Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Би сураад л байна

Би сураад л байна

БИ АГУУ «Багш» Еховагаар заалгах завшаантайдаа талархаж явдаг (Ис. 30:20). Тэрбээр Библи, гайхалтай бүтээлүүд, байгууллагаараа дамжуулан үйлчлэгчдээ сургадаг. Мөн итгэл нэгтнүүдээр маань ч сургадаг. Бараг 100 хүрч яваа би дээрх бүхий л аргаар дамжин ирдэг Еховагийн удирдамжийг хэрэгжүүлээд ач тус хүртсээр л байна. Энэ тухай одоо ярьж өгье.

Гэрийнхэнтэйгээ хамт, 1948

Би 1927 онд АНУ-ын Иллиной мужийн Чикагогийн ойролцоох нэг жижиг хотод төрсөн. Бид эцэг эхээсээ тавуулаа. Жета, Дон, тэгээд би, дараа нь Карл, Жой. Бид бүгдээрээ Еховад бүхий л зүрхээрээ үйлчлэхээр шийдсэн юм. Жета 1943 онд Гилеадын 2-р ангийг дүүргэсэн ба Дон Карл Жой гурав Нью-Йоркийн Бруклины Бетелд 1944, 1947, 1951 онд тус тус орсон. Тэдний болон эх эцгийнхээ сайхан жишээг хараад би Еховад илүү их үйлчлэх хүсэлтэй болсон.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮНЭНИЙГ МЭДСЭН

Аав ээж хоёр Библи унших дуртай, Бурханд хайртай бөгөөд хүүхдүүддээ ч түүнийг хайрлахыг заадаг байсан. Харин аав дэлхийн І дайны үед Европт цэргийн алба хааж, ирснийхээ дараа сүмийг хүндэтгэхээ больсон байв. Дайны талбараас эсэн мэнд ирлээ гэж ээж минь Бурханд их талархсан. Ээж: «Карл аа, за, сүм рүүгээ явцгаах уу?» гэхэд аав: «Би та нарыг хүргэж өгье. Гэхдээ би орохгүй шүү» гэж хариулав. Ээж: «Яагаад?» гэхэд «Дайны үед нэг л шашинтай санваартнууд байлдаж буй хоёр талын цэргүүдийг адислаж байсан! Тэгэхээр Бурхан аль аль талыг нь дэмждэг гэсэн үг үү?» гэж асууж билээ.

Хожим нь нэг өдөр ээжийг сүм рүү явсан хойгуур Еховагийн Гэрч хоёр эрэгтэй манай хаалгыг тогшсон байна. Тэд аавд «Илчлэл» номыг тайлбарласан, Библийн хичээл хийхэд зориулсан гарын авлага болох «Гэрэл» гэдэг хоёр боть номыг санал болгожээ. Аав ч сонирхоод номыг авсан. Нэг өдөр ээж тэр номыг олж хараад уншиж эхлэв. Тэгтэл «Гэрэл» номоор Библийн хичээл хийхийг уриалсан зарлал орон нутгийн сонинд гарсныг ээж хараад хаягийнх нь дагуу очжээ. Нэг настай эмэгтэй хаалга онгойлгов. Ээж минь нөгөө номоо харуулж «Үүнийг энд судалж байгаа юу?» гэж асуухад «Тийм тийм! Ор ор» гэж уриалгахан хэлэв. Дараагийн долоо хоногт ээж маань хүүхдүүд биднийгээ дагуулаад очсон. Түүнээс хойш тогтмол тэнд очиж судалдаг болсон.

