СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 40
ДУУ 51 Бид Еховад үнэнч
Ехова «эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагаадаг»
«Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, тэдний шархыг боодог» (ДУУ. 147:3).
ГОЛ САНАА
Сэтгэлийн шархтай хүмүүсийг Ехова анхаарч, санаа тавьдаг. Тэрбээр бидний зовлонг нимгэлж, бас бусдыг тайвшруулахад маань хэрхэн тусалдгийг энэ өгүүллээр үзнэ.
1. Ехова үйлчлэгчдээ хараад яадаг вэ?
ЕХОВА дэлхий дэх үйлчлэгчдийнхээ юу туулж явааг бүгдийг нь хардаг. Баяр хөөртэй байгааг ч, зовж шаналж байгааг ч анзаардаг (Дуу. 37:18). Сэтгэлийн зовлонтой ч өөрт нь үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийдгийг хараад ямар их баярладаг бол оо! Баярлаад зогсохгүй тусалж, тайвшруулахыг чин сэтгэлээсээ хүсдэг.
2. Ехова шаналсан хүнийг яадаг вэ? Бид хайр халамжийг нь хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?
2 Ехова шаналсан хүмүүсийн «шархыг боодог» гэж Дуулал 147:3-т бий. Энд сэтгэлийн шархтай хүмүүсийг анхаарч халамжилдгийг нь дүрсэлжээ. Хайр халамжийг нь хүртье гэвэл бид яах хэрэгтэй вэ? Жишээ татъя. Бэртэж гэмтсэн хүнд чадварлаг эмч хэрэгтэй. Эмчилгээнийх нь үр дүнг үзье гэвэл эмчийнхээ зааврыг сайтар дагах шаардлагатай. Ехова сэтгэлийн шархтай хүнийг Библи дэх үгээрээ тайвшруулдгийг болон хайрын сэтгэлээр өгдөг зөвлөгөөг нь хэрхэн хэрэгжүүлэхийг энэ өгүүллээр үзнэ.
ЕХОВА БИДНИЙГ ЭРХЭМЛЭН ХАЙРЛАДАГ
3. Зарим хүн яагаад өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог вэ?
3 Хүмүүс бие биеэ огт хайрлахаа больжээ. Тиймээс олон хүн өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог нь үнэхээр харамсалтай. Хелен a гэдэг Гэрч эмэгтэй: «Би ямар ч хайр амсалгүй өссөн. Аав маань биднийг зоддог, хэнд ч хэрэггүй гэж аашлан зандардаг байв» гэжээ. Зүй бусаар харьцах, шүүмжлэх, шоовдорлох зэрэг зовлонг та ч амссан байж магадгүй. Хэрэв тийм бол таныг чин сэтгэлээсээ хайрладаг хэн нэгэн байдаг гэдэгт итгэх бэрх байж болох юм.
4. Дуулал 34:18 Еховагийн талаар юу хэлдэг вэ?
4 Бусад хүн зүй бус харьцсан ч Ехова таныг хайрладаг, маш их эрхэмлэдэгт итгээрэй. Тэрбээр «сэтгэлийн шархтай хүмүүст ойрхон байдаг» (Дуулал 34:18-ыг уншина). b Хэрэв «сэтгэлээр унавал» Ехова таны зүрх сэтгэл дэх сайн юмыг хараад өөртөө татсан гэдгийг санаарай (Ёох. 6:44). Ехова таныг эрхэмд үздэг учир туслахад үргэлж бэлэн байдаг.
5. Бусдад дорд үзэгддэг хүмүүст Есүс хэрхэн хандсанаас бид юу мэдэж авах вэ?
5 Бид Есүсийн жишээг эргэцүүлэн бодвол Еховагийн сэтгэл мэдрэмжийг ойлгож авна. Есүс дэлхийд байхдаа бусдын дорд үздэг хүмүүсийг анхаарч, өрөвч сэтгэлээ илэрхийлдэг байсан (Мат. 9:9–12). Шаналгаат өвчтэй нэг эмэгтэй эдгэнэ гэж найдан хувцсанд нь хүрэхэд Есүс тайвшруулж, итгэлтэйг нь магтсан (Марк 5:25–34). Тэрбээр Эцгийнхээ зан чанарыг төгс дуурайсан (Ёох. 14:9). Тэгэхээр Ехова таныг эрхэмд үздэгт, бас өөрт нь итгэх итгэл, өөрийг нь гэсэн хайр зэрэг сайхан чанаруудыг тань мэддэгт итгээрэй.
6. Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж бодож явдаг бол яах вэ?
6 Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэсэн бодлоосоо салж чадахгүй бол яах вэ? Ехова таныг эрхэмд үздэгийг батлах Библийн зүйлүүдийг уншиж, эргэцүүлэн бодоорой (Дуу. 94:19). c Зорилгоо биелүүлж чадаагүй юм уу бусадтай адил их юм хийж чадахгүйгээсээ болоод сэтгэлээр унавал өөртөө бүү хатуурхаарай. Ехова хэрээс хэтэрсэн юм шаарддаггүй (Дуу. 103:13, 14). Хэрэв та хүчирхийлэлд өртөж байсан бол өөрийгөө буруутгах хэрэггүй. Та ямар ч буруугүй! Ехова хохирсон хүнтэй биш буруутантай хариуцлага тооцдогийг санаарай (1 Петр 3:12). Хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөн Сандра: «Та намайг яаж хардгийн адилаар өөрийгөө яг тэгж харахад минь туслаач гэж Еховагаас дандаа гуйдаг» гэжээ.
7. Та амьдралын хатуу хүтүүг үзсэн ч, энэ нь ямар тустай байж болох вэ?
7 Ехова танаар хэн нэгэнд туслуулна гэдэгт бүү эргэлзээрэй. Тэрбээр өөртэй нь хамт дэлгэрүүлэх завшааныг танд өгсөн (1 Кор. 3:9). Бас амьдралын хатуу хүтүүг үзсэн та зовж шаналж буй хүмүүсийг илүү сайн ойлгох тул тэдний төлөө ихийг хийж чадна. Дээр дурдсан Хелен бусдаас тусламж авдаг байсан, харин одоо өөрөө тусалдаг болсон. Тэрбээр: «Ехова “хэн ч биш” байсан намайг бусдын хайрладаг, хэрэгтэй хүн болгосон» гэжээ. Одоо байнгын эхлэгчээр баяртай үйлчилж байна.
УУЧИЛСНЫГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ
8. Исаиа 1:18-д ямар баталгаа байгаа вэ?
8 Еховагийн зарим үйлчлэгч баптисм хүртэхээсээ өмнө нь юм уу дараа нь үйлдсэн нүглээсээ болж шаналж явдаг. Гэхдээ Ехова биднийг маш их хайрладаг учраас золиос өгснийг санах учиртай. Тэрбээр энэ бэлгийг хүлээж аваасай гэж хүсдэг. Өөртэй нь «хэлэлцэх» d буюу асуудлыг шийдсэний дараа нүглийг маань бүрмөсөн уучлахаа батлан хэлдэг (Исаиа 1:18-ыг уншина). Гаргасан алдааг огт санадаггүй гэхээр үнэхээр хайрын сэтгэлтэй Бурхан байгаа биз? Тийм атлаа бидний сайн үйлсийг хэзээ ч мартдаггүй (Дуу. 103:9, 12; Евр. 6:10).
9. Яагаад өнгөрснөө бус, одоо болон ирээдүйг анхаарахыг хичээх хэрэгтэй вэ?
9 Өмнөх буруу үйлдлээсээ болж шаналж явдаг бол одоо юу хийж байгаа болон ирээдүйд юу хийж чадахаа анхаарахыг хичээгээрэй. Элч Паулын тухай бодъё. Христийн дагалдагчдыг харгис ширүүн хавчиж явсандаа харамсдаг ч Ехова уучилсныг бас ойлгож байв (1 Тим. 1:12–15). Өнгөрснөө бодоод л явсан уу? Үгүй. Иудейн нийгэмд амжилт олох тухай бодохоо больсон шиг өнгөрснөө бодохоо больсон нь эргэлзээгүй (Флп. 3:4–8, 13–15). Харин идэвх зүтгэлтэй дэлгэрүүлж, ирээдүйг анхаарсан. Паулын адилаар та өнгөрснөө өөрчилж чадахгүй. Гэхдээ одоо Еховаг алдаршуулж, сайшаалыг нь хүртэж, амласан сайхан ирээдүйг нь анхаарах боломжтой.
10. Урьд нь хэн нэгнийг хохироосон бол яах вэ?
10 Хэн нэгнийг хохироосондоо та сэтгэл зовж явдаг байж болох юм. Тэгвэл яах вэ? Тэр хүний төлөө сайныг үйлдэхийг хичээгээрэй. Мөн чин сэтгэлээсээ уучлалт гуйгаарай (2 Кор. 7:11). Түүнд туслаач гэж Еховад залбираарай. Цаашид ч өөрт нь үйлчилсээр байхад Ехова та хоёрт тусалж, амар тайвныг өгнө.
11. Зөнч Ионагаас юу сурах вэ? (Бас зургийг үзээрэй).
