Skip to content

Гарчиг руу орох

Баяр хөөрөө алдахгүйгээр Еховаг тэвчээртэй хүлээх нь

Баяр хөөрөө алдахгүйгээр Еховаг тэвчээртэй хүлээх нь

ЕХОВА хорон муу бүхнийг устгаж, бүхнийг шинэчлэх цагийг та тэсэн ядан хүлээдэг үү? (Илч. 21:1–5). Хүлээдэг нь лавтай! Гэхдээ Еховаг тэвчээртэй хүлээх, ялангуяа бэрхшээл учирсан үед хэцүү. Найддаг зүйл маань биелэхгүй удаад байвал урам хугардаг (Сур. 13:12).

Гэхдээ Ехова товлосон цагтаа бүхнийг хийх хүртэл биднийг тэвчээртэй байгаасай гэж хүсдэг. Яагаад? Яавал Еховаг баяр хөөртэй хүлээх вэ?

ЕХОВА БИДНИЙГ ЯАГААД ХҮЛЭЭГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Библид «ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн [буюу жаргалтай] ажээ!» гэж байдаг (Ис. 30:18). Уг нь энэ үгийг дуулгаваргүй иудейчүүдэд хандан хэлсэн (Ис. 30:1). Харин тэдний дунд байсан үнэнч хүмүүст энэ үг найдвар төрүүлжээ. Еховад үйлчилдэг өнөөгийн бидэнд ч найдвар хайрладаг.

Ехова тэвчээртэй хүлээдэг учраас бид ч тэгэх ёстой. Тэрбээр энэ тогтолцоог устгах цагийг товлосон бөгөөд тэр өдөр, цагийг хүлээж байгаа (Мат. 24:36). Тэр үед Ехова болон үйлчлэгчдийнх нь эсрэг Сатаны гүтгэлэг илчлэгдэнэ. Сатан болон хамсаатнуудыг нь Ехова зайлуулж, харин бидэнд «нигүүлсэнгүй хандана».

Тэр цаг болтол Ехова бидэнд тулгарах сорилтыг арилгахгүй байж болох ч хүлээх зуураа баяр хөөртэй байж болохыг батлан хэлдэг. Исаиагийн хэлснээр бид сайхан цагийг хүлээнгээ баяр хөөртэй байж чадна (Ис. 30:18). a Хэрхэн баяр хөөртэй байх вэ? 4 тустай зүйлийг ярилцъя.

ХЭРХЭН БАЯР ХӨӨРТЭЙ БАЙЖ ХҮЛЭЭХ ВЭ?

Сайн юмыг анхаараарай. Давид хааны амьдралд муу юм бишгүй тохиолджээ (Дуу. 37:35). Гэхдээ тэрбээр: «ЭЗЭН дотор дуугүй байж, түүнийг тэвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов» гэж бичжээ (Дуу. 37:7). Давид үүнийг үргэлж санан аврагдана гэсэн найдвараа анхаарсан. Бас өөрийнх нь төлөө Еховагийн хийсэн сайн сайхан бүхэнд талархдаг байв (Дуу. 40:5). Бид ч тулгарч буй бэрхшээлийнхээ талаар бодоод байхын оронд сайн сайхан юманд анхаарлаа хандуулбал Еховаг төвөггүй хүлээнэ.

Боломж бүрийг ашиглан Еховаг магтан алдаршуулаарай. 71-р дууллыг Давид бичсэн бололтой. Тэрбээр: «Би үргэлж найдаж, Таныг улам ихээр магтах болно» гэж хэлжээ (Дуу. 71:14). Давид Еховаг хэрхэн магтсан бэ? Түүний тухай ярьж, магтан дуулдаг байсан (Дуу. 71:16, 23). Давидын адилаар бид ч Еховаг хүлээнгээ баяр хөөртэй байж чадна. Хүмүүст дэлгэрүүлж, найз нөхөд болон гэр бүлийнхэндээ Еховагийн тухай ярьж, дуу дуулан түүнийг магтан алдаршуулдаг. Та дараа Хаант төрийн дуунаас дуулахдаа урам сэргээм үгийг нь анхаараарай.

Ах дүү нараасаа урам аваарай. Давид бэрхшээл тулгарсан үедээ Еховад «Таны нэр сайн учир би Таны ариун хүмүүсийн өмнө Түүнд найдан хүлээнэ» гэжээ (Дуу. 52:9). Бид ч гэсэн цуглаан, дэлгэрүүлэх ажлын үеэр, мөн бусад үед ч үнэнч итгэл нэгтнүүдтэйгээ хамт байхдаа тэднээс урам зориг авах боломжтой (Ром 1:11, 12).

Найдвараа батжуулаарай. Дуулал 62:5-д «Бурханыг л чимээгүй хүлээ, учир нь миний найдвар Түүнээс юм» гэж байдаг. Ялангуяа төгсгөл ирэхгүй удаад байгаа юм шиг санагдах үед найдвар маань бат байх нь маш чухал. Хэчнээн удаан хүлээх хэрэгтэй байсан ч Еховагийн амлалт заавал биелнэ гэдэгт итгэлтэй байх учиртай. Найдвараа батжуулахын тулд бид Бурхны Үгийг судлах хэрэгтэй. Жишээлбэл зөгнөлүүдийг, номууд нь хоорондоо хэрхэн уялддагийг, бас Ехова өөрийнхөө тухай нарийн ширийн юу илчилдгийг судалж болно (Дуу. 1:2, 3). Түүнээс гадна мөнх амьдруулна гэсэн Еховагийн амлалт биелэхийг хүлээх зуураа түүнтэй үргэлж дотно байхын тулд «агуу хүчээр удирдуулан залбирч байх» хэрэгтэй (Юуд. 20, 21).

Та Давид хааны адилаар, Ехова өөрийг нь хүлээгчдийг хардаг, үнэнчээр хайрладаг гэдэгт итгэлтэй байгаарай (Дуу. 33:18, 22). Амьдралынхаа сайн юмыг анхаарч, Еховаг магтан алдаршуулж, итгэл нэгтнүүдээсээ урам зориг авч, хосгүй найдвараа батжуулан түүнийг тэвчээртэй хүлээцгээе.

a «Хүлээх» гэж орчуулсан үг нь «ямар нэг юм болоосой гэж хүсэн хүлээх, найдах» гэсэн утгатай. Үнэхээр ч бид аврагдахыг маш их хүсдэг.