Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 48

ДУУ 48 Өдөр бүр Еховатай алхъя

Талхаар хооллосон гайхамшиг

Талхаар хооллосон гайхамшиг

«Би бол амь өгөгч талх. Намайг дагадаг хүн огт өлсөхгүй» (ЁОХ. 6:35).

ГОЛ САНАА

Есүс гайхамшиг үйлдэж талх, загасаар олон хүнийг хооллосон түүхийг Ёохан 6-р бүлгээс судалж, юу сурч болохыг ярилцана.

1. Библи бичигдэж байх үед талх хэр чухал байсан бэ?

 БИБЛИ бичигдэж байх үед талх нь үндсэн хүнс байсан (Эх. 14:18; Лук 4:4). Тиймээс Библид «талх» гэдгээр идэх юмыг ерөнхийд нь хэлэх нь бий (Мат. 6:11). Есүс гайхамшиг үйлдэж хүмүүсийг талхаар хооллосон 2 тохиолдол байдаг (Мат. 16:9, 10). Нэгийнх нь тухай Ёохан 6-р бүлэгт бичжээ. Үүнийг судлаад сургамж нь юу болохыг мэдэж авцгаая.

2. Мянга мянган хүнд яагаад идэх юм хэрэгтэй болсон бэ?

2 Маш завгүй дэлгэрүүлээд ядарсан элч нар амрах гэж байв. Есүс тэдэнтэй хамт Галил нуурын цаана очихоор завиар явцгаав (Марк 6:7, 30–32; Лук 9:10). Тэгээд Бетсайдагийн ойролцоо хүнгүй газар ирцгээлээ. Гэтэл тун удалгүй тэнд мянга мянган хүн цугларав. Есүс тэднийг тоохгүй өнгөрөөгүй. Хаант төрийн тухай зааж, өвчтэй хүмүүсийг эдгээн цаг заваа зориулав. Үдэш болсон болохоор хүмүүс юу идэх юм бол гэж шавь нар боджээ. Зарим нь багахан идэх юмтай, харин ихэнх нь тосгон явж худалдаж авах шаардлагатай байсан байх (Мат. 14:15; Ёох. 6:4, 5). Есүс яасан бэ?

ТАЛХААР ХООЛЛОСОН НЬ

3. Есүс элч нартаа юу гэж хэлсэн бэ? (Бас зургийг үзээрэй).

3 Есүс элч нартаа «[Хүмүүс] эндээ байг. Та нар тэдэнд идэх юм өг» гэж хэлэв (Мат. 14:16). Гэхдээ энэ нь боломжгүй юм. Учир нь тэнд эрчүүд гэхэд л 5 000 орчим байсан. Харин эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулбал бараг 15 000 хүнийг хооллох хэрэгтэй (Мат. 14:21). Андрей: «Нэг хүүд арвайн таван талх, хоёр жижиг загас байна. Гэхдээ энэ олон хүнд юу ч болохгүй биз дээ?» гэлээ (Ёох. 6:9). Тэр үед хүмүүс арвайн талх иддэг байсан бөгөөд жижиг загас нь давсалж хатаасан бололтой. Гэхдээ иймхэн юм тийм олон хүнд хүрэлцэхгүй биз дээ?

Хүмүүст Еховагийн тухай заасныхаа дараа Есүс сайхан сэтгэл гарган тэднийг хооллосон (3-р догол мөрийг үзээрэй)


4. Ёохан 6:11–13-аас юу мэдэж авах вэ? (Бас зургийг үзээрэй).

4 Есүс зочломтгой байх хүсэлдээ хөтлөгдөөд хүмүүсийг хэсэг хэсгээр нь зүлгэн дээр суулгасан (Марк 6:39, 40; Ёохан 6:11–13-ыг уншина). Тэгээд талх, загас өгсөн Эцэгтээ талархаж залбирсан. Ехова л бүх хоол хүнсээр хангадаг тул түүнд талархах нь зохистой. Бид ганцаараа ч, олуулаа ч байсан хоол идэхийнхээ өмнө залбирахын чухлыг энэ жишээ сануулдаг. Дараа нь Есүс идэх юм тараалгахад хүмүүс идэж цаджээ. Бүр үлдэгдэл гарахад нь хаяагүй. Дараа нь идэж болох тул бүгдийг нь цуглуулсан. Ингэснээр ариг гамтай байхын жишээ үзүүлсэн. Та эцэг юм уу эх бол хүүхэдтэйгээ хамт уг түүхийг уншиж судлаад залбирах, зочломтгой, өгөөмөр байх талаар зааж болохгүй нь юу билээ?

