СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 40
Петр шиг тууштай байя
«Эзэн минь, та яваач. Би нүгэлтэй хүн» (ЛУК 5:8).
ДУУ 60 Бурхан таныг бататгана
ТОЙМ a
1. Петр гайхамшгаар загас бариад яасан бэ?
ПЕТР шөнөжин загасчлаад юу ч бариагүй. Гэтэл Есүс түүнд «Сэлүүрдээд гүн рүү нь очиж тороо хая» гэв (Лук 5:4). Петр эргэлзэж байсан ч хэлснийх нь дагуу тороо хаяхад маш их загас орж, бүр тор нь урагдаж эхэлсэн. Есүсийг ийнхүү гайхамшиг үйлдэхэд Петр болон хамт байсан хүмүүс нь «тун их гайхжээ». Тэгээд өөрийн эрхгүй «Эзэн минь, та яваач. Би нүгэлтэй хүн» хэмээн Петр дуу алдав (Лук 5:6–9). Учир нь өөрийгөө Есүсийн хажууд байх зохисгүй хүн гэж бодсон бололтой.
2. Петрийн жишээг судлах нь тустай гэхийн учир юу вэ?
2 Петр өөрийгөө «нүгэлтэй хүн» гэж хэлсэн нь аргагүй. Учир нь тэрбээр хожим нь харамсах юм хэлж, хийсэн тухай Сударт байдаг. Танд ч бас ийн санагдаж байсан уу? Та сул тал, нүгэлт хандлагатайгаа тэмцээд удаж байна уу? Тийм бол Петрийн жишээг судалбал урам зориг орно. Яаж? Бодож үз дээ. Ехова түүний алдаа дутагдлыг Библид бичүүлэхгүй байж болох л байсан. Гэхдээ бидний төлөө бичүүлсэн (2 Тим. 3:16, 17). Бидэн шиг сэтгэл мэдрэмжтэй, сул талтай энэ хүний жишээнээс Ехова төгс байхыг шаарддаггүйг ойлгож авна. Алдаа дутагдалтай биднийг тууштай байж бүү бууж өгөөсэй гэж тэрбээр хүсдэг.
3. Шантрахгүй байх хэрэгтэйн учир юу вэ?
3 Шантрахгүй байх хэрэгтэйн учир юу вэ? Ямарваа юмыг хийсээр байвал чадварлаг болно. Жишээ нь мэргэжлийн хөгжимчин болохын тулд олон жил зарцуулагддаг. Тэр хугацаанд мянга мянган алдаа гаргадаг ч дасгал сургуулилалт хийсээр улам сайжирдаг. Харин мэргэжлийн хөгжимчин болсон хойноо ч алдаа гаргах тохиолдол бий. Гэсэн хэдий ч бууж өгөлгүй чадвараа сайжруулсаар байдаг. Үүний адилаар бид сул талаа ялсан гэж бодсон ч дахиад алдаж болох юм. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд хичээж мэрийсээр байдаг. Бид бүгд хожим нь харамсах юм хэлж, хийчихдэг. Гэхдээ бууж өгөхгүй байвал ахиц гаргасаар байхад Ехова тусална (1 Петр 5:10). Шантрахгүй байсан Петрийн жишээг бодож үзье. Есүс алдаа гаргасан түүнд өрөвч сэтгэлээр хандсанаас бид Еховад үргэлжлүүлэн үйлчлэх урам зориг авна.
ПЕТР ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАЖ ИВЭЭЛ ХҮРТСЭН НЬ
4. Лук 5:5–10-т Петр өөрийгөө юу гэж хэлсэн бэ? Гэхдээ Есүс түүнийг хэрхэн тайвшруулсан бэ?
4 Петр яагаад өөрийгөө «нүгэлтэй хүн» гэж хэлснийг Сударт тэмдэглээгүй (Лук 5:5–10-ыг уншина). Тэрбээр ямар нэгэн ноцтой алдаа гаргасан байж магадгүй. Петр өөрийгөө зохисгүй хүн гэж бодоод санаа нь зовж байсныг Есүс мэдсэн. Харин үнэнч үйлчилж чадна гэдгийг нь ч мэдэж байсан. Тэгээд түүнд эелдгээр «айх хэрэггүй» гэж хэлжээ. Есүс ийнхүү итгэсэн нь Петрийн амьдралыг өөрчилсөн. Петр дүү Андрейтайгаа загасчлах ажлаа орхиод Мессиагийн дагалдагч болсон. Ийнхүү шийдсэнээрээ тэд олон янзын ивээл хүртжээ (Марк 1:16–18).
5. Петр айдсаа даван туулж, Есүсийн дагалдагч болоод ямар ивээл хүртсэн бэ?
