Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 47

ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»

Гэрч эрчүүд ээ, та нар ахлагч болохыг зорьж байна уу?

Гэрч эрчүүд ээ, та нар ахлагч болохыг зорьж байна уу?

«Хэрэв хүн ахлагч болохыг зорьдог бол сайн ажлыг хүсэж байгаа хэрэг» (1 ТИМ. 3:1).

ГОЛ САНАА

Ахлагчаар үйлчлэх хүний хангах ёстой Библид үндэслэн шаардлагуудыг үзнэ.

1, 2. Ахлагч хүн ямар «сайн ажил» хийдэг вэ?

 ТА ТУСЛАХ үйлчлэгч бол ахлагч хүнд тавигдах шаардлагуудыг хангахыг хичээж байгаа байх. Та энэ «сайн ажлыг» хийхийг зорьж байна уу? (1 Тим. 3:1).

2 Ахлагч хүн ямар ажил хийдэг вэ? Дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцдог. Хоньдыг хариулж, тэдэнд заахын тулд хичээл зүтгэл гаргадаг. Үг яриа, үлгэр жишээгээрээ хурлынхнаа батжуулдаг. Библид хичээнгүйлэн үйлчилдэг ахлагчдыг «бэлэг» гэсэн нь тун оножээ (Эф. 4:8).

3. Хэрхэн ахлагч болох вэ? (1 Тимот 3:1–7; Тит 1:5–9).

3 Хэрхэн ахлагч болох вэ? Ур чадвартай гээд ахлагч болгочихдоггүй. Тодорхой нэг ажилд оръё гэвэл шаардлагатай ур чадвартай л байх ёстой. Харин ахлагч болъё гэвэл зөвхөн дэлгэрүүлэх, заах чадвартай байх нь хангалтгүй. 1 Тимот 3:1–7 болон Тит 1:5–9 бичсэн шаардлагуудыг хангах хэрэгтэй (уншина). Ахлагч болох хүн хурал дотор ч, гадна ч нэр хүндтэй байх, өрхийн сайн тэргүүн байх, хурлынхандаа дуртайяа үйлчлэх гэсэн 3 хүрээнд ямар шаардлага хангах ёстойг энэ өгүүллээр ярилцъя.

НЭР ХҮНДТЭЙ БАЙХ

4. «Гэм зэмгүй» гэдэг нь юу гэсэн үг вэ?

4 Ахлагч болохын тулд «гэм зэмгүй» байх ёстой. Энэ нь зэмлээд байхааргүй биеэ зөв авч явдаг учир хурлынхандаа нэр хүндтэй байна гэсэн үг. Түүнчлэн «хурлын гишүүн биш хүмүүсийн дунд ч нэр хүндтэй байх» ёстой. Итгэгч бус хүмүүс итгэл үнэмшлийнх нь талаар шүүмжилж болох ч үнэнч шударга, биеэ зөв авч явдагт нь эргэлздэггүй байх учиртай (Дан. 6:4, 5). Өөрөөсөө «Би хурлынхандаа ч, итгэгч бус хүмүүсийн дунд ч нэр хүндтэй юү?» гэж асуугаарай.

5. «Сайнд дуртай» хүн ямар байдаг вэ?

5 «Сайнд дуртай» хүн бусдын сайныг олж хардаг, сайхан зан чанарыг нь хэлж магтдаг. Мөн бусдын төлөө сайныг үйлдэж, бүр гуйгаагүй юмыг нь хийж өгөөд жаргалтай байдаг (1 Тес. 2:8; Тит 1:8). Ахлагч хүн ийм байх нь яагаад чухал вэ? Яагаад гэвэл ахлагчид үүрэг даалгавраа биелүүлж, хурлынхандаа санаа тавихад их цаг зориулдаг (1 Петр 5:1–3). Гэхдээ ямар ч золиос гаргасан бай бусдад үйлчлэхийн баяр жаргал хавьгүй илүү (Үйлс 20:35).

6. Хэрхэн «зочломтгой» байх вэ? (Еврей 13:2, 16; бас зургийг үзээрэй).

