СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 4
ДУУ 51 Бид Еховад үнэнч
Ехова таныг энэрч хайрладаг
«Ехова их өрөвч ... билээ» (ЯАК. 5:11).
ГОЛ САНАА
Еховагийн хайрын тухай бодохлоор хэрхэн түүнтэй дотно болж, амар тайван, хайр халамжийг мэдэрч, сэргэдэг вэ?
1. Еховагийн тухай бодвол оюун бодолд тань юу буудаг вэ?
ЕХОВА ямар дүр төрхтэй бол гэж та төсөөлж байсан уу? Түүнд хандан залбирахад оюун бодолд тань юу буудаг вэ? Ехова үл үзэгдэх ч, Библид түүнийг янз бүрээр дүрсэлдэг. «Нар болон бамбай», «шатаах гал» гэсэн байдаг (Дуу. 84:11; Евр. 12:29). Езекиел түүний оршин байгааг индранил чулуу, гал мэт улайссан төмөр, алмаас эрдэнэ мэт солонгын төрхтэй зүйрлэн дүрсэлжээ (Езе. 1:26–28). Ийнхүү дүрсэлснээс бидэнд Еховаг бишрэх сэтгэл төрж, дэргэд нь юу ч биш юм шиг санагдаж болох юм.
2. Еховатай дотносоход юу саад болж болох вэ?
2 Еховаг харж чадахгүй учраас биднийг хайрладагт нь итгэхэд амаргүй санагдаж магадгүй. Амьдралдаа үзэж туулсан юмнаас болоод Ехова өөрийг нь хэзээ ч хайрлахгүй гэж боддог хүн ч бий. Тэдний зарим нь аавын хайрыг мэдрээгүй өссөн байж болох юм. Өөртэй нь дотносоход хэцүү санагддаг ийм хүмүүсийг Ехова сайн ойлгодог. Тэгээд тэдэнд туслахын тулд өөрийгөө ямар Бурхан болохоо Үгэндээ илчилсэн.
3. Бид яагаад Еховагийн хайрын тухай дэлгэрэнгүй ярилцах вэ?
3 Библид «Бурхан бол хайр» гэж байдаг (1 Ёох. 4:8). Еховаг хамгийн сайн тодорхойлдог ганц үг бол үнэхээр хайр юм. Тэрбээр хайрын сэтгэлдээ хөтлөгдөн бүхнийг хийдэг. Хайр нь халуун дулаан бөгөөд маш хүчтэй тул өөрийг нь хайрладаггүй хүмүүсийг ч хайрладаг (Мат. 5:44, 45). Энэ өгүүллээр бид Ехова болон хайрынх нь тухай дэлгэрэнгүй ярилцана. Бурхныхаа тухай илүү ихийг мэдэх тусам түүнийг улам их хайрлана.
ЕХОВА БИДЭНД МАШ ИХ ХАЙРТАЙ
4. Еховагийн хайр танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? (Бас зургийг үзээрэй).
4 «Ехова их өрөвч» буюу хайр энэрлээр бялхам (Яак. 5:11). Библид түүнийг хайр халамжтай эх хүнтэй зүйрлэсэн байдаг (Ис. 66:12, 13). Бяцхан үрээ хайрлан энхрийлж буй ээжийг төсөөлөөрэй. Нялх үрээ өвдөг дээрээ эрхлүүлж намуун зөөлөн дуугаар ярина. Хүүхэд нь уйлах юм уу өвдөхөд шаардлагатай бүхнийг хийдэг. Бид ч сэтгэлээр унавал хайр халамжтай Еховад найдаж болно. Дуулалч: «Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» гэж бичжээ (Дуу. 94:19).
5. Еховагийн үнэнч хайр таны хувьд ямар утгатай вэ?