11 Алдаанаасаа сургамж авч, Еховагийн хий гэснийг дуртайяа хийгээрэй. Зөнч Ионагийн тухай бодоод үз дээ. Бурхны тушаалаар Ниневе явах ёстой байтал огт өөр зүг рүү зугтдаг. Ехова түүнийг сахилгажуулж, тэрбээр ч алдаанаасаа сургамж авсан (Иона 1:1–4, 15–17; 2:7–10). Бурхан зөнч байхыг нь болиулаагүй. Харин Ниневе явах даалгаврыг дахин өгсөн. Энэ удаа Иона даалгавраа шууд биелүүлсэн. Алдаа гаргаад харамссан ч Еховагийн хий гэснийг хийсэн (Иона 3:1–3).
АГУУ ХҮЧЭЭРЭЭ ТАЙВШРУУЛДАГ
12. Сэтгэл шархалсан юм уу дотнын хүнээсээ хагацсан биднийг Ехова хэрхэн тайвшруулдаг вэ? (Филиппой 4:6, 7).
12 Сэтгэл шархалсан юм уу дотнын хүнээсээ хагацсан биднийг Ехова агуу хүчээрээ тайвшруулдаг. Рон Карол хоёрт юу тохиолдсоныг ярилцъя. Хайртай хүү нь амиа хорложээ. Тэд: «Өмнө нь тулгарсан өчнөөн бэрхшээлийг энэ явдалтай харьцуулах аргагүй. Бид олон шөнө нойргүй хонохдоо залбираад л байсан. Эцэст нь Филиппой 4:6, 7-д бичсэн амар тайвныг үнэхээр мэдэрсэн дээ» гэжээ (уншина). Хэрэв танд ийм хэцүү юм тохиолдож байгаа бол Еховад сэтгэлээ уудлаарай. Хэр олон удаа ч, хэчнээн удаан ч залбирч болно (Дуу. 86:3; 88:1). Агуу хүчийг нь дахин дахин гуйгаарай. Ехова гуйлтыг тань заавал сонсоно (Лук 11:9–13).
13. Үнэнч үйлчилсээр байхад тань Ехова агуу хүчээрээ хэрхэн туслах вэ? (Эфэс 3:16).
13 Зовж шаналснаасаа болж ямар ч тэнхэлгүй болсон үе танд байсан уу? Ийм үед үнэнч үйлчилсээр байхад тань Ехова агуу хүчээрээ тусалж тэнхрүүлнэ (Эфэс 3:16-г уншина). Флора гэдэг Гэрч эмэгтэйд юу тохиолдсоныг ярилцъя. Нөхөртэйгөө хоёулаа миссионероор үйлчилж байжээ. Гэтэл нөхөр нь завхайрч, тэд салцгаав. Тэрбээр: «Би үнэхээр их шаналж, юу ч бодох тэнхэлгүй болсон. Тэвчихийн тулд Еховагаас агуу хүч гуйсан. Тэрбээр намайг тайвшруулсан. Дааж давшгүй мэт санагдаж байсан бэрхшээлийг давах хүч тэнхээ хайрласан» гэжээ. Бурхан итгэлийг нь батжуулж байгааг мэдэрч, зовж шаналсан үед нь тусалж дэмжинэ гэдгийг Флора ойлгожээ. Бас Дуулал 119:32-т бичсэнийг биеэрээ мэдэрснээ ярьсан. Тэнд «Та зүрхийг минь уужруулах учир Би Таны тушаалуудын замаар гүйх болно» гэжээ.
14. Бурхны агуу хүчийг авахын тулд яах вэ?
14 Бурхнаас агуу хүч гуйсны дараа яах нь зүйтэй вэ? Агуу хүч авахад тустай үйл хэрэгт оролцоорой. Жишээ нь цуглаанд явах, дэлгэрүүлэх. Бас Библийг өдөр бүр уншиж, Еховагийнх шиг үзэл бодолтой болоорой (Флп. 4:8, 9). Ингэхдээ олон бэрхшээл туулсан Библийн баатруудыг анхаарч, тэсвэр хатуужилтай байхад нь Ехова хэрхэн тусалсныг эргэцүүлэн бодоорой. Дээр дурдсан Сандрад хэд хэдэн хүнд сорилт учирсан. Тэрбээр: «Иосефт тохиолдсон явдал надад урамтай санагдсан. Түүнд сорилт, шударга бус явдал тулгарсан ч Еховатай тогтоосон харьцаанд нь нөлөөлөөгүй» гэжээ (Эх. 39:21–23).
ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭР ДАМЖУУЛАН ТАЙВШРУУЛДАГ
15. Биднийг хэн, хэрхэн тайвшруулдаг вэ? (Бас зургийг үзээрэй).
