Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 39

Дөлгөөн хүн хүчтэй

Дөлгөөн хүн хүчтэй

«Эзний боол хэрэлдэх ёсгүй. Харин бүх хүнтэй эелдэг харьцдаг» (2 ТИМ. 2:24).

ДУУ 21 Энэрэнгүй хүмүүс жаргалтай

ТОЙМ a

1. Ажил юм уу сургууль дээр хүмүүс биднээс юуны тухай асууж болох вэ?

 АЖЛЫН газрын хүмүүс эсвэл ангийн хүүхдүүд итгэл үнэмшлийн тань талаар асуухад яадаг вэ? Сандардаг уу? Бидний ихэнх нь сандардаг. Гэхдээ ийнхүү асууж байгаагаас нь тухайн хүний үзэл бодол юм уу итгэл үнэмшлийн талаар мэдээд сайн мэдээг хуваалцах боломж гарч болох юм. Харин зарим хүн маргалдах зорилгоор асуулт асуудаг. Үүнд нь гайхах хэрэггүй. Учир нь бидний талаар ташаа мэдээлэл сонссон хүн ч байдаг (Үйлс 28:22). Түүнээс гадна бидний амьдарч буй «эцсийн өдрүүдэд» «эвлэршгүй», бүр «хэрцгий» хүмүүс их байдаг (2 Тим. 3:1, 3).

2. Дөлгөөн зан хэрэгтэй гэхийн учир юу вэ?

2 Та «Хүмүүс итгэл үнэмшлийн минь талаар асуухад яавал тайван, эелдэг хариулах вэ?» гэж бодож байж магадгүй. Танд юу тус болох вэ? Товчхон хэлбэл дөлгөөн зан. Дөлгөөн хүн амархан уурладаггүй бөгөөд бухимдсан үедээ эсвэл юу гэж хариулахаа мэдэхгүй байсан ч биеэ барьж чаддаг (Сур. 16:32). Гэхдээ дандаа дөлгөөн байх амаргүй. Энэ занг хэрхэн хөгжүүлэх вэ? Хүмүүс итгэл үнэмшлийн тань талаар асуухад хэрхэн дөлгөөн байж хариулах вэ? Хэрвээ та эцэг эх бол, дөлгөөн байж итгэл үнэмшлээ хамгаалахад нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? Одоо хамт үзье.

ДӨЛГӨӨН ЗАНГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

3. Дөлгөөн зан сул дорой биш хүчтэйн шинж гэхийн учир юу вэ? (2 Тимот 2:24, 25).

3 Дөлгөөн байх нь сул дорой биш, хүчтэйн шинж. Хүнд хэцүү нөхцөлд тайван байхад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Дөлгөөн зан бол «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог» чанар юм (Гал. 5:22, 23). «Дөлгөөн» гэдэг грек үгийг сургагдсан зэрлэг морийг дүрслэхдээ ашиглах нь бий. Номхон дөлгөөн зэрлэг морийг төсөөл дөө. Сургагдаад номхорсон ч хүчтэй хэвээрээ байдаг. Хүмүүс бид дөлгөөн занг хөгжүүлэхийн зэрэгцээ хэрхэн хүчтэй байх вэ? Өөрсдөө хичээгээд тийм болж чадахгүй. Хамгийн гол нь энэ сайхан чанарыг хөгжүүлэхэд агуу хүчээрээ туслахыг Бурхнаас гуйн залбирах хэрэгтэй. Энэ занг хөгжүүлж чадсан хүн олон байдаг. Олон Гэрч эсэргүүцэгчидтэй харьцахдаа дөлгөөн занг илэрхийлж, бусдад сайхан сэтгэгдэл үлдээсэн (2 Тимот 2:24, 25-ыг уншина). Та хэрхэн дөлгөөн байж хүчтэй хүн гэдгээ харуулах вэ?

4. Дөлгөөн зангийн талаар Исаакаас юу мэдэж авах бэ?

