Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 50

ДУУ 11 Еховаг баярлуулъя

Эцэг эхчүүд ээ, итгэлээ батжуулахад нь хүүхдэдээ туслаарай

Эцэг эхчүүд ээ, итгэлээ батжуулахад нь хүүхдэдээ туслаарай

«Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг өөртөө батал» (РОМ 12:2, зүүлт).

ГОЛ САНАА

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ Бурхан, Библийн тухай хэрхэн үр дүнтэй ярилцах болон итгэлээ батжуулахад нь туслах талаар тус өгүүллээр үзнэ.

1, 2. Хүүхэд итгэл үнэмшлийнхээ талаар асуухад эцэг эхчүүд яах нь зүйтэй вэ?

 ХҮҮХДИЙГ өсгөн хүмүүжүүлэх нь нөр их хөдөлмөр гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Хэрэв та эцэг юм уу эх бол хүүхдийнхээ итгэлийг батжуулахын тулд хичээл зүтгэл гаргаж Еховаг баярлуулж байгаа нь гарцаагүй (Д.хууль 6:6, 7). Хүүхэд тань том болохын хэрээр ёс суртахууны хэм хэмжээ зэрэг Библид үндэслэсэн итгэл үнэмшлийнхээ талаар асуудаг болж болох юм.

2 Эхэндээ та итгэл нь сул учраас ингэж асуулаа гэж санаа зовж магадгүй. Гэхдээ хүүхэд томрохын хэрээр асуултууд асууж, хариултыг нь авахлаараа итгэл нь батаждаг (1 Кор. 13:11). Тиймээс санаа зовох хэрэггүй. Харин ч сайтар эргэцүүлэн бодоход, мөн Бурхан болон Библид итгэх итгэлээ батжуулахад нь хүүхдэдээ туслах боломж гэж үзээрэй.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Эцэг эхчүүд хүүхдэдээ 1) Бурхан болон Библид бат итгэдэг болоход, 2) Библи дэх ёс суртахууны буюу зөв буруугийн талаарх хэм хэмжээ тустайг ойлгоход, 3) итгэл үнэмшлээ бусдад тайлбарлаж сурахад нь хэрхэн туслахыг энэ өгүүллээр үзнэ. Мөн хүүхэд асуулт асуух нь яагаад сайн байдгийг болон итгэлийг нь батжуулахын тулд юу юу хийж болохыг ярилцана.

БУРХАН БОЛОН БИБЛИД БАТ ИТГЭДЭГ БОЛОХОД НЬ

4. Хүүхэд ямар асуулт тавьж болох вэ? Яагаад?

4 Аав ээж нь Бурханд итгэдэг бол хүүхэд бас итгэнэ гэсэн үг биш. Та төрөхдөө Еховад итгэдэг байгаагүй шүү дээ. Хүүхэд тань ч мөн адил. Яваандаа танай хүүхэд: «Бурхан байдаг гэдгийг би яаж мэдэх вэ? Библид үнэхээр итгэж болох уу?» гэх зэргээр асууж болох юм. Библи «оюун ухаанаа дайчилж», «аливаа юмны зөв эсэхийг магадлахыг» уриалдаг (Ром 12:1; 1 Тес. 5:21). Тэгэхээр итгэлээ батжуулахад нь та хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

5. Библид итгэх итгэлээ батжуулахад нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? (Ром 12:2).

5 Үнэнийг өөртөө батлахад нь туслах (Ром 12:2 болон зүүлтийг уншина). Хүүхэд тань асуулт асуувал «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» зэрэг судлах багажуудыг ашиглан хариултаа олоход нь туслах боломж олдлоо гэж үзээрэй. Жишээ нь Библи бол хүний бичсэн нэг сайн ном биш, харин «Бурхны үг» гэдгийн ямар баталгаа байдгийг «Судалгааны лавлах»-ын «Библи» гэсэн сэдэв доорх «Бурхан агуу хүчээрээ удирдан бичүүлсэн» хэсэгт буй материалуудаас судлах боломжтой (1 Тес. 2:13). Бас манай ном хэвлэлээс эртний Ассирийн хот Ниневегийн талаар судалгаа хийж болох юм. Библийг шүүмжилдэг зарим хүн уг хот огт байгаагүй гэдэг байжээ. Харин 1850-аад онд малтлагаар балгас нь олдсоноор Библид бичигдсэн зүйл үнэн зөв гэдэг нь батлагдсан (Зеф. 2:13–15). Ниневе устгагдах талаарх Библийн зөгнөл хэрхэн биелснийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2021 оны 11-р сарын дугаарт буй «Таны мэдлэгт» булангаас үзээрэй. Хүүхэд тань байгууллагын ном хэвлэлээс судалж мэдсэнээ нэвтэрхий толь зэрэг найдвартай эх сурвалжаас мэдэж авсантайгаа харьцуулж байвал Библид итгэх итгэл нь улам батажна.

