Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 44

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

Шударга бус явдлыг хэрхэн тэвчих вэ?

Шударга бус явдлыг хэрхэн тэвчих вэ?

«Бузар мууд бүү дийлд. Харин бузар мууг сайнаар дийлж бай» (РОМ 12:21).

ГОЛ САНАА

Шударга бус явдал тохиолдоход бид яах нь зүйтэй вэ?

1, 2. Бидэнд хэн хэн шударга бус хандаж мэдэх вэ? Тайлбарлана уу.

 ШУДАРГА шийдвэр гаргаж өгөхийг гуйдаг байсан нэгэн бэлэвсэн эмэгтэйн тухай Есүс ярьсан. Энэ түүх олон шавийнх нь сэтгэлд хүрсэн нь эргэлзээгүй. Учир нь тухайн үед энгийн ард иргэд шударга бус явдлын бай болох нь түгээмэл байсан (Лук 18:1–5). Өнөө үед ч шударга бус явдал газар авсан тул бэлэвсэн эмэгтэйд ямар хэцүү байсныг бид ойлгодог.

2 Өнөөдөр шунахайрдаг, ялгаварлан гадуурхдаг, муухай харьцдаг хүн олон. Тиймээс шударга бус хандахад бид гайхдаггүй (Ном. 5:8). Гэхдээ итгэл нэгтэн маань муугаар хандахад бид сэтгэлээр илүү их унаж болох юм. Тэд маань биднийг хавчиж, эсэргүүцдэг хүмүүстэй адилгүй, мөн шударга бус хандъя гэж бодоогүй нь мэдээжийн хэрэг. Харин ердөө л төгс бус шүү дээ. Шударга бус хандсан хорон муу эсэргүүцэгчдийг тэвчсэн Есүсээс сурах юм их бий. Эсэргүүцэгчдийг тэвчдэг бид итгэл нэгтнүүдээ бүр ч илүү тэвчих ёстой биш үү? Хурлынхан болон итгэгч бус хүмүүс бидэнд шударга бус хандахад Еховад ямар санагддаг бол? Анзаардаг болов уу?

3. Үйлчлэгчид нь шударга бус явдалд өртөхөд Ехова яадаг вэ? Яагаад?

3 Шударга бус явдалд өртөхөд маань Ехова анзаарч, санаа тавьдаг. Тэрбээр «шударга ёсыг хайрладаг» (Дуу. 37:28). Тохиромжтой үед нь Ехова «цаг алдалгүй ... шударга шийдвэр гаргана» гэж Есүс батлан хэлсэн (Лук 18:7, 8). Шударга бус явдлаас болж амсаж буй бүхий л зовлонг тэрбээр удахгүй бүрмөсөн арилгана (Дуу. 72:1, 2).

4. Ехова өнөөдөр бидэнд хэрхэн тусалдаг вэ?

4 Ехова бүх асуудлыг шийдэх цагийг бид хүлээх хэрэгтэй. Гэхдээ шударга бус явдлыг тэвчихэд маань тэрбээр одоо ч тусалдаг (2 Петр 3:13). Ийм үед хэрхэн ухаалаг байхыг заадаг. Мөн шударга бус явдлыг тэвчсэн Хүү Есүсийнхээ төгс жишээг Библид бичүүлж үлдээсэн. Түүнчлэн ач тустай зөвлөгөө өгсөн.

ШУДАРГА БУС ЯВДАЛ ТОХИОЛДОХОД БИЕЭ БАРИХ НЬ

5. Шударга бус явдал тулгарвал яагаад биеэ барих ёстой вэ?

5 Шударга бус явдал тулгарахад бид маш ихээр шаналж, сэтгэлээр унаж болох юм (Ном. 7:7). Иов, Хабаккук зэрэг үнэнч үйлчлэгч ч ийнхүү зовж шаналж байв (Иов 6:2, 3; Хаб. 1:1–3). Энэ нь ч аргагүй юм. Гэхдээ буруу юм хийчихгүйн тулд биеэ барих ёстой.

6. Абсаломын жишээнээс юу ойлгох вэ? (Бас зургийг үзээрэй).

