Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 41

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

Есүс сүүлчийн 40 өдөр юу хийсэн нь бидэнд сургамжтай

Есүс сүүлчийн 40 өдөр юу хийсэн нь бидэнд сургамжтай

«40 өдрийн хугацаанд олон удаа үзэгдэж, Бурхны Хаант төрийн талаар ярьж байсан» (ҮЙЛС 1:3).

ГОЛ САНАА

Тэнгэрт гарахаасаа өмнөх 40 өдрийн хугацаанд үзүүлсэн Есүсийн жишээг бид хэрхэн дуурайх вэ?

1, 2. Емау тосгон руу явж байсан хоёр шавьд юу тохиолдсон бэ?

 МЭ 33 оны Нисан сарын 16. Есүсийн шавь нар маш их гашуудаж, бас айдаст автжээ. Хоёр шавь Иерусалимаас гарч тэндээс 11 километрийн зайд орших Емау тосгон руу явж байна. Тэд саяхан цаазлагдсан Есүсийн төлөө маш их шаналж байлаа. Мессиад найдаж байсан ч талаар болжээ. Харин огт төсөөлөөгүй юм болох нь тэр.

2 Үл таних нэг хүн ирээд тэдэнтэй хамт алхав. Тэгэхэд хоёр шавь Есүст юу тохиолдсоныг нөгөө хүнд ярилаа. Тэдний хооронд хэзээ ч мартагдашгүй яриа өрнөсөн. «Мосе болон бүх зөнчийн бичсэнээс эхлэн» Мессиа яагаад зовж, үхэх болсныг нөгөө хүн тайлбарладаг. Тэд Емауд ирснийхээ дараа тэр хүн бол Бурхны амилуулсан Есүс байсныг мэдэв! Мессиа амьд байгааг мэдээд хэчнээн их баярласныг нь төсөөл дөө! (Лук 24:13–35).

3, 4. Есүс урамшуулахад шавь нар яасан бэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ? (Үйлс 1:3).

3 Есүс амилсныхаа дараах 40 өдрийн турш шавь нартаа олон удаа үзэгдсэн (Үйлс 1:3-ыг уншина). Ингэж уй гашуу, айдаст автсан тэднийгээ урамшуулсан. Тэд ч баяр хөөрөөр дүүрч, Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх, заах эр зоригтой болсон. a

4 Есүс энэ хугацаанд юу хийснийг бид судалбал ач тус хүртэнэ. Тэрбээр хэрхэн 1) шавь нараа урамшуулсныг, 2) Судрыг ойлгуулсныг, 3) хариуцлагатай үүрэг даалгавар биелүүлэхэд нь тусалж зааж сургасныг одоо ярилцъя. Тухай бүрд нь түүнийг хэрхэн дуурайхыг бодоцгооё.

БУСДЫГ УРАМШУУЛАХ

5. Шавь нарт яагаад урам зориг хэрэгтэй байсан бэ?

5 Есүсийн шавь нарт урам зориг хэрэгтэй байв. Яагаад? Зарим нь орон байр, гэр бүл, ажил төрлөө орхиод Есүсийг дагасан (Мат. 19:27). Бас дагалдагч болсноосоо хойш нийгэмд гадуурхагдсан хүмүүс ч байсан (Ёох. 9:22). Тэд Есүсийг амласан Мессиа гэдэгт итгэсэн учир амьдралаа өөрчилж, зовоход ч бэлэн байв (Мат. 16:16). Харин Есүсийг цаазлахад итгэл найдвар нь талаар болж, сэтгэлээр унацгаасан.

6. Есүс амилсныхаа дараа яасан бэ?

6 Есүс сэтгэлээр унасан шавь нараа итгэл султай гэж үзээгүй. Харин ч өөрийг нь нас барахад гунигт автсаныг ойлгож байв. Тиймээс амилсан яг тэр өдрөөсөө эхлэн тэднийгээ урамшуулсан. Жишээ нь булшных нь дэргэд уйлж байсан Магдалын Мариад үзэгдсэн (Ёох. 20:11, 16). Бас өгүүллийн эхэнд дурдсан хоёр шавьд, мөн элч Петрт үзэгджээ (Лук 24:34). Есүсийн энэ жишээнээс бид юу мэдэж авах вэ? Эхлээд Магдалын Мариад үзэгдсэн тохиолдлыг ярилцъя.