6. Эргэцүүлэн бодох чадвараа сайжруулахад нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? Жишээ хэлнэ үү (Бас зургийг үзээрэй).

6 Эргэцүүлэн бодох чадвараа сайжруулахад нь туслах. Библи болон Бурханд итгэх итгэлийн талаар хүүхэдтэйгээ ярилцах боломж эцэг эхчүүдэд их байдаг. Жишээлбэл музей, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Еховагийн Гэрчүүдийн салбар дахь үзэсгэлэн үзэх үеэр ийм боломж гардаг. Музейг очиж эсвэл онлайнаар үзэхдээ Библийн зүйлтэй холбоотой түүхэн үйл явдал юм уу ямар нэгэн үзмэрт анхаарлыг нь хандуулбал хүүхдийн итгэл батажна. Моабын чулуу гэгддэг 3 000 жилийн настай чулуун хавтан дээр Бурхны оноосон нэр байдгийг хүүхдэдээ хэлж өгч байсан уу? Энэхүү чулуу нь Францын Парис хотын Луврын музейд байдаг. Харин хувилбар нь Нью-Йоркийн Уорвик дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвийн «Библи болон Бурхны нэр» үзэсгэлэнд байдаг. Моабын хаан Меша Израйлын эсрэг боссоныг уг чулуун дээрх бичээс нотолдог бөгөөд энэ нь Библид бичсэнтэй яг тохирдог (Х.дэд 3:4, 5). Библи үнэн, зөв гэдгийн баталгааг нүдээрээ харвал хүүхдийн тань итгэл улам батажна (Шастирын дэд 9:6-тай харьцуулна уу).

Музейн үзмэрүүдэд хүүхдийнхээ анхаарлыг хандуулж, бодох чадварыг нь сайжруулаарай (6-р догол мөрийг үзээрэй)


7, 8. а) Байгаль дахь бүтээлүүдийн гоёмсог хээ, дүрснээс юу мэдэж авах вэ? Жишээ хэлнэ үү. (Бас зургийг үзээрэй). б) Бүтээгчид итгэх итгэлийг нь батжуулах ямар асуултыг хүүхдээсээ асууж болох вэ?

7 Байгаль дахь юмсын тухай эргэцүүлэн бодоход нь туслах. Та цэцэрлэгт хүрээлэнд явж байхдаа эсвэл ургамал ногоо арчлан тордохдоо бүтээлүүдийн сонирхол татам хэлбэр дүрс, хээ угалзыг хүүхдэдээ харуулаарай. Яагаад? Учир нь тэд мэргэн ухаант зохион бүтээгч байдгийг баталдаг. Жишээлбэл мушгиа хээний талаар бодъё. Эрдэмтэд үүнийг олон жил судалж байна. Байгаль дахь зарим бүтээлд тодорхой тоотой мушгиа хээ байдгийг биофизикч Никола Фамели тайлбарласан. Тэр тоо нь Фибоначчийн тоон дараалалд гардаг. Мушгиа хээ нь олон юман дээр, тухайлбал галактик, дунгийн бүрхүүл, ургамлын навч, наран цэцэгт ажиглагддаг. a

8 Хүүхэд тань байгалийн ухааны хичээлээрээ бүтээлүүдийн өөр хээ, дүрсийг үзэх байх. Жишээлбэл цасан ширхэг нь олон давтагдсан геометрийн дүрснээс бүтдэг. Ийм маягаар бүтсэн дүрсийг фрактал гэдэг. Фрактал дүрс нь байгалийн өөр бүтээлд ч ажиглагддаг. Ийм эмх цэгцтэй, гоёмсог дүрснүүдийг хэн бүтээсэн бэ? Еховагийн гайхалтай бүтээлүүдийн тухай хүүхэд сайтар эргэцүүлэн бодох тусам Бүтээгч байдагт улам бат итгэнэ (Евр. 3:4). Яваандаа хүүхдээсээ «Бурхан биднийг бүтээсэн юм бол аз жаргалтай байхад тустай ёс суртахууны талаарх удирдамж өгсөн гэж дүгнэх нь зөв биз дээ?» гэж асуугаарай. Дараа нь, үнэ цэнтэй ийм удирдамж Библид байдгийг хэлж өгөөрэй.

NASA, ESA, and the Hubble Heritage (STScl/​AURA)-ESA/​Hubble Collaboration

Байгаль дахь бүтээлүүдийн гоёмсог хээ, дүрсийг хэн зохион бүтээсэн бэ? (7, 8-р догол мөрийг үзээрэй)


БИБЛИ ДЭХ ЁС СУРТАХУУНЫ ХЭМ ХЭМЖЭЭ ТУСТАЙГ ОЙЛГОХОД НЬ

9. Хүүхэд тань яагаад ёс суртахууны зарим хэм хэмжээний талаар асууж магадгүй вэ?

9 Хүүхэд тань Библид буруу гэж үздэг зүйлийн талаар яваандаа асууж болох юм. Ингэж асуух болсны учрыг нь ойлгохыг хичээгээрэй. Библи дэх ёс суртахууны хэм хэмжээг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна уу? Эсвэл энэ талаар бусдад яаж тайлбарлахаа мэдэхгүй байна уу? Аль нь ч байсан та хүүхэдтэйгээ «Үүрд жаргалтай амьдраарай!» номыг судлан Библи дэх ёс суртахууны хэм хэмжээг эрхэмлэхэд нь туслах боломжтой. b

10. Еховатай дотносох талаар эргэцүүлэн бодоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

10 Еховатай дотно найз болоход нь туслах. Хүүхэдтэйгээ Библийн хичээл хийхдээ «Үүрд жаргалтай амьдраарай!» номын асуулт, жишээг ашиглан үзэл бодлыг нь ойлгохыг хичээгээрэй (Сур. 20:5). Жишээлбэл 8-р хичээлд Еховаг үйлчлэгчдээ хамгаалдаг, тустай сануулга өгдөг хайр халамжтай найзтай зүйрлэсэн. 1 Ёохан 5:3-ыг ярилцсаны дараа «Ехова бол хамгийн сайн Найз гэдгийг мэддэг боллоо. Хэрэв тэрбээр ямар нэгэн юм хий гэж хэлбэл бид яах вэ?» гэж асууж болох юм. Жирийн гэмээр ийм асуулт асуувал Ехова бидэнд хайртай учраас хууль тушаал өгдгийг хүүхэд тань ойлгоно (Ис. 48:17, 18).

11. Библийн зарчмыг илүү их үнэлж эрхэмлэдэг болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? (Сургаалт үгс 2:10, 11).

11 Библийн зарчмыг хэрэгжүүлэхийн ач тусыг ярилцах. Хүүхэдтэйгээ хамт Библи юм уу өдрийн зүйл унших үедээ зарчмууд танай гэр бүлд ямар ач тустай байсныг ярилцаарай. Жишээ нь хөдөлмөрч, шударга байхын ач тусыг ойлгоход нь туслаарай (Евр. 13:18). Мөн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл илүү эрүүл саруул, аз жаргалтай байхыг тайлбарлаж болох юм (Сур. 14:29, 30). Зарчмуудыг ийнхүү ярилцдаг бол хүүхэд тань Библийг илүү их эрхэмлэдэг болно (Сургаалт үгс 2:10, 11-ийг уншина).

12. Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь тустай гэдгийг нэг аав хүүдээ хэрхэн ойлгуулдаг вэ?

