Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Дайн ба энхийн цагт Ехова бидэнд хүч, зориг хайрласан

Дайн ба энхийн цагт Ехова бидэнд хүч, зориг хайрласан

Пол: Эхнэр бид хоёрын сэтгэл маш их хөдөлж байлаа! 1985 оны 11-р сард бид миссионерын анхны томилолтоо аваад Баруун Африкийн Либери лүү нисэв. Онгоц маань Сенегалд түр буулаа. Анн: «Цаг гаруйхны дараа Либерид оччихсон байна» гэв. Тэгтэл «Либери хүрэх зорчигчид онгоцноос бууна уу. Төрийн эргэлтийн улмаас тэнд буух боломжгүй боллоо» гэж зарлалаа. Ингээд бид Сенегал дахь миссионеруудын гэрт 10 хонохдоо Либерид юу болж байгаа талаар мэдээ сонсож байв. Тэнд хүмүүсийг алж хороон, засгийн газар хөл хорио тогтоож, хөл хорио зөрчсөн хүмүүсийг буудаж байлаа.

Анн: Бид гэнэтийн явдалд дуртай хүмүүс биш л дээ. Үнэндээ би багаасаа «аймхай Анн» хочтой байлаа. Зам хөндлөн гарахдаа хүртэл айхыг яана! Харин тэр үед даалгавраа биелүүлэхээр бид сэтгэл шулуудсан байлаа.

Пол: Би Английн баруун хэсэгт, Анн манайхаас 8-хан километрийн зайтай газар төрсөн. Миний эцэг эх болон Аннын ээж эхлэгч болохыг байнга уриалдаг байсан тул хэн хэн маань дунд сургуулиа төгсөнгүүтээ эхлэгч болсон. Бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэй байгаад маань тэд их баярлаж билээ. Би 19-тэйгөөсөө Бетелд үйлчлэх завшаан эдлэх болж, хожим нь 1982 онд бид хоёр гэрлээд Анн Бетелд ирсэн.

Гилеад сургуулийн төгсөлт, 1985 оны 9-р сарын 8

Анн: Бетелд үйлчлэх их сайхан байсан. Гэхдээ дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар үйлчлэхийг бид үргэлж хүсдэг байв. Миссионер байсан хүмүүстэй энд хамт ажилласнаар энэ хүсэл маань улам бадарсан. Энэ тухай 3 жилийн турш орой бүр залбирсан даа. Тэгээд 1985 онд Гилеад сургуулийн 79-р ангид уригдаад туйлын их баярлаж билээ! Дараа нь Баруун Африкийн Либерид томилогдсон.

АХ ДҮҮСИЙН ХАЙРААР ЗОРИГЖСОН

Пол: Бид Сенегалаас Либери лүү нисэх эхний онгоцонд суулаа. Тэнд хөл хорио тавигдаагүй байв. Машин сигналдахад л айдас түгшүүрт автсан хүмүүс бужигнан гүйлдэнэ. Бид тайван байхын тулд орой бүр «Дуулал» номоос уншина. Нөхцөл байдал ийм байсан ч даалгавраа биелүүлнэ гэж бат шийдсэн. Анн өдөр бүр дэлгэрүүлж, би Жон Черуктэй a Бетелд ажилласан. Тэрбээр Либерид олон жил амьдарсан, ах дүүсээ сайн мэддэг түүнээс их юм сурсан.

Анн: Либерид үйлчлэх нь бидэнд шууд л таалагдсан. Яагаад гэвэл итгэл нэгтнүүд маань маш үнэнч, хайр халамжтай байсан. Тэдэнтэйгээ үй зайгүй дотносож, гэр бүл шиг болсон. Бидэнд сайхан сэтгэлээр зөвлөгөө өгч, урамшуулан зоригжуулж байв. Дэлгэрүүлэх ажлын талаар бол ярих ч юм биш. Товчхон ярилцаад явахаар айлын хүмүүс сэтгэл дундуур үлдэнэ гээч! Хүмүүс Библийн тухай гудамжинд ярилцах нь ерийн л хэрэг. Хэн ч очоод ярианд нь оролцох боломжтой. Бид хичээл хийж амжихааргүй олон суралцагчтай болсон. Үнэхээр гайхалтай байлаа!

