СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 36
Үүрэх ёстой ачаагаа үүрч, хэрэггүйг нь хаяя
«Аливаа дарамтыг авч хаяад өмнөх уралдаандаа тэвчээртэй гүйцгээе» (ЕВР. 12:1).
ДУУ 38 Еховад ачаагаа даатгая
ТОЙМ a
1. Еврей 12:1-д бичсэнээр, амийн төлөөх уралдаанд оролцож байгаа хүн барианд оръё гэвэл яах хэрэгтэй вэ?
БИБЛИД Христийн дагалдагчийн амьдралыг уралдаантай зүйрлэсэн. Барианд орсон хүмүүс мөнхийн амиар шагнуулна (2 Тим. 4:7, 8). Бариа улам бүр ойртож байгаа учраас тасралтгүй гүйсээр байхын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэ уралдаанд амжилттай оролцсон элч Паул барианд орохын тулд яах ёстойг бидэнд хэлж өгсөн. Тэрбээр: «Аливаа дарамтыг авч хаяад өмнөх уралдаандаа тэвчээртэй гүйцгээе» гэж уриалсан (Еврей 12:1-ийг уншина).
2. «Аливаа дарамтыг авч хаяна» гэж яахыг хэлэх вэ?
2 Паул: «Аливаа дарамтыг авч хая» гэсэн нь Христийн дагалдагч хүн ямар ч ачаа үүрэх ёсгүй гэсэн үг үү? Үгүй. Харин хэрэггүй ямар ч ачааг хаях ёстой гэсэн утгаар хэлсэн. Ийм ачаа биднийг сатааруулж, хүч тэнхээг маань бардаг. Тэвчээртэй гүйхийн тулд хэрэггүй ачаанд юу ордгийг аль болох хурдан мэдэж аваад хаях нь зүйтэй. Ингэхдээ заавал үүрэх ёстой ачааг хаяхгүй байх ёстой. Хэрвээ тэгэхгүй бол бид уралдааны замаар гүйж чадахгүй (2 Тим. 2:5). Үүрэх ёстой ачаа гэж юу вэ?
3. а) Галат 6:5-д бичсэнээр бид ямар ачааг үүрэх ёстой вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ? Яагаад?
3 Галат 6:5-ыг уншина. Паул үүрэх ёстой ямар ачаа байдгийг хэлж өгсөн. Тэрбээр: «Хүн бүр ачаагаа үүрнэ» гэж бичсэн. Паул энд Бурхны өмнө хүлээсэн үүрэг буюу хүн бүрийн үүрэх ёстой ачааг хэлсэн. Энэ өгүүллээр өөрийн үүрэх ёстой ачаа гэдэгт юу ордгийг, хэрхэн үүрэхийг ярилцана. Түүнчлэн одоо үүрч байж мэдэх хэрэггүй ачаа гэж юу болохыг, хэрхэн хаяхыг үзнэ. Үүрэх ёстой ачаагаа үүрч, хэрэггүй ачааг хаявал амийн төлөөх уралдаанд амжилт гаргаж чадна.
ҮҮРЭХ ЁСТОЙ АЧАА
4. Бурханд өөрийгөө зориулсан тангараг нь дарамт биш гэж хэлж болохын учир юу вэ? (Бас зургийг үзээрэй).
4 Бурханд өөрийгөө зориулсан тангаргаа биелүүлэх. Бид Еховад өөрийгөө зориулахдаа түүнийг шүтэж, хүсэл тааллыг нь биелүүлнэ гэж тангарагласан. Бид энэ тангаргаа биелүүлэх ёстой. Энэ нь том үүрэг хариуцлага боловч дарамт биш юм. Учир нь бид Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх зорилгоор бүтээгдсэн (Илч. 4:11). Тэрбээр биднийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээж, өөрийг нь таньж мэдэх, шүтэх хүсэлтэй болгосон. Иймээс бид түүнтэй дотно болж чаддаг бөгөөд хүсэл тааллыг нь биелүүлэхээрээ баярладаг (Дуу. 40:8). Түүнээс гадна Бурхны хүслийн дагуу амьдарч, Хүүг нь дагахаараа «сэргэдэг» (Мат. 11:28–30).
5. Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахад юу тус болох вэ? (1 Ёохан 5:3).
5 Энэ ачааг хэрхэн үүрэх вэ? Үүрэхэд тус болох хоёр зүйл бий. Нэгдүгээрт, Еховаг улам бүр хайрлахыг хичээгээрэй. Таны төлөө хийсэн Еховагийн бүх сайн юмыг болон ирээдүйд таныг яаж ивээхийг эргэцүүлэн бодохлоороо улам бүр хайрладаг болно. Хайрлахын хэрээр түүнд дуулгавартай байхад илүү амар болно (1 Ёохан 5:3-ыг уншина). Хоёрдугаарт, Есүсийг дуурайгаарай. Тэрбээр Еховагаас тусламж гуйж, хүртэх шагналаа анхаарч байсан учраас хүсэл тааллыг нь биелүүлж чадсан (Евр. 5:7; 12:2). Есүсийг дуурайж Еховагаас хүч гуйн залбирч, мөнх амьдрах найдвараа тод санаж яваарай. Бурхныг улам бүр хайрладаг болж Хүүг нь дуурайгаад байвал Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч чадна.
6. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ яагаад биелүүлэх ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).
6 Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх. Амийн төлөөх уралдаанд оролцогчид Ехова Есүс хоёрыг гэр бүлийнхнээсээ илүү хайрлах ёстой (Мат. 10:37). Гэхдээ энэ нь гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ Бурхан болон Христэд таалагдахад саад болно гэж үзээд орхигдуулна гэсэн үг биш. Харин ч Бурхан Христ хоёрт таалагдъя гэвэл энэ үүргээ биелүүлэх ёстой (1 Тим. 5:4, 8). Тэгвэл бид илүү жаргалтай байна. Учир нь Ехова гэр бүлийг санаачлахдаа нөхөр эхнэрүүд нэг нэгнээ хайрлаж хүндэтгэвэл, эцэг эх нь хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлбэл, мөн хүүхдүүд нь эцэг эхдээ дуулгавартай байвал аз жаргалтай болдгоор бүтээсэн (Эф. 5:33; 6:1, 4).
7. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх вэ?
7 Энэ ачааг хэрхэн үүрэх вэ? Та гэр бүлийн ямар ч гишүүн байлаа сэтгэл хөдлөлдөө автах, зан заншил юм уу мэргэжилтнүүдийн үгийг дагахын оронд Библид байдаг мэргэн үгийг дагаарай (Сур. 24:3, 4). Библид үндэслэсэн манай ном хэвлэлүүдийг сайтар судлаарай. Тэдгээрт Библийн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхийг заасан ач тустай зөвлөгөөнүүд байдаг. Жишээлбэл «Гэр бүлд зориулсан зөвлөгөө» гэсэн цуврал өгүүлэлд эхнэр нөхөр, эцэг эх, өсвөр насны хүүхдүүд өнөө үед тулгарч буй бэрхшээлийг хэрхэн давдгийг харуулсан мэдээллүүд бий. b Гэрийнхэн тань Гэрч биш байлаа ч та Библийн зөвлөгөөг дагахаар бат шийдээрэй. Тэгвэл танай гэр бүл ч ач тус хүртэж, та ч Еховагийн ивээлийг хүртэнэ (1 Петр 3:1, 2).
8. Гаргасан шийдвэрээсээ болж ямар үр дүнд хүрч болох вэ?
8 Гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх. Ехова бидэнд сонгох эрх чөлөө өгсөн бөгөөд зөв шийдвэр гаргаад ач тусыг нь хүртээсэй гэж хүсдэг. Гэхдээ буруу шийдвэр гаргасан бол үр дагаврыг нь арилгадаггүй (Гал. 6:7, 8). Тиймээс буруу сонголт хийх, бодлогогүй үг хэлэх юм уу буруу юм хийвэл үр дагаврыг нь амсдаг. Буруу юм хэлж хийснээсээ болж мөс чанар өвдөж магадгүй. Гэхдээ гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээнэ гэдгээ мэдэх нь нүглээ илчилж, алдаагаа засаж, дахин дахин алдахгүй байхад тустай. Эдгээрийг ажил болговол амийн замаас гарахгүй байж чадна.
