СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 13
ДУУ 29 Үнэнч явъя
Ехова таныг таалдаг уу?
«Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» (ЛУК 3:22).
ГОЛ САНАА
Ехова таныг таалдаг гэдэгт хэрхэн итгэлтэй байх вэ?
1. Еховагийн үнэнч зарим үйлчлэгч юунд эргэлзэж байсан бэ?
ЕХОВА ард түмнээ бүхэлд нь таалдгийг мэдэх нь үнэхээр сэтгэл тайвширмаар! Библид «ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг» гэж байдаг (Дуу. 149:4). Гэхдээ зарим хүн сэтгэлээр унахлаараа «Ехова намайг таалдаг юм болов уу?» гэж бодоход хүрдэг. Библид гардаг үнэнч олон үйлчлэгч Ехова өөрийг нь таалдаг гэдэгт эргэлзэж байжээ (1 Сам. 1:6–10; Иов 29:2, 4; Дуу. 51:11).
2. Ехова ямар хүнийг таалдаг вэ?
2 Библид бичсэнээр хүмүүс төгс бус ч Еховагийн тааллыг хүртэх боломжтой. Яаж? Есүс Христэд итгэж, баптисм хүртэх шаардлагатай (Ёох. 3:16). Ийнхүү бид нүглээ гэмшиж, Бурхны хүслийг биелүүлнэ гэж амласнаа олон нийтэд харуулдаг (Үйлс 2:38; 3:19). Өөртэй нь улам дотносохын тулд эдгээр алхмыг хийхэд Ехова баярладаг. Өөрийгөө зориулсан тангаргийнхаа дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг бол Ехова биднийг таалж, дотнын андаа гэж үзнэ (Дуу. 25:14).
3. Одоо бид юуны тухай ярилцах вэ?
3 Тэгвэл зарим хүн яагаад Ехова өөрийг нь таалдаггүй гэж боддог вэ? Ехова биднийг таалдгаа хэрхэн илэрхийлдэг вэ? Христийн дагалдагч хүн өөрийг нь Бурхан таалдаг гэдэгт итгэх итгэлээ хэрхэн батжуулах вэ?
ЗАРИМ ХҮН ЯАГААД ЕХОВА ӨӨРИЙГ НЬ ТААЛДАГГҮЙ ГЭЖ БОДДОГ ВЭ?
4, 5. Өөрийгөө голдог бол юунд итгэх хэрэгтэй вэ?
4 Багаасаа өөрийгөө голох хандлагатай хүн бидний дунд олон бий (Дуу. 88:15). Адриан гэдэг Гэрч эрэгтэй: «Би өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж дандаа боддог байв. Бага байхдаа, гэр бүлийнхнийг минь диваажинд амьдруулж өгөхийг гуйн залбирдаг ч өөрийгөө тэнд байх эрхгүй гэж боддог байсан» гэжээ. Эцэг эх нь Гэрч биш гэр бүлд өссөн Тони: «Аав ээж минь надад хайртай, надаар бахархдаг гэж хэзээ ч хэлж байгаагүй учраас юу ч хийсэн тэдэнд таалагдахгүй гэж боддог байсан» гэж ярьжээ.
5 Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж бодогдвол Ехова таныг өөртөө татсаныг санаарай (Ёох. 6:44). Өөрсдөө ч анзаараагүй сайн талыг маань Ехова мэддэг, бас бидний зүрхийг хардаг (1 Сам. 16:7; Ш.дэд 6:30). Тиймээс үнэлж эрхэмлэдгээ хэлэхэд нь бид итгэх учиртай (1 Ёох. 3:19, 20).
6. Өмнө нь үйлдсэн нүглээсээ болоод Паулд ямар санагддаг байсан бэ?
6 Зарим маань үнэнийг мэдэхээсээ өмнө хийсэн үйл хэргээсээ болоод одоо ч өөрийгөө буруутгадаг (1 Петр 4:3). Христийн үнэнч дагалдагч ч нүгэлт хандлагатайгаа тэмцдэг. Та яадаг вэ? Ехова намайг уучлаагүй гэж хааяа санагддаг уу? Хэрэв тийм бол Еховагийн үнэнч үйлчлэгчид ийм хандлагатайгаа тэмцэж ирснийг мэдвэл тайвширна. Жишээлбэл элч Паул төгс бус байдлынхаа тухай бодоод их гутардаг байсан (Ром 7:24). Тэрбээр гэмшиж, баптисм хүртсэн ч өөрийнхөө тухай «элчүүдийн дундаас хамгийн өчүүхэн нь», «нүгэлтнүүдийн адгийн муу нь» гэж бичжээ (1 Кор. 15:9; 1 Тим. 1:15).