6 Хэн нэгэн бидэнд эсвэл хайртай хүмүүст маань муухай хандахад өшөө авмаар санагдаж болох юм. Гэхдээ ингэх нь нөхцөл байдлыг улам хурцатгаж мэднэ. Давид хааны хүү Абсаломын жишээг бодъё. Дүү Тамарыг нь эцэг нэгт ах Амнон хүчирхийлснийг дуулаад уур хилэн нь ассан. Мосегийн хуулиар бол Амнон үхэх ёстой байв (Лев. 20:17). Абсалом уурлан хилэгнэсэн нь буруу биш ч хүний аминд хүрэх ёсгүй байсан (2 Сам. 13:20–23, 28, 29).

Дүү Тамарыг нь доромжлоход Абсаломын уур хилэн шатсан (6-р догол мөрийг үзээрэй)


7. Шударга бус явдал дуулалчид хэрхэн нөлөөлсөн бэ?

7 Шударга бусыг үйлдсэн хүмүүс шийтгэгдээгүйг хараад зөвийг үйлдэх шаардлага байна уу гэж бодож болох юм. Сайн хүмүүст муугаар ханддаг хүмүүс сайхан амьдарч буйг анзаарсан дуулалч: «Хорон муу этгээдүүд ... санаа зовох юмгүй» байдаг гэжээ (Дуу. 73:12, АБН 2015). Бас сэтгэлээр унаад Еховад үйлчлэх нь ямар ч утгагүй гэж бодоход хүрсэн тэрбээр: «Үүнийг ойлгохоор бодох үед минь надад маш төвөгтэй байсан» хэмээн хэлдэг (Дуу. 73:14, 16). Мөн «Харин миний хувьд би бараг хөл алдаж, бараг хальтрах шахлаа» гэжээ (Дуу. 73:2). Үүнтэй төстэй явдал нэг Гэрч эрэгтэйд тохиолдсон. Түүнийг Алберто гэж нэрлэе.

8. Шударга бус явдлаас болж нэг Гэрч яасан бэ?

8 Албертог хурлын хандивын мөнгөнөөс хулгайлсан гэж эндүүрэн буруу дүгнэжээ. Тэгээд ахлагчийн үүргээс нь чөлөөлөхөд хурлын олон хүн хулгай хийсэн гээд түүнийг хүндлэхээ больсон. «Уурыг минь хүргэж урмыг минь хугалсан» гэж тэрбээр дурсжээ. Еховагаас хөндийрч, улмаар 5 жилийн турш идэвхгүй байсан. Шударга бус явдал тохиолдоход уураа барихгүй бол юу болдгийг энэ жишээ харуулж байна.

ЕСҮСИЙГ ДУУРАЙХ НЬ

9. Есүс ямар ямар шударга бус явдлыг тэвчсэн бэ? (Бас зургийг үзээрэй).

9 Есүс шударга бус явдлыг тэвчиж төгс жишээ үлдээсэн. Олон хүн, тэдний дотроос гэрийнхэн ч түүнд хэрхэн хандсаныг бодъё. Хамаатнууд нь түүнийг солиорсон гэж, харин шашны удирдагчид чөтгөрүүдтэй хамтардаг гэж буруутгасан. Бас Ромын цэргүүд түүнийг доромжлон, зодож жанчиж, эцэст нь цаазалсан (Марк 3:21, 22; 14:55; 15:16–20, 35–37). Гэсэн ч тэрбээр энэ бүхнийг тэвчиж, өшөө ч аваагүй. Есүсийн жишээг бид хэрхэн дуурайх вэ?

Есүс шударга бус явдлыг тэвчиж төгс жишээ үлдээсэн (9, 10-р догол мөрийг үзээрэй)


10. Есүс хэрхэн тэвчсэн бэ? (1 Петр 2:21–23).

10 1 Петр 2:21–23-ыг уншина. a Есүс шударга бус явдлыг тэвчих талаар бидэнд төгс үлгэр дуурайл үлдээсэн. Тэрбээр хэзээ дуугүй байх, хэзээ ярихаа мэддэг байв (Мат. 26:62–64). Өөрийнх нь талаар худал ярихад ам нээсэн удаагүй (Мат. 11:19). Харин ам нээхдээ хавчсан хүмүүсийг доромжлоогүй, тэдэнд өширхөөгүй. «Шударга шүүдэг Нэгэнд өөрийгөө даатгасан» учраас үг яриагаа хянаж чаддаг байв. Асуудалд Еховагийн үзлээр хандах нь хамгийн чухал гэдгийг ойлгодог. Цаг нь болохоор Ехова бүх шударга бус явдлыг арилгана гэдэгт итгэдэг байжээ.

