Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 51

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

Урсах нулимсыг тань Ехова хардаг

Урсах нулимсыг тань Ехова хардаг

«Миний нулимсыг тулмандаа хийгээч. Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?» (ДУУ. 56:8).

ГОЛ САНАА

Зовж шаналж байгаа биднийг Ехова бүрэн ойлгодог бөгөөд тайвшруулна.

1, 2. Бид ямар ямар үед нулимс унагадаг вэ?

 БИД бүгдэд нулимс унагах үе байдаг. Заримдаа баярын нулимс дуслуулдаг. Жишээлбэл, шинэ хүн мэндлэх зэрэг онцгой үйл явдал тохиоход, сайхан дурсамжаа санах юм уу олон жил уулзаагүй найзтайгаа уулзахад өөрийн эрхгүй нүдийг маань нулимс бүрхдэг.

2 Гэхдээ ихэнхдээ зовлон шаналлаасаа болоод асгарах нулимсаа барьж дийлдэггүй. Жишээ нь, хэн нэгэн маш их гомдооход, хүнд өвчин тусаж удаан хугацаагаар өвдөхөд, хайртай хүнээ үхэлд алдахад асгаруулан уйлах нь бий. Ийм үед та Иеремиагийн адилаар шаналсан байх. Вавилончууд Иерусалимыг устгахад тэрбээр: «Нүд минь усны урсгалаар урсана. Миний нүд зогсолтгүйгээр, тасралтгүй асгардаг» гэжээ (Гаш. 3:48, 49).

3. Үйлчлэгчид нь зовоход Еховад ямар санагддаг вэ? (Исаиа 63:9).

3 Бид зовж шаналснаасаа болоод хэчнээн удаа уйлсныг Ехова мэддэг. Зовлон амсах болгонд маань анзаардаг бөгөөд тусламж гуйн уйлан орилоход сонсдогийг Библи батлан хэлдэг (Дуу. 34:15). Гэхдээ харж, сонсоод болчихдоггүй. Эцэг Ехова маань бидэнд маш их хайртай. Тиймээс бидний уйлж байгааг хараад сэтгэл нь зовж, туслахаар яардаг (Исаиа 63:9-ийг уншина).

4. Одоо хэн хэний жишээг ярилцах вэ? Еховагийн тухай юу мэдэж авах вэ?

4 Үйлчлэгчид нь уйлахад Ехова яасныг Библид бичсэн байдаг. Одоо Ханна Давид Хезекиа нарт юу тохиолдсоныг ярилцъя. Тэд яагаад уйлсан бэ? Тусламж гуйхад нь Ехова яасан бэ? Шаналах, итгэж байсан хүн урвах, ямар ч найдваргүй мэт санагдах үед Ехова хэрхэн тайвшруулдаг вэ?

ШАНАЛАХАД

5. Зовлон амссан Ханна яасан бэ?

5 Багагүй зовлон амссан Ханна шаналж уйлсан. Нөхөр нь хоёр эхнэртэй байв. Нөгөө эхнэр Пенинна өөрийг нь үзэн яддаг. Бас Пенинна олон хүүхэдтэй, харин Ханна ганц ч хүүхэдгүй (1 Сам. 1:1, 2). Тиймээс Пенинна түүнийг хүүсэр эм гээд доромжлон гутаана. Та ийм нөхцөлд байсан бол ямар байх бол? Ханна сэтгэлээр унаж «уйлан, хоол унд ч идэхээ» больж, «ихэд шаналсан» (1 Сам. 1:6, 7, 10).

6. Ханна тайвшрахын тулд яасан бэ?

6 Ханна хэрхэн тайвширсан бэ? Жинхэнэ шүтлэгийн төв болох асарт очсон нь тус болсон. Тэнд, асрын хашааны үүд хавьцаа бололтой, зогсоод Еховад «залбиран, гашуунаар уйлжээ». Тэгээд «Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санаач» гэж гуйдаг (1 Сам. 1:10б, 11). Ийнхүү сэтгэлээ уудлан залбирчээ. Хайртай охиныхоо нулимсыг хараад Ехова ямар их шаналсан бол оо!

7. Ханна Еховад залбирсны дараа яасан бэ?