5 Петр Христийн дагалдагч болоод олон сайхан юмыг үзэж өнгөрүүлсэн. Тэрбээр Есүс хүмүүсийг эдгээж, чөтгөрүүдийг хөөж, бүр нас барсан хүнийг амилуулахыг харсан (Мат. 8:14–17; Марк 5:37, 41, 42). b Бас Есүсийг ирээдүйд Хаант төрийн хаан болох үеийн сүр жавхланг үзэгдлээр үзсэнээ хэзээ ч мартаагүй (Марк 9:1–8; 2 Петр 1:16–18). Тийм ээ, тэрбээр Есүсийн дагалдагч болоогүй бол эдгээрийг хэзээ ч харахгүй байх байсан. Петр алдаа гаргасан ч бууж өгөлгүй Есүсийг дагаж ийм их ивээл хүртсэндээ баярласан нь дамжиггүй!
6. Петр сул талаа амархан засаж чадсан уу? Тайлбарлана уу.
6 Петр Есүсийн сургаалыг сонсож, гайхамшиг үйлдэхийг нь хардаг байсан ч сул талтайгаа тэмцэх шаардлагатай байв. Хэдэн жишээг авч үзье. Есүс Библийн зөгнөлийн дагуу зовж тарчлан амиа алдана гэж хэлэхэд Петр түүнийг зэмлэдэг (Марк 8:31–33). Петр болон бусад элч нар хэн нь агуу болох талаар удаа дараа маргалддаг (Марк 9:33, 34). Бас Есүсийг нас барахын өмнөх шөнө түргэн зан гарган тахилчийн боолын чихийг цавчжээ (Ёох. 18:10). Яг тэр шөнө Петр айснаасаа болж Есүсийг мэддэг гэдгээ 3 удаа үгүйсгэсэн (Марк 14:66–72). Тэгээд цурхиран уйлдаг (Мат. 26:75).
7. Есүсийг амилсны дараа Петрт ямар боломж гарсан бэ?
7 Есүс сэтгэлээр унасан элчээ зөнд нь хаяагүй. Амилсныхаа дараа өөрийг нь хайрладгаа дахин батлах боломжийг Петрт өгсөн. Есүс хоньдыг нь даруухнаар хариулахыг зөвлөжээ (Ёох. 21:15–17). Петр ч хэлснийг нь хийхэд бэлэн байсан. Тэрбээр Иерусалимд Тавь дахь өдрийн баяраар анх агуу хүчээр тослогдсон хүмүүсийн дунд байсан.
8. Петр Антиохт байхдаа ямар ноцтой алдаа гаргасан бэ?
8 Петр агуу хүчээр тослогдсоныхоо дараа ч сул талтайгаа тэмцэх шаардлагатай байсан. Тэрбээр МЭ 36 онд хөвч хөндүүлээгүй харь үндэстэн Корнелийг агуу хүчээр тослогдохыг харсан. Энэ нь «Бурхан хэнийг ч алаг үздэггүй» бөгөөд харь үндэстний хүн ч Христийн дагалдагч болох боломжтойг харуулсан явдал байв (Үйлс 10:34, 44, 45). Петр харь үндэстнүүдтэй хооллодоггүй байсан ч энэ явдлын дараа тэдэнтэй чөлөөтэй хооллодог болжээ (Гал. 2:12). Харин зарим иудей шавь харь үндэстнүүдтэй хооллож болохгүй гэж үздэг байв. Ийм үзэлтэй хүмүүсийг Антиохт ирэхэд нь Петр тэднийг гомдоох вий гэж айсандаа ч юм уу харь үндэстэн итгэл нэгтнүүдтэйгээ хооллохоо больсон. Хоёр нүүр гаргасан энэ явдлыг Паул хараад Петрийг олны өмнө зэмлэдэг (Гал. 2:13, 14). Ийм алдаа гаргасан ч Петр шантраагүй. Ингэхэд нь юу тус болсон бэ?
ШАНТРАХГҮЙ БАЙХАД ПЕТРТ ЮУ ТУС БОЛСОН БЭ?
9. Ёохан 6:68, 69-ийг үзвэл Петрийн үнэнч нь хэрхэн харагдсан бэ?
9 Петр үнэнч байж, юу ч тохиолдсон Есүсийг дагахаа болиогүй. Үнэнч гэдгээ баталсан нэг явдал нь Есүс шавь нартаа ойлгомжгүй юм ярихад болсон (Ёохан 6:68, 69-ийг уншина). Олон хүн тайлбарлахыг нь хүлээх юм уу асууж лавлахын оронд Есүсийг дагахаа болиход Петр болиогүй. Зөвхөн Есүст «мөнх амьдруулах чадалтай үг» байгааг тэрбээр мэдэж байсан.
10. Есүс Петрт итгэдгээ хэрхэн илэрхийлсэн бэ? (Бас зургийг үзээрэй).