АЙДАСТ АВСАН Ч ЕХОВА БИДЭНД ЗОРИГ ХАЙРЛАСАН

Либерийн Бетелчид дүрвэгсдэд тусалж байна, 1990

Пол: Либерид 4 жил харьцангуй амар тайван байсан ч 1989 онд иргэний дайн боллоо. Босогчид 1990 оны 7-р сарын 2-нд Бетелийн ойр орчмын дүүргийг эзлэв. Бид 3 сарын турш гадаад улсуудтай, бүр гэр бүлийнхэн, байгууллагын төвтэй ч холбогдож чадаагүй. Хаа сайгүй хүчирхийлэл гаарч, замбараагүй байдал үүсэж, хоол хүнс хомсдож, эмэгтэйчүүдийг хүчиндсэн хэргүүд гарч байв. Ийм байдал 14 жилийн турш үргэлжилсэн.

Анн: Зарим овог хоорондоо байлдаж, нэг нэгнээ алж хядна. Этгээд хувцастай, өвч зэвсэглэсэн эрчүүд гудамжаар явж, байшин барилгыг тонож дээрэмдэнэ. Зарим нь хүн алахыг бүр «тахиа нядлахтай» адил үзнэ. Овоолсон хүний цогцос шалган нэвтрүүлэх цэг бүр дээр, Бетелийн ойролцоо ч байна. Хайрт Гэрчүүд, тэдний дотор 2 миссионер маань алагдсан.

Цэргүүд үзэн яддаг овгийнхоо хүмүүстэй таарахаараа шууд л хорооно. Гэрчүүд амь насаа эрсдэлд оруулан байж аюулд орсон ах дүүсээ нуудаг. Миссионерууд ч, бетелчид ч ийнхүү тусалж байв. Бетелд зугтаж ирсэн хүмүүсийн заримыг дээд давхарт байдаг өөрсдийнхөө өрөөнд, заримыг нь доод давхарт байлгасан. 7 ам бүлтэй нэг гэр бүл манай өрөөнд бид хоёртой хамт байв.

Пол: Хүн нууж байгаа эсэхийг шалгахаар босогчид өдөр бүр ирдэг байв. Тиймээс 4 хүнийг харуул хамгаалалтад зогсооно. Хоёр нь цонхоор ажиглаж, хоёр нь хашааны үүдэнд зогсоно. Гадаа байгаа хоёр нь хоёр гараараа элгээ тэвэрвэл байдал хэвийн гэсэн үг. Харин гараараа нуруугаа үүрвэл цэргүүд орж ирэхийн дохио бөгөөд цонхоор харж байгаа хоёр нь найзуудаа хурдхан нуудаг байсан.

Анн: Хэдэн 7 хоногийн дараа хэсэг цэргүүд дайрч орж ирэв. Би нэг Гэрч эмэгтэйг дагуулан угаалгын өрөө рүү гүйхээрээ орж хаалгаа цоожиллоо. Тэнд давхар ёроолтой шүүгээ байсан юм. Эмэгтэй биеэ атийлган шүүгээнд орж нуугдав. Яг энэ үед зэвсэгтэй цэргүүд ирж хаалгыг ууртай балбалаа. Пол: «Эхнэр минь байгаа шүү дээ» гэв. Эмэгтэйг нуух үед чимээ их гарч, бас шүүгээнд юмыг нь буцааж хийхэд хугацаа орсон. Цэргүүд сэжиг авсан байх гэж бодоод хамаг бие салгалж байв. Би хаалга онгойлгохоосоо өмнө Еховад залбирч тусламж гуйлаа. Тэгээд хаалгаа нээгээд их тайвнаар мэндэлж билээ. Нэг нь намайг түлхэх шахам орж шууд шүүгээг нээгээд онгичиж гарав. Тэрбээр юу ч олоогүй боловч нүдэндээ ч итгэж чадахгүй байсан. Тэгээд бусадтайгаа хамт өөр өрөөнүүд болон дээврийг нэгжсэн. Бас л хэнийг ч олоогүй.

