СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 42
ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»
Ехова Есүс хоёрын «бэлэг болгон өгсөн» хүмүүст талархацгаая
«Тэрээр өндөрт гарахдаа ... хүмүүсийг бэлэг болгон өгсөн» (ЭФ. 4:8).
ГОЛ САНАА
Туслах үйлчлэгчид, ахлагчид болон дүүрэг хариуцагчид бидэнд хэрхэн тусалдаг вэ? Тэдэнд талархдагаа хэрхэн илэрхийлэх вэ?
1. Есүс ямар ямар бэлэг өгсөн бэ?
ЕСҮС шиг өгөөмөр хүн гэж байхгүй. Тэрбээр дэлхий дээр байхдаа гайхамшиг үйлдэх хүчээ голдуу хүмүүст туслахын тулд ашигладаг байсан (Лук 9:12–17). Бидний төлөө амиа өгсөн нь хамгийн том бэлэг юм (Ёох. 15:13). Амилснаасаа хойш одоо ч өгөөмөр хэвээрээ. Агуу хүчээрээ бидэнд зааж сурган, тайвшруулахыг Еховагаас гуйна гэсэн амлалтаа биелүүлсэн (Ёох. 14:16, 17; 16:13). Бас дэлхий даяар шавь бэлдэх ажил хийхэд хэрэгтэй бүхнийг цуглаанаар заадаг (Мат. 28:18–20).
2. Эфэс 4:7, 8-д бичсэн «бэлэг болгон өгсөн» хүмүүсийн тоонд хэн хэн ордог вэ?
2 Есүсийн өгсөн өөр нэг бэлгийн тухай бодъё. Тэрбээр тэнгэрт гарсныхаа дараа «хүмүүсийг бэлэг болгон өгсөн» гэж элч Паул бичжээ (Эфэс 4:7, 8-ыг уншина). Тэр хүмүүс хурлыг янз бүрийн аргаар дэмжихийг бас тайлбарласан (Эф. 1:22, 23; 4:11–13). Өнөөдөр энэ хүмүүсийн тоонд туслах үйлчлэгч, ахлагч, дүүрэг хариуцагч ордог. a Мэдээж тэд төгс бус, алдаа гаргадаг (Яак. 3:2). Гэхдээ Эзэн Есүс Христ тэднээр бидэнд туслуулдаг. Тэд бол бидэнд зориулсан бэлэг юм.
3. Үүргээ биелүүлж байгаа «бэлэг болгон өгсөн» хүмүүсийг бид хэрхэн дэмжихийг жишээгээр хэлнэ үү.
3 Есүс «бэлэг болгон өгсөн» хүмүүст хурлыг батжуулах үүрэг оноосон (Эф. 4:12). Харин энэ чухал үүргээ биелүүлэхэд нь бид бүгдээрээ тусалж чадна. Жишээгээр бодъё. Зарим маань цуглааны танхим барих ажилд гар бие оролцдог. Өөр зарим нь хоол унд бэлдэх, унаагаар үйлчлэх зэргээр энэ ажлыг дэмждэг. Үүнтэй адилаар бид туслах үйлчлэгч, ахлагч, дүүрэг хариуцагчийг үг яриа, үйл хэргээрээ дэмжиж чадна. Хичээнгүйлэн ажилладаг тэднийхээ ачаар хурлынхан ямар ач тус хүртдэг вэ? «Бэлэг болгон өгсөн» хүмүүст болон Есүст хэрхэн талархлаа илэрхийлэх вэ? Одоо эдгээр асуултыг ярилцъя.
ТУСЛАХ ҮЙЛЧЛЭГЧИД «ТУСАЛДАГ»
4. I зууны үед туслах үйлчлэгчид ямар ажил хийдэг байсан бэ?
4 I зууны үед зарим эрэгтэйг туслах үйлчлэгчээр томилдог байжээ (1 Тим. 3:8). Паул «тусалдаг ... хүмүүс» гэж бичсэн нь тэдний тухай хэлсэн бололтой (1 Кор. 12:28). Туслах үйлчлэгчид шаардлагатай олон ажил хийдгийн ачаар ахлагчид зааж сургах, хоньдыг хариулах үүргээ анхаарч чаддаг байв. Жишээ нь Судрыг хуулан бичих ажилд тусалж, хэрэгтэй материалыг нь худалдаж авдаг байсан байж болох юм.