7 Ханнаг залбираад сэтгэлд байгаа бүхнээ хэлж дууссаны дараа тэргүүн тахилч Ели залбиралд нь Ехова хариулна гэдгийг батлан хэлдэг. Тэгээд Ханна яасан бэ? Библид «Тэр эмэгтэй буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов» гэж бичсэн байдаг (1 Сам. 1:17, 18). Хэдийгээр бэрх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй ч сэтгэл нь уужирсан. Тэрбээр сэтгэлийн зовлонгоо Еховад даатгасан. Ехова түүний зовж буйг харж, уйлахыг сонссон. Тэгээд хожим нь ивээсний ачаар Ханна хүүхэдтэй болсон (1 Сам. 1:19, 20; 2:21).

8, 9. Еврей 10:24, 25-д бичсэнээр цуглаандаа явах нь яагаад чухал вэ? (Бас зургийг үзээрэй).

8 Сургамж нь юу вэ? Та зовлонд унаад шаналан уйлж байгаа юу? Гэр бүлийнхнийхээ хэн нэгнийг юм уу найзаа үхэлд алдаад гашуудаж байна уу? Ийм үед ганцаараа баймаар санагдах нь ойлгомжтой. Гэхдээ Ханна асарт очоод тайвширсан шиг хэчнээн хэцүү байсан ч та бас цуглаанд очоод тайвшрах боломжтой (Еврей 10:24, 25-ыг уншина). Тэнд сэтгэл тайвшрам Библийн үг сонсоно. Ийнхүү Ехова таагүй бодлоосоо салахад тусалдаг. Нөхцөл байдал шууд сайжрахгүй ч сэтгэл санаа маань тайтгардаг.

9 Танхимд очихоор мөн ах дүүс маань ямар их хайртайгаа мэдрүүлж биднийг тайвшруулдаг (1 Тес. 5:11, 14). Эхнэрээ үхэлд алдсан нэг тусгай эхлэгчийн тухай бодъё. Тэрбээр: «Би одоо ч нулимс унагадаг. Заримдаа ганцаараа байх үедээ уйлна. Гэхдээ цуглаанд очоод их тайвширдаг. Ах дүүсийн сайхан сэтгэлийн үг, хариулт сэтгэлийг минь засдаг. Хэчнээн шаналж байсан ч цуглаанд очихоор хамаагүй дээрддэг» гэжээ. Бид цуглаанд очвол Ехова ах дүүсээр маань туслуулна.

Итгэл нэгтнүүд маань биднийг тайвшруулдаг (8, 9-р догол мөрийг үзээрэй)


10. Зовж шаналсан үедээ Ханнаг хэрхэн дуурайх вэ?

10 Ханна мөн сэтгэлээ уудлан залбираад тайвширсан. Та ч Ехова сонсоно гэдэгт итгэн «бүх зовнилоо [түүнд] даатгаарай» (1 Петр 5:7). Зэвсэгт дээрмийн үеэр нөхрөө алдсан Гэрч эмэгтэй: «Элэг зүрх минь өмрөх шиг л болж, үүрд гашуудаж явна гэж бодсон. Гэхдээ тэнгэрийн хайрт халамжтай Эцэг Еховадаа залбирсан нь их тус болсон. Заримдаа юу гэж залбирахаа мэдэхгүй ч Ехова ойлгож байгааг мэдэрдэг байлаа. Гүн хямарсан үедээ амар тайвныг гуйн залбирсан. Тэгээд сэтгэл түр ч атугай амсхийж, тухайн өдөр хийх ёстой бүхнээ хийж чаддаг байв» гэж ярьжээ. Та зовлонгоо Еховад яривал тэрбээр нулимсыг тань харж, ямар санагдаж байгааг тань ойлгоно. Зовлон арилаагүй ч сэтгэлийг тань тайтгаруулж, амар тайвныг өгнө (Дуу. 94:19; Флп. 4:6, 7). Бас үнэнч, тэвчээртэй байгаа таныг шагнана (Евр. 11:6).

ИТГЭЖ БАЙСАН ХҮН УРВАХАД

11. Хүмүүс муугаар хандахад Давид яасан бэ?

