Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 9

ДУУ 10 Би энд байна! Намайг илгээ

Та Еховад өөрийгөө зориулахад бэлэн үү?

Та Еховад өөрийгөө зориулахад бэлэн үү?

«Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө Би ЭЗЭНд юугаар хариулах вэ?» (ДУУ. 116:12).

ГОЛ САНАА

Еховатай улам дотносож, улмаар түүнд өөрийгөө зориулж, баптисм хүртэх хүсэлтэй болоход энэ өгүүлэл тустай.

1, 2. Баптисм хүртэхээс өмнө яах хэрэгтэй вэ?

 СҮҮЛИЙН 5 жилд сая гаруй хүн баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон. I зуунд амьдарч байсан дагалдагч Тимотын адилаар тэдний ихэнх нь «багаасаа» үнэнийг заалгажээ (2 Тим. 3:14, 15). Зарим нь нас биед хүрснийхээ дараа, өөр зарим нь нас өндөр болсон хойноо Еховагийн тухай мэдсэн. Нэгэн эмэгтэй Еховагийн Гэрчүүдтэй Библи судлаад 97 настайдаа баптисм хүртжээ!

2 Та Гэрч эцэг эхээрээ юм уу өөр хэн нэгнээр үнэнийг заалгаж байгаа бол баптисм хүртэх талаар бодож байна уу? Ийм зорилготой бол үнэхээр магтууштай! Харин баптисм хүртэхээсээ өмнө Еховад өөрийгөө зориулах хэрэгтэй. Энэ өгүүллээр Бурханд өөрийгөө зориулна гэж яахыг хэлдгийг тайлбарлана. Бас Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхэд бэлэн болсон бол яагаад хойшлуулах хэрэггүйг ярилцана.

БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛНА ГЭЖ ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

3. Тусгай байдлаар Еховад зориулагдсан хүмүүсийн жишээ хэлнэ үү.

3 Библийг үзвэл Бурханд зориулах гэдэг нь онцгой зорилгын төлөө хэн нэгнийг тусгаар, ангид байлгахыг хэлдэг ажээ. Израйлчууд Бурханд өөрсдийгөө зориулсан ард түмэн байв. Гэхдээ тэдний зарим нь тусгай байдлаар Бурханд зориулагдсан. Жишээлбэл Аароны толгойн өмсгөлд тогтоосон гялтганасан шижир алтан пайз нь «Бурханд зориулагдсаны ариун тэмдэг» байжээ (Лев. 8:9, ШЕ, зүүлт). Энэ нь тусгай үүрэг хүлээх буюу Израйлын тэргүүн тахилчаар үйлчлэхээр тусгаарлагдсаныг нь илтгэдэг. Назир хүмүүс бас Бурханд өөрсдийгөө тусгайлан зориулсан. Назир гэдэг еврей үг «тусгаарлагдсан», «зориулагдсан» гэсэн утгатай. Тэд Мосегийн хуульд заасан шаардлагын дагуу амьдардаг байсан (Тоол. 6:2–8).

4. а) Еховад өөрийгөө зориулсан хүн яадаг вэ? б) «Өөрийнхөө төлөө амьдрахаа болино» гэдэг нь юу гэсэн үг вэ? (Бас зургийг үзээрэй).

4 Еховад өөрийгөө зориулж буй хүн Есүс Христийн шавь болж, Бурхны хүслийг амьдралынхаа эн тэргүүнд тавихаар шийддэг. Энэ нь яахаа болино гэсэн үг вэ? Есүс: «Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа боль» гэжээ (Мат. 16:24). «Өөрийнхөө төлөө амьдрахаа боль» гэж орчуулсан грек үгийг «өөртөө үгүй гэж хэлэх ёстой» гэж бас орчуулж болно. Еховад өөрийгөө зориулсан хүн хүсэлтэй нь зөрчилдөх ямар ч юманд үгүй гэж хэлэх ёстой (2 Кор. 5:14, 15). Садар самуун явдалд орооцолдох зэрэг «нүгэлт хандлагад» ч үгүй гэж хэлнэ (Гал. 5:19–21; 1 Кор. 6:18). Иймэрхүү шаардлагыг дагах танд хэцүү юү? Еховаг хайрладаг, тушаалууд нь танд тустай гэдэгт итгэдэг бол хэцүү биш ээ (Дуу. 119:97; Ис. 48:17, 18). Николас гэдэг Гэрч эрэгтэй энэ талаар «Еховагийн хэм хэмжээг та юу хүссэнээ хийхэд саад болох шоронгийн тор, эсвэл аюулт арслангаас хамгаалах хашаа гэж үзэж болно» гэжээ.