5. Өнөөгийн туслах үйлчлэгчид ямар ажил хийдэг вэ?
5 Танай хурлын туслах үйлчлэгчид ямар ямар ажил хийдгийг бодоорой (1 Петр 4:10). Тэд хурлын санхүү болон дэлгэрүүлэх ажлын хэсгийг хариуцаж, ном хэвлэл захиалж, аудио/видео төхөөрөмж ажиллуулж, цуглааны үеэр зохицуулж, танхим засаж торддог. Эдгээр нь эмх журамтай байхад зайлшгүй хэрэгтэй (1 Кор. 14:40). Түүнчлэн «Амьдрал, үйл хэрэг цуглаан»-ы зарим хэсгийг удирддаг, нийтэд зориулсан илтгэл тавих нь ч бий. Мөн зарим нь бүлэг хариуцагчийн туслахаар томилогддог. Ахлагчид хоньчны эргэлт хийхдээ шаардлага хангасан туслах үйлчлэгчийг хааяа дагуулж явдаг.
6. Хичээл зүтгэлтэй туслах үйлчлэгчдэд бид яагаад талархдаг вэ?
6 Туслах үйлчлэгчдийн ачаар хурлынхан ямар ач тус хүртдэг вэ? Боливид амьдардаг Гэрч эмэгтэй Беберли: b «Туслах үйлчлэгчид олон ажил хийдэг тул дуу дуулж, хариулж, илтгэл сонсож, зураг болон видео үзэж цуглаанаас бүрэн ач тус хүртдэг. Бас тэд аюулгүй байдлыг маань хангадаг, цахимаар цуглаанд оролцогсдод тусалдаг. Цуглааны дараа цэвэрлэгээний ажилд манлайлан оролцож, хандивын мөнгө тоолж, ном хэвлэлийн хэсэгт ажилладаг. Би тэдэнд үнэхээр их талархдаг!» гэжээ. Колумбид амьдардаг, ахлагчаар үйлчилдэг нөхөртэй Лесли: «Нөхөрт минь туслах үйлчлэгчдийн тусламж маш их хэрэг болдог. Тэд байхгүй бол бүр ч завгүй байх байсан. Хичээл зүтгэлтэй, дуртайяа үйлчилдэг тэдэнд би их талархдаг» гэжээ. Та ч энэ хүмүүстэй санал нийлэх биз ээ (1 Тим. 3:13).
7. Туслах үйлчлэгчдэд хэрхэн талархах вэ? (Бас зургийг үзээрэй).
7 Туслах үйлчлэгчдэд бид баярладаг ч, Библид «үргэлж талархаж байхыг» уриалдаг (Кол. 3:15). Финландын нэг ахлагч Кшиштоф хэрхэн талархдагаа ийнхүү хэлсэн. «Би ил захидал, мессеж явуулдаг. Библийн зүйл эш татаж, бас тэднээс хэрхэн урам авснаа, юунд нь талархдагаа тодорхой бичдэг». Шинэ Каледонд амьдардаг Паскал Жаел хоёр туслах үйлчлэгчдийн төлөө залбирдаг байна. Паскал: «Сүүлийн үед бид туслах үйлчлэгчдийн төлөө байнга залбирч байгаа. Тэднийг өгсөнд нь талархаж, тэдэнтэй хамт байж, туслаарай гэж Еховагаас гуйдаг» гэжээ. Ехова ийм залбирлыг сонсоод хурлыг ивээдэг (2 Кор. 1:11).
АХЛАГЧИД «ТА НАРТАЙ МӨР ЗЭРЭГЦЭН НӨР ИХ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ»
8. Паул I зууны ахлагчдыг «нөр их хөдөлмөрлөдөг» гэж хэлсний учир юу вэ? (1 Тесалоник 5:12, 13).
