдаа баярладаг. Хамгийн гол нь бидэнд тэвчээртэй ханддаг Ехова Бурхандаа маш их талархдаг! (Ром 2:4).

2. Ямар үед тэвчээртэй байх хэцүү вэ?

2 Бид бусдын тэвчээрийг үнэлдэг ч өөрсдөө тэвчээртэй байх дандаа амар байдаггүй. Жишээлбэл зам түгжрэхэд, ялангуяа яарч яваа бол тайван байх хэцүү байж магадгүй. Хүмүүсээс болж бухимдах үед уураа барихад амаргүй байдаг. Бас Еховагийн амласан шинэ ертөнцийг хүлээх нь заримдаа хэцүү санагдаж мэднэ. Та илүү тэвчээртэй болмоор байна уу? Энэ өгүүллээр тэвчээртэй хүн ямар байдгийг, бас энэ чанар яагаад чухал болохыг авч үзнэ. Түүнчлэн илүү их тэвчээртэй хүн болоход юу тус болохыг ярилцана.

ТЭВЧЭЭРТЭЙ ХҮН ЯМАР БАЙДАГ ВЭ?

3. Хэн нэгэн таагүй хандахад тэвчээртэй хүн яадаг вэ?

3 Тэвчээртэйгээ харуулах дөрвөн аргыг ярилцъя. Нэгдүгээрт, тэвчээртэй хүн яаран уурладаггүй. Тийм хүн бачимдаж цухалдах үедээ, эсвэл таагүй хандсан хүнд хариу барихын оронд тайван байхыг хичээдэг. «Уурлахдаа удаан» гэдэг үгийг Библид анх удаа бичихэд Еховаг «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» гэж дүрсэлжээ (Ег. 34:6).

4. Тэвчээртэй хүн аливаа юмыг хэрхэн хүлээдэг вэ?

4 Хоёрдугаарт, тэвчээртэй хүн юмыг тайван хүлээдэг. Тийм хүн аливаа юмыг өөрийнх нь бодсоноос илүү удаан хүлээх болсон ч сандрах юм уу бухимдахгүйг хичээдэг (Мат. 18:26, 27). Тайван хүлээх шаардлагатай үе олон. Жишээлбэл хэн нэгнийг ярьж байхад яриаг нь таслалгүй, тэвчээртэй сонсох учиртай (Иов 36:2). Бас суралцагчдаа Библийн сургаалыг ойлгуулахдаа, эсвэл муу зуршлаа хаяхад нь туслахдаа тэвчээртэй байх хэрэгтэй.

5. Тэвчээртэйгээ өөрөөр яаж харуулах вэ?

5 Гуравдугаарт, тэвчээртэй хүн яараад байдаггүй. Мэдээж заримдаа юмыг хурдан хийх шаардлагатай үе байдаг. Гэхдээ тэвчээртэй хүн чухал ажлыг хийхдээ яарч эхлэх юм уу хурдхан дуусгах гэж яардаггүй. Харин ажлаа төлөвлөхдөө ч, хийж гүйцэтгэхдээ ч хангалттай цаг хугацааг зориулдаг.

6. Тэвчээртэй хүн сорилт бэрхшээл тулгарахад яадаг вэ?

6 Дөрөвдүгээрт, тэвчээртэй хүн сорилт тулгарахад гомдоллодоггүй. Мэдээж дотнын найздаа сорилт тулгараад ямар байгаагаа ний нуугүй ярих нь буруу биш ээ. Гэхдээ тэвчээртэй хүн өөдрөг байж Еховад баяр хөөртэй үйлчилсээр байхын тулд чадах бүхнээ хийдэг (Кол. 1:11). Христийн дагалдагч хүн эдгээр аргыг хэрэгжүүлж тэвчээртэй байх ёстой. Яагаад? Хэдэн шалтгааныг авч үзье.

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Тариачин цаг нь болохоор ургац хураана гэдэгт итгэн тэвчээртэй хүлээдэг шиг бид бас Ехова товлосон цагтаа бүх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэн тэвчээртэй хүлээдэг (7-р догол мөрийг үзээрэй)

7. Яаков 5:7, 8-аас үзвэл тэвчээр яагаад чухал вэ? (Бас зургийг үзээрэй).