6 Бусдад, бүр дотно биш хүмүүст ч сайныг үйлдвэл «зочломтгой» гэдгээ харуулна (1 Петр 4:9). Нэг номд зочломтгой хүний тухай «Гэрийнх нь ч, зүрх сэтгэлийнх нь ч хаалга танихгүй хүмүүст нээлттэй байдаг» гэжээ. Та өөрөөсөө «Хүмүүс намайг цуглаанд ирсэн хүмүүст зочломтгой ханддагаар минь мэдэх үү?» гэж асуугаарай (Еврей 13:2, 16-г уншина). Зочломтгой хүн хуралд нь зочилж байгаа дүүрэг хариуцагч, зочин илтгэгч зэрэг нөр их хөдөлмөрлөдөг хүнд ч, мөн ядуу дорой хүнд ч сайхан сэтгэлээр ханддаг (Эх. 18:2–8; Сур. 3:27; Лук 14:13, 14; Үйлс 16:15; Ром 12:13).

Зочломтгой эхнэр нөхөр хоёр, дүүрэг хариуцагч болон эхнэрийг нь гэртээ түр байлгахаар болжээ (6-р догол мөрийг үзээрэй)


7. «Мөнгөнд дурладаггүй» хүн яадаг вэ?

7 «Мөнгөнд дурладаггүй». Ийм хүн эд хөрөнгийг л анхаараад байдаггүй. Баян ч бай, ядуу ч бай Хаант төрийн үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг (Мат. 6:33). Цаг хүч, эд хөрөнгөө Еховаг шүтэх, гэр бүлээ тэжээх, хурлынхандаа үйлчлэхэд зориулдаг (Мат. 6:24; 1 Ёох. 2:15–17). Та өөрөөсөө «Би мөнгийг хэр их чухалчилдаг вэ? Зайлшгүй хэрэгцээтэй юм байгаадаа сэтгэл хангалуун байдаг уу? Эсвэл их мөнгөтэй, хөрөнгө чинээтэй болохыг боддог уу?» гэж асуугаарай (1 Тим. 6:6, 17–19).

8. «Биеэ барьдаг», «биеэ захирдаг» хүн ямар байдаг вэ?

8 «Биеэ барьдаг», «биеэ захирдаг» хүн амьдралынхаа бүх хүрээнд дүн нуруу алддаггүй. Жишээлбэл идэж уух, зугаацаж цэнгэхдээ хэтрүүлдэггүй, өмсөж зүүхдээ туйлширдаггүй. Энэ ертөнцийнхний амьдралын хэв маягийг даган дуурайдаггүй (Лук 21:34; Яак. 4:4). Хүмүүс муугаар хандсан ч хүлээцтэй байж чаддаг. Бас «архичин биш», их уудаг гэж хэлэгддэггүй. Та өөрөөсөө «Амьдралын минь хэв маягаас биеэ барьдаг, захирдаг нь харагддаг уу?» гэж асуугаарай.

9. Ямар хүнийг «ухаалаг», «эмх журамтай» гэх вэ?

9 «Ухаалаг» хүн амьдралын ямар ч хүрээнд Библийн зарчмыг удирдлага болгодог. Ингэхдээ зарчмуудыг сайтар эргэцүүлэн бодож, яахаа мэдэж авдаг. Яаран дүгнэлт гаргахын оронд шаардлагатай бүх мэдээлэлтэй болсноо магадалдаг (Сур. 18:13). Ийнхүү Еховагийн үзэл бодолд нийцсэн зөв шийдвэр гаргана. «Эмх журамтай» хүн хувийн зохион байгуулалт сайтай, цаг барьдаг. Удирдлага зааврыг дагадаг, найдвартай гэдгээрээ бусдад танигддаг. Дээрх шаардлагуудыг хангадаг хүн нэр хүндтэй байна. Одоо, сайн жишээ үзүүлдэг өрхийн тэргүүн ямар шаардлагуудыг хангах ёстойг ярилцъя.

ӨРХИЙН САЙН ТЭРГҮҮН БАЙХ

10. Хэрхэн «өрхийн сайн тэргүүн байх» вэ?

10 Нөхөр хүн ахлагч болохыг зорьдог бол гэрийнхэн нь ч сайн үлгэр дуурайл үзүүлдэг байх хэрэгтэй. Тиймээс тэрбээр «өрхийн сайн тэргүүн байх» ёстой. Өөрөөр хэлбэл хайр халамжтай, хариуцлагатай тэргүүн гэдгээрээ танигдах учиртай. Ийм хүн шүтлэгтэй холбоотой бүх үйл хэрэгт манлайлан оролцдог. Энэ нь яагаад маш чухал вэ? Элч Паул: «Өрх гэрээ яаж тэргүүлэхээ мэддэггүй хүн Бурхны хурлыг хэрхэн халамжлах билээ?» гэжээ (1 Тим. 3:5).

