Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 49

ДУУ 12 Бурхны амласан мөнхийн амь

Мөнх амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

Мөнх амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

«Хүүг нь хүлээн зөвшөөрдөг, Хүүд нь итгэдэг хүнийг Эцэг минь мөнх амьдруулна» (ЁОХ. 6:40).

ГОЛ САНАА

Тослогдогсод болон өөр хоньд Есүс Христийн золиосны ач тусыг хэрхэн хүртэх вэ?

1. Мөнх амьдарна гэхээр зарим хүн юу гэж боддог вэ?

 ЭРҮҮЛ саруул, урт удаан амьдрахын тулд зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг хүн олон. Гэхдээ мөнх амьдрах тухай огт боддоггүй. Энэ нь ч боломжгүй, бас өтлөөд өвдөж зовон байж удаан амьдраад яах вэ гэж боддог. Гэсэн хэдий ч Ёохан 3:16 болон 5:24-т бичсэнээр «мөнх амьдрах» боломжтойг Есүс хэлсэн.

2. Ёохан 6:39, 40-д Есүс юуны тухай хэлсэн бэ?

2 Нэг удаа Есүс гайхамшиг үйлдэж олон мянган хүнийг талх, загасаар хооллосон. a Энэ нь гайхалтай явдал ч, маргааш нь хэлсэн түүний үг бүр ч гайхалтай. Галил нуурын эрэг дээр орших Капернаумд өөрийг нь дагаж ирсэн хүмүүст нас барагсдыг амилуулж, мөнх амьдруулна гэсэн (Ёохан 6:39, 40-ийг уншина). Та үхэлд алдсан найз юм уу дотнын хүнийхээ тухай бодоорой. Тэд амилж, тантай хамт мөнх амьдрах боломжтой. Харин Ёохан 6-р бүлэгт цааш нь хэлсэн Есүсийн үгийг тухайн үед олон хүн ойлгоогүй, өнөөдөр ч ойлгохгүй хүн их гарна. Есүс яг юу гэж хэлсэн бэ?

3. Ёохан 6:51-д Есүс өөрийнхөө талаар юу гэж хэлсэн бэ?

3 Есүс гайхамшиг үйлдэж хүмүүсийг хооллоход тэд өвөг дээдсийг нь Ехова цөлд маннагаар тэжээснийг бодсон. Библид маннаг «тэнгэрийн талх» гэжээ (Дуу. 105:40; Ёох. 6:31). Есүс маннаг жишээ болгон нэг чухал зүйлийг заасан. Манна нь Бурхны өгсөн хоол боловч тэр хоолыг идсэн хүмүүс хожим нь үхсэн (Ёох. 6:49). Харин Есүс өөрийгөө «тэнгэрээс [өгсөн] жинхэнэ талх», «Бурхны өгч байгаа талх», «амь өгөгч талх» гэсэн (Ёох. 6:32, 33, 35). Бас өөрийгөө маннагаас ямар ялгаатайг ийн хэлжээ. «Би бол тэнгэрээс бууж ирсэн амь өгөгч талх. Энэ талхнаас идвэл мөнх амьдарна» (Ёохан 6:51-ийг уншина). Үүнийг сонссон иудейчүүд мэл гайхав. Есүс яагаад өөрийгөө тэнгэрээс ирсэн «талх», өвөг дээдэст нь өгсөн маннагаас илүү гэснийг тэд ерөөсөө ойлгоогүй. Мөн тэрбээр: «Миний өгөх талх бол ... махан бие минь юм» гэжээ. Юу хэлэх гэсэн юм бол? Энэ нь бидний болон дотнын хүмүүсийн маань мөнх амьдрахтай холбоотой учир утгыг нь ойлгох нь чухал. Одоо энэ талаар ярилцъя.

АМЬ ӨГӨГЧ ТАЛХ БА ЕСҮСИЙН БИЕ

4. Есүсийн хэлснийг сонсоод зарим хүн яагаад шоконд орсон бэ?

4 Есүс «хүн төрөлхтнийг амьдруулахын тулд» махан биеэ өгнө гэснийг сонссон зарим хүн шоконд орсон. Есүсийн махан биеийг иднэ гэдгийг тэд шууд утгаар ойлгосон байх (Ёох. 6:52). Гэтэл «Хүний Хүүгийн махыг идэж, цусыг уухгүй бол та нар амьдрахгүй» гэж хэлснийг нь сонсоод бүр ч цочирдон гайхсан (Ёох. 6:53).

