Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 37

Самсоны адилаар Еховад найдаарай

Самсоны адилаар Еховад найдаарай

«Эзэн БУРХАН минь, намайг санан соёрхооч. ... надад хүчийг өгөөч» (ШҮҮ. 16:28).

ДУУ 51 Бид Еховад үнэнч

ТОЙМ a

1, 2. Самсоны түүхийг яагаад судлах хэрэгтэй вэ?

 САМСОН гэдэг нэрийг сонсвол таны санаанд юу бууж байна вэ? Маш их хүчтэй хүн байсныг нь санах байх. Энэ нь ч зөв. Харин Самсон буруу шийдвэр гаргасны улмаас гашуун үр дагавар амссан удаа бий. Гэсэн хэдий ч Ехова Самсоны үнэнч үйлчилснийг анхаарсан бөгөөд түүний тухай Библид бичүүлсэн нь биднийг ач тус хүртээсэй гэснийх юм.

2 Ехова сонгосон ард түмэн нь болох израйлчуудад туслуулахаар Самсоноор ер бусын зүйлсийг үйлдүүлсэн. Самсоныг нас барснаас хойш хэдэн зуун жилийн дараа Ехова элч Паулыг агуу хүчээрээ удирдан бат итгэлтэй хүмүүстэй хамт нэрийг нь бичүүлжээ (Евр. 11:32–34). Самсоны жишээ бидэнд урам зориг хайрладаг. Тэрбээр Еховад найддаг байсан бөгөөд хүнд хэцүү үед ч найдахаа болиогүй. Энэ өгүүллээр бид Самсоноос юу сурахыг, түүний жишээ хэрхэн зоригжуулахыг авч үзье.

САМСОН ЕХОВАД ИТГЭСЭН

3. Самсон ямар даалгавар авсан бэ?

3 Филистчүүд израйлчуудыг дарангуйлан захирч байх үед Самсон төрсөн (Шүү. 13:1). Тэд маш харгис хүмүүс учраас Израйлын ард түмэн их зовж байв. Ехова «Израилийг филистчүүдийн савраас аврахын» тулд Самсоныг сонгожээ (Шүү. 13:5). Үнэхээр амаргүй даалгавар байгаа биз? Үүнийг биелүүлэхийн тулд Самсон Еховад найдах хэрэгтэй байв.

Самсон Еховад найдаж, хүслийг нь биелүүлэхийн тулд ямар ч нөхцөлд дасан зохицоход бэлэн байж, олдсон юмаа л ашигласан (4, 5-р догол мөрийг үзээрэй)

4. Ехова Самсонд филистчүүдийн гараас мултрахад хэрхэн тусалсан бэ? (Шүүгчид 15:14–16).

4 Самсон Еховад итгэснийг, Ехова ч түүнийг дэмжиж байсныг харуулах жишээ үзье. Нэг удаа Филистийн арми Самсоныг барихаар Иудагийн Лехид иржээ. Элэг нэгтнүүд нь айж, түүнийг дайснуудад тушаахаар болдог. Тэгээд хоёр шинэ олсоор Самсоныг хүлж филистчүүдэд өгсөн (Шүү. 15:9–13). Гэсэн ч тэрбээр Еховагийн агуу хүчээр хүчирхэгжиж олсыг тас татан хаяв. Дараа нь «илжигний шинэхэн эрүүний яс олж» аваад 1 000 филист хүнийг бут цохижээ! (Шүүгчид 15:14–16-г уншина).

5. Самсон илжигний эрүүний ясаар байлдсан нь Еховад найддагийг нь харуулсан гэхийн учир юу вэ?

5 Самсон яагаад илжигний эрүүний ясаар байлдсан бэ? Үнэндээ энэ нь зэр зэвсэг биш шүү дээ! Тэрбээр ямар ч зэвсэгтэй байсан филистчүүдийг ялахад Ехова тусална гэдгийг мэдэж байсан нь дамжиггүй. Тиймээс бат итгэлтэй энэ хүн Еховагийн хүслийг биелүүлэхийн тулд олдсон юмаа л ашигласан. Еховад найдсан учраас түүний тусламжтайгаар ялалт байгуулсан нь тодорхой.

6. Үүрэг даалгавраа биелүүлэхэд Самсоны жишээ танд ямар ач тустай вэ?

6 Бидэнд ч бас үүрэг даалгавраа биелүүлэхэд хэцүү санагдах үед Ехова тусалж хүч өгнө. Тэрбээр заримдаа бидний төсөөлөөгүй аргаар тусалдаг. Еховад найдсаар байвал Самсоныг хүчирхэгжүүлсэн шиг хүслийг нь биелүүлэхэд танд тусална гэдэгт итгээрэй (Сур. 16:3).