11, 12. Ахлагчийн шаардлага хангахад хүүхдийнх нь биеэ авч явах байдал хамаатай гэхийн учир юу вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Эцэг хүн ахлагч болохыг зорьж байгаа бол насанд хүрээгүй хүүхэд нь «дуулгавартай, хүмүүжилтэй» байх нь чухал. Тиймээс тэдэндээ хайрын сэтгэлээр зааж сургадаг. Хүүхэд л юм чинь инээж хөхрөх, тоглож наадах дуртай байх нь ойлгомжтой. Гэхдээ та сайн хүмүүжүүлбэл дуулгавартай, бусдыг хүндэлдэг, биеэ зөв авч явдаг болно. Бас Еховатай дотносож, Библийн зарчмыг хэрэгжүүлж, баптисм хүртэх зорилгоо биелүүлэхийг хичээхэд нь тусалж чадах бүхнээ хийх хэрэгтэй.

12 «Үр хүүхэд нь Бурханд итгэдэг байх ёстой. Харин хүмүүжилгүй, тэрслүү гэсэн муу нэртэй байж болохгүй». Хэрэв хамт амьдардаг хүүхэд нь ноцтой нүгэл үйлдвэл аавынх нь тухайд юу хэлэх вэ? Хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ хайнга хандаж байсан бол ахлагчаар үйлчлэх шаардлага хангаагүй байж мэдэх юм («Харуулын цамхаг» сэтгүүлийн 1996 оны 10-р сарын 15-ны дугаарын 21-р хуудасны 6, 7-р догол мөрийг (англи) үзээрэй).

Өрхийн тэргүүн хүн Ехова болон хурлынхандаа хэрхэн үйлчлэхийг хүүхдэдээ заадаг (11-р догол мөрийг үзээрэй)


ХУРЛЫНХАНДАА ҮЙЛЧЛЭХ

13. «Дөлгөөн», «дур зоргоороо аашилдаггүй» хүн яадаг вэ?

13 Христийн дагалдагчийн сайхан зан чанар илэрхийлдэг эрчүүд хуралд тустай. «Дөлгөөн» хүн хурлынхаа амар тайван байдалд хувь нэмэр оруулдаг. Дөлгөөн гэдгээрээ танигдахыг хүсвэл бусдыг сонсож, үзэл бодлыг нь ойлгохыг хичээгээрэй. Та ахлагч болоод ахлагчдын уулзалтад сууж байна гэж бодъё. Библийн хууль, зарчмыг зөрчөөгүй бол олонхын шийдвэрийг дэмжих үү? «Дур зоргоороо аашилдаггүй» хүн бүхнийг өөрийнхөөрөө хийнэ гэж зүтгэдэггүй. Бусдын санаа оноог сонсохын чухлыг ойлгодог (Эх. 13:8, 9; Сур. 15:22). Бас «хэрүүл хийдэггүй», «түргэн зангүй» байх ёстой. Хатуурхаж, зөрүүдлэхийн оронд зөөлөн, эвтэйхэн харьцдаг. Мөн «эв эеийг эрхэмлэдэг» хүн санаачилгатай байн хурцадмал байдлыг ч намжаадаг (Яак. 3:17, 18). Эелдэг үг нь бусдын, бүр эсэргүүцэгчдийн хандлагыг зөөлрүүлдэг (Шүү. 8:1–3; Сур. 20:3; 25:15; Мат. 5:23, 24).

14. «Саяхан дагалдагч болсон хүн» биш, «үнэнч» гэдгийг юу гэж ойлгох вэ?

14 «Саяхан дагалдагч болсон хүнийг» ахлагчаар томилдоггүй. Хэдийгээр баптисм хүртээд олон жил болсон байх шаардлагагүй ч төлөвштөл цаг хугацаа хэрэгтэй. Ахлагч болохоосоо өмнө Есүсийг дуурайн даруу байж, Еховагийн өгсөн ямар ч даалгаврыг баяр хөөртэй биелүүлээрэй. Ехова илүү хариуцлагатай үүрэг оноох хүртэл тэвчээртэй хүлээгээрэй (Мат. 20:23; Флп. 2:5–8). Еховагаас зуурч, зөв буруугийн хэм хэмжээ болон байгууллагаараа өгдөг удирдамжийг нь дагаж «үнэнчээ» батлаарай (1 Тим. 4:15).