Та Еховагийн хэм хэмжээг юу хүссэнээ хийхэд саад болох шоронгийн тор гэж үзэх үү, эсвэл аюулт арслангаас хамгаалах хашаа гэж үзэх үү? (4-р догол мөрийг үзээрэй)


5. а) Еховад өөрийгөө хэрхэн зориулдаг вэ? б) Өөрийгөө зориулах болон баптисм хүртэх хоорондоо ямар ялгаатай вэ? (Бас зургийг үзээрэй).

5 Еховад өөрийгөө хэрхэн зориулдаг вэ? Зөвхөн өөрийг нь шүтэж, хүслийг нь амьдралынхаа эн тэргүүнд тавина гэж амлан түүнд залбирдаг. Тэгээд «бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ» үргэлж хайрлахаа амлана (Марк 12:30). Та үүнийгээ Еховад ганцаарчлан хэлнэ. Харин өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртэнэ. Бурханд өөрийгөө зориулах нь ариун тангараг билээ. Та тангаргаа биелүүлэх учиртай. Ехова ч тэгээсэй гэж хүсдэг (Ном. 5:4, 5).

Еховад өөрийгөө зориулна гэдэг нь зөвхөн түүнийг шүтэж, хүслийг нь амьдралынхаа эн тэргүүнд тавихаа амлаж ганцаарчлан залбирахыг хэлнэ (5-р догол мөрийг үзээрэй)


ЯАГААД ЕХОВАД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛДАГ ВЭ?

6. Хүн яагаад Еховад өөрийгөө зориулдаг вэ?

6 Еховаг хайрлах хайр бол түүнд өөрийгөө зориулах гол шалтгаан юм. Энэ хайр нь ердөө л сэтгэл хөдлөл төдий зүйл биш, харин «үнэн зөв» мэдлэг болон «Бурхны өгдөг ... ойлголтод» үндэслэдэг (Кол. 1:9). Бид Библи судалж Ехова болон зорилгынх нь тухай мэдэж аваад түүнийг хайрладаг болсон. Бас 1) Ехова үнэхээр байдаг, 2) Библи бол Бурхны Үг, 3) Ехова байгууллагаараа хүсэл тааллаа биелүүлдэг гэдэгт итгэдэг болсон.

7. Бурханд өөрийгөө зориулах гэж буй хүн ямар байх ёстой вэ?

7 Еховад өөрийгөө зориулах хүн Бурхны Үгэнд байдаг үндсэн сургаалыг мэдэж, хэм хэмжээнийх нь дагуу амьдардаг байх ёстой. Бас сурч мэдсэнээ бусадтай хуваалцахын тулд чадах бүхнээ хийдэг (Мат. 28:19, 20). Еховаг гэсэн хайр нь улам лавширч түүнийг л шүтэх чин хүсэлтэй байдаг. Та бас ингэдэг үү? Еховаг ийнхүү хайрладаг бол Библийн багш юм уу эцэг эхээ баярлуулах гэсэндээ, эсвэл найз нөхдөө аялдан дагаж Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртэхгүй.

8. Еховад өөрийгөө зориулах шийдвэр гаргахад талархах сэтгэл яагаад чухал вэ? (Дуулал 116:12–14).

8 Ехова таны төлөө юу хийснийг бодвол түүнд өөрийгөө зориулахаар шийдэх нь зүйн хэрэг юм (Дуулал 116:12–14-ийг уншина). Библид Еховаг «сайн, төгс бэлэг бүхнийг» өгдөг гэж бичсэн нь үнэхээр оножээ (Яак. 1:17). Хамгийн агуу бэлэг нь золиос болгон өгсөн Хүү Есүсийнх нь амь юм. Бодоод үз дээ! Золиосны ачаар л та Еховатай дотносох боломжтой, үүрд мөнх амьдрах найдвартай болсон (1 Ёох. 4:9, 10, 19). Еховад өөрийгөө зориулснаар агуу хайрынх нь илрэл болох золиосонд, мөн таны төлөө хийсэн бүхэнд нь талархдагаа илэрхийлнэ (Д.хууль 16:17; 2 Кор. 5:15). Ийнхүү талархлаа илэрхийлэх талаар «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 46-р хичээлийн 4-р дэд гарчигт болон тэнд байгаа «Бурханд бэлэг өгөх нь» гэсэн 3 минутын видеонд онцолсон.

