СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 3
ДУУ 18 Бурхны хайр энэрэл
Ехова танд бэрх цагт тусална
«[Ехова] чиний цаг хугацааны бат суурь» (ИС. 33:6).
ГОЛ САНАА
Хатуу бэрх цагт Еховагийн тусламжийг авахын тулд яах хэрэгтэй вэ?
1, 2. Еховагийн үнэнч үйлчлэгчдэд ямар зовлон учирч болох вэ?
АМЬДРАЛ гэнэт орвонгоороо эргэх нь бий. Жишээ нь Луис a гэдэг үнэнч Гэрч эрэгтэй ховор төрлийн хорт хавдартай гэж оношлогдов. Эмч түүнд хэдхэн сарын настай гэжээ. Моника нөхөртэйгөө Еховад үйлчлээд завгүй байлаа. Гэтэл ахлагчаар үйлчилдэг нөхөр нь олон жил нууцаар нүгэл үйлдэж байсныг нэг өдөр мэджээ. Оливиа гэдэг ганц бие Гэрч эмэгтэй хүчтэй хар салхи ойртож буйг сонсоод зугтах хэрэгтэй болсон. Буцаж ирэхэд гэр нь хар салхинд сүйрчихсэн байв. Тэдний амьдрал хоромхон зуурт эрс өөрчлөгдсөн. Танд бас ийм зовлон тохиолдож байсан уу?
2 Еховагийн үнэнч үйлчлэгчид бусадтай адил зовлон ч амсдаг, өвчин эмгэг ч тусдаг. Түүнчлэн Бурхны ард түмэн биднийг үзэн яддаг хүмүүсийн эсэргүүцэл, хавчлагыг тэвчих хэрэг гардаг. Ехова энэ бүхнээс хамгаалахгүй ч туслахаа амласан (Ис. 41:10). Түүний тусламжтайгаар бид хатуу бэрх үед ч баяр хөөрөө алдахгүй байж, зөв шийдвэр гаргаж, үнэнч үйлчилсээр байна. Энэ өгүүллээр, амьдралын хар бараан өдрүүдэд Ехова ямар 4 аргаар тусалдгийг авч үзнэ. Бас тусламжийг нь авахын тулд яах хэрэгтэйг ярилцана.
ХАМГААЛНА
3. Бэрхшээл учрахад бид яадаг вэ?
3 Бэрхшээл учрахад. Муу юм тохиолдоход саруул ухаанаар сэтгэж, зөв шийдвэр гаргахад үнэхээр хэцүү байдаг. Яагаад? Сэтгэл зүрх шаналж, ухаан бодол самуурдаг. Яг манан дунд байгаатай адил яахаа мэдэхээ больдог. Дээр дурдсан хоёр эмэгтэйд сорилт тулгараад ямар байсныг анхааръя. Оливиа: «Хар салхинд сүйрсэн байшингаа хараад яахаа ч мэдэхгүй, сэтгэлээр маш их унасан» гэжээ. Нөхөр нь урвасан талаар Моника: «Гомдсон гэж хэлэхэд багадна. Сэтгэл минь гүн хямарч, би гэдэг хүн энгийн юмаа ч хийж чадахаа больсон. Надад ийм юм тохиолдоно гэж огт төсөөлөөгүй» гэжээ. Ийнхүү сэтгэл хямарсан үед Ехова хэрхэн тусална гэж амласан бэ?
4. Филиппой 4:6, 7-г үзвэл Ехова бидэнд юу амладаг вэ?
4 Ехова хэрхэн тусалдаг вэ? Тэрбээр «амар тайвныг» өгөхөө амладаг (Филиппой 4:6, 7-г уншина). Энэ амар тайван гэдгээр Еховатай дотно хүний л мэдэрдэг ухаан бодол, зүрх сэтгэлийн тайван байдлыг хэлнэ. Мөн энэ нь «хүний ухаанаас давуу» буюу бидний төсөөлж чадахааргүй гайхалтай зүйл юм. Та Еховад залбирсныхаа дараа ийм амар тайвныг мэдэрч байсан уу? Тэр нь Бурхны өгдөг «амар тайван» юм.
5. Бурхны өгдөг амар тайван зүрх сэтгэл, ухаан бодлыг маань хэрхэн хамгаалдаг вэ?