5 Ехова үнэнч. Өөрөөр хэлбэл биднийг үнэнчээр хайрладаг (Ег. 34:6, ШЕ). Алдаа гаргахад маань ч хайрласаар байдаг. Израйлын ард түмэн Еховагийн урмыг дахин дахин хугалсан. Гэсэн хэдий ч тэднийг гэмшихэд хувиршгүй хайраа илэрхийлж «Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй бөгөөд Би чамд хайртай» гэж хэлсэн (Ис. 43:4, 5). Бурхны хайр өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Бид хэзээд түүнд найдаж болно. Бүр ноцтой алдаа гаргахад ч Ехова биднийг хаядаггүй. Хэрэв гэмшээд түүн рүү буцаж ирвэл биднийг хайрласаар байгааг нь мэдэрнэ. Тэрбээр «өгөөмрөөр уучилна» гэж амласан (Ис. 55:7). Энэ тухай Библид «Ехова та нарыг сэргээнэ» гэжээ (Үйлс 3:19).
6. Зехариа 2:8 Еховагийн тухай бидэнд юу хэлж өгдөг вэ?
6 Зехариа 2:8-ыг уншина. Ехова хайр халамжтай Бурхан учраас сэтгэл мэдрэмжийг маань ойлгодог, муу юмнаас хамгаалах чин хүсэлтэй. Биднийг шаналахад тэрбээр ч бас шаналдаг. Тиймээс «Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач» гэж залбирвал хариулах нь дамжиггүй (Дуу. 17:8). Нүд бол хүний биеийн хамгийн мэдрэмтгий, чухал эрхтэн юм. Тэгэхээр Ехова биднийг нүднийхээ цэцгийтэй зүйрлэсэн нь «Миний ард түмэн, та нарт хохирол учруулсан хэн боловч миний хамгийн эрхэм зүйлд хохирол учруулсан хэрэг» гэж хэлсэнтэй адил.
7. Еховагийн хайранд итгэх итгэлээ яагаад батжуулах хэрэгтэй вэ?
7 Хүн нэг бүрийг хайрладагт нь итгэлтэй байгаасай гэж Ехова биднээс хүсдэг. Гэхдээ үзэж туулсан юмнаасаа болоод хайранд нь эргэлзэж болзошгүйг тэрбээр ойлгодог. Бас Еховагийн хайранд итгэх итгэлийг маань сулруулах нөхцөлд бид яг одоо орсон байж магадгүй. Тэгвэл итгэлээ хэрхэн батжуулах вэ? Ехова Есүст, тослогдогсдод, бас бид бүгдэд хэрхэн хайраа илэрхийлдгийг мэдэж авъя.
ЕХОВА ХАЙРАА ХЭРХЭН ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?
8. Есүс Эцгийнхээ хайранд яагаад итгэлтэй байсан бэ?
8 Ехова хайрт Хүү Есүстэйгээ хэн хэнээс ч илүү он удаан жилийг хамт өнгөрүүлсэн. Тоолж баршгүй олон тэрбум жил хамт байсан тэд хоорондоо маш дотносож, нэг нэгнээ их хайрладаг болсон. Матай 17:5-ыг үзвэл Ехова Есүст хайртайгаа тодорхой хэлдэг. «Энэ бол миний таалан соёрхдог нэгэн» гэж энгийнээр хэлж болох байсан ч хүүгээ хэчнээн их хайрладгийг нь биднийг мэдээсэй гэсэндээ «Энэ бол миний хайртай хүү» гэжээ. Ехова Есүсээр, ялангуяа хүн төрөлхтний төлөө амиа өгөх гэж байгаагаар нь маш их бахархаж байв (Эф. 1:7). Есүс ч Эцгийнхээ хайранд огт эргэлзээгүй. Өөрийг нь хайрладгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч байв. Энэ тухайгаа нэг биш удаа итгэлтэйгээр хэлж байсан (Ёох. 3:35; 10:17; 17:24).
9. Еховагийн тослогдогсдыг гэсэн хайрыг ямар үгээр дүрсэлсэн бэ? Тайлбарлана уу (Ром 5:5).
