Таны мэдлэгт
Филипийг гүйцэж очиход Этиопын тайган ямар тэргэнд явж байсан бэ?
«ШИНЭ ЕРТӨНЦ» орчуулгад «тэрэг» гэж орчуулсан грек үгээр хэд хэдэн төрлийн тэрэг байсны алийг нь ч хэлсэн байж болно (Үйлс 8:28, 29, 38). Гэхдээ Этиопын тайганы сууж явсан тэрэг нь цэрэг дайны юм уу уралдааны тэрэгтэй харьцуулахад арай том байсан бололтой. Ингэж дүгнэх хэдэн шалтгаан бий.
Этиоп хүн хол газраас аялж яваа өндөр албан тушаалтан байсан. Тэрбээр «Этиопын хатан Кандакт үйлчилдэг, эрдэнэсийн санг нь хариуцдаг» байв (Үйлс 8:27). Эртний Этиоп орчин үеийн Судан болон Египетийн өмнөд хэсгийг хамардаг. Урт аяллын турш тэрбээр нэг л унаагаар яваагүй байж болох ч ачаа тээштэй байсан нь ойлгомжтой. МЭ I зуунд ашигладаг байсан тээврийн хэрэгсэл дотор зорчигч тээвэрлэдэг 4 дугуйтай, бүхээгтэй тэрэг байжээ. «Үйлс» номын тухай тайлбарласан нэгэн номд «Ийм тэргээр том ачаатай, илүү тав тухтай аялж, бас магадгүй илүү хол зам туулах боломжтой байсан» гэж бичжээ.
Филипийг гүйцэж очиход Этиоп хүн юм уншиж байсан. Энэ тухай «Филип гүйсээр зэрэгцэж очтол [тайган] зөнч Исаиагийн номоос чанга дуугаар уншиж байгаа нь сонсдов» гэж бичжээ (Үйлс 8:30). Аяллын тэрэг хурдан явах зориулалттай биш байв. Ийнхүү удаан явж байсан учир тайган юм унших боломжтой байснаас гадна Филип тэргийг явган гүйцэж очсон.
Этиоп хүн «Филипийг тэргэндээ суулгав» (Үйлс 8:31). Ердийн уралдааны тэргэн дээр жолоодож буй хүн нь зогсож явдаг. Харин аяллын зориулалттай тэрэг нь тайган, Филип хоёр сууж багтах зайтай байсан.
«Үйлс» номын 8-р бүлэг болон түүхийн баримтад үндэслэн сүүлийн үед манай ном хэвлэлд Этиопын тайганы сууж явсан тэргийг ердийн цэрэг дайны юм уу уралдааны тэрэгнээс томоор дүрсэлсэн байдаг.