5 Филиппой 4:7-д бас Бурхны өгдөг амар тайван «зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» гэсэн байдаг. «Хамгаалах» гэж орчуулсан үг нь цэрэг дайны холбогдолтой үг хэллэг бөгөөд хотыг дайралтаас хамгаалдаг цэргүүдтэй хамааруулж хэрэглэдэг. Цэргүүд хамгаалж буйг мэддэг оршин суугчид тайван, санаа зовох юмгүй унтдаг. Үүнтэй адилаар Бурхны өгдөг амар тайван зүрх сэтгэл, ухаан бодлыг маань хамгаалахад бид аюулгүй байгаагаа мэдрээд тайван байдаг (Дуу. 4:8). Ханнагийн адилаар нөхцөл байдал маань тэр дороо сайжрахгүй байсан ч амар тайван байж чадна (1 Сам. 1:16–18). Тайван байвал саруул ухаанаар сэтгэнэ, зөв шийдвэр гаргана.
6. Бурхны өгдөг амар тайвныг авахын тулд яах вэ? (Бас зургийг үзээрэй).
6 Бид яах хэрэгтэй вэ? Зовж шаналсан үедээ та нэг ёсондоо «хамгаалалтын цэргийг» дуудах боломжтой. Яаж? Бурхны өгдөг амар тайвныг мэдрэх хүртлээ залбираарай (Лук 11:9; 1 Тес. 5:17). Дээр дурдсан Луис хэдхэн сар амьд явахаа мэдээд эхнэр Аннатайгаа энэ нөхцөлийг хэрхэн давж чадсанаа ярьсан. Тэрбээр: «Яг ийм үед эмчилгээ болон бусад асуудлаар шийдвэр гаргахад туйлын хэцүү байдаг. Гэхдээ залбирсныхаа ачаар л тайван байж чадсан» гэжээ. Тэд оюун бодол, зүрх сэтгэлийн амар тайван болон зөв шийдвэр гаргах мэргэн ухааныг гуйж Еховад дахин дахин маш шаргуу залбирснаа ярьсан. Тэгээд Еховагийн тусламжийг ч мэдэрсэн. Хэрэв танд хүнд бэрхшээл тулгарвал тасралтгүй залбираарай. Тэгвэл Еховагийн өгдөг амар тайван зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална (Ром 12:12).
ТОГТВОРТОЙ БАЙЛГАНА
7. Хүнд сорилтын үед бид ямар болдог вэ?
7 Бэрхшээл учрахад. Хүнд сорилтын үед сэтгэл мэдрэмж, бодол санаа, үйл хөдлөл маань ердийн үеийнхтэй харьцуулахад тогтворгүй байдаг. Далайн шуурганд усан онгоц ийш тийш шидэгдэх шиг бид янз янзын сэтгэл хөдлөлд автдаг. Луисыг нас барсны дараа Аннагийн сэтгэл их тогтворгүй болсон. Тэрбээр: «Сэтгэл минь гутарч өөрийгөө их өрөвддөг. Намайг хаяад явсанд бас их уур хүрдэг» гэжээ. Түүнчлэн Анна ганцаардаж, урьд нь Луисын шийддэг асуудлуудыг өөрөө шийдэх болсондоо их бухимддаг болжээ. Үе үе далайн шуурганд өртсөн юм шиг түүнд санагддаг байв. Сэтгэл санаа тогтворгүй болсон үед Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ?
8. Исаиа 33:6-г үзвэл Ехова юу гэж амладаг вэ?
8 Ехова хэрхэн тусалдаг вэ? Сэтгэл санааг маань тогтвортой байлгана гэж амладаг (Исаиа 33:6-г уншина). Далайн шуурганаар усан онгоц ийш тийш шидэгддэг. Ийм үед усан онгоцыг тогтвортой байлгах зорилгоор хоёр хажуу талд нь тэнцвэржүүлэгч байдаг. Эдгээрийн ачаар хүчтэй савлах нь гайгүй болдог. Ийнхүү зорчигчид аюулгүй байж, ая тухтай аялна. Гэхдээ усан онгоц урагшилж байгаа үед л тэнцвэржүүлэх систем сайн ажилладаг. Үүнтэй адилаар, сорилт тулгарах үед урагшлах буюу үнэнч үйлчлээд л байвал Ехова биднийг тогтвортой байхад тусална.
9. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахад судалгааны хэрэгслүүд хэрхэн тус болох вэ? (Бас зургийг үзээрэй).