7 Аврагдахын тулд тэвчээртэй байх нь зайлшгүй чухал. Бурхан амласнаа биелүүлэх тэр цагийг бид эртний үнэнч үйлчлэгчдийн адилаар тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй (Евр. 6:11, 12). Библид биднийг тариачинтай зүйрлэсэн (Яаков 5:7, 8-ыг уншина). Тариачин үр суулгаж, усалж нөр их хөдөлмөрлөдөг ч хэзээ ургахыг нь яг таг мэддэггүй. Тиймээс тэвчээртэй байж, ургац авна гэсэн итгэлтэйгээр хүлээдэг. Үүн шиг «Эзэн [маань] ямар өдөр ирэхийг [бид] мэдэхгүй» ч хичээнгүйлэн үйлчилдэг (Мат. 24:42). Ехова товлосон цагтаа бүх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж тэвчээртэй хүлээдэг. Хэрэв бид тэвчээр алдвал цөхөрч, үнэнээс аажим аажмаар холдох аюултай. Бас яг одоо л жаргалтай болгох зүйлсийн хойноос хөөцөлддөг болж магадгүй. Гэхдээ эцэс хүртэл тэвчвэл бид аврагдана (Мика 7:7; Мат. 24:13).

8. Бусадтай харьцахад тэвчээртэй байх нь ямар тустай вэ? (Колосай 3:12, 13).

8 Бусадтай сайн харилцаатай байхад тэвчээр хэрэгтэй. Тэвчээртэй хүн бусдын яриаг анхааралтай сонсож чаддаг (Яак. 1:19). Бас хүмүүстэй эвтэй байдаг. Тэвчээртэй байвал бухимдсан үедээ түргэдэж, бодлогогүй үг хэлэхгүй. Түүнчлэн гомдсон ч амархан уурлахгүй. Өшөө авахын оронд «хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилдаг» (Колосай 3:12, 13-ыг уншина).

9. Тэвчээртэй байх нь шийдвэр гаргахад ямар тустай вэ? (Сургаалт үгс 21:5).

9 Тэвчээртэй байх нь илүү зөв шийдвэр гаргахад бас тустай. Тэвчээртэй хүн яарахын оронд зөв сонголт хийхийн тулд судлах цаг гаргадаг (Сургаалт үгс 21:5-ыг уншина). Жишээлбэл бид ажил хайж байхдаа Еховад үйлчлэхэд саад болохыг мэдсэн ч эхлээд олдсон ажлыг хийе гэж магадгүй. Харин тэвчээртэй бол ажлын газрын байршил, цагийн хуваарь, гэр бүлд болон Еховатай тогтоосон харилцаанд яаж нөлөөлөх зэргийг бодох цаг гаргана. Тэвчээртэй байвал буруу шийдвэр гаргахаас зайлсхийж чадна.

ИЛҮҮ ИХ ТЭВЧЭЭРТЭЙ БОЛОХЫН ТУЛД ЯАХ ВЭ?

10. Христийн дагалдагч хүн илүү их тэвчээртэй байхын тулд яах вэ?

10 Илүү их тэвчээртэй болоход туслахыг гуйн залбираарай. Тэвчээр бол Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар юм (Гал. 5:22, 23). Тиймээс бид ийм болохын тулд Еховагаас агуу хүч гуйн залбирах нь зүйтэй. Хэрэв хүнд хэцүү сорилт тулгарвал тэвчихэд туслаач гэж агуу хүчийг нь «гуйгаад байх» хэрэгтэй (Лук 11:9, 13). Бас бэрхшээлээ Еховагийн нүдээр харахад туслахыг гуйж болно. Тэгээд залбирсныхаа дагуу тэвчээртэй байхын тулд өдөр бүр чадах бүхнээ хийх хэрэгтэй. Залбирч, тэвчих гэж хичээх тусам энэ чанар сэтгэл зүрхний маань салшгүй хэсэг болно.

11, 12. Ехова тэвчээртэй гэдгээ хэрхэн харуулсан бэ?

11 Библид байдаг жишээнүүдийг эргэцүүлэн бодоорой. Библид тэвчээртэй олон хүний жишээ бий. Тэдгээрийг эргэцүүлэн бодвол тэвчээртэй хүн ямар байдгийг мэдэж авна. Тэдгээр жишээг ярилцахаасаа өмнө тэвчээртэй байхын хамгийн сайн үлгэр дуурайл болдог Еховагийн тухай бодож үзье.

12 Сатан Еден цэцэрлэгт байхдаа Еховаг гүтгэж, хайрын сэтгэлтэй, шударга захирагч биш хэмээн нэр хүндэд нь халдсан. Ехова сайн захирагч гэдгээ батлахад цаг хугацаа хэрэгтэйг мэдэж байсан учраас гүтгэгчийг тэр даруй устгахын оронд өөрийгөө захирч, тэвчээртэй байсан. Өнөөдрийг хүртэл Ехова өөрийнх нь эсрэг бүх гүтгэлгийг тэвчсээр ирсэн. Түүнчлэн мөнх амьтай болох боломжийг аль болох олон хүнд олгохын тулд тэвчээртэй хүлээсээр байгаа (2 Петр 3:9, 15). Ингэснээр олон сая хүн түүнийг таньж мэддэг болсон. Ехова тэвчдэг нь ямар ач тустайг бодож үзвэл энэ тогтолцооны төгсгөл хүртэл тэвчээртэй байх нь бидэнд хэцүү санагдахгүй.

Хүмүүс таагүй хандах үед уурлахгүй байхад тэвчээр тустай (13-р догол мөрийг үзээрэй)

13. Есүс тэвчээртэй Эцгээ хэрхэн төгс дуурайсан бэ? (Бас зургийг үзээрэй).

13 Есүс тэвчээртэй Эцгээ төгс дуурайж дэлхий дээр байхдаа ийм зан чанартайгаа харуулсан. Гэхдээ үргэлж тэвчээртэй байх нь амар байгаагүй. Ялангуяа хоёр нүүртэй хуулийн багш нар болон фарисайчуудтай харьцахад хэцүү байсан (Ёох. 8:25–27). Гэсэн хэдий ч амархан уурладаггүй Эцгээ дуурайдаг байв. Түүнийг доромжилж, өдөөн хатгасан ч хариуд нь муу юм хэлж, хийгээгүй (1 Петр 2:23). Есүс гомдоллохгүйгээр сорилтыг тэвчсэн. Тиймээс ч Библид «нүгэлтнүүдийн хорон үгийг тэвчсэн нэгний жишээг бодож яваарай» гэжээ (Евр. 12:2, 3). Бид бас Еховагийн тусламжтайгаар ямар ч сорилтыг тэвчээртэйгээр давж чадна!

Хэрвээ бид тэвчээртэй байсан Абрахамыг дуурайвал Ехова биднийг одоо шагнаад зогсохгүй амласан шинэ ертөнцдөө бүр их ивээнэ гэдэгт итгэлтэй байна (14-р догол мөрийг үзээрэй)

14. Тэвчээртэй Абрахамаас бид юу сурах вэ? (Еврей 6:15). (Бас зургийг үзээрэй).