7. Еховагийн удирдлага зааврыг хайх нь чухал гэдгийг харуулах жишээ хэлнэ үү.

7 Байгууллагын барилга барих ажилд оролцдог олон итгэл нэгтэн маань Еховад итгэдгээ харуулсан. Өмнө нь цуглааны танхим болон бусад барилга байгууламжийг гол төлөв шинэ төслийн дагуу шинээр барьдаг байв. Гэхдээ Еховагийн байгууллага өргөжин тэлэхийн хэрээр аргаа өөрчлөх хэрэгтэй болсон. Хариуцлагатай эрчүүд Еховагийн удирдлага зааврыг хайж, барилга худалдан аваад засаж янзлах зэрэг шинэ аргыг туршиж үзжээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өрнөж буй олон барилгын ажилд оролцсон Роберт: «Эхэндээ энэ шинэ аргыг дагахад заримд маань хэцүү байсан. Олон жил хийж ирсэн арга барилаас маань тэс өөр. Гэхдээ ах дүүс маань дасан зохицохыг чин сэтгэлээсээ хичээсэн бөгөөд Ехова энэ өөрчлөлтийг ивээж байгаа нь тодорхой байсан» гэжээ. Энэ бол Ехова хүсэл тааллаа биелүүлэхийн тулд ард түмнээ удирддагийн олон жишээний нэг юм. Бид үе үе өөрөөсөө «Би Еховагийн удирдлага зааврыг хайж түүнд илүү сайн үйлчлэхийн тулд шаардлагатай бол өөрчлөгдөхөд бэлэн үү?» гэж асуух хэрэгтэй.

САМСОН ЕХОВАГААС ТУСЛАМЖ АВСАН

8. Самсон маш их цангаад яасан бэ?

8 Самсоны үйлдсэн өөр гайхалтай зүйлийг та уншиж байсан байх. Тэрбээр ямар ч зэвсэггүй улаан гараараа арсланг хүү татаж, бас Ашкелонд 30 филист эрийг хөнөөсөн (Шүү. 14:5, 6, 19). Ехова туслаагүй бол ийм юмыг хийж чадахгүй байсан гэдэгт Самсон итгэж байв. Ийнхүү итгэж байсан нь 1 000 филист хүнийг хөнөөсний дараа их цангаад яаснаас нь харагддаг. Тэрбээр ихэд ундаасан өөрөө уух юм хайхын оронд Еховагаас тусламж гуйсан (Шүү. 15:18).

9. Самсоныг тусламж гуйн хашхирахад Ехова хэрхэн хариулсан бэ? (Шүүгчид 15:19).

9 Самсон тусламж гуйн хашхирахыг Ехова сонсоод гайхамшгаар булаг гаргасан. Тэрбээр ус уугаад «хүч тамир орж сэргэсэн» (Шүүгчид 15:19-ийг уншина). Зөнч Самуел «Шүүгчид» номыг бичих хүртэл энэ булаг оргилсоор байсан бололтой. Израйлчууд үүнийг хараад Ехова үнэнч үйлчлэгчдэдээ хэрэгтэй цагт нь тусална гэдгийг санадаг байсан биз ээ.

Самсон Еховагийн өгсөн усыг уугаад дахин хүч тэнхээ орсон. Бид ч Еховагийн өгдөг бүхнийг сайн ашиглавал түүнд үнэнчээр үйлчлэх хүчтэй болно (10-р догол мөрийг үзээрэй)

10. Еховагийн тусламжийг авъя гэвэл яах хэрэгтэй вэ? (Бас зургийг үзээрэй).

10 Бид ч гэсэн ямар авьяас чадвартайгаас эсвэл Еховад үйлчлэхдээ юу хийж амжуулснаас үл хамааран түүнээс тусламж авдаг байх хэрэгтэй. Еховад найдсан тохиолдолд жинхэнэ амжилтад хүрдгийг даруухнаар хүлээн зөвшөөрөх учиртай. Самсон Еховагийн гаргаж өгсөн булгаас уугаад хүч тэнхээ орсон шиг бид Еховагийн өгдөг бүхнийг сайн ашигладаг бол түүнд үнэнчээр үйлчлэх хүчтэй болно (Мат. 11:28).

11. Еховагийн тусламжийг авахын тулд яах вэ? Жишээ хэлнэ үү.