9 Бид яах хэрэгтэй вэ? Таны сэтгэл санаа шуурган дундах усан онгоц шиг тогтворгүй байгаа бол залбирах, цуглаанд явах, дэлгэрүүлэх хэвшлээ алдахгүйн тулд чадах бүхнээ хийгээрэй. Мэдээж урьдынх шигээ их юм хийж чадахгүй байж болох ч Ехова хэрээс тань хэтэрсэн зүйл шаарддаггүйг санаарай (Лук 21:1–4-тэй харьцуулаарай). Бас бие дааж судлах, эргэцүүлэн бодох цаг гаргаарай. Яагаад? Сэтгэл санаагаа тогтвортой байлгахад тустай Библид үндэслэсэн олон мэдээллийг Ехова байгууллагаараа дамжуулан өгдөг. Та «JW Library®» апп, «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг», «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» зэрэг хэрэгслийг ашиглан өөрт тустай мэдээллийг мэддэг хэлээрээ уншаарай. Дээр дурдсан Моника сэтгэл санаа нь тогтворгүй болж эхлэхээрээ зөвлөгөө олохын тулд судалгаа хийдэг ажээ. Жишээлбэл эхлээд «уур хилэн», дараа нь «урвалт», «үнэнч» гэж бичээд хайсан байна. Олсон материалаа сэтгэл санаагаа дээрдтэл уншсан. Тэрбээр: «Эхэндээ сэтгэл түгшээд хэцүү байсан. Гэхдээ судлах тусам Еховад тэврүүлж байгаа юм шиг санагдаад тайвширсан. Сэтгэл санаа минь хэрхэн өөрчлөгдөж буйг Ехова ойлгож, надад тусалж байгааг унших явцдаа мэдэж авсан» гэжээ. Тогтвортой болж, бүрэн тайвшрахад Ехова ийнхүү тусална (Дуу. 119:143, 144).
ТҮШИЖ ТУЛНА
10. Хэцүү юм тохиолдохлоор бид яадаг вэ?
10 Бэрхшээл учрахад. Хэцүү юм тохиолдсоны дараа бид нэг хэсэгтээ ядарч, сэтгэлийн тэнхээгүй болдог. Урьд нь хурдан гүйдэг байсан ч гэмтэл аваад доголж явдаг тамирчинтай адил санагдаж болох юм. Амархан хийдэг байсан юмаа зовж хийх юм уу дуртай зүйлээ ч хийх сонирхолгүй болж мэднэ. Елиагийн адилаар босох ч тэнхэлгүй унтаад баймаар санагдаж магадгүй (Х.дээд 19:5–7). Ийм үед Ехова хэрхэн туслахаа амласан бэ?
11. Ехова өөр яаж тусалдаг вэ? (Дуулал 94:18).
11 Ехова хэрхэн тусалдаг вэ? Түшиж тулахаа амладаг (Дуулал 94:18-ыг уншина). Гэмтсэн тамирчныг алхахад түшиж тулах хэрэгтэй байдаг шиг Еховад хичээл зүтгэлтэй үйлчилсээр байхад тусламж хэрэгтэй. Ехова бидэнд «Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан [Ехова] билээ. ... “Бүү ай. Би чамд тусална”» гэж батлан хэлдэг (Ис. 41:13). Давид хаан ийм тусламжийг биеэрээ мэдэрсэн. Дайснуудтай тулж, сорилтод орж явахдаа Еховад «Таны баруун мутар намайг түшдэг» гэж хэлжээ (Дуу. 18:35). Ехова биднийг хэрхэн түшдэг вэ?
12. Ядарч туйлдах үед Ехова хэнээр туслуулдаг вэ?
12 Ехова бидэнд туслах хүслийг бусдад төрүүлдэг. Жишээлбэл нэг удаа Давидыг ядарч туйлдахад найз Ионатан нь ирээд сэтгэлийн дэм өгч зоригжуулдаг (1 Сам. 23:16, 17). Мөн Ехова Елиад туслуулахаар Елишаг сонгосон (Х.дээд 19:16, 21; Х.дэд 2:2). Өнөөдөр Ехова бидэнд гэр бүлийнхэн, найз нөхөд, ахлагчдаар туслуулдаг. Гэхдээ бид зовж шаналсан үедээ бусдаас хөндийрч ганцаараа байхыг хүсэж болох юм. Ингэх нь олонтоо. Еховагийн тусламж дэмжлэгийг авъя гэвэл яах хэрэгтэй вэ?
13. Еховагийн тусламж дэмжлэгийг авахын тулд яах хэрэгтэй вэ? (Бас зургийг үзээрэй).