9 Ехова бас тослогдогсдод хайртайгаа илэрхийлсэн (Ром 5:5-ыг уншина). Библийн энэ зүйлд «мэдрүүлдэг» гэж бичсэнийг эх бичгээс нь харвал «цутгах» гэсэн утгатай үг хэрэглэдэг. Үүнийг нэг номд тайлбарлахдаа «усны урсгал цутгахтай» адилтгажээ. Еховагийн тослогдогсдыг гэсэн хайр хэчнээн агуу болохыг ямар гайхалтай дүрслээ вэ! Тэд өөрсдийгөө «Бурх[ны] ... хайрласан» хүмүүс гэдгээ мэддэг (Юуд. 1). Элч Ёохан энэ хайрын тухай юу гэж боддогоо «Эцэг биднийг ямар их хайрладгийг бодоод үз дээ. Биднийг хүүхдүүдээ гэж үздэг» гэж хэлжээ (1 Ёох. 3:1). Тэгвэл Ехова зөвхөн тослогдогсдыг хайрладаг уу? Үгүй. Бид бүгдийг ч хайрладгаа баталсан.
10. Таныг гэсэн Еховагийн хайрын хамгийн том баталгаа юу вэ?
10 Еховагийн хайрын хамгийн том баталгаа юу вэ? Золиос юм. Үүгээрээ орчлонт ертөнц дээрх хэний ч илэрхийлж байгаагүй агуу хайрыг харуулсан! (Ёох. 3:16; Ром 5:8). Ехова хайртай Хүүгээ хүн төрөлхтний төлөө үхэхийг зөвшөөрснөөр бидний нүгэл уучлагдаж, анд нөхөр нь болох боломжийг олгосон (1 Ёох. 4:10). Ехова Есүс хоёр ямар өндөр үнэ төлснийг эргэцүүлэн бодох тусам хүн нэг бүрийг хэчнээн их хайрладгийг улам сайн ойлгоно (Гал. 2:20). Ехова шударга хэм хэмжээндээ нийцүүлэхийн тулд л ийм өндөр үнэ төлөөгүй. Энэ нь хайрын сэтгэлээр өгсөн бэлэг. Тэрбээр хамгийн хайртай Хүү Есүсээ маш их тарчилж үхэхийг зөвшөөрч бидэнд хайртайгаа баталсан.
11. Иеремиа 31:3-аас юу мэдэж авах вэ?
11 Ехова хайраа дотроо хадгалдаггүй, харин хэлж, илэрхийлж байдаг (Иеремиа 31:3-ыг уншина). Хайрладаг учраас биднийг өөртөө татсан (Д.хууль 7:7, 8-тай харьцуулаарай). Хэн ч, юу ч биднийг Бурхны хайраас салгаж чадахгүй (Ром 8:38, 39). Ийм хайраас та юу мэдэрдэг вэ? 23-р дууллыг уншаад Бурхны хайр, анхаарал халамж Давидад хэрхэн нөлөөлснийг, бидэнд хэрхэн нөлөөлөхийг мэдэж аваарай.
ЕХОВАГИЙН ХАЙРААС ТА ЮУ МЭДЭРДЭГ ВЭ?
12. 23-р дуулал юуны тухай вэ?
12 Дуулал 23:1–6-г уншина. 23-р дуулалд Давид Еховагийн хайр, анхаарал халамжид итгэдгээ илэрхийлжээ. Түүнтэй маш дотно харьцаатайгаа дүрсэлж, Хоньчноо гэсэн. Мөн Еховагаар удирдуулан аюулгүй байгаагаа мэдэрч, түүнд бүрэн найдсан. Ехова насан туршид нь хайрлахыг тэрбээр мэдэж байв. Яагаад ийм итгэлтэй байсан бэ?
13. Давид Еховагийн хайр халамжид яагаад итгэлтэй байсан бэ?
13 «Надад дутах зүйл нэг ч үгүй». Ехова хэрэгтэй бүхнээр нь хангасан учраас Давид хайр халамжийг нь мэдэрдэг байв. Бас Еховатай дотносож, сайшаалыг нь хүртдэг байсан. Тиймээс ирээдүйд юу ч тохиолдсон, цаашдаа ч Ехова хэрэгтэй бүхнээр нь хангана гэдэгт итгэлтэй байлаа. Ехова өөрийг нь анхаарч халамжилна гэдэгт итгэсэн учраас санаа зовохоос илүүтэйгээр аз жаргалтай, сэтгэл хангалуун байсан (Дуу. 16:11).