15. Ахлагч уран илтгэгч байх ёстой юу? Тайлбарлана уу.

15 Ахлагч «заах чадвартай» байх ёстой гэж Библид тодорхой бий. Энэ нь уран илтгэгч байх ёстой гэсэн үг үү? Үгүй. Шаардлага хангасан олон ахлагч уран илтгэгч биш ч гэсэн Библийг чадварлаг ашиглан дэлгэрүүлж, хоньчны эргэлт хийхдээ ах дүүсээ урамшуулан зоригжуулж чаддаг (1 Коринт 12:28, 29 болон Эфэс 4:11-тэй харьцуулаарай). Гэхдээ заах чадвараа сайжруулахын тулд хичээсээр байх хэрэгтэй. Хэрхэн сайжруулах вэ?

16. Хэрхэн улам чадварлаг заадаг болох вэ? (Бас зургийг үзээрэй).

16 «Бурхны үнэн үгийг чанд баримталдаг». Улам чадварлаг заадаг болохын тулд бусдад зааж, зөвлөхдөө Бурхны Үгэнд үндэслээрэй. Ингэхдээ Библи болон байгууллагын ном хэвлэлийг нямбай судлах нь тустай (Сур. 15:28; 16:23). Судлахдаа Библийн зүйлийг хэрхэн зөв хэрэгжүүлэхийг анхаараарай. Бас заахдаа сонсогчдынхоо сэтгэлд хүрэхийг хичээгээрэй. Туршлагатай ахлагчдаас зөвлөгөө аваад хэрэгжүүлбэл улам чадварлаг болно (1 Тим. 5:17). Ахлагчид мөн «бусдыг урамшуулан зоригжуулж ... чаддаг» байх хэрэгтэй. Гэхдээ заримдаа зөвлөгөө өгөх, бүр «зэмлэх» хэрэг ч гардаг. Аль ч тохиолдолд сайхан сэтгэлээр хэлэх ёстой. Та Агуу Багш Есүсийг дуурайн эелдэг зөөлөн, хайр халамжтай байж, Бурхны Үгэнд үндэслэн заавал улам чадварлаг болно (Мат. 11:28–30; 2 Тим. 2:24).

Туслах үйлчлэгч Библиэс бусдад хэрхэн урам хайрлахыг туршлагатай ахлагчаас сурч байна. Мөн толины өмнө зогсоод илтгэл тавих дасгал хийж байна (16-р догол мөрийг үзээрэй)


ХИЧЭЭГЭЭД Л БАЙГААРАЙ

17. а) Хичээсээр байхад юу тустай вэ? б) Ахлагчид Гэрч эрэгтэйн нэрийг дэвшүүлэх талаар ярилцахдаа юуг санах учиртай вэ? ( «Шаардлага хангаж байгаа эсэхийг нь ярилцахдаа даруу байгаарай» гэсэн хавсралтыг үзээрэй).

17 Ахлагчаар үйлчлэх хүнд тавигддаг шаардлагуудыг ярилцлаа. Зарим туслах үйлчлэгчид эдгээрийг хэзээ ч хангаж чадахааргүй санагдаж болох юм. Гэхдээ Ехова ч, байгууллага нь ч төгс байхыг шаарддаггүйг анхаараарай (1 Петр 2:21). Бас Ехова агуу хүчээрээ тусална (Флп. 2:13). Та аль нэг зан чанараа улам сайжруулъя гэж бодож байна уу? Энэ талаараа Еховад залбираарай. Мөн судалгаа хийж, тухайн зан чанараа хэрхэн сайжруулах талаар ахлагчаас зөвлөгөө аваарай.

18. Туслах үйлчлэгчид яах нь зүйтэй вэ?

18 Бүгдээрээ, түүнчлэн ахлагчид ч энэ өгүүлэлд дурдсан зан чанаруудыг хөгжүүлсээр байцгаая (Флп. 3:16). Та туслах үйлчлэгч үү? Ах дүүстээ илүү тус дэм болохыг зориорой! Өөрт нь болон хурлынхандаа хэрэгтэй хүн болохыг зааж сургаач гэж Еховагаас гуйгаарай (Ис. 64:8). Ахлагч болох гэж хичээж байгаа таныг Ехова арвин ихээр ивээх болтугай!

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе