Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

1 Тимот 5:21-д гардаг «сонгогдсон тэнгэрийн элчүүд» гэж хэн бэ?

Элч Паул хамтран зүтгэдэг ахлагч Тимотдоо «Хоёр нүүр гаргалгүй, хэнийг ч алаг үзэлгүйгээр эдгээр зааврыг дагахыг би Бурхан, Христ Есүс болон сонгогдсон тэнгэрийн элчүүдийн өмнө чамд тушааж байна» гэж бичжээ (1 Тим. 5:21).

Эхлээд энэ тэнгэрийн элчүүд нь хэн биш болохыг ярилцъя. Тэд бол 144 000 биш гэдэг нь тодорхой. Паулыг Тимотод захидал бичих үед тослогдогсод тэнгэрт амилж эхлээгүй байсан. Элч нар болон бусад тослогдогсод тэнгэрийн биетэй болоогүй байсан тул тэднийг «сонгогдсон тэнгэрийн элчүүд» гэж болохгүй нь ээ (1 Кор. 15:50–54; 1 Тес. 4:13–17; 1 Ёох. 3:2).

Мөн «сонгогдсон тэнгэрийн элчүүд» нь Ноагийн үед болсон үерээр дуулгаваргүй загнасан тэнгэрийн элчүүд ч биш. Сатаны талд орж, чөтгөрүүд болсон тэд Есүсийн дайснууд юм (Эх. 6:2; Лук 8:30, 31; 2 Петр 2:4). Ирээдүйд тэднийг 1 000 жилийн турш ёроолгүй нүхэнд хорьж, дараа нь Диаволтай хамт устгана (Юуд. 6; Илч. 20:1–3, 10).

Тэгэхээр Паулын дурдсан «сонгогдсон тэнгэрийн элчүүд» гэдэг нь «Бурхан, Христ Есүст» үнэнч тэнгэрийн элчүүд юм.

Үнэнч тэнгэрийн элчүүд мянга мянгаараа байдаг (Евр. 12:22, 23). Ехова бүгдэд нь яг адилхан даалгавар өгдөггүй байх (Илч. 14:17, 18). Жишээ нь, нэг тэнгэрийн элч Ассирийн 185 000 цэргийг устгах даалгавар авч байсан (Х.дэд 19:35). Харин бас өөр олон тэнгэрийн элчид «бусдаар нүгэл үйлдүүлдэг болон хорон юм хийдэг хүмүүсийг Бурхны Хаант төрөөс гаргах» даалгавар өгсөн (Мат. 13:39–41). Өөр зарим нь «Бурхны сонгосон хүмүүсийг ... [тэнгэрт] цуглуулдаг» (Мат. 24:31). Мөн «бүх замд [биднийг] хамгаалах» даалгавар авсан тэнгэрийн элчүүд ч бий (Дуу. 91:11; Мат. 18:10; Матай 4:11; Лук 22:43-тай харьцуулаарай).

1 Тимот 5:21-д гардаг «сонгогдсон тэнгэрийн элчүүд» нь Бурхны ард түмэнтэй холбоотой тусгай үүрэг хүлээсэн тэнгэрийн элчүүд бололтой. Хам сэдвийг нь үзвэл Паул ахлагчдад үүрэг даалгавраа хэрхэн биелүүлэх талаар зөвлөгөө өгсөн, бас хурлынханд ахлагчдыг хүндэтгэхийг захижээ. Ахлагчид «хоёр нүүр гаргалгүй, хэнийг ч алаг үзэлгүйгээр» үүргээ биелүүлэх ёстой бөгөөд яаран шийдвэр гаргах ёсгүй. Тэд «Бурхан, Христ Есүс болон сонгогдсон тэнгэрийн элчүүдийн өмнө» үйлчилж байгаа учир агуу хүчээр удирдуулан бичсэн Паулын зөвлөгөөг дагах ёстой. Тэгэхээр зарим тэнгэрийн элч хурлынхныг хамгаалах, дэлгэрүүлэх ажилд туслах, ажигласнаа Еховад тайлагнах зэрэг хурлуудтай холбоотой үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой байна (Мат. 18:10; Илч. 14:6).