ҮНЭН ГЭРЭЛ МЭТ ГЭРЭЛТСЭЭР

Пол: Хэдэн сар хоол хүнсээр маш тарчигхан байлаа. Харин Бетелийн өглөөний хөтөлбөр яг л цай унд шиг байв. Библиэ уншиж, судлах нь өдөр бүрийг давах хүч өгдгийг бид мэддэг байсан.

Хэрэв хоол хүнс, уух ус дуусвал бид салбараа орхиход хүрч, нуусан хүмүүс маань цаазаар авхуулах байсан байх. Ихэнхдээ Ехова яг хэрэгтэй үед, гайхалтай аргаар хоол хүнс өгч байв. Энэ удаа ч хэрэгцээг маань хангаж, тайван байхад тусалсан.

Ертөнц харанхуй болох тусам үнэний гэрэл улам тод гэрэлтдэг. Амиа аврахын тулд олон удаа зугтсан ч ах дүүс итгэлээр бат, тайван байсан. Дайны үед олон бэрхшээлийг тэвчсэн нь «агуу их гамшгийн бэлтгэл» болсон гэж зарим нь ярьсан. Эр зоригтой ахлагчид болон залуус ах дүүстээ туслахын тулд чадах бүхнээ хийсэн. Зугтаж явсан итгэл нэгтнүүд маань очсон газар бүрдээ бие биедээ тусалж, бас дэлгэрүүлсэн. Ой дотор гарын доорх юмаар саравч барьж цуглаанаа явуулна. Түгшүүртэй цаг үед цуглаан, дэлгэрүүлэх ажлын ачаар найдвараа батжуулж, урамшин зоригжиж байв. Биднийг хоол, хувцас, бусад хэрэгцээт юмыг тарааж өгөхөд ах дүүс маань дэлгэрүүлэх цүнх шаардлагатайгаа хэлж байсан. Үүнд нь сэтгэл их хөдөлсөн. Сэтгэлийн хүнд шархтай хүмүүс сайн мэдээнд нааштай хандаж байв. Тэд хэчнээн их жаргалтай, өөдрөг байгаа Гэрчүүдийг хараад гайхсан. Ах дүүс маань харанхуйд гэрэлтэх гэрэл мэт байв (Мат. 5:14–16). Гэрчүүд идэвх зүтгэлтэй байсан тул харгис ширүүн цэргүүдийн зарим нь манай итгэл нэгтэн болсон.

НАЙЗУУДААСАА САЛАХ ҮЕД Ч ЗОРИГЖСОН

Пол: Хэд хэдэн удаа, тухайлбал 3 удаа богино хугацаагаар, 2 удаа бүтэн жилээр Либериэс явах шаардлага бидэнд гарч байсан. Ийм үед сэтгэл ямар байдгийг нэг миссионер эмэгтэй ийнхүү хэлжээ. «Зүрх сэтгэлээ даалгавраа биелүүлэхэд зориулах ёстойг Гилеад сургуульд заасан. Тиймээс ах дүүсээ орхиж явна гэхээр элэг зүрх өмрөх шиг болдог!». Гэхдээ бид ойрхон орших орнуудад очин тэндээсээ туслах болсондоо баяртай байсан.

Либерид буцаж ирсэндээ баяртай байна, 1997

Анн: 1996 оны 5-р сард бид дөрвүүлээ олон чухал бичиг баримт аваад байгууллагын машинаар явж байв. Хотын нөгөө тал руу, 16 километрийн зайтай орших аюул багатай газарт очих санаатай байлаа. Тэгтэл босогчид гэнэт дайрав. Агаарт хий буудаж биднийг зогсоогоод гурвыг маань чирч гарган, Полыг машинтай нь аваад явчихлаа. Бид гайхсандаа алмайрч орхих нь тэр. Гэтэл гэнэт Пол хүмүүсийн дундаас гараад наашаа ирж явахыг харав. Духнаас нь цус дусалж байгаа харагдахаар нь буудуулчихжээ гэж бодов. Харин явж байгаа болохоор үгүй гэдгийг ойлгосон! Нэг цэрэг машинаас түлхэж гаргахдаа цохичихсон юм билээ. Аз болоход жижиг шарх байсан.