14 Төгсгөл удаад байгаа юм шиг санагдвал яах вэ? Та төгсгөлийг олон жилийн өмнө болно гэж найдаж байсан байж магадгүй. Эсвэл төгсгөлийг амьд мэнд үзэхгүй байх вий гэж санаа зовж байж болох юм. Тэвчээртэй хүлээсээр байхад юу тус болох вэ? Абрахамын жишээг бодож үзье. Түүнийг 75 настай, хүүхэдгүй байхад Ехова: «Би чамайг агуу үндэстэн болгоно» гэж амласан (Эх. 12:1–4, ШЕ). Абрахам энэ амлалт биелэхийг харсан уу? Бүрэн гүйцэд биелэхийг нь харж чадаагүй. Евфрат мөрнийг гаталсны дараа, 25 жил хүлээсний эцэст гайхамшгаар хүү Исаак нь төрсөн. Түүнээс хойш 60 жилийн дараа ач хүү Есав Иаков нар нь төржээ (Еврей 6:15-ыг уншина). Гэхдээ үр удам нь агуу үндэстэн болж, амласан газрыг өвлөхийг Абрахам хараагүй. Гэсэн хэдий ч үнэнч байж, Бүтээгчтэйгээ дотно байсан (Яак. 2:23). Тэрбээр амилахаараа үнэнч, тэвчээртэй байсных нь ачаар бүх үндэстэн ивээл хүртсэнийг мэдээд ямар их баярлах бол оо! (Эх. 22:18). Эндээс юу ойлгох вэ? Бид Еховагийн бүх амлалт биелэхийг харж чадахгүй байж магадгүй. Гэхдээ Абрахам шиг тэвчээртэй байвал Ехова биднийг одоо шагнаад зогсохгүй амласан шинэ ертөнцдөө бүр ч их ивээнэ гэдэгт итгэлтэй байна (Марк 10:29, 30).

15. Юуны талаар бие даан судалж бодох вэ?

15 Библид тэвчээртэй байсан өөр олон хүний жишээ байдаг (Яак. 5:10). Тэдний тухай судлахаар төлөвлөж болохгүй нь юу билээ? Жишээ нь Давид бага байхдаа Израйлын ирээдүйн хаан болохоор тослогдсон ч хаан ширээнд суух цагаа олон жил хүлээх хэрэгтэй байсан. Симеон Анна хоёр амласан Мессиаг хүлээнгээ Еховад үнэнчээр үйлчилсэн (Лук 2:25, 36–38). Эдгээр жишээг судлахдаа дараах асуултуудыг бодоорой. «Тэвчээртэй байхад нь энэ хүнд юу тус болсон бол? Тэвчээртэй байснаараа ямар ач тус хүртсэн бэ? Би хэрхэн дуурайх вэ?» Бас тэвчээргүй хүмүүсийн тухай судлах нь тустай байж болох юм (1 Сам. 13:8–14). Та өөрөөсөө «Энэ хүмүүс яагаад тэвчээргүй байсан бэ? Тэвчээргүй байснаараа ямар муу үр дагаварт хүрсэн бэ?» гэж асуугаарай.

16. Тэвчээртэй байхын ач тусаас дурдана уу.

16 Тэвчээртэй байхын ач тусыг бодоорой. Бид тэвчээртэй байвал жаргалтай, тайван амьдарна. Бас сэтгэл болон бие махбодын хувьд эрүүл байна. Хүмүүст тэвчээртэй хандвал сайн харилцаатай болно. Хурлынхан маань ч эв нэгдэлтэй байна. Бидэнд таагүй хандсан хэн нэгэнд уурлахгүй байвал байдал хүндрэхгүй (Дуу. 37:8; Сур. 14:29). Хамгийн гол нь үргэлж тэвчээртэй байвал тэнгэрийн Эцгээ дуурайж, түүнтэй улам дотносно.

17. Бид яахаар бат шийдэх ёстой вэ?

17 Тэвчээр нь ямар сайхан, ач тустай зан чанар вэ! Үргэлж тэвчээртэй байх нь бидэнд амаргүй ч Еховагийн тусламжтайгаар энэ зан чанарыг хөгжүүлсээр байж чадна. Бас шинэ ертөнц бий болохыг тэвчээртэй хүлээж, «[«Еховагийн», ШЕ] мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг» гэдэгт итгэлтэй байна (Дуу. 33:18). Бид бүгдээрээ тэвчээрийг хувцас адил өмссөөр байхаар бат шийдэцгээе.

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

a Сатаны ертөнцөд тэвчээртэй хүн ховор. Харин Библи бидэнд тэвчээрийг хувцас мэт өмс гэж зөвлөдөг. Энэ өгүүллээр тус зан чанар яагаад чухал гэдгийг, бас яавал илүү тэвчээртэй болохыг ярилцана.