Удирдах Зөвлөлийн хоёр шинэ гишүүн
2023 оны 1-р сарын 18-ны лхагва гарагт jw.org сайтад тусгай зарлал нийтэлжээ. Гэйж Флийгл Жеффри Виндер нарыг Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилсон. Аль аль нь Еховад олон жил үнэнч үйлчилж байгаа билээ.
Флийгл АНУ-ын Пеннсилвани мужийн баруун нутагт, Бурхнаас эмээдэг эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Өсвөр настай байхад нь тэднийх хэрэгцээ ихтэй нэг тосгонд нүүж очсон. Тэгээд удалгүй 1988 оны 11-р сарын 20-нд тэрбээр баптисм хүртжээ.
Эцэг эх нь түүнд бүрэн цагаар үйлчлэхийг уриалдаг байсан. Тэд дүүрэг хариуцагчид болон бетелчдийг гэртээ дандаа урьдаг байсан тул Флийгл тэдний ямар их аз жаргалтай явдгийг анзаардаг байв. Тэрбээр баптисм хүртээд удалгүй, 1989 оны 9-р сарын 1-нээс байнгын эхлэгч болжээ. Тэгээд 2 жилийн дараа буюу 1991 оны 10-р сараас Брүүклиний Бетелд үйлчилж эхэлсэн. Ийнхүү 12 настайдаа тавьсан зорилго нь биелжээ.
Флийгл Бетелийн Хавтаслах тасагт 8 жил ажиллаад, дараа нь Үйлчлэлийн хэлтэс рүү томилогдсон. Тухайн үед орос хэлний хуралд хэдэн жил үйлчилжээ. 2006 онд Надиа гэдэг бүсгүйтэй гэрлээд хамтдаа Бетелд үйлчлэх болов. Тэд португал хэлний, дараа нь 10 гаруй жил испани хэлний хуралд үйлчилсэн. Үйлчлэлийн хэлтэст олон жил ажилласан түүнийг эхлээд Сургалтын хорооны, дараа нь Үйлчлэлийн хорооны оффист томилжээ. Тэгээд 2022 оны 3-р сард Удирдах Зөвлөлийн Үйлчлэлийн хорооны туслахаар томилогдсон.
Виндер АНУ-ын Калифорни мужийн Мурриетад өссөн. Эцэг эхээрээ үнэнийг заалгасан тэрбээр 1986 оны 3-р сарын 29-нд баптисм хүртжээ. Тэгээд шууд л дараагийн сард нь туслах эхлэгчээр үйлчлэхээр шийдэв. Энэ нь түүнд маш гоё санагдсан тул үргэлжлүүлэхээр болсон. Хэдэн сарын дараа буюу 1986 оны 10-р сарын 1-нээс байнгын эхлэгчээр үйлчилж эхэлжээ.
Өсвөр настай байхдаа, тухайн үед Бетелд үйлчилж байсан 2 ах дээрээ очжээ. Энэ нь Бетелд үйлчлэх түүний хүслийг бадрааж хожим нь анкет бөглөсөн. Тэгээд 1990 оны 5-р сард Уолкилл дахь Бетелд үйлчлэхээр уригдав.
Тэрбээр цэвэрлэгээ, тариалан, Бетел оффис зэрэг янз бүрийн хэлтэст ажилласан. 1997 онд Анжела гэдэг бүсгүйтэй гэрлэж, тэр цагаас хойш хамтдаа Бетелд үйлчилж байна. 2014 онд Уорвик руу томилогдож байгууллагын төвийн барилга барих ажилд тусалсан. 2016 онд Паттерсон дахь «Харуулын цамхаг» сургалтын төв рүү нүүж Аудио/Видео оффист ажиллаж эхэлсэн. 4 жилийн дараа Уорвик руу буцаж, Хүний нөөцийн хорооны оффист ажиллах болов. Тэгээд 2022 оны 3-р сард Удирдах Зөвлөлийн Хүний нөөцийн хорооны туслахаар томилогдсон.
Ехова «бэлэг» болгон өгсөн тэднийг Хаант төрийн үйл хэргийн төлөө цаашид ч ажиллахад нь Ехова арвин их ивээгээсэй гэж бид залбирдаг (Эф. 4:8).