10 Есүс Петрийг орхиогүй. Нас барахынх нь өмнөх шөнө Петр болон бусад элч өөрийг нь хаяж явахыг тэрбээр мэдэж байсан. Гэсэн хэдий ч Есүс түүнийг буцаж ирээд үнэнч үйлчилнэ гэдэгт нь итгэдгээ хэлсэн (Лук 22:31, 32). Тэрбээр Петр «зөв юм хийхийг хүсдэг ч махан бие нь сул дорой байдгийг» ойлгож байсан (Марк 14:38). Тиймээс өөрийг нь мэддэгээ үгүйсгэснийх нь дараа ч элчээ байлгахаа болиогүй. Есүс амилсныхаа дараа, магадгүй Петрийг ганцаараа байхад нь үзэгдсэн (Марк 16:7; Лук 24:34; 1 Кор. 15:5). Сэтгэлээр унасан элчид нь ямар их урамтай байсан бол оо!
11. Ехова Петрийг дэмждэгийг Есүс хэрхэн ойлгуулсан бэ?
11 Ехова өөрийг нь дэмждэгийг Есүс Петрт ойлгуулжээ. Тэрбээр амилсныхаа дараа дахин гайхамшиг үйлдсэний ачаар Петр болон элч нар зөндөө олон загас барьсан (Ёох. 21:4–6). Үүнийг харсан Петр, Ехова хэрэгцээг нь хангана гэдэгт улам бат итгэдэг болсон нь лавтай. «Хаант төрийг ... эн тэргүүнд тавивал» Ехова хэрэгтэй бүхнээр нь хангана гэж Есүс хэлж байсныг Петр санасан байх (Мат. 6:33). Тийм ч учраас загас барих ажлыг бус дэлгэрүүлэх ажлыг амьдралдаа эн тэргүүнд тавьсан. МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар тэрбээр зоригтой дэлгэрүүлэн олон мянган хүнд сайн мэдээг хүлээж авахад тусалсан (Үйлс 2:14, 37–41). Хожим нь мөн самаричууд болон харь үндэстнүүдэд Христэд итгэдэг болоход нь тусалжээ (Үйлс 8:14–17; 10:44–48). Ехова бүх үндэстний хүнийг хуралдаа татахын тулд Петрээр үнэхээр чухал үүрэг гүйцэтгүүлжээ.
БИД ЮУ СУРАХ ВЭ?
12. Сул талтайгаа удаан тэмцэж байгаа бол Петрийн жишээнээс юу санах хэрэгтэй вэ?
12 Шантрахгүй байхад Ехова тусална. Гэхдээ тууштай байх тэр бүр амаргүй, ялангуяа олон жил сул талтайгаа тэмцэх шаардлагатай бол бүр хэцүү. Заримдаа бидний сул тал Петрийнхээс ч илүү засаршгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ Ехова шантрахгүй байх хүч өгнө (Дуу. 94:17–19). Жишээ нь, нэг Гэрч эрэгтэй үнэнийг мэдэхээсээ өмнө олон жил ижил хүйстэн байжээ. Харин шийдэмгий байж амьдралын хэв маягаа өөрчилж чадсан. Гэсэн ч үе үе буруу хүсэлтэйгээ тэмцэх хэрэгтэй болдог. Бууж өгөхгүй байхад нь юу тус болсон бэ? Тэрбээр: «Ехова надад хүч өгдөг. ... Би агуу хүчнийх нь тусламжтайгаар үнэний замаар тууштай явж чадахаа ойлгосон. ... Алдаа дутагдалтай над шиг хүнд Ехова хүч өгч, өөрт нь үйлчлэх боломж олгосоор байна» гэж ярьжээ.
13. Үйлс 4:13, 29, 31-д бичсэн Петрийн жишээг бид хэрхэн дуурайх вэ? (Бас зургийг үзээрэй).
13 Петр хүнээс айснаасаа болж хэд хэдэн удаа алдаа гаргасныг ярилцлаа. Гэхдээ Еховагаас эр зориг гуйн залбираад айдсаа ялж чадсан (Үйлс 4:13, 29, 31-ийг уншина). Бид ч бас чадна. Нацист Германд амьдарч байсан Гэрч хүү Хорстод юу тохиолдсоныг ярилцъя. Тэрбээр багш болон ангийнхнаасаа айгаад нэг биш удаа «Хайль Гитлер!» гээд хэлчихжээ. Аав ээж нь зэмлэхийн оронд хамт суугаад Еховагаас эр зориг гуйн залбирсан. Тэднийхээ тус дэмжлэгийг авч, мөн Еховад найдсанаар итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсох зоригтой болсон. Хожим нь тэрбээр «Ехова намайг хэзээ ч орхиогүй» гэжээ. c
14. Хайр халамжтай ахлагчид урам зориггүй болсон хүнийг хэрхэн зоригжуулах вэ?