12 Францад амьдардаг Стийв өсвөр насны Итан гэдэг хүүтэй. Тэрбээр эхнэртэйгээ Еховагийн хууль тушаал хайранд үндэслэдгийг хүүдээ яаж ойлгуулдгаа ийн ярьжээ. «Бид: “Ехова яагаад энэ зарчмыг хэрэгжүүлээсэй гэж хүсдэг вэ? Биднийг хайрладаг нь үүнээс хэрхэн харагдаж байна вэ? Энэ зарчмыг хэрэгжүүлээгүй бол яах байсан бэ?” гэж асуудаг». Ингэж ярилцсанаар Бурхны хэлсэн бүхэн зөв гэдэгт Итан улам бат итгэдэг болсон байна. Стийв цааш нь «Бидний зорилго бол Бурхны мэргэн ухаан хүнийхээс хамаагүй давуу болохыг ойлгоход нь туслах юм» гэжээ.

13. Библийн зарчмыг хэрэгжүүлэхийг хүүхдэдээ хэрхэн заах вэ? Жишээ хэлнэ үү.

13 Библийн зарчмыг хэрэгжүүлэхийг заах. Хүүхэд тань нэг ном унших гэрийн даалгавар авсан гэж бодъё. Тухайн номын гол дүрүүд уур уцаартай хүмүүс бөгөөд ёс суртахуунгүй амьдардаг. Гэтэл тэднийг дуурайвал зохих жишээ мэт харуулан бичжээ. Та хүүгийнхээ энэ даалгаврыг заах боломж гэж үзэж, тэдний биеэ авч яваа байдал Библийн зарчимд нийцэж байгаа эсэхийг бодоход нь туслаарай (Сур. 22:24, 25; 1 Кор. 15:33; Флп. 4:8). Ингэвэл Еховад дуулгавартай байх нь зөв гэдгийг ойлгоно. Тэгээд ангиараа энэ номын тухай хэлэлцэх үеэр итгэл үнэмшлийнхээ талаар тайлбарлаж чадна.

ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ХАМГААЛАХАД НЬ

14. Ямар сэдвээр ярих нь Христийн дагалдагч хүүхэд залууст амаргүй байж болох вэ? Яагаад?

14 Христийн дагалдагч хүүхэд залууст итгэл үнэмшлээ хамгаалах нь заримдаа амаргүй санагддаг. Жишээлбэл эволюцийн онолд яагаад итгэдэггүйгээ тайлбарлахаас эмээж болох юм. Багш нар нь эволюцийн онол бат нот гэж тайлбарладаг учраас тэр байх. Эцэг эхчүүд та нар, итгэж үнэмшдэг юмныхаа үнэн гэдэгт итгэлтэй байхад нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

15. Итгэдэг юмандаа эргэлзэхгүй болоход хүүхэд залууст юу тус болох вэ?

15 Итгэдэг юмандаа эргэлзэхгүй болоход нь туслах. Хүүхэд тань Бүтээгчид итгэдгээсээ ичих ёсгүй (2 Тим. 1:8). Яагаад? Амьдрал хар аяндаа, санамсаргүй бий болсон гэдэгт итгэдэггүй эрдэмтэн олон бий. Маш нарийн бүтэцтэй амьд бүхэн оюун ухаант зохион бүтээгч байдгийн баталгаа гэдгийг тэд ойлгодог учраас дэлхий даяарх сургуулиудын заадаг эволюцийн онолд итгэдэггүй. Мөн хүүхэд тань амь амьдрал бүтээгдсэн гэдэгт итгэл нэгтнүүд нь яагаад итгэдэг болсныг сонсож, эргэцүүлэн бодсоноор итгэлээ улам батжуулна. c

16. Бүтээгчид итгэдгийнхээ учрыг тайлбарлаж сурахад нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? (1 Петр 3:15). (Бас зургийг үзээрэй).

16 Бүтээгчид итгэдгийнхээ учрыг тайлбарлаж сурахад нь туслах (1 Петр 3:15-ыг уншина). Хүүхэдтэйгээ хамт jw.org сайт дахь «Залуучуудын асуулт—Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу?» гэсэн цуврал өгүүллийг судлах нь тустай. Бүтээгч байдаг гэдгийг бусдад ойлгуулахын тулд хүүхэд тань өөртөө амархан санагдсан тайлбарыг сонгоод бэлдэх боломжтой. Ангийнхантайгаа маргалдахгүй байхыг сануулаарай. Хэрэв дуртайяа сонсох хүүхэд байвал энгийн, ойлгомжтой ярихыг зөвлөөрэй. Жишээ нь ангийнх нь хүүхэд: «Би зөвхөн харж байгаа юмандаа л итгэдэг. Харин Бурхныг ерөөсөө харж байгаагүй» гэж хэлж магадгүй. Тэгвэл ийнхүү тайлбарлаж болох юм. «Хүн бараг явдаггүй ой модон дотор нэг худаг байхыг олж харлаа гэж төсөөлье. Чамд юу гэж бодогдох бол? Хүн л энэ худгийг ухаж гаргаж дээ гэж шууд л бодно биз дээ? Үүн шиг гараг ертөнц, амьд юмсыг хэн нэгэн бүтээсэн нь тодорхой биш үү?»