7. Өмнө нь нүгэл үйлдсэн бол юуг санах хэрэгтэй вэ?
7 Хэрэв бид гэмшвэл тэнгэрийн Эцэг маань уучлахаа амласан (Дуу. 86:5). Тэгэхээр буруугаа хүлээн үнэн голоосоо гэмшсэн бол Ехова уучилсан гэдэгт итгэж болно (Кол. 2:13).
8, 9. Еховагийн таалалд хэзээ ч нийцүүлж чадахгүй гэсэн эргэлзээгээ хэрхэн арилгах вэ?
8 Бид бүгд чадах бүхнээ хийж Еховадаа үйлчлэхийг хүсдэг. Гэхдээ зарим нь Еховагийн таалалд хэзээ ч нийцүүлж чадахгүй гэж бодож болох юм. Аманда гэдэг Гэрч эмэгтэй: «Би Еховад хамгийн сайныгаа өгнө гэдгийг үргэлж илүүг хийх ёстой гэж ойлгодог. Тийм учраас хэрээс хэтэрсэн зүйлийг өөрөөсөө дандаа шаарддаг. Хүссэнээрээ хийж чадаагүй үед өөрийгөө голж, Еховагийн ч урам хугарсан байх даа гэж боддог» гэжээ.
9 Еховагийн таалалд хэзээ ч нийцүүлж чадахгүй гэсэн эргэлзээгээ хэрхэн арилгах вэ? Ехова хатуу чанга биш, уян хатан гэдгийг санаарай. Тэрбээр хэрээс хэтэрсэн зүйлийг биднээс хэзээ ч шаарддаггүй. Бид чадах бүхнээ хийсэн л бол өөрийнх нь төлөө хийсэн юуг ч үнэлдэг. Библид гардаг, чин сэтгэлээсээ Еховад үйлчилсэн хүмүүсийн жишээг эргэцүүлээрэй. Паулын тухай бодъё. Тэрбээр мянга мянган километр зам туулж, олон хурал үүсгэн байгуулж, хэдэн арван жил идэвх зүтгэлтэй үйлчилсэн. Тэгвэл нөхцөл байдлаас болж дэлгэрүүлэх ажил нь хумигдсан үед Бурхны тааллыг алдсан уу? Үгүй ээ. Чадахыгаа хийсээр байсан учир Ехова ивээсэн (Үйлс 28:30, 31). Үүнтэй адилаар Еховад өгч чадах юм маань заримдаа хязгаарлагддаг. Гэхдээ гол нь, ямар сэтгэлээр үйлчилж байгаа нь Еховад чухал. Тэрбээр биднийг таалдгаа хэрхэн илэрхийлдгийг ярилцъя.
ЕХОВА БИДНИЙГ ТААЛДГАА ХЭРХЭН ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?
10. Ехова биднийг таалдгаа илэрхийлдгийг нь хэрхэн «сонсох» вэ? (Ёохан 16:27).
10 Библиэр. Ехова хайрладаг хүмүүсээ чин сэтгэлээсээ таалдгаа хэлэх дуртай. Тэрбээр Хүүгээ таалж, хайрладгаа хэлсэн 2 тохиолдлыг Сударт бичсэн байдаг (Мат. 3:17; 17:5). Таныг ч бас таалдгаа хэлэхийг нь сонсмоор байна уу? Ехова бидэнтэй шууд биш ч, Библиэр дамжуулан ярьдаг. Сайн мэдээний номуудад бичсэн Есүсийн үгийг уншвал биднийг таалж байгаагаа илэрхийлэх Еховагийн үгийг «сонсоно» (Ёохан 16:27-г уншина). Есүс Эцгийнхээ зан чанарыг төгс дуурайсан. Тиймээс төгс бус ч үнэнч дагалдагчдаа таалдгаа хэлсэн Есүсийн үгийг Ехова бидэнд хэлж байгаагаар төсөөлөөрэй (Ёох. 15:9, 15).
11. Бэрхшээл тулгарахад Еховагийн тааллыг хүртэхээ больсон гэж яагаад бодох учиргүй вэ? (Яаков 1:12).
11 Үйл хэргээрээ. Ехова зайлшгүй хэрэгцээт зүйлээр хангах зэргээр үйлчлэгчдэдээ туслахыг маш их хүсдэг. Иовын адилаар бидэнд ч зовлон бэрхшээл тохиолдохыг заримдаа зөвшөөрдөг (Иов 1:8–11). Энэ нь биднийг таалахаа больсон гэсэн үг биш ээ. Харин ч өөрийг нь хэр их хайрлаж, өөрт нь итгэдгээ батлах боломж олгож байгаа хэрэг юм (Яаков 1:12-ыг уншина). Еховагийн тусламжтайгаар бэрхшээлийг давахдаа биднийг ямар их хайрлаж, дэмждэгийг нь мэдэрнэ.