Нэг удаа, хичээл удирдаж байсан хүн Дуулал 144:15-ыг уншаарай гэж надад хэлэв. Тэр эшлэлд Еховаг шүтдэг хүмүүс аз жаргалтай байдгийг бичсэн. Энэ болон бас өөр 2 зүйл сэтгэлийг минь ихэд хөдөлгөсөн. 1 Тимот 1:11-д Еховаг «жаргалтай Бурхан» гэсэн бөгөөд Эфэс 5:1-д «Бурхныг дуурайж яваарай» гэжээ. Эндээс би, Бүтээгчдээ аз жаргалтай үйлчлэх ёстой, мөн түүнд үйлчлэх завшаантайдаа талархах ёстойгоо ойлгосон. Үүнийг амьдралынхаа туршид хэрэгжүүлэхийг хичээсээр ирсэн.

Цуглаан болдог хамгийн ойрхон газар Чикаго манайхаас 32 километрийн зайтай байсан. Гэсэн ч бид цуглаандаа очиж, би ч Библийг улам сайн ойлгодог болж байв. Нэг удаа цуглааны үеэр Жета эгч хариулсан юм. Хариулахыг нь сонсоод «Аан, миний мэддэг юм байна шүү дээ. Би ч гараа өргөөд хариулж болох юм байна» гэж бодсон. Түүнээс хойш бэлдэж байгаад хариулдаг болов. Хамгийн гол нь, би ч, ах эгч дүү нар минь ч Бурхантай дотноссон. Тэгээд би 1941 онд баптисм хүртсэн.

ЧУУЛГАНУУДАД ЕХОВАГААС СУРСАН МИНЬ

Би Охайо мужийн Кливлендэд болсон 1942 оны чуулганыг мартдаггүй. Манай гэрийнхэн чуулган болж буй газрын ойролцоо бусдын адил майханд байсан. Мөн АНУ-ын 50 гаруй газрын итгэл нэгтнүүд утсаар чуулганы хөтөлбөр сонсож байв. Дэлхийн ІІ дайн үргэлжилж, Еховагийн Гэрчүүдийг улам бүр эсэргүүцэж, хавчиж байлаа. Орой болоход хэсэг итгэл нэгтнүүд маань машин тавихдаа гэрлийг нь майхнуудынхаа эсрэг зүг рүү тусгана. Тэгээд бүгдээрээ ярилцаж зөвшилцөөд машин бүрээс нэг хүн шөнөжин жижүүрлэхээр болов. Хэрэв ямар нэг асуудал гарвал тэд гэрлээ асаан халдан ирэх хүмүүсийн нүдийг гялбуулж, дуут дохиогоо хангинуулна. Тэгэхлээр бусад нь ч яаран ирж туслах байв. Би «Еховагийн ард түмэн бүх юманд маш сайн бэлтгэлтэй байдаг юм байна!» гэж бодсон. Тэгээд сэтгэл зовох юмгүй тайван унтсан. Муу юм ч болоогүй.

Ээж минь энэ чуулганы үеэр огт айгаагүй, санаа зовоогүйг нь би олон жилийн дараа ойлгосон. Тэрбээр Еховад болон байгууллагад нь бүрэн дүүрэн найдсан. Ийм сайхан жишээ үзүүлснийг нь би хэзээ ч мартдаггүй юм.

Чуулганы өмнөхөн байнгын эхлэгч болсон тэрбээр бүрэн цагаар үйлчлэх талаарх илтгэлийг анхааралтай сонссон. Тэгээд гэртээ харих замдаа «Би хойшид ч эхлэгчээр үйлчилмээр байна. Гэхдээ эхлэгчээр үйлчлэнгээ гэр орныхоо бүх юмыг хийж амжихгүй» гэв. Тэгээд туслахыг биднээс гуйв. Бид ч зөвшөөрөхөд тэрбээр өглөөний цайны өмнө хэн хэн аль аль өрөөг цэвэрлэхийг хуваарилсан. Сургуульдаа явсны дараа өрөөнүүд цэвэрхэн байгаа эсэхийг ээж шалгаад дэлгэрүүлэхээр явдаг байсан юм. Хэдийгээр маш завгүй ч хүүхдүүдээ анхааран халамжилна. Өдрийн цайны цагаар болон хичээл тарсны дараа гэртээ ирэхэд ээж дандаа гэртээ байдаг байж билээ. Заримдаа хичээлийн дараа биднийг дагуулаад дэлгэрүүлдэг тул эхлэгч хүн хэрхэн үйлчилдгийг сайн мэдэж авсан.