7. Ёохан 20:11–16-г үзвэл Нисан сарын 16-ны үүрээр Есүс Мариагийн яахыг ажиглан харсан бэ? Тэгээд яасан бэ? (Бас зургийг үзээрэй).

7 Ёохан 20:11–16-г уншина. Нисан сарын 16-ны үүрээр хэдэн үнэнч эмэгтэй Есүсийг оршуулсан газар луу явдаг (Лук 24:1, 10). Тэдний дунд Магдалын Мариа байсан. Түүнийг ирэхэд булш хоосон байв. Энэ талаар Петр Ёохан хоёрт яаран очиж хэлдэг. Тэд булш руу гүйхэд Мариа ч араас нь гүйсэн. Булш үнэхээр хоосон байхыг хараад эрчүүд гэртээ харьцгаав. Харин Мариа тэндээ уйлаад үлддэг. Есүс өөрийг нь харж байгааг тэрбээр мэдээгүй. Үнэнч энэ эмэгтэйн уйлахыг харсан Есүсийн сэтгэл ихэд хөдөлсөн. Тэгээд түүнд үзэгдэж, амилсныг нь бусад ах дүүст дуулгах чухал даалгавар өгсөн нь энгийн боловч маш их урам зориг хайрласан хэрэг байв (Ёох. 20:17, 18).

Есүсийг дуурайн ажигч гярхай байж, сэтгэлээр унасан хүмүүсийг ойлгож өрөвдөөрэй (7-р догол мөрийг үзээрэй)


8. Бид Есүсийг хэрхэн дуурайх вэ?

8 Бид Есүсийг хэрхэн дуурайх вэ? Еховад тууштай үйлчлэхэд нь дэм болохын тулд ах дүүсээ урамшуулаарай. Тэднийгээ зовж шаналж байгааг мэдсэн бол Есүсийн адилаар сэтгэлийг нь ойлгохыг хичээж, тайвшруулах хэрэгтэй. Эмэгтэй дүү нь ослоос болж нас барахад уй гашуу болсон Жоселины жишээг бодъё. Тэрбээр: «Би олон сар маш их гашуудсан» гэжээ. Гэхдээ нэг Гэрч эрэгтэй эхнэртэйгээ хоёулаа түүнийг гэртээ урьж, яриаг нь чих тавин сонсож, Еховад ямар их эрхэм хүн болохыг нь хэлж тайвшруулсан. Жоселин: «Ехова тэднээр хар шуурга дэгдсэн далайн уснаас намайг татаж, аврах завинд суулгасан мэт санагдсан. Тэдний тусламжаар Еховад дахин тууштай үйлчлэх хүсэлтэй болсон» гэжээ. Бид ч ах дүүстээ сайхан сэтгэлээр хандаж, сэтгэлээ уудлан ярихыг нь анхааралтай сонсвол урамшин зоригжино. Ийнхүү цаашид ч Еховад тасралтгүй үйлчлэхэд нь тусалж чадна (Ром 12:15).

БУРХНЫ ҮГИЙГ ОЙЛГОХОД НЬ ТУСЛАХ

9. Шавь нар яах хэрэгтэй байсан бэ? Есүс яасан бэ?

9 Шавь нар Бурхны Үгэнд итгэж, амьдралдаа хэрэгжүүлэхийг ихэд хичээдэг байв (Ёох. 17:6). Гэхдээ Есүсийг гэмт хэрэгтэн мэт яллаж цаазлахаар нь балмагдсан. Тэд бат итгэлтэй, Еховад хайртай ч Судрыг илүү сайн ойлгох хэрэгтэйг Есүс мэдсэн (Лук 9:44, 45; Ёох. 20:9). Тиймээс Судраас тайлбарлаж өгчээ. Емау тосгон руу явж байсан хоёр шавьдаа үзэгдэн хэрхэн тайлбарласныг нь ярилцъя.

