СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 1
ДУУ 60 Бурхан таныг бататгана
Еховад итгэж айдсаа ялъя
2024 ОНЫ УРИА: Айх үедээ би Танд итгэнэ (ДУУ. 56:3).
ГОЛ САНАА
Еховад итгэх итгэлээ хэрхэн батжуулж айдсаа ялах вэ?
1. Бид юунаас айж болох вэ?
ХҮН болгонд айх үе бий. Бид Библи судлаад үхэл, чөтгөрүүд эсвэл ирээдүйд тулгарч болзошгүй зүйлээс айхаа больсон нь үнэн. Гэхдээ дайн дажин, гэмт хэрэг, өвчин тахал зэрэг «аймшигтай явдлууд» болж буй цаг үед амьдарч байна (Лук 21:11). Бас засгийн газар, гэр бүлийнхэн Еховаг шүтэхийг маань эсэргүүцэхэд айж болох юм. Зарим нь одоо тулгарч байгаа, мөн ирээдүйд тулгарах сорилтыг тэвчиж чадахгүй байх вий гэж санаа зовдог.
2. Давид Гат руу зугтаж очиход юу болсон бэ?
2 Давидад ч айх үе байжээ. Жишээ нь Саул хаан амийг нь хороох гээд мөшгөхөд тэрбээр Филистийн Гат хот руу зугтдаг. Тэгтэл Гатын хаан Ахиш Давидыг филистчүүдээс «түмийг алав» гэж дуулагддаг эрэлхэг дайчин болохыг мэджээ. Тиймээс өөрийг нь яах бол гэж Давид санаа зовон Ахиш хаанаас «ихэд эмээж» айсан (1 Сам. 21:10–12). Тэрбээр айдсаа хэрхэн ялсан бэ?
3. Дуулал 56:1–3, 11-д бичсэнээр Давид айдсаа хэрхэн ялсан бэ?
3 Гатад сэтгэл санаа нь ямар байсныг Давид 56-р дуулалд илэрхийлжээ. Тэрбээр яагаад айсныг, айдсаа хэрхэн ялсныг нь тэндээс мэдэж болно. Давид айсан үедээ Еховад итгэсэн (Дуулал 56:1–3, 11-ийг уншина). Энэ нь ч зөв байв. Еховагийн тусламжтайгаар хүний санаанд багтамгүй арга зохион галзуу болж жүжиглэдэг! Үүнийг харсан Ахиш Давидыг алахаа больж, хөөн явуулдаг. Ийнхүү Давид амиа аварчээ (1 Сам. 21:13—22:1).
4. Еховад итгэх итгэлээ хэрхэн батжуулах вэ? Жишээгээр тайлбарлана уу.
4 Бид ч Еховад итгэвэл айдсаа ялж чадна. Тэгвэл айсан үедээ Еховад итгэх итгэлээ хэрхэн батжуулах вэ? Жишээгээр бодъё. Та өвчин тусвал эхэндээ айх байх. Гэхдээ эмчдээ итгэж найдвал айхаа болино. Эмч тань урьд нь ийм өвчтэй олон хүнийг эдгээж байсан. Бас таныг анхааралтай сонсож, хэцүү байгааг тань ойлгож буй нь илт. Тэгээд бусдад сайн үр дүн өгсөн эмчилгээг танд хийх гэж байгаа. Үүнтэй адилаар Ехова урьд нь юу хийснийг, одоо юу хийж байгааг болон ирээдүйд бидний төлөө юу хийхийг эргэцүүлэн бодвол итгэл маань батажна. Давид ийнхүү итгэлээ батжуулсан. Одоо, агуу хүчээр удирдуулан түүний бичсэн 56-р дууллыг судлахдаа та ч Еховад итгэх итгэлээ хэрхэн батжуулж, айдсаа ялахыг бодоорой.
ЕХОВА ЮУ ХИЙСЭН БЭ?
5. Айдсаа ялахын тулд Давид юуг эргэцүүлэн бодсон бэ? (Дуулал 56:12, 13).