Та өөрөөсөө «Хоол идэхээсээ өмнө Есүсийг дуурайж залбирдаг уу?» гэж асуугаарай (4-р догол мөрийг үзээрэй)


5. Есүсийг гайхамшиг үйлдэхийг харсан хүмүүс яасан бэ? Харин Есүс яасан бэ?

5 Хүмүүс чадварлаг зааж, гайхамшиг үйлдэж байгаа Есүсийг хараад биширсэн. Бурхан агуу зөнчийг гаргаж ирнэ гэж Мосегоор хэлүүлснийг мэдэж байсан ард түмэн «Есүс тэр зөнч юм биш үү?» хэмээн бодсон байх (Д.хууль 18:15–18). Тэд Есүсийг гайхалтай удирдагч болно, бүх хүнийг хоол хүнсээр хангана гэж бодсон байж магадгүй. Тийм ч учраас «хүчээр хаан болгох» гэж оролдсон (Ёох. 6:14, 15). Хэрэв Есүс хаан болохыг зөвшөөрсөн бол тухайн үед Ромын захиргаан дор байсан Иудейн улс төрийн үйл хэрэгт оролцсон хэрэг болох байв. Харин тэгээгүй. Тэрбээр зугтаж «уул руу ... явсан» гэж бичсэн байдаг. Бусдын дарамт шахалтад орсон ч улс төрийн үйл хэрэгт оролцоогүй. Ямар сайхан жишээ вэ!

6. Есүсийг хэрхэн дуурайх вэ? (Бас зургийг үзээрэй).

6 Хүмүүс биднээс гайхамшиг үйлдэн хоол хүнс арвижуулж өгөхийг гуйх, өвчин эдгээхийг шаардах юм уу эсвэл биднийг хаан, үндэсний удирдагч болгох гэж оролдохгүй байх л даа. Харин сайн удирдагч болно гэж тэдний үзсэн хүнийг дэмжиж, санал өгөхийг ятгаж мэднэ. Есүс энэ талаар тодорхой жишээ үзүүлсэн. Улс төрийн үйл хэрэгт оролцоогүй бөгөөд хожим нь бүр «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэсэн (Ёох. 17:14; 18:36). Христийн дагалдагч бид Есүс шиг боддог, үйлддэг байх ёстой. Бид Хаант төрийг дэмжиж, гэрчилж, захираасай гэж залбирдаг (Мат. 6:10). Есүс гайхамшиг үйлдэн хүмүүсийг хооллосноос өөр юу мэдэж авахыг бодоцгооё.

Есүс дагалдагчдадаа үлгэр жишээ үзүүлж улс төрийн үйл хэрэгт оролцоогүй (6-р догол мөрийг үзээрэй)


«ГАЙХАМШИГТ ЯВДЛЫГ УХАЖ ОЙЛГОХ» НЬ

7. Есүс ямар гайхамшиг үйлдсэн бэ? Шавь нар яасан бэ? (Ёохан 6:16–20).

7 Есүс олон түмнийг хооллосны дараа шавь нараа завинд суулгаад Капернаум руу буцаасан. Харин өөрийг нь хаан болгох гэсэн хүмүүсээс зугтаж уул руу явдаг (Ёохан 6:16–20-ийг уншина). Элч нар сэлүүрдэн явж байтал хүчтэй шуурга дэгдэж, давлагаа ширүүсдэг. Гэтэл Есүс нууран дээгүүр алхсаар тэдэнд дөхөж ирэв. Тэгээд Петрт усан дээгүүр алхаад ир гэж хэлдэг (Мат. 14:22–31). Есүсийг завинд суухад шуурга намджээ. Сэтгэл нь хөдөлсөн шавь нар: «Та үнэхээр Бурхны Хүү байна» гэсэн (Мат. 14:33). a Тэд талхаар хооллосон гайхамшгийг үзээд ингэж хэлээгүй атлаа Есүсийг усан дээр алхахыг хараад ийнхүү хэлсэн нь сонирхолтой. Марк энэ талаар «Шавь нар тун их гайхав. Учир нь тэд олон хүнийг талхаар хооллосон гайхамшигт явдлыг ухаж ойлгоогүй бөгөөд ухаарах чадваргүй байжээ» гэж бичсэн (Марк 6:50–52). Ехова Есүст ямар их хүч өгснийг тэд ойлгоогүй. Үүнээс хойш удалгүй Есүс талхаар хооллосон гайхамшгийн тухай дахин ярьж өөр нэг зүйлийг заасан.