14. Ехова бидэнд хайрын сэтгэлээр хэрхэн санаа тавьж болох вэ?
14 Ехова бидэнд, ялангуяа муу юм тохиолдоход хайрын сэтгэлээр санаа тавьдаг. Бетелд 20 гаруй жил үйлчилж буй Клэрийн a гэр бүлийнхэнд хүнд бэрхшээл ар араасаа учирсан. Аав нь цус харваж, нэг эмэгтэй дүү нь хурлаас хасагдаж, жижиг бизнес нь зогсож, гэр орноо алдсан. Ехова тэднийг хэрхэн хайрлаж халамжилсан бэ? Клэр: «Ехова санаа тавьж гэр бүлийнхний маань зайлшгүй хэрэгцээг өдөр бүр хангасан. Заримдаа бүр бодсоноос ч илүүг өгдөг байсан! Би Еховагийн хайр халамжийг мэдэрсэн мөчүүдээ байнга бодож, бас нандигнадаг. Ийм дурсамжийн ачаар би сорилтыг тэвчиж чаддаг» гэжээ.
15. Давид хэрхэн сэргэсэн бэ? (Бас зургийг үзээрэй).
15 «Тэр миний сэтгэлийг сэргээдэг». Давид бэрхшээл, сорилтоос болоод үе үе сэтгэлээр унадаг байсан (Дуу. 18:4–6). Гэхдээ Еховагийн хайр, анхаарал халамжийн ачаар сэргэдэг байв. Ехова ядарч туйлдсан найзыгаа «ногоон бэлчээрт» болон «дөлгөөн усны дэргэд» аваачсан. Ийнхүү Давид дахин хүчтэй болж, Еховад баяр хөөртэй үйлчилж чаддаг (Дуу. 18:28–32).
16. Еховагийн хайр таныг хэрхэн сэргээдэг вэ?
16 Өнөөдөр ч «[Еховагийн] хайр энэрэл ... хэзээ ч дуусахгүй» учир сорилт, бэрхшээл тохиолдоход бид тэвчиж чаддаг (Гаш. 3:22; Кол. 1:11). Рэйчелийн тухай бодъё. Нөхөр нь КОВИД-19 цар тахлын үед өөрийг нь болон Еховаг хаяж явахад тэнгэр ниргэх шиг болсон. Ехова түүний төлөө юу хийсэн бэ? Рэйчел: «Ехова надад хайртай гэдгээ мэдрүүлж, санаа тавих найзуудаар хүрээлүүлсэн. Тэд манайд ирж, хоол хүнс авчирч, сайхан сэтгэлийн үгтэй зурвас болон Библийн урам сэргээм эшлэл бичиж өгч, инээмсэглэж, бас Ехова надад санаа тавьдгийг сануулдаг байсан. Хайр халамжтай өнөр өтгөн гэр бүл өгсөн Еховадаа би үргэлж талархдаг» гэжээ.
17. Давид яагаад «хор хөнөөлөөс айхгүй» гэсэн бэ?
17 «Би хор хөнөөлөөс айхгүй. Учир нь Та надтай хамт». Давидын амь нас нэг биш удаа аюулд өртөж, бас түүнд хүчтэй дайсан олон байв. Гэсэн ч Еховагийн хайрын ачаар амар тайван, аюулгүй байсан. Ехова ямар ч үед өөртэй нь хамт гэдгийг мэдэрсэн тул тайвширдаг байв. Тиймээс «[Ехова] бүх айдсаас минь аварсан» гэж дуулсан (Дуу. 34:4). Заримдаа маш их айсан ч Ехова өөрт нь хайртайг мэддэг учраас айдсаа ялдаг байв.
18. Айсан үед Ехова бидэнд хайртайг мэддэг бол хүчтэй байна гэхийн учир юу вэ?