9. Буруу шийдвэр гаргасан бол яах нь зөв бэ? (Бас зургийг үзээрэй).
9 Энэ ачааг хэрхэн үүрэх вэ? Хэрвээ та буруу шийдвэр гаргаад залруулах боломжгүй болсон бол яах хэрэгтэй вэ? Өнгөрснийг өөрчилж чадахгүйгээ ойлгох хэрэгтэй. Өөрийгөө өмөөрөх эсвэл өөрийгөө юм уу бусдыг буруутгаж сэтгэлээ бүү чилээгээрэй. Харин алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, одоо хийж чадах бүхнээ анхаарах нь тустай. Хэрвээ буруу юм хийснээсээ болж сэтгэл тань зовж байгаа бол Еховад залбирч, алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйн даруу байгаарай (Дуу. 25:11; 51:3, 4). Танаас болж зовж байгаа хүнээс уучлалт гуйгаарай. Шаардлагатай бол ахлагчдаас тусламж авч болно (Яак. 5:14, 15). Алдаанаасаа суралцаж, дахиж алдахгүй байхыг хичээгээрэй. Ингэдэг бол Ехова таныг өршөөж, хэрэгтэй тусламж үзүүлнэ (Дуу. 103:8–13).
ХАЯХ ЁСТОЙ АЧАА
10. Хэрээс хэтэрсэн юмыг өөрөөсөө шаардах нь хүнд дарамт гэхийн учир юу вэ? (Галат 6:4).
10 Хэрээс хэтэрсэн юм өөрөөсөө шаардах. Өөрийгөө бусадтай харьцуулбал хэрээс хэтэрсэн юмыг өөрөөсөө шаардахад хүрнэ (Галат 6:4-ийг уншина). Хэрвээ бид өөрсдийгөө бусадтай байнга харьцуулдаг бол атаархах, өрсөлдөх хандлагатай болно (Гал. 5:26). Чадал хүрэхгүй атлаа бусдын хийж амжуулсныг хийх гэж зүтгээд байвал өөрөө хохирч магадгүй. Хэрвээ «хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг» юм бол бүтэшгүй зүйлийг хүсэн хүлээвэл түүнээс илүү их урам хугарах нь ойлгомжтой (Сур. 13:12). Ингэвэл тэнхээ барагдаж, амийн төлөөх уралдаанд гүйж чадахгүй (Сур. 24:10).
11. Өөрөөсөө хэт их юм шаардахгүй байхын тулд яах вэ?
11 Энэ ачааг хэрхэн хаях вэ? Өөрөөсөө Еховагийн шаарддагаас илүү юмыг битгий шаардаарай. Ехова таны чадахгүй юмыг шаарддаггүй (2 Кор. 8:12). Ехова хийсэн юмыг тань бусдынхтай харьцуулдаггүйг санаарай (Мат. 25:20–23). Тэрбээр таны чин сэтгэлийн үйлчлэлийг, таны үнэнчийг, таны тэвчээрийг үнэлдэг. Даруу хүн өөрийн нас, эрүүл мэнд, нөхцөл байдлаа тооцож яг одоо хийж чадахгүй юм байдгийг хүлээн зөвшөөрдөг. Хийж чадах юм тань хязгаартай бол завшаантай үүрэг даалгавар өгсөн ч Барзиллаиг дуурайж татгалзаарай (2 Сам. 19:35, 36). Мосег дуурайж бусдаас тусламж авч, зарим ажлаа хариуцуулаарай (Ег. 18:21, 22). Ийнхүү даруу байвал амийн төлөөх уралдаанд оролцохдоо өөрөөсөө хэтэрхий их юм шаардаж тэнхээгээ барахгүй.