14 Ехова Есүс хоёр биднийг хэзээ ч орхихгүй. Петр Есүсийг үгүйсгэснийхээ дараа дагалдагч нь хэвээрээ байх уу, болих уу гэдэг маш чухал шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Итгэлээ алдахгүй байхад нь Петрт туслахыг Есүс Еховагаас гуйн залбирсан. Тэрбээр ийнхүү залбирснаа ч, мөн хожим ах дүүсээ батжуулна гэдэгт нь итгэж байгаагаа ч Петрт хэлсэн (Лук 22:31, 32). Петр Есүсийн энэ үгийг санан ямар их урамшдаг байсан бол оо! Бид ч амьдралдаа чухал шийдвэр гаргах болоход Ехова үнэнч байхад маань хайр халамжтай ахлагчдаар туслуулж болох юм (Эф. 4:8, 11). Олон жил ахлагчаар үйлчилж буй Пол бусдыг зоригжуулахыг анхаардаг. Тэрбээр шантарч буй хүнд Ехова өөрийг нь анх хэрхэн татсаныг бодоорой хэмээн зөвлөдөг. Тэгээд Ехова түүнийг үнэнчээр хайрлаж хэзээ ч орхихгүйг хэлж тайвшруулдаг. Пол: «Урам зориггүй болсон ч Еховагийн тусламжтайгаар дахин тууштай үйлчилж буй олон хүнийг би мэднэ» гэжээ.
15. Матай 6:33-т бичсэн үг үнэн гэдгийг Петр болон Хорстын жишээ хэрхэн баталдаг вэ?
15 Ехова Петр болон бусад элчийн хэрэгцээг хангасан. Хэрэв өөрт нь үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавивал биднийхийг ч бас хангана (Мат. 6:33). Дээр дурдсан Хорст дэлхийн ІІ дайны дараа эхлэгч болох талаар боджээ. Гэхдээ маш ядуу байсан учраас өөрийгөө тэжээж бүрэн цагаар үйлчилж чадах эсэхдээ эргэлзсэн. Тэгээд яасан бол? Дүүрэг хариуцагчийн эргэлтийн үеэр өдөр бүр дэлгэрүүлж Ехова хэрэгцээг нь хангах эсэхийг шалгахаар шийджээ. Долоо хоногийн сүүлд дүүрэг хариуцагч хэн өгүүлснийг хэлэлгүй мөнгөтэй дугтуй гарт нь атгуулчхав. Ямар их гайхсан гээч! Хэдэн сар эхлэгчээр үйлчлэхэд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байв. Хорст үүнийг Ехова өөрийг нь тэжээнэ гэсний баталгаа гэдэгт итгэжээ. Тэрбээр үүнээс хойш амьдралынхаа бүхий л хугацаанд Хаант төрийг эн тэргүүнд тавьсан (Мал. 3:10).
16. Петрийн жишээ болон захидлууд нь бидэнд тустай гэхийн учир юу вэ?
16 Өөрөөс нь холдохыг гуйхад Есүс орхиогүйд Петр ямар их баярласан бол оо! Христ Петрийг үнэнч элч, үлгэр дуурайл үзүүлдэг Христийн дагалдагч байгаасай гэсэндээ түүнд зааж сургасаар байсан. Тэр бүхнээс нь сурах олон чухал юм бий. Петр сурч мэдсэнээсээ болон өөр олон зүйлийг хоёр захидалдаа бичиж I зууны хурлуудад илгээсэн. Дараагийн өгүүллээр зарим сургамжтай зүйлийг захидлаас нь ярилцаж, тэдгээрийг өнөөдөр хэрхэн хэрэгжүүлж болохыг үзнэ.
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
a Энэ өгүүлэл сул талтайгаа тэмцэж буй хүнд үүнийгээ ялан дийлж, Еховад үнэнч, тууштай үйлчилж чадахыг нь ойлгуулах зорилготой.
b Энэ өгүүлэлд Маркийн бичсэн сайн мэдээний номоос олон зүйлийг дурдсан. Марк тэдгээр үйл явдлыг нүдээрээ харсан Петрээс сонссоноо бичсэн бололтой.
c «Сэрцгээ» сэтгүүлийн 1998 оны 2-р сарын 22-ны дугаарт гарсан «Еховад үнэнч гэр бүлийнхнээсээ суралцсан минь» гэсэн гарчигтай Хорст Хеншелийн намтрыг уншаарай (англи).
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эцэг эх нь Хорст Хеншелтэй хамт залбирч, бат итгэлтэй байхад нь тусалж буйг харуулсан зохиомж зураг.