Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 38

Залуус аа, ирээдүйгээ төлөвлөхдөө юу анхаарах хэрэгтэй вэ?

Залуус аа, ирээдүйгээ төлөвлөхдөө юу анхаарах хэрэгтэй вэ?

«Ухаан нь чамайг хамгаална» (СУР. 2:11).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

ТОЙМ a

1. Иехоаш Уззиа Иосиа нар ямар хэцүү нөхцөл байдалд орсон бэ?

 ХҮҮХЭД насандаа чи Бурхны ард түмний хаан болж байна гээд төсөөл дөө! Чи эрх мэдэл, хүч чадлаа юунд ашиглах вэ? Хүүхэд байхдаа Иудагийн хаан болсон хэдэн залуугийн жишээ Библид байдаг. Жишээлбэл Иехоаш 7, Уззиа 16, Иосиа 8 настайдаа хаан болжээ. Тэдэнд маш хэцүү байсан байх! Гэсэн хэдий ч Ехова болон бусдын тусламжтайгаар бэрхшээлүүдийг давж олон зөв юм хийсэн.

2. Иехоаш Уззиа Иосиа нарын жишээг судлах хэрэгтэйн учир юу вэ?

2 Бид хаан, хатан биш ч Библид гардаг энэ 3 хүнээс чухал сургамж авч болно. Тэд зөв шийдвэр гаргаж байсан ч, бас буруу шийдвэр гаргаж байжээ. Тэдний жишээнээс бид найз нөхдөө зөв сонгох, даруу байх, Еховатай дотноссоор байхын чухлыг мэдэж авна.

НАЙЗ НӨХДӨӨ ЗӨВ СОНГООРОЙ

Сайн найзуудынхаа зөвлөгөөг сонсох нь Иехоашийн сайн жишээг дуурайж буй хэрэг (3, 7-р догол мөрийг үзээрэй) c

3. Иехоаш хаан тэргүүн тахилч Иехоиадагийн удирдлага зааварт хэрхэн хандсан бэ?

3 Зөв шийдвэр гаргасан Иехоашийг дуурайгаарай. Иехоаш хаан бага насандаа зөв шийдвэр гаргажээ. Эцэггүй байсан тэрбээр үнэнч тэргүүн тахилч Иехоиадагийн удирдлага зааврыг дагадаг байсан. Тэрхүү тахилч Иехоашийг хүү шигээ үзэн, зааж зөвлөдөг байв. Иехоиадагийн заавраар Иехоаш зөв шийдвэр гаргаж өөрөө Еховад үйлчлээд зогсохгүй ард түмнээ цэвэр шүтлэг рүү удирдан чиглүүлсэн. Тэрбээр Еховагийн сүмийг сэргээн засварлажээ (Ш.дэд 24:1, 2, 4, 13, 14).

4. Еховагийн тушаалуудыг эрхэмлэхийн ач тус юу вэ? (Сургаалт үгс 2:1, 10–12).

4 Хэрвээ чи Еховаг хайрлахыг, түүний хэм хэмжээний дагуу амьдрахыг заалгасан бол энэ нь маш үнэтэй бэлэг юм (Сургаалт үгс 2:1, 10–12-ыг уншина). Эцэг эхчүүд янз бүрийн аргаар зааж сургадаг. Катя гэдэг Гэрч эмэгтэйн аав зөв шийдвэр гаргахад нь хэрхэн тусалдаг байсныг ярилцъя. Өдөр бүр сургуульд нь хүргэж өгөх замдаа тухайн өдрийн зүйлийг хамт ярилцдаг байв. Катя: «Ийнхүү ярилцах нь тэр өдөр сургууль дээр хэцүү асуудал гарвал зөв шийдэхэд тустай байсан» гэжээ. Хэрэв аав ээжийн чинь өгсөн Библид үндэслэсэн заавар зөвлөгөө эрх чөлөөг чинь дэндүү хязгаарладаг юм шиг санагдвал яах вэ? Заавар зөвлөгөөг нь хүлээн зөвшөөрөхөд чинь юу тус болох вэ? Эцэг эх нь дүрэм гаргадгийнхаа учрыг цаг гарган тайлбарладаг байсныг Анастасия гэдэг Гэрч эмэгтэй ийнхүү дурсжээ. «Ингэдэг байсан нь намайг хянаж цагдах гэсэндээ дүрэм гаргадаг юм биш, хайрын үүднээс хамгаалах гэснийг нь ойлгоход тустай байсан».