12. Бусдын гаргасан буруу шийдвэрийн хариуцлагыг бид хүлээх үү? Тайлбарлана уу.
12 Бусдын гаргасан буруу шийдвэрээс болж өөрийгөө буруутгах. Бид бусдын өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй. Мөн буруу шийдвэрийн үр дагавар амсахаас нь үргэлж хамгаалж чадахгүй. Жишээлбэл танай хүү эсвэл охин Еховад үйлчлэхээ яваандаа больж болох юм. Энэ шийдвэрээс нь болж та маш их шаналах нь ойлгомжтой. Гэхдээ хүүхдийнхээ буруу шийдвэрээс болж өөрийгөө буруутгах нь хүнд дарамт болдог. Ехова ийм ачаа үүрээсэй гэж эцэг эхээс хүсдэггүй (Ром 14:12).
13. Хүүхэд буруу шийдвэр гаргасан бол эцэг эх нь яах хэрэгтэй вэ?
13 Энэ ачааг хэрхэн хаях вэ? Ехова хүн болгонд сонгох эрх чөлөө өгснийг санаарай. Үүнд Бурханд үйлчлэх эсэхээ сонгох нь бас орно. Ехова таны төгс эцэг эх бишийг мэддэг. Зөвхөн чадахыгаа хийгээсэй гэж хүсдэг. Хүүхдийн тань гаргасан сонголтын хариуцлагыг та хүлээх бус, хүүхэд тань өөрөө хүлээнэ (Сур. 20:11). Гэхдээ эцэг эх хүний хувьд алдсандаа та санаа зовдог байж магадгүй. Хэрвээ тийм бол үүнийгээ Еховад хэлж, уучлалт гуйгаарай. Цаг хугацааг ухрааж, өнгөрснийг өөрчилж чадахгүйг тань Ехова мэддэг. Бас хийсэн үйлийнхээ үр дагаврыг амсахаас хүүхдээ хамгаалахыг танаас хүсдэггүй. Хэрвээ хүүхэд тань Ехова руу эргээд ирэхийн тулд хичээл зүтгэл гаргавал тэрбээр дуртайяа хүлээж авна гэдгийг санаарай (Лук 15:18–20).
14. Өөрийгөө хэт их буруутгахыг хаях ёстой ачаа гэхийн учир юу вэ?
14 Өөрийгөө хэт их буруутгах. Нүгэл үйлдсэндээ өөрийгөө буруутгах нь зүйн хэрэг. Гэхдээ Ехова биднээс өөрийгөө хэтэрхий их буруутгахыг хүсдэггүй. Энэ бол хаях ёстой ачаа юм. Өөрийгөө хэтэрхий их буруутгаж байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Хэрвээ бид нүглээ илчилж, гэмшиж, алдаагаа давтахгүй байх алхмуудыг хийсэн бол Ехова биднийг уучилсан гэдэгт итгэх хэрэгтэй (Үйлс 3:19). Эдгээр алхмыг хийсэн мөртлөө өөрийгөө буруутгасаар байхыг Ехова хүсдэггүй. Ингэх нь өөрсдөд маань муу гэдгийг тэрбээр мэддэг (Дуу. 31:10). Хэрвээ хэтэрхий их шаналаад байвал амийн төлөөх уралдаанаас гарах аюултай (2 Кор. 2:7).
15. Өөрийгөө хэт их буруутгахгүй байхад юуг санах нь тустай вэ? (1 Ёохан 3:19, 20). (Бас зургийг үзээрэй).