ТА ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛЖ, БАПТИСМ ХҮРТЭХЭД БЭЛЭН ҮҮ?

9. Бурханд өөрийгөө зориулахад бэлэн болоогүй бол хэтэрхий санаа зовох хэрэггүйн учир юу вэ?

9 Та өөрийгөө арай бэлэн биш гэж бодож байж магадгүй. Еховагийн хэм хэмжээнд нийцүүлж амьдралаа өөрчлөхөд, итгэлээ улам батжуулахад илүү цаг хугацаа хэрэгтэй байж болох юм (Кол. 2:6, 7). Библийн зарим суралцагч хурдан ахиц гаргадаг байхад, зарим нь арай удаан байдаг. Хүүхэд залуус бүгд яг адил настайдаа өөрийгөө зориулж, баптисм хүртэхгүй нь ойлгомжтой. Өөрийгөө бусадтай харьцуулж бус, хийж байгаа зүйлдээ үндэслэн хэр ахиц гаргаж буйгаа дүгнэхийг хичээгээрэй (Гал. 6:4, 5).

10. Өөрийгөө зориулж баптисм хүртэхэд бэлэн биш байгаагаа ойлговол яах вэ? (Бас  «Гэрч эцэг эхээрээ үнэнийг заалгасан хүүхдүүдэд» гэсэн хавсралтыг үзээрэй).

10 Еховад өөрийгөө зориулахад бэлэн биш байгаагаа ойлговол зорилгоосоо бүү няцаарай. Шаардлагатай юмаа засаж сайжруулахад туслахыг Еховагаас гуйгаарай (Флп. 2:13; 3:16). Тэрбээр таны залбирлыг сонсоод хариулна гэдэгт итгээрэй (1 Ёох. 5:14).

ЗАРИМ НЬ ЯАГААД ХОЙШЛУУЛДАГ ВЭ?

11. Үнэнч байхад Ехова бидэнд хэрхэн туслах вэ?

11 Зарим хүн Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхэд бэлэн болсон ч хойшлуулдаг. Тэд: «Дараа нь ноцтой нүгэл үйлдэж, хурлаас хасагдчихвал яах вэ?» гэж бодоод санаа зовдог байж болох юм. Та ч ийнхүү санаа зовдог бол «нэрийг нь зохистой авч яван ... [өөрт нь] улам их таалагдахад» бүхий л талаар Ехова тусална гэдэгт бүү эргэлзээрэй (Кол. 1:10). Мөн тэрбээр зөв юм хийх хүч чадал хайрлана. Олон үйлчлэгчдээ ийн тусалсаар ирсэн (1 Кор. 10:13). Тийм учраас хурлаас хасагддаг хүн харьцангуй цөөн байдаг. Ехова үнэнч байхад нь үйлчлэгчдэдээ тусалдаг.

12. Ноцтой нүгэл үйлдэхээс хэрхэн зайлсхийх вэ?

12 Төгс бус хүн болгон буруу юм хийх хандлагатай (Яак. 1:14). Харин соригдох үедээ яах нь таны сонголт. Үнэндээ хэрхэн амьдрахаа бид өөрсдөө л шийднэ шүү дээ. Зарим хүн санал нийлэхгүй байж болох ч хорхой хүргэм зүйл гарч ирэхэд та өөрийгөө хянаж чадна. Муу юм хийх хүсэл төрлөө гэхэд таягдан хаях боломжтой. Ингэхийн тулд өдөр бүр залбирч, Бурхны Үгийг бие дааж судлах сайн хэвшилтэй байж, цуглаанд явж, итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярьж байгаарай. Эдгээрийг тогтмол хийдэг бол өөрийгөө зориулсан тангаргийнхаа дагуу амьдрах хүч тэнхээтэй болно. Ехова ч танд тусална гэдгийг бүү мартаарай (Гал. 5:16).

13. Иосеф бидэнд ямар сайн жишээ үлдээсэн бэ?

13 Хорхой хүргэм зүйл тулгарвал яах вэ гэдгээ урьдаас шийдсэн бол өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахад амар байна. Бидэнтэй адил төгс бус ч ийнхүү шийдсэн олон хүний жишээ Библид бий. Жишээ нь Потифарын эхнэр нэг биш удаа Иосефыг уруу татах гэж оролдсон. Гэхдээ Иосеф яах ёстойгоо сайн мэдэж байв. Тэрбээр саналаас нь «татгалзаж», «Би яаж ийм бузар булай хэрэг хийж Бурхныхаа эсрэг нүгэл үйлдэх билээ?» гэж хэлдэг (Эх. 39:8–10, ШЕ). Иосеф соригдохоосоо өмнө яахаа шийдсэн байсан нь тодорхой. Ингэснийхээ ачаар зөвийг үйлдэж чадсан.