5. Чиний гаргах шийдвэр эцэг эх болон Еховад хэрхэн нөлөөлөх вэ? (Сургаалт үгс 22:6; 23:15, 24, 25).

5 Чи Библийн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлбэл аав ээж чинь баярлана. Хамгийн гол нь Бурхныг баярлуулж, түүнтэй улам дотносно (Сургаалт үгс 22:6; 23:15, 24, 25-ыг уншина). Энэ нь бага залуу Иехоашийг дуурайх гол шалтгаан биш гэж үү?

6. Иехоаш хэний зөвлөгөөг сонсдог болсон бэ? Ямар үр дагавар амссан бэ? (Шастирын дэд 24:17, 18).

6 Буруу шийдвэр гаргасан Иехоашаас сургамж аваарай. Иехоиадаг нас барсны дараа Иехоаш муу хүмүүстэй нөхөрлөсөн (Шастирын дэд 24:17, 18-ыг уншина). Тэрбээр Еховаг хүндэлдэггүй Иудагийн түшмэдийн зөвлөгөөг авахаар болжээ. Чи Иехоашийг тэднээс хол байсан нь зөв гэдэгтэй санаа нийлэх байх (Сур. 1:10). Гэтэл тэрбээр найзууд гэгдэх хүмүүсийнхээ буруу зөвлөгөөг сонссон. Тэр байтугай түүнийг залруулах гэсэн үеэл Зехариагаа хөнөөжээ (Ш.дэд 24:20, 21; Мат. 23:35). Ямар аймшигтай мунхаг хэрэг вэ! Харамсалтай нь, Иехоаш эхэндээ зөв амьдарч байсан ч яваандаа тэрслэгч, алуурчин болжээ. Эцэст нь зарц нарынхаа гарт амь үрэгдсэн (Ш.дэд 24:22–25). Еховаг хайрладаг хүмүүсийн зөвлөгөөг дагасан бол амьдрал нь хамаагүй дээр байх байсан! Энэ жишээнээс ямар сургамж авах вэ?

7. Ямар хүнтэй нөхөрлөх нь зүйтэй вэ? (Бас зургийг үзээрэй).

7 Буруу шийдвэр гаргасан Иехоашаас сурах нэг юм нь Еховаг хайрлаж, түүнийг баярлуулахыг хүсдэг хүмүүсийг сонгож нөхөрлөх юм. Тэд зөв юм хийхэд маань сайнаар нөлөөлнө. Зөвхөн үеийнхээ хүмүүстэй нөхөрлөнө гэж хязгаар тавих хэрэггүй. Иехоаш найз Иехоиадагаас хамаагүй залуу байсныг санаарай. Найз нөхдөө сонгохдоо дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. «Тэд Еховад улам итгэдэг болоход минь тус болох уу? Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрахыг минь дэмждэг үү? Еховагийн тухай болон Библийн үнэний талаар ярьдаг уу? Бурхны хэм хэмжээг хүндэлдэг үү? Сонсохыг хүссэн зүйлийг минь л хэлдэг үү? Эсвэл миний алдаа дутагдлыг шударгаар хэлдэг үү?» (Сур. 27:5, 6, 17). Үнэндээ найзууд чинь Еховаг хайрладаггүй бол тэд чамд тус болохгүй. Хэрвээ Еховаг хайрладаг найзуудтай бол тэднээсээ бүү холдоорой. Тэд үргэлж чамд тусална! (Сур. 13:20).

