Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Соломоны барьсан сүмийн үүдний танхим хэр өндөр байсан бэ?

Сүмийн энэхүү үүдний танхимаар дамжин Ариун газар луу ордог. 2023 оноос өмнө хэвлэгдсэн Библийн «Шинэ ертөнц» орчуулгад «Урдах үүдний танхим нь өргөөний өргөнтэй адил буюу 20 тохой, өндөр нь 120 тохой байв» гэж бичжээ (Ш.дэд 3:4). Өөр орчуулгад ч үүдний танхимын өндрийг «120 тохой» (53 метр) гэж тэмдэглэжээ!

Гэхдээ 2023 онд хэвлэгдсэн «Шинэ ертөнц» орчуулгад Соломоны сүмийн үүдний танхим «20 тохой» (9 метр) өндөр гэжээ. a Ингэж өөрчлөх болсон хэдэн шалтгааныг үзье.

Хаадын дээд 6:3-т үүдний танхимын өндрийг бичээгүй. Иеремиа энд үүдний танхимын урт болон өргөн ямар хэмжээтэй байсныг тэмдэглэсэн ч өндрийн талаар бичээгүй. Дараагийн бүлэгт сүмтэй хамаатай бусад зүйл, тухайлбал цутгамал тэнгис, 10 тавиур буюу тэрэг, үүдний гадна хэсэгт байсан хос зэс баганын онцлогуудыг дэлгэрэнгүй бичсэн байдаг (Х.дээд 7:15–37). Хэрэв үүдний танхимын өндөр 50 метрээс илүү бөгөөд сүмийн бусад танхимаас өндөр байсан бол Иеремиа яагаад энэ тухай дурдаагүй вэ? Хэдэн зууны дараа ч иудейн түүхчид үүдний танхим бусад танхимаас өндөр байгаагүйг тэмдэглэсэн байдаг.

Судлаачид 120 тохой өндөр үүдний танхимыг сүмийн хананууд дааж тэсвэрлэнэ гэдэгт эргэлздэг. Египетийн сүмийн том хаалга зэрэг чулуу, тоосгоор барьсан эртний өндөр барилга нь маш урт, өргөн суурьтай ба хана нь дээшээгээ нарийсдаг. Гэхдээ Соломоны сүм өөр байсан. Хананых нь зузаан хамгийн ихдээ 6 тохой буюу 2,7 метр гэж судлаачид үздэг. Олдвор судлаач, түүхч Теодор Бусинк: «Хананы зузааныг бодвол [сүмийн] үүдний танхим 120 тохой [өндөр] байх боломжгүй» гэж дүгнэжээ.

Шастирын дэд 3:4-ийг алдаатай хуулсан байж магадгүй. Эртний зарим гар бичмэлийн энэ зүйлд «120» гэж байдаг ч, V зууны Александрын кодекс, VI зууны Амбросианы кодекс зэрэг найдвартай эх бичвэрүүдэд «20 тохой» гэж бичжээ. «120» гэж алдаатай бичсэн байж болохын учир юу вэ? Еврейгээр «зуу», «тохой» гэсэн үгс төстэй бичигддэг ажээ. Тэгэхээр бичээч «тохой» гэхийн оронд «зуу» гэж бичсэн байж болох юм.

Бид дээрх нарийн ширийн зүйлийг ойлгож, Соломоны сүмийг үнэн зөвөөр дүрслэхийг хичээдгийн зэрэгцээ, гол нь бэлгэдлийн агуу сүмийн үлгэр загвар учраас анхаарлаа хандуулдаг. Ехова өөрийг нь шүтдэг бүх үйлчлэгчээ энэ сүмдээ урьдагт үнэхээр талархмаар байгаа биз? (Евр. 9:11–14; Илч. 3:12; 7:9–17).

a Зүүлтэд «Эртний зарим гар бичмэлд “120” гэж бичсэн байдаг ч өөр зарим бичвэр болон орчуулгад “20 тохой” гэж байдаг» хэмээн тайлбарлажээ.