18 Ехова бидэнд хайртайг мэддэг бол хүнд сорилт учирсан ч хүчтэй байж чадна гэхийн учир юу вэ? Хүү нь амиа хорлоход, байнгын эхлэгчээр үйлчилдэг ээж Сюзи болон аавд нь үнэхээр их хэцүү байсан. Сюзи: «Амьдралд эмгэнэлт явдал тохиолдохлоор ямар ч найдваргүй мэт санагдаж, юу хийхээ ч мэдэхээ больдог. Гэхдээ Еховагийн хайр халамжийн ачаар амар тайвныг мэдэрсэн» гэжээ. Дээр дурдсан Рэйчел: «Нэг шөнө сэтгэл хямарч, их санаа зовж, айсан. Тэгээд Ехова руу ёолон хашхирсан. Тэр даруй ээж нь хүүхдээ зөөлөн бүүвэйлдэг шиг Ехова намайг тайвшруулж, би унтаад өгчихсөн. Энэ явдлыг би хэзээ ч мартдаггүй» гэжээ. Тасос гэдэг ахлагч цэрэгт явахаас татгалзсаны улмаас 4 жил шоронд суусан. Тэрбээр хэрхэн Еховагийн хайр, анхаарал халамжийг мэдэрсэн бэ? «Ехова миний бүх хэрэгцээг хангасан, бүр илүүг ч өгсөн. Тиймээс би түүнд бүрэн найдаж болно гэдэгт улам бат итгэсэн. Үнэндээ шорон бол сэтгэл түгшээсэн газар ч Еховагийн агуу хүчний тусламжтайгаар би баяр хөөрөө алдаагүй. Еховад найдах тусам намайг гэсэн хайрыг нь улам бүр мэдэрдгийг ойлгосон. Тэгээд би шоронд байхдаа байнгын эхлэгчээр үйлчилж эхэлсэн» гэж тэрбээр ярьжээ.
ӨРӨВЧ БУРХАНТАЙГАА ДОТНОСООРОЙ
19. а) Бурхан биднийг хайрладгийг мэдэх нь залбиралд хэрхэн нөлөөлөх вэ? б) Еховагийн хайрыг дүрсэлсэн үгнээс аль нь таны сэтгэлийг хөдөлгөж байна вэ? ( «Еховагийн халуун сэтгэлийн хайрыг мэдрэхэд тустай үг» гэсэн хавсралтыг үзээрэй).
19 Дээр ярилцсан жишээнүүд «хайр[ын] ... Бурхан» Ехова бидэнтэй хамт гэдгийг баталж байна! (2 Кор. 13:11). Тэрбээр бидний хүн нэг бүрийг анхаардаг. Түүний «хайр энэрэл [биднийг] хүрээлдэг» гэдэгт бид итгэдэг (Дуу. 32:10). Биднийг хэрхэн хайрладгийг нь эргэцүүлэн бодох тусам Ехова улам ойр санагдаж, түүнтэй дотносно. Тэгээд чөлөөтэй залбирч, хайр нь ямар чухал болохыг түүнд хэлдэг. Бас биднийг ойлгодог, туслахыг хүсдэг гэдгийг нь мэддэг учраас санаа зовсон бүх зүйлээ хэлдэг (Дуу. 145:18, 19).
20. Еховагийн хайр биднийг хэрхэн татдаг вэ?
20 Хүйтэн өдөр галын дулаан илчинд татагддаг шиг бид Еховагийн халуун сэтгэлийн хайранд татагддаг. Хайр нь маш их хүчтэй ч уян зөөлөн. Тиймээс Еховагаар хайрлуулж аз жаргалаар бялхаарай. Хүн нэг бүр хайрынх нь хариуд «Би [Еховад] хайртай» хэмээн баяртайгаар дуу алдах болтугай! (Дуу. 116:1).
ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?
-
Та Еховагийн хайрыг хэрхэн дүрслэх вэ?
-
Ехова таныг маш их хайрладагт яагаад итгэлтэй байж болох вэ?
-
Еховагийн хайраас та юу мэдэрдэг вэ?
ДУУ 18 Бурхны хайр энэрэл
a Зарим нэрийг өөрчлөв.