8. Олон нийтийн сүлжээ ашиглахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

8 Хүмүүс олон нийтийн сүлжээг гэр бүл, найз нөхөдтэйгөө харьцахдаа их хэрэглэдэг. Харин олон хүн худалдаж авсан зүйл, хийсэн юмныхаа зураг, видеог тавьж бусдад гайхуулахыг л боддог. Хэрвээ чи олон нийтийн сүлжээ ашигладаг бол өөрөөсөө «Би өөрийгөө гайхуулахыг л боддог уу? Би бусдыг урамшуулахыг зорьдог уу? Эсвэл бусдын анхаарлыг өөртөө л татахыг хичээдэг үү? Олон нийтийн сүлжээнд байдаг хүмүүсийн хандлага миний бодол, үг яриа, үйл хөдлөлд муугаар нөлөөлж байна уу?» гэж асуугаарай. Удирдах Зөвлөлийн гишүүнээр үйлчилж байсан Нэйтан Норр: «Хүмүүст таалагдах гэж бүү хичээ. Хэрэв тэгвэл та хэнд ч таалагдаж чадахгүй. Еховад таалагдахыг хичээ, тэгвэл Еховаг хайрладаг бүх хүнд таалагдана» гэж хэлжээ.

ДАРУУ БАЙГААРАЙ

9. Ехова Уззиад хэрхэн тусалсан бэ? (Шастирын дэд 26:1–5).

9 Зөв шийдвэр гаргасан Уззиаг дуурайгаарай. Уззиа хаан бага залуудаа даруу байжээ. Тэрбээр жинхэнэ Бурхнаас эмээдэг байсан. 68 насалсан түүнийг амьдралынх нь ихэнх үеүдэд Ехова ивээсэн (Шастирын дэд 26:1–5-ыг уншина). Уззиа олон дайснаа дийлж, Иерусалимын хамгаалалтыг бэхжүүлжээ (Ш.дэд 26:6–15). Энэ бүхнийг хийхэд Ехова тусалсанд тэрбээр баярласан нь эргэлзээгүй (Ном. 3:12, 13).

10. Уззиагийн амьдрал хэрхэн орвонгоороо эргэсэн бэ?

10 Буруу шийдвэр гаргасан Уззиагаас сургамж аваарай. Хүмүүс Уззиа хааны тушаалыг дагадаг байсан. Энэ нь түүнийг хүссэн бүхнээ хийж болно гэж бодоход хүргэсэн юм болов уу? Нэг өдөр тэрбээр бардамнан Еховагийн сүм рүү орж, тахилын ширээнд утлага уугиулахаар завддаг. Энэ нь хааны хийх зүйл биш байв (Ш.дэд 26:16–18). Тэргүүн тахилч Азариа хориглоход Уззиа ихэд уурласан. Харамсалтай нь тэрбээр Еховад үнэнч байхаа больж, шийтгүүлэн уяман өвчин тусдаг (Ш.дэд 26:19–21). Уззиа даруу хэвээрээ байсан бол амьдрал нь шал өөр байх байсан!

Амжилтаараа сайрхахын оронд Еховагийн тусламжтайгаар хийж чадсандаа түүнд талархах хэрэгтэй (11-р догол мөрийг үзээрэй) d

11. Даруу гэдгээ хэрхэн харуулах вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Уззиа хүчирхэг болмогцоо Еховагийн ачаар хөгжин цэцэглэснээ мартсан. Эндээс юу мэдэж авах вэ? Бидний эдэлж буй завшаан, бас бүх сайн сайхан юм Еховагаас ирдгийг үргэлж санах нь зүйтэй. Амжилтаараа сайрхахын оронд Еховагийн тусламжтайгаар хийж чадсандаа түүнд талархах хэрэгтэй (1 Кор. 4:7). b Бид төгс бус гэдгээ, бас сахилгажуулагдах хэрэгтэйгээ даруухнаар хүлээн зөвшөөрөх ёстой. 60 настай Гэрч эрэгтэй: «Би алдаа гаргачихвал сэтгэлээр хэтэрхий их унах хэрэггүйг ойлгосон. Зөвлөгөө авбал алдаагаа засаж, чадах бүхнээ хийн Еховад тасралтгүй үйлчлэхийг хичээдэг» гэжээ. Хэрэв бид Еховад дуулгавартай, бас даруу байвал жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна (Сур. 22:4).

ЕХОВАТАЙ ДОТНОССООР БАЙ

12. Иосиа бага залуудаа Еховатай хэрхэн дотноссон бэ? (Шастирын дэд 34:1–3).