Айж сандарсан хүмүүсээр дүүрэн цэргийн нэг машин хөдлөх гээд ойрхон зогсож байв. Бид багтаагүй учир машинаас зуурав. Жолооч огцом ухас хийхэд бид унах шахсан. Зогсооч гэж жолоочоос гуйсан ч айж балмагдсандаа биднийг сонсоогүй. Ямартай ч хүрэх газраа очиход хамаг бие маань салганан чичирч байв.

Пол: Халтар, уранхай хувцастай нэг нэгнээ хараад яаж амьд үлдсэн юм бол оо гэж бодсон. Суманд шүршигдсэн, салж унах шахсан нисдэг тэрэгний хажууд эзгүй хээр бид унтлаа. Маргааш нь тэр нисдэг тэргээрээ Сьерра Леонд очсон. Амьд байгаадаа баярлаж байсан ч ах дүүсийнхээ хойноос их санаа зовж байлаа.

ӨӨР БЭРХШЭЭЛ УЧИРСАН Ч ХҮЧ ТЭНХЭЭТЭЙ БОЛСОН

Анн: Бид Сьерра Леоны Фритаун хотын Бетелд аюулгүй ирэхэд, тэндхийн ах дүүс ч бидэнд санаа тавьсан. Гэтэл янз янзын аймшигтай явдал санаанаас гардаггүй болов. Өдөр бүр ямар нэг юм болох вий гэж айсаар эрүүл саруул ухаанаар сэтгэж чадахгүй, эргэн тойронд болж буй бүхэн бодитой биш юм шиг санагдсан. Шөнө унтаж байхдаа салгалж, хүйтэн хөлс цутгачихсан сэрээд муу юм болох вий гэж айна. Бүр амьсгалахад ч хэцүү байсан. Пол намайг тэврээд хамтдаа залбирна. Намайг тайвширтал хоёулаа Хаант төрийн дуу дуулдаг байв. Би ч галзуурч байна, хойшид миссионероор үйлчилж чадахгүй нь гэж бодсон.

Дараа нь юу болсныг би хэзээ ч мартдаггүй. Шинээр гарсан 2 сэтгүүлийг тэр 7 хоногт авсан. Нэг нь 1996 оны 6-р сарын 8-ны «Сэрцгээ!» сэтгүүл. Тэнд «Сандрах эмгэгтэй болбол яах вэ?» гэсэн өгүүлэл байв. Тэгээд ийм эмгэгтэй болсноо ойлгосон. Нөгөө нь 1996 оны 5-р сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүл. Тэнд «Тэд хэрхэн хүчтэй болсон бэ?» гэсэн өгүүлэл гарч, мөн далавч нь гэмтсэн эрвээхэйн зураг хавсарсан байлаа. Далавч нь хүнд гэмтсэн ч эрвээхэй хооллож, ниссээр байдаг шиг амьдралд тохиолдсон аймшигтай явдлаас болж сульдаж доройтлоо ч Еховагийн тусламжаар бусдад тусалсаар байж чадна. Эдгээр өгүүлэл яг хэрэгтэй цагт минь хүч тэнхээ өгсөн (Мат. 24:45). Өөр төстэй өгүүллүүд цуглуулж уншсан минь тустай байсан. Яваандаа муухай дурсамжуудаас болж зовохоо больсон.

ШИНЭ АЖИЛДАА ДАСАН ЗОХИЦОХОД ЕХОВА ЗОРИГЖУУЛСАН

Пол: Либерид буцаж очих болгондоо бид их баярладаг байсан. 2004 оны сүүл гэхэд тэнд үйлчлээд бараг 20 жил болсон байлаа. Дайн ч дууссан. Салбарт барилгын ажил хийхээр төлөвлөсөн байв. Гэтэл гэнэт шинэ даалгавар ирлээ.