4 Дөлгөөн байх нь ач тустайг харуулсан түүх Библид олон байдаг. Исаакийн жишээг бодъё. Исаакийг филистчүүдийн Герар нутагт амьдарч байхад тэндхийнхэн түүнд атаархаж, эцгийнх нь зарц нарын ухсан худгийг шороогоор булсан. Исаак тэдэнтэй тэмцэлдэхийн оронд өөр хол газар нүүж дахин худаг ухдаг (Эх. 26:12–18). Филистчүүд тэр худгийг ч өөрсдийнх нь гээд маргасан. Гэсэн ч Исаак эв эеийг сахисан (Эх. 26:19–25). Хүмүүс өдөөн хатгасан ч дөлгөөн байхад түүнд юу тус болсон бэ? Тэрбээр эцэг Абрахамын тайван зан болон эх Сарагийн «даруу, дөлгөөн зангаас» суралцаж, тэдний биеэ авч явах байдлыг ажигладаг байсан нь лавтай (1 Петр 3:4–6; Эх. 21:22–34).

5. Христийн дагалдагч эцэг эхчүүд хүүхдэдээ дөлгөөн байхын чухлыг ойлгуулж чаддагийг харуулах жишээ хэлнэ үү.

5 Христийн дагалдагч эцэг эхчүүд ээ, та нар хүүхдэдээ дөлгөөн байхын чухлыг ойлгуулж чадна гэдэгтээ итгээрэй. 17 настай Максенсын жишээг ярилцъя. Тэрбээр сургууль дээрээ ч, дэлгэрүүлэхдээ ч ууртай хүмүүстэй таардаг байв. Эцэг эх нь дөлгөөн занг хөгжүүлэхэд нь тэвчээртэйгээр тусалсан. Тэд: «Максенс уурласан хүмүүст уураа гаргах юм уу зодолдохоос илүү тайван байх нь хүчтэй хүний шинж гэдгийг ойлгосон» гэж ярьжээ. Максенс дөлгөөн занг хөгжүүлж, жинхэнэ ёсоор хүчтэй хүн болсон.

6. Дөлгөөн занг хөгжүүлэхэд залбирал хэрхэн тус болох вэ?

6 Хүмүүс Бурхны маань нэрийг гүтгэх юм уу Библийн талаар муугаар яривал яах вэ? Тийм хүмүүстэй ярилцахдаа тайван байхын тулд Бурхнаас агуу хүч, мэргэн ухаан гуйх хэрэгтэй. Харин тайван байж чадаагүй гэж санагдвал яах вэ? Дахин залбирч, дараа яавал илүү дөлгөөн байх талаар бодоорой. Тэгвэл уураа барьж дөлгөөн байхад тань Ехова агуу хүчээрээ тусална.

7. Библийн зүйлүүдийг цээжлэх нь үг яриагаа хянаж, дөлгөөн байхад ямар тустай вэ? (Сургаалт үгс 15:1, 18).

7 Дөлгөөн байх хэцүү үед үг яриагаа хянахад тустай Библийн зүйл олон бий. Тэдгээрийг Бурхны агуу хүч бидэнд сануулдаг (Ёох. 14:26). Жишээлбэл «Сургаалт үгс» номд байдаг зарчмууд дөлгөөн байхад тустай (Сургаалт үгс 15:1, 18-ыг уншина). Мөн цухалдах үед тайван байвал ямар ач тустайг бичсэн байдаг (Сур. 10:19; 17:27; 21:23; 25:15).

ХЭРСҮҮ ХҮН ДӨЛГӨӨН БАЙДАГ

8. Хүн итгэл үнэмшлийг маань шүүмжлэхэд цаад шалтгааныг нь бодох хэрэгтэйн учир юу вэ?