8 I зууны ахлагчид хурлынхаа төлөө нөр их хөдөлмөрлөдөг байсан (1 Тесалоник 5:12, 13-ыг уншина; 1 Тим. 5:17). Тэд ахлагчдын зөвлөлөөр шийдвэр гаргах болон цуглаан хөтөлж хурлыг «удирддаг» байв. Бас хурлынхнаа хамгаалахын тулд хайрын сэтгэлээр, тодорхой «заавар зөвлөгөө өгч» байсан (1 Тес. 2:11, 12; 2 Тим. 4:2). Түүнчлэн гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангаж, тэднийгээ бат итгэлтэй, Бурхантай дотно байлгахын тулд нөр их хөдөлмөрлөсөн нь ойлгомжтой (1 Тим. 3:2, 4; Тит 1:6–9).
9. Өнөөгийн ахлагчдын ажил үүргээс хэлнэ үү.
9 Өнөөгийн ахлагчид ч завгүй хүмүүс. Тэд бол сайн мэдээ тунхаглагчид юм (2 Тим. 4:5). Идэвхтэй дэлгэрүүлж, хэсгийнхээ дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, хурлынхныгаа үр бүтээлтэй дэлгэрүүлдэг, заадаг болгохын тулд сургадаг. Бас тэд өршөөнгүй сэтгэлтэй, алагчлах үзэлгүй шүүгчид. Хэрэв Христийн дагалдагч хүн ноцтой нүгэл үйлдвэл Еховатай дахин сайн харьцаатай болоход нь туслахын тулд ахлагчид чадах бүхнээ хийдэг. Үүний зэрэгцээ хурлыг цэвэр ариун байлгахыг анхаардаг (1 Кор. 5:12, 13; Гал. 6:1). Юуны түрүүнд, тэд бол хоньчид билээ (1 Петр 5:1–3). Библийн үндэстэй сайтар бэлдсэн илтгэл тавьдаг, хурлын бүх хүнтэй сайн танилцахыг хичээдэг, хоньчны эргэлт хийдэг. Зарим нь цуглааны танхим барих болон засах ажилд оролцох, чуулган зохион байгуулахад туслах, Эмнэлэгтэй хамтран ажиллах хороо юм уу Өвчтөнд туслах бүлэгт үйлчлэх зэргээр өөр бусад үүрэг даалгавар биелүүлдэг. Ахлагчид бидний төлөө нөр их хөдөлмөрлөдөг!
10. Ажилч хичээнгүй ахлагчдадаа бид яагаад талархдаг вэ?
10 Хоньчид санаа тавина, бид ч «айхгүй, түгшихгүйг» Ехова зөгнөсөн (Иер. 23:4). Энэ үгийн үнэнийг Финландын Ёоханна гэдэг Гэрч эмэгтэй биеэрээ мэдэрсэн. Ээж нь хүнд өвдсөн үед ахлагч хэрхэн тусалсныг ийнхүү ярьжээ. «Өөрт ямар байгаагаа бусдад хэлэх хэцүү байсан. Харин сайн таньдаггүй нэг ахлагч яриаг минь тэвчээртэй сонсож, хамт залбирч, бас Ехова намайг хайрладгийг ойлгуулсан. Яг юу ярьсныг нь би санадаггүй ч, айхаа больсноо санадаг. Ехова надад яг хэрэгтэй үед туслахын тулд тэр ахлагчийг явуулсан гэж боддог». Танд хурлын ахлагчид хэрхэн тусалж байсан бэ?
11. Ахлагчдадаа хэрхэн талархлаа илэрхийлэх вэ? (Бас зургийг үзээрэй).