8, 9. Хүмүүс яагаад Есүсийг хайж очсон бэ? (Ёохан 6:26, 27).

8 Маргааш нь хүмүүс нөгөө газартаа ирэхэд Есүс болон элч нар байсангүй. Тиймээс тэд Тибэрээс ирсэн завинуудад суун Есүсийг хайхаар Капернаумыг зорьдог (Ёох. 6:22–24). Хаант төрийн тухай илүү ихийг заалгах гээд үү? Үгүй. Дахин талх идье л гэсэн бодолтой байв. Яагаад ингэж хэлж болох вэ?

9 Хүмүүс Капернаумын ойролцоо байсан Есүсийг олоход юу болсныг анхааръя. Тэд махан биеийн хэрэгцээгээ хангахыг л боддогийг Есүс шулуухан хэлсэн. «Талх идэж цадсан» ч энэ нь «мууддаг хоол» гээд, харин «мөнх амьтай болгох хоолны төлөө ажилла» гэжээ (Ёохан 6:26, 27-г уншина). Эцэг нь ийм хоолоор хангахыг хэлжээ. Хоол идээд мөнх амьтай болно гэдэг нь тэдэнд ёстой хачин санагдсан байх! Ямар хоол мөнх амьтай болгох вэ? Хэрхэн хүртэх вэ?

10. Хүмүүс «мөнх амьдрахын» тулд яах ёстой байсан бэ?

10 Иудейчүүд ийм хоол хүртэхийн тулд ямар нэг ажил юм уу үйл хэрэг хийх ёстой гэж үзсэн бололтой. Тэд Мосегийн хуулийн талаар бодсон байж болох юм. Гэхдээ Есүс: «Бурхны илгээсэн хүнд итгэдэг бол Бурханд таалагддаг ажил хийж байгаа хэрэг» гэжээ (Ёох. 6:28, 29). «Мөнх амьдрахын» тулд Бурхны илгээсэн нэгэнд итгэх ёстой. Энэ тухай тэрбээр өмнө нь хэлж байсан (Ёох. 3:16–18, 36). Хожим нь ч, мөнх амьдрахын тулд яах ёстойг хэлсэн (Ёох. 17:3).

11. Иудейчүүд идэх юмны тухай л бодож байсан нь юунаас харагддаг вэ? (Дуулал 78:24, 25).

11 Иудейчүүд «Бурханд таалагддаг ажил» буюу Есүст итгэхийн чухлыг ойлгоогүй. Тэд: «Тэгвэл та биднийг итгүүлэхийн тулд ямар гайхамшиг үйлдэж байгаа юм бэ?» гэж асуудаг (Ёох. 6:30). Тэгээд Мосегийн үед өвөг дээдэс нь өдөр бүр манна идэж байсныг ярьсан (Нех. 9:15; Дуулал 78:24, 25-ыг уншина). Тэд бодитой талхны тухай бодсоор байсан нь тодорхой. Маннагаас ялгаатай мөнх амьдруулах «жинхэнэ талх» тэнгэрээс өгөх тухай Есүсийг ярихад ямар учиртайг нь асуугаа ч үгүй (Ёох. 6:32). Бие махбодын хэрэгцээгээ л бодож байсан тул мөнх амьтай болох талаар заах гэж байгааг нь ойшоогоогүй. Эндээс бид юу ойлгох вэ?

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ

12. Юу нь хамгийн чухал болохыг Есүс хэрхэн онцолсон бэ?

12 Бурханд дуулгавартай байж, түүнтэй сайхан харьцаатай байх нь хамгийн чухал. Энэ бол Ёохан 6-р бүлгийн гол сургамж юм. Сатан өөрийг нь сориход Есүс юу гэснийг санаарай (Мат. 4:3, 4). Мөн «Уулан дээр айлдсан сургаал»-даа Бурхантай дотно байхыг онцолсон (Мат. 5:3). Тэгэхээр та өөрөөсөө «Махан биеийн хэрэгцээгээ хангахаас илүү Бурхантай дотно байхыг анхаардаг нь амьдралаас минь харагддаг уу?» гэж асуугаарай.

13. а) Идэж уун сэтгэл дүүрэн байх нь буруу биш гэж яагаад хэлэх вэ? б) Бид ямар сануулгыг анхаарах ёстой вэ? (1 Коринт 10:6, 7, 11).