11 Давид амьдралдаа хэд хэдэн удаа хэцүү байдалд орж нулимс унагаж явсан. Олон хүн түүнийг үзэн ядаж, итгэж найддаг хүн нь хүртэл урвасан (1 Сам. 19:10, 11; 2 Сам. 15:10–14, 30). Тиймээс «Би ёолсоор эцэж ядарч байна. Шөнө бүр би ороо хөвүүлж, дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог» гэж бичжээ. Үүнийгээ «Миний бүх өстнөөс болсон» гэж тайлбарласан (Дуу. 6:6, 7). Хүмүүсийн учруулсан зовлонгоос болж Давид нулимсаа асгаруулахад хүрсэн.

12. Дуулал 56:8-д бичсэнээр Давид юунд итгэлтэй байсан бэ?

12 Давид олон зовлон, бэрхшээл туулсан ч Ехова өөрийг нь хайрладагт итгэлтэй байсан. Тэрбээр: «[Ехова] миний уйлан гинших дууг сонссон» гэжээ (Дуу. 6:8). Бас сонирхол татам нэг үг хэлсэн нь Дуулал 56:8 бий (уншина). Энэ зүйлд Ехова хэчнээн их хайр халамжтайг дүрсэлдэг. Тэрбээр нулимсыг нь тулмандаа хийдэг эсвэл номдоо тэмдэглэдэг юм шиг Давидад санагдсан. Ехова зовж байгааг нь анзаардаг, мартахгүй гэдгийг мэддэг байв. Мөн юу туулж, ямар хэцүү байгааг нь хайр халамжтай тэнгэрийн Эцэг нь ойлгодогт итгэлтэй байсан.

13. Итгэж найддаг хүн урвах юм уу гомдооход бид юуг санаж явах ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Сургамж нь юу вэ? Итгэж найддаг байсан хүн тань урвах юм уу гомдоосноос болж та зовж байна уу? Үерхэж байсан хүн эсвэл хань тань хаяж явсан юм уу дотнын хүн тань Еховад үйлчлэхээ больсноос болж шаналж байна уу? Эхнэр нь завхайрч, хаяж явахад нэг Гэрч эрэгтэй: «Би шоконд орж, нүдэндээ ч итгээгүй. Сэтгэлээр унаж, уурлан бухимдаж, хэнд ч хэрэггүй болсон юм шиг санагдсан» гэжээ. Хэн нэгэн урвах юм уу маш их гомдоосон ч Ехова хэзээ ч таныг хаяхгүй гэдгийг санавал тайвширна. Нөгөө Гэрч эрэгтэй: «Хүн үнэнч байхаа больж болох ч Ехова бол Хад, юу ч тохиолдсон үргэлж хамт байдгийг ойлгосон. Тэрбээр үнэнч хүмүүсээ хэзээ ч орхихгүй» гэж ярьжээ (Дуу. 37:28). Бас Ехова хэн хүнээс илүү таныг хайрладгийг санаарай. Хүн урвахад хэцүү л дээ. Харин Ехова таныг хайрладаг, эрхэмд үздэг хэвээрээ (Ром 8:38, 39). Тэгэхээр хүн яаж ч хандсан тэнгэрийн Эцэг тань танд хайртай шүү.

Ехова сэтгэлийн шархтай хүмүүст ойрхон байдгийг «Дуулал» ном баталдаг (13-р догол мөрийг үзээрэй)


14. Дуулал 34:18-д ямар баталгаа байдаг вэ?

14 Хэн нэгэн урвахад Дуулал 34:18 байдаг Давидын хэлсэн үг биднийг тайвшруулдаг (уншина). a Нэг номд бичсэнээр «сэтгэлээр унасан хүмүүс» гэдгээр «ямар ч найдах юмгүй хүнийг» хэлж болох ажээ. Ехова ийм хүмүүст хэрхэн ханддаг вэ? Уйлж буй хүүхдээ тэврээд тайвшруулж байгаа аав, ээжтэй адилаар Ехова бидэнд «ойрхон байдаг» буюу зовлонг маань ойлгож, туслахад бэлэн. Сэтгэлийн шархыг эдгээж, тайтгаруулах чин хүсэлтэй. Мөн өнөөгийн бэрхшээлийг тэвчихэд тус болох найдвар өгдөг (Ис. 65:17).

ЯМАР Ч НАЙДВАРГҮЙ МЭТ САНАГДАХАД

15. Хезекиа юунаас болж сэтгэлээр унаад уйлсан бэ?