12. Дмитрийд тохиолдсон явдлаас бид юу мэдэж авах вэ?
12 Азид амьдардаг Дмитрий гэдэг Гэрчийн тухай бодоорой. Тэрбээр ажилгүй болж, хэдэн сар ажил хайсан ч олоогүй. Тиймээс Еховад найддагаа харуулж дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохоор шийджээ. Олон сар өнгөрсөн ч ажил олж чадахгүй л байв. Тэгтэл эрүүл мэнд нь муудаж, бүр хэвтэрт оров. Нөхөр, аавын үүргээ сайн биелүүлж чадахгүй болсон, Еховагийн тааллыг алдсан гэж тэрбээр бодож эхэлсэн. Нэг орой охин нь Исаиа 30:15-д байдаг «Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн» гэсэн үгийг цаасан дээр хэвлээд авчирчээ. Тэгээд «Аав аа, хэцүү санагдсан үедээ энэ зүйлийг санаарай» гэж хэлэв. Дмитрий Ехова тусалдгийн ачаар л идэх хоол, өмсөх хувцас, амьдрах байртай байгаагаа ойлгожээ. «Би юу хийх ёстойгоо бодсон чинь ердөө л тайван байж, Бурхандаа үргэлж найдах ёстой байсан» гэж тэрбээр хэлсэн. Танд бас үүнтэй төстэй сорилт тулгарвал Ехова санаа тавьж, тэвчихэд тань тусална гэдэгт итгэлтэй байгаарай.
13. Ехова биднийг таалдгаа хэнээр, хэрхэн хэлүүлдэг вэ?
13 Итгэл нэгтнүүдээр. Ехова биднийг таалдгаа итгэл нэгтнүүдээр маань хэлүүлдэг. Жишээлбэл яг хэрэгтэй үед урам зориг хайрлах үг хэлэх хүслийг тэдэнд төрүүлдэг. Азид амьдардаг нэг Гэрч эмэгтэй сэтгэлийн дарамтад орсон үедээ үүнийг биеэрээ мэдэрчээ. Тэрбээр ажилгүй болж, бас хүнд өвчин туссан. Дараа нь нөхөр нь ноцтой нүгэл үйлдэж, түүнийг ахлагч байхыг болиулсан. Эхнэр нь: «Надад яагаад ийм юм тохиолдоод байгааг ойлгохгүй байв. Би ямар нэг буруу юм хийгээд Бурхны тааллыг алдсан юм болов уу гэж бодсон» гэжээ. Өөрийг нь таалж байгаагаа мэдүүлэхийг Еховагаас гуйв. «Хурлын ахлагчид надтай уулзаж, Ехова намайг одоо ч хайрладгийг ойлгоход тусалсан» гэж тэрбээр ярьсан. Тэгээд дахин Еховагаас тусламж гуйн залбирчээ. Тэрбээр: «Яг тэр өдрөө би хурлынхаа хэдэн ах эгчийн бичсэн захиаг авсан. Тэдний сэтгэл тайвшруулам үгийг уншаад Ехова намайг сонссоныг мэдэрсэн» гэжээ. Тийм ээ, Ехова биднийг таалж, сайшаадгаа итгэл нэгтнүүдээр маань хэлүүлдэг (Дуу. 10:17).
14. Ехова биднийг таалдгаа өөр яаж илэрхийлдэг вэ?
14 Ехова биднийг таалдгаа өөр яаж илэрхийлдэг вэ? Хэрэгтэй үед итгэл нэгтнүүдээр зөвлөгөө өгүүлдэг. Жишээ нь I зуунд элч Паулыг агуу хүчээрээ удирдан итгэл нэгтнүүдэд нь 14 захидал бичүүлсэн. Тэдгээр захидалд шулуухан ч хайрын сэтгэлээр өгсөн зөвлөгөөнүүд бий. Яагаад Ехова Паулаар ийм зөвлөгөө өгүүлсэн бэ? Тэрбээр сайн Эцэг бөгөөд «таалдаг» хүүхдүүдээ сахилгажуулдаг (Сур. 3:11, 12). Тиймээс Библид үндэслэсэн зөвлөгөө авбал Еховагийн тааллыг алдсан биш, харин ч хүртдэгийн баталгаа гэдгийг ойлгож болно (Евр. 12:6). Ехова биднийг таалдгийн өөр ямар баталгаа байдаг вэ?
ЕХОВА БИДНИЙГ ТААЛДГИЙН ӨӨР БАТАЛГАА
15. Ехова хэнд агуу хүчээ өгдөг вэ? Энэ нь итгэлтэй болгодог гэхийн учир юу вэ?