13 Махан биеийн хэрэгцээнийхээ төлөө залбирч, хэрэгцээгээ хангаж сайхан амьдрах нь буруу биш (Лук 11:3). Ажил хөдөлмөр эрхлэн үр шимийг нь хүртэх буюу «идэж, уун» сэтгэл хангалуун байх нь «Бурханы мутраас ирдэг» (Ном. 2:24; 8:15; Яак. 1:17). Гэхдээ үүнийг хамгийн чухалд үзэх учиргүй. Элч Паул Иудейн тогтолцооны төгсгөлийн цаг үед амьдарч байсан Христийн дагалдагчдад энэ тухай онцолж бичжээ. Тэрбээр израйлчуудад тохиолдсон, тухайлбал Синаи уулын дэргэд болсон явдлыг дурдан «муу юманд дурласан тэднийг санаж муу юманд дурлахгүй байхыг» сануулсан (1 Коринт 10:6, 7, 11-ийг уншина). Израйлчууд шуналд автсаны гайгаар Еховагийн гайхамшгаар өгсөн хоол хүнс хүртэл «муу юм» болсон (Тоол. 11:4–6, 31–34). Тэд Еховад дуулгавартай байхаас илүү идэж уун, наадаж цэнгэхийг чухалд үздэг нь алтан тугал шүтэхэд илт байсан (Ег. 32:4–6). Паул МЭ 70 онд Иудейн тогтолцоо устгагдахаас өмнөхөн амьдарч байсан Христийн дагалдагчдад энэ явдлыг сануулга болгон бичсэн. Бид ч энэ тогтолцооны төгсгөлийн үед амьдарч байгаа тул уг сануулгад нухацтай хандах ёстой.

14. Шинэ ертөнцөд хоол хүнс ямар байх талаар Библид юу гэж байдаг вэ?

14 Есүс «өнөөдөр идэх талхныхаа» төлөө залбирч байхыг захихдаа Бурхны хүсэл «тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелэх» цагийн тухай хэлсэн (Мат. 6:9–11). Тэр үед газар дэлхий маань ямар байх бол? Дэлхийн талаарх Бурхны хүсэл таалалд хоол хүнсээр хангах ч ордгийг Библид бичсэн байдаг. Исаиа 25:6–8-д бичсэнээр, Еховагийн Хаант төр захирахад шим тэжээллэг арвин их хоол хүнстэй байна. Дуулал 72:16-д «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болно» гэж зөгнөжээ. Та тэр үр тариагаар дуртай талхаа барьж, урьд нь хийж үзээгүй хоолоо хиймээр байна уу? Түүнчлэн өөрийнхөө тарьсан усан үзмийн модноос үр жимсийг нь идэх үнэхээр сайхан биш гэж үү? (Ис. 65:21, 22). Тийм ээ, бүх хүн хоол хүнсээр хангалуун байна.

15. Амилсан хүмүүс юуны тухай заалгах вэ? (Ёохан 6:35).

15 Ёохан 6:35-ыг уншина. Есүсийн талх, загасаар хооллосон хүмүүс ирээдүйд яах вэ? Есүст итгээгүй ч зарим нь амилж магадгүй. Тэгэхээр та тэдэнтэй уулзаж ч болох юм (Ёох. 5:28, 29). Тэд «Би бол амь өгөгч талх. Намайг дагадаг хүн огт өлсөхгүй» гэж Есүсийн хэлсний утгыг ойлгож, өөрсдийнх нь төлөө амиа золиосолсонд итгэх хэрэгтэй болно. Шинэ ертөнцөд амилсан хүмүүс, мөн шинээр мэндэлсэн хүүхдүүдэд зориулсан сургалт болно. Бид хөтөлбөрийнх нь дагуу тэдэнд заагаад баяр жаргалаар бялхана. Амттай хоол идэх сайхан ч Еховатай дотно болоход хүмүүст туслах нь бүр ч сайхан!

16. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

16 Бид Ёохан 6-р бүлгийн зарим зүйлийг ярилцлаа. Харин Есүс «мөнх амьдрах» талаар илүү ихийг заасан. Энэ нь иудейчүүдийн төдийгүй бидний ч анхаарлыг татдаг. Дараагийн өгүүллээр Ёохан 6-р бүлгийг үргэлжлүүлэн судалъя.

ДУУ 148 Та цорын ганц Хүүгээ өгсөн

a Энэхүү гайхалтай үйл явдлын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл «Итгэлийн жишээ» номын 185-р хуудаснаас үзээрэй.