5 Давид амь насанд нь аюул учрахад Еховагийн урьд нь юу хийж байсныг анхаарсан (Дуулал 56:12, 13-ыг уншина). Тэрбээр амьдралынхаа туршид ийн бодох хэвшилтэй байв. Жишээ нь үе үе бүтээлийнх нь талаар тунгаан бодож Ехова төгс хүчтэй, хүн төрөлхтнийг анхаарч халамжилдгийг санадаг байсан (Дуу. 65:6–9). Бас Ехова бусдын төлөө юу хийснийг эргэцүүлсэн (Дуу. 31:19; 37:25, 26). Түүнчлэн, ялангуяа өөрийнх нь төлөө юу хийж байсныг сайтар бодсон. Ехова түүнийг бага балчраас нь дэмжиж, хамгаалж ирсэн (Дуу. 22:9, 10). Ийнхүү эргэцүүлэн бодоод итгэл нь ямар их батажсан бол оо!
6. Айсан үед яавал Еховад итгэх итгэл батжих вэ?
6 Та айсан үедээ «Ехова урьд нь юу хийсэн билээ?» гэж өөрөөсөө асуугаарай. Түүний бүтээсэн зүйлийн талаар тунгаан бодоорой. Жишээлбэл цэцэгс болон шувууд Бурхны дүр төрхөөр бүтээгдээгүй, түүнийг шүтэх чадваргүй. Гэхдээ Ехова тэдэнд хэрхэн санаа тавьдгийг «сайн ажиглавал» бидэнд ч санаа тавина гэдэгт итгэх итгэл батажна (Мат. 6:25–32). Бас үйлчлэгчдийнхээ төлөө юу хийснийг бодоорой. Гайхалтай итгэлтэйгээ харуулсан Библийн баатрын тухай судлах юм уу Еховагийн орчин үеийн үйлчлэгчийн тухай уншиж болох юм. a Түүнчлэн танд хэрхэн санаа тавьж байсныг нь эргэцүүлээрэй. Таныг үнэн рүү хэрхэн татсан бэ? (Ёох. 6:44). Залбиралд тань хэрхэн хариулсан бэ? (1 Ёох. 5:14). Хайрт Хүүгийнх нь золиосны ач тусыг өдөр бүр хэрхэн хүртдэг вэ? (Эф. 1:7; Евр. 4:14–16).
7. Зөнч Даниелын жишээ айдсаа ялахад нь Ванессад хэрхэн тус болсон бэ?
7 Хаитид амьдардаг Ванесса b гэдэг Гэрч эмэгтэйд сэтгэлийг нь түгшээсэн нэг явдал тохиолджээ. Гэрийнх нь ойролцоо амьдардаг нэг эрэгтэй түүн рүү өдөр бүр залгаж, мессеж илгээн үерхье гэж дарамталдаг болсон. Ванесса эрс татгалздаг байв. Тэгтэл өнөөх эрэгтэй догшин ширүүн авирлаж, бүр заналхийлсэн. Ванесса: «Би их айсан» гэжээ. Тэрбээр айдсаа хэрхэн давсан бэ? Өөрийгөө хамгаалах арга хэмжээ авсан. Нэг ахлагч түүнд цагдаад хандахыг зөвлөсөн. Түүнээс гадна Ванесса Ехова урьд өмнө нь үйлчлэгчдээ хэрхэн хамгаалж байсныг боджээ. Тэрбээр: «Миний санаанд хамгийн түрүүнд зөнч Даниел орсон. Түүнийг ямар ч буруугүй байхад өлсгөлөн арслангуудтай нүхэнд хаядаг. Гэхдээ Ехова арслангуудын амыг тагласан. Би Еховад залбирч асуудлаа даатгасан. Тэгээд айхаа больсон юм» гэжээ (Дан. 6:12–22).
ЕХОВА ОДОО ЮУ ХИЙЖ БАЙГАА ВЭ?
8. Давид юунд итгэлтэй байсан бэ? (Дуулал 56:8).
8 Гатад байхад амь нас нь үхлийн ирмэгт тулсан ч Давид айдаст автаагүй. Харин тухайн үед Ехова өөрийнх нь төлөө юу хийж байгааг бодсон. Удирдаж, хамгаалж, сэтгэл санааг нь ойлгож байгааг тэрбээр мэдэрсэн (Дуулал 56:8-ыг уншина). Мөн Ионатан, тэргүүн тахилч Ахимелех зэрэг үнэнч найзууд нь зоригжуулж, тусалж байжээ (1 Сам. 20:41, 42; 21:6, 8, 9). Түүнчлэн Саул хаан түүнийг алахыг оролдож байсан ч зугтаж амь гарсан. Ямар сорилт тулгарч, сэтгэл санаа нь ямар байгааг Ехова маш сайн мэддэг гэдэгт Давид итгэлтэй байсан.