11. Үг яриагаа хэрхэн хянах вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Хэн нэгэн шударга бус хандахад бид Есүсийг дуурайж үг яриагаа хянаж чадна. Ялихгүй гэмээр явдлыг тоохгүй өнгөрөөнө. Эсвэл асуудлыг хүндрүүлэхгүйн тулд дуугүй байна (Ном. 3:7; Яак. 1:19, 20). Гэхдээ шударга бус явдлаас болж хэн нэгэн хохироход юм уу итгэл үнэмшлээ хамгаалах хэрэг гарвал тодорхой хэлэх шаардлагатай байж мэднэ (Үйлс 6:1, 2). Ингэхдээ аль болох дөлгөөн, хүндэтгэлтэй байхыг хичээх хэрэгтэй (1 Петр 3:15). b

Шударга бус явдал учрахад Есүсийг дуурайн хянамгай байж хэзээ, хэрхэн ярихаа шийдээрэй (11, 12-р догол мөрийг үзээрэй)


12. «Шударга шүүдэг Нэгэнд» өөрийгөө хэрхэн даатгах вэ?

12 Бид бас «шударга шүүдэг Нэгэнд өөрийгөө даатгаж» Есүсийг дуурайж чадна. Хэн нэгэн өөрийг нь буруу ойлгох юм уу өөрт нь муугаар хандахад болсон явдлыг Ехова мэдэж байгаа гэдэгт итгэдэг. Тэрбээр бүх асуудлыг эцэст нь зөвөөр шийднэ гэдгийг санах нь шударга бус явдлыг тэвчихэд тустай. Хэрэв бид хэрэг явдлыг Еховад даатгавал уурлан хорсоод байхгүй. Уур хилэн нь ямар нэг муу юм хийх, баяр хөөрөө алдах, Еховатай тогтоосон харьцаа сэвтэхэд хүргэнэ (Дуу. 37:8).

13. Шударга бус явдлыг тэвчсээр байхад юу тус болох вэ?

13 Бид Есүсийн жишээг төгс дуурайж чадахгүй нь ойлгомжтой. Хожим нь харамсах юм хэлэх эсвэл хийчих тохиолдол гардаг (Яак. 3:2). Бас шударга бус зарим нэгэн явдлаас болж сэтгэлийн болон бие махбодын шархтай болж болох юм. Танд ийм юм тохиолдсон бол юу амсаж явааг Ехова мэдэж байгаа гэдэгт итгээрэй. Мөн шударга бусаар зовлон эдэлсэн Есүс таныг ойлгодог (Евр. 4:15, 16). Есүсийн төгс жишээг Ехова Библид бичүүлээд зогсохгүй шударга бус явдлыг тэвчихэд тус болох зөвлөгөө өгсөн. Одоо «Ром» номоос хоёр зүйлийг ярилцъя.

«БУРХАНД ДААТГА. БУРУУТАНД БУРХАН ХИЛЭГНЭНЭ»

14. «Бурханд даатга. Буруутанд Бурхан хилэгнэнэ» гэснийг юу гэж ойлгох вэ? (Ром 12:19).

14 Ром 12:19-ийг уншина. Элч Паул Христийн дагалдагчдад «Бурханд даатга. Буруутанд Бурхан хилэгнэнэ» гэж захисан. Ехова хэзээ, хэрхэн шударга байдлыг тогтоохоо өөрөө шийднэ. Тэр цаг болтол бид болсон явдлыг түүнд даатгадаг. Шударга бус явдлаас болж зовлон амссан Жон гэдэг Гэрч эрэгтэй: «Би асуудлыг өөрийнхөөрөө шийдэх гэж зүтгэдгээ болихын тулд уураа барьж сурах шаардлагатай байлаа. Амархан биш ч тэвчээртэй байж, Еховад найдахад Ром 12:19 тус болсон» гэжээ.