15 Иудагийн хаан Хезекиа 39 настайдаа эдгэршгүй өвчин тусжээ. Зөнч Исаиа энэ өвчнөөс болж үхнэ гэсэн Еховагийн үгийг дамжуулдаг (Х.дэд 20:1). Хезекиад ямар ч найдваргүй мэт санагдсан байх. Хезекиа энэ мэдээг сонсоод сэтгэлээр унаж цурхиран уйлав. Тэгээд Еховад шаргуу залбирдаг (Х.дэд 20:2, 3).

16. Хезекиаг уйлж залбирахад Ехова хэрхэн хариулсан бэ?

16 Хезекиаг уйлж залбирахыг Ехова сонсоод өрөвдөн «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ» гэж хэлжээ. Нигүүлсэнгүй сэтгэлтэй Ехова насыг нь уртасгаж, Иерусалимыг ассиричуудаас аврахаа амлаж буйгаа Исаиагаар хэлүүлдэг (Х.дэд 20:4–6).

17. Хүнд өвчин тусахад Ехова хэрхэн тусалж тэтгэх вэ? (Дуулал 41:3) (Бас зургийг үзээрэй).

17 Сургамж нь юу вэ? Та эдгэршгүй өвчин туссан уу? Уйлаад ч хамаагүй Еховад залбираарай. Библид «энэрч өршөөдөг Эцэг, ямар ч үед тайвшруулдаг Бурхан ... ямар ч зовлон тохиолдоход ... биднийг тайвшруулдаг» гэж батлан бичсэн байдаг (2 Кор. 1:3, 4). Өнөөдөр Ехова бүх зовлонг арилгана гэж бид боддоггүй ч тусалж тэтгэнэ гэдэгт нь найддаг (Дуулал 41:3-ыг уншина). Тэрбээр агуу хүчээрээ хүч тэнхээ, мэргэн ухаан, амар тайван өгдөг (Сур. 18:14; Флп. 4:13). Мөн ирээдүйд бүх өвчнийг арилгана гэсэн найдвар нь биднийг тайтгаруулдаг (Ис. 33:24).

Ехова хүч тэнхээ, мэргэн ухаан, амар тайван өгч залбиралд маань хариулдаг (17-р догол мөрийг үзээрэй)


18. Маш хүнд хэцүү үед Библийн ямар зүйл таныг тайвшруулдаг вэ? ( «Биднийг тайвшруулах үг» гэсэн хавсралтыг үзээрэй).

18 Еховагийн үг Хезекиаг тайвшруулсан. Биднийг ч тайвшруулна. Зовлонд унасан бидэнд тус болох үгийг Ехова Библид бичүүлсэн (Ром 15:4). Баруун Африкийн нэг Гэрч эмэгтэй хорт хавдар тусаад их уйлдаг байжээ. Тэрбээр: «Намайг ихэд тайвшруулсан зүйл бол Исаиа 26:3. Бид нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч Ехова тайван байлгаж, сорилтыг давахад тусална гэдгийг энэ зүйл баталдаг» гэжээ. Хүнд хэцүү, бүр ямар ч найдваргүй мэт санагдах үед Библийн ямар зүйл таныг тайвшруулдаг вэ?

19. Биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

19 Бид эцсийн өдрүүдийн сүүлчийн цаг мөчид амьдардаг тул уйлах шалтгаан улам л нэмэгдэнэ. Гэхдээ уйлж байхыг маань хараад Еховагийн сэтгэл өвддөгийг Ханна Давид Хезекиа нарын жишээнээс мэдэж авсан. Тэрбээр бидний нулимсыг мартдаггүй. Тиймээс хүнд хэцүү үед Еховад сэтгэлээ уудлан залбирцгаая. Хурлынхаа ах дүүсээс өөрийгөө бүү тусгаарлаарай. Библи уншвал Ехова биднийг тайвшруулна. Мөн үнэнч, тэвчээртэй хүнийг Ехова шагнана. Үүнд, зовлонгоос болж урсах нулимс бүрийг арчина гэсэн Еховагийн гайхалтай амлалт ч багтдаг (Илч. 21:4). Тэр үед бид баярын нулимс л унагана.

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

a Дуулал 34:18 (ШЕ): «Ехова сэтгэлийн шархтай хүмүүст ойрхон байдаг. Тэрбээр сэтгэлээр унасан хүмүүсийг авардаг».