9. Ехова хүн нэг бүрийн юуг мэддэг вэ?
9 Сорилтод ороод айж эмээвэл Ехова танд учирсан сорилтыг болон үүнээс болж хэрхэн зовж байгааг тань сайн мэддэгийг санаарай. Жишээлбэл Ехова израйлчуудыг Египетэд харгис ширүүн дарлагчдын гарт зовж буйг анзаараад зогсохгүй, «тэдний зовлон шаналлыг» ч сайн ойлгож байлаа (Ег. 3:7, ШЕ). Давид «миний зүдгүүр» болон «сэтгэлийн минь зовлонг» Ехова харсан хэмээн дуулсан (Дуу. 31:7). Мөн ард түмэн нь зовоход, тэр байтугай өөрсдийнхөө буруу шийдвэрээс болж зовоход нь ч «[Бурхан] зовсон» (Ис. 63:9). Таныг айж эмээхэд, Ехова сэтгэл санааг тань ойлгодог бөгөөд айдсаа ялахад туслахыг хүсдэг.
10. Ехова таныг анхаардаг бөгөөд ямар ч сорилтыг давахад тусална гэдэгт та яагаад итгэдэг вэ?
10 Хүнд сорилт тулгарахад Ехова хэрхэн тусалж байгааг мэдрэхгүй байж болох юм. Тэгвэл яах вэ? Хэрхэн дэмжиж байгааг нь олж харахад туслахыг гуйгаарай (Х.дэд 6:15–17). Тэгээд ийнхүү бодоорой. «Цуглаан дээр илтгэл, хариулт сонсоод би урамшин зоригжиж байсан билүү? Ном хэвлэл, видео, шинэ дуунаас урам авч байсан уу? Хэн нэгэн сэтгэл тайвшруулам зүйл юм уу Библийн эшлэл хуваалцсан билүү?» Ах дүүсийн маань хайр халамж, Бурхны Үгнээс авсан урам зориг хэчнээн их тус болсныг бид мартсан байж болох юм. Үнэндээ энэ бүхэн нь Еховагаас ирсэн юутай ч зүйрлэшгүй бэлэг билээ (Ис. 65:13; Марк 10:29, 30). Тэдгээр нь Ехова танд санаа тавьдгийн болон итгэж болох Нэгэн гэдгийн баталгаа юм (Ис. 49:14–16).
11. Айдсаа ялахад Аидад юу тус болсон бэ?
11 Сенегалд амьдардаг Аида сорилт тулгарах үед Ехова өөрт нь хэрхэн тусалсныг анзаарсан. Айлын ууган хүүхэд түүнийг хангалттай мөнгө олоод гэрийнхнээ тэжээнэ гэж эцэг эх нь бодож байв. Харин Аида амьдралаа энгийн болгож эхлэгч болсноос хойш мөнгө төгрөгөөр гачигджээ. Гэрийнхэн нь их уурлаж түүнийг буруутгасан. Тэрбээр: «Би аав ээждээ тусалж чадахгүй байх вий, бас бүгд намайг муу хэлэх байх гэж айж байсан. Тэгээд нөхцөл байдал дордсонд бүр Еховаг буруутгасан» гэжээ. Дараа нь тэрбээр цуглаан дээр нэг илтгэл сонссон. «Бидний юунд санаа зовж, юунаас айж байгааг Ехова бүгдийг нь мэддэгийг илтгэгч ярьсан. Мөн ахлагч болон өөр хүмүүсээс зөвлөгөө аваад яваандаа Ехова намайг хайрладагт дахин бат итгэдэг болсон. Би урьдынхаасаа илүү итгэлтэйгээр залбирч, Ехова ч хариулж байгааг ойлгоод ихэд тайвширсан» гэжээ. Удалгүй Аида эхлэгчээр үйлчлэнгээ гэрийнхэндээ тусалж чадах ажилтай болсон. Тэрбээр: «Би Еховад бүрэн найдаж сурсан. Одоо ямар нэг юмнаас айвал залбирсныхаа дараа айхаа больдог» гэжээ.