11 Ширүүн хавчлагыг тэвчиж байгаа Алексей гэдэг орос Гэрч эрэгтэйн жишээг ярилцъя. Хүнд хэцүү нөхцөлд хүчтэй байхад нь түүнд юу тус болсон бэ? Эхнэртэйгээ тогтмол Библи судлах зэргээр Бурхнаа шүтэх хэвшилтэй байсан. Тэрбээр: «Би бие дааж судлах, Библи унших хэвшлээ алдахгүйг хичээдэг. Өглөө бүр эхнэртэйгээ өдрийн зүйлийг ярилцаад хамтдаа Еховад залбирдаг» гэжээ. Тэднээс юу сурах вэ? Өөртөө найдахын оронд Еховад найдах хэрэгтэй. Яаж? Библийг бие дааж судлах, залбирах, цуглаанд оролцох, дэлгэрүүлэх зэрэг итгэлийг маань батжуулах зүйлсийг тогтмол хийх хэрэгтэй. Тэгвэл Ехова хичээл зүтгэл гаргаж буй биднийг ивээж, Самсоныг хүчирхэгжүүлсэн шигээ биднийг ч хүчирхэгжүүлнэ.

САМСОН БУУЖ ӨГӨӨГҮЙ

12. Самсон ямар буруу шийдвэр гаргасан бэ? Энэ нь өмнө нь гаргасан шийдвэрүүдээс нь ямар ялгаатай вэ?

12 Самсон бидэн шиг л төгс бус хүн байсан. Тиймдээ ч буруу шийдвэр гаргаж байсан удаатай. Нэгэн удаа гаргасан шийдвэрээсээ болж гашуун үр дагавар амсжээ. Шүүгчээр үйлчилж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа тэрбээр «Сорекийн хөндийд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд ... дурлав» (Шүү. 16:4). Өмнө нь Самсон филист эмэгтэйтэй сүй тавьж байсан нь «филистчүүдийн эсрэг шалтаг хайж байсан» Еховагийн хүсэл байв. Хожим нь Самсон Филистийн Газ хотын янхан эмэгтэйнд очдог. Тэгээд Ехова түүнийг хүчирхэгжүүлэхэд тэрбээр хотын хаалгыг нь сугалж аваад, хамгаалалтгүй болгосон (Шүү. 14:1–4; 16:1–3). Харин Делила израйл эмэгтэй бололтой. Тиймээс филистчүүд рүү дайрах шалтаг гаргахад нэмэр болохгүй байсан.

13. Делила Самсоны амьдралд хэрхэн гай тарьсан бэ?

13 Делила филистчүүдээс их хэмжээний мөнгө авч, Самсоноос урвахаар болжээ. Юу төлөвлөж байгааг нь ч анзаарах сөхөөгүй Самсон хайрандаа сохорч түүнд тэгтлээ итгэсэн юм болов уу? Ямар ч байсан Делила түүний хүч юундаа байдгийг дахин дахин асууж шалгаахад Самсон эцэст нь бүх нууцаа дэлгэсэн. Харамсалтай нь, ийм алдаа гаргасны уршгаар тэрбээр хүч чадлаа алдаж, Еховагийн дэмжлэгийг хэсэгтээ аваагүй (Шүү. 16:16–20).

14. Делилад итгэсний уршгаар Самсон ямар зовлонд унасан бэ?

14 Еховад бус Делилад итгэсний уршгаар Самсон гашуун зовлонд унасан. Филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлов. Тэгээд Самсон урьд нь хаалгыг нь эвдэлж байсан Газ хотын шоронд хоригдож, буудай тээрэмддэг боол болдог. Дараа нь филистчүүд нэгэн баярын үеэр түүнийг гутаан доромжилсон. Хуурамч бурхан Дагон нь Самсоныг тэдний гарт өгсөн гээд тахил өргөцгөөж байв. Тэгээд «Тэр биднийг хөгжөөг» хэмээн Самсоныг дооглон тохуурхахаар шоронгоос авчруулсан (Шүү. 16:21–25).

Филистчүүдийг шийтгэхийн тулд Ехова Самсоныг хүчирхэгжүүлсэн (15-р догол мөрийг үзээрэй)

15. Самсон Еховад дахин найддаг болсон нь юунаас харагдсан бэ? (Шүүгчид 16:28–30). (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

15 Самсон ноцтой алдаа гаргасан ч бууж өгөөгүй. Тэрбээр филистчүүдтэй тэмцэх Еховагийн өгсөн даалгаврыг гүйцэтгэх боломж хайж байв (Шүүгчид 16:28–30-ийг уншина). Самсон: «Филистчүүдээс өшөөгөө авъя» хэмээн Еховагаас гуйсан. Жинхэнэ Бурхан гуйлтыг нь сонсож гайхалтай хүч чадлыг нь сэргээдэг. Үүний дүнд Самсон урьдынхаасаа илүү олон филист хүнийг хөнөөжээ.