Үүнийг хүлээж авах их хэцүү байв. Маш дотно, гэр бүл шиг болсон Либерийн ах дүүсээ орхиж явах амаргүй санагдсан. Гэвч үүнээс өмнө гэр бүлээ орхин Гилеад руу явахад Ехова биднийг хэрхэн ивээхийг харсан. Тиймээс шинэ даалгаврыг биелүүлэхээр шийдсэн. Биднийг ойрхон орших Гана улсад томиллоо.

Анн: Либериэс явахдаа бид их уйлсан. Мэргэн ухаантай, өндөрт настай Франк гэдэг ах: «Та хоёр биднийг мартах ёстой» гэж хэлэхэд нь их гайхсан. Харин үүнийгээ тайлбарлан «Биднийг мартахгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ шинэ даалгавар биелүүлэхэд зүрх сэтгэлээ бүрэн зориулах нь зүйтэй. Еховагийн өгсөн даалгавар учраас тэндхийн ах дүүстээ анхаарлаа хандуулаарай» гэж хэлсэн. Таньж мэдэх хүнгүй, огт очиж үзээгүй газар луу явж байгаа бид энэ үгэнд зоригжсон.

Пол: Гана дахь итгэл нэгтнүүдээ шууд л хайрладаг болсон. Тэнд маш олон Гэрч бий! Бат итгэлтэй, үнэнч шинэ найзуудаасаа бид их юм сурсан. Ганад 13 жил үйлчилсний дараа бас гэнэт даалгавар авлаа. Кени дэх Зүүн Африк салбарт үйлчлэх санал тавив. Гана, Либерийн итгэл нэгтнүүдээ маш их санаж байсан ч Кенийн ах дүүстэйгээ хурдан найзууд болцгоосон. Хэрэгцээ ихтэй, өргөн уудам энэ нутагт бид одоо ч үйлчилж байна.

Зүүн Африкт шинэ найзуудтайгаа, 2023

ЭРГЭН ДУРСАХАД

Анн: Би амьдралдаа маш хүнд хэцүү үеийг туулж, бүр салганан айх үе ч байсан. Энэ нь бие махбод болон сэтгэл санаанд нөлөөлсөн. Бид гайхамшгаар хамгаалагддаггүй. Одоо ч буун дуу сонсохоор дотор эвгүйрч, ходоод өвдөж, гар бадайрчихдаг. Гэхдээ итгэл нэгтнүүдийн дэмжлэг зэрэг Еховагийн өгдөг бүх тусламжид найдаж сурсан. Мөн судлах, залбирах, цуглаанд явах, дэлгэрүүлэх хэвшлээ алдахгүй бол даалгавраа биелүүлсээр байхад маань Ехова тусалдаг.

Пол: Зарим хүн: «Томилогдсон газар чинь таалагдсан уу?» гэж асуудаг. Гоё газар байлгүй л яах вэ. Гэхдээ нөхцөл байдал нь тогтворгүй, аюултай болж ч мэднэ. Тиймээс тухайн улс орон гэхээсээ илүүгээр гэр бүл шиг болсон ах дүү нараа хайрладаг. Бид янз янзын гарал үүсэлтэй ч нэг үзэл бодолтой. Бид ах дүүсээ урамшуулан зоригжуулахаар очсон гэж боддог ч үнэн хэрэгтээ тэд биднийг зоригжуулдаг байв.

Бид нүүж суух болгондоо орчин үеийн гайхамшгийг мэдэрдэг. Энэ нь ах дүүгийн барилдлага юм. Хуралдаа харьяалагдаж байгаа цагт гэр бүл шиг найзуудтай байна, бас хамгаалагдана. Еховадаа найдсаар байвал юу ч тохиолдсон даван гарах хүчийг тэрбээр өгнө гэдэгт бид бат итгэдэг (Флп. 4:13).

a «Би Бурхан болон Христэд талархдаг» гэсэн гарчигтай Жон Чарукийн намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1973 оны 3-р сарын 15-ны дугаараас уншаарай (англи).