10. Өөрийгөө үнэхээр Мессиа мөн гэдгийг Есүс шавь нартаа хэрхэн ойлгуулсан бэ? (Лук 24:18–27).

10 Лук 24:18–27-г уншина. Есүс шавь нартаа өөрийгөө шууд илчлээгүйг анхаараарай. Харин асуулт асуудаг. Яагаад? Зүрх сэтгэл, бодол санаанд нь юу байгааг яриулахыг хүссэн байж магадгүй. Тэд ч Есүс израйлчуудыг Ромын дарлалаас чөлөөлж, хаан болоод захирна гэж бодож явснаа ярьдаг. Ийнхүү санаа зовж байгаа зүйлийг нь мэдэж авсныхаа дараа Судрын олон зөгнөл хэрхэн биелснийг тайлбарлан ойлгуулсан. b Тэр оройдоо бас бусад шавьтайгаа уулзаж зөгнөлүүдийн утгыг тайлбарлаж өгсөн (Лук 24:33–48). Үүнээс бид юу ойлгох вэ?

11, 12. а) Есүс Библийн үнэнийг хэрхэн зааснаас бид юу мэдэж авах вэ? (Бас зургийг үзээрэй). б) Библийн багш нь Нортэйд хэрхэн тусалсан бэ?

11 Бид Есүсийг хэрхэн дуурайх вэ? Юуны түрүүнд, Библийн суралцагчийнхаа бодол санаа, зүрх сэтгэлд нь юу байгааг мэдэхийн тулд оновчтой асуулт асуугаарай (Сур. 20:5). Тэгээд үзэл бодлыг нь мэдэж авсныхаа дараа нөхцөл байдалд нь тохирсон Библийн зүйлийг хэрхэн олохыг зааж өгөөрэй. Юу хийх ёстойг нь шууд хэлэх хэрэггүй. Харин уншсанаа эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг ойлгоход нь туслаарай. Ганад амьдардаг Нортэй гэдэг Гэрч эрэгтэйн жишээг ярилцъя.

12 Тэрбээр 16 настайдаа Библийн хичээл заалгаж эхэлсэн. Гэвч төд удалгүй гэр бүлийнхэн нь эсэргүүцэв. Хичээлээ үргэлжлүүлэхэд нь юу тус болсон бэ? Библийн багш нь Христийн дагалдагчид хавчигдахыг Матай 10-р бүлгээс тайлбарласан. Нортэй: «Хавчигдаж эхлэнгүүт би үнэнийг олсон гэдэгтээ итгэсэн» гэжээ. Багш нь мөн Матай 10:16-г уншуулж, гэрийнхэнтэйгээ итгэл үнэмшлийнхээ тухай ярихдаа болгоомжтой, хүндэтгэлтэй байх хэрэгтэйг ойлгуулсан. Баптисм хүртсэнийхээ дараа Нортэй эхлэгч болохыг хүссэн ч аав нь их сургуульд сургах бодолтой байв. Багш нь юу хийхийг хэлж өгөхийн оронд Библийн зүйлийг бодуулах асуулт тавьж, зөв шийдвэр гаргахад нь тусалсан. Тэгээд яасан бэ? Бүрэн цагаар үйлчлэх шийдвэр гаргажээ. Иймээс аав нь гэрээс нь хөөсөн. Энэ талаар тэрбээр: «Би зөв шийдсэн гэдэгтээ итгэлтэй байна» гэжээ. Бид ч бусдад Сударт үндэслэн эргэцүүлэн боддог болоход нь тусалбал тэд Еховад бат итгэлтэйгээр үйлчилсээр байна (Эф. 3:16–19).

Есүсийг дуурайн Бурхны Үгийг ойлгоход нь бусдад туслаарай (11-р догол мөрийг үзээрэй) e


ШААРДЛАГА ХАНГАЖ «БЭЛЭГ» БОЛОХОД НЬ ТУСЛАХ

13. Дэлгэрүүлэх ажил үргэлжлэхийн тулд Есүс юу хийсэн бэ? (Эфэс 4:8).

13 Есүс дэлхийд байхдаа Эцгийнхээ даалгасан ажлыг ягштал гүйцэтгэсэн (Ёох. 17:4). Гэхдээ тэрбээр Еховагийн хүслийг би ганцаараа л биелүүлж чадна гэж бодоогүй. Тиймээс 3,5 жил үйлчлэхдээ бусдыг сургасан. Тэнгэрт буцахаасаа өмнө шавь нартаа Еховагийн үнэ цэнтэй хоньдыг хариулах болон дэлгэрүүлэх, заах ажлыг удирдах даалгавар өгсөн. Тэдний дунд 20 гарч яваа залуус ч байсан байх (Эфэс 4:8-ыг уншина). Өөрийгөө зориулсан, үнэнч, хичээл зүтгэлтэй энэ эрчүүдийг шаардлага хангаж «бэлэг» болоход Есүс сүүлчийн 40 өдөр хэрхэн тусалсан бэ?

14. Есүс дэлхийд байсан сүүлчийн 40 өдөр шавь нартаа хэрхэн тусалсан бэ? (Бас зургийг үзээрэй).

14 Есүс шавь нартаа зөвлөгөө шулуухан ч, хайрын сэтгэлээр өгдөг байв. Жишээлбэл зарим нь эргэлзэх хандлагатай байгааг анзаараад зөвлөгөө өгсөн (Лук 24:25–27; Ёох. 20:27). Хоньдыг хариулах үүргээ амин зуулганы ажлаасаа илүү чухалд үзэх ёстойг ойлгуулсан (Ёох. 21:15). Бусдын эдэлж буй завшааныг өөрийнхтэйгөө харьцуулахгүй байхыг сануулсан (Ёох. 21:20–22). Эдгээрээс гадна Хаант төрийн тухай зарим буруу ойлголтыг нь залруулж, дэлгэрүүлэх ажлаа анхаарахад нь тусалсан (Үйлс 1:6–8). Ахлагчид Есүсийг хэрхэн дуурайх вэ?

Есүсийг дуурайн эрчүүдийг шинэ үүрэг даалгавраа биелүүлж сурахад нь туслаарай (14-р догол мөрийг үзээрэй)


15, 16. а) Ахлагчид Есүсийг хэрхэн дуурайх вэ? Тайлбарлана уу. б) Патрик зөвлөгөөг хэрэгжүүлээд ямар ач тус хүртсэн бэ?

15 Ахлагчид Есүсийг хэрхэн дуурайх вэ? Илүү хариуцлагатай үүрэг хүлээхэд нь эрчүүдийг, тэр дундаа залуусыг сургаж, тусалж дэмжих ёстой. c Ингэхдээ төгс байхыг шаардах ёсгүй. Залууст туршлагатай болж, даруу, үнэнч, бусдад үйлчлэх дуртай хүн байх хэрэгтэйг ойлгуулахын тулд хайрын сэтгэлээр зөвлөх учиртай (1 Тим. 3:1; 2 Тим. 2:2; 1 Петр 5:5).

16 Зөвлөгөөг хэрэгжүүлээд ач тус хүртсэн Патрик гэдэг Гэрч эрэгтэйн тухай бодъё. Тэрбээр залуу байхдаа хатуу ширүүн үг хэлчихдэг, бусадтай, бүр эмэгтэйчүүдтэй ч эелдэг бус харьцчихдаг байжээ. Үүнийг нь анзаарсан төлөвшсөн нэг ахлагч шулуухан ч, сайхан сэтгэлээр зөвлөгөө өгсөн байна. Патрик: «Би үүнд нь үнэхээр их баярладаг» гээд цааш нь «Миний яг хүсэн хүлээж байсан даалгаврыг бусад хүн хүлээж авахыг хараад сэтгэлээр унадаг байлаа. Гэхдээ зөвлөгөө өгсөн ахлагчийн ачаар хариуцлагатай үүрэг хүлээх талаар бодохын оронд даруу байж, ах дүүстээ хайраа илэрхийлэх хэрэгтэйг ойлгосон» гэжээ. Патрик 23 насандаа ахлагчаар томилогдсон (Сур. 27:9).

17. Есүс шавь нартаа итгэж найддагаа хэрхэн илэрхийлсэн бэ?

17 Есүс шавь нартаа дэлгэрүүлэх ажил даалгаад зогсоогүй бусдад заах үүрэг ч оноосон (Мат. 28:20). Тэгэхэд тэд энэ үүргээ биелүүлж чадахгүй гэж бодсон байх. Харин Есүс чадна гэдэгт нь эргэлзээгүй, үүнийгээ тодорхой хэлсэн. Тэрбээр: «Эцэг минь намайг явуулсны адил би та нарыг бас явуулж байна» гэж хэлэхдээ итгэдгээ бүрэн дүүрэн илэрхийлсэн (Ёох. 20:21).

18. Ахлагчид Есүсийг хэрхэн дуурайх вэ?

18 Ахлагчид Есүсийг хэрхэн дуурайх вэ? Туршлагатай ахлагчид бусдыг сургаж даалгавраа биелүүлэхэд нь тусалдаг (Флп. 2:19–22). Жишээ нь цуглааны танхим цэвэрлэх, засаж тордох ажилд залуусыг оролцуулдаг. Үүрэг даалгавар өгөхдөө хэрхэн хийхийг заадаг, заасных нь дагуу ажлаа сайн хийнэ гэдэгт нь итгэдэг. Хурлын янз бүрийн ажлыг яаж хийхийг зааж өгсөн, итгээд ажил даалгасан туршлагатай ахлагчдад Мэтью гэдэг шинэ ахлагч талархлаа илэрхийлжээ. Тэрбээр: «Тэд алдаа гаргахад минь алдаанаасаа суралцах боломж гэж үзэн дараагийн удаа зөв хийхэд тусалдаг байсан» гэжээ. d

19. Бид яахаар бат шийдсэн байх ёстой вэ?

19 Есүс тэнгэрт буцахаасаа өмнөх 40 өдрийн хугацаанд бусдыг урамшуулж, Сударт үндэслэн зааж, эрчүүдийг сургасан. Үлгэр жишээг нь дуурайхаар бат шийдэцгээе (1 Петр 2:21). Тэгвэл тэрбээр тусална. Учир нь «Энэ тогтолцооны төгсгөлийн үеийг дуустал би та нартай үргэлж хамт байх болно» гэж амласан билээ (Мат. 28:20).

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

a Сайн мэдээний болон Библийн бусад номд Есүс амилсныхаа дараа хүмүүст үзэгдсэн хэд хэдэн тохиолдлыг тэмдэглэсэн байдаг. Жишээ нь Магдалын Мариа (Ёох. 20:11–18), бусад эмэгтэй (Мат. 28:8–10; Лук 24:8–11), 2 шавь (Лук 24:13–15), Петр (Лук 24:34), Томасаас бусад элч (Ёох. 20:19–24), Томасыг оруулаад бүх элч (Ёох. 20:26), 7 шавь (Ёох. 21:1, 2), 500 гаруй шавь (Мат. 28:16; 1 Кор. 15:6), дүү Яаков (1 Кор. 15:7), бүх элч (Үйлс 1:4) болон Бетаны ойролцоо амьдардаг элч нарт тус тус үзэгджээ (Лук 24:50–52). Библид тэмдэглэгдээгүй өөр тохиолдол бас байх магадлалтай (Ёох. 21:25).

b «Мессиагийн талаарх зөгнөлүүд Есүс дээр биелсэн үү?» гэсэн өгүүллийг jw.org сайтаас уншаарай.

c Шаардлага хангасан 25–30 насны зарим эрчүүд дүүрэг хариуцагчаар томилогдож болох юм. Гэхдээ тэд, юуны түрүүнд, ахлагчаар үйлчилж туршлагажсан байх ёстой.

d Залуу эрчүүд илүү хариуцлагатай үүрэг хүлээх шаардлага хангахад тустай зөвлөгөө «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2018 оны 8-р сарын дугаарын 11, 12-р хуудасны 15–17-р догол мөрд болон 2015 оны 4-р сарын дугаарын 3–13-р хуудсанд бий.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бурхны Үгийг ойлгоход нь тусалсны дараа суралцагч нь шинэ жилийн баярын чимэглэлүүдээ хаяхаар шийджээ.