ЭХЛЭГЧЭЭР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСЭН МИНЬ

Би 16-тайдаа эхлэгч болсон. Аав минь хараахан Гэрч болоогүй ч намайг яажшуухан дэлгэрүүлж байгаа бол гэж сонирхож байв. Нэг орой би хэчнээн хичээж байгаа ч суралцагчтай болоогүйгээ түүнд хэлсэн. Тэгээд жаахан азнаад «Та надтай судалмаар байна уу?» гэж асуулаа. Аав хэсэг чимээгүй байснаа «За даа, судлахгүй байх шалтгаан алга даа» гэсэн. Тийм ээ, анхны суралцагч минь аав байв. Үнэхээр гоё байсан!

Бид «Үнэн та нарыг чөлөөлнө» гэдэг номоор хичээл хийсэн. Би аавтайгаа хичээл хийдэг болсноор Библи судлах, бусдад заах талаар илүү сайжирснаа ойлгосон. Жишээ нь, нэг удаа догол мөр уншсаны дараа аав: «За, энд бичсэнийг ойлголоо. Гэхдээ яг зөв гэдгийг нь яаж мэдэх вэ?» гэж асуухад үүнд яаж хариулахаа бэлдээгүй байсан би: «Яг одоо хариулж мэдэхгүй байна. Харин бэлдээд дараагийн удаа хариулъя» гэсэн. Тэгээд амласныхаа дагуу тухайн сэдэвтэй холбоотой Библийн зүйлүүдийг олоод судалсан. Үүнээс хойш яаж судлахыг мэдэж аваад хичээлдээ илүү сайн бэлддэг болсон. Аав минь сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлж, 1952 онд баптисм хүртсэн.

БЕТЕЛД СУРСАН МИНЬ

Би 17-тойгоосоо тусдаа амьдарч эхэлсэн. Жета a миссионер, Дон бетелчин болсон. Хэн хэн нь баяр хөөртэй үйлчилж байсан нь надад их урамтай санагдсан. Тиймээс Бетелд үйлчлэх болон Гилеад сургуульд сурах анкет бөглөж хаана үйлчлэхээ Еховад даатгасан. Тэгээд яасан гээч? 1946 онд Бетелд уригдсан.

Би Бетелд 75 жил үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд их юм сурсан. Жишээ нь ном хэвлэх, тооцоолон бодох, юм худалдаж авах, ачаа илгээх зэрэг юм. Харин Бетелийн өглөөний хөтөлбөр болон бусад лекц сонсож Библийн боловсрол эзэмшиж байгаадаа хамгийн их баярладаг.

Ахлагчдад зориулсан сургалтад багшилж байгаа минь

Мөн 1947 онд Бетелд ирсэн дүү Карлаасаа ч сурсан. Тэрбээр Библийг сайн судалдаг, сайн заадаг. Би нэг удаа илтгэл тавих даалгавар авч дүүгээсээ тусламж гуйсан юм. Олон материал цуглуулсан ч яаж ашиглахаа мэдэхгүйгээ хэлсэн. Тэгтэл тэрбээр ганцхан асуулт асуув. «Ах аа, таны илтгэлийн сэдэв юу вэ?» Би санааг нь шууд ойлгож сэдэвтэй холбоотой материалаа л шилж аваад бусдыг нь хойш тавьсан. Эндээс авсан сургамжаа би дандаа санаж явдаг.