15. Еховад асуудлаа даатгах нь яагаад хамгийн зөв бэ?

15 Еховад асуудлаа даатгах нь бидэнд тустай. Ингэвэл өөрийнхөөрөө шийдэх гэж зүтгэснээс үүдэлтэй стресстэх, сэтгэлээр унахаас сэргийлж чадна. Ехова бидэнд дуртайяа тусалдаг. «Намайг хүлээ, асуудлыг чинь би шийднэ» гэдэг. «Би хариуг нь барина» гэсэн амлалтад итгэдэг хүн Ехова хамгийн зөв шийдвэр гаргана гэдгийг ойлгодог тул уурлахаа больдог. Үүний үнэнийг дээр дурдсан Жон биеэрээ мэдэрсэн. Тэрбээр: «Асуудлыг өөрөө шийдэх гэж зүтгэхийн оронд Еховад даатгаад хүлээвэл үр дүн нь харьцуулшгүй сайн байдаг» гэжээ.

«БУЗАР МУУГ САЙНААР ДИЙЛЖ БАЙ»

16, 17. «Бузар мууг сайнаар дийлэхэд» залбирал ямар тустай вэ? (Ром 12:21).

16 Ром 12:21-ийг уншина. Паул Христийн дагалдагчдад бас «Бузар мууг сайнаар дийлж бай» гэж уриалсан. Уулан дээр айлдсан сургаалдаа Есүс: «Дайснаа хайрла. Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир» гэжээ (Мат. 5:44). Өөрөө ч ингэж хэлснийхээ дагуу үйлдсэн. Ромын цэргүүд Есүсийг шонд хадахад хэчнээн их зовж шаналсныг нь та бодож байсан байх. Бид түүний амссан зовлон шаналал, хатуу ширүүн харьцааг хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож чадахгүй.

17 Гэхдээ тэрбээр Еховаг хайрлаж, үнэнч хэвээр байсан. Цэргүүдийг харааж зүхэхийн оронд «Эцэг минь, тэднийг өршөөгөөрэй. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна» гэж залбирсан (Лук 23:34). Бидэнд муугаар хандсан хүмүүсийн төлөө залбирвал тайвширч, уурлахаа болино. Бүр тэдний талаарх үзэл бодол ч өөрчлөгдөнө.

18. Алберто Жон хоёр залбирсны эцэст яасан бэ?

18 Дээр дурдсан хоёр Гэрчид шударга бус явдал тохиолдоход залбирал тустай байжээ. Алберто: «Надад шударга бус хандсан итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирсан. Би Еховад хандаж, болсон явдлаас болж уурлахаа болиход минь туслахыг олон удаа гуйсан» гэжээ. Тэрбээр одоо Еховад дахин үнэнчээр үйлчилж байгаа нь баярлууштай хэрэг. Жон: «Намайг гомдоосон Гэрчийг уучлахад туслахыг би Еховагаас олон удаа гуйсан. Уурлахгүй, буруутгахгүй байхад Ехова тусалсан. Залбирлын ачаар би тайвширсан» гэжээ.

19. Энэ тогтолцооны төгсгөл болтол бид яах ёстой вэ? (1 Петр 3:8, 9).

19 Энэ тогтолцооны төгсгөл болтол ямар шударга бус явдал тохиолдохыг бид хэлж мэдэхгүй. Гэхдээ юу ч тохиолдсон үргэлж Еховагаас тусламж гуйн залбирцгаая. Түүнчлэн шударга бус явдлыг тэвчсэн Есүсийн жишээг дуурайж, Библийн зарчмыг хэрэгжүүлсээр байцгаая. Тэгвэл Ехова заавал ивээнэ (1 Петр 3:8, 9-ийг уншина).

ДУУ 60 Бурхан таныг бататгана

a I зуунд харгис эзэн юм уу үл итгэгч нөхрийнхөө муухай харьцааг тэвчсэн дагалдагч цөөнгүй байжээ. Тэдний нөхцөл байдлын тухай элч Петр эхний захидлынхаа 2, 3-р бүлэгт дурджээ (1 Петр 2:18–20; 3:1–6, 8, 9).

b «Хайр жинхэнэ амар тайвныг тогтоодог» видеог jw.org сайтаас үзээрэй.