12 Зөв шийдвэр гаргасан Иосиаг дуурайгаарай. Иосиа өсвөр насандаа Еховатай улам дотносохыг хичээсэн. Тэрбээр Еховаг илүү их таньж мэдэхийг, түүний хүслийг биелүүлэхийг зорьжээ. Гэвч залуу хааны амьдрал амар байгаагүй. Ихэнх хүн хуурамч бурхан шүтэж байхад тэрбээр цэвэр шүтлэгийн талд бат зогсох хэрэгтэй байв. Үнэхээр ч тэгж чаджээ! Иосиа 20 ч хүрээгүй байхдаа ард олны дундаас хуурамч шүтлэгийг устгаж эхэлсэн (Шастирын дэд 34:1–3-ыг уншина).

13. Еховад өөрийгөө зориулна гэж яахыг хэлэх вэ?

13 Чи хүүхэд ч гэсэн Иосиаг дуурайн Еховатай дотносож, гайхалтай зан чанаруудыг нь илүү сайн мэдэж аваарай. Ингэвэл Еховад өөрийгөө зориулах хүсэлтэй болно. Өөрийгөө зориулна гэдэг нь яана гэсэн үг вэ? 14 настайдаа баптисм хүртсэн Лук: «Би одооноос эхлээд Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьж түүнийг баярлуулахыг хичээнэ» гэжээ (Марк 12:30). Хэрвээ чи ч гэсэн ийм хүсэлтэй бол хэчнээн их ивээл хүртэнэ гээч!

14. Иосиа хааныг дуурайдаг зарим хүүхдийн жишээг хэлнэ үү.

14 Еховад үйлчилдэг хүүхэд залууст ямар ямар бэрхшээл тохиолдож болох вэ? 12 настайдаа баптисм хүртсэн Жохан ангийнх нь хүүхдүүд электрон тамхи татахыг шахаж дарамталсан талаар ярьжээ. Жохан электрон тамхи татвал эрүүл мэнд болон Еховатай тогтоосон харьцаанд хэрхэн муугаар нөлөөлөхийг бодоод дарамтыг эсэргүүцэх хүчтэй болжээ. 14 настайдаа баптисм хүртсэн Рэйчил сургууль дээр нь тохиолддог бэрхшээлүүдийг давахад юу тус болдог талаар ярьсан. Тэрбээр: «Би аливаа юмыг Ехова болон Библитэй холбож бодохыг хичээдэг. Жишээ нь түүхийн хичээл дээр Библид гардаг түүх юм уу зөгнөлийн талаар боддог. Эсвэл сургууль дээр хэн нэгэнтэй ярилцахдаа Библийн аль зүйлийг уншиж өгөх вэ гэж боддог» гэжээ. Чамд тохиолдож буй бэрхшээл Иосиа хааныхаас өөр байж болох ч чи түүн шиг ухаалаг, үнэнч байж чадна. Багаасаа сорилтыг давж сурвал ирээдүйд бэрхшээл тулгарахад бэлтгэлтэй байна.

15. Еховад үнэнчээр үйлчлэхэд Иосиад юу тус болсон бэ? (Шастирын дэд 34:14, 18–21).

15 Иосиа хаан 26 настайдаа сүмийг сэргээн засварлаж эхэлсэн. Засварын явцад «Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг» олжээ. Хаан номыг уншуулаад сэтгэл нь хөдөлж тэнд бичигдсэнийг хэрэгжүүлж эхэлсэн (Шастирын дэд 34:14, 18–21-ийг уншина). Чи Библийг тогтмол уншъя гэж боддог уу? Хэрэв тийм бол унших дуртай болж байна уу? Өөрт чинь тустай санагдсан юмыг тэмдэглэдэг үү? Дээр дурдсан Лук Библи уншихдаа сонирхолтой санагдсан зүйлээ тэмдэглэдэг. Чи бас ингэвэл Библийн зүйлийг тогтооход, мөн сурч мэдсэнээ санахад тустай байж болох юм. Библийг илүү сайн мэдэж, унших дуртай болох тусам Еховад үйлчлэх хүсэл оргилно. Мөн Иосиа хааны адилаар зөв юм хийх эр зоригтой болно.