14. Буруу юманд үгүй гэж хэлж сурахын тулд яах вэ?

14 Та Иосеф шиг шийдэмгий байя гэвэл яах вэ? Хорхой хүргэм зүйл тулгарлаа гэхэд яахаа урьдаас шийдээрэй. Еховагийн үзэн яддаг юманд шууд л үгүй гэж хэлж сураарай. Бас ийм юмыг бодох ч ёсгүй (Дуу. 97:10; 119:165). Ингэдэг бол хорхой хүргэм зүйл тулгарахад эргэлзэж тээнэгэлзэхгүй. Учир нь та яахаа сайн мэднэ, шийдсэнийхээ дагуу л үйлдэнэ.

15. Еховаг «цөхрөлтгүй хайдгаа» хэрхэн харуулах вэ? (Еврей 11:6).

15 Та үнэнийг олсон гэдэгтээ итгэж, Еховад чин сэтгэлээсээ үйлчлэхийг хүсдэг ч өөрийгөө зориулж, баптисм хүртэхээ ямар нэг шалтгаанаар хойшлуулдаг байж болох юм. Давид хааны адилаар та Еховагаас ийнхүү гуйгаарай. «Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, Мөнхийн зам уруу намайг залаач» (Дуу. 139:23, 24). Өөрийг нь «цөхрөлтгүй хайдаг» хүнийг Ехова шагнадаг. Та өөрийгөө зориулж, баптисм хүртэх зорилгоо биелүүлэхийн төлөө хичээдэг бол Еховаг цөхрөлтгүй хайж байна гэсэн үг (Еврей 11:6-г уншина).

ЕХОВАТАЙ ДОТНОСООД Л БАЙГААРАЙ

16, 17. Гэрч гэр бүлд өссөн хүнийг Ехова хэрхэн татдаг вэ? (Ёохан 6:44).

16 Ехова дагалдагчдыг нь өөртөө татдаг гэж Есүс хэлсэн (Ёохан 6:44-ийг уншина). Энэ нь ямар гүн утгатайг, танд ямар хамаатайг бодож үзээрэй. Ехова тухайн хүнд байгаа сайн юмыг олж хараад өөртөө татдаг. Тэгээд эрхэм нандин буюу «Өөрийнхөө өмчлөл» гэж үздэг (Д.хууль 7:6). Таныг ч мөн ийнхүү үздэг шүү.

17 Та Гэрч гэр бүлд өссөн үү? Тийм бол Ехова татсан учраас бус, эцэг эх тань Гэрч учраас л Еховаг шүтдэг гэж өөрийнхөө талаар боддог байж болох юм. Гэхдээ Библид «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» гэж байдаг (Яак. 4:8; Ш.дээд 28:9). Та Еховатай дотносох алхам хийвэл тэрбээр тантай дотносно. Ехова таныг хэсэг хүний нэг гэж үздэггүй. Хүн нэг бүрийг, Гэрч гэр бүлд өссөн хүнийг ч тус тусад нь өөртөө татдаг. Ийм хүн Еховатай дотносохыг хичээвэл Яаков 4:8-д бичсэнээр Ехова ч түүнтэй дотносно (2 Тесалоник 2:13-тай харьцуулаарай).

18. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ? (Дуулал 40:8).

18 Та Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхдээ Есүстэй адил хандлагатайгаа харуулна. Тэрбээр Эцгийнхээ хэлсэн болгоныг биелүүлэхээр өөрийгөө дуртайяа зориулсан (Дуулал 40:8-ыг уншина; Еврей 10:7). Дараагийн өгүүллээр баптисм хүртсэнийхээ дараа Еховад үргэлж үнэнч үйлчлэхэд юу тус болохыг ярилцана.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Еховад өөрийгөө зориулна гэж яахыг хэлэх вэ?

  • Талархах сэтгэлтэй бол Еховад өөрийгөө зориулна гэж яагаад хэлж болох вэ?

  • Ноцтой нүгэл үйлдэхгүйн тулд яах вэ?

ДУУ 60 Бурхан таныг бататгана