5. Есүс цусыг нь уу гэж шууд утгаар хэлээгүйн учир юу вэ?

5 Цус идэхийг Ехова бүр Ноагийн үед хориглосон (Эх. 9:3, 4). Мөн энэ тухай израйлчуудад өгсөн Хуульд ч «Цус идсэн хэнийг ч хөнөөх ёстой» гэж байдаг (Лев. 7:27, ШЕ). Есүс ч Мосегийн хуульд бичсэнийг сахихыг заасан (Мат. 5:17–19). Тиймээс өөрийнх нь махан биеийг идэж, цусыг уу гэж хэзээ ч хэлэхгүй нь ойлгомжтой. Харин ийм хачин юм ярьсан нь «мөнх амьдрахын» тулд яах ёстойг заах гэснийх байв (Ёох. 6:54).

6. Махыг нь идэж, цусыг нь уу гэж Есүсийн хэлснийг ямар утгаар ойлгох вэ?

6 Есүс бэлгэдлийн утгатай юм ярьсан нь тодорхой. Самари эмэгтэйтэй бас ийнхүү ярьсан. Тэрбээр: «Миний өгөх уснаас уух хүн хэзээ ч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор оргилох булаг болж, мөнх амь өгнө» гэжээ (Ёох. 4:7, 14). b Самари эмэгтэй бодит ус уугаад мөнх амьтай болно гэсэн утгаар Есүс хэлээгүй. Үүнтэй адил, Капернаумд махыг нь идэж, цусыг нь уух тухай шууд утгаар хэлээгүй.

ХОЁР ТОХИОЛДОЛД ХЭЛСЭН ЕСҮСИЙН ҮГИЙН ЯЛГАА

7. Зарим хүн Ёохан 6:53-т бичсэн Есүсийн үгийг юу гэж ойлгодог вэ?

7 Зарим хүн Ёохан 6:53-т бичсэн Есүсийн үгийг Эзний оройн зоогийн үеэр мөрдөх ёстой гэдэг. Учир нь Есүс тэр үед төстэй юм ярьсан (Мат. 26:26–28). Тэдний хэлснээр бол Эзний оройн зоогт суусан бүх хүн талх, дарснаас хүртэх ёстой. Энэ зөв үү? Бид жил бүр дэлхий даяар олон сая хүнтэй цуглаж уг арга хэмжээг тэмдэглэдэг учир энэ асуултын хариуг мэдэж авах нь чухал. Ёохан 6:53-т болон Эзний оройн зоогийн үеэр хэлсэн Есүсийн үгийн ялгааг одоо ярилцъя.

8. Хоёр тохиолдол юугаараа ялгаатай вэ? (Бас зургийг үзээрэй).

8 Хоёр ялгааг анхаараарай. Нэгдүгээрт, Ёохан 6:53–56-д бичсэн үгийг Есүс хэзээ, хаана ярьсан бэ? Иерусалимд Эзний оройн зоогийг анх тэмдэглэхээс бараг 1 жилийн өмнө буюу МЭ 32 онд Галилд байхдаа хэлсэн. Хоёрдугаарт, Есүс хэнд хэлсэн бэ? Ехова болон Хаант төрийнх нь тухай мэдэж авъя гэхээсээ илүү махан биеийн хэрэгцээгээ хангая гэж бодож байсан хүмүүст хэлсэн (Ёох. 6:26). Үнэндээ, ойлгоход амаргүй юм ярихад тэд Есүст итгэхээ шууд больсон. Бүр зарим шавь ч түүнийг дагахаа больсон (Ёох. 6:14, 36, 42, 60, 64, 66). Харин бараг 1 жилийн дараа буюу МЭ 33 онд Есүс Эзний оройн зоогийг анх тэмдэглэхэд хажууд нь хэн байсан бэ? Үнэнч 11 элч нь. Хэдийгээр тэд Есүсийн заасныг бүрэн гүйцэд ойлгоогүй ч Галилд цугларсан хүмүүсээс ялгаатай байсан юм. Тэд Есүсийг Бурхны Хүү бөгөөд тэнгэрээс бууж ирсэн гэдэгт итгэж байв (Мат. 16:16). Есүс тэднийг «Намайг зовж байхад хажууд минь байсан хүмүүс бол та нар» гэж магтсан (Лук 22:28). Энэ хоёр ялгааг л бодоход Ёохан 6:53-т хэлсэн Есүсийн үг Эзний оройн зоогийн үеэр юу хийхийг хэлээгүй нь тодорхой. Бас өөр ялгаа бий.