8 Хэрсүү байх нь бас тустай (Сур. 19:11). Хүмүүс итгэл үнэмшлийг нь шүүмжлэхэд хэрсүү хүн өөрийгөө захирч чаддаг. Мөсөн уулын тухай бодъё. Бага хэсэг нь ил, ихэнх хэсэг нь усан доор далд байдаг. Үүнтэй адил хүмүүс чухам ямар шалтгаанаар шүүмжилж байгааг бид мэддэггүй. Тиймээс бид хариулахаасаа өмнө тухайн хүн ямар нэгэн юманд санаа зовоод эсвэл өөр шалтгаанаар тэгсэн байж болохыг бодох нь зүйтэй (Сур. 16:23).

9. Гидеон Ефраимын эрчүүдтэй харьцахдаа хэрхэн хэрсүү, дөлгөөн байсан бэ?

9 Гидеон Ефраимын эрчүүдэд хэрхэн хариулсныг бодож үзье. Тэд уурлаж, Израйлын дайснуудтай тулалдахад өөрсдийг нь яагаад дуудаагүйг асуудаг. Тэд яагаад ингэж уурлан хилэгнэсэн юм бол? Бардам зан нь хөдөлсөн юм болов уу? Ямартай ч Гидеон хэрсүү байж, ямар учраас уурласныг нь ойлгохыг хичээсэн учраас тайван хариулсан. Үүний ачаар «тэдний хилэн намдав» (Шүү. 8:1–3).

10. Итгэл үнэмшлийн маань талаар асуухад дөлгөөн байж хариулахын тулд яах хэрэгтэй вэ? (1 Петр 3:15).

10 Ажлын газрын хүмүүс юм уу ангийн хүүхдүүд биднээс яагаад Библийн хэм хэмжээний дагуу амьдардгийг асууж болох юм. Бид итгэл үнэмшлээ хамгаалахын зэрэгцээ тэдний үзэл бодлыг хүндэтгэдэг (1 Петр 3:15-ыг уншина). Ийнхүү асуусныг нь өдөөд байна гэж бодохын оронд тэр хүний үзэл бодлыг мэдэх боломж гэж үзээрэй. Ямар ч шалтгаантай бай дөлгөөн байж, эелдэг хариулах ёстой. Тэгвэл тухайн хүн үзэл бодлоо өөрчилж магадгүй. Түүнчлэн бүдүүлэг харьцсан эсвэл ёжилж егөөдсөн хүнтэй ч үргэлж эелдэг харьцахыг зориорой (Ром 12:17).

Төрсөн өдрийн баярт уригдахад ямар шалтгаанаар урьсныг нь сайн бодож үзвэл илүү сайн хариулж чадна (11, 12-р догол мөрийг үзээрэй)

11, 12. Хэцүү асуулт асуувал хариулахаасаа өмнө юуг бодох хэрэгтэй вэ? Ингэх нь яриа өрнүүлэхэд тустайг харуулах жишээ хэлнэ үү (Бас зургийг үзээрэй).

11 Жишээ нь ажлынхан тань яагаад төрсөн өдөр тэмдэглэдэггүйг асуувал дараах зүйлийг бодоорой. Тэр хүн биднийг огт баярлаж цэнгэдэггүй хүмүүс гэж боддог юм болов уу? Эсвэл хамт олны уур амьсгал муудах вий гэж санаа нь зовж байна уу? Санаа тавьж байгаад нь талархлаа илэрхийлээд ажлынхантайгаа сайхан харилцаатай байхыг хүсдэгээ хэлбэл тэр хүн тайвшрах биз ээ. Тэгвэл төрсөн өдрийн тухай Библид юу гэж байдгийг тайлбарлахад хүлээцтэй сонсож магадгүй.

12 Хүмүүс өөр маргаантай сэдэв хөндөхөд бас ийнхүү ярилцах нь тустай. Ангийн хүүхэд Еховагийн Гэрчүүд ижил хүйстний талаарх үзэл бодлоо өөрчлөх ёстой гэж хэлж болох юм. Тэрбээр Еховагийн Гэрчүүдийн талаар буруу ойлголт аваад ингэж хэлсэн юм болов уу? Эсвэл найз юм уу хамаатных нь дунд ижил хүйстэн байдаг юм болов уу? Биднийг ижил хүйстнийг үзэн яддаг гэж боддог байж магадгүй. Бид бүх хүнийг хайрладаг, бас хүн бүрийн сонгох эрхийг хүндэлдгээ эхлээд хэлж тайвшруулах хэрэгтэй байж мэднэ (1 Петр 2:17). b Дараа нь Библид байдаг ёс суртахууны хэм хэмжээг дагахын ач тусыг тайлбарлаж болно.