ЕХОВА ИРЭЭДҮЙД ЮУ ХИЙХ ВЭ?
12. Дуулал 56:9-д бичсэнээр Давид юунд итгэлтэй байсан бэ?
12 Дуулал 56:9-ийг уншина. Энэ зүйлээс Давид айдсаа ялахын тулд өөр яасныг мэдэж болно. Амь нас нь аюулд орсон байсан ч Ехова өөрийнх нь төлөө юу хийхийг эргэцүүлэн бодсон. Яг хэрэгтэй цагт аварна гэдгийг нь мэдэж байв. Ехова түүнийг Израйлын дараагийн хаан болгохоо аль хэдийн хэлчихсэн байлаа (1 Сам. 16:1, 13). Амласан бүхэн нь заавал биелнэ гэдэгт Давид итгэлтэй байсан.
13. Ехова юу хийнэ гэдэгт бид итгэдэг вэ?
13 Ехова таны төлөө юу хийнэ гэж амласан бэ? Бүх бэрхшээлээс гэтэлгэнэ гэж бид боддоггүй. c Гэхдээ өнөө үед тулгардаг ямар ч сорилтыг шинэ ертөнцөд үгүй болгоно (Ис. 25:7–9). Бүтээгч маань төгс хүчтэй учир нас барагсдыг амилуулж, биднийг сэтгэл зүйн болон бие махбодын өвчнөөс ангижруулж, эсэргүүцэгчдийг устгана (1 Ёох. 4:4).
14. Юуны тухай эргэцүүлэн бодож болох вэ?
14 Та айсан үедээ Ехова ирээдүйд юу хийх талаар эргэцүүлэн бодоорой. Сатан байхгүй болж, дэлхий дээр зөвхөн зөв шударга хүн амьдарч, аажмаар тэд төгс болох цагт танд ямар санагдахыг төсөөлөөрэй. 2014 оны бүсийн чуулганаар найдварынхаа тухай хэрхэн эргэцүүлэн бодохыг үзүүлбэрээр үзүүлсэн. 2 Тимот 3:1–5-д Диваажинд ямар байхыг зөгнөсөн бол хэрхэн өөрөөр хэлж болохыг аав нь гэрийнхэнтэйгээ ярилцсан. Тэгээд ийн хэлжээ. «Шинэ ертөнц болоход хамгийн аз жаргалтай цаг ирнэ. Учир нь хүмүүс нэг нэгнээ хайрладаг, үнэнийг хайрладаг, хэр чадлаа мэддэг, даруу, Бурхныг алдаршуулдаг, эцэг эхдээ дуулгавартай, талархдаг, үнэнч, гэр бүлийнхнээ чин сэтгэлээсээ хайрладаг, найрсаг, бусдын тухай дандаа сайнаар ярьдаг, биеэ хянадаг, дөлгөөн, сайныг хайрлагч, итгэмжит, уян хатан, бардамнадаггүй, зугаацаж цэнгэхээс илүү Бурхнаа хайрлахыг боддог, сүсэг бишрэлтэй бөгөөд түүнийхээ дагуу амьдардаг болно. Ийм хүмүүстэй дотно бай». Та гэр бүлийнхэн юм уу итгэл нэгтнүүдтэйгээ шинэ ертөнцөд амьдрал ямар байх талаар ярилцдаг уу?
15. Таня айдсаа хэрхэн давсан бэ?
15 Умард Македонд амьдардаг Таня гэдэг Гэрч эмэгтэй ирээдүйн ивээлийнхээ тухай бодоод айдсаа ялсан. Эцэг эх нь Библи судлахыг нь ширүүнээр эсэргүүцсэн. Таня энэ талаар «Миний айж байсан зүйл үнэхээр болсон. Цуглаан тараад ирэх болгонд ээж намайг зоддог байсан. Хэрвээ Еховагийн Гэрч болбол ална гэж аав ээж хоёр сүрдүүлдэг байлаа» гэжээ. Эцэст нь тэрбээр гэрээсээ хөөгджээ. Тэгээд яасан бэ? Таня: «Одоо үнэнч байвал хэрхэн үүрд жаргалтай байхаа анхаарсан. Мөн энэ ертөнцөд алдсан бүхнийг минь Ехова нөхөж өгч шагнана, муу муухай бүхэн мартагдана гэдгийг эргэцүүлэн бодсон» гэж ярьжээ. Таня үнэнч байсан. Еховагийн тусламжтайгаар амьдрах газартай ч болсон. Тэрбээр үнэнч Гэрчтэй гэрлээд одоо хамтдаа бүрэн цагаар үйлчлэн жаргалтай байна.