Ангийнхаа хүүхдэд энгийн, ойлгомжтой тайлбарлаарай (16, 17-р догол мөрийг үзээрэй) d


17. Библийн тухай бусдад ярьж сурахад нь хэрхэн туслах вэ? Жишээ хэлнэ үү.

17 Библийн тухай бусдад ярьж сурахад нь туслах (Ром 10:10). Бусдад Библийн тухай ярихыг хөгжмийн зэмсэг тоглож сурахтай зүйрлэж болох юм. Анх сурч байгаа хүн эхлээд энгийн ая, яваандаа ямар ч аяыг тоглож сурна. Үүний адилаар Христийн дагалдагч хүүхэд итгэл үнэмшлийнхээ талаар эхлээд энгийн юм ярин дэлгэрүүлж болох юм. Жишээлбэл ангийнхаа хүүхдэд «Хүмүүс ер нь байгалиас санаа авч юм зохион бүтээдгийг чи мэддэг үү? Чамд нэг сонирхолтой видео үзүүлье» гэж хэлж болно. Тэгээд «Санамсаргүй бий болсон уу?» цувралаас аль нэг видео үзүүлснийхээ дараа «Байгалиас хуулбарлаж ямар нэгэн юм бүтээсэн эрдэмтэд магтаал хүртдэг юм бол бүхнийг бүтээсэн Нэгэн магтаал хүртэх нь зөв биз дээ?» гэж тайлбарлаж болох юм. Ийнхүү энгийн яривал нөгөө хүүхэд илүү ихийг сонирхож, мэдэхийг хүсэж магадгүй.

ИТГЭЛЭЭ БАТЖУУЛАХАД НЬ ҮРГЭЛЖ ТУСЛААРАЙ

18. Эцэг эхчүүд хүүхдийнхээ Бурханд итгэх итгэлийг нь цаашид ч хэрхэн батжуулах вэ?

18 Бидний эргэн тойронд байдаг ихэнх хүн Еховад итгэдэггүй (2 Петр 3:3). Тиймээс эцэг эхчүүд ээ, хүүхэдтэйгээ Библи судлахдаа Бурхны Үг болон ёс суртахууны хэм хэмжээг нь үнэлж эрхэмлэхэд тус болох сэдвээр нямбай судлахыг урамшуулаарай. Еховагийн гайхамшигтай бүтээлүүдэд анхаарлыг нь хандуулж, бодох чадварыг нь сайжруулаарай. Библийн аль хэдийн биелсэн гайхалтай зөгнөлүүдийг сайтар ойлгоход нь туслаарай. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ хамт, бас тэднийхээ төлөө залбираарай. Ингэвэл хүүхдийнхээ итгэлийг батжуулахын тулд чадах бүхнээ хийж байгаа таныг Ехова арвин ихээр ивээнэ гэдэгт бат итгээрэй (Ш.дэд 15:7).

ДУУ 41 Залуугаасаа Еховаг шүтээрэй

a Илүү ихийг мэдэхийг хүсвэл jw.org сайт дахь «Гайхамшигт бүтээлүүд Бурхны алдрыг илчилдэг—Хээ, дүрс» видеог үзээрэй.

b Хэрэв танай хүүхэд «Үүрд жаргалтай амьдраарай!» номыг судалж дууссан бол Библи дэх ёс суртахууны хэм хэмжээний талаар байдаг III, IV хэсгийн зарим хичээлийг дахин хамт судалж болох юм.

c Мөн jw.org сайт дахь «Амьдралын үүслийн талаар ярьж байна» цуврал видеог үзээрэй.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч хүү дрон сонирхдог ангийнхаа хүүхдэд «Санамсаргүй бий болсон уу?» цувралаас видео үзүүлж байна.