13 Бид яах хэрэгтэй вэ? Зожгирох хандлагатайгаа тэмцээрэй. Бусдаас хөндийрвөл аливаа юмыг өргөн хүрээтэй харахаа больж, зөвхөн өөрийнхөө болон асуудлынхаа тухай боддог болно. Ингэвэл зөв шийдвэр гаргаж чадахгүй (Сур. 18:1). Мэдээж бидэнд, ялангуяа хүнд бэрхшээл тохиолдох үед ганцаараа байх цаг хэрэгтэй. Харин удаан хугацаагаар зожгирвол Еховагийн өгдөг тусламж дэмжлэгээс татгалзаж буй хэрэг болно. Тиймээс хэчнээн хэцүү санагдсан ч гэр бүлийнхэн, найз нөхөд, ахлагчдын тусламжийг хүлээж аваарай. Ехова тэднээр дамжуулан таныг түшиж тулна (Сур. 17:17; Ис. 32:1, 2).
ТАЙТГАРУУЛНА
14. Бид юунаас айж болох вэ?
14 Бэрхшээл учрахад. Бид айж сандардаг. Бурхны үнэнч үйлчлэгчид дайснуудаасаа, мөн өөр дарамт шахалтад ороод айн чичирч, сэтгэл зовж байснаа Библид илэрхийлжээ (Дуу. 18:4; 55:1, 5). Бид ч ажил сургуулийнхан, гэр бүлийнхэн болон засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. Бүр амь насанд халтай өвчин тусаж ч мэднэ. Ийм үед бид жаахан хүүхэд шиг юу хийхээ мэдэхгүй, айн сандарч болох юм. Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ?
15. Дуулал 94:19-д бичсэнээр Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ?
15 Ехова хэрхэн тусалдаг вэ? Биднийг тайтгаруулдаг (Дуулал 94:19-ийг уншина). «Дуулал» номын энэ зүйлийг уншаад аянга цахилгаантай аадар борооноос айж, унтаж чадахгүй байгаа бяцхан охиныг төсөөлж болох юм. Аав нь ирээд охиноо тэвэрч тайвшруулаад унтуулна. Тэнгэр дуугарсаар байвч охин аавынхаа тэвэрт айхгүй, тайван байна. Бид айсан үедээ тайтгарахын тулд тэнгэрийн Эцэгтээ бэлгэдлийн утгаар тэврүүлэх хэрэгтэй. Хэрхэн тэгэх вэ?
16. Яавал Ехова биднийг тайтгаруулах вэ? (Бас зургийг үзээрэй).
16 Бид яах хэрэгтэй вэ? Залбирч, Үгийг нь уншиж Еховатай үргэлж ойр дотно байгаарай (Дуу. 77:1, 12–14). Ингэдэг бол бэрхшээл тулгарахад хамгийн түрүүнд тэнгэрийн Эцэгтээ хандана. Юунаас айж, юунд санаа зовж буйгаа Еховад хэлээрэй. Дараа нь Библийг уншаад түүний ярихыг сонсоорой (Дуу. 119:28). Тэгвэл Ехова таныг тайтгаруулна. Библийн зарим хэсэг, тухайлбал «Иов», «Дуулал», «Сургаалт үгс» ном болон «Матай» номын 6-р бүлэгт байдаг Есүсийн үг айсан үед тайвшрахад тустай. Еховад залбирч, Үгийг нь уншвал та тайтгарна.
17. Бид юунд итгэдэг вэ?
17 Амьдралын хар бараан өдрүүдэд Ехова хамт байна гэдэгт итгэлтэй байж болно. Бид хэзээ ч ганцаараа биш (Дуу. 23:4; 94:14). Тэрбээр биднийг хамгаалж, тогтвортой байлгаж, түшиж тулж, тайтгаруулахаа амладаг. Исаиа 26:3-т Еховагийн тухай «Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална» гэжээ. Тиймээс Еховад итгэж найдаарай. Тусламжийг нь авахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Тэгвэл та хатуу бэрх цагт дахин хүчтэй болно.
ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?
-
Ялангуяа ямар үед Еховагийн тусламж хэрэгтэй вэ?
-
Бэрхшээл учрахад Ехова ямар 4 аргаар тусалдаг вэ?
-
Еховагийн тусламжийг авахын тулд бид яах хэрэгтэй вэ?
ДУУ 2 Ехова танд баярлалаа
a Зарим нэрийг өөрчлөв.