13. Бурханд итгэдэг гэж шоолдог хүмүүст бид яаж туслах вэ?

13 Хэн нэгэн биднийг хатуу шүүмжилбэл тухайн хүний юунд итгэж үнэмшдэгийг нь мэдчихлээ гээд яаран дүгнэх хэрэггүй (Тит 3:2). Жишээлбэл ангийн чинь хүүхэд чамайг Бурханд итгэдэг гээд шоолбол яах вэ? Түүнийг эволюцийн онолд итгэдэг, энэ онолыг сайн мэддэг гэж шууд дүгнэх нь зөв үү? Үнэндээ энэ талаар сайн бодож үзээгүй ч байж магадгүй. Тэгэхээр маргалдахын оронд бодууштай санааг хэлээд өнгөрөөрэй. Жишээ нь jw.org сайт дахь бүтээлийн тухай материалын линкийг явуулж болно. Тэрбээр тэнд байгаа видео, өгүүллийг үзээд ярилцахыг хүсэж болох юм. Тийм ээ, хүндэтгэлтэй харьцвал тухайн хүн юунд итгэдгээ дахин нэг бодож магадгүй.

14. Нил Еховагийн Гэрчүүдийн талаар буруу ойлголттой хүүхдэд байгууллагын веб сайтыг ашиглан хэрхэн тусалсан бэ?

14 Нил гэдэг өсвөр насны хүү Еховагийн Гэрчүүдийн талаар буруу ойлголттой байсан ангийнхаа хүүхдэд манай байгууллагын веб сайтад орохыг зөвлөжээ. Тэрбээр: «Манай ангийн нэг хүүхэд намайг шинжлэх ухаанд биш, үлгэр домогт итгэдэг гэж ярьдаг байсан» гэжээ. Ангийнх нь тэр хүүхэд Нилийг итгэл үнэмшлийнхээ талаар тайлбарлах гэхэд нь сонсдоггүй байсан учраас jw.org сайтад буй «Шинжлэх ухаан ба Библи» гэсэн хэсгийг зааж өгчээ. Тэр хүүхэд сайт руу орж үзээд амьдралын үүслийн талаар ярилцах хүсэлтэй болсныг Нил хожим нь мэджээ. Чи ч ийм үр дүнд хүрэх боломжтой.

ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ БЭЛДЭЭРЭЙ

15. Ангийнх нь хүүхдүүд итгэл үнэмшлийнх нь талаар асуухад дөлгөөн байж хариулахад нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

15 Итгэл үнэмшлийнхээ талаар тайлбарлахдаа хэрхэн дөлгөөн байхыг эцэг эхчүүд хүүхдэдээ зааж сургах учиртай (Яак. 3:13). Ингэхийн тулд зарим эцэг эх гэр бүлийн хичээлийн үеэр дасгал хийдэг. Тэд хүүхэдтэйгээ сургууль дээр гарч болзошгүй асуудлын талаар ярилцаж, хэрхэн хариулж болохыг үзүүлж, дөлгөөн байж сонирхлыг нь төрүүлэх аргаар тайлбарлаж сурахад нь тусалдаг ( «Гэр бүлээрээ дасгал хийх нь тустай» гэсэн хавсралтыг үзээрэй).

16, 17. Дасгал хийх нь хүүхэд залууст ямар тустай вэ?