15 Зовлон учрахад итгэл нэгтнүүд маань «асар ихээр тайвшруулдаг» (Кол. 4:11). Ийнхүү Ехова бидэнд хайртайгаа мэдрүүлдэг. Тэд биднийг чин сэтгэлээсээ сонсох юм уу хажууд маань байж тайвшруулдаг. Библийн зүйлээр урамшуулж, хамт залбирдаг (Ром 15:4). e Шаардлагатай үед Еховагийн үзэл бодлыг сануулж, үүний ачаар бид сорилтыг тэвчиж чаддаг. Түүнчлэн ах дүүс маань хүнд хэцүү цагт хоол хүнс авчирч өгөх зэрэг бодитой тусламж үзүүлдэг.
16. Бусдаас тусламж авахын тулд яах хэрэгтэй байж болох вэ?
16 Ах дүүгээсээ тусламж авъя гэвэл хэлэх хэрэгтэй байж мэднэ. Тэд маань биднийг хайрладаг, бас туслахыг хүсдэг (Сур. 17:17). Гэхдээ ямар хэцүү байгаагаа, юу хэрэгтэй байгаагаа бид хэлэхгүй бол тэд мэдэхгүй байж болох шүү дээ (Сур. 14:10). Тиймээс үүнийгээ төлөвшсөн найздаа хэлээрэй. Мөн харьцахад амар санагддаг 1 юм уу 2 ахлагчид хандаж болох юм. Зарим Гэрч эмэгтэй төлөвшсөн Гэрч эмэгтэйтэй ярилцаад тайвширдаг байна.
17. Юунаас болж бусдаас урам зориг авах боломжоо алдаж магадгүй вэ? Хэрхэн давах вэ?
17 Ганцаараа байхаас зайлсхийгээрэй. Сэтгэлийн шаналлаасаа болж бусадтай харьцмааргүй санагдаж болох юм. Зарим итгэл нэгтэн тань таныг буруу ойлгох юм уу гомдоох үг хэлчихэж магадгүй (Яак. 3:2). Үүнээс болж бусдаас урам зориг авах боломжоо бүү алдаарай. Сэтгэл гутралд орсон Гавин гэдэг ахлагч: «Ихэнхдээ найзуудтайгаа харьцмааргүй санагддаг» гэжээ. Гэсэн ч зориуд хүчилж байгаад тэдэнтэйгээ уулзахаар сэтгэл гутрах нь гайгүй болдгоо мэдэрдэг ажээ. Эми гэдэг Гэрч эмэгтэй: «Өмнө нь болсон явдлаас болоод хүнд итгэх хэцүү байдаг. Гэхдээ ах дүүсээ Ехова шиг хайрлаж, тэдэндээ итгэхийг хичээж байгаа. Энэ нь Еховаг баярлуулдгийг би ойлгодог. Тиймээс өөрөө ч жаргалтай байдаг» гэжээ.
ИРЭЭДҮЙН АМЛАЛТ НЬ ТАЙВШРУУЛДАГ
18. Бид юуг хүсэн хүлээдэг вэ? Одоо яах нь зүйтэй вэ?
18 Ехова удахгүй бие махбод болон сэтгэл санааны бүх өвчнөөс эдгээхийг мэддэг бид ирээдүйгээ итгэлтэй хардаг (Илч. 21:3, 4). Туулсан зовлон маань тэр үед «бодол санаанд ч үл бууна» (Ис. 65:17). Энэ өгүүллээр үзсэнчлэн Ехова одоо ч «шархыг [маань] боодог». Биднийг тайвшруулахын тулд Еховагийн өгдөг бүх тусламжийг хүлээж аваарай. «Тэр та нарт санаа тавьдаг» гэдэгт хэзээ ч, бүр нэг хором ч бүү эргэлзээрэй (1 Петр 5:7).
ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал
a Нэрсийг өөрчлөв.
b Дуулал 34:18 (ШЕ): «Ехова сэтгэлийн шархтай хүмүүст ойрхон байдаг. Тэрбээр сэтгэлээр унасан хүмүүсийг авардаг».
c «Ехова таныг эрхэмд үздэг» гэсэн хавсралтыг үзээрэй.
d Еховатай «хэлэлцье» гэвэл түүнээс уучлалт гуйн, буруу юм хийхээ больж, гэмшиж байгаагаа батлах хэрэгтэй. Хэрэв ноцтой нүгэл үйлдсэн бол мөн хурлын ахлагчдаас тусламж авах шаардлагатай (Яак. 5:14, 15).
e Жишээлбэл «Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх нь» номын «Сэтгэл түгших», «Тайвшрал» гарчиг доорх Библийн зүйлүүдийг үзээрэй.