11 «Ажил хөдөлмөрийг нь үнэлж» талархдагаа ахлагчдад чин сэтгэлээсээ илэрхийлж байгаасай гэж Ехова хүсдэг (1 Тес. 5:12, 13). Мөн Финландад амьдардаг Хенриетта: «Ахлагчид бусдад дуртайяа тусалдаг гэдэг нь илүүдээ гарсан цаг хүчтэй юм уу ямар ч бэрхшээлгүй гэсэн үг биш. Би заримдаа “Та бол үнэхээр сайн ахлагч шүү. Үүнийг л хэлмээр байсан юм” гэж хэлдэг» хэмээн ярьжээ. Туркийн Гэрч эмэгтэй Сера: «Ахлагчдыг урагшилсаар байхад “түлш” буюу урам зориг хэрэгтэй. Тиймээс бид зурвас бичдэг, хоолонд урьдаг, хамт дэлгэрүүлдэг» гэжээ. Талархлаа илэрхийлэх юм сан гэж боддог ахлагч байна уу? Хэрхэн талархахаа бодоорой (1 Кор. 16:18).
ДҮҮРЭГ ХАРИУЦАГЧИД БАТЖУУЛДАГ
12. I зуунд хурлуудыг батжуулах ямар арга хэмжээ байсан бэ? (1 Тесалоник 2:7, 8).
12 Есүс Христ хуралд өөр аргаар үйлчлэх хүмүүсийг «бэлэг болгон өгсөн». Иерусалим дахь ахлагчид Есүсээр удирдуулан Паул, Барнаб болон өөр хүмүүсийг явуулын хариуцагчаар илгээсэн (Үйлс 11:22). Яагаад? Туслах үйлчлэгч, ахлагчийг томилсонтой адил шалтгаанаар буюу хурлыг батжуулахын тулд юм (Үйлс 15:40, 41). Тэд бусдад зааж, урамшуулахын тулд тав тухтай амьдралаа золиосолж, амиа ч өгөхөд бэлэн байжээ (1 Тесалоник 2:7, 8-ыг уншина).
13. Дүүрэг хариуцагчдын хийдэг ажлын заримыг хэлнэ үү.
13 Дүүрэг хариуцагчид тогтмол нүүж суудаг. Зарим нь дараагийн хуралдаа очихын тулд хэдэн зуун километр зам туулдаг. Долоо хоног бүр хэд хэдэн илтгэл тавьж, хоньчны эргэлт хийж, эхлэгчидтэй, бас ахлагчидтай уулзалт хийж, дэлгэрүүлэх ажлын цуглаан удирддаг. Дүүргийн болон бүсийн чуулган зохион байгуулж, олон илтгэл бэлдэж тавьдаг. Эхлэгчийн сургуульд багшилж, дүүргийн эхлэгчидтэй тусгай уулзалт хийдгээс гадна салбараас даалгасан, заримдаа яаралтай ажил гүйцэтгэдэг.
14. Зав чөлөөгүй ажилладаг дүүрэг хариуцагчдадаа бид яагаад талархдаг вэ?
14 Ийнхүү зав чөлөөгүй ажилладаг дүүрэг хариуцагчдаас хурлынхан ямар ач тус хүртдэг вэ? Туркийн нэг Гэрч эрэгтэй: «Эргэлт болох бүрд ах дүүстээ цаг заваа илүү их зориулах хүсэл бадардаг. Миний уулзсан олон дүүрэг хариуцагчаас хэн нь ч хэтэрхий завгүй юм уу надтай ярилцах хүсэлгүй гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаагүй» гэжээ. Дээр дурдсан Ёоханна дүүрэг хариуцагчтай дэлгэрүүлээд нэг ч айлын хүнтэй уулзаж чадаагүй. Тэрбээр: «Гэхдээ би тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Нүүж явсан хоёр эгчийгээ их үгүйлж байв. Дүүрэг хариуцагч намайг хайрын сэтгэлээр урамшуулж, одоо Еховад үйлчлэхэд гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх боломжгүй байж болох ч шинэ ертөнцөд тэдэнтэйгээ үүрд хамт байна гэдгийг ойлгуулсан» гэжээ. Олон дүүрэг хариуцагч итгэл нэгтнүүдийнхээ хайрыг ийнхүү татдаг (Үйлс 20:37—21:1).
15. а) 3 Ёохан 5–8-д бичсэнээр дүүрэг хариуцагчдад хэрхэн талархлаа илэрхийлэх вэ? б) Томилогдсон эрчүүдийн эхнэрүүдэд яагаад талархах учиртай вэ? Хэрхэн талархах вэ? ( «Эхнэрүүдийг нь санаарай» гэсэн хавсралтыг үзээрэй).