15 Ехова таалдаг хүндээ агуу хүчээ өгдөг (Мат. 12:18). «Агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг би амьдралдаа илэрхийлж чаддаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Еховаг мэдэхээсээ өмнөх үеэ бодвол та илүү тэвчээртэй болж байгаагаа анзаарсан уу? Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог сайхан зан чанаруудыг хөгжүүлэх тусам Ехова таныг таалдагт улам бүр бат итгэнэ! ( «Агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар» гэсэн хавсралтыг үзээрэй).
16. Ехова хэнд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг даатгадаг вэ? Энэ нь танд ямар санагддаг вэ? (1 Тесалоник 2:4).
16 Ехова таалдаг хүмүүстээ сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг дуртайяа даатгадаг (1 Тесалоник 2:4-ийг уншина). Жослин гэдэг Гэрч эмэгтэй дэлгэрүүлээд ямар ач тус хүртсэнийг анзаараарай. Нэг өглөө сэтгэл нь маш их хямарчээ. Тэрбээр: «Би ямар ч тэнхээгүй болж, хэнд ч хэрэггүй хүн шиг санагдаж байв. Гэхдээ би эхлэгч, тэр өдөр дэлгэрүүлдэг өдөр минь байсан. Тиймээс залбираад дэлгэрүүлэхээр гарсан» гэжээ. Тэгээд тэр өглөө нь Мэри гэдэг сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй уулзаж, тэр эмэгтэй ч Библийн хичээл заалгахаар болов. Мэри тусламж гуйн Бурханд залбирч байхад хаалгыг нь тогшсон гэдгээ Жослин хэдэн сарын дараа мэджээ. Энэ явдлын талаар Жослин: «“Би чамайг таалдаг шүү” гэж Ехова хэлж байгаа юм шиг санагдсан» гэжээ. Хүн болгон сайн мэдээнд нааштай ханддаггүйг бид мэднэ. Гэхдээ хүмүүст сайн мэдээ хүргэхийн тулд чадахыгаа хийдэг бол Ехова баярладагт итгэлтэй байгаарай.
17. Викигийн үгнээс бид золиосны тухай юу мэдэж авах вэ? (Дуулал 5:12).
17 Ехова таалдаг хүмүүстээ золиосны ач тусыг хүртээдэг (1 Тим. 2:5, 6). Хэдий бид золиосонд итгэж, баптисм хүртсэн ч Ехова намайг таалдаггүй гэж бодогдоод байвал яах вэ? Бид сэтгэл мэдрэмждээ дандаа итгэх аргагүй ч Еховад ямагт итгэж болохыг санаарай. Тэрбээр золиосонд итгэдэг хүнийг шударга сайн гэж үздэг бөгөөд ивээхээ амладаг (Дуулал 5:12-ыг уншина; Ром 3:26). Викигийн жишээг ярилцъя. Нэг удаа золиосны тухай сайтар эргэцүүлэн бодоод «Ехова намайг өдий олон жил тэвчиж байхад би гэдэг хүн: “Таны хайр хэчнээн агуу ч над шиг хүнийг хайрлаж чадахгүй. Таны Хүүгийн золиос нүглийг минь цайруулж дийлэхгүй” гээд яваад байснаа тэгэхэд ухаарч билээ» гэжээ. Ийнхүү тэрбээр золиос гэдэг үнэтэй бэлгийн талаар эргэцүүлсний ачаар өөрийг нь гэсэн Еховагийн хайрыг мэдэрдэг болжээ. Бид ч золиосны тухай эргэцүүлэн бодвол Ехова биднийг хайрладгийг, таалдгийг мэдэрнэ.
18. Тэнгэрийн Эцгээ үргэлж хайрладаг бол юунд итгэлтэй байх вэ?
18 Дээрх зөвлөгөөнүүдийг дагахыг хамаг чадлаараа хичээсэн ч заримдаа сэтгэлээр унаж, Ехова таалдагт эргэлзэж болох юм. Хэрэв ингэвэл тэрбээр «өөрийг нь хайрладаг хүмүүсийг» таалдаг гэдгийг санаарай (Яак. 1:12). Тиймээс түүнтэй үргэлж дотносож, таныг таалдгийн баталгаануудыг олж харахыг хичээгээрэй. Ехова «хүн бүрд ойр байдгийг» үргэлж санаж яваарай (Үйлс 17:27).
ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?
-
Зарим хүн яагаад Ехова өөрийг нь таалдаггүй гэж боддог вэ?
-
Ехова биднийг таалдгаа хэрхэн илэрхийлдэг вэ?
-
Ехова биднийг таалдагт яагаад итгэлтэй байх вэ?
ДУУ 11 Еховаг баярлуулъя