ИТГЭЛЭЭ БАТЖУУЛААРАЙ
16. Лук 21:26–28-д бичсэн зөгнөл биелэхэд бид яагаад айхгүй вэ?
16 Агуу их гамшгийн үеэр хүмүүс «айснаасаа болж ухаан алдана». Гэхдээ Бурхны ард түмэн эр зоригтой байж, бат зогсоно (Лук 21:26–28-ыг уншина). Бид яагаад айхгүй вэ? Яагаад гэвэл аль хэдийн Еховад итгэж найдахыг сурсан байх юм. Зовлонгоо тэвчсэн нь өөр бэрхшээлүүдийг давахад тустай байдгийг дээр дурдсан Таня ийн хэлжээ. «Бид ямар ч муу нөхцөлд орсон бай Ехова сайнаар эргүүлдгийг би ойлгосон. Заримдаа нөхцөл байдлыг хүмүүс удирдаж байгаа мэт санагдаж болох ч, үнэн хэрэгтээ Ехова тэднээс хавьгүй илүү хүчтэй. Бас тулгарах сорилт, бэрхшээл хэчнээн хүнд санагдсан ч заавал дуусна».
17. 2024 оны уриа бидэнд ямар тустай вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).
17 Айж эмээх нь өнөө үед байдаг л зүйл. Гэхдээ Давидын адилаар бид айдаст автахгүй байж чадна. 2024 оны уриа бол «Айх үедээ би Танд итгэнэ» гэж Еховад залбирсан Давидын үг юм (Дуу. 56:3). Нэг номд энэ зүйлийн тухай, Давид «айдас, бэрхшээлээ анхаараад байгаагүй. Харин өөрийг нь аварч чадах Нэгнийг л анхаарсан» гэж бичжээ. Ирэх саруудад, ялангуяа айх сэтгэл төрсөн үедээ энэ жилийн уриаг бодоорой. Еховагийн юу хийснийг, одоо юу хийж байгааг, ирээдүйд юу хийхийг тунгаан бодох цаг гаргаарай. Тэгвэл Давидын адилаар та ч «Бурханд би итгэлээ өгсөн. Би айхгүй» гэж хэлж чадна (Дуу. 56:4).
... ЭРГЭЦҮҮЛЭН БОДВОЛ АЙДСАА ЯЛНА ГЭХИЙН УЧИР ЮУ ВЭ?
-
Ехова юу хийснийг
-
Ехова одоо юу хийж байгааг
-
Ехова ирээдүйд юу хийхийг
ДУУ 38 Еховад ачаагаа даатгая
a Та jw.org сайтын хайх хэсэгт «Итгэлийн жишээ» эсвэл «Намтар» гэж бичээд итгэл бэхжүүлэх материалыг олоорой. «JW Library®» апп-аас «Итгэлийн жишээ», «Еховагийн Гэрчүүдийн намтар» цуврал өгүүллүүдийг уншаарай.
b Зарим нэрийг өөрчлөв.
c «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2008 оны 9-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Ехова бидний “Аврагч”» гэсэн өгүүллийн 8–19-р догол мөрийг үзээрэй.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ехова баавгайг дийлэхэд нь тусалсныг, Ахимелехээр дамжуулан бодитой тусламж үзүүлснийг, өөрийг нь хаан болгох гэж байгааг Давид эргэцүүлэн бодсон.
e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Итгэл үнэмшлээсээ болж шоронд хоригдож буй Гэрч эрэгтэй Ехова тамхинаас гарахад нь тусалсныг, хайртай нэгнийх нь захиагаар урамшуулж байгааг, Диваажинд мөнх амьтай болгохыг эргэцүүлэн бодож байна.