15 Энэ ачааг хэрхэн хаях вэ? Хэрэв та өөрийгөө буруутгаад байгаа бол Ехова таныг жинхэнэ ёсоор уучилдгийг анхаараарай (Дуу. 130:4). Тэрбээр үнэн голоосоо гэмшсэн хүмүүсийг уучилж, «тэдний нүглийг дахин санахгүй» гэж амласан (Иер. 31:34). Энэ нь Ехова таны үйлдсэн нүглийг нэгэнт уучилсан бол дахин сөхөхгүй гэсэн үг. Тиймээс та нүглийнхээ үр дагаврыг амсаад Ехова намайг уучлаагүй юм байна гэж бодох хэрэггүй. Гаргасан алдаанаасаа болж үүрэг даалгавар тань хязгаарлагдсан бол өөрийгөө бүү зовоогоорой. Ехова нүглийг тань дахин дахин санадаггүй учраас та ч бас тэгэх хэрэггүй (1 Ёохан 3:19, 20-ийг уншина).
ШАГНАЛ АВАХЫН ТУЛД ГҮЙГЭЭРЭЙ
16. Уралдаанд оролцож байгаа бид юуг мэдэх хэрэгтэй вэ?
16 Амийн төлөөх уралдаанд оролцож байгаа бид «шагнал авахын тулд» гүйх ёстой (1 Кор. 9:24). Хэрвээ бид үүрэх ёстой ачаа болон хаях ёстой ачааг ялгаж салгадаг бол ийнхүү гүйж чадна. Энэ өгүүллээр бид үүрэх ёстой, хаях ёстой ачаанаас заримыг авч үзлээ. Гэхдээ өөр бас бий. Есүс «хэтрүүлэн идэж уух болон амьдралын төлөө санаа зовсноос болж зөв бодох чадвараа алдахгүй» байхыг анхааруулсан (Лук 21:34). Энэ болон өөр Библийн зүйлүүд амийн төлөөх уралдаанд амжилттай оролцохын тулд ямар өөрчлөлт хийх ёстойгоо мэдэхэд тустай.
17. Амийн төлөөх уралдаанд амжилт гаргаж чадна гэдэгтээ итгэж болохын учир юу вэ?
17 Ехова бидэнд хүч өгдөг учраас бид амийн төлөөх уралдаанд амжилт гаргана гэдэгтээ итгэдэг (Ис. 40:29–31). Тиймээс хурдаа бүү сааруулаарай! Өмнөө байсан шагналыг авахын тулд бүх хүчээ дайчилсан элч Паулыг дуурайгаарай (Флп. 3:13, 14). Энэ уралдаанд таны өмнөөс хэн ч оролцох боломжгүй. Гэхдээ Ехова амжилт гаргахад тань тусална. Мөн ачаагаа үүрэхэд, хэрэггүй ачааг хаяхад тань тусална (Дуу. 68:19). Ехова тантай хамт байгаа учраас энэ уралдаанд та тэвчээртэйгээр оролцож, амжилт гаргах нь гарцаагүй!
ДУУ 45 Урагшаа тэмүүлцгээе!
a Амийн төлөөх уралдаанд гүйхэд маань энэ өгүүлэл тустай. Уралдаж байгаа бид тодорхой хэмжээний ачааг үүрэх ёстой. Үүрэх ёстой ачаанд Бурханд өөрийгөө зориулсан тангаргаа биелүүлэх, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болон гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх орно. Гэхдээ бид хурд сааруулах, хэрэггүй ямар ч ачааг хаях ёстой. Үүнд юу юу ордог вэ? Хариуг нь энэ өгүүллээр авч үзье.
b jw.org сайт дахь «Гэр бүлд зориулсан зөвлөгөө» гэсэн цуврал өгүүллийг үзээрэй. Түүнчлэн, гэрлэсэн хүмүүст зориулсан «Гэр бүлээ сайхан авч явах—Хүндлэх» болон «Хайраа хэрхэн илэрхийлэх вэ?» гэсэн өгүүлэл, эцэг эхчүүдэд зориулсан «Ухаалаг утсыг ухаалаг ашиглахыг хүүхдэдээ заагаарай» болон «Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрэлдэж маргалгүй ярилцах нь» гэсэн өгүүлэл, өсвөр насныханд зориулсан «Үе тэнгийнхнийхээ нөлөөнд битгий авт!» болон «Гуниглахаа больё, баяр хөөртэй болъё» гэсэн видеог үзээрэй.