15 Хуралд ирсэн ах дүү нарт зочломтгой хандаж, «Бурханд таалагдахуйцаар үдэж гаргахыг» элч Ёохан Гаид уриалсан (3 Ёохан 5–8-ыг уншина). Бид дүүрэг хариуцагчийг хоолонд урьж энэ зөвлөгөөг хэрэгжүүлдэг. Бас эргэлтийн үеэр дэлгэрүүлэх ажилд оролцдог. Дээр дурдсан Лесли талархлаа өөрөөр илэрхийлдэг байна. Тэрбээр: «Тэдний хэрэгцээг хангаж өгнө үү гэж Еховад залбирдаг. Бас нөхөртэйгөө захиа бичин, эргэлтийн үеэр ямар ач тус хүртсэнээ дурддаг» гэжээ. Дүүрэг хариуцагчид онцгой хүмүүс биш гэдгийг санаарай. Заримдаа өвдөнө, санаа нь зовно, бүр сэтгэлээр унана. Таны өгсөн бяцхан бэлэг, сэтгэлийн үг дүүрэг хариуцагчийн залбирлын хариу ч байж мэднэ! (Сур. 12:25).
ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭХ ЭРЧҮҮД ХЭРЭГТЭЙ
16. Гэрч эрчүүд Сургаалт үгс 3:27-г бодонгоо өөрөөсөө юу гэж асууж болох вэ?
16 Дэлхий дахины хурлуудад хариуцлагатай үүрэг биелүүлэх эрчүүд хэрэгтэй байна. Баптисм хүртсэн та илүү хариуцлагатай үүрэг хүлээж чадах уу? (Сургаалт үгс 3:27-г уншина). Туслах үйлчлэгчийн шаардлага хангая гэж бодож байна уу? Ахлагч болоод ах дүүстээ үйлчлэх зорилго тавимаар байна уу? c Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурахын тулд ажил амьдралаа зохицуулах боломжтой юу? Энэ сургуульд сурснаар Есүсээр удирдуулан илүү үр бүтээлтэй үйлчлэх юм. Арай л шаардлага хангаагүй гэж бодож байвал Еховад залбираарай. Ямар ч үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд туслаач гэж агуу хүчийг нь гуйгаарай (Лук 11:13; Үйлс 20:28).
17. Хаан Есүс Христ маань хүмүүсийг «бэлэг болгон өгсөн» нь юуны баталгаа вэ?
17 Есүс хүмүүсийг «бэлэн болгон өгсөн» нь эцсийн энэ өдрүүдэд өөрөө удирдаж байгаагийн баталгаа юм (Мат. 28:20). Бидэнд юу хэрэгтэйг мэдээд шаардлага хангасан эрчүүдийг өгдөг, халуун хайр болон өгөөмөр сэтгэлтэй Хаандаа та талархдаг биз дээ? Тиймээс боломж бүрийг ашиглан ажилч хичээнгүй тэр эрчүүдэд талархлаа илэрхийлээрэй. Мөн «сайн, төгс бэлэг бүхнийг» өгдөг Еховадаа талархаарай (Яак. 1:17).
ДУУ 31 Бид бол Еховагийн Гэрч!
a Удирдах Зөвлөлийн гишүүд, тэдний туслахууд, Салбарын хорооны гишүүд болон өөр үүрэг даалгавар биелүүлдэг ахлагчид ч «бэлэг болгон өгсөн» хүмүүс юм.
b Зарим нэрийг өөрчлөв.
c Туслах үйлчлэгч, ахлагч болох зорилгоо хэрхэн биелүүлэх талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2024 оны 11-р сарын дугаарт гарсан «Гэрч эрчүүд ээ, та нар туслах үйлчлэгч болохыг зорьж байна уу?», «Гэрч эрчүүд ээ, та нар ахлагч болохыг зорьж байна уу?» өгүүллүүдийг уншаарай.