16 Дасгал хийх нь Христийн дагалдагч хүнд хэлж ярьж байгаа зүйлдээ өөрөө бат итгэлтэй байж, мөн яагаад итгэдгийнхээ учрыг тайлбарлахад тустай. jw.org сайтад буй «Залуучуудын асуулт» цуврал өгүүлэлд өсвөр насныханд зориулсан дасгал ажлууд бий. Тэдгээр нь залуучуудад итгэлээ батжуулж, хүмүүсийн асуултад өөрийн үгээр хариулж сурахад нь тус болдог. Цуврал өгүүллүүдийг гэр бүлээрээ судалдаг бол бид итгэл үнэмшлээ хамгаалахдаа дөлгөөн байж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадна.

17 Мэтью гэдэг хүү итгэл үнэмшлээ хамгаалах зорилгоор дасгал хийх нь тустай байсныг ярьжээ. Тэрбээр эцэг эхтэйгээ гэр бүлийн хичээлээрээ сургууль дээр үүсэж болох асуудлын талаар үе үе судалдаг. Мэтью: «Бид багш юм уу ангийнхан юуны талаар асууж болохыг бодоод урьдчилан судалж, үүндээ үндэслэн хэрхэн хариулахаа бэлддэг. Яагаад итгэдгээ сайн ойлгох тусам өөртөө итгэлтэй, дөлгөөн байж хүмүүстэй ярилцаж чаддагийг ойлгосон» гэж ярьжээ.

18. Колосай 4:6-д юуг онцолсон бэ?

18 Гэхдээ үнэмшилтэй ярилаа гээд л хүмүүс сайн мэдээнд нааштай хандана гэсэн үг биш. Эвийг нь олж, эелдэг ярих учиртай (Колосай 4:6-г уншина). Итгэл үнэмшлийнхээ тухай ярих нь бөмбөг шидэхтэй адил. Эхний хүн бөмбөгийг зөөлөн ч шидэж болно, хүчтэй ч шидэж болно. Зөөлөн шидвэл нөгөө хүн барьж аваад үргэлжлүүлэн тоглох боломжтой. Үүнтэй адилаар бид эвийг нь олж, эелдэг яривал нөгөө хүн сайн сонсоно, яриа маань ч үргэлжилнэ. Харин маргалдах юм уу итгэл үнэмшлийг маань дооглон тохуурхах зорилготой хүнтэй яриагаа үргэлжлүүлэх шаардлагагүй (Сур. 26:4). Гэхдээ ийм хүн олон таарахгүй, ихэнх нь биднийг сонсох биз ээ.

19. Дөлгөөн байхын ач тус юу вэ?

19 Дөлгөөн занг хөгжүүлэхийг зорих нь үнэхээр их ач тустай. Шударга бус шүүмжлэлд өртөх юм уу хэцүү асуултуудад хариулахдаа дөлгөөн байхад туслахыг Еховагаас гуйн залбираарай. Дөлгөөн байвал санал нийлэхгүй хүнтэй маргалдахаас зайлсхийж чадахыг санаарай. Бас дөлгөөн, хүндэтгэлтэй хандвал зарим хүн Библийн болон бидний талаарх үзэл бодлоо өөрчилж болох юм. Итгэл үнэмшлээ «хамгаалахад бэлэн байгаарай». Хүмүүсийг «гүнээ хүндэтгэж, дөлгөөн байгаарай» (1 Петр 3:15). Тийм ээ, дөлгөөн байх нь хүчтэйн шинж!

ДУУ 11 Еховаг баярлуулъя

a Хүмүүс биднийг өдөөн хатгах юм уу итгэл үнэмшлийн маань талаар асуухад бид хэрхэн дөлгөөн байж, эелдэг хариулахыг энэ өгүүллээр ярилцана.

b Энэ талаар тус болох санааг jw.org сайтад буй «Ижил хүйстэнтэйгээ явалдах нь буруу юу?» гэсэн өгүүллээс уншаарай.

c jw.org сайтын «Залуучуудын асуулт», «Еховагийн Гэрчүүдийн тухай байнга тавьдаг асуулт» гэсэн цуврал өгүүллүүдээс танд тус болох материалыг уншаарай.