16. Иосиа яагаад ноцтой алдаа гаргасан бэ? Бид ямар сургамж авах вэ?

16 Буруу шийдвэр гаргасан Иосиагаас сургамж аваарай. Иосиа 39 настай байхдаа том алдаа гаргаж амиа алдсан. Тэрбээр Еховагаас удирдлага зааврыг гуйхын оронд өөртөө найдсан (Ш.дэд 35:20–25). Үүнээс ямар сургамж авах вэ? Бид хэдэн ч настай бай, Библийг хэчнээн удаан судалсан ч бай Еховатай улам дотносохыг хичээх хэрэгтэй. Үүний тулд удирдамж заавар гуйн залбирч, Библийг судалж, төлөвшсөн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэвэл ноцтой алдаа гаргахаас сэргийлж илүү жаргалтай амьдарна (Яак. 1:25).

ХҮҮХЭД ЗАЛУУС АА, ТА НАР ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ ЧАДНА

17. Иудагийн 3 хааны түүхээс бид ямар дүгнэлт хийх вэ?

17 Хүүхэд залууст олон сайхан боломж байдаг. Зөв сонголт хийж Еховаг баярлуулж чаддагийг Иехоаш Уззиа Иосиа нарын жишээ харуулдаг. Харин дээр ярьсанчлан тэд алдаа гаргаж горыг нь амссан. Гэхдээ чи тэдний сайныг нь дуурайж, гаргасан алдаанаас нь сэрэмжилбэл жаргалтай амьдарна.

Залуухан Давид Еховатай дотно байсан. Тэрбээр Бурхны сайшаалыг хүртэж жаргалтай амьдарсан (18-р догол мөрийг үзээрэй)

18. Хүүхэд залуус жаргалтай амьдрах боломжтойг харуулах ямар ямар жишээ Библид байдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

18 Еховатай дотносож, тааллыг нь хүртэн жаргалтай амьдарсан өөр хүүхэд залуусын түүх ч Библид байдаг. Нэг нь Давид юм. Тэрбээр залуу насандаа Бурхны талд зогсож, хожим нь үнэнч хаан болжээ. Мэдээж алдаа гаргах үе байсан ч Бурхан түүнийг үнэнч хүн гэж үзсэн (Х.дээд 3:6; 9:4, 5; 14:8). Чи Давидын амьдралыг судалбал Еховад үнэнчээр үйлчлэх урам зоригтой болно. Мөн Марк юм уу Тимотын тухай судалж болох юм. Тэд бага залуугаасаа Еховад үйлчилсэн бөгөөд сайшаалыг нь хүртэж жаргалтай амьдарсан.

19. Еховад найдвал амьдрал чинь ямар байх вэ?

19 Чиний амьдрал ямар байх нь одоо юу хийхээс шалтгаална. Өөртөө бус, Еховад найдвал тэрбээр зөв шийдвэр гаргахад чинь тусална (Сур. 20:24). Чи аз жаргалтай амьдарч ивээл хүртэнэ. Ехова өөрийнх нь төлөө чиний хийсэн юмыг үнэлдгийг санаарай. Хайр халамжтай тэнгэрийн Эцэгтээ үйлчлэхээс илүү сайхан амьдрал байна гэж үү?

ДУУ 24 Шагналаа харж явъя!

a Залуус аа, зөв юм хийж, Еховад үнэнч байх дандаа амар байдаггүйг тэрбээр мэддэг. Тэнгэрийн Эцгээ баярлуулж зөв шийдвэр гаргахын тулд яах вэ? Иудагийн хаан болсон 3 хөвгүүний жишээг бодож үзье. Тэдний гаргасан шийдвэрүүдээс бид юу мэдэж авахыг ярилцъя.

b jw.org сайтад буй «Сошиалд алдартай байх нь чухал уу?» гэсэн өгүүллийн «Даруу царайлж гайхуулахаас зайлсхийгээрэй» гэсэн хавсралтыг үзээрэй.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Төлөвшсөн Гэрч эмэгтэй залуу Гэрч эмэгтэйд зөвлөж байна.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Чуулганы хөтөлбөрт оролцож буй Гэрч эмэгтэй Еховад найдаж, бас түүнийг магтан алдаршуулж байна.