16. Самсон алдсанаас бид юу ойлгох вэ?

16 Хэдийгээр Самсон алдаа гаргаж горыг нь амссан ч Еховагийн хүслийг биелүүлсээр байсан. Бид ч алдаанаасаа болж зэмлүүлэх юм уу завшаанаа алдвал бууж өгөхгүй байх ёстой. Ехова биднийг уучлахыг хүсдэгийг санаарай (Дуу. 103:8–10). Бид алдаа гаргаж магадгүй. Гэхдээ Ехова Самсонд хүч өгсөн шигээ бидэнд ч хүслийг нь биелүүлэх хүч өгнө.

Самсон алдаа гаргасандаа маш их харамссан нь лавтай. Гэсэн ч бууж өгөөгүй. Бид ч түүнийг дуурайх хэрэгтэй (17, 18-р догол мөрийг үзээрэй)

17, 18. Майклд тохиолдсон явдлаас юу нь танд урамтай санагдсан бэ? (Бас зургийг үзээрэй).

17 Майкл гэдэг Гэрч залуугийн тухай бодъё. Тэрбээр туслах үйлчлэгч, байнгын эхлэгчээр үйлчлээд Еховагийн ажилд завгүй байв. Харамсалтай нь алдаа гаргаж, үүнээсээ болж хуралд эдэлж байсан завшаанаа алджээ. Тэрбээр: «Уг нь би өдийг хүртэл Еховад завгүй үйлчлээд сайхан байсан. Гэнэт бүх юм өөрчлөгдөж, мухардалд орсон. Ехова намайг орхино гэж би ерөөсөө бодоогүй ч дахин түүнтэй сайн харилцаатай болж хуралдаа хуучин шигээ бүрэн дүүрэн үйлчилж чадах болов уу гэж сэтгэл зовж байсан» гэж ярьжээ.

18 Майкл бууж өгөөгүй нь үнэхээр магтууштай. Тэрбээр цааш нь «Би өмнөх шигээ Еховатай дотно байхыг анхаарч түүнд зүрх сэтгэлийнхээ угаас залбирч, судалгаа хийж, эргэцүүлэн бодсон» гэжээ. Яваандаа Майкл хуралдаа дахин хариуцлагатай ажил хийдэг болсон. Одоо ахлагч, байнгын эхлэгчээр үйлчилдэг. Тэрбээр: «Ялангуяа ахлагчдын дэмжлэг, урам зоригийн ачаар Ехова намайг хайрласаар байгааг мэдэрсэн. Одоо хуралдаа сэтгэл зовохгүйгээр үйлчилж байна. Чин сэтгэлээсээ гэмшсэн хэнийг ч Ехова уучилдгийг одоо би ойлгосон» гэжээ. Хэдийгээр алдаа гаргасан ч үүнийгээ засаж залруулахын тулд чадах бүхнээ хийн Еховад найдсаар байх юм бол түүнд хэрэгтэй хүн болж, ивээгдэнэ гэдэгт итгээрэй (Дуу. 86:5; Сур. 28:13).

19. Самсоны жишээг судлаад та хэрхэн урамшсан бэ?

19 Энэ өгүүллээр Самсоны амьдралд тохиолдсон хэдэн гайхалтай явдлыг ярилцлаа. Тэрбээр төгс бус байсан ч Еховад үйлчилсээр байхын тулд их хичээсэн. Делилагаас болж алдаа гаргасан ч бууж өгөөгүй. Ехова ч түүнийг орхиогүй. Самсоныг хүчирхэгжүүлж дахин чухал ажил хийлгэсэн. Мөн түүнийг бат итгэлтэй хүн гэж үзэн «Еврей» номын 11-р бүлэгт байдаг бат итгэлтэй хүмүүсийн дунд нэрийг нь бичүүлсэн. Ехова биднийг, ялангуяа хүнд бэрх үед хүчирхэгжүүлэхийг туйлын их хүсдэг. Ийм хайр халамжтай тэнгэрийн Эцэгтээ үйлчилж байгаа маань ямар сайхан хэрэг вэ! Тиймээс Самсоныг дуурайж «Намайг санан соёрхооч. ... надад хүчийг өгөөч» гэж Еховадаа залбирч байцгаая (Шүү. 16:28).

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

a Самсон гэдэг Библийн баатрын нэрийг олон хүн мэддэг. Түүний түүхээр хийсэн жүжиг, кино, дуу байдаг. Гэхдээ Самсоны амьдрал зүгээр нэг сонирхолтой түүх биш. Бат итгэлтэй энэ хүнээс сурах юм их бий.