Бетелд баяр хөөртэй үйлчилье гэвэл дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Ингэвэл урамтай явдал ч тохиолдоно. Нэг орой Нью-Йоркийн Бронкст дэлгэрүүлснээ би одоо ч тод санадаг. «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлүүдийг авсан эмэгтэйтэй уулзахаар би нэг Гэрч эрэгтэйг дагуулж явсан. Өөрсдийгөө танилцуулаад «Бид хоёр Библиэс урамтай зүйлийг хүмүүстэй хуваалцаж байна» гэхэд эмэгтэй: «Библийн тухай юм бол ор л доо» гэсэн. Бид Библиэс Бурхны Хаант төр, ирээдүйн шинэ ертөнцийн талаар хэд хэдэн зүйлийг уншиж, ярилцсан. Энэ нь түүний сэтгэлийг хөдөлгөсөн бололтой. Дараагийн долоо хоногт уулзахаар ирэхэд найзуудаа дуудчихсан байв. Хожим нь эмэгтэй болон нөхөр нь Еховагийн үнэнч үйлчлэгчид болсон.

ХАНИАСАА СУРСАН МИНЬ

Би гэрлэе гэж бодсон хүнтэйгээ бараг 10 жилийн дараа учирсан. Гэрлэснийхээ дараа юу хийхээ сайтар боддог, залбирдаг байсан учраас тохирсон хүнээ олж чадсан.

Дүүрэг хариуцагчаар үйлчилж байхдаа, Мэритэйгээ хамт

1953 онд Яанки стадионд болсон чуулганы үеэр Мэри Аниол гэдэг Гэрч бүсгүйтэй танилцсан. Тэрбээр манай эгч Жетатай Гилеадын 2-р ангийг дүүргэсэн бөгөөд тэд хамтдаа миссионероор үйлчилж байв. Мэри Карибын тэнгисийн орнуудад миссионероор үйлчилж, олон хүнд Библийн хичээл зааснаа сэтгэл догдлон надад ярьсан. Бид нэг нэгнээ сайн таньсаар адил зорилготойгоо ойлгож билээ. Тэгээд бие биедээ улам хайртай болж 1955 оны 4-р сард гэрлэсэн. Мэри олон талаар Еховагийн өгсөн бэлэг, дуурайх сайхан жишээ болж байв. Ямар ч даалгавар авсан баяртай биелүүлнэ. Их ажилсаг, бусдад чин сэтгэлээсээ санаа тавьж, Хаант төрийг үргэлж эн тэргүүнд тавина (Мат. 6:33). Бид хоёр 3 жил дүүргийн ажил хийгээд 1958 онд Бетелд уригдсан.

Би Мэригээс их юм сурсан. Жишээ нь, бид гэрлэснийхээ дараа Библи хамт уншиж байхаар шийдсэн. Нэг удаад ойролцоогоор 15 зүйлийг ээлжээр уншиж, амьдралдаа яаж хэрэгжүүлэхийг ярилцана. Мэри Гилеад сургуулиас болон миссионероор үйлчилж байхдаа сурч мэдсэнээ хуваалцдаг байв. Түүнээсээ сурсан зүйл илтгэлийнхээ чанарыг сайжруулахад, бас Гэрч эмэгтэйчүүдийг урамшуулахад их тустай байсан (Сур. 25:11).

Хайрт хань Мэри минь 2013 онд нас барсан. Түүнтэйгээ шинэ ертөнцөд уулзахыг тэсэн ядан хүлээдэг! Харин одоо Еховад бүх зүрх сэтгэлээрээ найдаж, суралцсаар байхаар бат шийдсэн (Сур. 3:5, 6). Еховагийн ард түмэн шинэ ертөнцөд юу хийхийг бодохлоор тайвширч, баяр хөөрөөр бялхдаг. Тэр үед Агуу Багш маань өөр олон шинэ юмыг болон өөрийнхөө тухай ч ихийг заах нь гарцаагүй! Өдий хүртэл сургаж, нигүүлсэнгүй хандсан түүнд талархаад баршгүй!

a Жета Суналын намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2003 оны 3-р сарын 1-ний дугаараас уншаарай (англи).