Ёохан 6-р бүлэгт Галилд цугласан олонд хэлсэн Есүсийн үгийг бичсэн байдаг (зүүн). Жилийн дараа тэрбээр Иерусалимд үнэнч 11 элчдээ үг хэлж байна (баруун) (8-р догол мөрийг үзээрэй)


ЕСҮСИЙН ҮГ ТАНД Ч ХАМААТАЙ

9. Эзний оройн зоогийн үеэр Есүсийн хэлсэн үг хэнд хамаатай вэ?

9 Эзний оройн зоогийн үеэр Есүс элч нартаа исгээгүй талх өгөөд өөрийнх нь биеийг бэлгэддэгийг, дараа нь дарс өгч «гэрээний цусыг» бэлгэддэгийг хэлсэн (Марк 14:22–25; Лук 22:20; 1 Кор. 11:24). Гэрээний тухай хэлсэн нь их чухал. Энэ шинэ гэрээг хүн төрөлхтөнтэй бус, «Бурхны Хаант төрд» захирах үүрэг гүйцэтгэх «Израйлын гэртэй» байгуулсан (Евр. 8:6, 10; 9:15). Элч нар тухайн үед үүнийг бүрэн ойлгоогүй ч удалгүй агуу хүчээр тослогдон шинэ гэрээнд багтаж, Есүстэй хамт тэнгэрээс захирах болсон (Ёох. 14:2, 3).

10. Хоёр тохиолдолд хэлсэн Есүсийн үг хэн хэнд хамаатай вэ? (Бас зургийг үзээрэй).

10 Эзний оройн зоогийн үед хэлсэн Есүсийн үг «өчүүхэн сүрэгт» хамаатай. Тэр орой Есүстэй хамт байсан үнэнч элч нар нь энэ бүлэгт багтсан анхны хүмүүс юм (Лук 12:32). Тэд болон энэ бүлэгт хожим нь багтах хүмүүс бэлгэдлийн хоёр идээ буюу талх, дарснаас хүртэх учиртай. Тэд Есүстэй хамт тэнгэрээс захирах юм. Тэгэхээр Эзний оройн зоогийн үед элч нартаа хэлсэн үг нь зөвхөн жижиг бүлэгт хамаатай бол Галилд олон түмэнд хэлсэн үг нь бүх хүнд хамаатай.

Тодорхой тооны хүмүүс л талх, дарснаас хүртдэг ч хүн бүр Есүст итгэж мөнх амьдрах боломжтой (10-р догол мөрийг үзээрэй)


11. Галилд байхад хэлсэн Есүсийн үг тодорхой тооны хүмүүст биш, бүх хүнд хамаатай гэж яагаад хэлэх вэ?

11 Галилд цугларсан хүмүүс махан биеийн хэрэгцээгээ л бодож байсан. Харин Есүс илүү чухал юмыг буюу мөнх амьдрах тухай ойлгуулахыг хичээсэн. Бас нас барагсдыг амилуулж, мөнх амьдруулахаа хэлсэн. Тэрбээр Эзний оройн зоогийн үед зөвхөн тодорхой тооны хүмүүсийн хүртэх ивээлийн тухай ярьсан бол, харин энэ удаа бүх хүний хүртэж болох ивээлийн тухай ярьсан. Тиймээс ч «Энэ талхнаас идвэл мөнх амьдарна. Миний өгөх талх бол хүн төрөлхтнийг амьдруулахын тулд өгөх махан бие минь юм» гэж хэлжээ (Ёох. 6:51). c

12. Есүсийн хэлснээр мөнх амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

12 Гэхдээ Есүс бүх хүн энэ ивээлийг хүртэнэ гэж хэлээгүй. «Энэ талхнаас идэх» буюу түүнд итгэдэг хүн л мөнх амьдарна. Өөрийгөө Христийн дагалдагч гэдэг хүмүүс «[Есүст] итгэж», аврагчаа гэж үздэг л бол аврагдана гэдэг (Ёох. 6:29). Харин Галилд цугларсан зарим хүн Есүст итгэдэг байсан ч түүнийг хаяж явсан. Яагаад тэгсэн юм бол?

13. Есүсийн жинхэнэ дагалдагч болохын тулд яах ёстой вэ?

13 Есүсийн хооллосон хүмүүсийн ихэнх нь хүссэнийг нь өгч байсан учраас л дуртайяа дагасан. Тэд өвчнөөсөө ангижирч, хоол идэж, таалагдсан юмаа сонсохыг хүссэн. Гэхдээ Есүс хүмүүст хүссэнийг нь өгөхийн тулд бус, жинхэнэ дагалдагч нь болъё гэвэл яах ёстойг заахын тулд дэлхийд ирсэн. Тэд Есүс рүү «ирэх» буюу түүнийг сонсож, дагах ёстой байсан (Ёох. 5:40; 6:44).

14. Есүсийн махан бие, цусаа золиосолсны ач тус хүртэхийн тулд бид яах ёстой вэ?

14 Есүс махан бие, цусаа золиос болгосноор мөнх амьдрах боломжтой болохыг иудейчүүдэд заасан. Энэ үнэнд тэд итгэх ёстой байв. Ийнхүү итгэх нь зөвхөн тэр иудейчүүдэд бус, бидэнд ч хамаатай (Ёох. 6:40). Тиймээс Ёохан 6:53-т бичсэн үг нь мөнх амьдаръя гэвэл бид золиосонд итгэх ёстойг ойлгуулдаг. Энэ ивээлийг маш олон хүн хүртэх боломжтой (Эф. 1:7).

15, 16. Ёохан 6-р бүлгээс ямар чухал зүйлийг мэдэж авсан бэ?

15 Ёохан 6-р бүлэгт бичсэн зүйл бидэнд болон хайртай хүмүүст маань маш чухал. Учир нь Есүс хүмүүсийг хэчнээн их хайрлан халамжилдгийг тэндээс мэдэж авдаг. Тэрбээр Галилд өвчтэй хүмүүсийг эдгээж, Хаант төрийн тухай зааж, махан биеийн хэрэгцээг нь хангасан (Лук 9:11; Ёох. 6:2, 11, 12). Хамгийн чухал нь өөрийгөө «амь өгөгч талх» гэдгийг заасан (Ёох. 6:35, 48).

16 Жил бүрийн Эзний оройн зоогоор «өөр хоньдод» багтдаг хүмүүс талх, дарснаас хүртдэггүй, хүртэх ч ёсгүй (Ёох. 10:16). Гэхдээ тэд Есүсийн золиосны ачаар мөнх амьдрах боломжтой болсонд итгэдгээ харуулж, «амь өгөгч талхнаас» бэлгэдлийн утгаар хүртдэг (Ёох. 6:53). Харин тодорхой тооны хүн талх, дарснаас шууд утгаар хүртдэг нь шинэ гэрээнд багтаж, Хаант төрд захирах үүрэг гүйцэтгэх найдвартайгаа харуулж буй хэрэг. Тэгэхээр тослогдсон уу, өөр хоньдын нэг үү гэдгээс үл хамааран Ёохан 6-р бүлэгт бичсэн зүйл бид бүгдэд ач холбогдолтой. Тэр бүлэгт мөнх амьдрахын тулд золиосонд итгэх нь амин чухал гэдгийг онцолсон.

ДУУ 49 Еховад хоргодъё

a Ёохан 6:5–35-д бичсэнийг өмнөх өгүүллээр ярилцсан.

b Есүсийн дурдсан ус нь хүмүүсийг мөнх амьдруулахын тулд Еховагийн хийсэн, хийж буй бүхнийг хэлдэг.

c Ёохан 6-р бүлэгт мөнх амьдрах боломжтой хүмүүсийн тухай бичихдээ «хэн боловч», «хүн бүр» гэж орчуулж болох үгийг хэрэглэжээ (Ёох. 6:35, 40, 47, 54, 56–58).